Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 141

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Д.А,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-т холбогдох 2028000000163 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 24 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч  Д.А нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 6а-3 тоотод оршин суух Д.О-ийн гэрээс цүнхтэй 4,860,000 төгрөг, хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 4,990,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч  Д.Аын яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Д.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай эмээ харвасан ба миний хүүгийн бие нь өвдөөд хот явсан байсан. Надад мөнгөний хэрэг гараад нөхрөөсөө мөнгө асуухад байхгүй гэж хэлсэн. Оюунбилэг эгч хүүхдээ хүргэх гээд гарсан хойгуур гэр цэвэрлэж байгаад авдар дотор байсан мөнгийг авч хэрэглэсэн ба авъя гэж аваагүй яаралтай мөнгөний хэрэг гараад ийм зүйл хийсэн. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж харамсаж байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн үед Төрийн банкны данснаас машин авах зорилгоор 5,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Манай нөхөр хүнээс мөнгө аваад нийлүүлээд Хаан банк дахь дансанд хийгээд Улаанбаатар хот руу явж машин авна гэж байсан чинь тухайн хүнээс авах мөнгө хойшлогдоод би банканд мөнгөө хийж чадахгүй өөрийн гэрт авдарт хадгалж байгаад хүүхдийн хичээлийн мөнгө, сургалтын төлбөрт 140,000 төгрөг зарцуулсан үлдэгдэл 4,860,000 төгрөгийг үлдээгээд авдар дотор хар өнгийн цүнхэнд хийгээд орхисон. Уг мөнгийг үзээгүй байж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр авдар доторх мөнгө дээр нэмж хийх санаатай мөнгөө үзэхэд авдар дотор байсан мөнгө алга байсан. Гэрт байсан хүмүүсээс мөнгө алга байна та нар авсан уу гэхэд бүгд мэдэхгүй гэсэн. Тэр үед манай дүү Д.Буянбадрах, эхнэр  Д.А, манай нөхөр хүүхдүүд байсан. Би гадуур ажилтай байсан тул эрж байгаарай гээд гэрээс гараад явж байхад манай дүү Д.Буянбадрах утсаар яриад хашаан дотор байсан хог дээр хаясан гялгар ууттай хог завсар нэг хар өнгийн цүнх байна, таны цүнх мөн үү гэхэд мөн байна гэж хэлэхэд манай дүү камер шалгуулаад ирлээ гээд манай эхнэр  Д.А-т хэлээд энэ цүнхээ өөрөөр нь авхуулаадах гэсэн. Би гэртээ ирээд би камер шалгуулаад ирлээ чи тэр хийсэн газраасаа цүнх аваад ир гэхэд аваагүй гэж байгаад сүүлд нь намайг уучлаарай би мөнгийг чинь аваад өөрийн дансанд хийсэн юм. Цүнхээ үзэхэд даалинтай 2 хөөрөг байсан ба мөнгө байхгүй байсан. Нэг дэх өдөр болоод банк дээр ирэхэд таны мөнгө байхгүй үрсэн гээд байхаар нь цагдаад мэдэгдсэн юм.  ...2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 1,860,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг өгөөд миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”. /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө манай эгч Д.О авдарт байсан мөнгө алга байна гээд миний унтаж байсан өрөөнд ороод ирсэн. Тэр айлд манай эхнэр  Д.А бид хоёр гаднаас байсан. Би эхнэрээсээ чи мөнгө авсан юм уу гэхэд үгүй гэж хэлсэн. Бид нар гэрт болон хашаанд эрсэн. Тэгтэл хогийн савны хажууд байсан тортой хогийн завсар мөнгө байсан хар өнгийн цүнх байсан юм. Би эхнэрт чи авсан бол үнэнээ хэлчих би эгчид хэлээд өгчихнө гэхэд би аваагүй гээд байсан. Би эгчид утсаар та манай хүнд камер шалгуулаад ирлээ чи авсан байна гэж хэл гэсэн. Манай эгч ирээд манай эхнэрт чи авсан байна камерт бичигдсэн ба мөнгө аваад ир гэж хэлсэн. Манай хүн би авсан миний дансанд байгаа би нэг дэх өдөр аваад өгье гэж хэлсэн. Өчигдөр орой манай эхнэр надад би энэ мөнгийг хүү, эмээ хоёрын эмчилгээний зардалд явуулчихсан байгаа гэж хэлсэн. Би эгчид энэ асуудлыг хэлэхэд анхнаасаа үнэнээ хэлээгүй гээд авч хэлэлцэхгүй, цагдаа шүүх болсон байна. Ямар ч байсан эгчийг хохирол, гомдолгүй болгож өгнө“. /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/

Шүүгдэгч  Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шиг санагдаж байна. Манай нөхөр Буянбадрахын төрсөн эгч О-д Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Дундсайханы 6а-13 тоотод байх гэрт хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангах гэж ирсэн. ...2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр манай эмээ Цэрмаа Өвөрхангай аймагт цус харваад, Сэврэй суманд манай хуучин нөхрийн хүүхэд 5 настай Энххүслэнд мөнгө явуулмаар хэрэг их байсан. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Оюунбилэг эгчийн гэр орныг цэвэрлэж байгаад авдран дотор тавиур дээр жижиг хар өнгийн эмэгтэй хүний түрийвч буюу гар цүнх байхаар нь доторхыг нь нээгээд үзтэл 2 ширхэг хөөрөг, бэлнээр 4,860,000 төгрөг байхаар нь цүнхтэй нь аваад цүнхийг Оюунбилэг эгчийн хашаан дотор байх хогийн савны хажуу талд нуугаад харин мөнгөнөөс нь эмээд 500,000 төгрөгийг эмчилгээндээ хэрэглээрэй гэж шилжүүлээд, хүү Энххүслэнд 2,500,000 төгрөгийг ахуйн хэрэглээнд зарцуулаарай гэж шилжүүлсэн ба үлдэгдэл 1,860,000 төгрөгийг нь өөрийнхөө дансанд хийчихсэн байсан. 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр намайг Оюунбилэг эгчийн гэрт байж байхад эгч мөнгө байхгүй болчихсон байна гээд гэрээр нэг хэн авчив гээд хайж байгаад намайг хардаад байхаар нь би хэсэг мэдэхгүй гэж хэлсэн. Тэр өдрөө бүр дайраад байхаар нь би мөнгийг нь аваад хэрэглэсэн юм. Харин цүнх нь гадаа байгаа гээд цүнх, 2 хөөргийн хамт өгөөд 2 хоногийн дараа ахаас мөнгө ороод ирэхээр нь өгье гэж хэлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр манай эгч цагдаад өргөдөл гаргасан. Би мөнгийг нь маргааш буюу 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бүгдийг нь төлж барагдуулсан”. /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 729 дугаартай үнэлгээнд: “Гоо сайхны цүнх /кошлок/ 1 ширхэг, нэгжийн үнэ 10,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 10,000 төгрөг, чулуун хөөрөг /хятад/ 2 ширхэг, нэгжийн үнэ 60,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 120,000 төгрөг, нийт дүн 130,000 төгрөгөөр тогтоов” гэжээ. /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 06-21 дүгээр хуудас/

Шүүгдэгч  Д.А-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 42-47, 59-60 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54  дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч  Д.А-аас өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  Д.А-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч  Д.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч  Д.А нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 6а-3 тоотод оршин суух Д.О-ийн гэрээс цүнхтэй 4,860,000 төгрөг, хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 4,990,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О-ийн “...4,860,000 төгрөгийг үлдээгээд авдар дотор хар өнгийн цүнхэнд хийгээд орхисон ба 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр авдар доторх мөнгө дээр нэмж хийх санаатай мөнгөө үзэхэд авдар дотор байсан мөнгө алга байсан...  Д.А-т хийсэн газраасаа цүнх аваад ир гэхэд аваагүй гэж байгаад сүүлд нь намайг уучлаарай би мөнгийг чинь аваад өөрийн дансанд хийсэн юм. Цүнхээ үзэхэд даалинтай 2 хөөрөг байсан ба мөнгө байхгүй байсан. Нэг дэх өдөр болоод банк дээр ирэхэд таны мөнгө байхгүй үрсэн гээд байхаар нь цагдаад мэдэгдсэн юм” /хх-23-24/, гэрч Д.Б-ын “...Манай эгч ирээд манай эхнэрт чи авсан байна камерт бичигдсэн ба мөнгө аваад ир гэж хэлсэн. Манай хүн би авсан миний дансанд байгаа би нэг дэх өдөр аваад өгье гэж хэлсэн. Өчигдөр орой манай эхнэр надад би энэ мөнгийг хүү, эмээ хоёрын эмчилгээний зардалд явуулчихсан байгаа гэж хэлсэн...”, /хх- 29-30/, шүүгдэгч  Д.А-ын “...2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр О эгчийн гэр орныг цэвэрлэж байгаад авдран дотор тавиур дээр жижиг хар өнгийн эмэгтэй хүний түрийвч буюу гар цүнх байхаар нь авч, доторхыг нь нээгээд үзтэл 2 ширхэг хөөрөг, бэлнээр 4,860,000 төгрөг байхаар  цүнхтэй нь аваад цүнхийг Оюунбилэг эгчийн хашаанд дотор байх хогийн савны хажуу талд нуугаад харин мөнгөнөөс нь 500,000 төгрөгийг эмээд эмчилгээндээ хэрэглээрэй гэж, хүү Энххүслэнд 2,500,000 төгрөгийг ахуйн хэрэглээнд зарцуулаарай гэж тус тус шилжүүлсэн ба үлдэгдэл 1,860,000 төгрөгийг нь өөрийнхөө дансанд хийчихсэн байсан...” /хх-38-39/ гэсэн мэдүүлгүүд болон “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 729 дугаартай үнэлгээ зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Шүүгдэгч  Д.А нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан болох нь тогтоогдсон.

Мөн хууль зүйн хувьд хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгөд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэх, авахаас бусад тохиолдолд хууль бус үйлдэл гэж үздэг. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч  Д.А нь хохирогчийн зөвшөөрлөөр түүний гэрт байрлаж байсан тул түүнийг орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн шүүгдэгч  Д.А нь бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа бага хэмжээнээс дээш буюу 301,000 төгрөгөөс дээш бэлнээр 4,860,000 төгрөг, 10,000 төгрөгийн үнэлгээ бүхий гоо сайхны цүнх, тус бүр 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг чулуун хөөрөг зэрэг нийт 4,990,000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч  Д.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Шүүгдэгч  Д.А нь гэмт хэргийн улмаас хохирогч Д.О учруулсан 4,990,000 төгрөгөөс 10,000 төгрөгийн үнэлгээ бүхий гоо сайхны цүнх, тус бүр 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг чулуун хөөргийг тус тус биет байдлаар буцаан өгч, үлдэх 4,860,000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан байх ба хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  Д.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 4,990,000 төгрөгийг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч  Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ялын санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч  Д.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон шүүгдэгч  Д.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар тэнсэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч  Д.А тэнссэн 8 /найм/ сарын хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч  Д.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэхүү 8 сарын  хугацаанд уг үүргийг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Д.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.А-ыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч  Д.А-ыг тэнссэн 8 /найм/ сарын хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.А тэнсэгдсэн 8 /найм/ сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч  Д.О-т учруулсан 4,990,000 төгрөгөөс 10,000 төгрөгийн үнэлгээ бүхий гоо сайхны цүнх, тус бүр 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг чулуун хөөргийг тус тус биет байдлаар буцаан өгч, үлдэх 4,860,000 төгрөгийг бүрэн нөхөн төлж барагдуулсан болохыг дурдаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Д.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                       

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ