Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2018/ДШМ/18

 

 

 

 

 

2018 оны 02  сарын 27 өдөр                          

       2018/ДШМ/18                                                              Зуунмод

 

Б.М-д  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь даргалж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                  А.Гансувд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                    Н.Баяр, Ц.Раашзэвэг, Д.Батбаяр

Хохирогчийн өмгөөлөгч                                    Б.Манлайжав

Нарийн бичгийн дарга                                         А.Доржпүрэв нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 843 дугаар шүүгчийн захирамжтай шүүгдэгч Б.М-д  холбогдох 201719000153 дугаартай 716 хуудас, 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг Дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн оюутан, Өмнөговь     тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.М /рд:К36/.

 

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Соната-7 маркийн 14-35 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Алтайн жолоодож явсан Приүс маркийн 53-15 ӨМҮ дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж А.Эрхэмзаяа, С.Одмаа, Т.Жавхлантуяа, Б.Энхмөнхнарын /4 хүний/ амь нас хохирч, Х.Хулан, Б.Отгончимэг, Б.Алтай нарын эрүүл мэндэд хүнд, Ц.Нарангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 843 дугаар шүүгчийн захирамжаар: 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М холбогдох эрүүгийн 201719000153 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж,

Б.М-д  хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж,

           Захирамжийг хүлээн авснаас хойш прокурор ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурорын эсэргүүцэлд: “Б.М нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Соната-7 маркийн 1435 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Алтайн жолоодож явсан Приүс маркийн 5315 ӨМҮ дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, А.Эрхэмзаяа, С.Одмаа, Т.Жавхлантуяа, Б.Энхмөнх нарын амь насыг хохирч, Х.Хулан, Б.Отгончимэг, Б.Алтай нарын эрүүл мэндэд хүнд, Ц.Нарангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Тус аймгийн прокурорын газраас Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 843 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон "...хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул..." гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ.

Шүүгчийн уг шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт "...Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ..." гэж заасныг удирдлага болгон гэм буруугийн анхан шатны шүүх хуралдаанаас хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь хуулийн заалтыг буруу ойлгож, хэрэглэн үндэслэлгүйгээр хууль зөрчиж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэж үзэхээр байна.

Учир нь прокуророос уг хэргийг шүүхэд шилжүүлсний дараа шүүх 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллагдагч нарын өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт, гомдлын дагуу урьдчилсан хэлэлцүүлэг зарлан явуулсан талаар шүүгч захирамжиндаа дурджээ.

Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад шүүгчийн захирамжид заагдсан асуудлын талаар өмгөөлөгч нараас хүсэлт гаргасныг шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, хүсэлт, гомдлыг хэлэлцэхгүй орхиж, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд зааснаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн хурлын товыг зарлажээ.

Шүүх дээрх хэргийн анхан шатны шүүх хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр явуулж, шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ" гэж заасны дагуу гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж шийдвэрлэх ёстой байтал мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 ны 12 дугаар сарын 18-ны өдрийн 843 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд шүүгдэгч Б.М-д  холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна.

Төв аймгийн Прокурорын газраас: Б.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 176 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба шүүх гэрч Т.Жаргалсайханы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгах, “хохирогч Б.Алтайн цусанд 3.5 хувийн этилийн спирт илэрсэн, энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн 2017 оны 3 сарын 14-ний өдрийн ¹59 тоот шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй эсэхийг шалгах шаардлагатай гэж  үзэж  хэргийг мөрдөн байцаалтанд буцаажээ.

            Дээрх №59 тоот шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар зөвшөөрөхгүй маргаж байгаагаас гадна хэрэв Б.Алтай хүнд зэргийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон бол энэ нь осол гарахад нөлөөлсөн эсэх, тухайн зам тээврийн осол юунаас болж гарсныг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх 2017 оны 9 сарын 29-ны өдрийн 600 дугаар шүүгчийн захирамжаар урьдчилан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтэд тусгагдсан асуудлыг тухайн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, дээрх  байдлыг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 843 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол,  эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ТЭГШСУУРЬ

                                          ШҮҮГЧИД                          Н.БАТСАЙХАН

                                                                                     Г.БОЛОРМАА