Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, шүүгч Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 20 дугаар байр, 62 тоотод байрлах, “Ориент инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дугаар хороо, 1 дүгээр дөчин мянгат, 19 дүгээр байр, 02 тоотод байрлах, “Лэндс” ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 495 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

     

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, Б.Сайнбат, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.                                                                                         

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК-иас шүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ББСБ нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд 501 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Учир нь тус байгууллага нь Б.Түвшинтөрд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгаа бөгөөд, барьцаа хөрөнгүүдийн үнэлгээн дээр төлбөр авагч, төлбөр төлөгч нар тохиролцоогүй учраас шийдвэр гүйцэтгэлийн албанаас “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ гаргуулсан. Энэ үнэлгээг хийхдээ “Лэндс” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1., 8 дугаар зүйлийн 8.1., 8.2.-т заасныг зөрчиж, үнэлгээ хийх эрхгүй, зөвшөөрөлгүй Д.Чимэдсайхан, Д.Отгон нар үнэлгээг хийсэн болохыг тогтоож Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 04495 дугаартай шийдвэрээр үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Тус ББСБ нь 2016 оны 6 дугаар сарын 10-нд үнэлгээний хөлсөнд төлсөн 495 000 төгрөгийг буцааж олгуулахаар тус компанид хүсэлт гаргасан боловч өдийг хүртэл өгөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргасан. Бид энэ үнэлгээг хүчингүй болгосноор манай байгууллагад 495 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3., 15 дугаар зүйлийн 15.1.3.-д заасныг зөрчсөн үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзэж байна.


Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заснаар үнэлгээчин нь тусгай зөвшөөрөл эзэмшсэн байх ёстой. Туслах үнэлгээчин гэдэг ойлголт байхгүй. Хариуцагч нь үнэлгээг хийхдээ тухайн объектод нэвтэрч орон үзэж харж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., 9 дүгээр зүйлийн 9.3.5.-д заасныг зөрчин шинжээчийн дүгнэлт гаргасан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6.-д эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгох зохицуулалт нь “Лэндс” ХХК ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хооронд үүссэн харьцааг зохицуулсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4.-д зааснаар татгалзах ёстой байтал зөвшөөрөлгүй этгээд үнэлгээ хийсэн. Тус ББСБ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 220 000 төгрөгийг төлж байсан. Шинжээч “Лэндс” ХХК нь үнэлгээгээ гаргаж өгөхгүй, төлбөрөө төл гэсэн шаардлага тавьсны дагуу бид төлсөн байгаа. Иймд нэхэмжлэгч үнэлгээний хөлсөнд төлсөн 495 000 төгрөг, нотариатын зардалд 6 000 төгрөг, бүгд 501 000 төгрөгийг Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.1.-д заасны дагуу нэхэмжилж байна гэв.

 

            Хариуцагч “Лэндс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Бид Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 04495 дугаартай шийдвэрээр үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосонд хариуцагч, гуравдагч этгээдээр оролцоогүй учраас гомдол гаргах боломжгүй байсан. Манай компани нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 114 тоот тогтоолоор төлбөр төлөгч Б.Түвшинтөрийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203005162 дугаартай, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 3 дугаар байр, 60 тоотын 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Царцааны аж ахуй”-н замын урд байрлах, нэгж талбарын 18622307686041 дугаартай, 14 155 м.кв талбайтай, эзэмшлийн газрыг тус тус үнэлүүлэхээр шинжээчээр томилсны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 08-ны байдлаар үнэлж дүгнэлтээ хүргүүлсэн. Бид үнэлгээний ажлыг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4.-т “Үнэлгээчин нь ...хөрөнгийн үнэлгээ хийхэд бусад үнэлгээчин болон мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр татан оролцуулах эрхтэй” гэсний дагуу Д.Отгон, Д.Чимэдсайхан бид нарыг оролцуулж, тухайн эд хөрөнгийн байршлын дагуу очиж, өмчлөгч Б.Төвшинтөртэй уулзаж ярилцаж үнэлгээг гаргасан. Манай компанийн захирал Д.Ганхуяг нь үнэлгээчин ба туслах үнэлгээчин Д.Отгон, Д.Чимэдсайхан бид нар тухайн газарт очиж үзлэг хийсэн. Үзлэг хийхэд шийдвэр гүйцэтгэгч П.Уранбилэг яваагүй бөгөөд энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5.-д “хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай үнэ зөв баримт, мэдээллээр үнэлгээчнийг хангах” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 11.2.-т “үйлчдүүлэг энэ хуулйин 11.1.5.-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг үнэлгээчин хариуцахгүй” гэсэн байдаг. Бид нар хуульд заасан журмын дагуу хөрөнгүүдийн үнэ цэнийн хувьд чөлөөт зах зээл дээр худалдаалагддаг тул байршил, чанар байдал, хийц бүтээцийн хувьд ижил хөрөнгийн нэгжийн үнээр үнэлэгдсэн байгааг үнэлгэний тайландаа дэлгэрэнгүйгээр тусгасан. “Ориент инвест ББСБ” ХХК нь үнэлгээг гаргахад тухайн үед гомдол гаргаагүй, зөвшөөрч байсан атлаа одоо үнэлгээний хөлсөнд төлсөн 495 000 төгрөгөө нэхэж байгаа нь үндэслэлгүй. Энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал ба эхлээд төлбөр авагчаас аваад дараа нь төлбөр төлөгчөөс гаргуулдаг журамтай. Манай байгууллага, нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээгүй. Харин шийдвэр гүйцэтгэх байгууллагатай манайх гэрээтэй байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... Хариуцагчийн төлөөлөгч Д.Отгон, Д.Чимэдсайхан нар оролцох боломжгүй тул хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

                                                                                                                                                                                                                                                                       Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн

хэлэлцээд

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК нь хариуцагч “Лэндс” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 501 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэн, нэхэмжлэлийн үндэслэлээ “Лэндс” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1., 8 дугаар зүйлийн 8.1., 8.2., 13 дугаар зүйлийн 13.1.4., 14 дүгээр зүйлийн 14.1.3., 15 дугаар зүйлийн 15.1.3.-д заасныг зөрчиж, үнэлгээ хийх эрхгүй, зөвшөөрөлгүй Д.Чимэдсайхан, Д.Отгон нар үнэлгээ хийсэн, үнэлгээг хийхдээ тухай объектод нэвтэрч орон үзлэг хийлгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., 9 дүгээр зүйлийн 9.3.5.-д заасныг зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас 501 000 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлжээ.

            Дээрх нэхэмжлэлийг хариуцагч талаас, 495 000 төгрөг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал ба эхлээд төлбөр авагчаас аваад дараа нь төлбөр төлөгчөөс гаргуулдаг журамтай, манай байгууллага, нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээгүй гэж тайлбарлан үл зөвшөөрч маргасан.

           

            Шүүх бүрэлдэхүүн дараахь үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

           

            1.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5423 дугаар захирамжаар хариуцагч Б.Түвшинтөр нь 220 280 840 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 01-ний дотор нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК-д төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 9006 дугаартай захирамж, 753 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас үйлдэгдэн түүний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулжээ.

           

            2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2015 оны 11 дүгээр сарын 04-нд барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005162 дугаартай, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 3 дугаар байр, 60 тоотын 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Царцааны аж ахуй”-н замын урд байрлах, нэгж талбарын 18622307686041 дугаартай, 14 155 м.кв талбайтай, эзэмшлийн газрыг тус тус үнэлүүлэхээр “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилж шийдвэр гүйцэтгэгчийн 114 тоот тогтоол гарч, уг тогтоолын дагуу дээрх барьцааны зүйл болох 3 өрөө орон сууцны үнэлгээг шинжээч “Лэндс” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 125 000 000 төгрөг, 14 155 м.кв талбайтай, эзэмшлийн газрыг 193 860 000 төгрөг гэж тус тус үнэлэн шинжээчийн дүгнэлтийг хүргүүлсэн байна.

            Хариуцагч “Лэндс” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт болох үнэлгээний тайланг  төлбөр төлөгч Б.Түвшинтөр, Б.Нармандах нар үл зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04495 дугаартай шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2., 37.2.2., 37.2.5.-д заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1., 8 дугаар зүйлийн 8.1., 8.2.-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгон нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн байна.

            Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04495 дугаартай шийдвэр, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5423 дугаар захирамж, тус шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 9006 дугаартай захирамж, 753 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 114 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”, “Лэндс” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн тухай 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үнэлгээний тайлангууд зэргээр нотлогдсон.

           

            3.Нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК нь 495 000 төгрөгийг хариуцагч “Лэндс” ХХК-д шилжүүлсэн нь Худалдаа хөгжлийн банкны 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт болон зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

            Дээрх Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлэгт “...Б.Түвшинтөрийн барьцаа хөрөнгийн үнэлгээний төлбөр төлөв...” гэж төлбөрийн зориулалтыг бичсэн байх ба үүнээс үзэхэд 495 000 төгрөг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шинжээч “Лэндс” ХХК-ийн ажлын хөлс болох нь тогтоогджээ.

            Өөрөөр хэлбэл Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.3.-т “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхэд тогтоосон журмын дагуу оролцсон шинжээчийн ажлын хөлс” нь шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардалд хамаарч байна.

 

            4. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.3.-д “Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тухай бүр төлбөр авагчаас гаргуулж шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төвлөрүүлнэ” гэж заасан байх ба үүний дагуу хэрэгт авагдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ба “Ориент инвест ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 15/3190 тоот “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ”-ний Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны эрх, үүрэг гэсэн хэсгийн 2.1-д “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр авагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг урьдчилан гаргуулан албаны дансаар болон бэлэн мөнгөний касст авна” гэж,  төлбөр авагчийн эрх, үүрэг гэсэн хэсгийн  3.1.-т “Төлбөр авагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гаргасан тооцоог үндэслэн урьдчилан төлнө”, 3.2-т “Урьдчилан төлсөн зардал нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүрэлцэхгүй бол нэмэлт зардлыг төлнө” гэж тус тус заажээ.  

 

            5.Дээрхээс үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болох шинжээчийн ажлын хөлс 495 000 төгрөгийг төлбөр авагч буюу нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК нь урьдчилан төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч нь 495 000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төвлөрүүлэлгүйгээр хариуцагчид шилжүүлсэнд “Лэндс” ХХК-ийг буруутгах боломжгүй юм.

            Өөрөөр хэлбэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба  болон “Ориент инвест ББСБ” ХХК нь дээрх хуульд болон гэрээнд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төвлөрүүлэх үүргээ биелүүлээгүй буруутай байна. Тодруулбал нэхэмжлэгч талын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 220 000 төгрөгийг төлсөн, шинжээч “Лэндс” ХХК нь үнэлгээгээ гаргаж өгөхгүй, төлбөрөө төл гэсэн шаардлага тавьсны дагуу бид төлсөн гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

            6. Хэдийгээр нэхэмжлэгчээс 495 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч “Лэндс” ХХК-ийн тодорхойлсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон нөхцөл байдал нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 495 000 төгрөгийг хариуцагч “Лэндс” ХХК-иас нэхэмжлэх эрхийг бий болгохгүй юм.

            Өөрөөр хэлбэл хариуцагч “Лэндс” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ба “Ориент инвест ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 15/3190 тоот “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ”-ний оролцогч биш, уг гэрээгээр ямар нэг үүрэг хүлээгээгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн тайлбарласнаар Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.1.-д заасан “Чанар муутай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь хохирогчтой гэрээний харилцаатай байсан эсэхээс үл хамааран уг бараа, бүтээгдэхүүний улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн үндэслэл болохгүй байна.

            Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч “Лэндс” ХХК нь нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК-д гэм хорын хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй, хуульд заасны дагуу төлөх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 495 000 төгрөгийг хариуцагч “Лэндс” ХХК-ийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд тооцох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн шинжээчийн зардалд төлсөн 495 000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6000 төгрөг, нийт 501 000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

           

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй, эзгүйгээр хэргийг хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэсэн хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4.-д заасны дагуу хариуцагч талыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15 680 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118.д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч “Лэндс” ХХК-иас гэм хорын хохиролд  501 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15 680 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   

 45.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйг дурдсугай.