Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 937

 

 

 

 

 

 

   2020            10              26                                     2020/ШЦТ/937          

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан хөтлөн,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч Н.Э, А.Х, өсвөр насны шүүгдэгч С.С, тэдгээрийн өмгөөлөгч Х.У /ҮД:0523/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ийн Э, Б овогт А-ийн Х, А овогт С-гын С нарт холбогдох эрүүгийн 2005000000000 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, авто засварчин ажилтай, ам бүл 5, аав, ээж, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6-р хороо, 2-р хороолол, Замчид гудамж 48-122 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

- 2007 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил тэнссэн, ЧЗ0000000 дугаарын регистртэй, Б овогт Н-ийн Э.

 

2. Монгол Улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин ажилтай, ам бүл 6, аав, ээж, дүү, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7-р хороо, хувьсгалчдын гудамж 785 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, УШ00000000 дугаарын регистртэй, Б овогт А-ийн Х.

 

3. Монгол Улсын иргэн, 2003 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянчандмань коллежийн автын 2-р курсийн оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 7-р хороо, хувьсгалчдын 792 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, УЦ0000000 дугаарын регистртэй, А овогт С-гын С.

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч А.Х, Н.Э, өсвөр насны шүүгдэгч С.С нар бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Тын эзэмшлийн 99-02 УБЭ улсын дугаартай Тоёота маркийн Приус-20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайл гэмт хэрэг, мөн өдөр Д.Ан эзэмшлийн 12-98 УБЗ улсын дугаартай Тоёота маркийн Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн  янданг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг, мөн өдөр М.Нын эзэмшлийн 09-72 УБЕ улсны дугаартай Тоёота маркийн Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргүүдийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 2,250,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “А.Х, Н.Э, өсвөр насны шүүгдэгч С.С нар нь бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Тын эзэмшлийн 99-02 УБЭ улсын дугаартай Тоёота маркийн Приус-20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайл гэмт хэрэг, мөн өдөр Д.Ан эзэмшлийн 12-98 УБЗ улсын дугаартай Тоёота маркийн Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг, мөн өдөр М.Нын эзэмшлийн 09-72 УБЕ улсны дугаартай Тоёота маркийн Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргүүдийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 2,250,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”  гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Эийн өгсөн “… хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Хийн  өгсөн “… хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч С.Сийн өгсөн “… хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.М нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн орчимд “Манай ах автомашин засварын газар ажиллуулж байгаа юм. Үйлчлүүлэгч татах зорилгоор Тоёота Приус-20” загварын автомашинтай найз нөхөд ажлынхаа хүмүүсийг үнэгүй ирж моторын тосоо солиулаад хямдралтайгаар эд анги баталгаатай засуулах боломжтой” гэсэн юм. Ингээд ажлынхаа худалдааны төлөөлөгч ажилтай Д.А, Г.Т нарын хамт өөр өөрсдийн “Тоёота Приус-20” загварын автомашинтай Мн  төрсөн ахынх нь автомашины засварын газар очсон юм. …очиход Мн ах гэх Э гэх залуу байсан бөгөөд мөн засварчин гэх 2 залуу байсан. Тэр үед А хамгийн эхэнд ирээд машинаа засварын газарт оруулж байсан. Би өөрийн эзэмшлийн 09-72 УБЕ улсын дугаартай бор шаргал өнгийн Тоёота Приус-20” загварын автомашиндаа А хамт сууж байтал Мн төрсөн ах болох засварчин Эрдэнэбилэг нь гарч ирээд өглөөнөөс хойш хоол унд идсэнгүй манай эхнэрийн ажилладаг цайны газар Энхбаярын замаар уруудаад Марал нэртэй цайны газар байгаа би хоол захисан байгаа очоод аваад ирээч гэсэн. Ингээд А бид хоёр миний машинтай тус цайны газар руу очиж хоолыг нь аваад буцаж ирсээр байтал 40-50 орчим минут болсон. Ингээд засварын газар иртэл Ан машин засвараас гарч байсан учир би өөрийн эзэмшлийн 09-72 УНЕ улсын дугаартай бор шаргал өнгийн Тоёота Приус-20” загварын автомашиныг засварын газар оруулаад хэрхэн засварлах талаар нь харж хажууд нь зогсож байтал хажуу талын машинд будаг хийнэ гарч бай гэхээр нь гараад Тын машинд сууж 40 орчим минут хүлээсний дараа миний машин засвараас гарч ирэхээр нь машинаа жолоодоод 18 цаг 35 минутад хөдөлсөн чинь миний машин хааз авахгүй хүнгэнэсэн дуу гараад хаазыг нь тултал гишгэсэн боловч хүч байхгүй хүнгэнэсэн дуу гараад байхаар нь хороололд очих газраа очоод зогсоолд машинаа тавиад ажлаа хөөцөлдөж байхад А над руу залгаад “Т яриад машины янданг авчихсан байна гэнэ. Би машинаа шалгасан чинь миний машины нүүрсэн янданг авчихсан байна. Чи машинаа шалгаад яаралтай хүрээд ир” гэж хэлсэн. Хариуд нь би шалгаж чадахгүй шууд яваад очъё гээд 20 цагт тус засварын газарт очиход А, Т нар ирчихсэн Этэй хэрүүл хийгээд байж байсан бөгөөд миний машины доод талыг Э, Т нар үзсэн чинь яндангийн боолт нь суларчихсан нүүрсэн яндангийн доторх эд ангийг авчихсан байсан. Энэ үед Т цагдаад дуудлага өгсөн чинь Э хоорондоо учраа олоод хохирлыг чинь 100% барагдуулъя цагдаа дуудахаа больчих гээд байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 тал/,

 

Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Н.М нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн орчимд “Манай ах автомашин засварын газар ажиллуулж байгаа юм. Үйлчлүүлэгч татах зорилгоор “Тоёота Приус” загварын автомашинтай найз нөхөд ажлынхаа хүмүүсийг үнэгүй ирж моторын тос солиулаад хямдралтайгаар эд анги баталгаатай засуулах боломжтой” гэсэн юм. Ингээд ажлынхаа худалдааны төлөөлөгч ажилтай М.Н, Г.Т нарын хамт өөр өөрсдийн “Тоёота Приус-20” загварын автомашинтай Мн ахынх нь автомашины засварын газар очсон юм. Очиход Мн ах Э гэх залуу байсан бөгөөд мөн засварчин гэх 2 залуу байсан. Тухайн үед би хамгийн эхэлж ирээд өөрийн эзэмшлийн 12-98 УБЗ улсын дугаартай улаан хүрэн өнгийн “Тоёота Приус-20” загварын автомашинаа засварын газар оруулчихсан байсан. Удалгүй М.Н, Г.Т нар ирсэн. Би машинаа засварт оруулаад Нын машинд сууж байтал Мн төрсөн ах болох засварчин Э нь гарч ирээд өглөөнөөс хойш хоол унд идсэнгүй манай эхнэрийн ажилладаг цайны газар Энхбаярын замаар уруудаад Марал нэртэй цайны газар байгаа. Би хоол захичихсан очоод аваад ирээч гэхээр нь Нын машинтай тус цайны газар руу очиж хоолыг нь аваад буцаж ирсээр байтал 40-50 минут болсон. Ингээд засварын газарт ирэхэд миний машин засварын газраас гарч байсан. Засварын газраас автомашинаа аваад гэр рүүгээ харих гээд машинаа жолоодоод унаад явж байхад машин ямар ч хүч байхгүй доогуураа хүнгэнэсэн дуу гараад хаазаа тултал гишгэсэн боловч хааз авахгүй байсан. Тухайн үедээ гайгүй болох байх гэж бодоод шууд гэртээ ирж автомашины зогсоолд машинаа тавьсан. Тэгээд 19 цаг 30 минутын үед Т над руу залгаад миний машины нүүрсэн янданг засварын газрын хүмүүс хулгайлаад авчихсан байна. Чи гараад машинаа шалгаадах гэж хэлэхээр нь гараад автомашинаа харахад яндангийн боолтууд нь сул байхаар нь энэ талаар хэлээд Н руу залгаж засварын газар хүрээд ир машинаа шалгаадах гэж хэлэхэд засварын газар уулзахаар болоод засварын газар очиход Т ирчихсэн Этэй уулзаад зогсож байсан. Энэ үед Т цагдаад дуудлага өгсөн чинь Э хоорондоо учраа олъё хохирлыг чинь 100% барагдуулъя цагдаа дуудахаа больчих гээд байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,

Хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Н.М нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн орчимд “Манай ах автомашин засварын газар ажиллуулж байгаа юм. Үйлчлүүлэгч татах зорилгоор “Тоёота Приус” загварын автомашинтай найз нөхөд ажлынхаа хүмүүсийг үнэгүй ирж моторын тос солиулаад хямдралтайгаар эд анги баталгаатай засуулах боломжтой” гэсэн юм. Ингээд ажлынхаа худалдааны төлөөлөгч ажилтай М.Н, Д.А нарын хамт өөр өөрсдийн “Тоёота Приус-20” загварын автомашинтай Мн ахынх нь автомашины засварын газар очсон юм. Очиход Мн ах Э гэх залуу байсан бөгөөд мөн засварчин гэх 2 залуу байсан. Намайг ирэхэд Д.А, М.Н нар ирчихсэн эхэлж Д.А өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-20” загварын автомашиныг засварын газар оруулчихсан байсан. Д.А, М.Н нар нь засварчин Эийн хоолонд яваад ирлээ гээд байж байсан. Засварын газар дотор засварчин Э болон 2 засварчин залуугийнхаа хамт байгаад байсан. Тэгээд удалгүй Д.Ан машин засвараас гарч ирээд А ажилтай гээд машинаа жолоодоод явсны дараа М.Н нь машинаа засварын газар оруулаад хажууд нь зогсож байхад машинд будаг хийж байна гадаа байж бай гээд Н бид хоёр миний машинд 40-50 минут сууж байгаад Нын машин засвараас гарч ирээд Н машинаа жолоодоод яваад өгсөн. Үүний дараа би өөрийн эзэмшлийн 99-02 УБЭ улсын дугаартай хар хөх өнгөтэй “Тоёота Приус-20” загварын автомашиныг засварын газарт оруулсан. Энэ үед би засвар хийж байгаа байдлыг харах гээд машиныхаа хажууд зогсож байхад нэг залуу автомашины будаг хийгээд эхэлсэн чинь Э нь будаг хийж байна хөгшөөн хоёулаа гараад байж байя гээд Эийн “Тоёота Приус-20” загварын автомашинд сууцгаасан. Тэгэхэд Э чиний машинд хийх тосонд хамт яваад ирье гээд байгаа газраас урд зүгт 200 орчим метрийн зайд явж засварын газраас 4 литрийн хэмжээтэй тос аваад буцаад ирээд 4 литрийн хэмжээтэй тосыг миний машинд хийгээд миний машиныг гаргасан. Би машинаа жолоодоод явах гэсэн чинь хааз авахгүй доогуураа саагсан дуу гарч хүчгүй болчихсон байхаар нь зогсоогоод доогуур нь тонгойж харсан чинь боолтууд нь суларчихсан байхаар нь таньдаг машины засварчин ах дээрээ очиж болсон асуудлын талаар хэлсэн чинь доогуур нь орж хараад чиний машины нүүрсэн яндан нь байхгүй байна. Боолт нь хүртэл суларчихсан дутуу боосон байна. Засвар хийлгэсэн газар дээрээ оч гэхээр нь буцаж Эийн засвар дээр 20 цагийн үед очиж энэ талаар хэлсэн чинь манай 2 дүү авчихсан байна. Би өөрөө эвгүй байдалд орчихлоо бүх хохирлыг чинь барагдуулна уучлаарай гээд байсан. Эийн засварын газар очих хүртэл миний машинд ямар нэг эвдрэл гэмтэл огт байхгүй байсан юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

 

Яллагдагч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ажил дээрээ байж байтал Мн ажлын хүмүүс нь гэж “Тоёота Приус 20” загварын автомашинтай хүмүүс ирсэн юм. Хамт ажилладаг Хангэрэл, Саруултөгс нараар автомашины тос маслыг солиулсан бөгөөд энэ үедээ нүүрсэн янданг салгаад авчих гэж хэлсэн чинь Хангэрэл, Саруултөгс нар нь Мн ажлын 3 хүний автомашины янданг нь салгаад авчихсан. Миний хувьд тэр залуучуудыг саатуулж байсан юм. Автомашины нүүрсэн янданг зарвал үнэтэй гэж сонссон юм. Миний хувьд гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирлыг бүрэн барагдуулах болно. Ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,

 

Яллагдагч А.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ажил дээр байж байтал нийт 3 “Тоёота Приус-20” загварын автомашин засварлуулах гэж ирсэн. Харин Э ах нүүрсэн янданг нь тайлчих гэхээр нь С.С бид хоёр нийт 3 автомашины нүүрсэн янданг тайлж авсан юм. Харин Э ах тухайн хүмүүсийг саатуулж байсан юм. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирлыг бүрэн барагдуулах болно. Ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/,

 

Өсвөр насны яллагдагч С.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ажил дээр байж байтал нийт 3 “Тоёота Приус-20” загварын автомашин засварлуулах гэж ирсэн. Харин Э ах нүүрсэн янданг нь тайлчих гэхээр нь А.Х бид хоёр нийт 3 автомашины нүүрсэн янданг тайлж авсан юм. Харин Э ах тухайн хүмүүсийг саатуулж байсан юм. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирлыг бүрэн барагдуулах болно. Ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 тал/,

 

“Ашид Билгүүн” ХХК-ийн хохирогч нарын “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг тус бүр 750.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 31-33 тал, 35-37 тал, 39-41 тал/,

 

Өсвөр насны яллагдагч С.Сийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 87 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Эийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82 тал/, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 79 тал/,

 

Шүүгдэгч А.Хийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84 тал/, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81 тал/,

Өсвөр насны шүүгдэгч С.Сийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86 тал/, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 80 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Н.Э, А.Х, өсвөр насны шүүгдэгч С.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар”,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.У “...гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа...” гэж,

Шүүгдэгч Н.Э нь “…Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж,

Шүүгдэгч А.Х нь: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж,

Өсвөр насны шүүгдэгч С.С нь “…Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэж тус тус мэдүүлж оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “…бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан…” гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан байхыг шаардана .

 

Шүүгдэгч Н.Э, А.Х, өсвөр насны шүүгдэгч С.С нарын холбогдох хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч Н.Э нь хохирогч нарын анхаарлыг сарниулж байх хугацаанд шүүгдэгч А.Х, өсвөр насны шүүгдэгч С.С нар нь хохирогч нарын эзэмшлийн тээврийн хэрэгслийн янданг тайлж авсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч М.Нын мэдүүлэг /хх-ийн 4-5 тал/, хохирогч Д.Ан мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/, хохирогч Г.Тын мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/, яллагдагч Н.Э, А.Х, өсвөр насны яллагдагч С.Сийн мэдүүлэг болон “Ашид Билгүүн” ХХК-ийн хохирогч нарын “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийн янданг тус бүр 750.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 31-33 тал, 35-37 тал, 39-41 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгээр зэргээр тус тус нотлогдож байх ба дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “…бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан…” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээдүүд байх ба учирч болох хохирол хор уршгийг мэдэж хууль бус үйлдлээрээ хохирол, хор уршигт хүргэсэн болох нь шүүгдэгч нарыг гэмт хэргийг болгоомжгүйгээр, субьектив санаагүйгээр үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар нь хууль бус үйлдлээрээ учирч болох хохирол, хор уршгийг хүсэж шууд санаатайгаар, шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийн өмчлөх эрхэд хууль бусаар халдсан нь Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэг өгсөн болно.

 

Шүүх, шүүгдэгч А.Х, Н.Э, өсвөр насны шүүгдэгч С.С нарыг  бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Тын эзэмшлийн 99-02 УБЭ улсын дугаартай Тоёота маркийн Приус-20 загварын тээврийн хэрэгслийн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг, мөн өдөр Д.Ан эзэмшлийн 12-98 УБЗ улсын дугаартай Тоёота маркийн Приус 20 загварын тээврийн хэрэгслийн янданг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг, мөн өдөр М.Нын эзэмшлийн 09-72 УБЕ улсны дугаартай Тоёота маркийн Приус 20 загварын тээврийн хэрэгслийн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргүүдийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 2,250,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу “Хулгайлах”  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 2,250,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул хулгайлах гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

Шүүгдэгч А.Х, Н.Э, өсвөр насны шүүгдэгч С.С нар нь хохирогч М.Н, Д.А, Г.Т нарын хохирол төлбөрийг төлж барагдуулсан буюу хохирогч нар нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Э, А.Х, өсвөр насны шүүгдэгч С.С нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Н.Э, А.Х, өсвөр насны шүүгдэгч С.С нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт  эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналдаа улсын яллагч Д.Хонгорзул “…шүүгдэгч Н.Эт 1 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч А.Хд 1 жил 6 сарын хорих ял, өсвөр насны шүүгдэгч С.Сөд 1 жилийн хорих ял оногдуулах саналтай байна” гэж,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.У “...шүүгдэгч Н.Э, А.Х нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү, өсвөр насны шүүгдэгч С.Сөд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд  зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэж,

Шүүгдэгч Н.Э  “ хөнгөн ял оногдуулж өгнө үү ” гэж,

Шүүгдэгч А.Х  “ хөнгөн ял оногдуулж өгнө үү “ гэж,

Өсвөр насны шүүгдэгч С.С нь “ хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэж тус тус мэдүүлж оролцсон болно.

 

Шүүх,  шүүгдэгч Н. Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, шүүгдэгч А.Хд 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, өсвөр насны шүүгдэгч С.Сөд 180 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 Шүүхээс, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулахдаа  шүүгдэгч нарын  гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоо, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж, хохирогч нарын мэдүүлэг зэргийг харгалзан үзэж, ялыг ялгамжтайгаар оногдуулсан болохыг дурдаж байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.У нь “...шүүгдэгч Н.Э, А.Х нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү, өсвөр насны шүүгдэгч С.Сөд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэсэн саналыг гаргасан ба шүүх өмгөөлөгч Х.Угийн саналыг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Учир нь эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон  байх учиртай.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагын хамгийн хүнд төрөл болох хорих ялыг оногдуулж хуульд заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэж шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулах бус харин шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх оюун дүгнэлтийг шүүгдэгч нарт бий болгох нь эрүүгийн хариуцлагын зорилтод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э, А.Х, өсвөр насны шүүгдэгч С.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Н-ийн Э, Борхондой овогт А-ийн Х, шүүгдэгч Адуучин овогт С-гын С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,  

Шүүгдэгч А.Хийг 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг мөн  хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Сийг 180 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э, А.Х, өсвөр насны шүүгдэгч С.С нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э, А.Х, өсвөр насны шүүгдэгч С.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.ЭРДЭНЭЧИМЭГ