Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2022/0408

 

 

                                                      “Э Ж Э Д” ХХК-ийн

     нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, 

Нэхэмжлэгч: “Э Ж Э Д” ХХК,

Хариуцагч: “Э А Р” ХХК,

Гуравдагч этгээд: “Г И Г” ХХК,

                                 “Д И” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “ “Э А Р” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн EA 21/055 тоот мэдэгдлийг хүчингүй болгох, ЭАР/202103002/02/02 тоот тендерт “Г И Г” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох, “Г И Г” ХХК, “Д И” ХХК-ийг түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, ЭАР/202103002/02/02 тоот “Геологи, эрэл хайгуул, өрөмдлөг, сорьцлолтын ажил”-ын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тендерийг хууль бус болохыг тогтоож, дахин явуулахыг хариуцагчид даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 352 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, К К нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Номин,

Хэргийн индекс: 128/2021/0803/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э Ж Э Д” ХХК нь “Э А Р” ХХК-д холбогдуулан ““Э А Р” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн EA 21/055 тоот мэдэгдлийг хүчингүй болгох, ЭАР/202103002/02/02 тоот тендерт “Г И Г” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох, “Г И Г” ХХК, “Д И” ХХК-ийг түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, ЭАР/202103002/02/02 тоот “Геологи, эрэл хайгуул, өрөмдлөг, сорьцлолтын ажил”-ын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тендерийг хууль бус болохыг тогтоож, дахин явуулахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 352 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 27.3, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасныг тус тус баримтлан “Э Ж Э Д” ХХК-аас “Э А Р” ХХК-д холбогдуулан гаргасан 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Э Ж Э Д” ХХК-иас “Э А Р” ХХК-д холбогдуулан гаргасан “2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн EA 21/055 тоот мэдэгдлийг хүчингүй болгох, тендерийг дахин явуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”,

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Э Ж Э Д” ХХК-иас “Э А Р” ХХК-д холбогдуулан гаргасан “ЭАР/202103002/02/02 тоот тендерт “Г И Г” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох, “Г И Г” ХХК, “Д И” ХХК-ийг түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс “ “Э А Р” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ЕА 21/055 тоот мэдэгдлийг хүчингүй болгох, ЭАР/202103002/02/02 тоот тендерт “Г И Г” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох, “Г И Г” ХХК, “Д И” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, ЭАР/202103002/02/02 тоот “Геологи, эрэл хайгуул, өрөмдлөг, сорьцлолтын ажил”-ын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тендерийг хууль бус болохыг тогтоож, дахин явуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын гаргасан бөгөөд хариуцагчаас “ТӨХ-ийн ТӨЗ-1.2, ТӨЗ 4.5.8.6 болон 7-д заасан шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр татгалзаж маргасан.

3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... Захиалагчаас урьдчилан тодорхойлсон тендерийн баримт бичгийн дагуу материалаа бүрдүүлж хүргүүлээгүй, цахим худалдан авах ажиллагааны системд урьдчилан анхааруулсны дагуу материалаа оруулаагүй /байршуулаагүй/ болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож ... гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичигт анхнаасаа санхүүгийн саналыг системд тусад нь оруулахыг тусгайлан мэдэгдсэн, шалтгааныг тайлбарласан ... шаардсан баримтыг нэхэмжлэгч хуулийн этгээд нь ирүүлээгүй гэсэн тайлбар үндэслэлтэй байна ... харин 2 дугаар хавтаст хэргийн 243 дугаар хуудсанд “Э Ж Э Д” ХХК болон “М С” ХХК-ийн маягт 3.8 ажлын хуваарь авагдсан байна ... харин “ ... хэдэн хуудас материал байгаагаас үл хамааран ТӨХ-ийн 4.5.8.8-д заасныг хангаагүй гэж татгалзсан хууль бус” гэх тайлбар үндэслэлтэй ... ажлын хугацааны хуваарь хүргүүлээгүйг зөвтгөх ... тендерийг үнэлэх үе шатны шалгаруулалттай холбогдуулж гомдол нэхэмжлэл гаргах, маргах эрхгүй ... тендерийн үнэлэх үе шатанд үнэлэгдээгүй тендерийг хүргүүлсэн этгээд уг үе шатны эцсийн шийдвэртэй маргах эрхгүй...” гэж тус тус дурджээ.

3.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг буюу “ЭАР/202103002/02/02 тоот тендерт “Г И Г” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох, “Г И Г” ХХК, “Д И” ХХК-ийг түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Тухайлбал, дээрх хуулийн зохицуулалт нь захиргааны хэргийн шүүхийн харьяалал бус гэх ойлголт бөгөөд шүүх дүгнэхдээ нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэх атлаа захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэдгийг тайлбарлаагүй, дүгнээгүй. Тодруулбал, дээрх нэхэмжлэлийн шаардлага нь эрүүгийн болон иргэний шүүхийн маргаан эсэхэд ямар ч дүгнэлт өгөөгүй, шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байдал үүсчээ.

3.4. Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... харин 2 дугаар хавтаст хэргийн 242 дугаар хуудсанд “Э Ж Э Д” ХХК болон “М С” ХХК-ийн маягт 3.8 ажлын хуваарь авагдсан байна ... харин “... хэдэн хуудас материал байгаагаас үл хамааран ТӨХ-ийн 4.5.8.8-д заасныг хангаагүй гэж татгалзсан хууль бус” гэх тайлбар үндэслэлтэй ...” гэж дүгнэсэн бөгөөд “хариуцагчийн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй гэж тайлбарласан, нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлтэй байна” гэж зөв дүгнэлт өгсөн хирнээ, шийдвэрт нөлөөлж болох нөхцөлийг буруу тайлбарлаж зөрчилтэй дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь ажиллах цагийн хуваарь, хугацааг огт ирүүлээгүй гэж шийдвэртээ тусгасныг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх баримтыг хүргүүлсэн болох нь тогтоогдож, хариуцагч үндэслэлгүй тайлбар хүргүүлснийг анхаарч үзээгүй ноцтой алдаа гаргасан. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлүүдэд тендерт оролцогч нарын техникийн болон санхүүгийн чадварыг үнэлэхээр зохицуулсан. “Э А Р” ХХК-ийн тендерийн баримт бичиг тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн ТӨЗ 1.2, ТӨЗ 4.5.8.1-д “харилцагч банкны тодорхойлолт”, 4-д “Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 оны борлуулалтын орлогын нийлбэр захиалагчаас санал болгож буй төсөвт өртгийн 70 хувиас багагүй байна”, 5-д “сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудад мөн хийж гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл /ажлуудыг төсөвт өртөгтэйгөөр, мөн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн актыг хавсарган ирүүлнэ/” гэж тус тус заасан ба захиалагчаас сонгон шалгаруулалтад оролцсон этгээдийн техникийн болон санхүүгийн, ур чадвар, туршлага зэргийг үнэлэх зорилгоор тендерийн баримт бичигт тусгасан. Гэрээ байгуулах эрх олгосон компани “Г И Г” ХХК нь “Хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх” тухай “К” ХХК-тай байгуулсан талаарх гэрээнд 1тм өрөмдлөгийн үнэлгээг 850.000 төгрөг /зах зээлийн ханш 85.000-100.000 төгрөг байдаг/ байхаар тусгасан гэрээний үнийн дүн нь 12.750.000 төгрөгийн гэрээ байгуулж, 14386 тм өрөмдөж, гүйцэтгэлийн акт буюу хэрэгжээгүй гэрээ байгуулж, ажлын үзүүлэлтийг зохиомлоор үүсгэсэн баримтыг хүргүүлсэн талаарх үйл баримт, нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэл, тайлбарыг хэрхэн няцаасан талаар дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл, “Г И Г” ХХК, “К” ХХК-ийн нарын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага нь нэг буюу Д.Б бөгөөд н.Ж гэх хүн “К” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж гарын үсэг зурсан зэрэг нь хариуцагч байгууллагыг төөрөгдөлд оруулсан, хуурамч баримт үйлдсэн байна. Тухайлбал, ТӨЗ-ийн 1-д зааснаар ажлын гүйцэтгэл, туршлагын талаарх үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий баримт буюу гэрээний гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор гэрээний гүйцэтгэлийн ажил хүлээн авсан акт, гэрээний үнийн дүнгээр компани хооронд шилжүүлсэн талаарх санхүүгийн баримт, банкны дансны хуулга, тодорхойлолт зэргээр нотлохыг ТӨЗ-д тусгасныг хариуцагч байгууллага шалгаагүй зөрчил гаргажээ.

3.5. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4, 16 дугаар зүйлийн 16.1.1-д харилцагч банкны мэдээлэл, ажлын туршлага зэргийг тодорхойлохоор хуульчилсан ба гэрээ байгуулах эрх авсан компанийн дүрэмд өрөмдлөгийн талаарх чиглэл, эрх байхгүй нь харагдаж байна.

3.6. Мөн “Г И Г” ХХК болон “Д И” ХХК-иудын түншлэл бөгөөд эдгээр оролцогч нар нь тус тендерийн дэлгэрэнгүй жагсаалтын саналын урилгад тус тусдаа оролцохоор мэдүүлсэн ба түншлэлийг ямар зарчмаар зөвшөөрч, түншлэл шалгаруулсан нь тодорхойгүй байна. Тухайлбал, дэлгэрэнгүй жагсаалтын саналын урилгад “сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 оны борлуулалтын орлогын нийлбэр захиалагчаас санал болгож буй төсөвт өртгийн 70 хувиас багагүй байна” гэсэн шаардлага тавигдсан бөгөөд “Д И ХХК-ийн санхүүгийн тайлан балансад тусгагдсанаар шаардлагад нийцэхгүй этгээдийг түншлэлээр шалгаруулж, хууль зөрчжээ.

3.7. Анхан шатны шүүх “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 27.3, 27.4-д зааснаар хариуцагчийн шийдвэрийг үндэслэлтэй” гэж дүгнэсэн байна. Дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д зааснаар Тендерийн өгөгдлийн хүснэгтийн буюу тендерийн баримт бичигт заасан бусад баримт, шаардлагын талаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийг материалаа оруулаагүй /байршуулаагүй/ гэж хариуцагчийн маргаагүй, захиргааны актад байхгүй үндэслэлийг тайлбарлаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлээгүй байна.

3.8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

            4. Хариуцагч болон гуравдагч этгээд нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт ойлгомжгүй, бичиглэлийн алдаа гаргасан байх тул дараах байдлаар зөвтгөсөн өөрчлөлт орууллаа.

3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч “Э Ж Э Д” ХХК нь ““Э А Р” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн EA 21/055 тоот мэдэгдлийг хүчингүй болгох, ЭАР/202103002/02/02 тоот тендерт “Г И Г” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох, “Г И Г” ХХК, “Д И” ХХК-ийг түншлэлийн шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, ЭАР/202103002/02/02 тоот “Геологи, эрэл хайгуул, өрөмдлөг, сорьцлолтын ажил”-ын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тендерийг хууль бус болохыг тогтоож, дахин явуулахыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. 

3.2. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч тендерт оролцохдоо захиалагчаас урьдчилан тодорхойлсон тендерийн баримт бичгийн дагуу материалаа бүрдүүлж хүргүүлээгүй, цахим худалдан авах ажиллагааны системд урьдчилан анхааруулсны дагуу материалаа оруулаагүй (байршуулаагүй) болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон, ... нэхэмжлэгчийн хүргүүлсэн тендер нь тендерийг хянан үзэх үе шатны шаардлага хангаагүй байх тул хариуцагчаас маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзаж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй,  ийнхүү баримт бичгийн шаардлага хангаагүй тендерийг үнэлэх үүрэг хариуцагч захиргааны байгууллагад үүсэхгүй тул тендерийг хууль бус гэж үзэхгүй бөгөөд уг тендерийг дахин явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэл мөн үндэслэлгүй” гэх зэргээр дүгнэж “ “Э А Р” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн EA 21/055 тоот мэдэгдлийг хүчингүй болгох, тендерийг дахин явуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцсэн байна.

            3.3. Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 27.3, 27.4-д тус тус зааснаар тендер нь энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага зэрэг мөн хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэх бөгөөд мөн нөхцөлийг хангаагүй бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзахаар хуульчилсан.

            3.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.11-д “Зөвлөх техникийн болон санхүүгийн саналыг тус тусад нь бэлтгэнэ”, 36.15-д “Санхүүгийн болон техникийн саналыг нэгэн зэрэг ирүүлэх бөгөөд саналын урилгад тусгайлан заасан бол тус тусад нь дугтуйлан битүүмжилнэ” гэж тус тус заасан. Мөн Тендерийн баримт бичгийн Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгааны 4.6-д “Техникийн саналд үнэтэй холбоотой аливаа мэдээллийг оруулж үл болно. Санхүүгийн мэдээлэл агуулсан техникийн саналыг шаардлагад нийцээгүйд тооцно” гэж, Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 1.2-т “... техникийн болон санхүүгийн саналыг тус тусад нь илгээнэ. Техникийн болон санхүүгийн саналыг цахим хуудас дээрх холбогдох сонголтууд руу тус тусдаа илгээгдсэн байх шаардлагатай. Техникийн болон санхүүгийн саналыг нэг дор хийж болохгүйг анхаарна уу, учир нь техникийн саналын үнэлгээ явагдсаны дараа санхүүгийн саналыг тодорхой заасан өдөр тусад нь нээдэг болно.”, 4.5.8.6-д” Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх төслийг боловсруулж ирүүлнэ”, 7-д “Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх хугацааны нарийвчилсан график, ажиллах хүчний ажлын хуваарийг ирүүлнэ” гэжээ.

3.5. Гэтэл нэхэмжлэгч нь цахим худалдан авах ажиллагааны системийн техникийн санал хэсэгт өөрийн компанийн санхүүгийн саналыг хамт оруулж хүргүүлсэн, зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх төслийг боловсруулж ирүүлээгүй байх бөгөөд энэ нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгчээс үүнийг эс зөвшөөрч холбогдох тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй байна. Нэгэнт ийнхүү нарийвчлан зааж, дурдсан шаардлагыг хангаагүй байх тул тендерийн Үнэлгээний хороо нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг үнэлэлгүй 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн EA 21/055 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “... танай компаниас цахимаар ирүүлсэн тендерийн материалыг хянан үзэхэд тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгт (ТӨХ)-ийн ТӨЗ-1.2; ТӨЗ-4.5.8-ын 6 болон 7-д заасан шаардлагыг хангаагүй тул тендерээс татгалзаж, банкинд гаргуулсан тендерийн баталгааг цуцлахыг мэдэгдсэн”-ийг буруутгах үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь уг мэдэгдлийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тендерийн баталгаагаа буцаан авсан, Сангийн яамны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/3389, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 6-1/3623 дугаар албан бичгүүдээр “...“Э Ж Э Д” ХХК нь хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй” гэх үндэслэлээр гомдлыг буцаасан байна.

            3.6. Нэхэмжлэгчийн “... “Г И Г” ХХК нь “Хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх” тухай “К” ХХК-тай байгуулсан талаарх гэрээнд 1тм өрөмдлөгийн үнэлгээг 850.000 төгрөг /зах зээлийн ханш 85.000-100.000 төгрөг байдаг/ байхаар тусгасан гэрээний үнийн дүн нь 12.750.000 төгрөгийн гэрээ байгуулж, 14386 тм өрөмдөж, гүйцэтгэлийн акт үйлдэж ирүүлсэн нь хуурамч буюу хэрэгжээгүй гэрээ байгуулж, ажлын үзүүлэлтийг зохиомлоор үүсгэсэн баримтыг хүргүүлсэн талаарх үйл баримт, нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэл, тайлбарыг хэрхэн няцаасан талаар дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, “Г И Г” ХХК, “К” ХХК-ийн нарын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага нь нэг буюу Д.Б бөгөөд н.Ж гэх хүн “К” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж гарын үсэг зурсан зэрэг нь хариуцагч байгууллагыг төөрөгдөлд оруулсан, хуурамч баримт үйлдсэн” гэх гомдлын тухайд “Д И” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд “эрхлэх үйл ажиллагааны мэдээлэл: геологийн зураглал хийх, ...” гэсэн, “Г И Г” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд “...ашигт малтмалын тойм судалгаа хийх, геофизикийн судалгаа хийх ...” гэсэн, “Г И Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.У бүртгэгдсэн бол “К” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Б бүртгэгдсэн, “Г И Г” ХХК нь “Д И” ХХК-тай “Хамтран ажиллах түншлэлийн гэрээ” байгуулж, нэг тендер ирүүлсэн,  “Г И Г” ХХК-ийн санхүүгийн тайлангуудаас үзвэл сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дүн нь Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.5.8.5-д “Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудад хийж гүйцэтгэсэн ажил, ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээллийг ирүүлнэ” гэж заасанд нийцсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь дээр дурдсанаар тендерийг үнэлэх шатанд ороогүй тул тендерийн Үнэлгээний хороо бусад компанийн ирүүлсэн тендерийг хэрхэн үнэлсэнтэй холбогдуулж маргах эрхгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд дахин тендер явуулахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй.  Мөн захиргааны хэргийн шүүх хуурамч буюу хэрэгжээгүй гэрээ байгуулж, ажлын үзүүлэлтийг зохиомлоор үүсгэсэн баримтыг ирүүлсэн, хуурамч бичиг баримт үйлдсэн эсэхийг тогтоох боломжгүй.

3.7. Шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 27.3, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасныг тус тус баримтлан “Э Ж Э Д” ХХК-аас “Э А Р” ХХК-д холбогдуулан гаргасан 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Э Ж Э Д” ХХК-иас “Э А Р” ХХК-д холбогдуулан гаргасан “2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн EA 21/055 тоот мэдэгдлийг хүчингүй болгох, тендерийг дахин явуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж хуулийн нэрийг буруу бичсэн, мөн энэ хэсгийг ойлгомжгүй бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй.

           3.8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “ЭАР/202103002/02/02 тоот тендерт “Г И Г” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох, “Г И Г” ХХК, “Д И” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаар зөв дүгнэсэн байна. 

                        3.9. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийх бөгөөд ийнхүү шаардлагад нийцсэн тендерийн материалыг ирүүлж, тухайн баримт бичгийг үнэлүүлсэн тохиолдолд дараагийн шат болох тендер шалгаруулалт, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэртэй холбогдуулан маргах эрх үүснэ. Дээрх байдлаар тендерийн Үнэлгээний хорооны нэхэмжлэгчийн шаардлагад нийцээгүй тендерийг үнэлээгүй шийдвэр, маргаан бүхий “Э А Р” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн EA 21/055 тоот мэдэгдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч нь тендерийг хянан үзэх шатанд шалгараагүй байх тул ЭАР/202103002/02/02 тоот тендерийг үнэлж, “Г И Г” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон болон “Г И Г” ХХК, “Д И” ХХК-ийг түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргах эрхгүй.

                        3.10. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд талаар үндэслэлтэй, зөв дүгнэсэн атлаа шийдвэрийн Тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1” гэж хуулийн заалтыг буруу бичиж техникийн алдаа гаргасан байх тул зөвтгөх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 352 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 27.3, 27.4-д тус тус заасныг баримтлан “Э Ж Э Д” ХХК-иас “Э А Р” ХХК-д холбогдуулан гаргасан “ “Э А Р” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн EA 21/055 тоот мэдэгдлийг хүчингүй болгох, тендерийг дахин явуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан “Э Ж Э Д” ХХК-иас “Э А Р” ХХК-д холбогдуулан гаргасан “ЭАР/202103002/02/02 тоот тендерт “Г И Г” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох, “Г И Г” ХХК, “Д И” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.” гэж тус тус өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТБААТАР      

 ШҮҮГЧ                                                             Д.ОЮУМАА

 ШҮҮГЧ                                                             Н.ДОЛГОРСҮРЭН