| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/1025/Э |
| Дугаар | 1060 |
| Огноо | 2020-09-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 1060
Сайхан амарсан уу
2020 9 30 2020/ШЦТ/1060
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008023271188 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 2, ахын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Гомбоохүүгийн Г /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хангайн 60 дугаар гудамжны 4 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.Пг “шөнө гэрээс явна гэсэн” гэх шалтгаанаар гараараа нүүр хэсэгт нь цохих, гарын хурууг нь мушгих зэргээр зодож, биед нь дух, цээж, баруун шилбэ, өвдөгт шалбаралт, цус хуралт, зүүн гарын 1 дүгээр хурууны цууралт бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 7 дугаар сарын 17-ны шөнө согтуу байсан. Хохирогч “явна” гэхээр нь “явуулахгүй” гээд гар хүрсэн байсан. Тэр гэм буруугаа хүлээж байна. 2020 оны 3 дугаар сараас хойш хохирогчтой хамт амьдарч эрхэлсэн. Тухайн үед болсон зарим зүйлийг сайн санахгүй байгаа. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Ахиж ийм хэрэг хийхгүй” гэв.
Эрүүгийн 2008023271188 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч А.Пгийн: “Би Гтой 2020 оны 4 дүгээр сард танилцсан. Бие биенийхээ гэрээр ирэн очин байдаг. 7 сараас хамт байсан. 2020 оны 07 сарын 17-ны ...00 цаг өнгөрч байхад над руу яриад “чи хаана байгаа юм бэ” гэж асуусан. Би “танай гэрт байна” гэсэн. Г удалгүй ирээд таксины мөнгө нэхсэн. Би “чи гадуур тэнэж ирээд мөнгө нэхлээ, надад мөнгө байхгүй” гэж хэлэхэд Г “яахаараа чамд мөнгө байдаггүй юм, пизда минь” гээд уурлахаар нь би байгаа 1000 төгрөгөө өгсөн. Г гарч яваад удалгүй орж ирэхээр нь “чи гадуур ууж идэж ирээд яахаараа надаас таксины мөнгө нэхдэг юм бэ” гэхэд уурлаад хоёр удаа миний зүүн хацар луу хүчтэй алгадсан. Гтой эвлэрээд бид хоёр орондоо хэвтэж байхад шар үстэй өндөр, архи үнэртүүлсэн эмэгтэй гаднаас “Гоо” гээд орилоод орж ирсэн. Би тэр эмэгтэйд “яах гэж байгаа юм бэ” гэхэд “Гтой уулзмаар байна, манай хоёр найз хаачсан юм бэ” гэж байсан. Би Гийг дуудаад сэрээсэн. Г босоод тэр эмэгтэйтэй уулзаад цүнхийг нь өгөөд явуулсан. Би Гт “чи намайг хүндэлсэнгүй, би гэрт байхад чи гэр орондоо эмэгтэй хүн авчирлаа” гээд уурлаад явах гэтэл Г уурлаад “чи харанхуй шөнө болсон байхад хэн рүүгээ явах гээд байгаа юм бэ” гээд миний нүүр лүү хоёр удаа алгадсан. Үснээс зулгаагаад жижиг өрөө рүү чирж оруулаад ор луу түлхэж унагаагаад нуруу руу хоёр удаа өшиглөсөн. Намайг босоход гараа атгаж байгаад толгойн баруун тал руу нэг цохиод, хоёр гараараа хоолой боохоор нь би Гийг алгадсан. Дараа нь Г миний зүүн гарын эрхийн хурууг мушгихаар нь би “хуруу хугаллаа шүү дээ” гэхэд “чиний хурууг хугална” гээд мушгиад байсан. Би гарыг нь тавиулах гээд нурууг нь маажсан. Тэр үед миний хурууг тавьсан. Би гарч гүйгээд цагдаад дуудлага өгсөн. ...Надад гомдол санал байхгүй. Г надаас уучлал гуйсан. Бид хоёр одоо хамт амьдарч байна...” гэх мэдүүлэг /хх-17/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.07.22-ны өдрийн 8291 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.А.Пгийн биед дух, цээж, баруун шилбэ, өвдөгт шалбаралт, цус хуралтуудтай, зүүн гарын 1-р хурууны цууралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно” гэжээ /хх-24-25/,
Шүүгдэгч Г.Гийн яллагдагчаар өгсөн: “Би караокед хамт сууж байсан эмэгтэйн цүнхэнд тортой хувцсаа хийгээд харихдаа тэр цүнхийг нь үүрээд ирсэн байсан. Тэр эмэгтэй цүнхээ авах гэж манай гэрт ирээд П хардаж надтай хэрүүл маргаан хийснээс болоод би Пд гар хүрсэн байсан. Би хохирогч Пгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-32-33/,
дуудлагын лавлагааны хуудас /хх-5/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-38/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-39/, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа /хх-40/, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа /хх-41/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-42/, банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-43-46/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Г согтуурсан үедээ 2020 оны 7 дугаар сарын 17-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 60 дугаар гудамж, 4 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч А.Пг “хардлаа, шөнө явах гэлээ” гэх шалтгаанаар алгадах, өшиглөх, гар мушгих зэргээр зодож, дух, цээж, баруун шилбэ, өвдөгт шалбаралт, цус хуралт, зүүн гарын 1 дүгээр хурууны цууралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч А.Пгийн “...Г уурлаад хоёр удаа миний зүүн хацар луу хүчтэй алгадсан. ...дахин нүүр лүү хоёр удаа алгадсан. Үснээс зулгаагаад жижиг өрөө рүү чирж оруулаад ор луу түлхэж унагаагаад нуруу руу хоёр удаа өшиглөсөн. Намайг босоход гараа атгаж байгаад толгойн баруун тал руу нэг цохиод, хоёр гараараа хоолой боохоор нь... Дараа нь миний зүүн гарын эрхийн хурууг ...“чиний хурууг хугална” гээд мушгиад байсан...” гэх мэдүүлэг /хх-17/, шүүх эмнэлгийн 8291 дүгээр “1.А.Пгийн биед дух, цээж, баруун шилбэ, өвдөгт шалбаралт, цус хуралтуудтай, зүүн гарын 1-р хурууны цууралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. 3. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно...” гэх шинжилгээ /хх-24-25/, шүүгдэгч Г.Гийн яллагдагчаар өгсөн “...би Пд гар хүрсэн байсан. Би хохирогч Пгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-32-33/, дуудлагын лавлагааны “Хамтран амьдрагч Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож цохиод...” гэх тэмдэглэл бүхий хуудас /хх-5/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Гийн хохирогч буюу гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч А.Пг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь дух, цээж, баруун шилбэ, өвдөгт шалбаралт, цус хуралтуудтай, зүүн гарын 1-р хурууны цууралт бүхий хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Пгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-17/, шүүгчийн туслахын утсаар ярьсан “Г.Гоос нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тэмдэглэлийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г нь согтуурсан үедээ хамтран амьдрагч Пг зодож хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тодорхой хөдөлмөр эрхэлж орлого олдог тул 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Торгох ялыг хугацаанд нь төлнө” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан хамтран амьдрагчийнхаа эрх, эрх чөлөөнд олон удаагийн /хацар луу алгадах, нуруу руу өшиглөх, гарын хурууг мушгих/ үйлдлээр халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /эрхэлсэн тодорхой ажилтай, банкны дансны хуулга/-ийг үндэслэн шүүгдэгч Г.Гийг 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Гомбоохүүгийн Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР