Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 56

 

Х.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00067/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа,  С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 172 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Х.Э-ийн  нэхэмжлэлтэй,

           Хариуцагч  С.О-т  холбогдох

“гэм хорын хохирол 1.869.500 төгрөг гаргуулах” иргэний хэргийг  

           Хариуцагч С.О-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Э-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга нараас:

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг 361 дүгээр гарамны хойд Рашаантын замд 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн үед жолооч Ц.Төмөрбаатар нь С.О-ын эзэмшлийн Киа Бонго маркийн 61-72 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад хос тросс нь тасарч автомашины цахилгаантай авцалдаж цахилгааны утаснууд нь шатсанаас зам дээр зогссоноос жолооч Г.Энхтайван нь Хьюндай Верна маркийн 95-71 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад мөргөлдсөн осол болсон. Тээврийн прокурорын газраас 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1789 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гаргасан. Тогтоолд Г.Энхтайваны барьж явсан Хьюндай Верна маркийн 95-71 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.540.000 төгрөгийн шууд, нийт 1.869.500 төгрөгийн эвдрэл хохирол учирсан нь үнэлгээгээр нотлогдсон. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх заалтыг тус тус үндэслэн С.О-аас 1.869.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.О-аас:

Би тэр өдөр жолоочтойгоо хамт явж байсан. Гэрэл шатсан учир гэрлээ янзлахын тулд Рашаантын зам хашлага байхгүй нарийхан байсан учир аль болох замынхаа хажуу талруу шахаж зогсоогоод 2 запас дугуйгаа тайлаад машинаасаа 10 метрийн зайтай тавьсан байсан, мөн ард нь цацруулагч наасан байсан. Би хажуугаар явж байсан машиныг зогсоогоод шатсан утсыг нь лентээр орооё гэж бодоод лент асуугаад зогсож байхад Рашаантын зүгээс нэг тээврийн хэрэгсэл ирж байхаар нь би гэрэл тусгаад өөдөөс нь алхтал маш хурдтай явж байсан зогсох шинжгүй байхаар нь би согтуу жолооч байна гэж бодоод холдоход машины ард тавьсан 2 дугуйг дайрч цаана байсан машиныг мөргөсөн. Цагдаа нар ослын А цэгийг тодорхойлоод тухайн машиныг жолоодож явсан Г.Энхтайваныг ямар ч буруугүй гэсэн дүгнэлт гаргасанд гайхаж байна. Дугуйг мөргөхөд жолооч самбаачлах хугацаа гаргаад тэр машиныг мөргөхгүй байх боломж байсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байсан учир бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу ирүүлсэнд гайхаж байна. Яг ийм зүйлээс болж осол гарсан гэдгийг тогтоож чадаагүй, энэ осол бол хэн алиных нь буруугаас болж гарсан. Тэр жолооч өөрөө аюулгүй байдлаа хангаж яваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 172 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4., 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.О-аас 920.000 төгрөг гаргуулж Х.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 949.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44862 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 26.630 төгрөг гаргуулж Х.Э-т олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагч С.О- давж заалдсан гомдолдоо:

Г.Энхтайван нь замын баруун тал руу шахаж зогссон автомашиныг араас нь мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг ослын улмаас  манай жолооч Ц.Төмөрбаатар нь аарцагны яс цуурч хүнд гэмтэл авч цаашид хөдөлмөрлөх чадваргүй болсон. Машинд 500.000 төгрөгийн хохирол учирсан. Ослын А цэгийг тодорхойлох мөн дүгнэлт гаргахдаа хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үздэг. Учир нь жолооч Ц.Төмөрбаатар эвдэрсэн машины ард 10-13 метрийн зайд 2 дугуй давхарлан тавьсан.  Арын порчиконд 20 см х 80 см харьцаатай цацруулагч наасан байсан. Өөдөөс гар чийдэн асааж дохиод байхад хурдаа ч хасахгүй шууд мөргөсөн. Саадыг тойрох ямар ч үйлдэл хийгээгүй тормосны зам огт байгаагүй. Замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүйн байдал хангаж самбаачлах хугацаа байхад ямар ч үйлдэл хийгээгүй.

Ийм нөхцөл байдал байхад Г.Энхтайваныг ямар ч буруугүй гэсэн дүгнэлт  гаргасныг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж осол гаргасан шалтгаан нөхцөлийг зөвөөр шийдвэрлүүлж өгөхийг хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч С.О-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээх нь  зүйтэй.

Шүүх зохигчдын дунд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Иргэний  хуулийн холбогдох заалтыг  зөв тайлбарлан хэрэглэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргажээ

Нэхэмжлэгч  Х.Э-  өөрийн эзэмшлийн  Хьюндай  Верна  маркийн  автомашинд  учирсан гэм  хорын  1.869.000 төгрөгийн хохирлыг  хариуцагч  С.О-аас  гаргуулахаар  шаардсаныг,  хариуцагч эс зөвшөөрч  маргасан байна.

2015 оны 05 дугаар сарын 08-ны  орой  23 цагийн үед  Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны  нутаг 361-ын  гарамын  хойд Рашаантын замд жолооч  Ц.Төмөрбаатар нь С.О-ын эзэмшлийн  Киа Бонго маркийн 61-72 ДАР улсын дугаартай  тээврийн хэрэгслийг  жолоодон явж байхад   машины  хос тросс тасарч машины  цахилгаантай  авцалдаж, цахилгааны утаснууд  шатсанаас  зам дээр  зогссон  ба  Г.Энхтайван нь Х.Э-ийн эзэмшлийн Хьюндай Верна  маркийн  95-71 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг  жолоодон  явж  байгаад  Киа Бонго машины  араас  мөргөж  зам тээврийн  осол  гаргасан үйл баримт тогтоогджээ.

Дээрх зам тээврийн ослыг   Улаанбаатар хотын  Цагдаагийн газрын Гэмт  хэрэгтэй тэмцэх  газрын  Зам тээврийн гэмт хэрэг   мөрдөн шалгах  хэлтэс,  Тээврийн  прокурорын газар  шалгаж, 61-72 ДАР улсын дугаартай автомашины   жолооч  Ц.Төмөрбаатарыг   Монгол улсын Замын хөдөлгөөний  дүрмийн  2 дугаар хавсралтын  6.10,  6.3,  11.1-д  заасныг тус тус  зөрчсөн буруутай  гэж тогтоосон байна.

Нэхэмжлэгч  Х.Э- тээврийн хэрэгслийн ашиглалтаас  үүссэн  гэм хорыг  арилгуулахаар  тээврийн хэрэгслийн эзэмшигч  С.О-аас  шаардсан нь  Иргэний хуулийн  499 дүгээр зүйлийн  499.1-д нийцсэн, тээврийн хэрэгслийн эзэмшигч хуульд зааснаар  “бусдын эд юмс  эвдэрч, гэмтсэн бол” учирсан гэм хорыг нөхөн төлөх  үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч  Хьюндай Верна  маркийн  автомашины эзэмшигч  нь эд анги  гэмтсэн  хохирлыг даатгалын “Вендо”  компанийн  үнэлгээг үндэслэж  1.869.000 төгрөгийг шаардсан.

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны  08 дугаар сарын 23-ны өдрийн  462 тоот  дүгнэлтэд:

Зам  тээврийн  осолд  Киа Вонго маркийн 61-72 ДАР дугаартай  тээврийн хэрэгслийн жолооч  Ц.Төмөрбаатар нь  Монгол улсын замын хөдөлгөөний  дүрмийн  11.1-д  заасан  “Жолооч  тээврийн хэрэгслийг  замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд  шахаж, хашлагагүй замд  зорчих хэсгийг чөлөөлж зогсооно.”  Мөн дүрмийн   6.3-т  заасан  “Ослын  зогсолтын тэмдгийг  бусад жолооч нарт  аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор  тээврийн хэрэгслээс  суурин газарт  15 метрээс багагүй зайд байрлуулна.  Ослын зогсолтын тэмдгийг  дараах тохиолдолд  хэрэглэнэ: ...в\харанхуй  буюу  үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт  оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй \ эсвэл байхгүй\ тээврийн хэрэгслийг зогсоосон үед ... гэсэн заалтуудыг  зөрчсөн байх  үндэслэлтэй байна гэжээ.

Үүнээс  үзвэл  хариуцагч  С.О-ын  тайлбарт   дурдсан  “жолооч Г.Энхтайван   машиныг  зогсоох арга хэмжээ аваагүй, аюулгүй байдлаа хангаж яваагүй, түүнийг ямар ч буруугүй гэсэн  дүгнэлт  гаргасан”  гэсэн  татгалзал   нотлогдоогүй  байна. 

            Хариуцагч  С.О-ын гэм буруу  хэрэгт авагдсан нотлох баримтаар  бүрэн  тогтоогдсон учир   нэхэмжлэгч  Х.Э-ийн  эд хөрөнгөд  учирсан хохирлыг  “Капитал зууч”  ХХК-ийн  үнэлгээ  буюу 1.320.000 төгрөгөөс  гаргуулах  шаардлагагүй зардлыг хасаж  920.000 төгрөгийн төлбөр  гаргуулсан нь  Иргэний хуулийн  510 дугаар зүйлийн 510.1  дэх хэсэгт  нийцсэн гэж үзэв.

Иймд  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй  орхих нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч С.О-ын  гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 172 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  хариуцагчийн  улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 26.750 төгрөгийг төрийн сангийн  орлогод  хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                           ДАРГАЛАГЧ

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            О.НАРАНГЭРЭЛ            

                                                          ШҮҮГЧИД                                            Л.АМАРСАНАА

                                                                                                                       С.ЭНХЖАРГАЛ