| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0534/Э |
| Дугаар | 609 |
| Огноо | 2020-09-23 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 609
2020 09 23 2020/ШЦТ/609
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэл,
хохирогч Д.Б-,
шүүгдэгч Т.Х-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- буудай овогт Т- Х-д холбогдох эрүүгийн 19100159500000 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 9 дүгээр хэсгийн 4-164 тоотод оршин суудаг,
Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 20 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамжаар 02 жил 05 сар 05 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, Б- буудай овогт Т- Х-.
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Х-нь 2019 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соронз” караокед найз охин М-г Д.Б-тэй хардаж, улмаар иргэн Д.Б-ийн нүүрэн тус газар нь архины шилээр 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зовхи, хөмсөгт зүсэгдсэн шарх, зулгаралт, хацар зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...М- Н- нарын хамт караоке орсон. Тэгж байтал Х- ирсэн. Ирэхээс нь өмнө 1 шил архи аваад ууж байж байсан. Тухайн архи нь дуусаад дахиад 1 шил архи авсан. Тэгээд оройн 22 цагийн үед Н- явсан. Х- миний биед гэмтэл учруулсан, би маргалдсан зүйл байгаагүй. Би гомдолтой байна. Намайг 2-3 удаа цохисон. Биеийн эрүүл мэндийн байдал, нүдний хараа муудаж байгаа. Ажлаасаа 14 хоног чөлөө авсан, эм тарианы мөнгөө нэхэмжилж байсан. Х- нь надад 300.000 төгрөг өгсөн. Хэрэгт байгаа баримтаар өгсөн зүйлсийг нэхэмжилнэ...” гэв.
Эрүүгийн 19100159500000 дугаартай хэргээс:
Хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
Гэрч Б.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
Гэрч Х.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 7994 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/,
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 37-40-р хуудас/
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн томографикийн дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/
Шүүгдэгч Т.Х-мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-61-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 63-р хуудас/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 64-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 65-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 66-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 76-р хуудас/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 78-89-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Х-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Т.Х-нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соронз” караокед хохирогч Д.Б-ийг архины шилээр цохиж эрүүл мэндэд нь зовхи, хөмсөгт зүсэгдсэн шарх, зулгаралт, хацар зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:
Хохирогч Д.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний 19 цагийн үед хамт ажилладаг Н-, М- нартай хамт “Соронз” караокед орсон. Бид ...0.75 граммын “Хар Экс” нэртэй архи захиалж дуу дуулж байхад 22 цагийн үед М- руу найз залуу Х- нь утсаар яриад байсан. Х- гэх залуу орж ирээд бид 4 хамт суугаад авсан архиа хуваагаад уусан. Х- гэх залуу Сүүн Чингис гэх 0.75 граммын архи аваад бид 4 хувааж уусан. Тэгээд 23 цагийн үед Н- “хол гэртэй” гээд караокеноос гараад явсан. Х- ариун цэврийн өрөө рүү яваад гарч ирээд архины шил аваад миний толгой руу цохисон. Би тэр үед ухаан алдаад унасан. Намайг босоод ирэхэд миний толгойны баруун талын хөмсөгний дээд хэсэгт шархтай. Зүүн талын хөмсөг шархтай баруун нүдний хэсэгт шархтай болсон байсан. Тэгээд караокены зөөгч эмэгтэй яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгсөн. Удалгүй түргэний эмч ирж араас нь цагдаагийн байгууллагын ажилтанууд орж ирсэн. Тэр үед намайг цохисон гэх Х- байхгүй байсан. Цагдаа нар М-гийн утсаар ярьж байгаад Х- гэх залууг барьж аваад эрүүлжүүлэх байр руу авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Гэрч Б.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид гурвыг дуулаад сууж байхад Х- гаднаас орж ирээд хамт сууж байгаад 2 архи зээлж аваад ууцгаасан. Н- нь 22 цагийн үед түрүүлээд явсан. Н-ийг явсаны дараа Х- байн байн орж гараад байсан. Тэр хооронд Б-ахыг суугаад байхаар нь “явъя, таныг таксинд суулгаад өгье” гэсэн чинь миний хэлсэн үгийг сонсохгүй суугаад байсан. Би цүнхээ сандал дээрээс аваад эргэж хартал Х-, Б-ахын толгой руу цохиод нилээн их цус гарчихсан байхаар нь “хүн аллаа ш дээ” Хишигээ чи боль л доо” гэхэд караокеноос гараад гүйчихсэн. Би Х- рүү залгаад “чи яагаад Б-ахыг зодож байгаа юм бэ, хурдан ороод ир” гээд гуйсан чинь орж ирэхгүй болохоор нь зөөгч охиныг яриад өгөөч гэж гуйгаад залгуулахад утсаа авахгүй байсан. Удалгүй цагдаа нар гаднаас орж ирсэн. Х-г орж ирэхээр нь чи Б-ахыг яаж байгаа юм бэ чамд ямар гэм хийсэн юм бэ гэсэн чинь юм хэлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
Гэрч Х.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соронз караокед хүмүүс хоорондоо зодолдоод байна гэсэн дуудлага ирэхээр нь би дэд ахлагч М-ын хамт очсон. ...Тэр залуу архи уусан, дунд зэргийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 7994 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Д.Б-ий биед зовхи, хөмсөгт зүсэгдсэн шарх, зулгаралт, хацар, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/,
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 37-40-р хуудас/
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн томографикийн дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/
Шүүгдэгч Т.Х-д мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Яармагт найзындаа байж байгаад М-тай утсаар ярьтал “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Тэц-3-ийн хойно Соронз гэх караокед найзуудтайгаа байна” гэж хэлсэн. Би яваад очтол М-, Н- хоёр үл таних нэг залуутай хамт нэг шил архи уучихсан сууж байсан. Би тэр гуравтай хамт архи хувааж уугаад дахин нэг шил архи авч ууцгаасан. М-гийн найз Н- орой болчихлоо гээд яваад өгсөн. Би М- болон ажлын ах гэх Б-бид гурав үлдсэн. Нилээн согтсон байсан ба тухайн ах хүүг М-тай хардаж ууж байсан архины шилээрээ нэг удаа толгой руу нь цохичихсон. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна. Мөн тухайн хохирогч Бат-Эрдэнэд эмчилгээний зардалд гурван зуун мянган төгрөг гаргаж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 59-61-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Т.Х-нь хохирогч Д.Б-ийг найз охин Б.М-тай хардсны улмаас цохиж эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь архидан согтуурсан үедээ тодорхой шалтгаангүйгээр хохирогчийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг үйлджээ.
Шүүгдэгч Т.Х-нь согтуурсан үедээ хохирогч Д.Б-ийн нүүрэн тус газарт архины шилээр цохисны улмаас хохирогчийн биед “зовхи, хөмсөгт зүсэгдсэн шарх, зулгаралт, хацар, зовхинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Т.Х-гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Х-нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирол хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь “эмчилгээний зардал 124.500 төгрөг мөн ажилгүй байсан хугацааны цалин 880.000 төгрөг нэхэмжилжээ.
Хавтаст хэрэгт хохирогч Б.Б-шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, эм тарианы зардал 116.500 төгрөг, нийт 124.500 төгрөгийн баримт авагджээ.
Шүүгдэгч Т.Х-нь хохирогч Б.Б-эд 300.000 төгрөг нөхөн төлсөн /хх-ийн 106-р хуудас/ болох нь хохирогчийн бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хохирогч Д.Б- нь “О” ХХК-д засварчнаар ажилладаг 880.000 төгрөгийн цалин дутуу авсан гэх тодорхойлолтыг /хх-ийн 43-р хуудас/ үндэслэн хохирогчийн дутуу авсан цалин хөлсийг шийдвэрлэх боломжгүй байна. Үндэслэл нь: хохирогч Д.Б- нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 10-ны хооронд эмнэлгийн чөлөөтэй байсан эсэх, түүний үндсэн цалин хөлс хэдэн төгрөг болох, эмнэлгийн чөлөөтэй байсны улмаас дутуу авсан цалин хөлс хэдэн төгрөг болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд хохирогч Д.Б- нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардал болон дутуу авсан цалин хөлстэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, 60 хоног хорих ялыг, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 05 сар 05 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сар 5 хоногийн хорих дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргав.
Шүүгдэгч Т.Х-нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 125 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 05 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Х-нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дуусаагүй байхдаа буюу хугацааны өмнө тэнсэн сулласан 02 жил 05 сар 05 хоногийн хугацаа дуусаагүй байхад 2019 оны 06 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Т.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-д 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 90 хоногийн хорих ялыг, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Т.Х-д оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 05 сар 05 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 08 сар 05 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Х-д оногдуулсан 2 жил 08 сар 05 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Х-2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар цагдан хоригдсон нийт 103 хоногийг түүний ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б- буудай овогт Т- Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-г 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 000 дугаартай захирамжаар шүүгдэгч Т.Х-д Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 06 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 05 сар 05 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Х-д энэ тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 90 хоногийн хорих ял дээр Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 06 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 05 сар 05 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 08 сар 05 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Х-д оногдуулсан 2 жил 8 сар 5 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Х-гийн цагдан хоригдсон нийт 103 хоногийг түүний ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч Т.Х-нь хохирогч Д.Б-д 300.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
8. Хохирогч Д.Б- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хор, дутуу авсан цалин хөлстэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Т.Х-гээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР