| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2020/0644/Э |
| Дугаар | 636 |
| Огноо | 2020-08-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 636
2020 09 29 2020/ШЦТ/636
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч Б.Батболор, шүүгч Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Б.Отгонбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
Улсын яллагч Б.Одонтуяа,
Шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа, Д.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Б.Г-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010005950296 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
...... регистрийн дугаартай, Б.Г-.
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Б.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү 2222” хотхоны 118 дугаар байрны 10-С тоотод иргэн Э.У-тай үл ялих зүйлээр маргалдаж улмаар хэвлийн хэсэгт 1 удаа хутгалж, хэвлийн хөндийг нэвтэрч гялтанг гэмтээж хэвлийн арын зайд цусан хураа үүсгэсэн шарх гэмтэл учруулж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр найз Янсанжав бид хоёр манай гэрт байхад хамт ажиллаж байсан У-, Даваацэрэн нар бид хоёр гэртээ хоол хийж байя, хүрээд ир гэж дуудсан. Янсанжав бид хоёр яваад очиход У-, Даваацэрэн нар пиво уугаад дуусч байсан. Пиво аваад ир гэхээр нь Янсанжав бид хоёр гарч пиво аваад У-гийн гэрт авчраад бид нар ууж байхад У-гийн найз Э.У- гэгч хүн утсаар ярьсан. Э.У- нь орж ирэхдээ 9 лааз пивотой халамцуу орж ирсэн. Бид нар ажлаа ярьж байхад Э.У- бид хоёр үг зөрж, маргалдсан. Бид маргалдаад байж байхдаа хоёулаа гар барилдъя гээд тэр хүн гар барилдаад гурван удаа ялагдсан. Тэгээд дахиад бид хоёр маргалдсан. Энэ үед У- эгчийн хоёр хүүхэд уйлаад У- цаад өрөө рүүгээ орсон. Даваацэрэн, манай найз нар амарлаа гээд бас цаад өрөөнд нь орсон. Э.У- бид хоёр ярилцаад үлдсэн. Бид хоёр ярилцаж байгаад дахин маргалдаад, Э.У- “хоёулаа орц руу гарья” гээд чанга дуугаар орилоод, намайг гарнаас чангаахад цаад өрөөнөөс манай найз Янсанжав гарч ирсэн. Янсанжав Уламбаярыг “боль” гээд цааш түлхээд, намайг ч гэсэн “андаа боль” гээд хойшоо түлхэхэд миний гарт хутга байж таарсан. Уламбаяр надаас ах, бас том биетэй хүн байсан учраас орц руу гарахад намайг цохиод яах ч юм билээ гээд би дотроо маш их айсан. Би хутгаар айлгая гэж бодсон. Энэ үед манай найз Янсанжав миний цээжнээс хөдөлгөхгүй гээд тэвэрсэн байсан. Э.У- гутлаа өмсөх гээд цааш явсан, гутлаа өмсөөд буцаж хүрээд ирэхэд нь би хутгатай гараараа тэр хүнийг “чи цаашаа бай л даа” гээд орилоход тэр хүн ойртоод ирсэн. Э.У- ойртоод ирсэн учраас найз Янсанжаваас салах гээд биеэ займчилж байхдаа тэр хүнийг хутгалсан юм шиг байна лээ. Намайг Э.У- ирээд цохих байх гэж бодож, айгаад холдох гэж биеэ займчилсан. Би хохирогчийг хутгалъя гэсэн санаа байгаагүй. Ингээд Даваацэрэн гэдэг хүн сэрээд орж ирсэн. Ийм л зүйл болсон. Хохирогчийг өмнө нь таньдаггүй байсан, тэр өдөр л танилцсан. Хохирогчид 5.000.000 төгрөг төлсөн, өөр мөнгө нэхэмжлээгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2010005950296 дугаартай хэргээс:
“... Би 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн үед 10-н жилийн найз У-той холбогдоход гэртээ байна гэхээр нь би яваад очъё гэж хэлсэн. Гэрт нь орохоосоо өмнө 9 ширхэг лаазтай пиво аваад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Хүннү 2222” хотхоны 18 дугаар байрны 10-С тоотод ороход үл таних хоёр эрэгтэй, зүс мэдэх У-гийн эмэгтэй найз нар байсан. Бид нар юм ярьж байхад нэг өндөр эрэгтэй Ганбаяр гэх залуу намайг үгээр өдөөд байхаар нь би түүнтэй гар барилдаж 3-4 удаа ялаад буцаад юм ярьж байхад намайг өдөөд байхаар нь би айлд хэрэлдээд яах вэ орц руу гаръя гэхэд надтай зууралдаж байснаа гал тогооны өрөө рүү яваад орсон. Тэгэхэд тэнд байсан хүмүүс Ганбаяр гэх хүнийг болиулах гэж оролдож байхад хэвлий хэсэг рүү нэг удаа хутгалахад надаас цус гарч эхлэхэд хажууд байсан У-гийн найз түргэн уудсан. Удалгүй эмнэлэг, цагдаа хоёр ирж байна гэхэд намайг дагуулж байрны В1 давхарын гражаар оруулахад түргэний машин аваад явсан. Ганбаяр гэх хүнийг би тухайн хэрэг болдог өдөр л харсан. Миний биед мэс засал хийлгэсэн хэсгээр маш их өвдөж байгаа. Би эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. ...”” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
Хохирогч Э.У- мөрдөн шалгах ажиллагаадн дахин өгсөн
“...Миний биеийн байдал хэвийн байгаа. Цаашид эмчийн хяналтад байх болно. Ганбаяр надад эмчилгээний зардал гэж 5.000.000 төгрөг өгсөн. Би шүүх хуралд оролцохгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
2. Гэрч Э.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү 2222” хороололд найз Ганбаярын хамт танил эгч нь гэх У-гийнд хамт очсон Очиход гэрт нь У- гэх эгч, мөн найз нь гэх Даваанаа гэх эгч байсан. Бид 4 хоол хийж идээд том боргио гэх пиво 4 ширхэгийг хувааж уусан. Тэгээд юм яриад сууж байхад гаднаас У- эгчийн найз гэх Уламбаяр гэгч орж ирсэн. Ирэхдээ лаазтай пиво уутанд хийгээд орж ирсэн. Пивийг нь хувааж уусан. Би уухаа болиод унтлагын өрөөнд нь ороод байж байхад гал тогооны өрөөнд муудалцаад “хоёулаа орц руу гаръя” гээд Уламбаяр гэж залуугийн дуу гараад байхаар нь би гараад гал тогооны өрөө рүү орсон. Уламбаяр гэх залуу манай найз Ганбаяр хоёр муудалцаад өөд өөдөөсөөө хараад зогсож байсан. Тэгэхээр нь би Уламбаярыг “та болио” гээд түлхэхэд тэрээр коридор луу гутлаа өмсөх гээд явсан. Тэр хооронд нь би Ганбаярыг “андаа болиочдээ, яагаад байгаа юм бэ” гэж хэлээд байж байтал Уламбаяр гутлаа өмсөөд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Ганбаярыг гал тогооны плитканы хажууд цааш нь түлхээд “боль” гэхэд Ганбаярын гар ард нь байж байгаад плитканы хажууд тогоо шанагаа угаах гээд тавьсан байсан юм шиг байна лээ, жижигдүү хутга гартаа бариад “чи цаашаа бай” гээд Уламбаяр луу орилоод байсан. Ганбаярыг хөдөлгөхгүй гээд цээжээр нь тэвэрсэн байхад миний ард Уламбаяр хүрээд ирсэн. Тэгсэн чинь Ганбаяр баруун гартаа хутга барьсан гараараа “хөөе чи цаашаа бай л даа” гээд гараараа миний зүүн гарны суган доогуур хөдлөх шиг болоход Уламбаяр “хөөе наадах чинь намайг дүрчихлээ” гэж хэлэхээр нь цамцыг нь сөхөөд харахад зүүн талын хэвлий хэсгээс нь цус гарсан байсан. Тэгээд би яаж байгаа юм бэ гэхэд цаад өрөөнөөс Даваанаа гэх эгч гарч ирсэн. Тэгээд шууд түргэн дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 18-20 дугаар хуудас/,
3. Гэрч Л.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр найз У-гийнд байж байхад Ганбаяр гэх манай найз найзтайгаа ирсэн. Бид пиво уугаад байж байхад У-гийн найз Ука гэх залуу ирсэн. Тэгээд пиво ууж байгаад би унтсан. Тэгсэн унтлагын өрөөнд хүн орилоод байхаар нь босоод очтол Уламбаяр гэдсээ дараад сууж байсан. Тэгээд цамцыг нь сөхөөд харахад цус гарсан, гэдэс дотор өөх нь гарсан харагдаж байсан. Тэгээд би шууд 103-т дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-н 21-22 дугаар хуудас/,
4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3657 дугаартай дүгнэлтэд:
-Э.У-ын биед хэвлийн хөндийг нэвтэрч гялтанг гэмтээж хэвлийн арын зайд цусан хураа үүсгэсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
-Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. ...” гэсэн дүгнэлт /хх-н 36-38 дугаар хуудас/
5. Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...Би 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Хүннү 2222” хотхоны 118 дугаар байрны 10-С тоотод зүс таних У- эгчийнд найзуудын хамтаар ирээд хоол унд хийж идэнгээ пиво ууж байхад гаднаас нэг эрэгтэй хүн орж ирсэн. Бид нартай танилцаад авчирсан пивийг нь хувааж ууж байх хоорондоо яриа таарахгүй болж маргалдсан. Улмаар нөгөө эрэгтэй Уламбаяр надтай гарч зодолдоно гээд байхад манай найз Янсанжав намайг хориглож гал тогооны өрөө рүү оруулахад би ширээн дээр байсан хутгыг аваад тухайн эрэгтэй хүнийг хэвлий хэсэг рүү хутгалахад түргэн дуудаж, тэнд байсан хүмүүс Уламбаярыг авч байрнаас гарсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Гомдол санал байхгүй. Уламбаярын биед учирсан гэмтлийг би хутгаар нэг удаа хэвлий хэсэг рүү нь дүрж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 68-71 дүгээр хуудас/,
7. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд:
Иргэний үнэмлэхийн лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хутга буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгий 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Тухайн хэрэг үйл явдал болсон өдөр шүүгдэгч Б.Г-, хохирогч Э.У- нар нь танилцсан, улмаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү 2222” хотхоны 118 дугаар байрны 10-С тоот У-гийн гэрт хамтдаа 2020 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан энэ үедээ тэд хоорондоо маргалдсан байх ба уг маргааныг таслан зогсоохоор гэрч Э.Я- нь гартаа хутга барьсан байсан шүүгдэгч Б.Г-ын хөдөлгөөнийг хориглож цээжээр нь тэвэрч барьсан байх үед шүүгдэгч Б.Г- нь энэхүү үйлдлийг болиулах хөдөлгөөн хийх явцдаа ардаа зогсож байсан хохирогч Э.У-ыг цаашаа бай л даа, холдооч гэж хэлэн гараа хөдөлгөх явцад түүний гарт байсан хутганд хохирогч Э.У- цохигдон, хэвлийн хэсэгт нь нэг удаа хутгаар хатгагдаж, түүний эрүүл мэндэд хэвлийн хөндийг нэвтэрч гялтанг гэмтээж хэвлийн арын зайд цусан хураа үүсгэсэн шарх гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь:
-Хохирогч Э.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ганбаяр гэх залуу намайг үгээр өдөөд байсан. ...надтай зууралдаж байснаа гал тогооны өрөө рүү яваад орсон. ...Ганбаяр... хэвлий хэсэг рүү нэг удаа хутгалсан. ...Ганбаяр гэх хүнийг би тухайн хэрэг болдог өдөр л харсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
-Гэрч Э.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Уламбаяр гэх залуу, ...Ганбаяр хоёр муудалцаад...зогсож байсан. ...Уламбаярыг “та болио” гэсэн. ...Ганбаярыг “андаа болиочдээ, яагаад байгаа юм бэ” гэж хэлээд байж байтал Уламбаяр гутлаа өмсөөд ...ирсэн. ...Би Ганбаярыг ...плитканы хажууд цааш нь түлхээд “боль” гэхэд Ганбаярын гар, ард нь плитканы хажууд... жижигдүү хутга гартаа бариад “чи цаашаа бай” гээд Уламбаяр луу орилоод байсан. Ганбаярыг хөдөлгөхгүй гээд цээжээр нь тэвэрсэн байхад миний ард Уламбаяр хүрээд ирсэн. Тэгсэн чинь Ганбаяр баруун гартаа хутга барьсан гараараа “хөөе чи цаашаа бай л даа” гээд гараараа миний зүүн гарны суган доогуур хөдлөх шиг болоход Уламбаяр “хөөе наадах чинь намайг дүрчихлээ” гэж хэлсэн. ...цамцыг нь сөхөөд харахад зүүн талын хэвлий хэсгээс нь цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 18-20 дугаар хуудас/,
-Гэрч Л.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хүн орилоод байхаар нь босоод очтол Уламбаяр гэдсээ дараад сууж байсан. ...цамцыг нь сөхөөд харахад цус гарсан, гэдэс дотор өөх нь гарсан харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 21-22 дугаар хуудас/,
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3657 дугаартай дүгнэлтийн “...Э.У-ын биед хэвлийн хөндийг нэвтэрч гялтанг гэмтээж хэвлийн арын зайд цусан хураа үүсгэсэн шарх гэмтэл тогтоогдлоо., гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...шинэ гэмтэл байна. ...” гэсэн дүгнэлт /хх-н 36-38 дугаар хуудас/
-Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Уламбаяр надтай гарч зодолдоно гээд байхад манай найз Янсанжав намайг хориглож гал тогооны өрөө рүү оруулахад би ширээн дээр байсан хутгыг авсан. ...тухайн эрэгтэй хүнийг хэвлий хэсэг рүү хутгалсан....” гэх мэдүүлэг /хх-н 68-71 дүгээр хуудас/ болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ өвчний түүх зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нарангэрэл, Ц.Мөнхтуяа нараас “...гэрч Янсанжав мэдүүлэхдээ “...Ганбаярыг хутга барьсан байхаар нь хөдөлгөхгүй гээд тэвэрсэн байсан, Ганбаяр нь Уламбаярыг цаашаа бай л даа” гээд орилоод байсан. ...” гэж мэдүүлснээс үзвэл Ганбаяр нь довтолгоон хийгээгүй харин хохирогчийг цаашаа бай л даа гэж орилж байсан, шүүгдэгч Б.Г- нь хохирогчийг холдоочээ гээд гараа хөдөлгөхөд хутганд нь өртсөн байх учраас санаатай үйлдэл байхгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэж байна. Хуульд сэжигтэн, яллагдагчийн үйлдлийг хангалттай нотолж чадаагүй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлд зааснаар хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж маргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй” байна.
-2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт” тооцно.
3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хууль зүйн хувьд санаатай, болгоомжгүй үйлдэл нь оюун санааны шинжээрээ ялгагдах ба, санаатай үйлдэл нь оюун санааны шинжийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай шинж чанарыг урьдчилан ухамсарлаж ойлгож мэдсэн, үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учрах нь зайлшгүйг урьдаас мэдэж байсан, зориуд хүсэж үйлдсэн шинжтэй байдаг.
Харин болгоомжгүй үйлдэл оюун санааны шинжийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах гэдэг нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний эрх ашигт тодорхой хохирлыг учруулах боломжтойг ухамсарласан, гэхдээ оюун санааны шинжийн хувьд хохирол хор уршиг учруулахгүй байж чадна гэж итгэж хөнгөмсгөөр найдсаныг ойлгоно.
Мөн хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан гэдэг нь үүргийн хувьд мэдсэн байх боловч хайхрамжгүй хандсан, нөгөө талаас мэдэх боломжтой байсан гэдэг нь хохирол, хор уршиг учирсан гэдгийг мэдэх бололцоотой байсан боловч хэнэггүй, анхаарал сэрэмжгүй байдлаас мэдэлгүй үйлдсэн байхыг тус тус ойлгоно.
Хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээс үзвэл хэрэг үйл явдал болох үед гэрч Э.Я-, Л.Д- нар нь өөр өрөөнд унтаж байсан, харин хохирогч Э.У-, шүүгдэгч Б.Г- нар маргалдах үед гэрч Э.Я- тэдэн дээр ирсэн байна. Энэ үед болсон үйл баримтын талаар гэрч Э.Я- мэдүүлэхдээ “...Ганбаяр ...жижигдүү хутга гартаа бариад “чи цаашаа бай” гээд Уламбаяр луу орилоод байсан. Ганбаярыг хөдөлгөхгүй гээд цээжээр нь тэвэрсэн байхад миний ард Уламбаяр ирсэн. Тэгсэн Ганбаяр ...хутга барьсан гараараа “хөөе чи цаашаа бай л даа” гээд гараараа миний зүүн гарны суган доогуур хөдлөх шиг болоход Уламбаяр “хөөе наадах чинь намайг дүрчихлээ” гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-н 18-20 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Янсанжав миний цээжнээс хөдөлгөхгүй тэвэрсэн байсан. Э.У- ...буцаад ирэхэд нь би хутгатай гараараа тэр хүнийг “чи цаашаа бай л даа” гээд орилсон, ...тэр хүн ойртоод ирсэн. Хохирогч Э.У- том биетэй хүн байсан учраас түүнээс айсан, Э.У- ойртоод ирсэн учраас айгаад найз Янсанжаваас салах гээд биеэ займчилж байхдаа тэр хүнийг хутгалсан юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч Б.Г-ын хөдөлгөөний хориглож цээжээр нь гэрч Э.Я- хөдөлгөхгүй тэвэрсэн байхад Э.Я-ын ард хохирогч Э.У- ирж зогссон, энэ үед шүүгдэгч Б.Г- нь ард байгаа хохирогч Э.У-ыг “цаашаа бай л даа” гэж хэлэн бие займчуулах буюу Э.Я-ын өөрийг нь тэвэрсэн байсан хүчийг сулруулах, болиулахаар гараараа хөдөлгөөн хийх үедээ ардаа байсан хохирогч Э.У-ыг гартаа барьсан байсан хутгаар хатгасан гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хутга барьсан байгаа нь хохирол хор уршиг бусдад учруулахыг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршигт хүргэсэн, түүний анхаарал сэрэмжгүй үйлдлээс тус гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэхээр байна. Шүүгдэгчийн мэдүүлэг нь бусад эх сурвалж баримтаар тогтоогдсон тул түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаа үнэлсэн болно.
Харин шүүгдэгчийн үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэр буюу хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд гэм буруугийн хэлбэрийн талаар гаргасан өмгөөлөгч нарын дүгнэлт үндэслэл бүхий байх тул прокуророос шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Г-ыг бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Шүүгдэгч Б.Г- нь хохирогч Э.У-ын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардал болон бусад зардалд 5.000.000 төгрөг нөхөн төлсөн байх ба, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг устгуулах гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т 2700 нэгжээр тооцон торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Г- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс буюу эхэлж маргаан үүсгэнээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал буюу хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан түүнд 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн болно.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ногоон өнгийн бариултай хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комист даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Г- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.Г-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ногоон өнгийн бариултай хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комист даалгасугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Г- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН
ШҮҮГЧИД Б.БАТБОЛОР
Д.АЛТАНЖИГҮҮР