Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 1078

 

 

                            

 

 

 

 

Сайхан амарсан уу

       2020       10           06                                     2020/ШЦТ/1078         

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Р.Очирсүрэн,

хохирогч Б.Ц,

шүүгдэгч Р.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Р.Лг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000001073 дугаар хэргийг 2020 оны 9 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Рагчаагийн Л /РД:/.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Р.Л нь  2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Пирамид” төвийн хойд талд байрлах автомашины зогсоол дээр иргэн Б.Цтой “машинаа зөв байрлуулсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь “уруулын дотор салстад шарх, тархи доргилт” бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч Р.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Зогсоолын асуудлаас болж маргалдаад ийм зүйл болсон нь үнэн. Жаахан хүлээцгүй хандсанаас л боллоо” гэв.

Хохирогч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Пирамид төвийн хойд талд хэрэг болсон. Шүүгдэгчтэй маргалдаад, намайг цохиод гэмтэл учруулсан. Уучлалт гуйгаагүй, хохирол төлье гэж яриагүй. Би 7 хоног ажилдаа яваагүй. Хоол унд идэж чадахгүй байсан. Хэрэгт гаргаж өгснөөс өөр хохирлын баримт байхгүй. Хохирлоо нэхэмжилнэ” гэв.

 

 

Эрүүгийн 2008000001073 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Цгийн: “2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Пирамид” худалдааны төвийн хойно автомашины ил зогсоол дээр өөрийн автомашин дотор байхад машины хойгуур хоёр машин зөрөх гээд багтахгүй байгаа бололтой сигнаалдаад байхаар нь би буугаад харахад зөрөх зай байсан. Нэг машины жолоочид зайг нь харж өгөөд зөрүүлсэн. Гэтэл нөгөө зөрөх гэж байсан машины жолооч нь “банди минь чи холдоогүйгээс болоод зөрж чадахгүй байна” гэхээр нь би “зөрөх зайтай байна шүү дээ, нөгөө машин чинь зөрөөд гараад явчихлаа, та яагаад хүнийг зүгээр байхад доромжлоод байгаа юм” гэхэд уг машины  жолооч машинаасаа бууж ирээд миний зүүн гарын тохой хэсгээс чанга базаад авахаар нь би уг хүнийг өөрөөсөө холдуулах гээд цээж рүү нь гараараа түлхсэн. Гэтэл нөгөө хүн миний уруул руу гараараа нэг удаа цохиод уруул сэтрээд, цус гарсан. Дээрх хүнд зодуулснаас болж 8.000 төгрөгөөр шүүх эмнэлэгт үзүүлж, 120.000 төгрөгөөр томографийн зураг авахуулж, 80.000 орчим төгрөгөөр эм тариа авсан...” гэх мэдүүлэг /хх-20-21/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.06.16-ны өдрийн 7016 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Цгийн биед дээд уруулын дотор салстад шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-31-32/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...хохирогч Ц нь зөрж байгаа хоёр машины хооронд зайг харж өгөөд хоёр машин зөрөөд хар өнгийн машин цааш явав. Цэнхэр өнгийн машинаас Л бууж ирээд хохирогч Ц руу ойртож очоод баруун гараараа зүүн тохой хэсгээс барихад Ц зүүн тохой хэсгийг дээш болгоод Лгийн цээж рүү түлхэхэд Л нүүрний доод хэсэгт нь нэг удаа цохиод хойшоо ухрахад хохирогч Ц хөөж 2-3 алхаад буцаад алхахад Л хөөж алхаад Цгийн зүүн тохой хэсэг рүү гараараа нэг удаа түлхээд хойр тийш салав...” гэжээ /хх-9-11/,

Шүүгдэгч Р.Лгийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед “Пирамид” төвийн хойно автомашины зогсоол дээр автомашинтай явж байхад урдаас нэг машин ирж байсан. Уг машинтай зөрөх гэхэд зай муутай байхаар нь дунд зогсож байсан машины жолоочийг буюу хохирогч Б.Ц гэх хүнийг “миний хүү холдоод өгөөч” гэхэд машинаасаа бууж ирээд надтай зөрөх гэж байсан машины жолоочийг “чадваргүй муусайн юмнууд” гэж загнаад зайг нь харж өгөөд, уг машиныг явуулсан. Намайг “яв” гэхээр нь би “хажууд машин шүргэчих гээд байна, би явж чадахгүй” гэхэд Ц “муусайн юмнууд, иймхэн юмаар гарч чадахгүй” гэхээр нь уур хүрээд “чи юу гээд хуцаад байгаа банди вэ” гэхэд “чи над шиг банди үзсэн юм уу” гээд ойртоод ирсэн. Би машинаас буугаад Ц руу ойртож очиход миний ханцуйнаас гараараа бариад цээж рүү гараараа нэг удаа цохисон. Би зөрүүлээд Цгийн ам хэсэг рүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-40-43/,

дуудлагын лавлагааны хуудас /хх-3/, хохирлын “Толгойн томограф 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг”-ийн баримт /хх-28/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-56/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны тодорхойлолт /хх-53/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-51-52/, өндөр насны тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-54-55/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь хохирогчийг зодож хөнгөн хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс хохиролд 128.000 төгрөг гаргуулах саналтай” гэж,

шүүгдэгч “Хохирлыг бэлэн авчирсан байгаа” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Р.Л нь  2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Пирамид” төвийн хойд талд байрлах автомашины зам дээр хохирогч Б.Цтой “машинаа зөв байрлуулсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, нүүр хэсэгт нь нэг удаа цохиж, биед нь уруулын дотор салстад шарх, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Цгийн “...нөгөө хүн миний уруул руу гараараа нэг удаа цохиод уруул сэтрээд, цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-20-21/, шүүх эмнэлгийн 7016 дугаар “1.Б.Цгийн биед дээд уруулын дотор салстад шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-31-32/, камерийн бичлэгт үзлэг хийсэн “...Л хохирогч Цгийн нүүрний доод хэсэгт гараараа нэг удаа цохиод хойшоо ухрахад...” гэх тэмдэглэл /хх-9-11/, шүүгдэгч Р.Лгийн яллагдагчаар өгсөн “...Цгийн ам хэсэг рүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-40-43/, дуудлагын лавлагааны хуудас /хх-3/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Р.Лгийн хохирогч Б.Цтой таарамжгүй харилцааны улмаас маргалдан нэг удаа гараараа нүүрэнд нь цохиж, эрүүл мэндэд уруулын дотор салстад шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 128.000 төгрөгийн баримт /хх-28/ хавтаст хэрэгт гаргаж өгснийг шүүгдэгч төлсөн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Р.Л би хохирогч Б.Цд 128.000 төгрөгийг хүлээлгэн өглөө” гэх баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Хохирогч “Эмчилгээний зардал 80.000 орчим төгрөг гарсан, ажилдаа явж чадаагүй хэд хоносон, тэр зардлаа нэхэмжилнэ” гэх бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй тул шүүхээс дээрх иргэний нэхэмжлэлтэй холбоотой тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна гэж үзэн энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч 57 настай, тэтгэврийн орлоготой, нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх боломжгүй, бага насны 2 хүүхэд хардаг зэргийг харгалзсан...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /оролцогч нар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо таарамжгүй харилцаа үүсгэснээс хохирогчийн нүүрэнд нэг удаа цохин гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, баримтаар тогтоогдсон 128.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, хохирогч “Эмчилгээний зардал, бусад хохирлоо нэхэмжилнэ” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 57 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Лг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /өндөр насны тэтгэврийн орлоготой/-ийг үндэслэн шүүгдэгч Р.Лг 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Л цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Рагчаагийн Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Лг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Лг 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Л торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Л цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Б.Ц гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР