| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00326/И |
| Дугаар | 00326 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 00326
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Капитал банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 62-08 тоотод оршин суух, Гунгаагийн Мэргэнбаатарт холбогдох
Үндсэн зээл 11.351.702,22 төгрөг, зээлийн хүү 5.619.461,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229.170,77 төгрөг, нийт 17.270.334,39 /арван долоон сая хоёр зуун далан мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбарын захирал Д.Өлзиймандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Гунгаа овогтой Мэргэнбаатар нь 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр тус банкнаас Мөрөн ТТЗГ-14 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 12.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.2 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Мөрөн сумын 13 дугаар багийн 62 дугаар гудамжны 08 тоот хаягт орших 50.5 мкв талбайтай хувийн сууц, 475.7 кв.м талбайтай эзэмших эрхтэй газрын хамт барьцаалсан. Зээлдэгч Г.Мэргэнбаатар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөр 648.297,78 төгрөг, 846.302,22 зээлийн хүү нийт 1.494.600 төгрөг төлсөн. 2015 оны 6 дугаар сараас хойш төлөлт хийгээгүйн улмаас зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикаа зөрчин, зээлээ төлөхгүй байна.
Зээлдэгч Г.Мэргэнбаатар нь 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр банктай байгуулсан Мөрөн ТТЗГ-14 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөх зээлийн өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үндсэн зээл 11.351.702,22 төгрөг, зээлийн хүү 5.619.461,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229.170,77 төгрөг, нийт 17.270.334,39. Иймд зээлдэгч Г.Мэргэнбаатараас зээлийн үлдэгдэл төлбөр болох нийт 17.270.334,39 төгрөгийг гаргуулж Капитал банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Мэргэнбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Капитал банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банкнаас 12.000.000 төгрөгийн зээлийг 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр авсан нь үнэн. Эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлээ эргэн төлж чадаагүй. Банкны нэхэмжилж буй 17.270.334,39 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулж тус банкыг хохиролгүй болгоно. Гэвч банк манай барьцаанд тавьсан хашаа байшинг үнэлээд хашаа байшингаа тооцуулж илүү гарсан төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна. Барьцааны гэрээний дагуу хашаа байшингаа суутгуулах хүсэлтэй байна. Барьцааны гэрээнд хашаа байшин, газрыг 12.000.000 төгрөгөөр үнэлсэний дагуу барьцааны гэрээг хангаж уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбарын захирал Д.Өлзиймандах шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г.Мэргэнбаатарын тайлбартай танилцлаа.
Хариуцагч Г.Мэргэнбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Капитал банкны нэхэмжилсэн үндсэн зээл, хүү, алданги нийт 17.270.334,39 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Г.Мэргэнбаатарт холбогдуулан үндсэн зээл 11.351.702,22 төгрөг, зээлийн хүү 5.619.461,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229.170,77 төгрөг, нийт 17.270.334,39 /арван долоон сая хоёр зуун далан мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Мэргэнбаатар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244.302 төгрөгийн тал хувь болох 122.151 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Мэргэнбаатараас улсын тэмдэгтийн хураамж 122.151 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбараас үндсэн зээл 11.351.702,22 төгрөг, зээлийн хүү 5.619.461,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229.170,77 төгрөг, нийт 17.270.334,39 /арван долоон сая хоёр зуун далан мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г.Мэргэнбаатар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244.302 төгрөгөөс 122.151 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Мэргэнбаатараас улсын тэмдэгтийн хураамж 122.151 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА