Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01565

 

“Х А С”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00758 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1342 дугаар магадлалтай,

“Х А С”ХХК-ний нэхэмжлэлтэй

“Ш О”ХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32 484 273 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Ц.Загдсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш О”ХК нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн цистернээр хүргэж өгөх 32 тоот шатахуун худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл буюу 1 жилийн хугацаатай, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн вагоноор хүргэж өгөх ШО-16-130 тоот шатахуун худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар тус тус байгуулж шатахууны хэмжээ үнэ, төлбөр хийх хугацааг тухай бүр урьдчилан хавсралт гэрээгээр тохирч байхаар гэрээнд заасан. 32 тоот гэрээний дагуу 3 цистерн буюу 76.655 литр 118 815 250 төгрөгийн үнэ бүхий дизелийн түлш авсан бөгөөд гэрээний хавсралт 1-д заасны дагуу эхний 50% төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны дотор үлдсэн 50% төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны дотор төлөх байтал 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 100 000 000 төгрөг төлөгдөж үлдэгдэл 18 815 250 төгрөг, гэрээнд заасан алдангийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 300 хоногийн хугацаагаар тооцоход алдангид 5 644 575 төгрөг болж байна. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ШО-16-130 тоот гэрээг байгуулж мөн сарын 11, 20-ны өдрүүдэд 2 вагон буюу 148.016 литр 229 424 800 төгрөгийн шатахууныг худалдаж авсан. Энэ гэрээний хавсралт 1-д зааснаар 2016 оны 12 дугаар сарын 09-ний дотор эхний 50% төлбөрийг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны дотор үлдэх 50% төлбөрөө төлөх байтал 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 223 081 363 төгрөг төлөгдөж үлдэгдэл 6 343 437 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээнд заасан алдангийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 265 хоногийн хугацаагаар тооцоход алдангид 1 681 011 төгрөг болж байна. Энэ талаар бид хариуцагч “Ш О”ХК-нд албан бичиг хүргүүлж байсан, төлбөрийн нэхэмжлэхүүд явуулж байсан. Хоёр гэрээндээ зарлагын баримтаар дизель түлшийг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байдаг. Харин хариуцагч тал сүүлийн нийлүүлсэн дизель түлшийг өөрсдөө хүлээн авахдаа хэмжилт хийж 3203 литр дутсан гэдэг, үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй, энэ талаар тухайн үедээ бидэнд огт мэдэгдээгүй, шүүхэд өгсний дараа ийм асуудал ярьдаг. Хэрэв дизель түлш дутуу байсан бол хариуцагч нь илүүг нь буцаах ёстой байсан. Иймд 2 гэрээний үүрэгт түлшний үнэ 25 158 687 төгрөг, алданги 7 325 586 төгрөг, бүгд 32 484 273 төгрөгийг хариуцагч “Ш О”ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2016 оны 11дүгээр сарын 22-ны өдрийн цистернээр хүргэж өгөх 32 тоот шатахуун худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн вагоноор хүргэж өгөх ШО-16-130 тоот шатахуун худалдах, худалдан авах гэрээг 2017 оын 12дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар тус тус байгуулж шатахууны хэмжээ үнэ, төлбөр хийх хугацааг тухай бүр урьдчилан хавсралт гэрээгээр тохирч байхаар гэрээнд заасан. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 32 тоот гэрээний дагуу 21-22-ны өдрүүдэд 3 цистерн буюу 76.655 литр 118 815 250 төгрөгийн дизелийн түлш авсан бөгөөд эхний гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж дууссан. Тийм учраас дутуу төлөлттэй гэж үзэн алданги нэхсэнийг зөвшөөрөхгүй. Харин хоёр дахь гэрээний дагуу нэхэмжлэгч манайд 142.500 литр дизел түлш нийлүүлэх байтал 144.813 литр түлш илүү нийлүүлсэн. Бидэнд хэрэгцээ шаардлага байсан учир буцаах шаардлагагүй гэж үзэж хүлээж авсан. Хэдийгээр гэрээнд зарлагын баримтыг үндэслэж хүлээн авсан байдлыг тодорхойлно гэж тохиролцсон боловч бид дизель түлшийг хүлээлцдэг байсан. Харин хүлээн авах үедээ өөрсдөө хэмжилт хийхэд зөрүү гарч 3203 литр түлш дутаж байгаа юм. Өөрөөр хэлбэл гэрээнд зааснаас илүүг нийлүүлсэн боловч бодит байдал дээр дутсан. Энэ төлбөрийг бид төлөх ёсгүй. Ингээд асуудал үүссэн учир өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй удсан. Энэ талаар бид тухайн үедээ ”Х А С”ХХК-нд мэдэгдэж байсан. Урьд нь шатахууныг нэхэмжлэгч талаас хүн хүлээлгэж өгдөг байсан бөгөөд хоргодлыг нь тооцож хасдаг байсан. Вагон өртөөн дээр бүтэн 1 өдөр хоносон учир хоргодол үүссэн. Өөрөөр хэлбэл бид Иргэний хуулийн 236.5, 216.1-д заасан дарааллын дагуу эхний гэрээний үүргийг биелүүлсэн. Энэ хугацаанд хоёр байгууллага огт тооцоо нийлсэн зүйл байхгүй. Манай компани нэхэмжлэгчээс 343 275 400 төгрөгийн шатахуун худалдан авч 323 081 363 төгрөг төлсөн. Үлдэгдэл нь 20 194 037 төгрөг болно. Үүнээс НӨАТ-ын 1 844 275 төгрөгийг хасаж 18 349 762 төгрөг болж байгаа. Хоёр дахь гэрээний хувьд бид энэ мөнгийг л төлнө. Үүнээс гэрээнд зааснаас илүү нийлүүлсэн хэсэгт нь бид алданги төлөх хууль зүйн үүрэггүй. Учир нь энэ илүү нийлүүлэлтийн хувьд бичгийн гэрээ байгуулагдаагүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00758 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Шивээ-ОвооТӨХК-иас 30 084 370 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х А С”ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 399 903 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ”Х А С”ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 320,372 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Ш О”ТӨХК-иас 308 372 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х А С”ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1342 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00758 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 202 704 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, харин хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэт нэг талыг барьсан, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. 1.Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар: Давж заалдах шатны шүүх хянавал хэсэгтээ “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ” гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Манай “Ш О” Хувьцаат компани нь Төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд уул уурхайн нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулж Төрийн өмчит Дулааны 4 дүгээр цахилгаан станц, Налайх, Амгалан дулааны станцууд болон төвийн болон говийн бүсийн аймгуудыг нүүрсээр хангаж, хоногийн 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулж хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн ажилладаг байгууллага юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгоод байгаа талуудын хооронд байгуулагдсан, хавтаст хэрэгт авагдсан 2016.11.22-ны өдрийн болон 2016.12.09-ний өдрийн “Шатахуун зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ”-г байгуулах, түүнтэй холбогдсон харилцаа нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” Монгол улсын хуулиар зохицуулагдахаар байна. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь захиалагч байхаар зохицуулсан байх ба мөн хуулийн 1.1, 3.1-т зааснаар үзэхэд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад тухайн хуулийг мөрдөхөөр зохицуулсан байна. Түүнчлэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 заасанчлан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар зохицуулсан байх бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлд гэрээг хүчин төгөлдөр бус байх нөхцлийг тодорхой заасан байна. Гэтэл талууд гэрээ байгуулахдаа тендер шалгаруулалт зарлалгүйгээр шууд гэрээ байгуулсан явдал нь Монгол улсын дээрх хуулийн заалтыг зөрчсөн байх тул талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан “хууль зөрчсөн....хэлцэл”-д хамаарах бөгөөд хүчин төгөлдөр бус байна. ИХ-ийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус гэрээ нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 ба 56.3-т заасан талуудын хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр гэж үзэх нөхцөлд хамаарахгүй бөгөөд хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус юм. Хууль тогтоогч хүчин төгөлдөр бус байх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т тодорхой зааж, хуулиар тогтоосоор байтал анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү хуулийг хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.7, 8 дугаар зүйлийн 8.1, ИХШХШТХуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.2, 10 дугаар зүйлийн 10.1, 10.7, 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4-т заасантай нийцэхгүй байна гэж үзэж байна. Монгол улсын Дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бичмэл нотлох баримт ба эд мөрийн баримт" гэх зөвлөмжийн 1 а-д зааснаар гэрээ, хэлцэл нь бичгийн нотлох баримтад хамаарах ба шүүхэд хянагдаж буй маргааныг шийдвэрлэх үндэслэл болж байдгаараа нотолгооны хэрэгсэл болдог байна. Түүнчлэн Монгол Улсын Дээд Шүүхийн 2008.10.10-ны өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагаа”-ны талаарх зөвлөмжид “...Нотлох баримт үнэлэх ажиллагаа гэж эрх зүйн маргааны оролцогч талуудаас шүүхэд гаргасан баримтын тухайн асуудалд хамааралтай, хуулиар зөвшөөрөгдсөн ...байдлуудыг тус тус тодорхойлох, үүний үндсэн дээр оновчтой дүгнэлт хийхэд чиглэгдсэн, логик зүй тогтоолд үндэслэгдсэн шүүгчийн оюун санааны үйл ажиллагаа юм...” гэж тодорхойлсон байх бөгөөд 1.1-д “шүүх аливаа этгээдийн гаргаж ирсэн баримтад эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдах ноцтой үр дагаварт хүргэдэг “ ...шүүх талуудын гаргаж өгсөн аливаа тайлбар, үндэслэл, нотлох баримтад эргэлзэх эрхтэй, тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст өөрийн шийдлийг гаргах үүрэгтэй байх явдал юм”, 1.2-т “Нотлох баримтыг тал бүрээс нь үнэлнэ гэдэг нь хэргийн оролцогч хэн алины гаргаж буй үндэслэл, баримтыг анхаарах, нотлох баримтыг аль нэг талын байр сууриас биш, харин маргааныг таслах хөндлөнгийн байр сууриас судалж, үнэлэхийг хэлж байгаа болно... “Нөгөө талаас... нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлнэ гэсэн үг юм”..., Долоо. Зарим төрлийн хэрэгт нотлох баримтыг үнэлэх онцлог- гэсэн хэсгийн “Гэрээний эрх зүйн маргаан” хэсэгт ...2. Гэрээний эрх зүйн харилцаанд гэрээ хамгийн гол бичмэл нотлох баримт болох тул хэрэгт нотлох баримтаар авагдаж буй гэрээг үнэлэх ажиллагаанд онцгой анхаарах нь чухал. Гэрээг зөв үнэлэх нь гэрээг зөв тайлбарлах үндэслэл болно” гэж тус тус тодорхой дурдсан байна. Нөгөө талаас хэргийн зохигч өөрийн шаардлага буюу татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгон тайлбарлаж байж болох боловч тухайн хэрэг маргааныг шийдвэрлэж буй шүүх уг маргааныг хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэрлэх үүрэгтэй билээ. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаас үзэхэд иргэн, хуулийн этгээд хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл /жишээ нь: хар тамхи худалдах, худалдан авах гэрээ/ хийчихээд, тухайн хэлцлийг хууль зөрчсөн эсэх талаар талууд шүүхэд маргаагүй мэтгэлцээгүй тохиолдолд тухайн хэлцлээс хүчин төгөлдөр хэлцлийн хууль зүйн үр дагавар үүсч болох мэтээр нийгэмд сөрөг үр дагавар бий болгосон, шүүхийн буруу практик тогтоосон шийдвэр, магадлал гаргасан байна гэж үзэж байна. Үүгээр Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн “хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, ...үндэслэл болохгүй” гэсэн зарчмын заалттай зөрчилдөж байна. 2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: 2.1 Давж заалдах шатны шүүх өөрийн гаргасан магадлалд хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд дурдсан гэрээ хүчин төгөлдөр бус, анхан шатны шүүх тухайн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар огт дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлийг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа огт дурдаагүй байхаас гадна тухайн үндэслэл /гэрээ хүчин төгөлдөр бус талаарх/-д дүгнэлт хийлгүйгээр магадлалыг гаргасан нь ИХШХШТХуулийн 118 дугаар зүйлийн 118.4 “ Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана”, 166 дугаар зүйлийн 166.4 “...шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ”, 167 дугаар зүйлийн 167.2 “...давж заалдах гомдлын үндэслэл...ийг тус тус тусгана” гэсэн заалтыг зөрчсөн. 2.2 Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ “...Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх.... хүлээн авахаас татгалзахдаа шүүх хуралдаанаас өмнө гаргах боломжтой байсан, шүүх хуралдаан дээр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.... 5 сар гаруй хугацаанд хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой байсан боловч гаргаагүй байна... Хариуцагч нь нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм” гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ. А. Давж заалдах шатны шүүх уг дүгнэлтийг хийхдээ чухам хуулийн ямар заалтад нийцсэн эсэх талаар тодорхой дурдаагүй нь үндэслэлгүй дүгнэлтийг хийснийг харуулж байна. Б. ИХШХШТХуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч нь...сөрөг нэхэмжлэл... гаргах эрхтэй” гэж тодорхой заасан ба мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах эрхээ эдлэх хугацааг "...хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө...” гэж тодорхой заасан байх ба хариуцагч талаас хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө сөрөг нэхэмжлэлийг хуульд заасан бүрдүүлбэр болон бусад шаардлагыг ханган гаргасан байдаг. Түүнчлэн ИХШХШТХуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “ Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж тодорхой заасан байна. Уг заалтад “шийдвэрлэж болно” гэж заалгүй “шийдвэрлэнэ” гэснээс үзэхэд хууль тогтоогч хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдож байгаа тохиолдолд шүүх заавал шийдвэрлэх ёстой гэсэн агуулгыг тусгасан байх ба харин тус шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохооргүй тохиолдолд үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэх эсэхийг шийдвэрлэх эрхийг шүүхэд олгосон байна. Гэтэл давж заалдах шатны шүүх “...5 сар гаруй хугацаа, хүндэтгэн үзэх шалтгаан, нэхэмжлэл гаргахад шүүхийн шийдвэр саад болох эсэх” гэсэн хууль бус, үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хариуцагчийн эрхийг ноцтой зөрчиж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т заасан мэтгэлцэх зарчмыг алдагдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Иймд дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж 11 734 608 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Х А С”ХХК нь хариуцагч “Ш О”ХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32 484 273 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч 18 349 762 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, дутсан 3203 литр түлшний үнэ, алдангийг төлөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 30 084 370 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа “...худалдах-худалдан авах гэрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байхад шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, 3203 литр түлш дутсан баримт хэрэгт байхад шүүх бодитой дүгнэж чадаагүй, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүхийн ажиллагаа хууль зөрчсөн болохыг анхаарч, 11 734 608 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэл тогтоогдоогүй тул хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигч талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 22, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна. “Ш О”ХК нь төрийн өмчит хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол, энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн бол худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ гэж заажээ. Тус хуулийн 27 дугаар зүйлд тендерийг хянан үзэх, 28 дугаар зүйлд тендерийг үнэлэх, 29 дүгээр зүйлд гэрээ байгуулах эрх олгох журмыг тус тус зохицуулсан байх ба “Ш О”ХК нь шатахуун худалдах авахдаа тендер зарлаагүйгээс гадна Засгийн газраас тогтоосон шууд худалдан авч болох бараа, ажил үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаарыг зөрчсөн гэх байдлыг нотлоогүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна. Хариуцагч нь анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад энэ талаар маргаагүй боловч гэрээ хүчин төгөлдөр эсэхийг шүүх дүгнэх учиртай.

Зохигчдын байгуулсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний талууд үүргээ харилцан биелүүлэх ёстой байна. Хариуцагч үүргээ зохих ёсоор, хугацаандаа биелүүлээгүй тул гэрээний 11.4-д зааснаар алданги төлөх үүрэг үүсчээ.

Шүүх гэрээ тус бүрийн хавсралтад заасан шатахууны үнэ, үнийг төлөх хугацаа, нийлүүлсэн шатахууны хэмжээ, талуудын тооцоо нийлсэн баримт, хариуцагчийн төлөлт хийсэн баримтад үндэслэн, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний дагуу нийлүүлсэн 76 780 литр шатахууныг 1 литрийг 1 550 төгрөгөөр тохирч, 119 009 000 төгрөг төлөхөөс нийт 112 643 863 төгрөг төлснийг хасч 6 365 137 төгрөгийг төлөөгүй тул алданги 1 845 850 төгрөгийн хамт, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний дагуу 148 134 литр шатахууныг 1 литрийг 1 550 төгрөгөөр тохирч нийлүүлсэн, нийт 229 607 700 төгрөгийг  төлөхөөс төлсөн 210 437 500 төгрөгийг хасч 19 170 200 төгрөгийг алданги 2 703 183 төгрөгийн хамт нийт 30 084 370 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн байна.

Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаан дээр нэмэгдсэн өртөгийн албан татварт 1 844 275 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзахдаа шүүх хуралдаанаас өмнө гаргах боломжтой байсан, шүүх хуралдаан дээр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 105 дугаар зүйлийн 105.2-т заасан журмыг зөрчөөгүй байна. Хариуцагч нь уг нэхэмжлэлийг гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00758 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1342 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202 704 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УНДРАХ

  ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА