| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2020/0672/Э |
| Дугаар | 656 |
| Огноо | 2020-10-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 656
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сугарзагд,
улсын яллагч Г.Эсэн,
шүүгдэгч Н.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Н.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010015680784 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
....../.
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Н.Ц- нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхнамир” караоке пабаас 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэн М.Б-ын цэнэглээд орхисон байсан “Самсунг А50” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бусдад 560,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэж мэдүүлэв.
Эрүүгийн 2010015680784 дугаартай хэргээс:
1. Хохирогч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 11-292 тоотод байрлах манай нөхрийн ажилуулдаг “Мөнхнамир” нэртэй караоке пабын 1 давхарт цэвэрлэгээ хийж байтал 2 эмэгтэй, 3 эрэгтэй нийт 5 хүн орж ирсэн. Жаахан суух гэсэн юм өрөө байна уу гэхэд нь манай нөхөр байгаа гэж хэлээд нөгөө хүмүүсийг дагуулаад 2 давхарт гарсан. Би цэвэрлэгээ хийж байсан бөгөөд өөрийнхөө “Самсунг А-50” загварын гар утсаа үүдний угтах хэсэгт буюу текэнд үлдээсэн юм. Тэгээд нөгөө хүмүүсийн 2 нь доор үлдээд нэг нь меню аваад захиалах юмаа харж байсан. Нэг нь миний утас тавьсан газар зогсоод байсан. Би тухайн үед утсаа тавьснаа ажилдаа түүртээд мартчихсан байсан. Нэг залуу нь гарснаа буцаад ороод ирсэн. Нөгөө залуу нь авах юмаа захиалах гэсэн чинь гарчихаад буцаад ирсэн залуу захиалга өгч байсан залууг дагуулж дахин гараад удалгүй буцаж орж ирээд дээшээ гарсан. Би тэр хоёрыг дээшээ гарсаны дараа утсаа тавьсанаа гэнэт санаад очоод шалгаж үзтэл байхгүй байхаар нь дээшээ араас нь гараад сая текен дээр байсан утас авсан уу гэхэд үгүй гэсэн. Би гараад цагдаа дуудсан. Ц- гэх залууг авч явсан боловч аваагүй гэж хэлсэн гэсэн. Тэр Ц- гэх залуугаас гарцаагүй байсан бөгөөд тэр л миний утас тавьсан газарт зогсоод байсан. Харин нөгөө залуу нь меню хараад зогсоод байсан юм. Уг нь манайх камертай боловч тэр үед ажиллахгүй байсан болохоор бичлэг шүүж чадаагүй. Би “Самсунг А-50” загварын гар утсаа 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Теди төвөөс 750,000 төгрөгөөр авч байсан одоо 600,000 төгрөгөөр үнэлнэ. ...” гэх мэдүүлэг /хх-н 7 дугаар хуудас/,
2. Гэрч Т.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Ц- бид хоёр 2006 оноос хойш нэгнийгээ таньж мэддэг найзууд байгаа юм. Олон жил нэг газар, нэг гудамжинд амьдарч байна. Хөршийн болон найз нөхдийн холбоотой. Одоогоос 5 орчим хоногийн өмнө байх Ц- манайд ирээд ойр зуурын юм ярьж байгаад энэ манай ажлын хүний утас хэд хоногоос авъя, гэртээ түр хадгалж бай гэж хэлэхээр нь за за гээд авсан. Ц-ыг хулгай хийнэ гэж яаж мэдэх билээ дээ, их л даруухан зантай, элдэв янзын ааш араншингүй хүн шүү дээ. Тэгтэл өнөөдөр цагдаагаас залгаад наад утсаа аваад ир гэхээр нь гайхаад авчирсан чинь хулгайн утас гэж хэлсэн. Анх надад Ц- ердөөсөө тийм зүйл хэлээгүй. Хэлсэн бол би эхнэр хүүхэд гэр бүлтэй хүн юу гэж хулгайн эд зүйлийг гэртээ байлгах юм. ...Миний авч ирж өгсөн утас бол хар өнгөтэй, ардаа “Самсунг” гэсэн бичигтэй, 3 ширхэг камертай утас байсан.Би маркийг нь мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-н 14 дүгээр хуудас/,
3. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
4. “Дамно” ХХК-ний ХУ2-20-552 дугаартай 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
5. Шүүгдэгч Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хамт ажилладаг хүмүүстэйгээ “Мөнхнамир” нэртэй караокед орсон. Хамт ажилладаг ах Э-гийн төрсөн өдөр болсон. Тухайн өдөр тавуулаа байсан. Гурав нь дээшээ гараад би Одгэрэлтэй хамт үлдсэн. Тэгсэн чинь текин дээр хар өнгөтэй утас байхаар нь би хэнд ч мэдэгдэлгүйгээр аваад халаасандаа хийсэн. Сүүлд загварыг нь асуухад А-50 гэсэн байхаа. Утсыг нь аваад бид нарын тэнд ирсэн машины суудлын доор нуусан. Тухайн өдөр цагдаа ирж шалгаад олоогүй. Би авсан гэдгээ хэлээгүй. Утсаа найз Ц-д хүний гар утас түр хадгалж байгаач гэж хэлээд өгсөн, хулгайн утас гэдгийг хэлээгүй, утсаа буцааж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-н 26-27 дугаар хуудас/,
6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 30-32 дугаар хуудас/, оршин суух хорооны тодорхойлолт болон бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Н.Ц-ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Н.Ц- нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, мөн шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Н.Ц- нь Хан-Уул дүүргийн 7 дугаар сарын хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхнамир” караоке пабаас 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэн М.Б-ын цэнэглээд орхисон байсан “Самсунг А50” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч түүнд 560,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:
-Хохирогч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Би тэр хоёрыг дээшээ гарсаны дараа утсаа тавьсанаа гэнэт санаад очоод шалгаж үзтэл байхгүй байхаар нь дээшээ араас нь гараад сая текен дээр байсан утас авсан уу гэхэд үгүй гэсэн. Ц- гэх залуугаас гарцаагүй бөгөөд тэр л миний утас тавьсан газарт зогсоод байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 7 дугаар хуудас/,
-Гэрч Т.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц- манайд ирээд ойр зуурын юм ярьж байгаад энэ манай ажлын хүний утас хэд хоногоос авъя, гэртээ түр хадгалж бай гэж хэлэхээр нь за за гээд авсан. ...цагдаагаас залгаад наад утсаа аваад ир гэхээр нь гайхаад авчирсан чинь хулгайн утас гэж хэлсэн. ...Миний авч ирж өгсөн утас бол хар өнгөтэй, ардаа Самсунг гэсэн бичигтэй, 3 ширхэг камертай утас байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 14 дүгээр хуудас/,
- Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
- “Дамно” ХХК-ний ХУ2-20-552 дугаартай 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
-Шүүгдэгч Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...“Мөнхнамир” нэртэй караокед орсон. ...текин дээр хар өнгөтэй утас байхаар нь би хэнд ч мэдэгдэлгүйгээр аваад халаасандаа хийсэн. ...загварыг нь асуухад А-50 гэсэн байх. ...” гэх мэдүүлэг /хх-н 26-27 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ.
Шүүгдэгч Н.Ц-ын хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд Н.Ц-ын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй байх тул түүнийг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Б-т 560.600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид “Samsung” А-50 загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүгдэгч Н.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулах гэсэн дүгнэлт гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.Ц- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шийтгэгдэж байгаагүй талаар баримт хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь гэм буруугийн зарчимд нийцнэ.
-мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус хуульчилжээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч Н.Ц-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба, шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хорыг арилгасан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалт”-нд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хэрэгжилтэнд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Тус хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Алаг адуу овогт Нямсүрэнгийн Ц-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Ц-т “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалт”-нд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авч, хэрэгжилтэнд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.Ц-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН