Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 142

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч  А.М,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ганболд,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.М-д 2028001310124 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: 

1. Монгол Улсын иргэн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3- т зааснаар 5 жил 8 сар хорих ял,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 8 сарын хорих ялын зарим хэсэг болох 3 жил хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял дээр нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоосон,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 6 сарын хорих ял,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 2 жил 10 сар хорих ял,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

А.М нь 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 15-30 тоотод оршин суух Д.Э-н гэрт хууль бусаар нэвтэрч 1 ширхэг их гарын мөнгөн аягийг хулгайлан авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 16-11 тоотод оршин суух С.Э-ы гэрээс /цоожгүй байсан/ түрийвчтэй бэлэн 200,000 төгрөг, гар утас зэрэг эд зүйл хулгайлан авч 330,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 02-ноос 04-ний хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 14-05 тоотод оршин суух Г.Г-ын гэрт хууль бусаар нэвтэрч 39 инчийн “Elko” брэндийн LCD загварын зурагт 1 ширхэг, эрэгтэй хүний хуучин пүүз 1 хос зэргийг хулгайлан авч 460,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 07 дугаар баг, Оюутын 06 дугаар гудамжны 22 тоотод оршин суух А.Б-ийн гэрт хууль бусаар нэвтэрч бугуйн цаг 2 ширхэг, даалингийн бэлдэц 1 ширхэг зэргийг хулгайлан авч 385,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Төгөлийн 1-6 тоотод оршин суух Г.Мөнхзулын байшинд хууль бусаар нэвтэрч монетан болон мөнгөн ээмэг, бөгж, зүүлт, хувцас, цүнх зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1,364,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурвансайханы 01-17 тоотод оршин суух Б.Ганболдын байшинд хууль бусаар нэвтэрч 1 ширхэг мөнгөн аягийг хулгайлан авч 180,000 төгрөгийн буюу бусдад нийт 3,219,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч  А.М-гийн яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  А.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтэд дурдсан 6 үйлдлийн талаар маргахгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 14 цагийн үед эхнэр, хүүхэдтэйгээ ажилтай явж байсан. Орой 21 цагийн үед гэртээ ирээд аягандаа хоол идэх гэсэн чинь миний аяга байхгүй, эхнэрийн аяга байсан. Гэрээр хайгаад олоогүй, орой 23 цагийн үед цагдаад дуудлага өгсөн. Гадуур гарч үзэхэд цонхны тавцан  шороо болоод, жижиг хөлийн мөр байсан. Цагдаа нар ирээд зургийг нь аваад явсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 05 дугаар сарын 12-ны өглөө 09 цагт хөдөө явахаар эхнэрийн хамт гэрээ цоожлоод машинтайгаа явсан. Шөнийн 03 цагт гэртээ ирэхэд гэр цоожтой байсан ба гэрээ онгойлгож унтчихаад өглөө босоод цай уух гээд ширээний шүүгээнээс мөнгөн аягаа гаргах гэтэл миний мөнгөн аяга алга болчихсон байсан. Би Шинэхүүд хэлж цагдаад дуудлага өгсөн. Тухайн өдөр манай хашаагаар хулгайн гэмт хэрэг үйлдээд ял шийтгэл эдэлж байсан  М согтуу гурав, дөрөв удаа эргэлдээд яваад байсан. Манай гэр тухайн үед цоожтой байсан. Манай хүүхэд Хатанболд ирэхэд гэр онгорхой байсан. Би цоожлоод явсан юм. Манай гэрийг онгойлгосон өөр хүн байгаагүй. Би гэрийнхээ түлхүүрийг гэрийн хацавчинд хийгээд үлдээчихсэн. Манай хүү Шинэхүүгийн хүүхэд нь Энх-Амар манай гэрээс  Мг хурдан алхаад гүйгээд гараад явсан гэсэн. Би 500,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлттэй санал нийлж байна. Би хулгайд алдсан мөнгөн аягаа олж авмаар байна.  М манай хүүхэд Шинэхүүтэй таарахдаа согтуудаа авчихсан юм шиг байна төлж өгнө гэж хэлсэн”. /нэгдүгээр хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад 10 настай ач хүү нэг хүн хашаа даваад байна гэхээр нь гэрээс гараад харахад хүн хашаа давж байх шиг байсан. Тухайн үед баруун гэрээс манай хүү Алтанхуяг гарч ирээд юу болоод байгаа талаар асуухад нь нэг хүн хашаа даваад явчих шиг боллоо гэхэд Алтанхуяг хашаан дээгүүр харахад баруун талд нэг хүн алхаж байна гэж хэлэхээр нь нөхөр Энхсайхан бид хоёр араас нь явахад нэг хүн хашааны ард талд байсан цагаан өнгөтэй суудлын машины хаалгыг татаж үзээд цаашаа явсан. Нөхөр Батбаяр бид хоёр машин дээр очоод хаалгыг нь татаж үзэхэд цоожтой байсан ба машинд хүн байгаагүй. ...Удалгүй гэртээ ирэхэд нөхөр Батбаяр чиний түрийвч, гар утаснууд алга байна. Би сая жижиг хаалган дээр  М-тай таарсан гэж хэлсэн. ...Алдагдсан утас буюу 88545563 дугаар руу залгахад утсаа авсан ба цаад хүн нь дуугарахгүй байсан. Утсаа таслаад  М-гийн дуу байна гэж хэлсэн. Цагдаад дуудлага өгч цагдаа нар ирэхэд Алтанхуяг цагдаа нартай хамт  М-гийн гэрт очоод ирэхдээ алга болсон 2 ширхэг гар утсаа  М авсан байна гээд аваад ирсэн. Би алдагдсан 2 гар утсаа олж авсан.  М-гаас түрийвчинд байсан 200,000 төгрөгөө нэхэмжилж байна”. /нэгдүгээр хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот руу гараа эмчлүүлэхээр явахдаа гэр эргэж байгаарай гэж Баярхүү ахад хэлсэн. Намайг хотод байж байхад 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед Баярхүү над руу залгаад гэрт чинь хулгай орсон юм шиг байна. Тоононы сүүдрэвч ураад, пингийн цоож байхгүй байна. Одоо цагдаад дуудлага өгөх гэж байна гэсэн. Удалгүй над руу ах залгаад гэрт байсан зурагт алга болсон байна гэж хэлсэн. Би Улаанбаатар хотоос ирээд гэрт байсан эд зүйлээ бүртгэхэд 39 инчийн “Elko” брэндийн хар өнгийн LCD загварын зурагт, пүүз алга болсон байсан. ...Зурагтыг 2017 онд аймгийн төвөөс 690,000 төгрөгөөр худалдан авч, пүүзийг 2017 онд манай төрсөн ах Баярхүү надад бэлэглэж байсан. 30,000 төгрөгөөр үнэлж байна. ...Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй”. /нэгдүгээр хавтаст хэргийн 181-184 дүгээр хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн үед босоцгоосон. ...Би унтлагын өрөөндөө ороход бурхны шүүгээний татуурга онгорхой, хадагнууд нь ил гарсан ба бурхны шүүгээний доод талд байсан авдрын таг онгорхой байсан. Мөн унтлагын өрөөний цонхны тор нь байхгүй байхаар нь гадуур хайгаад олоогүй ба пинд илүү тор байсан болохоор хийх гээд унтлагын өрөөндөө оруулсан. Бурхны гуун дээр тавьсан нөхрийн болон миний бугуйн цаг алга болсон байхаар нь хайгаад бурхны шүүгээний шургуулгад эрэгтэй хүний хиртэй оймс байхаар нь гэрт хүн орж ирсэн байна гэж мэдээд нөхөр рүүгээ залгаж цаг асуухад мэдэхгүй гэхээр нь манайд хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. Манай нөхөр цагдаад дуудлага өгсөн. ...Миний болон нөхрийн бугуйн цаг, хөөргөний даалингийн бэлдэц алга болсон. Даалингийн бэлдэц нь хөх өнгөтэй, нэг булангийн хээг оёж дууссан, голын хээний захын хээг оёсон байсан. Даалингийн оёдлын зураг нь дөрвөн буландаа хээтэй, голдоо очир хээний зурагтай байсан. ...“Casio” загварын цагийг Америк улсаас 280,000 төгрөгөөр захиалж авсан. “Rolex” загварын цагийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос 160,000 төгрөгөөр авч байсан. Хөөргөний бэлдцийг 2016 онд аймгийн төвөөс 50,000 төгрөгөөр авч байсан. 490,000 төгрөгийн хохирол учирсан. ...Гомдолтой байна, буруутай хүнээс хохирлоо гаргуулах саналтай байна”. /нэгдүгээр хавтаст хэргийн 230-231 дүгээр хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн арын цонхоор хулгайч орж гэр онгичсон байдалтай байсан ба би цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс цагаан ултай богино түрийтэй гутал нэг ширхэг, саарал өнгийн нимгэн өвлийн куртик нэг ширхэг, Дидиш сервер картын хамт ээмэг зүүлтийн хайрцаг дотор байсан ээмэг, зүүлтийн хамтаар болон үүрдэг цүнхтэй бичиг баримт зэрэг алдагдсан. Уг бичиг баримтад компанийн гэрчилгээ, тамга, тайлан, мэдээ зэрэг байсан юм. Чухал нь гэвэл компанийн гэрчилгээ, тамга хоёр л байна. ...Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Санал, хүсэлт, гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй”. /хоёрдугаар хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би эхнэр, хүүхдийн хамт өдрийн 14 цагт гэрээсээ гарч, гадуур ажилдаа явж байгаад орой 21 цагийн үед гэртээ ирээд хоол хийчихээд аягандаа хоол идэх гэхэд хайгаад олоогүй. Гараад байшингийнхаа цонхыг үзэхэд цонхны ирмэгийн шавар нурсан байхаар нь эхнэрээс асуухад шавар нураагүй, зүгээр байсан гэж хэлсэн. Гэрт хүн орж ирээд аяга аваад явсан байна гэж ойлгоод цагдаад мэдэгдсэн. Мөнгөн аяга нэг ширхэг алга болсон. Надад 130,000 төгрөгийн хохирол учирсан. Хулгайд алдагдсан аягаа буруутай хүнээс гаргуулах саналтай байна”. /хоёрдугаар хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/

Гэрч Э.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би гэрийн гадаа машинаа оролдож байхад манай эцэг Энхтүвшин дуудаад мөнгөн аяга алга болчихсон байна гэхээр нь өчигдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай хашаагаар хулгайн хэргээр ял эдэлж байгаад гарч ирсэн  М надтай уулзана гэж хашаагаар ирчихээд явсан гээд манай хадам хэлсэн. Би өчигдөр 15 цагийн үед хашаандаа ирээд байж байхад  М манай хашаанд ирээд надаас мөнгө нэхээд байхаар нь би өгөөгүй, шал согтуу гар хуруу нь цус болчихсон цагаан өнгийн фудволктай байсан. Манай хашаагаар гурван удаа орж, гарч эргэлдээд байсан. Би хашаанд  Мг эргэлдээд байхаар нь хашаанаас хөөсөн. Хулгайд алдах юмнуудаа эмхлүүлээд байсан. Манай эцэг Энхтүвшингийн гэр цоожтой байсан ба дүү Хатанболд 15 цаг 30 минутын үед манай гэрт ирээд эцгийн гадаа очиход эцгийн гэрийн хаалга онгорхой байхаар нь гэрт нь байж байгаад шампунь авсан гэсэн. Манай эхнэр гэрийн түлхүүрийг буцаагаад хацавчинд нь хийгээд орхисон гэсэн.  М манай эцгийн хашаагаар орчихоод яваад байсан. Манай хүүхэд Энх-Амар надад хэлэхдээ  Мг эцгийн хашаанаас хурдан алхаад гүйгээд гараад явсан. ...Би гэртээ байж байхад хулгай гардаг өдрөөс 8 хоногийн дараа  М уулзахаар гэрт хүрээд ирэхээр нь би  Мгаас чи дээр ирэхдээ согтуу ирчихээд аавын мөнгөн аягыг хулгайлаад аваад явчихсан юм уу чи авсан бол аваад ирээч гэж хэлэхэд би согтуудаа авчихсан байна. Би төлж өгнө, дараа уулзъя, зохицуулж өгнө гэсэн”. /нэгдүгээр хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудас/

Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Өчигдөр 15 цагийн үед очоод эцгийн гэрийн гадаа очиход гэр нь онгорхой байхаар нь гэрээ онгорхой орхичихсон юм байна гэж бодоод ороод шампунь аваад гарсан. Манай эцэг Энхтүвшин эхтэй хамт хөдөө явсан байсан”. /нэгдүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Ш.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр манай эцэг Шинэхүү өвөөгийн гэрээс мөнгөн аяга алга болсон гэсэн. Өвөөгийн гэрт хулгай гардаг өдөр цагаан фудволктой согтуу эрэгтэй хүн эцэгтэй ирж уулзаад яваад байсан хүн манай өвөө Энхтүвшингийн гэрээс гараад хурдан алхаад гүйгээд хашаанаас гараад явчихсан. Тэр өдөр манай өвөө Энхтүвшин эзгүй байсан гэрт нь хүн байгаагүй. Тэр цагаан фудволктой ахын ард талаас нь харахад урдаа хоёр гараа бариад яваад байсан”. /нэгдүгээр хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 06 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих шөнө гэртээ унтаж байхад хашааны банз дуугарч хүн хашхирах чимээ гарахаар нь би гэрээс гараад очиход эцэг, эх хоёр гэрээ гадаа зогсоод нэг согтуу хүн хашаа даваад зугтаачихлаа гэхээр нь хашаан дээгүүр харахад нэг хүн хашааны ар талаар баруун зүгт явж байхаар баруун талд хүн алхаж байна гэхэд эцэг, эх хоёулаа араас нь явсан. Би гэрт ороод байж байхад манай 11 настай хүүхэд дахиад согтуу хүн байна гээд хашхирахаар нь гараад эцэг, эх хоёрын гэрт ороход хүн байхгүй байсан. Удалгүй эцэг, эх манай хүү гурав ирээд эцэг надаас миний утсыг харав уу гэж асуухаар нь мэдэхгүй гэхэд манай хүү бас миний утас алга байна гэж хэлсэн. Эх цүнхээ үзээд цүнхэнд байсан түрийвч байхгүй байна гэхээр нь гэрийн шүүгээнд байсан мөнгө аяга үзэхэд байсан. Эцгийн алдсан утас руу залгахад нэг утсаа авчихаад дуугарахгүй цаашаа нэг хүнтэй утсаар яриад байсан. Гэрт хулгай орсон гэж ойлгоод цагдаад дуудлага өгсөн. Эцэг  Мтай хашаан дотор таарсан гэж хэлсэн болохоор цагдаа нартай хамт  Мгийн гэрт очиж уулзахад өмдний халаасанд эцгийн утас байсныг гаргаж авсан. Мөн нэг утсыг  Мгийн эх гэрээсээ гаргаж ирэхдээ  Мг 2 утастай ирсэн нэг утас нь энэ байна гээд хэлээд гаргаж өгсөн. “Нокио” загварын цэнхэр өнгөтэй гар утас, “Samsung S7” загварын дэлгэц нь нүүр нь бага зэрэг цуурсан, нэг сим ордог утас байсан. Түрийвч нь хар өнгөтэй, шар хүрээтэй, цоожтой байсан. Би эхэд ээмэг, бөгжөө ломбардаас аваарай гээд 20,000 төгрөгийн дэвсгэрт 9 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, нийт 185,000 төгрөг бэлнээр өгсөн. Эх өөрт байсан мөнгөө нэмээд түрийвчиндээ хийсэн байсан”. /нэгдүгээр хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад хүн хашаа давж байгаа чимээ гарахад манай арван настай ач гэрээс гараад нэг хүн манай хашааг давж байна гэхээр нь гэрээс гарахад нэг хүн хашаа даваад хашааны гадаа буугаад явах үед баруун гэрээс манай хүү Алтанхуяг гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэхэд нэг хүн хашаа даваад явчихлаа гэж хэлсэн. Алтанхуяг хашаан дээгүүр хараад баруун талд нэг хүн алхаж байна гэж хэлэхээр нь эхнэр Энхсайхан бид хоёр араас нь явахад хашаа давсан хүн хашааны ар талд байсан цагаан өнгөтэй суудлын машины хаалгыг татаж үзээд цаашаа зугтаасан. Эхнэр бид хоёр машин дээр очоод хаалгыг нь татаж үзэхэд цоожтой байсан ба машинд хүн байгаагүй. Буцаад гэртээ очоод хашааны ар талын хаалганы хажууд зогсож байхад  М хашаан дотроос гарч ирэхээр нь чи энд юу хийж яваа юм бэ гэхэд би яаж ч явсан яадаг юм гэж хэлэхээр нь би согтуу хүнтэй юу ч ярих билээ гэж бодоод дуугүй байсан. Гэртээ ороод эхнэрийн цүнхийг онгойлгож үзэхэд түрийвч нь алга байсан. Удалгүй гаднаас орж ирэхээр нь түрийвч чинь алга байна чи авсан уу гэхэд би аваагүй гээд өөрийн 2 утсыг хайгаад олоогүй. Хүү Алтанхуягт эхийн чинь түрийвч утас алга болсон байна гэж хэлэхэд шүүгээнд байсан мөнгөн аяга алга болсон юм биш биз дээ гээд үзэхэд мөнгө аяга байсан. Алтанхуяг алдагдсан утас руу залгахад нэг хүн утсаа авчихаад цаашаа өөр хүнтэй яриад байна.  Мгийн дуу байна гэж хэлсэн. Цагдаад дуудлага өгч цагдаа нар ирээд Алтанхуягтай  Мгийн гэр рүү явсан. Алтанхуяг буцаад ирэхдээ алдагдсан 2 утас  Мд байсан гээд аваад ирсэн. Хулгайд юм аа алдсанаас хойш 2 хоногийн дараа гадаа машинтай хүн ирээд манай хүний түрийвчийг аваад ирсэн. Хаанаас олсон талаар асуухад манай хашаанд модны завсар хийсэн байсныг оллоо. Түрийвчинд байсан иргэний үнэмлэхийн хаягаар манайхыг заалгаад ирлээ гэж хэлсэн. “Нокио” загварын цэнхэр өнгөтэй гар утас, “Samsung S7” загварын дэлгэц нь нүүр нь бага зэрэг цуурсан, түрийвч нь хар өнгөтэй, шар хүрээтэй байсан. Алдагдсан түрийвчинд бэлэн 200,00 төгрөг, манай эхнэр Энхсайханы иргэний үнэмлэх, Хаан болон Төрийн  банкны виза картууд байсан”. /нэгдүгээр хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай төрсөн дүү Ганболд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот руу эмчилгээнд явахдаа намайг манай гэрийг эргэж байгаарай гэж хэлсэн. Манай дүү Ганболдын гэр Баруунсайханы 14-05 тоотод байдаг. 2020 оны 08 дугаар сарын 02-ны өглөө Ганболдын гэрийг эргэхэд гэр нь зүгээр байсан. Өнөөдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ганболдын гэрийг эргэхээр эхнэр Туяагийн хамт очиход Ганболдын гэрийн тооны сүүдрэвчийг урчихсан пингийн хаалга онгойчихсон, цоож нь алга байхаар хулгай орсон байх гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Цагдаагийнхан ирээд үзлэг хийсэн. Дараа нь эд зүйлийг бүртгэхэд зурагт нь алга болсон байсан”. /нэгдүгээр хавтаст хэргийн 185-186 дугаар хуудас/

Гэрч Р.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Баярхүүгийн хамт Ганболдын гэрийг эргэхээр очиход Ганболдын гэрийн тооны сүүдрэвчийг урсан байдалтай, гэрийн үүдний пингийн цоож байхгүй байхаар нь хулгай орсон байна гэж бид хоёр үзээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирж үзээд дууссаны дараа гэрийн эд зүйл бүртгэхэд зурагт алга байна гэсэн”. /нэгдүгээр хавтаст хэргийн 188 дугаар хуудас/

Гэрч Ж.Аварзэд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Шарга” дэлгүүрийн хойд талд байх ахынхаа гэрээс зурагтыг нь авчихаад айлын хашаанд аваачаад хаячихсан гээд манай гэрт улаан пүүз авчирч орхичхоод явсан”. /нэгдүгээр хавтаст хэргийн 189-190 дүгээр хуудас/

Гэрч О.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2020 оны 07 дугаар сарын 29-ний орой гэртээ байж байхад 22 цагийн үед манайд  М ганцаараа ирсэн. Манайд ирэхдээ цэнхэр өнгийн даалингийн бэлдэц, 2 ширхэг бугуйн гартаа  нэг нэг гартаа зүүж ирээд даалингийн бэлдцийг надад өгөөд үүнийг оёж чадах уу чадвал оёчих гэж өгсөн. Мөн усан ягаан өнгөтэй цагийг зүүх үү гээд надад өгөхөөр нь авсан. Удалгүй надад өгсөн цагаа буцааж аваад 1 цаг өнгөрч байхад манайхаас явсан. Маргааш нь буюу 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг өнгөрч байхад манайд ирж байж байгаад өдөр 15 цагийн үед гарч явсан. Манайд ирэхдээ авч явсан 2 бугуйн цаг нь байхгүй байсан”. /нэгдүгээр хавтаст хэргийн 232 дугаар хуудас/

Гэрч Ө.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байхад цагийг сайн санахгүй байна. Манайд  М ганцаараа архи уусан халамцуу ирсэн. Манайд ирэхдээ гартаа нэг цаг зүүсэн, өмднийхөө халааснаас 1 цаг гаргаж үзүүлсэн. Мөн оёогүй цэнхэр даалингийн бэлдэцтэй ирсэн. Ягаан өнгийн эмэгтэй цагийг Тунгалагт өгөөд манайхаас явахдаа буцаагаад авсан. Нэг хар өнгийн цагийг нь надад өгчих гэхэд юу гэж чамд өгч байдгийн гэж хэлсэн.  М манайд байж байгаад удалгүй 2 цагаа аваад хөөрөгний даалингийн бэлдцийг манай эхнэр Тунгалагт оёул оёорой гэж өгчихөөд явсан. 20 цаг өнгөрч байхад  М манайд 0,75 литрийн ерөөл архи авчирч ирээд надтай хувааж уугаад би согтоод унтсан.  Гэрт ирээд архи ууж байхдаа цагаа зараад нэг юм авч ирлээ гэж ярьж байсан.  М манайд хоноод 2020 оны 07 дугаар сарын 30-ны өглөө бид хоёр хамт яваад “Дөлгөөн” дэлгүүрээс 1 шил архи аваад эхнэрийн виза картын код мэдэхгүй байсан тул барьцаанд тавиад сааданд очиж авсан архиа ууж дуусгаад би гэр рүүгээ яваад  М хаашаа явсныг мэдэхгүй”. /нэгдүгээр хавтаст хэргийн 237-238 дугаар хуудас/

2020 оны 06 дугаар сараас хойш манайхаар орж гарч байгаа. 2020 оны 06 дугаар сард байх  М нэг орой цагаан өнгийн ултай шаргал өнгийн богино түрүүтэй шагайнаас дээгүүр татсан эмэгтэй хүний шинэ шахуу гутал гялгар уутанд хийчихсэн нийлээд согтуу найз охиндоо өгөх гэж байгаа юм гэж хэлээд авчирсан. Яг хаанаас авчирсан хэний гутлыг нь мэдэхгүй. Тухайн үед би архи уучихсан согтуу байсан. Гэхдээ ухаанаа алдалтлаа согтоогүй байсан. Тэр үед мөнгө байхгүй болохоор гутлыг нь зарж мөнгө болгож архи уухаар болоод уг гутлыг зарахаар  М бид хоёр гэр хороололд байдаг “Солонго” дэлгүүрийн гадаа машинтай хүмүүст үзүүлсэн ба хүн авахгүй байсан.  М наад гутлаа зарчихаад архи аваад ир гэж хэлээд түрүүлээд манай гэр рүү яваад өгсөн. “Солонго” дэлгүүрийн гадаа машинтай хүн болгонд үзүүлээд явж байгаад загварыг нь санахгүй байна. Саарал өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй огт танихгүй машинтай дотроо 2 хүүхэдтэй 30 гаруй насны хүүхэнд үзүүлсэн чинь манай нөхөр дэлгүүр орчихсон байгаа гарч ирэхээр нь үзүүлээд авъя гэж хэлсэн. Удалгүй нөхөр нь 30 гаран насны танихгүй залуу “Солонго” дэлгүүрээс гарч ирээд эхнэр, нөхөр 2 үзэж байгаад авахаар болсон. Уг гутлыг бэлэн 10,000 төгрөгөөр зараад мөнгөөр нь “Солонго” дэлгүүрээс “Өргөө” нэртэй 0.33 литрийн архи 1 ширхэг, 1 хайрцаг тамхи аваад гэртээ очиход  М миний гутлыг ийм юм болгочихоод ирж байгаа юм уу гээд авч ирсэн архи, тамхийг голоод бид хоёр хэрэлдсэн. Уг архийг хувааж уугаад манайд унтацгаасан. Мөн 2020 оны 06 дугаар сард байх сайн санахгүй байна. Манайд согтуу ирэхдээ хар өнгийн болон ягаан өнгийн 2 цаг зүүчихсэн ирээд нэг цагийг нь манай эхнэрт өгчихөөд буцаагаад аваад явсан”. /хоёрдугаар хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас/

Гэрч Ч.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би нөхөр хүүхдийн хамт өдөр гадуур ажилтай явж байгаад оройны 21 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Хоол хийгээд нөхрийнхөө аяганд хоол хийх гээд гал тогооны шүүгээнээс аягыг авах гээд шүүгээнд үзэхэд байхгүй байхаар нь нөхрөөс асуухад мэдэхгүй гэсэн хайгаад олоогүй. Гэр цоожтой байсан цонхоо хаахаа мартаад явсан байсан болохоор цонхоор хүн ороод аяга авсан байна гэж ойлгосон. Манай нөхөр цагдаад шалгуулъя гээд дуудлага өгсөн”. /хоёрдугаар хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 517 дугаартай үнэлгээгээр: Мөнгөн аяга /их гарын 20 см диаметртэй/ нэг ширхэг, нэгжийн үнэ 500,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 500,000 төгрөг, нийт дүн 500,000 төгрөгөөр тогтоов” гэжээ. /нэгдүгээр хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 570 дугаартай үнэлгээгээр: Гар утас /Самсунг галакси С-7/ нэг ширхэг, нэгжийн үнэ 100,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 100,000 төгрөг, гар утас “Нокиа” нэг ширхэг, нэгжийн үнэ 15,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 15,000 төгрөг, түрийвч нэг ширхэг, нэгжийн үнэ 15,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 15,000 төгрөг, нийт дүн 130,000 төгрөгөөр тогтоов” гэжээ. / нэгдүгээр хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 673 дугаартай үнэлгээгээр: Өнгөт зурагт /37 инчийн Elko брэнд/ нэг ширхэг, нэгжийн үнэ 450,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 450,000 төгрөг, “Sprintframe” гэсэн бичигтэй нэг ширхэг пүүз, нэгжийн үнэ 10,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 10,000 төгрөг, нийт дүн 460,000 төгрөгөөр тогтоов” гэжээ. /нэгдүгээр хавтаст хэргийн 196 дугаар хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 662 дугаартай үнэлгээгээр: Бугуйн цаг /Rolex усны хамгаалалттай, Саффэр нүүртэй/ нэг ширхэг, нэгжийн үнэ 80,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 80,000 төгрөг, бугуйн цаг “Casio Baby-G” ус чичиргээний хамгаалалттай, сэрүүлэгтэй нэг ширхэг, нэгжийн үнэ 280,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 280,000 төгрөг, даалингийн бэлдэц нэг ширхэг, нэгжийн үнэ 25,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 25,000 төгрөг, нийт дүн 385,000 төгрөгөөр тогтоов” гэжээ. /нэгдүгээр хавтаст хэргийн 240 дүгээр хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 627 дугаартай үнэлгээгээр: Алтан бөгж /эмэгтэй/ нэг ширхэг, нэгжийн үнэ 330,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 330,000 төгрөг, эмэгтэй зүүлтний хайрцаг нэг ширхэг, нэгжийн үнэ 20,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 20,000 төгрөг, Дидишийн хүлээн авагч төхөөрөмж, карттайгаа нэг ширхэг, нэгжийн үнэ 190,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 190,000 төгрөг, гутал /эмэгтэй/ нэг хос, нэгжийн үнэ 120,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 120,000 төгрөг, монетан бөгж /эмэгтэй/ нэг ширхэг, нэгжийн 250,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 250,000 төгрөг, бугуйвч /чулуун шигтгээтэй, давхар/ нэг ширхэг, нэгжийн үнэ 100,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 100,000 төгрөг, мөнгөн бугуйвч нэг ширхэг, нэгжийн үнэ 20,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 20,000 төгрөг, хүзүүний гинж /мөнгөн/ нэг ширхэг, нэгжийн үнэ 60,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 60,000 төгрөг, энгэрийн тэмдэг /жижиг, бөөрөнхий/ нэг ширхэг, нэгжийн үнэ 5,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 5,000 төгрөг, мөнгөн ээмэг, кулон нэг хос, нэгжийн үнэ 20,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 20,000 төгрөг, мөнгөн ээмэг, кулон нэг хос, нэгжийн үнэ 20,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 20,000 төгрөг,  мөнгөн ээмэг, бөгж нэг хос, нэгжийн үнэ 20,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 20,000 төгрөг, мөнгөн ээмэг, кулон, бөгж нэг хос, нэгжийн үнэ 30,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 30,000 төгрөг, төмөр ээмэг нэг хос, нэгжийн үнэ 10,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 10,000 төгрөг, мөнгөн ээмэг нэг хос, нэгжийн үнэ 10,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 10,000 төгрөг, мөнгөн ээмэг /ягаан навчин хээтэй/ нэг хос, нэгжийн үнэ 15,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 15,000 төгрөг, мөнгөн ээмэг нэг хос, нэгжийн үнэ 15,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 15,000 төгрөг, куртик /эмэгтэй/ нэг ширхэг, нэгжийн үнэ 15,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 15,000 төгрөг, цүнх /хоёр үүргэвчтэй/ нэг ширхэг, нэгжийн үнэ 10,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 10,000 төгрөг, тамга нэг ширхэг, нэгжийн үнэ 50,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 50,000 төгрөг, улсын бүртгэлийн гэрчилгээ нэг ширхэг нэгжийн үнэ 50,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 50,000 төгрөг, нэхэмжлэх хуудас 1 боодол нэгжийн үнэ 4,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 4,000 төгрөг, нийт дүн 1,364,000 төгрөгөөр тогтоов” гэжээ. /хоёрдугаар хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 614 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Мөнгөн аяга /шинэ цагийн/ нэг ширхэг, нэгжийн үнэ 180,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 180,000 төгрөг, нийт дүн 180,000 төгрөгөөр тогтоов” гэжээ. /хоёрдугаар хавтаст хэргийн 105 дугаар хуудас/

Шүүгдэгч  А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би хэргийн талаар өмнө нь мэдүүлэг өгчихсөн байгаа. Миний өмнө нь ярьсан зүйлүүд бүгд үнэн зөв. Харин мөнгөнөөс нь 80,000 орчим төгрөг дутуу байгаа байх, гар утсыг буцаагаад өгсөн. ...2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баруунсайханы 14-5 тоотод ахындаа согтуу ганцаараа очиход гэрт нь хүн байхгүй цоожтой байхаар нь хаалгыг татаад цоожийг нь татаад цоожийг эвдээд орсон. Гэрт нь орж баруун талд байсан орны дор байх пүүзийг нь өмсөөд хойморт нь байсан зурагтыг нь аваад гэрийн хаалгаар нь гарсан. Тухайн үед би таавчигтай явж байсан байх. Согтуу байсан болохоор санахгүй байна. Би барьж явсан зурагтаа “Шарга” дэлгүүрийн хойд талын гудманд хашаа налуулаад айлын хашааны гадаа тавиад явсан. Би Аварзэдийн гэрт очоод өмсөж явсан пүүзээ тайлаад Аварзэдэд үлдээсэн. Пүүзээ өмсөөд гадаа үлдээсэн зурагтаа авах гээд Аварзэдийн гэрээс гараад зурагт үлдээсэн газраа очих гэхэд зурагт үлдээсэн газраа олоогүй. Би Ганбаярын гэрт очиж хоносон. Би Ганболд ахтай уулзаагүй удсан болохоор уулзаж мөнгө авах санаатай очсон. Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй”. /нэгдүгээр хавтаст хэргийн 80-81, 204-205 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /нэгдүгээр хавтаст хэргийн 07, 47, 165, 209, хоёрдугаар хавтаст хэргийн 24, 61, 92 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /нэгдүгээр хавтаст хэргийн 08-09, 49, 167-168, 213,  хоёрдугаар хавтаст хэргийн 62-63, 95, дугаар хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /нэгдүгээр хавтаст хэргийн 11-13, 51-52, 169-172, 214-219, хоёрдугаар хавтаст хэргийн 65-70, 96-97  дугаар хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон гэрэл зураг /нэгдүгээр хавтаст хэргийн 42-43, 45 дугаар хуудас/

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /нэгдүгээр хавтаст хэргийн 56-57, 225-226, дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /нэгдүгээр хавтаст хэргийн 175-176 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 58, 177, дугаар хуудас/,

Шүүгдэгч А.М хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 148-166, 169-170, 173-175, 179 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /нэгдүгээр хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  А.Мд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ:  А.М нь нийт 6 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн. Энэ 6 удаагийн үйлдлээс 3 үйлдэл нь бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн. 3 үйлдэл нь онгорхой байгаа орон байрнаас эд зүйл хулгайлсан болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүгдэгч  А.Мг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгчээс 500,000 төгрөг гаргуулж хохирогч Энхтүвшинд, Болордолгиод учирсан 385,000 төгрөгийн хохирлоос эд мөрийн баримтаар хураагдсан 25,000 төгрөгийн үнэтэй даалингийн бэлдцийг хасаад 360,000 төгрөгийг гаргуулж хохирогч Болордолгиод, 1,364,000 төгрөг гаргуулж хохирогч Г.Мөнхзулд, 180,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ганболдод, 80,000 төгрөг гаргуулж хохирогч Энхсайханд, 450,000 төгрөг гаргуулж хохирогч Г.Ганболдод тус тус олгох саналыг гаргаж байна гэв.

Шүүгдэгч  А.М нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.

Шүүгдэгч  А.М нь:

1. 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 15-30 тоотод оршин суух Д.Э-ийн гэрт хууль бусаар нэвтэрч 1 ширхэг их гарын мөнгөн аягийг хулгайлан авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э-ийн “...өглөө босоод цай уух гээд ширээний шүүгээнээс мөнгөн аягаа гаргах гэтэл миний мөнгөн аяга алга болчихсон байсан. Би хүүхэд Шинэхүүд хэлж цагдаад дуудлага өгсөн. Би 500,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлттэй санал нийлж байна. Би хулгайд алдсан мөнгөн аягаа олж авмаар байна...”,  /хх-17-18/, гэрч Э.Ш-ийн “...манай эцэг Энхтүвшин дуудаад мөнгөн аяга алга болчихсон байна. ...Манай хүүхэд Э надад хэлэхдээ  Мг эцгийн хашаанаас хурдан алхаад гүйгээд гараад явсан. Би  Мгаас чи дээр ирэхдээ согтуу ирчихээд аавын мөнгөн аягыг хулгайлаад аваад явчихсан юм уу чи авсан бол аваад ирээч гэж хэлэхэд би согтуудаа авчихсан байна. Би төлж өгнө, дараа уулзъя, зохицуулж өгнө гэсэн...” /хх-21-24/, гэрч Э.Х-ын “...Өчигдөр 15 цагийн үед очоод эцгийн гэрийн гадаа очиход гэр нь онгорхой байхаар нь гэрээ онгорхой орхичихсон юм байна гэж бодоод ороод шампунь аваад гарсан...”, /хх-25-26/, насанд хүрээгүй гэрч Ш.Энх-Амарын “...Өвөөгийн гэрт хулгай гардаг өдөр цагаан фудволктой согтуу эрэгтэй хүн эцэгтэй ирж уулзаад яваад байсан хүн манай өвөө Э-ийн гэрээс гараад хурдан алхаад гүйгээд хашаанаас гараад явчихсан. Тэр цагаан фудволктой ахын ард талаас нь харахад урдаа хоёр гараа бариад яваад байсан...”, /хх-28-29/, гэсэн мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 517 дугаартай үнэлгээ /хх-31/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-13/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-42-45/ зэрэг нотлох баримтуудаар,

2. 2020 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 16-11 тоотод оршин суух С.Э-ны гэрээс /цоожгүй байсан/ түрийвчтэй бэлэн 200,000 төгрөг, гар утас зэрэг эд зүйл хулгайлан авч 330,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Э “...Удалгүй гэртээ ирэхэд нөхөр Батбаяр чиний түрийвч, гар утаснууд алга байна. Би сая жижиг хаалган дээр  Мтай таарсан гэж хэлсэн. ...Алтанхуяг цагдаа нартай хамт  Мгийн гэрт очоод ирэхдээ алга болсон 2 ширхэг гар утсаа  М авсан байна гээд аваад ирсэн...”,  /хх 61-62 /, гэрч Б.Алтанхуягийн “...Удалгүй эцэг, эх манай хүү гурав ирээд эцэг надаас миний утсыг харав уу гэж асуухаар нь мэдэхгүй гэхэд манай хүү бас миний утас алга байна гэж хэлсэн. Эх цүнхээ үзээд цүнхэнд байсан түрийвч байхгүй байна. ...”Нокио” загварын цэнхэр өнгөтэй гар утас, “Samsung S7” загварын дэлгэц нь нүүр нь бага зэрэг цуурсан, нэг сим ордог утас байсан. Түрийвч нь хар өнгөтэй, шар хүрээтэй, цоожтой байсан. Би эхэд ээмэг, бөгжөө ломбардаас аваарай гээд 20,000 төгрөгийн дэвсгэрт 9 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, нийт 185,000 төгрөг бэлнээр өгсөн. Эх өөрт байсан мөнгөө нэмээд түрийвчиндээ хийсэн байсан...”, /хх- 65-66/, гэрч Н.Б-ын “...Гэртээ ороод эхнэрийн цүнхийг онгойлгож үзэхэд түрийвч нь алга байсан. Удалгүй гаднаас орж ирэхээр нь түрийвч чинь алга байна чи авсан уу гэхэд би аваагүй гээд өөрийн 2 утсыг хайгаад олоогүй. Хүү Алтанхуягт эхийн чинь түрийвч утас алга болсон байна гэхэд Алтанхуяг алдагдсан утас руу залгахад нэг хүн утсаа авчихаад цаашаа өөр хүнтэй яриад байна.  Мгийн дуу байна гэж хэлсэн.Нокио” загварын цэнхэр өнгөтэй гар утас, “Samsung S7” загварын дэлгэц нь нүүр нь бага зэрэг цуурсан, түрийвч нь хар өнгөтэй, шар хүрээтэй байсан. Алдагдсан түрийвчинд бэлэн 200,000 төгрөг, манай эхнэр Энхсайханы иргэний үнэмлэх, Хаан болон Төрийн  банкны виза картууд байсан...”, /хх- 67-68/, гэсэн мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 570 дугаартай үнэлгээ /хх-74/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-49-53/, эд мөрийн баримтаар хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-54-58/ зэрэг нотлох баримтуудаар,

3. 2020 оны 08 дугаар сарын 02-ноос 04-ний хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 14-05 тоотод оршин суух Г.Г гэрт хууль бусаар нэвтэрч 39 инчийн “Elko” брэндийн LCD загварын зурагт 1 ширхэг, эрэгтэй хүний хуучин пүүз 1 хос зэргийг хулгайлан авч 460,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г-ын “...Удалгүй над руу ах залгаад гэрт байсан зурагт алга болсон байна гэж хэлсэн. Би Улаанбаатар хотоос ирээд гэрт байсан эд зүйлээ бүртгэхэд 39 инчийн “Elko” брэндийн хар өнгийн LCD загварын зурагт, пүүз алга болсон байсан..”, /хх-181-184/, гэрч Б.Баярхүүгийн “...2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ганболдын гэрийг эргэхээр эхнэр Туяагийн хамт очиход Г-ын гэрийн тооны сүүдрэвчийг урчихсан пингийн хаалга онгойчихсон, цоож нь алга байхаар хулгай орсон байх гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. ...Дараа нь эд зүйлийг бүртгэхэд зурагт нь алга болсон байсан...”,  /хх-185-186/, гэрч Р.Т-ийн “...Би Баярхүүгийн хамт Ганболдын гэрийг эргэхээр очиход Ганболдын гэрийн тооны сүүдрэвчийг урсан байдалтай, гэрийн үүдний пингийн цоож байхгүй байхаар нь хулгай орсон байна гэж бид хоёр үзээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирж үзээд дууссаны дараа гэрийн эд зүйл бүртгэхэд зурагт алга байна гэсэн...”, /хх-188/, гэрч Ж.Аварзэдийн “...2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Шарга” дэлгүүрийн хойд талд байх ахынхаа гэрээс зурагтыг нь авчихаад айлын хашаанд аваачаад хаячихсан гээд манай гэрт улаан пүүз авчирч орхичихоод явсан...”, /хх-189-190/, гэсэн мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 673 дугаартай үнэлгээ /хх-196/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-167-172/, эд мөрийн баримтаар хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-173-177/ зэрэг нотлох баримтуудаар,

4. 2020 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 07 дугаар баг, Оюутын 06 дугаар гудамжны 22 тоотод оршин суух А.Б-ийн гэрээс /цоожгүй байсан/ бугуйн цаг 2 ширхэг, даалингийн бэлдэц 1 ширхэг зэргийг хулгайлан авч 385,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б-ийн “...Миний болон нөхрийн бугуйн цаг, хөөрөгний даалингийн бэлдэц алга болсон. Даалингийн бэлдэц нь хөх өнгөтэй, нэг булангийн хээг оёж дууссан, голын хээний захын хээг оёсон байсан. Даалингийн оёдлын зураг нь дөрвөн буландаа хээтэй, голдоо очир хээний зурагтай байсан. ...“Casio” загварын цагийг Америк улсаас 280,000 төгрөгөөр захиалж авсан. “Rolex” загварын цагийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос 160,000 төгрөгөөр авч байсан. Хөөрөгний бэлдцийг 2016 онд аймгийн төвөөс 50,000 төгрөгөөр авч байсан. 490,000 төгрөгийн хохирол учирсан...”, /хх-230-231/, гэрч О.Тунгалагийн “...Манайд ирэхдээ цэнхэр өнгийн даалингийн бэлдэц, 2 ширхэг бугуйн гартаа нэг нэг гартаа зүүж ирээд даалингийн бэлдцийг надад өгөөд үүнийг оёж чадах уу чадвал оёчих гэж өгсөн. Мөн усан ягаан өнгөтэй цагийг зүүх үү гээд надад өгөхөөр нь авсан. Удалгүй надад өгсөн цагаа буцааж аваад 1 цаг өнгөрч байхад манайхаас явсан. ...Манайд ирэхдээ авч явсан 2 бугуйн цаг нь байхгүй байсан...”, /хх-232/, гэрч Ө.Ганбаярын “...Манайд  М ганцаараа архи уусан халамцуу ирсэн. Манайд ирэхдээ гартаа нэг цаг зүүсэн, өмднийхөө халааснаас 1 цаг гаргаж үзүүлсэн. Мөн оёогүй цэнхэр даалингийн бэлдэцтэй ирсэн. Ягаан өнгийн эмэгтэй цагийг Тунгалагт өгөөд манайхаас явахдаа буцаагаад авсан. Нэг хар өнгийн цагийг нь надад өгчих гэхэд юу гэж чамд өгч байдаг юм гэж хэлсэн.  М манайд байж байгаад удалгүй 2 цагаа аваад хөөрөгний даалингийн бэлдцийг манай эхнэр Тунгалагт оёул оёорой гэж өгчихөөд явсан. ...Гэрт ирээд архи ууж байхдаа цагаа зараад нэг юм авч ирлээ гэж ярьж байсан...”, /хх-237-238/ гэсэн мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 662 дугаартай үнэлгээ /хх-240/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-213-219/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-220/ зэрэг нотлох баримтуудаар,

5. 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Төгөлийн 1-6 тоотод оршин суух Г.М-ын байшинд хууль бусаар нэвтэрч монетан болон мөнгөн ээмэг, бөгж, зүүлт, хувцас, цүнх зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1,364,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М-ын “...2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн арын цонхоор хулгайч орж гэр онгичсон байдалтай байсан....Манай гэрээс цагаан ултай богино түрийтэй гутал нэг ширхэг, саарал өнгийн нимгэн өвлийн куртик нэг ширхэг, Дидиш сервер картын хамт ээмэг зүүлтний хайрцаг дотор байсан ээмэг, зүүлтний хамтаар болон үүрдэг цүнхтэй бичиг баримт зэрэг алдагдсан. Уг бичиг баримтад компанийн гэрчилгээ, тамга, тайлан, мэдээ зэрэг байсан...”,  /хх-74-75/, гэсэн мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 627 дугаартай үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 81-82/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хавтаст хэргийн 62-70/ зэрэг нотлох баримтуудаар,

6. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурвансайханы 01-17 тоотод оршин суух Б.Г-ын байшингаас /цонх нь онгорхой байсан/ 1 ширхэг мөнгөн аягийг хулгайлан авч 180,000 төгрөгийн буюу бусдад нийт 3,219,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г-ын “...орой 21 цагийн үед гэртээ ирээд хоол хийчихээд аягандаа хоол идэх гэхэд хайгаад олоогүй. Мөнгөн аяга нэг ширхэг алга болсон...”, /хх-100-101/, гэрч Ч.Хонгорзулын “...Хоол хийгээд нөхрийнхөө аяганд хоол хийх гээд гал тогооны шүүгээнээс аягыг авах гээд шүүгээнд үзэхэд байхгүй байхаар нь нөхрөөс асуухад мэдэхгүй гэсэн хайгаад олоогүй. Гэр цоожтой байсан цонхоо хаахаа мартаад явсан байсан болохоор цонхоор хүн ороод аяга авсан байна гэж ойлгосон...”, /хх-102-103/, гэсэн мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 614 дугаартай үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 105/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 95-97/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч  А.М-гийн бусдын эд хөрөнгөд халдсан хууль бус үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч  А.М нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 29-ний хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр иргэн С.Э-ны гэрээс /цоожгүй байсан/ түрийвчтэй бэлэн 200,000 төгрөг, гар утас зэрэг эд зүйлийн хулгайлан авч 500,000 төгрөгийн, А.Б-ийн гэрээс /цоожгүй байсан/ 2 ширхэг бугуйн цаг, даалингийн бэлдэц 1 ширхэг зэргийг хулгайлан авч 385,000 төгрөгийн, Б.Г-ын гэрээс /цонх нь онгорхой байсан/ 1 ширхэг мөнгөн аягийг хулгайлан авч 180,000 төгрөгийн хохирол тус тус учруулахдаа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан билээ.

Шүүгдэгч  А.М нь 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр иргэн Д.Э-ийн гэрээс /цоожтой байсан/ 1 ширхэг их гарын мөнгөн аягийг хулгайлан авч 500,000 төгрөгийн, Г.Г-ын гэрээс /цоожтой байсан/ 39 инчийн “Elko” брэндийн LCD загварын зурагт 1 ширхэг, эрэгтэй хүний хуучин пүүз 1 хос зэргийг хулгайлан авч 460,000 төгрөгийн, Г.М-ын байшингаас /цоожтой байсан/ монетан болон мөнгөн ээмэг, бөгж, зүүлт, хувцас, цүнх зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авч 1,364,000 төгрөгийн хохирол тус тус учруулахдаа оронд байран хууль бусаар нэвтэрсэн болох нь хохирогч Д.Э-ийн “... М гэх хүн согтуу 3-4 удаа эргэлдээд яваад байсан гэсэн. Манай гэр тухайн үед цоожтой байсан бөгөөд манай хүүхэд Хатанболд ирэхэд манай гэр онгорхой байсан гэсэн. Би уг нь цоожлоод, түлхүүрийг гэрийн хацавчинд хийгээд үлдээчихсэн байсан. Манай гэрийг өөр онгойлгосон хүн байгаагүй. Тухайн үед манай хүү Шинэхүүгийн хүүхэд Энх-Амар нь манай гэрээс  М хурдан алхаад гүйгээд гараад явсан гэсэн.”, гэрч Э.Ш-ийн “... А.М манай хашаагаар 3 удаа орж гарч эргэлдээд яваад байсан. Манай аав Э-ийн гэр цоожтой байсан. Хатанболд 15 цаг 30 минутын үед манай аавын гэрт очиход хаалга нь онгорхой байсан гэсэн”, гэрч Э.Х-ын “...Аавын гэрт 15 цагийн үед очиход гэр нь онгорхой байхаар нь гэрээ онгорхой орхичихсон юм байна гэж бодоод ороод шампунь аваад гарсан”, насанд хүрээгүй гэрч Ш.Э-ын “...Өвөөгийн гэрт хулгай ордог өдөр цагаан футболктай согтуу эрэгтэй хүн аавтай ирж уулзахаар яваад байсан. Тэр хүн манай өвөө Э-ийн гэрээс гараад хурдан алхаад гүйгээд хашаанаас гараад явчихсан”, хохирогч Г.Ганболдын “...2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед манай ах Баярхүү залгаад гэрт чинь хулгай орсон юм шиг байна тоононы сүүдрэвчийг ураад, пингийн цоож байхгүй байна гэж хэлсэн”, гэрч Б.Баярхүүгийн “...2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ганболдын гэрийг эргэхээр эхнэр Туяагийн хамт очиход Ганболдын гэрийн тоононы сүүдрэвчийг урчихсан, пингийн хаалга онгойчихсон цоож нь алга байхаар нь хулгай орсон байх гэж бодоод цагдаад дуудлага өгсөн...”, гэрч Р.Т-ийн “...нөхөр  Баярхүүгийн хамт Ганболдын гэрийг эргэхээр очиход гэрийн тоононы сүүдрэвчийг урсан байдалтай, гэрийн үүдний пингийн цоож байхгүй байсан...”, шүүгдэгч  А.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баруунсайханы 14-05 тоотод /Г.Г-ын гэр/ ахындаа согтуу ганцаараа очсон чинь гэрт нь хүн байхгүй, цоожтой байхаар нь хаалгыг нь хүчтэй татаад цоожийг нь эвдээд орсон”, хохирогч Г.М-ын “...гэртээ ирэхэд манай байшингийн арын цонхоор хулгайч орж гэр онгичсон байдалтай байсан” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон байх ба прокуророос энэхүү үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул  А.М-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч  А.М-гийн буруутай үйлдлийн улмаас Д.Э-д 500,000 төгрөг, С.Э-д 330,000 төгрөг, Г.Г-д 460,000 төгрөг, А.Б-д 385,000 төгрөг, Г.М-д 1,364,000 төгрөг, Б.Г-д 180,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 517,  2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 570, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 673, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 662, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 627, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 614 дугаартай үнэлгээнүүдээр тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Э-д 130,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung S-7” загварын гар утас, “Нокиа” загварын гар утас, түрийвч, бэлнээр 120,000 төгрөгийг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г-д 10,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Sprintframe” гэсэн бичигтэй 1 хос пүүзийг тус тус биет байдлаар буцаан олгосноос бусад хохирлыг төлж барагдуулаагүй байна.  

Иймд шүүгдэгч  А.М-гаас 500,000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э-д, 180,000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г-д, 80,000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Э-д, 450,000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г-д, 360,000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б-д, 1,364,000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М-д тус тус олгохоор шийдвэрлэлээ. Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б-д нийт 385,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд уг хохирлоос эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25,000 төгрөгийн үнэлгээ бүхий даалингийн бэлдцийн үнийг хасаж, үлдэх хохирол болох 360,000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Э, Г.Г нарт мөрдөн шалгах ажиллагааны явцад биет байдлаар буцаан өгсөн дээрх эд зүйлүүдийг тус тус хассан дүнгээр гаргуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч  А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөр төлөгдөөгүй. Шүүхээс хохирол төлбөрийг гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан даалингийн бэлдэц гэх 2 ширхэг даавууг хохирогч А.Б-д буцаан олгох, эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн хуучин оймсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Харин таньж олуулах ажиллагааг бэхжүүлсэн DVD нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах саналтай байна. Шүүгдэгчид 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгчийн өнөөдрийг хүртэл хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцох, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр гарах хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргав.

Шүүгдэгч  А.М нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Иймд хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх агуулгатай тайлбар гаргасан.

Шүүгдэгч  А.М-гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Ийнхүү  А.М-г хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Шүүгдэгч  А.М-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  А.М-д оногдуулсан 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний 2020 оны 08 дугаар сарын 13-наас хойш цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч  А.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Бусад асуудлаар.

Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн /хуучин/ 1 хос оймсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн даалингийн бэлдэц /даавуу/ 2 ширхэгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, хэрэгт  хавсаргаж ирүүлсэн таньж олуулах ажиллагааг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий DVD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч  А.Мд холбогдох хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А.М-г хүн байнга амьдрах орон байранд  хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч  А.М-г 3 /гурав/ жил 8  /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  А.М-д оногдуулсан 3 /гурав/ жил  8  /найм/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  А.М-гийн цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч  А.М  нь хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Э-д 130,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung S-7” загварын гар утас, “Нокиа” загварын гар утас, түрийвч, бэлнээр 120,000 төгрөгийг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г-д 10,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Sprintframe гэсэн бичигтэй” 1 хос пүүзийг тус тус биет байдлаар буцаан олгосон болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  А.Мгаас 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э-д, 80,000 /наян мянга/ төгрөгийг гаргуулан  хохирогч иргэний нэхэмжлэгч С.Э-д, 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г-д, 360,000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б-д, 1,364,000 /нэг сая гурван зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М-д, 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г-д тус тус олгосугай.

7.  Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн /хуучин/ 1 хос оймсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.   

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн даалингийн бэлдэц /даавуу/ 2 ширхгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б-д  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

9.  Хэрэгт  хавсаргаж ирүүлсэн таньж олуулах ажиллагааг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий DVD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ