| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/1039/Э |
| Дугаар | 1065 |
| Огноо | 2020-10-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 1065
Сайхан амарсан уу
2020 10 02 2020/ШЦТ/1065
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2003004190325 дугаар хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар төмөр замын Сонсголон өртөөнд сахиул ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 34 дүгээр гудамж, 4 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон 1-1 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Энхбаярын Г /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Э.Г нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 15 цаг 15 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Оргил” худалдааны төвийн баруун урд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ “Hyundai Accent Verna” маркийн 11-19 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Л.Мягмарбаатар жолоочтой “Hyundai Ston” маркийн 65-56 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, “Hyundai Accent Verna” маркийн 11-19 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээж байна. Дахин хэрэг хийхгүй. Хохиролд нийт 450.000 төгрөг төлсөн. Ялыг зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 2003004190325 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Насанд хүрээгүй хохирогч Б.Тгийн: “Он сар өдрийг нь би санахгүй байна. Э.Г ахтай эмээгийнх рүү явж байгаад автомашинтай мөргөлдсөн. Би Э.Г ахын хажууд урд суудал дээр сууж байсан чинь Э.Г ах урдаа явсан чиргүүлтэй том автомашины чиргүүл рүү мөргөсөн. Миний зүүн талын гар, хөл гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх-27-28/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бэхбатын: “Жолооч Э.Г нь миний төрсөн ах. Ослын улмаас миний хүү Б.Тгийн зүүн гарын тохой хэсэг, зүүн хөлийн шилбэ хугарсан. Хүүгийн эмчилгээний зардалд 300.000 гаруй төгрөг гарсныг жолооч төлж барагдуулсан. Миний зүгээс Э.Гт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-25-26/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.08.10-ны өдрийн 8993 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Тгийн зүүн атгаал, зүүн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэжээ /хх-70-72/,
Гэрч Л.Мягмарбаатарын: “2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед Хуучин 22-н товчооноос Монос тал руу С.Тэмүүжиний эзэмшлийн “Hyundai Ston” маркийн 65-56 УНО улсын дугаартай машин жолоодоод зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явах үед машины хойд талаас “Accent Verna” маркийн шаргал өнгийн машин мөргөсөн. Буугаад ирэхэд жолооч эрүүл согтуу нь мэдэгдэхгүй байсан. Юу болсон талаар асуухад “намайг хүн зодчихлоо” гэж хэлсэн. Өөрөөс нь архи их үнэртэж байсан. Машинд нь архины шил байсан. Тухайн үед бороо ширүүвтэр орж байсан. Тухайн машины баруун урд талын дугуйны хаймар нь байхгүй обуд дээрээ явж байсан. Чиргүүлийн хойд талын хамгаалалт руу мөргөсөн тул машинд хохирол учраагүй, миний биед гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-45, 46/,
Гэрч Б.Алтансүхийн: “...2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 15-16 цагийн орчимд автомашиндаа хүн хүлээнгээ сууж байсан чинь чиргүүлтэй том тэрэгний араас “Верна” маркийн шаргал өнгийн автомашин мөргөсөн. Би шууд яваад очсон. “Верна” маркийн автомашины жолооч болох туранхай залуу шал согтуу жолооныхоо ард ухаангүй жолооны хүрдээ дэрлээд хэвтэж байсан. Жолоочийн хажуугийн суудал дээр 8-9 насны эрэгтэй хүүхэд байсан. Баруун талын хөл нь хугарсан, эргэсэн байдалтай, уйлсан байсан. Чиргүүлтэй том тэрэг зүүнээсээ баруун тийш замын 1 дүгээр эгнээгээр бага хурдтай явж байхад нь “Верна” маркийн автомашин араас нь мөргөсөн. Уг осол согтуу жолоочийн буруугаас болж гарсан. Том тэргэний чиргүүлд ямар нэгэн эвдрэл учраагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-53/,
Иргэний нэхэмжлэгч С.Тэмүүжингийн: “Миний эзэмшлийн ачааны машиныг Л.Мягмарбаатар жолоодож байсан. Тухайн өдөр болсон ослын талаар мэдээгүй. Согтуу жолооч чиргүүлийн хойд талын хамгаалалтын төмөр лүү мөргөсөн учир тээврийн хэрэгсэл, чиргүүлд хохирол, эвдрэл учраагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Үнэлгээ хийлгэхгүй” гэх мэдүүлэг /хх-33, 34-35/,
Иргэний хариуцагч Б.Мундагбаатарын: “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Э.Гт машинаа худалдсан. Би “нэр дээрээ шилжүүлж ав” гэж олон удаа хэлсэн боловч Г “мөнгө төгрөгийн боломж муу байна, дараа болъё” гэж хойшлуулсаар өдий хүрсэн. Би тухайн машиныг зарсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-39-40, 41/,
Шинжээчийн 2020.08.10-ны өдрийн 4273 дугаар дүгнэлтэд: “...2. Шинжилгээнд ирүүлсэн “Э.Г Э.Г” гэж хаягласан цусанд 2,7 промилли спиртийн агууламж илэрч байна. 3. Цусанд илэрсэн 2,7 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хх-64-65/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2020.09.07-ны өдрийн 92 дугаар магадлагааны дүгнэлтэд: “1. “H.Accent verna” маркийн 11-19 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. “Hyundai ston” маркийн 65-56 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Мягмарбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэжээ /хх-85-86/,
Шүүгдэгч Э.Гийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 30-ны орой би гэртээ ганцаараа архи уугаад шөнийн 04-05 цагийн үед унтсан. 31-ний өглөө сэрээд Эмээлт рүү найзтайгаа уулзах гээд эхнэр З.Цэнгэлмаа, өөрийн 5 хүүхэд, төрсөн дүү Э.Бэхбатын хүү Б.Т нартай “Верна маркийн” 11-19 УНБ улсын дугаартай автомашинтай явсан. Эмээлтэд очоод найз руугаа залгасан чинь согтуу, байгаа газраа зааж чадахгүй байсан. Энэ үед би эхнэртэйгээ маргалдсан. Эхнэр Эмээлтэд хүүхдүүдээ аваад автомашинаас буусан. Би автомашинаа унаад хотын төв рүү явсан. Хөдлөхийн өмнө ээж яриад “Б.Тг аваад ирээрэй” гэж хэлсэн байсан. Би “Оргил” худалдааны төвийн урд замаар баруунаас зүүн тийш замын 1 дүгээр эгнээгээр явж байхдаа урдаа явсан том чиргүүлтэй автомашины араас чиргүүлийн хамгаалалтын төмөр лүү мөргөсөн. Осол болохын өмнө би Эмээлтэд очоод найзыгаа хайж байх үедээ автомашинд байсан 0,5 литрийн архинаас уусан. Автомашиныхаа баруун урд талын дугуйг хагалсан байсан. Тухайн өдөр би согтуу байсан, архи гараагүй явж байгаад нэмж архи уусан байсан. Энэхүү осол миний буруугаас болж гарсан...” гэх мэдүүлэг /хх-119-120/,
зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-15, 17-18/, гэрч Д.Ганбаатар,Т.Ганбат нарын мэдүүлэг /хх-51, 52/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-56/, жолоодох эрхийн лавлагаа /хх-58/, гэрлэлт бүртгэсний лавлагаа /хх-59/, шинжээчийн 10436 дугаар дүгнэлт /хх-93-94/, Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөний “Э.Г нь Толгойт хэсэглэлийн Сонсголон өртөөний сахиулаар 2014 оны 7 дугаар сараас одоог хүртэл ажиллаж байгаа нь үнэн” гэх тодорхойлолт /хх-127/, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны тодорхойлолт /хх-128/, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт /хх-129/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Харин улсын яллагчийн судалсан нотлох баримтаас гэрч З.Цэнгэлмаагийн мэдүүлэг /хх-44/-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн эхнэр болох гэрчид “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх”-тэй болохыг нь тайлбарлаж, улмаар ойлгуулалгүйгээр мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн ажиллагаа болжээ гэж дүгнэлээ.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Г согтуурсан үедээ 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 15 цаг 15 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Оргил” худалдааны төвийн баруун урд талын замд “Hyundai Accent Verna” маркийн 11-19 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож яваагүйгээс “Hyundai Ston” маркийн 65-56 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, “Hyundai Accent Verna” маркийн 11-19 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь насанд хүрээгүй хохирогч Б.Тгийн “...Э.Г ах урдаа явсан чиргүүлтэй том автомашины арын чиргүүл рүү мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-27-28/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бэхбатын “...Ослын улмаас хүү Б.Тгийн зүүн гарын тохой хэсэг, зүүн хөлийн шилбэ хэсэг хугарсан...” гэх мэдүүлэг /хх-25-26/, шүүх эмнэлгийн 8993 дугаар “1. Б.Тгийн зүүн атгаал, зүүн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-70-72/, гэрч Л.Мягмарбаатарын “...машины хойд талаас “Accent Verna” маркийн шаргал өнгийн машин мөргөсөн. Жолоочоос архи их үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /хх-45, 46/, гэрч Б.Алтансүхийн “...чиргүүлтэй том тэрэгний араас “Верна” маркийн шаргал өнгийн автомашин мөргөсөн. ...“Верна” маркийн автомашины жолооч шал согтуу жолооныхоо хүрдээ дэрлээд хэвтэж байсан. 8-9 насны эрэгтэй хүүхдийн баруун хөл хугарсан, эргэсэн байдалтай, уйлсан байсан...” гэх мэдүүлэг /хх-53/, шинжээчийн 4273 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн “Э.Г Э.Г” гэж хаягласан цусанд 2,7 промилли спиртийн агууламж илэрч байна...” гэх дүгнэлт /хх-64-65/, мөрдөгчийн “1. “H.Accent Verna” маркийн 11-19 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй ...байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. “Hyundai ston” маркийн 65-56 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Мягмарбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх магадлагаа /хх-85-86/, шүүгдэгч Э.Гийн яллагдагчаар өгсөн “...1 дүгээр эгнээгээр явж байхдаа урдаа явсан том чиргүүлтэй автомашины араас чиргүүлийн хамгаалалтын төмөр лүү мөргөсөн. ...Би согтуу явж байсан...” гэх мэдүүлэг /хх-119-120/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-15, 17-18/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн дүрмийн 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй ...байх хэмжээний хоорондын зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэж заасныг зөрчин урдаа явсан “Hyundai Ston” маркийн 65-56 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, өөрийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн зорчигч Б.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Э.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч /8 настай/ Б.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгч Э.Бэхбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Хүүгийн эмчилгээний зардалд 300.000 гаруй төгрөг гарсныг жолооч Э.Г төлж барагдуулсан. Миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-25-26/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа урдаа яваа машины араас мөргөн, зорчигч насанд хүрээгүй хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохиролд 450.000 төгрөг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Ялыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Э.Г “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ (2,7 промилли), 1 дугуй хагарсан тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгсэл мөргөж, өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 9 настай хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй хохиролд 450.000 төгрөг төлөгдсөн гэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэр бүлийн байдал буюу эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Энхбаярын Гийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Э.Гт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Г тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР