Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 669

 

   

 

 

 

 

 

   2020         10           13                                       2020/ШЦТ/669

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сугарзагд,

улсын яллагч Б.Гүнсэл,  

шүүгдэгч С.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

С.Г- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2010000000803 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....., 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “.......” ХХК-нд жолооч ажилтай, ....).

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч С.Г- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 10-5 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Д.Д-г “гэртээ оройтож ирлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү, зүүн бугалга, зүүн гуяанд цус хуралт, баруун тохой, зүүн шуунд зулгаралт, зүүн гуянд язарсан шарх, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг, яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г- мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.  

 

Эрүүгийн 2010000000803 дугаартай хэргээс:  

  1. Хохирогч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

”...2020 оны 08 дугаар сарын 01-ний орой 23 цагийн үед гэртээ ирэхэд  нөхөр Г- 2,5 литрийн пиво уугаад сууж байсан. Тухайн үед унтаж байсан 3 хүүхдээ босгосон байсан. Урьд өдөр нь гэртээ ирж хоноогүй байсан. Би “хаагуур юу хийгээд ирсэн юм” гэж асуусан чинь “чи юу хийж байгаад ирж байгаа юм “гэж хэлээд өөдөөс пиво цацсан. Тэгээд миний бөгс рүү отверкны үзүүрээр нь цохиод, миний хоёр талын хацар луу алгадаад унагаагаад байсан. Тухайн үед хэдэн удаа намайг алгадаж унагаасан талаар сайн мэдэхгүй байна. Тэр үед манай 2 настай, 8 настай хүүхдүүд байсан, өөр хүн байгаагүй. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Албан ёсоор гэрлэлтийн баталгаа байхгүй. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-н 12-14 дугаар хуудас/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8883 дугаартай дүгнэлтэд:

-Д.Д-гийн биед тархи доргилт, хүзүү, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, баруун тохой, зүүн шуунд зулгаралт, зүүн гуянд язарсан шарх, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /шинжээч эмч С.Чулуунсүх/ ...” гэсэн дүгнэлт /хх-н 16-17 дугаар хуудас/,

 

3.С.Г- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 08 дугаар сарын 01-ний орой 20 цаг өнгөрч гэртээ ирсэн. Манай эхнэр Д.Д- 01 цаг болж байхад ирсэн. Тухайн үед архи уусан байсан. Тэгээд “чи хаана хэнтэй архи уусан юм” гэхэд чамд ямар хамаатай юм, чи явалдах хүнтэй бол тэр хүнтэйгээ яв” гээд хөөсөн. Тэгээд би явах гэсэн чинь “чи нүцгэн ирсэн. нүцгэн яв” гээд хөөгөөд байсан. Би хувцасаа авах гэсэн миний гарнаас хазаад авахаар нь би өргөөд орон дээр шидсэн. ...Би цохиж зодсон зүйл байхгүй. Намайг орон дээр түлхэхэд гэмтсэн байх. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг би орны араар түлхэж унагахад учруулсан. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-н 23 дугаар хуудас/,

4. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч С.Г- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 10-5 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Д.Д-той “гэртээ оройтож ирлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг ор руу түлхэх, алгадах, отверкны үзүүрээр нь цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хүзүү, зүүн бугалга, зүүн гуяанд цус хуралт, баруун тохой, зүүн шуунд зулгаралт, зүүн гуянд язарсан шарх, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

-Хохирогч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2020 оны 08 дугаар сарын 01-ний орой 23 цагийн үед гэртээ ирсэн. ...манай нөхөр Г- пиво ууж байсан, ...урьд өдөр нь гэртээ ирж хоноогүй. Би “хаагуур юу хийгээд ирсэн юм” гэж асуухад “чи юу хийж байгаад ирж байгаа юм” гэж хэлээд өөдөөс пиво цацаж, ...миний бөгс рүү отверкны үзүүрээр нь цохиод, миний хоёр талын хацар луу алгадаад унагаасан....” гэх мэдүүлэг /хх-н 12-14 дугаар хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8883 дугаартай дүгнэлт /хх-н 16-17 дугаар хуудас/,

- С.Г- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...манай эхнэр Д.Д- 01 цаг болж байхад ...архи уусан ирсэн, ...хаана хэнтэй архи уусан юм гэхэд ...чамд ямар хамаатай юм, чи явалдах хүнтэй бол тэр хүнтэйгээ яв гээд хөөсөн. ...Би хувцасаа авах гэсэн миний гарнаас хазаад авахаар нь би өргөөд орон дээр шидсэн. ...Намайг орон дээр түлхэхэд гэмтсэн байх. ...гэмтлүүдийг би орны араар түлхэж унагахад учруулсан. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-н 23 дугаар хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч С.Г- нь хохирогч Д.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “Гэр бүлийн хамаарал бүхий этгээд”-д эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор хуульчилсан ба, шүүгдэгч С.Г-, хохирогч Д.Д- нар нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.

            Мөн дээрх хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан ба шүүгдэгч С.Г- нь гэр бүлийн харилцаатай эхнэр Д.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно

Ийнхүү шүүгдэгч С.Г- нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Д-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг  хангасан гэж үзнэ.

 

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн байснаас хэрүүл маргаан үүссэн, улмаар гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцол  зэргээс гэмт хэрэг гарчээ.

Иймд шүүх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Г-  дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухай.

Тус хэргийн улмаас хохирогч Д.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч С.Г- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000  нэгж буюу 2.000.000 төгрөгийн  торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

  

Шүүгдэгч С.Г- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.Г- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх “гэм буруугийн зарчим”, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх “шударга ёсны зарчим”-д нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.

 

Мөн шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч С.Г-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Г- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Г- 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Г-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. С.Г-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ДОРЖСҮРЭН