Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 686

 

 

 

 

 

 

 

   2020         10           19                                       2020/ШЦТ/686

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-, Т.С-, Б.Х-,

шүүгдэгч Т.О-, түүний өмгөөлөгч Р.Түвшинбат /ҮД:0713/,

гэрч М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 1910018200703 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ....

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Т.О- нь “...” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд 35.740 боодол цаас дутааж 349.917.350 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, гэрч нарын өгсөн мэдүүлэгт:

 

1.Шүүгдэгч Т.О- мэдүүлэхдээ:

“...” ХХК-нд би 10 жил ажиллаж байна. Энэ хугацаанд үе үеийн нярав нягтлангууд гэнэтийн тооллого хийж байгаагүй. 2015 оноос хойш төлөвлөгөө норм биелэгдэхээ болиод төлөвлөгөө норм биелүүлэхийн тулд шууд удирдлагуудаас илүү, дутуу борлуулалт хийлгэж аваагүй барааг авсан болгож гаргуулаад сүүлдээ учир нь олдохоо больсон. Б- гэдэг нягтлан жирэмсний амралт авах үедээ над дээр 1000 хайрцаг буюу 5000 боодол бичгийн цаас тань дээр дутаад байна гэж хэлсэн. Миний бүх баримтыг өөрөө авч янзалж бичээд над дээр дутагдал гаргасан. Би яагаад надад дээр ийм дутагдал гаргасан талаар асуухад хоёулаа учрыг нь олно гэж хэлээд явсан. Тэрнээс хойш би 2-3  удаа зээл авч төлөх гэж үзсэн. Өглөө 200 хайрцаг бараа авч гарсан боловч хэзээ ч падаан бичиж гарч байгаагүй, дэвтэр дээрээ бичдэг байсан. Дэвтрүүд дээр бид нарын бараагаа яаж авч гардаг талаар тодорхой байгаа. У- 2018 оны 4-5 сарын хооронд Батбаатар захирлын байрны урьдчилгаанд 30 сая төгрөг хэрэгтэй байна, ямар ч хамаагүй аргаар хурдан мөнгө олж ир гээд би “Соёл” дэлгүүрээс бага багаар өгнө, надад яаралтай мөнгө гаргаад өгөөч гэж хэлээд зээлсэн. Зээлсэн мөнгөө У-т өгсөн гэсэн,

 

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х- мэдүүлэхдээ:

Т.О- мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч адил мэдүүлэг өгч байна. Дүрэм, журам зөрчдөг. Энэ үйлдлээ маш сайн хүлээн зөвшөөрдөг. Энэ үйлдлийнх нь улмаас компанид дутагдал үүссэн. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Т.О-ын цаасны үлдэгдэл дээр тооллого хийсэн. Үүнээс хойш 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дахин тооллого хийсэн. Эхний ээлжинд 43.767 цаасны дутагдал үүссэн. Ингээд асуудал үүсгээд явахад Т.О- би дүрэм, журам зөрчдөг гээд яриад байдаг байсан. Манай компаний зүгээс Т.О-т маш нээлттэй ханддаг байсан. Манай компанийн зүгээс Т.О-ыг цаас дутаасан юм чинь ял шийтгэл оногдуулах ёстой гэж үзээгүй хохирлоо барагдуулж авна гэсэн бодолтой байсан. Тийм болохоор бид хамтдаа “чи хэн хэнд цаас хүлээлгэж өгсөн тэр хүмүүс дээр чинь цуг очоод тооцоог чинь авъя” гэж 1 жилийн хугацаанд О-т хэлсэн. Энэ хугацаанд Т.О-ын өөрийнх нь цаас өгсөн гэх 112 айл дээр очиж тооцоо нийлсэн. 35.740 мянган боодол цаас дутсан. Т.О-ын дүрэм, журам зөрчөөд яваад байгаа үйлдлээс болоод компанид хохирол учирсан. Тийм учраас Т.О-аас компанид учирсан хохирлыг нэхэмжилж байна гэсэн,

 

3. Хууль ёсны төлөөлөгч Г.Г- мэдүүлэхдээ:

Т.О-аас гадна 2 худалдааны төлөөлөгч ажилладаг. Бусад 2 борлуулагч дээр ийм асуудал үүсдэггүй. Тооцоо нь өдөртөө гардаг. Гэнэтийн тооллого хийхэд бараа нь таардаг. Компанийн зүгээс Т.О-ын хэлсэн дээр нэмж хэлэхэд Э- гэдэг харилцагч руу 160 сая төгрөг буюу их хэмжээний мөнгө шилжүүлсэн. Компани харилцагчаар дамжуулан тэдэн төгрөг төлүүлнэ гэсэн тогтоосон юм уу шаардсан зүйл огт байхгүй. Компаний процесс яаж явагддаг вэ гэхээр худалдааны төлөөлөгч нарын борлуулалт хийсэн гээд авч ирсэн анхан шатны зарлагын баримтан дээр үндэслээд баримт бичдэг. Т.О-т манай компаний зүгээс нээлттэй хандсан. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үлдэгдэл дээр нь тооллого хийсэн, зөрүү гараагүй гэсэн,

 

4. Хууль ёсны төлөөлөгч Т.С- мэдүүлэхдээ: Т.О- болон түүний өмгөөлөгчөөс санхүү бүртгэлийн алдаатай үйлдлээс болоод дансандаа ороогүй байна гэдэг. Өнөөдрийн дутагдал бол цаасны дутагдал юм. Энэ талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гарсан. Нэг сарын хугацаанд тусгай баг гаргаж өгсөн. Өөрийнх нь 112 харилцагчтай очиж уулзсан, өөрт нь танилцуулсан. Т.О-ын өөрийнх нь нягтлан дүү хамт явж тулгасан байдаг. Т.О- нь өөрийнхөө хариуцлагагүй байдлаас болж компанид хохирол учруулсан гэсэн,

 

5. Гэрч М.Б- мэдүүлэхдээ: “...” ХХК-д 2019 оны 5 дугаар сараас нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Т.О-ын ажилд гэнэтийн тооллого хийж, тооцоо нийлсэн. Т.О- нь барааг авахдаа баримтаа бичиж, нэг хувийг өөртөө авч үлдэн, нөгөө хувийг харилцагч байгууллагад хүргэдэг. Тооцоо нийлэхдээ өдөр бүр борлуулалтын тайланг нягтлан бодогчид өгнө. Үүнд агуулахаас авсан барааны баримт, харилцагч байгууллагад хүлээлгэн өгсөн баримт, өөрийнх нь нэгтгэл зэргийг нягтлан бодогчид өгдөг. Барааг өгөхдөө нэхэмжлэхээ үлдээж, харилцагч нь төлбөрийг дансаар шилжүүлнэ. Борлуулагч бэлнээр мөнгө хүлээн авах ёсгүй. Авлагыг буцааж авах үүрэг нь борлуулагчид өөрт нь байдаг. Борлуулагч өөрөө харилцагч олох боломжтой. Т.О-т 2019 оны 7 дугаар сард нэг удаа тооллого хийсэн. Энэ гэнэтийн тооллого байсан учраас дутагдал гарсан. Т.О- өдөр бүр тооцоо нийлэх ёстой боловч байнга нэхүүлж шаардуулдаг, хоёр хоногийн дараа өгөх зэрэг асуудал байсан. Гэхдээ би тайланг хүлээн авдаг нягтлан байгаагүй, авлагын нягтлан бодогч тусдаа байдаг. Аудитын байгууллага Т.О-ын дутагдлыг гаргахдаа ганц машиныг үзээгүй, агуулахын цаас, агуулахаас ачигдсан цаас зэргийг бүгдийг анхан шатны баримттай тулгаж гаргасан. Агуулахад байгаа цаасыг манай байгууллага тоолоогүй. Аудитын байгууллага дүгнэлт гаргахдаа агуулахад байгаа цаасыг тоолсон. Агуулахын тооллого сар бүр хийгддэг. Шинжээчид Т.О-ын өдрийн тайлан буюу ачигдсан, борлуулсан барааны баримтыг хүргүүлсэн. Т.О-ын бараа дутаасан шалтгааныг мэдэхгүй. Т.О-ын ярьж байгаа хий бичилт гэдгийг мэдэхгүй гэсэн  мэдүүлгийг  тус тус гаргасан.

 

Хоёр. Эрүүгийн 1910018200703 дугаартай хэргээс :  

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш санхүүгийн албаны даргаар, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс дэд захирлын албан тушаалд томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Санхүүгийн тайланд Т.О-ын цаасны үлдэгдэл их байсан тул 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр би өөрөө гэнэтийн тооллогын тушаал гаргаж комисс томилж тооллого хийсэн. Тооллогоор худалдааны төлөөлөгч Т.О-тай холбоотой 43.767 боодол буюу 437 сая төгрөгний бичгийн цаасны үлдэгдэл үүссэн байсан. Үүний дагуу Т.О-аас тухайн өдөртөө бичгээр тайлбар авахад дутагдал үүссэн байгааг хүлээн зөвшөөрсөн утгатай тайлбар өгсөн. Үнийн дүнг тооцож гаргахдаа компанийн 2019 оны 2 дугаар сарын 11-нд батлагдсан худалдах үнийн тушаалын дагуу бөөний үнээс тооцсон. Компанид гурван төрлийн үнэ хэрэглэдэг. Үүнд гэрээт борлуулагчийн үнэ, жижиглэнгийн үнэ, бөөний үнэ гэж заасан байдаг бөгөөд бөөний үнээс тооцсон. Манайх 4 төрлийн цаас худалдан борлуулдагаас Т.О- 3 төрлийн цаасыг дутаасан байна. 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс хойш 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд А4 80гр-тай цаас 41.061 боодол /1 боодол нь бөөний үнэ 9800 төгрөг, гэрээт борлуулагчийн үнэ 9600 төгрөг, жижиглэнгийн үнэ 10.000 төгрөг/, A3 80 гр-тай цаас 1.095 боодол/ 1 боодол нь бөөний үнэ 19600 төгрөг, гэрээт борлуулагчийн үнэ 19200 төгрөг, жижиглэнгийн үнэ 20.000 төгрөг,  А4 70 гр-тай нь 1.611 боодол /1 боодол нь бөөний үнэ 8200 төгрөг, гэрээт борлуулагчийн үнэ 8000 төгрөг, жижиглэнгийн үнэ 8400 төгрөг/ цаас дутаасан. Бид бөөний үнээр хохирлоо тооцоход 437.024.400 төгрөг болж байна. Т.О- нь ажилласан өдрүүддээ агуулахын няраваас бичгийн цаас хүлээн авсан баримт болон харилцагчид бараа хүлээлгэн өгсөн баримтын зөрүүгээр энэ дутагдлыг тооцож гаргасан. Т.О-т бичгийн цаас олгохдоо нярав гарын үсэг зуруулж хүлээлгэн өгсөн баримт байгаа. Тэгээд харилцагч нар цаас хүлээн авсан баримтуудыг тооцож нийт цаасны хэмжээнээс хасаад дээрх зөрүүг Т.О- дутаасан байна гэж үзэж байна. Харилцагч нар манай компанийн данс руу мөнгөө хийдэг. Бэлнээр мөнгө авах ёсгүй байдаг. Компаний дансанд ямар харилцагч мөнгө хийсэн эсэхийг нягтлан бодогч нар шалгаж шаардлагатай тохиолдолд мөнгө шилжүүлсэн харилцагчтай холбогдож тодруулдаг ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

2. ... ХХК-ний 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 25/02-197 дугаартай “тус хэрэгт Г.Г-ийг, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 25/480 дугаартай албан бичгээр Б.Х-г тус тус итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах тухай итгэмжлэл/ хх-н 16-17 дугаар хуудас/,

 

3. Гэрч Р.Б-/Ерөнхий нягтлан/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...Туулбаатарын О- гэх манай худалдааны төлөөлөгч 437 сая төгрөгний Дабл А бичгийн цаасны дутагдал гаргасан нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн гэнэтийн тооллогоор илэрсэн. Т.О-аас яагаад дутагдал гаргасан талаар асуухад харилцагч нарт падаан бичиг өгөлгүй тараасан гэж хэлж байсан. Тэгээд тэмдэглэсэн, хөтөлсөн хар данс байхгүй гээд байгаа. Гар утсан дээр тэмдэглэсэн гээд байгаа боловч тэр нь байхгүй хүнд өгчихсөн гэж тайлбарласан. Компаний орлогыг өөрийнхөө хувийн дансаар аваад байгаа. Манай компаний 5173008245 данс руу О-ын Хаан банкны данснаас өчигдөр мөнгө орж ирсэн. Яг одоогийн байдлаар 43.767 боодол бичгийн цаас дутаасан бөгөөд нэг боодол нь 10.000 төгрөгний үнэтэй байдаг. Тайлан дээр Т.О-ын бараа материалын дансан дээр өртгөөрөө харагдаж байгаа. Дутагдлыг тооцохдоо бид зардаг үнээр нь тооцдог. Учир нь татварын хуулийн дагуу татвар шингэсэн үнээр борлуулалт гэж үздэг юм. Тайлангаар харахад 2019 оны 02 сараас үлдэгдэл нь огцом өссөн. Хэзээнээс эхэлж дээрх хохирлыг учруулж эхэлсэн нь одоогоор тодорхойгүй бөгөөд аудитын шалгалтаар тодорхой болно. Урьдчилсан байдлаар дээрх хохирлыг учруулсан байна гэж үзэж байна. Худалдааны төлөөлөгчийг борлуулалтын менежер хариуцдаг. 2019 оны 04 сард шинээр хүн орсон. Өмнөх хүн нь 2019 оны 02 сард ажлаасаа гарсан. Борлуулалт үйлчилгээний хэлтсийн дарга гэх шууд удирдлагуудтай. Санхүү талаасаа Дабл А-г хариуцсан нягтлан гэж байгаа. 2019 он 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Хишигцолмон 99028789, үүний дараа үргэлжлүүлэн Ч.Шүрэнхүү 99901654, Н.Б- 99034703 нягтлан бодогч нар ажилласан. 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шинэ нягтлан ажилд орсон. С.Г- 95777080 гэж хүн байгаа. Худалдааны төлөөлөгч өдөр бүрийнхээ тайланг маргааш нь хариуцсан нягтландаа өгч нягтлан бүртгэлийг нь хийнэ. Т.О-ын хувьд өдөр бүрийнхээ тайланг өгч байсан боловч барааны үлдэгдэлд тооллого хийхэд бодитоор байхгүй дутагдал гарсан. Бараа нь байхгүй мөртлөө машинд байгаа мэтээр тайланг бидэнд өгч байсан. Т.О-аас дээрх цаасыг хэнд өгсөн талаар асуухаар харилцагч нарт өгсөн. Гэхдээ яг хэн хэнд өгсөн талаараа санахгүй байна. Ямар нэг хөтөлсөн дэвтэр байхгүй гээд байгаа. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

            4. Гэрч Т.С- /хуулийн зөвлөх/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...2019 оны 07 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед манай “...” компани дээр асуудал үүслээ, Т.О- гэх худалдааны төлөөлөгч хувьдаа мөнгө, цаас завшсан байж болзошгүй байна гэж надад хүний нөөцийн албаны дарга хэлсэн. 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр манай компаний захирлын хурал хуралдаж болсон явдлын талаар тодруулсан. Т.О-ын асуудлыг шалгаж үзэхэд 43.991 боодол цаасыг дутагдуулсан байна гэсний дагуу шалгахад 224 боодол цаас биетээр байсан гэсэн бөгөөд 43.767 боодол цаас дутсан. Т.О-тай уулзахад би өөрөө дутааснаа сайн санахгүй байна, хэдэн харилцагчтай эсэхээ сайн санахгүй байна, санаж байгаагаа эхнээс нь бичиж эхэлж байна гэж хэлсэн. Тэгээд гар утсан дээр зарим зүйл нь тэмдэглээстэй байгаа гэсэн, тулгаж байгаа. Одоогоор 2019 оны 01 дүгээр сарын 1-нээс хойшхийг үзэж дээрх 43.767 боодол цаасыг тооцож гаргасан. Яг нарийн тодорхой гаргаагүй байгаа бөгөөд аудитын шалгалтаар нарийн гарах болно. Дээрх хохирлын тооцоог гаргахдаа Т.О-ын агуулахаас цаас авсан баримтуудыг тооцож нийт авсан цаасны хэмжээг тогтоосон. Уг цаасыг харилцагчид хүргээд баримт авах ёстой бөгөөд зарим баримтуудыг өгсөн. Дээрх дутагдал нь баримт байхгүй, өөрөө авсан эсхүл харилцагч нар баримтгүй авсан байж болно. Манай ажилтан Т.О-т нягтлан бодогч хяналт тавих ёстой. Нягтлан бодогчид ерөнхий нягтлан бодогч хяналт тавих ёстой. Мөн борлуулалтын хэлтсийн дарга Гантулга тодорхой хэмжээгээр хяналт тавих ёстой. Т.О- нь маш удаан ажилласан. Борлуулалт маш сайн хийдэг. Ажилдаа их сайн, олны итгэлийг даасан хүн болохоор итгээд авсан гэсэн. Уг нь бол тоолоод авах ёстой. Тэгээд хариуцаж байсан нягтлан бодогч нь дикритээ аваад өөр өөр нягтлангууд баримтуудыг авч байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 27 дугаар хуудас/,

 

            5. Гэрч С.Г- /тооцооны нягтлан бодогч/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...Би 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн “Эйр линк Монголиа” компанид нягтлан бодогчоор ажилд орсон. Тус компани нь “Таван богд” компаний охин компани байгаа юм. Би 2015 он хүртэл ажиллаад жирэмсний чөлөө аваад буцаад 2017 оны 06 сард ажилдаа ороход “...” компанид тооцооны нягтлан бодогчоор ажилла гэсэн. Би 2017 оны 6 дугаар сараас хойш “...” компанид тооцооны нягтлан бодогчоор одоог хүртэл ажиллаж байгаа. Намайг ажиллах хугацаанд Т.О- гэх борлуулагч байсан. Тухайн Т.О- нь зүүн бүсийг хариуцан борлуулалт хийдэг байсан. Т.О- нь өглөө няраваас баримтаар цаас хүлээж аваад түүнийгээ тарааж борлуулалтаа хийгээд үлдэгдэл гарвал машины үлдэгдэл гээд тайландаа тусгаж нягтлан бодогчдоо өгдөг. Т.О- нь тайлангаа цаг тухайд нь өгдөггүй, нэхүүлж байж 2-3 хоногийн дараа өгдөг. Уул нь өдөр өдөртөө тайлангаа өгөөд явах ёстой. Би 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс борлуулалтын нягтлангаар томилогдон Т.О-тай харьцаж эхэлсэн. Үүнээс өмнө үүнтэй хамааралгүй тус компаний касс харилцах үндсэн хөрөнгө хангамж хариуцсан тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаа авахад Т.О-ын тайланд машины үлдэгдэл маш их, машинд багтахааргүй байсан тул би удирдлагуудад мэдэгдэж 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэнэтийн тооллого оруулсан. Миний санаж байгаагаар 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн тайлангийн үлдэгдэл нь 80гр А4 бичгийн цаас нь гэхэд 41.856 ширхэг байсан. Миний тоолсоноос өмнө 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр машины үлдэгдэлд тооллого хийсэн байсан. Тэгэхээр үүнээс хойш буюу 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд цаас дутаасан байна. Т.О- нь өдөр бүр тайлангаа өгөх ёстой. Гэхдээ 2-3 хоног болж байж нэг тайлангаа өгдөг байсан. Миний хувьд 2019 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс хойш ажилласан. Ажилдаа дөнгөж дадаж эхэлж байхад наадам болж амралтын өдрүүд таарсан. Үүний дараа Т.О- нь тайлангаа өгсөн. Үлдэгдэл ихтэй байсан учраас хэлж шалгалт оруулсан. Яг өдөр бүр машины үлдэгдлийг тоолж хүлээж авах боломжгүй. Т.О-ын үйл ажиллагаанд нягтлан бодогч нь хяналт тавина. Т.О- цаас хүлээж авахдаа өөрөө гарын үсэг зурж авна. Мөн бидэнд өгдөг тайлан дээрээ гарын үсэг зурж өгнө. Т.О- нь зарсан цааснуудынхаа баримтыг өгсөн байгаа.” гэх мэдүүлэг /1хх-ийн 28 дугаар хуудас/,

 

            6. Гэрч Н.Б- /ерөнхий нягтлан бодогч/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...Би 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн “...” компанид тооцооны нягтлан бодогчоор ажиллаад 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. Т.О- нь манай компаний зүүн бүсийг хариуцсан борлуулагч юм. Т.О- нь борлуулах цаасаа нярав Төрөө гэх хүнээс баримт үйлдэн гарын үсэг зурж хүлээж аваад цаасаа тарааж борлуулаад өдрийн тайлангаа гаргаж нягтлан бодогчдоо өгдөг. 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэнэтийн тооллого хийхэд Т.О- нь 43.767 боодол цаас дутаасан байсан. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр машины үлдэгдэлд тооллого хийсэн байсан. Тэгэхээр үүнээс хойш буюу 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд цаас дутаасан байна. Т.О- нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл машины үлдэгдлийг их байгаа мэтээр тайлан өгсөн. Үүнд хариуцсан нягтлан бодогч хяналт тавих ёстой. Яг өдөр бүр тоолно гэсэн дүрэм журам байхгүй. Цаасны төлбөрийг цаас авсан айлууд манай компанийн данс руу шууд шилжүүлдэг. Шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр компаний нэр юм уу, регистрийн дугаараа бичдэг. Зарим нэргүй шилжүүлсэн мөнгийг бид өөрсдөө холбогдон хэнээс юун мөнгө шилжүүлснийг нь асууж тодруулдаг. Т.О-ын хувьд хувийн дансаар болон бэлнээр авч байсан тохиолдол гарч байсан, ингэж авах ёсгүй. Борлуулагч бэлнээр болон хувийн дансаар харилцагчаас мөнгө авахгүй байх ёстой. Үүнийг Т.О- нь өөрөө мэдэж байгаа. ... “ гэх мэдүүлэг /1хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

            7. Гэрч Б.У- /Борлуулалтын үйлчилгээний хэлтсийн дарга/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Миний бие “...” ХХК-д бүтээгдэхүүн борлуулах ахлах менежерээр ажилд орж байхад О- нь худалдааны төлөөлөгчөөр ажилладаг байсан. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил бид хоёрын хооронд байхгүй. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд миний бие нь Дабл А бичгийн цаас болон мэдлэгтэй дэвтэр зэргийг хариуцахаа больсон. Гэтэл 2019 оны 8 дугаар сард О-ыг бараа дутаасан асуудалд орсон гэж сонссон. Санхүү дээр шалгаад гаргасан гэж тухайн үед сонсож байсан. Ингээд 9-р сард өр төлбөр гарсан гээд санхүү дээр мэдэгдэж эхэлсэн, цагдаад шалгагдаж байна гэдгийг нь мэдэх болсон. 2019 оны хавар Т.О-аас 6.270.000 төгрөгийг түр хугацаагаар зээлсэн. Энэ мөнгийг би 3-4 сарын хугацаатай зээлж авсан. 7 дугаар сарын дундуур байх мөнгөө бэлнээр О-т өгсөн. Урьд нь энэ мөнгийг бэлнээр авч байсан тул бэлнээр нь буцааж өгсөн юм. О-аас өөр авлагын асуудал надад байхгүй.

2016-2019 оны хооронд миний бие нь Дабл Эе бичгийн цаасыг хариуцаж ажилладаг байсан. Энэ үеүдэд О- нь худалдааны төлөөлөгч хийдэг байсан. Тухайн үед мөн аудит шалгалт ордог байсан. Санхүүгээс өр дутагдал гарч байгаагүй юм. Тэр үед О- нь цалингийн зээл авч байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ 20.000.000 төгрөгний бараа дутааж О- нь цалингаасаа төлж байна гэж миний хувьд сонсоогүй. 2016 оноос өмнө О- нь бараа дутаагаад цалингаасаа төлж байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Би 4 дэх жилдээ ажиллаж байна.О- нь 2008 оноос ажилд орсон гэдэг байхаа. Намайг энэ ажлыг 3 жил хариуцаж ажиллаж байх хугацаанд жилийн эцсээр, хагас жил, улирал, cap бүр тооллого хийдэг байхад ямар ч асуудалгүй О- нь ажлаа сайн хийдэг байсан. Дутагдал гардаггүй байсан. Би хүчээр О-ыг амраадаг байсан. Ажилдаа их эрт ирдэг, орой тардаг, ажилдаа дуртай байдаг. Надад манай захирал Батбаатар нь байрны мөнгө гэж 30.000.000 төгрөг олж өг гэж хэлсэн зүйл байхгүй. Би бас О-аас захирал Батбаатарын нэрийг барьж 30.000.000 төгрөг олж өг гэж хэлсэн зүйл байхгүй. 2018 оны авлага хаах гээд ажлаа хийж байх үед О-аас мөнгийг нь авч дансанд хийлгүүлж байсан. Яг сайн санахгүй байна. Бүх зүйлс данс падаанаар харагдах байх. 2018 оны дундуур байхаа өдрөө сайн санахгүй байна. О-аас авлагын мөнгө шахаж авч байх үедээ мөнгийг нь аваад компанид картаараа төлж байсан байх. Энэ баримтыг компаниас гаргаж өгч болно. Тэрнээс биш энэ шалгалтаар 2019 онд дутаад байгаа мөнгөнөөс нь 30.000.000 төгрөгийг би авч компанид төлсөн зүйл байхгүй. О- болон дүү Н- нарын яриад байгаа зүйлийг би сайн ойлгохгүй байна. Надад мөнгө хэрэг болоод О-аас мөнгө асуутал та хэзээ өгөх вэ гэхээр нь би удахгүй өгнө гэж хэлээд өгсөн хугацаа нь тухайн цаг хугацаа болж таарсан юм. Албаны мөнгөнөөс өглөө гэж мэдээгүй ба тухайн үед машинаа зарсан гэж ярьж байсан тул би мөнгө асуусан. О- нь мөнгө өгсөн юм. Энэ мөнгөн дүнгийн үнэнд 1.0 сая төгрөгөнд Мерседэс бенз машины их гэрэл, нэмэлт гэрэл тус бүр 1 ширхэг, босоо тэнцүүлэгч 4 ширхэг, обудтайгаа 1.0 сая болсон, мөн 4 ширхэг дугуйг 800.000 төгрөгөөр авч байсан. Үлдэгдлийг нь бэлэн мөнгөөр авч байсан юм. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

            8. Гэрч Э.Т-ын /нярав/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Миний бие 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Таван богд ХХК-д ажилчнаар орж байсан. О- нь борлуулагч ажилтан байсан юм. Миний хариуцаж байгаа ажил бол нярав бөгөөд борлуулагч О- нь ямар хэмжээ, тоо ширхэгтэй цаас авна гэснээр нь шууд тоо ширхэгээр нь өгч зарлагын падаан үйлдэж хүлээлцсэн гарын үсэг харилцан зуралцаж хүлээлцдэг юм. Тэрнээс биш надад О-т ямар нэгэн өөр хяналт тавих эрх байхгүй. Би агуулахаас гарч байгаа цаасан дээрээ хяналт тавьдаг юм. О- нь Маяти болон Микроавтобусаар цаасаа авдаг. Их захиалгатай үедээ Маяти машинаар цаас ачдаг. Дээд хэмжээ нь 600 хайрцаг цаас ачдаг. Доод хэмжээ нь 20-30 хайрцаг янз бүр байдаг юм. Голдуу хоосон машинд цаасаа ачуулдаг. Хаа нэг машинд нь цаасны үлдэгдэл байдаг юм. Тэгэхээр нь дээр нь шинэ агуулахаас гарч байгаа цаасаа тоо ширхэгээр нь хүлээлгэж өгөөд гаргадаг юм. ...Миний мэдэхийн О- нь цалингийн зээл аваад өр төлсөн талаар яриа өгүүлэл сонсоогүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

            -түүний гэрчээр дахин өгсөн “...Миний бие 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 06-р сарын 09-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 12 удаа 1.703.000 төгрөгийг жолооч, борлуулагч О-аас ойр зуурын хэрэглээний мөнгөний хэрэг гарч зээлж байсан. Дээрхи мөнгийг голдуу дансаар авч байсан. Бас бус хоолны мөнгө төгрөг бие биедээ зээлж буцааж өгдөг байсан юм. Дээрх дансаар авсан гэх 1.703.000 төгрөгийг миний бие буцаагаад төлсөн. Хаан банкны хуулгаар харагдаж байгаа. Энэ зээлж авсан мөнгөн дүнд О- нь падаан худалдаж авсан 63.000 төгрөг, Эх хүүхдийн дэвтэр худалдаж авсан 30.000 төгрөг, Машины турбиныг О-аар заруулж байсан 80.000 төгрөгний гүйлгээ харагдаж байна. Бусад мөнгийг нь би О-аас зээлж буцааж өгч байсан байна. О- бид хоёроос өөр хүн мөнгө зээлсэн болон төлсөн талаар мэдэхгүй байхаа. О- зээлсэн мөнгөө алба амины мөнгө гэж яриа гаргаагүй. Би өөрийнхөө бараа материалыг хянах зорилгоор хувийн хар дэвтэртэй байсан. Миний дэвтрийг дуусах бүрт нь О- ах дэвтрээ өгөөч ачилтаа тулгах гэсэн юм гэж авдаг байсан. Уг дэвтэр нь гэхдээ санхүүгийн баримт болохгүй. Миний хувийн хөтөлж байсан дэвтэр юм. Дэвтэр дээр би бараа бүтээгдэхүүн гаргасан талаараа мартахгүйн тул тэмдэглэдэг байсан. Т.О-ыг ажиллаж байх хугацаанд хуурамч ачилтууд гэж байхгүй. Одоо ч мөн адил хуурамч ачилт гэж байхгүй. Миний дууссан дэвтрүүдийг О- ах өөрийнхөө ачилтыг тулгах зорилгоор авдаг байсан байх. Дэвтэр санхүүгийн баримт болохгүй. Зүгээр миний гар бүртгэл байгаа. Уг гар бүртгэл нь санхүүгийн баримт бичигт хамааралгүй. Миний дэвтрүүд нотлох баримт болохгүй. Миний дэвтрүүдээр Т.О-ын борлуулалтын үйл ажиллагааг бүхэлд нь нарийвчлан шалгаж, хэдийд хэдэн цаас хэн гэдэг үйлчлүүлэгчид борлуулж төлбөр нь хэдийд орж ирсэн дутагдсан цаас болон түүний төлбөр ямар нөхцөлд хэрхэн дутсан эсэхийг тогтоох боломжгүй. О-ыг цаас завшсан, завшаагүй талаар санхүүгийн баримтаар тогтооно. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 34-37 дугаар хуудас/,

 

            9. Гэрч О.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... ХХК-д тооцооны нягтлан ажилтай. Т.О- нь тайлангаа хугацаанд нь өгдөггүй. Тайлангууд нь ихэнхдээ алдаатай байдаг. Тайлангаа засч авчир гэдэг байсан. Машины үлдэгдэл тоолох гэхээр олон шалтаг хэлж зугтаадаг байсан. Миний зүгээс хоёр удаа тоолж үзэхэд машины үлдэгдэл таарч байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

            10. Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...”...” ХХК-д тооцооны нягтлан бодогч ажилтай. Т.О- нь өдөр тутмын тайлангаа цаг хугацаанд нь өгч байгаагүй, нэхэл дагуул болж өгдөг. Агуулахаас ачсан цаасаа гар бичмэл дээрээ дутуу бичдэг. Бараа хүлээж авсан өгсөн тэмдэглэл үсгээр баталгаажсан баримт болон няравын программаас шивсэн дүнтэй тааруулахад О-ын гар бичмэл нь дутуу бичигдсэн байдаг. Мөн баримтаа хавсаргаагүй байсан ба, программ О-ын гар тайлан нь зөрдөг байсан. Ингээд няравтайгаа холбогдоод цаасны зөрүүг О-ын авсан цаасны нэг хувь нярав дээрээ байдаг байсан. Би хуулбарыг хуулж авч баримтанд хавсаргаад О-ын гар тайланг засуулдаг байсан. Энэ үед О- нь мэдэн будилж өө миний гарын үсэг байна гэж хэлдэг байсан. Энэ будлиан үе үе гардаг байсан талаар тухай ахлах менежерүүдэд хэлдэг байсан. Тэгээд О- нь хэсэг гайгүй өгч байгаад буцаад тайлангаа өдөртөө цаг хугацаандаа өгдөггүй болж ажил хийхэд хүндрэлтэй болгодог байсан. Агуулахдаа сар бүр тооллого хийдэг байсан. О-тай жилийн, хагас жилийн, гэнэтийн тооллого хийдэг байсан. О- дээр цаасны зөрүү гардаг байсан ба, зөрүү цаасыг асуухаар өнөөдрийн борлуулалт гээд тайлангаа гаргаад өгдөг байсан. Тухайн үед О- нь ачилтаа өөрийнхөө гар тайлан дээр дутуу бичдэг байсныг нь миний зүгээс засуулж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43 дугаар хуудас/,

 

            11. Гэрч Н.Э- /”Таван богд солюшнс” ХХК-ний менежер/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...Миний бие 2014 онд “ Таван богд” ХХК-нд агуулахын няраваар ажилд орж байсан юм. Тухайн үед худалдааны төлөөлөгч О- гэгчтэй танилцан нэг албанд 1 жил 3 сарын хугацаанд цуг ажиллаж байгаад миний ажлын байр өөрчлөгдөж кассын нярав болсон. Түүнээс хойш мэнд устай байдаг байсан. Миний бие 2019 оны 02 дугаар сарын эхээр мөнгөний хэрэг гараад О-аас мөнгө зээлэх боломж байна уу гээд асуухад 3.300.000 төгрөг байна гээд миний данс болох Хаан банкны 5154065353 гэсэн данс руу шилжүүлж өгсөн. Энэ мөнгийг асуусан өдрийн орой нь шилжүүлж өгч байсан юм. Ингээд би зээлсэн мөнгөө тухайн үед үеэл Галсанбат гэдэг хүнээс оны өмнө мөнгө зээлсэн байсан тул уг мөнгийг шууд үеэл Галсанбатын данс руу шилжүүлж өгсөн. О-аас авсан дээрх мөнгийг би 3 хувааж бэлнээр төлсөн. 2019 оны 2, 3, 4 дүгээр саруудад бэлнээр буцааж өгсөн. Надад О-т мөнгө төлсөн гэх баримт байхгүй. О- нь өөрөө бэлнээр авна гэснээр нь би 3 хувааж бэлнээр 3,3 сая төгрөгийг төлж дуусгасан. Намайг О-аас мөнгө зээлсэн талаар О- бид хоёроос өөр хүн мэдэхгүй. Зээлсэн мөнгөө надад хувийн мөнгө ч гэж хэлээгүй, албаны мөнгө ч гэж хэлээгүй. Тухайн үедээ удаахгүй өгнө гээд зээлж авч байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 46 дугаар хуудас/,

 

            12. Гэрч Г.Тунгалагын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Миний бие “...” ХХК-тай 2016 оноос хойш хамтран ажиллаж байгаа юм. Миний бие 2016 оноос хойш О- гэх борлуулагчтай 95950514 гэсэн дугаараар нь холбогдож цаас захиалж авдаг байсан. Хамгийн сүүлд 2018 онд Дархан, Сэлэнгээр явж байна гэж манай Дарханд байх компани дээр 50 хайрцаг цаас буулгаж өгөөд явах үед нь О- гэдэг хүнийг харж байсан юм. Ажлын шугамаар таних болсон. Миний бие борлуулагч О-ын өөрийнх нь өгсөн дансанд цаасны мөнгийг шилжүүлж хийдэг байсан. 2018 оны 12 дугаар сард компанийн данс гэж 51 дугаартай данс өгснөөс хойш дээрх дансанд нь мөнгийг нь шилжүүлэх болсон. Миний хувьд борлуулагч О-т мөнгө зээлсэн болон зээлүүлсэн асуудал огт байхгүй. Миний мэдэхийн О- нь утсаар холбогдоод тань руу мөнгө шилжүүлээд өгий, та мөнгийг нь аваад буцаагаад өөр аж ахуйн нэрээр шилжүүлээд өг гэж гуйж байсан. Тухайн үед нь би зөвшөөрч О-аас 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр миний 5046139625 дансанд 1.0 сая төгрөг орж ирснийг нь би хүлээж аваад Хаан банкны 5173030757 гэсэн данс руу 1.0 сая төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 11 цаг 45 минутанд гар утсаараа шилжүүлсэн байна. Миний бие одоо О-, “...” ХХК-тай өр авлага тооцоо байхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 47 дугаар хуудас/,

 

            13. Гэрч Ч.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Миний бие НТОУХТ-ийн 363 дугаар павилонд бичиг хэргийн бөөний худалдаа эрхэлдэг юм. Тухайн үед “Улаанбаатар принт” ХХК-ний гэрээт борлуулагч эрхтэйгээр “Таван богд” ХХК-ний бичгийн цаас дэвтэр зэргийг борлуулдаг юм. О- нь “Таван богд” ХХК-д түгээгчээр орсон цагаас нь хойш мэдэх болсон. Ажлын шугамаар ажил төрлийн холбоотойгоор мэддэг. Миний хувьд “...” ХХК-наас нийлүүлсэн бичгийн цаасны үнийг О-ын өгсөн “Хаан” банкны данс руу хийдэг байсан. Учир нь борлуулагч О- нь мөнгөө өөрийн дансаар аваад цаашаа нийлүүлж нэгдсэн дансаараа компаний данс руу хийдэг гэж хэлдэг байсан. Ингээд би О-ын өгсөн дансанд хэсэг мөнгө хийж сүүлд 2018 оноос хойш “Таван богд’’ ХХК-ийн дансанд хийдэг болсон. Би ихэвчлэн О-аас цаас авдаг байсан. Сүүлийн үед өөр борлуулагч очиж байгаа. Манайх “Таван богд” ХХК-ний гэрээт гэж өндөр босго тавьдаг байсан, тухайн үедээ гэрээ хийж байсан. О-ын дансанд хэсэг шилжүүлж байгаад сүүлдээ “Таван Богд”-ын дансанд хийдэг болсон. “Таван богд” ХХК-ний зүгээс борлуулагчтай холбоотойгоор миний мэдэхийн 2 удаа шалгалт ирж байсан. Борлуулалтын менежер У- нягтлантайгаа ирж байсан. Мөнгөө компаний данс руу хийх ёстой гэж байсан. Үүнээс хойш “Таван богд” ХХК-ний дансанд мөнгөө хийдэг болсон. О-тай тооцоо хийе гэхээр зарим үед их уддаг, ачаалал ихтэй байна, дараа тооцоогоо хийе гээд хойш тавьдаг байсан. Манай компанитай тооцоо зөрсөн зүйл байдаггүй юм. Миний бие нэг удаа О-аас мөнгө гуйж нэг удаа аваад маргааш нь буцааж шилжүүлж байсан. Мөн О- нэг удаа надаас 900.000 төгрөг хэрэг болж байна гэж аваад удалгүй шилжүүлж өгч байсан. Өөрөөр бид хоёрын дунд өр авлага байхгүй. Мөн надаас нэг удаа та “Таван богд”ХХК-ний данс руу илүү мөнгө шилжүүлээд өгөөч гэж гуйхад нь би өөрийн цаасны мөнгөн дээр нэмж нийт 30.0 сая төгрөг шилжүүлж байсан. Тал нь миний тооцоо, үлдэгдэл нь илүү тооцоо байсан. Тэгээд миний илүү мөнгийг дараа сарын тооцоонд нийлээд тооцогдоод явсан. Яг хэдэн оны хэдэн cap гэдгээ сайн санахгүй байна. Илүү төлөлтөө тухайн үед Төгсөө, Саруулын тооцоо орохгүй хойшлогдоод байна. Тэр мөнгө рүү шилжүүлнэ гэж О- нь хэлж байсан. Нарантуул ОУХТ дээр гэрээт олон байдаг. ...О- нь Нарантуул , хөдөө орон нутгийг хариуцаж ажиллаж байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 50 дугаар хуудас/,

14. Гэрч М.Б- /Таван богд ХХК-ний нярав/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Миний бие 2013 онд “Таван богд” ХХК болох үед О- гэгчтэй танилцан нэг албанд нэг газар 2019 оны 07 дугаар cap хүртэл цуг ажилласан. Би үйлдвэрийн няраваар О- бичгийн цаасны борлуулагчаар ажиллаж байгаад ажлаасаа гарсан. 2017 оны 07 дугаар сарын эхээр наадмын өмнө мөнгөний хэрэг гараад О-аас мөнгө зээлэх боломж байна уу, 2 сая төгрөг зээлээч гэж асуусан юм. Гэтэл О- нь маргааш нь миний Хаан банкны 5022537919 гэсэн данс руу 2 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Энэ мөнгийг миний бие 2017 оны наадмаар Архангай аймаг явах гэж зээлж аваад зарцуулсан юм. О-аас авсан дээрх мөнгийг би бага багаар цувуулж өгөөд 2018 оны өмнө дуусгасан. Надад О-т мөнгө төлсөн гэх баримт байхгүй. О-тай таарсан үедээ бэлнээр өгч байсан. Уг мөнгийг би 3-4 хувааж төлж дуусгасан. О- бид хоёроос өөр хүн мөнгө зээлсэн болон төлсөн талаар мэдэхгүй. Тухайн мөнгө зээлэх үед О- нь өөрөө болно гэсэн тул би боломжоороо төлж дуусгасан. Өөр хүнд мөнгө зээлж байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. О- нь алба амины мөнгө гэж яриа гаргаагүй.” Гэх мэдүүлэг /1хх-ийн 52 дугаар хуудас/,

 

15. Шүүгдэгч О-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн:

“...Би 2009 онд “...” компанид анх жолоочоор ажилд орж байсан. 2011 оны сүүлээр худалдааны төлөөлөгч албан тушаалд очсон. Үүнээс хойш 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл худалдааны төлөөлөгчөөр ажилласан. Миний хувьд маш их ачаалалтай ажилладаг байсан. 2015 оны дунд үеэс эхлэн төлөвлөгөө норм өндөр тавигдаж байсан. Ажлын ачаалалаас болоод данс тооцоогоо хянаж чадаагүй, за яахав маргааш, нөгөөдөр болгоно гэж явсаар байгаад хянаж чадаагүй. Тэгээд компаниас төлөвлөгөөгөө биелүүл гэх шаардлага тавьдаг, улирлын сүүл болоод ирэхээр авлагаа шахдаг. Миний хувьд 2013 оноос зүүн бүс буюу 7 буудал, 4-р дэлгүүр, багшийн дээд гэх зэрэг газрууд болон орон нутгийг хариуцдаг байсан. Улсын хэмжээнд 3 борлуулагч, 3 жолооч хариуцаж явдаг байсан. Баруун бүс, зүүн бүс, төвийн бүс гэж хуваадаг байсан. Надад завшсан зүйл байхгүй. Данс тооцоон дээрээ алдсан байх би өөрөө цаас дутаасан гэж бодохгүй байна. Цаас тараах үедээ байгууллагуудад падаан өгдөг, бичиг хэргийн дэлгүүрүүдэд нэг удаа зээл тавихыг зөвшөөрдөг. Харин нэмж зээл өгөхгүй гэдэг. Миний хувьд төлөвлөгөөгөө биелүүлэх гээд тухайн бичиг хэргийн дэлгүүрүүдэд зээл падаангүй өгч байсан. Үүнийгээ тухайн үед нь тэмдэглэж байсан. Падаан бичээгүй тохиолдлууд байгаа, дараа нь нөхөөд бичээд өгчихнө гэж бодсон. Зарим үед сул байгаа машиндаа цаас өгөөд хүргүүлчихдэг бөгөөд иймэрхүү тохиолдолд заримдаа падаан бичдэггүй. Би зүүн бус болон хөдөө орон нутгийг хариуцаж бичгийн цаас борлуулах үүрэгтэй. Би няраваас бичгийн цаас авч нярав гарын үсэг зуруулдаг. Тухайн бичгийн цаасыг борлуулж цаасыг өгөөд падаан өгч тооцоогоо хийдэг. Ойролцоогоор 300-400 орчим байгууллагатай харилцаж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 53 дугаар хуудас/,

 

-гэрчээр дахин Эдийн засгийн мэргэшсэн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. 329.206.300 төгрөгний цаас дутаасан гэж бодохгүй байна. Би тухай бүр нь борлуулалтынхаа мөнгийг компанид тушаагаад явдаг байсан. Надад өөртөө хэрэглэсэн зүйл байхгүй. 2015 оны сүүлээр миний нэр дээр 1000 боодол цаас дутаж гарч ирээд би цалингийн зээл авч эхлээд 20 сая, дараа нь 40 сая төгрөг ингээд 60 сая төгрөг төлж барагдуулж байсан юм. Төлсөн шалтгаан нь тооцоо нийлж гаргаж чадахгүй болохоор төлсөн. Төлөх болсон шалтгаан нь ажлаа алдахгүй явцын дунд учрыг нь олъё гэж явж байгаад олоогүй явж байгаад өдийг хүрсэн юм. Удаад бүр учир нь олдохоо байсан. Бид нарыг дээрээс борлуулалт хий гэж шахдаг болохоор хоосон хий зүйл бичиж борлуулсан гэж дээд компанидаа өгдөг байсан. Би “...” ХХК-нд ажилладаг байсан. “Таван богд” группдээ манай компани тайлангаа гаргаж өгдөг. Би 1.100.000 төгрөгний цалинтай, 4 жилийн цалингийн зээл авсан. Зээлд 892.000 төгрөг төлдөг, надад 200.000 төгрөг үлддэг. Тэр зээл миний гар дээр ирдэггүй, цалин дээрээс татагдаад явчихдаг юм. Би өөрийн үндсэн ажил борлуулалтын ажлаа хийж байсан бол ийм хэмжээний төлбөр гарахгүй байсан. Би жолооч болон ачигчийн ажил хамт хийдэг байсан. Миний дээр тооцоо нийлдэг нягтлан бодогч тухай бүр мөн ажлаа хийж байсан бол өдийд ийм зүйл яригдахгүй байсан байх. 2015 онд 1000 боодол цаас дутсан гэж тооцоо нийлсэн.  Б- гэж нягтлан бодогч байсан. Жирэмсний амралт аваад явсан, дахиж ажилдаа ороогүй. Сүүлийн үед ажлын ачаалал их байсан болохоор би тухай бүр тооцоогоо хийж чаддаггүй байсан. Тэр байдлыг удирдлагууд ашигласан байх. Манай компанид цаас борлуулдаг 3 борлуулагч байдаг. Би Улаанбаатар хотын зүүн хэсэг болон 21 аймгаа хариуцдаг байсан. Би компанид тушаасан баримтаар тооцоогоо нийлмээр байна. Миний тушаасан мөнгө, компанид миний нэрээр тушаагдсан эсэхийг тооцоо нийлмээр байна. Мөн эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр тооцоо нийлээгүй зарим нэгжээс мөнгөө аваагүй цаасны мөнгийг миний нэр дээр мөн гаргасан байгаа. Компаниас сард тэдэн боодол цаас борлуулсан компанийг гэрээт борлуулагчаар авна гэсэн шалгууртай. Бид төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд гэрээт биш аж ахуйн нэгжид бас цаасаа борлуулах гээд өгдөг байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 54-55 дугаар хуудас/,

 

16. Хохирогч Ш.Г-, гэрч Т.О- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

 

Асуулт: Та Т.О-ыг таних уу? Таньдаг бол ямар холбоотой вэ? Та хоёрын дунд ямар нэгэн харьцаа холбоо байна уу? ,

 

            Хариулт: 2018 оны 07 дугаар сарын 05-наас уг компанид санхүүгийн албаны даргаар ажилд орсон. Энэ үеэс Т.О-ыг танина. Түүнээс өмнө ямар нэгэн хувийн харьцаа байхгүй.

 

Асуулт: Т.О- миний тушаасан мөнгө, компанид миний нэрээр тушаагдсан эсэхийг тооцоо нийлмээр байна. Мөн эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр тооцоо нийлээгүй, зарим нэгжээс мөнгөө аваагүй цаасны мөнгийг миний нэр дээр мөн гаргасан байгаа. Компаниас сард тэдэн боодол цаас борлуулсан компанийг гэрээт борлуулагчаар авна гэсэн шалгууртай. Бид төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд гэрээт биш аж ахуйн нэгжид бас цаасаа борлуулах гээд өгдөг байсан гэж мэдүүлж байна. Энэ талаар ярина уу?

 

Хариулт: Хохирогчийн Ш.Г-ээс: 2019 оны 07 дугаар сарын 24-нд би тушаал гаргаад гэнэтийн тооллого оруулсан энэ үед 43.991 боодол цаас дутсан. Энэ бараа бодитоор дутсан гэдгийг аудитын дүгнэлт болон шүүхийн шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Шинжээчийн дүгнэлт анхан шатны баримт дээр үндэслэж гарсан. 2019 оны 07 дугаар сарын 24-ний байдлаар 437.024.000 сая төгрөгний бичгийн цаас дутсан. Энэ дутагдлаас 146.7 сая төгрөг хасагдаад 349.9 сая төгрөг бодит дутагдал юм. Тооцоо нийлэх явцад зарим бүртгэлтэй авлагын дүн нэмэгдсэн. Мөн О- өөрөө тодорхойлоод энэ компанид бараа өгсөн гэсний дагуу тэр газартай уулзаад тооцоог гаргаж ирж нийт 146.7 сая төгрөгний төлбөр хасагдсан.

Асуулт: О- дахиж тооцоо нийлээгүй үлдсэн аж ахуйн нэгж байгаа. Тэднээс тооцоо нийлээд хасагдах юм бол миний нэр дээр гарсан төлбөрөөс хасагдна гэж байна. Тооцоо нийлээгүй үлдсэн аж ахуйн нэгж хувь хүн байна уу?

Хариулт: 2019 оны 08 дугаар сарын байдлаар бүх харилцагчидтайгаа тооцоо нийлж дууссан. Тооцоо нийлж дуусах процесст О- эхнээсээ дуусах хүртэл өөрийн биеэр оролцсон. Тооцоо нийлсэн процесс дээр дахин аудит хийлгэсэн.

Асуулт: Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Үүнийг хүлээн зөвшөөрч байна уу?

Хариулт: Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтээр 329,2 сая төгрөг гарсан. Шинжээчийн дүгнэлт гарахтай зэрэгцээд 2 дахь аудитын дүгнэлтээр 349,9 сая төгрөг гэж 20 сая төгрөгний дутагдал О- дээр нэмэгдэхээр гарсан байгаа юм. Одоо дахин тооцоо нийлэх аж ахуйн нэгж байхгүй.

Асуулт: Т.О-аас та Г.Г-ийг таних уу? Таньдаг бол ямар холбоотой вэ? Та хоёрын хооронд ямар нэг харьцаа холбоо байна уу?

Хариулт: Гэрч Т.О-аас Манай компанид ажилд орсон цагаас эхлэн таних болсон. Түүнээс өмнө ямар нэгэн харьцаа холбоо байхгүй.

Асуулт: Та Г.Г- захирлын мэдүүлгийг сонслоо. Таны бараа нийлүүлсэн бүх аж ахуйн нэгжүүдтэй нийлээд тооцоо гарсан. Энэ ажиллагаанд таныг өөрийн биеэр оролцсон гэж байна. Иймд дахин тооцоо нийлэх аж ахуйн нэгж байхгүй болж байна шүү дээ?

Хариулт: Гэрч Т.О-аас: Зарим аж ахуйн нэгж цаас авчихаад одоо аваагүй гэж яриад байгаа. Зөвхөн Нарантуул захын гэрээт том борлуулагч нартай тооцоо нийлэхэд нягтлан, ахлах менежертэй хамт явсан. Байгууллагуудаар явсан тооцоо нийлэхэд би байгаагүй. Энэ тооцоог нийлж байхад би эмнэлэгт хэвтсэн байсан.

Асуулт: Та тэр аж ахуйн нэгж байгууллагад цаас өгсөн гэдгээ нотлож чадахгүй бол таны нэр дээр төлбөр гарна шүү дээ?

Хариулт:

1. Увс аймгийн Шуудан үйлчилгээний газарт 2019.03 сард 80 хайрцаг буюу 400 боодол цаас,

2. Дорноговь аймгийн Иданс ХХК-д 2019.05-06 сард 60 хайрцаг буюу 300 боодол цаас,

3. Нарантуул захын 208, 209 дугаартай контейнэрийн эзэн Дорж 400 хайрцаг аваад 250 хайрцаг цаас авсан гэж байгаа. Эдгээр цаас бол 10 гаран сая төгрөгний цаас болох юм.

 

Асуулт өмгөөлөгч Д.Үүрцайхаас: Иргэний журмаар өртэй хүмүүсийг компани өөрсдөө хөөцөлдөж авах ёстой байтал яагаад О-т дутагдлаар гаргаад байгаа юм бэ?

Хариулт: Хохирогчийн төлөөлөгч Ш.Г-ээс: Компанийн дотоод журмаар бол О- өөрөө анхан шатны баримтыг гаргаж өгөх ёстой. О- амаараа л өгсөн гэж байгаа боловч ямар нэгэн баримт байхгүй болохоор компанийн авлага гэж үзэхгүй юм. Хэрвээ баримтаар нотлогдож байсан бол санхүүгийнхэн өөрсдөө авлага гэж үзээд явах ёстой байсан.

Асуулт: өмгөөлөгч Д.Үүрцайхаас: ...Компанийн аж ахуйн үйл ажиллагааны  дээр тогтсон уламжлалаар ажлын ачааллын улмаас анхан шатны баримт бүрдүүлэх боломжгүй асуудал олон гарч байжээ. Энэ талаар удирдлагууддаа тухай бүрт нь мэдэгдэж байсан байна. Энэ бүхнийг ганц худалдааны төлөөлөгч оролцох боломжгүй компани энэ бүгд дээр яаж хамтран ажилладаг байсан юм бэ? Компанийн бусад удирдлагууд хяналт тавих ёстой, ардаас нь хөөцөлдөх ажил хийж байсан уу? Жишээ нь Увс аймаг руу 22 цагийн үед 80 хайрцаг цаас авч явсан байна.

Хариулт: Компанийн үйл ажиллагаа бол тогтсон дүрэм журмын дагуу явагддаг. Бүх харилцааг зохицуулсан журмыг батлаад ажилчдад танилцуулсан байдаг. Нягтлан бодох бүртгэлийн стандарт болон компанийн дотоод журамд зааснаар агуулахаас бараа материал гарсан тохиолдолд бараа материал худалдааны төлөөлөгчид хариуцлага шилждэг. Худалдааны төлөөлөгч үүний дагуу анхан шатны баримтыг бүрдүүлж компанид өгөх үүрэг хүлээж явна. Тиймээс худалдааны төлөөлөгчийн мэдэлд шилсэн бараа материал дутсан тохиолдолд худалдааны төлөөлөгч бүрэн хариуцах ёстой юм. Дүрэм журмынхаа хүрээнд өдөр тутмын шаардлага тавигдаад явж байсан. Анхан шатны материал бүрдүүлэх тал дээр О-ын хувьд маш хойрог ханддаг. Хэд хоногоор хоцроодог. Өдрийнх нь ачааллыг үзэхээр 10 гаран газарт тараадаг байсан. Бусад төлөөлөгч нар өдөр бүр анхан шатны баримтаа бүрдүүлээд өгдөг юм. Увс аймаг руу цаас ачсан асуудал бол шөнийн цагаар та ажиллах ёсгүй байсан.

 

Асуулт: өмгөөлөгч Т.С-ос: Та Хаан банкны хэдэн данстай энэ мөнгийг хэдийнээс эхлээд хувийнхаа дансанд авч эхэлсэн бэ? Ажлын байрны тодорхойлолт дээр таныг хувийн дансандаа мөнгө авахыг компанийн дүрэм журмаар зөвшөөрдөг юм уу?

Хариулт: Би Хаан банкны 2 данстай. Аль боломжтой байдлаар харилцагч нараасаа мөнгийг авч компани руу шилжүүлдэг байсан. 2012 оноос худалдааны төлөөлөгч болсон цагаасаа эхлээд өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлж авдаг байсан.

Асуулт: Мөрдөгчөөс: Та компанийнхаа дансны дугаарыг мэддэг байж тэр дансны дугаарыг нь өгөхгүй өөрийнхөө дансыг өгдөг нь ямар учиртай юм бэ?

Хариулт: Т.О-аас: Би өөрийнхөө дансыг өгчихвөл энэ компанийн тооцоо дуусч байна гэдэг нь надад харагдана. Сарын сүүл болоод мөнгө төгрөгөө хийж болохгүй байна гэхээр нь би өөрийнхөө дансанд авдаг байсан. Ихэнхи тохиолдолд бэлэн мөнгөөр авдаг байсан. Мөн гэрээт биш хүмүүс надад мөнгөө бэлнээр болон зарим тохиолдолд харилцагч хүссэн тохиолдолд хувийн дансандаа авч дараа нь би өөрөө тооцоо хийдэг байсан юм.

Асуулт: өмгөөлөгч Т.С-ос: Манай компанийн хувьд өөрийн гэсэн журамтай. Гэтэл О- өөрийнхөө буруу үйлдлийг зөвтгөж ярьж болохгүй л дээ. Жишээ нь Баянзүрх зах Баатар 4.800.000 төгрөг, Гүүд конект 24.000.000 төгрөг, Номондоо Налайх 9.600.000 төгрөг, Монгол шуудан Говь-Алтай 4.500.000 төгрөг энэ байгууллагуудын авлагыг би 2019.08.23-ны өдөр хариуцан төлнө гэж өөрөө хүлээн зөвшөөрч өөрийн гараар баримт үйлдэж өгсөн байна. Хувийн дансанд мөнгийг нь авсан юм биш үү? Манайх бэлнээр болон хувийн дансаар тооцоо авах дүрэм журам байхгүй.

Хариулт: Тухайн үедээ төлөвлөгөө биелүүлэхийн тулд хий борлуулалт гаргасан байна.

Асуулт: Мөрдөгчөөс: Хий борлуулалт гаргасан байсан бол яагаад би хариуцна гэж бичиж өгсөн юм бэ?

Хариулт: Тооцоо нийлээгүй байгууллагуудаас тооцоо нийлээд мөнгө гарч ирэхээр төлнө гэж бодсон.Тооцоо нийлээгүй байгууллагуудтай тооцоо нийлж сүүлд баримт бүрдүүлж гаргах саналыг эхлээд компани гаргаад би нийлэх аж ахуйн нэгжээ нэрлэсэн юм. ...гэх мэдүүлэг /1хх-ийн 56-58 дугаар хуудас/,

 

17. Гэрч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн :

Асуулт: Та цалингийн зээл авч “...” ХХК-ний цаасны өрөө төлсөн гэж байна. Энэ ямар учиртай өрийг цалингийн зээл авч төлж барагдуулсан талаараа тодруулна уу?

Хариулт: “...цаасны үлдэгдэл 1000 хайрцаг цаасаар зөрөөд байна. Энэ үлдэгдлийг тань дээр бичихгүй бол болохгүй байна гээд миний тооцооны хуудаснуудыг өөрчилж хэвлээд 1000 хайрцаг цаас над дээр өр болж бичигдсэн юм. Би тухайн үед учир нь олдох байх ажил төрөлгүй болчих байх гэж бодоод дээрх өрийг өөр дээрээ авч үлдсэн юм. Энэ нь тухайн үеийн ханшаар 36,750,000 төгрөгний цаас байсан. Мөн тэр үед ажиллаж байсан Цогтгэрэл-ийн нэр дээр 30-40 хайрцаг цаасны үлдэгдэл гарсан гээд тооцооны нягтлан Байгалмаа нь гаргаж өгөөд Цогтгэрэл нь өөрөө төлсөн гэж надад хэлж байсан. Ингээд Байгалмаа ажлаасаа жирэмсний амралтаа аваад явсан. Зөрөөд тооцооны нягтлан Дэлгэрмаа гэх хүн ажлыг нь авч байсан. Би цаасыг харилцагч нарт борлуулснаар тооцооны хуудас бичээд явдаг болсон. Дээрх цаас над дээр бичигдээд явдаг байсан. Гэтэл би учрыг нь олох гээд яваад байсан боловч учраа олж чадахгүй болж мөн жилд 2-3 удаа цаасан дээр боодол тутам үнэ 500 төгрөгөөр нэмэгдээд байдаг болсон. Дэлгэрмаа хэд хэдэн удаа миний ажлыг шалгахад дээрх цаасаа байгууллагын нэр дээр хий борлуулалт гаргаад аргалаад яваад байсан юм. Сүүлдээ би бүр их өрөнд орчих гээд байхаар нь Хаан банкнаас 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр цалингийн зээл гээд 20,0 сая төгрөгийг авсан. Хамтрагчаар манай эхнэр орсон юм. Миний бие эхнэртэй зээл авах талаараа нягтлангаас болоод буруу бичилт хийснээс болоод өрөнд орчихлоо. Үнэ нэмэгдээд үнийн зөрүү гараад байна, эхний ээлжинд зээл аваад өрөө хаагаад дараа нь учраа олно гэж хэлсэн. Тэгээд 20,0 сая төгрөгний зээд аваад 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр миний бие Хаан банкин дээрээс “...” ХХК-ний данс руу 1,522,500 төгрөгийг Ховд ЦЦЭГ гэж бичээд шилжүүлсэн. Мөн 02 дугаар сарын 22-ны өдөр “...” ХХК-ний данс руу 7,700,000 төгрөгийг Хаан банкнаас бэлэн мөнгөөр утга нь ДӨТ Алтай ХХК-наас гээд тушаасан. Мөн өдрөө 10,000,000 төгрөгийг НТОУХТ-ийн өргөтгөлийн 117 тоот харилцагчийн өмнөөс хий үүсгэсэн байсан борлуулалтанд зориулж Батмөнхтэй ярьж байгаад би өөрийн 5173030757 данснаас Батмөнхийн 5023154936 данс руу 10,0 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэр мөнгийг Батмөнх ... ХХК-ний данс руу шилжүүлж өгсөн. Би энэ авсан цалингийн зээлээсээ нийт 19,222,500 төгрөгний өрийг төлж барагдуулсан юм. Ойролцоогоор 1 боодол цаасыг 7,650 төгрөгөөр тооцоход 502 хайрцаг цаасны тооцоог хаасан байна. Үлдэгдэл 500 хайрцаг цаасыг мөн адил хий бичилт хийж явсаар байгаад 2018 оны 03 дугаар сард өөрийн танил Гэрэл /99252677/ гэгчээс 21,000,000 сая төгрөгийг зээлж бэлнээр авсан. Тэгээд би дээр зээлсэн мөнгөнөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Шидэт өнгө” ХХК-ний нэрээр Хаан банкин дээрээс “...” ХХК-ний 5173008245 данс руу 16,672,500 төгрөгийг шилжүүлж Шидэт өнгө ХХК-ний нэр дээр хий борлуулалт гаргасан байсныгаа хаасан юм. Энэ нь тухайн үеийн ханшаар ойролцоогоор 300 хайрцаг цаасны мөнгийг тушаасан байна. Баримт нь надад эх хувираа байна. Ингэж байгаад 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр миний бие дахин Хаан банкнаас цалингийн зээл дээр нэмж 15,000,000 төгрөг зээлж авч тэр мөнгөө тухайн өдрөө Гэрэлийн хүсэлтээр өрөө төлөхдөө 5040126666 гэсэн данс руу 14,500,000 төгрөг шилжүүлсэн, мөн баримт нь надад байна. Дээрх өрнүүдийг дарах гэж би 2 удаа цалингийн зээл авсан байна. 2015 оны 01 дүгээр сараас эхэлж дутаж ирсэн гээд хагас жилээр нийт дутсан цаас гээд над дээр цаасны өрийг бичиж өдөр тутмын тооцооны хуудас нүүр тайланг нь засаж бичсэн. Энэ талаар нягтлан Байгалмаа өөрөө мэдэж байгаа. Цаасаар үзүүлэх баримт одоогоор алга байна. Нягтлан Байгалмаа нь 2018 онд ... дотроо өөр салбар дээр 2 cap ажлаад гарсан. ...Би бас Байгалмааг буцаж ажилд орох үед нь таарч ах нь одоо болтол дээрх цаасны чинь учрыг олж чадаагүй явж байна гэдгээ хэлсэн. Тэгтэл болохгүй бол хоёулаа сууж үзье гэсэн. Миний бие дутагдал гарч байна гэдгээ 2015 оноос хойш мэдэж байсан. 2019 оны 07 дугаар сарын 24-нийг хүртэл тооллого шалгалтыг аргалж байсан нь үнэн. Гэтэл хамгийн сүүлийн тооллогоор их хэмжээний цаасны өрөнд орсон. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 59-61 дүгээр хуудас/,

 

18. Т.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

Няравын дэвтрийн өдөр болгоны ачилтын бичилтийг өдөр тутмын тооцооны хуудас дахь бичилттэй тулгахад их зөрүүтэй байсан. ...Ач холбогдолтой бөгөөд бүх юмыг тулгаж үзээд бүгдийг шалгахад миий үүсгэсэн авлага мөн эсэх нь бүгд харагдана. Компаний үйл ажиллагаанд санхүүгийн дүрэм журмаа намайг ажиллаж байх хугацаанд ягштал баримтлан ажилладаг байгаагүй. Дарга удирдлагын өгсөн үүргийг төлөвлөгөө биелүүлэхийн тулд гүйцэтгэдэг байсан. Би цаас мөнгө завшсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 107 дугаар хуудас/,

 

19. “Эс Жи Эм Ди аудит” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4/02 дугаартай  дүгнэлт:

“...Тооцоо нийлсэн актын дагуу авлага 59.562.500 төгрөг, эдгээрийг нэгтгэн дүгнэвэл компанид нийт 496.586.900 /437.024.400+59.562.500/ төгрөгний хохирол учруулсан болохыг тогтоов. Үүнээс цаасны дутагдлаас хасагдан харилцагч руу борлуулалт бичигдсэн дүн 107.818.100 төгрөг, тооцоо нийлсэн актын дагуу Т.О-т өглөг үүсгэсэн дүн 28.255.950 төгрөг, Т.О-аас харилцах дансанд тушаасан мөнгө 7 сая төгрөг, үнийн зөрүү 3.595.500 төгрөг Т.О-ын тооцооноос хасах тооцооны зөрүү нийт 146.669.550 төгрөгийг хасаад 349.917.350 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоов. Худалдааны төлөөлөгч Т.О-ын тооцоотой нийт 112 харилцагчаас 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 111 харилцагчтай тооцоо нийлсэн, үлдсэн 1 харилцагчтай тооцоо нийлэх ажил хийгдэж байгаа. Одоогоор тооцооны зөрүү үүсэх магадлал өндөр байгаа харилцагч “Өлзийтээл” ХХК-ийн 18.230.000 төгрөгний авлага нь зөвшөөрөгдөхгүй байгаа, тооцоо нийлэх ажил хийгдэж байна. Энэ дүн нь тооцоонд ороогүй болно. ...” /Аудитор Д.Эхбаяр/ гэсэн дүгнэлт /1хх-ийн 63-75 дугаар хуудас/,

 

20. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаартай дүгнэлт:

“...Эс Жи Эм Ди аудит ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн аудиторын дүгнэлт нь дутагдсан бичгийн цаасны тоо хэмжээ нь үндэслэлтэй байна. Т.О- нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 363 боодол бичгийн цаас тоолуулсан байна. 2019 оны 7 дугаар сарын 24-ний тооллого хүртэлх хугацаанд 45.090 боодол цаас няраваас хүлээн авч 333.374 боодол цаас  харилцагч нарт олгосон байна. 2019 оны   7 дугаар сарын 24-ний тооллогоор 224 боодол цаас тоолуулсан байна. Нийт бичгийн цаасны дутагдал 32.445 боодол байна. 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нягтлан бодогч С.Г-, борлуулалтын менежер Н.Билгүүн нар нь худалдааны төлөөлөгч Т.О-ын хариуцаж буй 53-71 УНТ, 69-12 УБЧ улсын дугаар бүхий автомашинуудад гэнэтийн тооллого хийж 43991 боодол бүхий 437.024.400 төгрөгийн цаас дутагдсан болохыг тогтоосон. Гэнэтийн тооллогын дараа Т.О-ын хариуцдаг зүүн бүсийн бүх харилцагчдтай тооцоо нийлсэн байна. Энэхүү тооцоо нийлэлтээр 11.322 боодол цаасны падаан бичигдэж зарлагаас хасагдаагүй байсан тул хасч дутагдлаас 107.818.100 төгрөгийг хасч тооцсон байна.

 

Шинжилгээгээр Зүүн бүсийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Т.О-ын хариуцсан барааны тооцоог хийхдээ 2018 оны 11 дүгээр сарын 29-ний тооллогын актаар тоологдсон барааны үлдэгдлийг эхний үлдэгдлээр тооцсон. Өөрөөр хэлбэл 2018 оны 11 дүгээр сарын 29-нд 363 боодол бичгийн цаас байсан байна. 2019 оны 7 дугаар сарын 25-нийг хүртэлх хугацаанд:

-А4 80 гр-тай бичгийн цаас 320.910 боодлыг хүлээн авч 279.992 боодлыг борлуулж, байвал зохих үлдэгдэл нь 41.281 боодол байсан бол тооллогоор 220 боодол тоологдож 41,061 боодол дутагдсан байна. Үүнээс тооцоо нийлсэн актаар 11.252 боодлыг хасч дутсан нь 29.809 боодол болсон.

-A3 80 граммтай бичгийн цаас 5815 боодлыг хүлээн авч 4720 боодлыг борлуулж байвал зохих үлдэгдэл нь 1095 боодол байсан бол тооллогоор байхгүй 1095 боодол цаас дутагдсан байна. Үүнээс тооцоо нийлсэн актаар 50 боодлыг хасч дутсан нь 1041 боодол болсон байна.

-А4 70 граммтай бичгийн цаас 36175 боодлыг хүлээн авч 34560 боодлыг борлуулж байвал зохих үлдэгдэл нь 1615 боодол байсан бол тооллогоор 4 боодол цаас тоологдож 1611 боодол цаас дутагдсан байна. Үүнээс тооцоо нийлсэн актаар 20 боодлыг хасч дутсан нь 1041 боодол болсон байна.

-A3 70 граммтай бичгийн цаас 2780 боодлыг хүлээн авч 2780 боодлыг борлуулж байвал зохих үлдэгдэлгүй өөрөөр хэлбэл тооллогоор бичгийн цаас дутаагүй байна.

Худалдан борлуулах зорилготой бичгийн цаас нь дээрх байдлаар дутагдсан байна. ..Бөөний үнэ, жижиглэнгийн үнийн алийг нь үндэслэн хохирол тооцохыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна ...” /шинжээч Д.Мөнхцэцэг/ гэсэн дүгнэлт /1хх-ийн 79-83 дугаар хуудас/,

 

21. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 106 дугаартай дүгнэлт:

 

-шинжилгээнд мөрдөгчөөс ирүүлсэн 1 хавтас баримт, ... ХХК-ийн 10 хавтаст санхүүгийн баримт зэргийг судлан холбогдох хүмүүсээс тайлбар тодруулга авч нэмэлт шинжилгээг хийлээ.

Дүгнэлт: 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нягтлан бодогч С.Г-, борлуулалтын менежер Н.Билгүүн нар нь худалдааны төлөөлөгч Т.О-ын хариуцаж буй 53-71 УНТ, 69-12 УБЧ улсын дугаар бүхий автомашинуудад  тооллого хийж үлдэгдэл баталгаажуулан тооцоо хийхэд нийт 43767 боодол бичгийн цаас дутаж, аудитын байгууллагаар хохирол дутагдлыг тооцуулсан байна.

Эс Жи Эм Ди аудит ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 7-нд 32,639 боодол цаас буюу 329,206,300 төгрөгийн зөрүү тооцсон бол 2019 оны 8 дугаар сарын 28-нд нийт дутагдсан цаасны үнээс шалгалтын хугацаанд тооцоо нийлсэн авлага, өглөг, төлсөн мөнгө үнийн зөрүүг хасч Т.О-аас авах авлагын дүнг 349.917.350 төгрөг буюу цаасны дутагдлыг 35.934 ... гэж тооцсон байна.

 

Шинжилгээ ирүүлсэн баримтаар “...” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 23-нд “Урамшуулалт, худалдан зарлах 25/250 тушаалаар ...2018 оны 1 дүгээр сарын 26-нд Т.О-ын тооцооноос 625.000 ширхэг цаас буюу 1250 боодол цаасыг урамшуулалд олгон хасч тооцсон байна.

-Аудитын дүгнэлтээр болон өмнөх шинжилгээгээр Т.О-ын борлуулалтын тооцоог хийгээгүй тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10.4.3-д заасны дагуу эрх бүхий байгууллагын актаар гаргуулахаар байна.

- Эс Жи Эм Ди аудит ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 4/02 дугаартай дүгнэлт нь өглөг авлагын тооцоо нийлсэн актаар тооцсон байх тул үндэслэлтэй гэж үзэхээр байна. Тооллого хийж, харилцагч нартай тооцоо нийлж тооцоо бодох явцад Т.О- нь 35.740 боодол цаасны дутагдал гаргасан байна. ... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн “Үнэ шинэчлэн батлах“ тухай 25/А16 тоот тушаалаар батлагдсан цаасны үний алийг нь үндэслэн төлбөрийн тооцоо, хохирлын дутагдлыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Т.О-ын дутаасан бичгийн цаасны тооцоог хавсралтаар харуулсан тухай /1хх-ийн 94-97 дугаар хуудас/,

 

            22. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 110 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 120 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-ийн 112 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа /1хх-ийн 114 дугаар хуудас/, Т.О-ын Хаан банкинд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 135-224 дугаар хуудас/,

            -“...” ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний 25/01 дугаартай “Т.О-ыг худалдааны төлөөлөгчөөр томилсон тухай” тушаал /1хх-ийн  226-227 дугаар хуудас/, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ /1хх-ийн 233-235 дугаар хуудас/, Бүс хариуцсан худалдааны төлөөлөгчийн ажлын байрын тодорхойлолт -2014 оны 10 дугаар сарын 01/, /2хх-ийн 36-37 дугаар хуудас/ болон бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Т.О- нь “...” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд “Дабл А” бичгийн цааснаас 35.740 боодол цаас дутагдуулж, 349.917.350 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр би өөрөө гэнэтийн тооллогын тушаал гаргаж комисс тооллого хийсэн. Тооллогоор худалдааны төлөөлөгч Т.О-тай холбоотой ...бичгийн цаасны үлдэгдэл үүссэн байсан. Т.О-аас тухайн өдөртөө бичгээр тайлбар авахад дутагдал үүссэн байгааг хүлээн зөвшөөрсөн утгатай тайлбар өгсөн. ... Т.О-т бичгийн цаас олгохдоо нярав гарын үсэг зуруулж хүлээлгэн өгсөн баримт байгаа. Тэгээд харилцагч нар цаас хүлээн авсан баримтуудыг тооцож нийт цаасны хэмжээнээс хасаад дээрх зөрүүг Т.О- дутаасан байна гэж үзэж байна....” гэх мэдүүлэг /1хх-ийн 23-24 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлгүүд /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Гэрч Р.Б-/Ерөнхий нягтлан/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.О- ...Дабл А бичгийн цаасны дутагдал гаргасан нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн гэнэтийн тооллогоор илэрсэн. ...яагаад дутагдал гаргасан талаар асуухад харилцагч нарт падаан бичиг өгөлгүй тараасан гэсэн. ...Т.О-ын хувьд өдөр бүр тайланг өгч байсан боловч барааны үлдэгдэлд тооллого хийхэд бодитоор байхгүй дутагдал гарсан. Бараа нь байхгүй мөртлөө машинд байгаа мэтээр тайланг бидэнд өгч байсан. Ямар нэг хөтөлсөн дэвтэр байхгүй гээд байгаа. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 25-26 дугаар хуудас/,

            -Гэрч Т.С- /хуулийн зөвлөх/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.О-ыг ...цаас дутагдуулсан байна гэсний дагуу шалгахад 224 боодол цаас биетээр байсан гэсэн бөгөөд 43.767 боодол цаас дутсан. ...хохирлын тооцоог гаргахдаа Т.О-ын агуулахаас цаас авсан баримтуудыг тооцож нийт авсан цаасны хэмжээг тогтоосон....” гэх мэдүүлэг /1хх-ийн 27 дугаар хуудас/,

            -Гэрч С.Г- /тооцооны нягтлан бодогч/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн            “...2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаа авахад Т.О-ын тайланд машины үлдэгдэл их, машинд багтахааргүй байсан тул удирдлагуудад мэдэгдэж 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэнэтийн тооллого оруулсан. ...2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд цаас дутаасан байна. ...Үлдэгдэл ихтэй байсан учраас хэлж шалгалт оруулсан.....” гэх мэдүүлэг /1хх-ийн 28 дугаар хуудас/,

-Гэрч Н.Б- /ерөнхий нягтлан бодогч/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэнэтийн тооллого хийсэн. ...2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр машины үлдэгдэлд тооллого хийсэн байсан. ...үүнээс хойш буюу 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд цаас дутаасан. Т.О- нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл машины үлдэгдлийг их байгаа мэтээр тайлан өгсөн. ...Т.О-ын хувьд хувийн дансаар болон бэлнээр авч байсан тохиолдол гарч байсан, ингэж авах ёсгүй.... “ гэх мэдүүлэг /1хх-ийн 29 дүгээр хуудас/,

            -Гэрч Б.У- /Борлуулалтын үйлчилгээний хэлтсийн дарга/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны хавар Т.О-аас 6.270.000 төгрөгийг түр хугацаагаар зээлсэн. ...7 дугаар сарын дундуур байх мөнгөө бэлнээр О-т өгсөн. О-аас өөр авлагын асуудал надад байхгүй. ...Надад манай захирал Батбаатар байрны мөнгө гэж 30.000.000 төгрөг олж өг гэж хэлсэн зүйл байхгүй. Би бас О-аас захирал Батбаатарын нэрийг барьж 30.000.000 төгрөг олж өг гэж хэлсэн зүйл байхгүй. ...2019 онд дутаад байгаа мөнгөнөөс нь 30.000.000 төгрөгийг би авч компанид төлсөн зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

- Гэрч Э.Т-ын /нярав/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...борлуулагч О- нь ...цаас авна гэснээр нь тоо ширхэгээр нь өгч зарлагын падаан үйлдэж хүлээлцсэн гарын үсэг харилцан зуралцаж хүлээлцдэг. ...Би агуулахаас гарч байгаа цаасан дээрээ хяналт тавьдаг. О- нь Маяти болон Микроавтобусаар цаасаа авдаг. ...Голдуу хоосон машинд цаасаа ачуулдаг. Хаа нэг машинд нь цаасны үлдэгдэл байдаг юм. Тэгэхээр нь дээр нь шинэ агуулахаас гарч байгаа цаасаа тоо ширхэгээр нь хүлээлгэж өгөөд гаргадаг юм. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 32-33 дугаар хуудас/ болон түүний дахин өгсөн “...Би өөрийнхөө бараа материалыг хянах зорилгоор хувийн хар дэвтэртэй байсан. Миний дэвтрийг дуусах бүрт нь О- ах дэвтрээ өгөөч ачилтаа тулгах гэсэн юм гэж авдаг байсан. Уг дэвтэр нь санхүүгийн баримт болохгүй. ...Т.О-ыг ажиллаж байх хугацаанд хуурамч ачилтууд гэж байхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 34-37 дугаар хуудас/,

-Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Т.О- нь ...Агуулахаас ачсан цаасаа гар бичмэл дээрээ дутуу бичдэг, бараа хүлээж авсан, өгсөн тэмдэглэл үсгээр баталгаажсан баримт болон няравын программаас шивсэн дүнтэй тааруулахад О-ын гар бичмэл нь дутуу бичигдсэн байдаг. Мөн баримтаа хавсаргаагүй, ...программ, О-ын гар тайлан зөрдөг байсан. ...О-тай жилийн, хагас жилийн, гэнэтийн тооллого хийдэг байсан ба, О- дээр цаасны зөрүү гардаг, зөрүү цаасыг асуухаар өнөөдрийн борлуулалт гээд тайлангаа гаргаж өгдөг байсан. Тухайн үед О- нь ачилтаа өөрийнхөө гар тайлан дээр дутуу бичдэг байсныг нь миний зүгээс засуулж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43 дугаар хуудас/,

-Гэрч О.Д- /1хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрч Н.Э- /1хх-ийн 46 дугаар хуудас/, гэрч Г.Тунгалаг /1хх-ийн 47 дугаар хуудас/,  гэрч Ч.Э- /1хх-ийн 50 дугаар хуудас/, гэрч М.Б- /1хх-ийн 52 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

- Хохирогч байгууллагын төлөөлөгч Ш.Г- болон Т.О-ыг гэрчээр оролцуулан тэднийг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /1хх-ийн 56-58 дугаар хуудас/, мөн Т.О-ын гэрчээр өгсөн мэдүүлгүүд /1хх-ийн 53-55, 59-61 дүгээр хуудас/, 

- “Эс Жи Эм Ди аудит” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4/02 дугаартай дүгнэлт /1хх-ийн 63-75 дугаар хуудас/,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаартай дүгнэлт /1хх-ийн 79-83 дугаар хуудас/ болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 106 дугаартай дүгнэлт /1хх-ийн 94-97 дугаар хуудас/, “...” ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний 25/01 дугаартай “Т.О-ыг худалдааны төлөөлөгчөөр томилсон тухай” тушаал /1хх-ийн  226-227 дугаар хуудас/, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ /1хх-ийн 233-235 дугаар хуудас/, Бүс хариуцсан худалдааны төлөөлөгчийн ажлын байрын тодорхойлолт/ /2хх-ийн 36-37 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Түвшинбат нь гэм буруугийн дүгнэлтдээ “шинжээчийн дүгнэлт гаргахдаа няравын хар дэвтэртэй тулгаж хийж өгөөч гэж нотлох баримт шалгуулах хүсэлтийг гаргасныг шийдвэрлээгүй. Няравын дэвтэр эд мөрийн баримт тул тулгаж үзэн санхүүгийн бус хууль зүйн дүгнэлт хийж үйл баримтыг бодитойгоор тогтоож өгнө үү. Агуулахад бодитойгоор үлдсэн цаасыг тоолоогүй байх тул энэ тоог гаргах шаардлагатай байгаа энэ тоог мөрдөн байцаалтаар хийх ёстой. Агуулахын үлдэгдэл тоолоогүй байгаа нь бодитойгоор борлуулалтад гарсан тоо цаасны тоо гараагүй байна. Мөн байгууллагаас завшсан гэх цаасны үнэ буюу мөнгийг хэрхэн юунд зарцуулсан байдлыг тогтоогоогүй байх тул хэрэгт цугларсан баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл гэрч М.Байгалмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Аудитын байгууллага дүгнэлт гаргахдаа агуулахад байгаа цаасыг тоолсон. Агуулахын тооллого сар бүр хийгддэг.” гэж мэдүүлсэн, ба аудитын дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Т.О-ын байгууллагад дутаасан бичгийн цаасны тооцоог гаргахдаа санхүүгийн анхан шатны баримтаас гадна байгууллагын агуулахад байгаа цаасны үлдэгдлийг тулгаж, шинжээчийн дүгнэлтийг гаргасан, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан эдийн засгийн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл баримтаар тогтоогдоогүй.

Мөн няравын хар дэвтэр гэх баримт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан анхан шатны баримтад хамаарахгүй тул дэвтрээр санхүүгийн дүгнэлт гаргах боломжгүй юм. Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Түүнчлэн шүүгдэгч Т.О- нь байгууллагаас хүлээн авч борлуулсан цаасны төлбөрт шилжин ирсэн мөнгөний талаар мэдүүлэхдээ “...У- 2018 оны 4-5 сарын хооронд Батбаатар захирлын байрны урьдчилгаанд 30 сая төгрөг хэрэгтэй байна, ямар ч хамаагүй аргаар хурдан мөнгө олж ир гээд би “Соёл” дэлгүүрээс бага багаар өгнө, надад яаралтай мөнгө гаргаад өгөөч гэж хэлээд зээлсэн. Зээлсэн мөнгөө У-т өгсөн гэсэн”. “гэж мэдүүлэх боловч хууль сануулж авсан гэрч Б.У- өгсөн мэдүүлэгтээ “...О-т зээлсэн мөнгийг буцаан шилжүүлсэн, ...авлагын асуудал байхгүй. Мөн надад манай захирал Батбаатар байрны мөнгө гэж 30.000.000 төгрөг олж өг гэж хэлсэн зүйл байхгүй. Би бас О-аас захирал Батбаатарын нэрийг барьж 30.000.000 төгрөг олж өг гэж хэлсэн зүйл байхгүй....” гэж мэдүүлсэн /1хх 30-31/ ба, энэхүү мэдүүлгээр шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Хууль зүйн хувьд итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж байгууллагын өмчийг хариуцахаар үүрэг хүлээсэн эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ийнхүү үүрэг хүлээсэн этгээд нь итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулах, хууль бусаар бусдад шилжүүлэх, өөрийн өмчийн адил захиран зарцуулах, хувийн хэрэгцээндээ хэрэглэх, өрөнд шилжүүлэх зэрэг үйлдлийг завших гэж ойлгоно.

Шүүгдэгч Т.О- нь “...” ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан үеэс байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд байх боловч байгууллагын агуулахаас хүлээн авсан эд хөрөнгийг борлуулсан хөрөнгийн төлбөр тооцоог тухай бүр байгууллагатай бүрэн хийдэггүй, эд хөрөнгө борлуулсан орлогыг бусдад зээлүүлэх, өөрийн өр төлбөрийг төлөх, хувийн хэрэгцээндээ зарцуулах зэргээр өөрийн үзэмжээр дураараа аашлан зарцуулж, гэм буруугийн шууд санаатай үйлдлээр, амар хялбар аргаар мөнгө олж, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах байдлаар шунахай сэдэлттэй бусдын эд хөрөнгийг завшиж хохирол учруулсан болох нь тогтоогджээ. 

Нөгөө талаас тус гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь ажил олгогч “...” ХХК нь ажлын байрны тодорхойлолт, гэрээ хэлцлийн дагуу ажилтантай бараа бүтээгдэхүүний тооцоог тухай бүр хийдэггүй,  цаасны дутагдлын зөрүүг илрүүлсэн боловч тухай бүртээ арга хэмжээ авч, хариуцлага тооцоогүй, хайхрамжгүй, хариуцлагагүй, хяналт сул байдал нь нөлөөлсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш  хэмжээг” ойлгохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл 50.000.000 төгрөгөөс дээш хэмжээг ойлгох ба шүүгдэгч Т.О- нь бусдад 349.917.350  төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Т.О- нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлджээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.О-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилжээ.

Тус гэмт хэргийн улмаас “...” ХХК-нд 349.917.350 төгрөгийн хохирол учирсан ба, шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон, дээрх хохирлын төлбөрийг гаргуулах тухай шүүхийн шийдвэрийг танилцуулсаны дараа шүүгдэгч нь хохирол нөхөн төлөх үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлуулсан боловч тус хугацаанд хохирлыг нөхөн төлөөгүй байна.

Иймд шүүгдэгч Т.О-аас 349.917.350 төгрөгийг гаргуулж хохирогч “...” ХХК-нд олгохоор тогтоолд зааж шийдвэрлэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагаас шүүгдэгч Т.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Түвшинбатаас “...Т.О- нь хувийн байдлын хувьд бага насны хүүхэдтэй, өөрөө ажил эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэр бүлийн хүн нь ажил эрхэлдэггүй бөгөөд түүний “...” ХХК-нд 10 жил ажилласан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг  харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэсэн тус тус дүгнэлтийг гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Т.О- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн  хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Түвшинбатаас “Т.О- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзнэ үү.” гэсэн дүгнэлт гаргасан ба, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд тодорхой хугацаанд үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг тохиолдлын шинжтэй гэж үзэхгүй юм.

 

Иймд шүүгдэгч Т.О-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ”гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Т.О-ыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.О-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-аас 349.917.350 /гурван зуун дөчин есөн сая есөн зуун арван долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч “...” ХХК-нд олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Т.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН