| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2020/0140/Э |
| Дугаар | 144 |
| Огноо | 2020-10-13 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 144
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Ц.Ц,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Ц-д холбогдох 2028000000160 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм баг “Толийн худаг” гэх газарт оршин суух Д.Т-ийн гэрийн гадаа байсан улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Bers” нэртэй мотоцикл, 20 литр бензин, гэрт байсан цүнхнээс 220,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1,252,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Ц-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө Баяндалай сумын Төхөм багийн нутаг “Толийн худаг” гэх газарт гэрээсээ 07 цаг 30 минутын үед гарсан. Би гэрээсээ гарахдаа иргэн Ц гэж хүнийг гэр, мал харж байгаарай гэж гэрт үлдээгээд явсан. Намайг тэр өдрийн орой 21 цагийн үед гэртээ ирэхэд миний Хятад улсад үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн мотоцикл, гэрийн гадаа байсан 20 литр бензин, гэр дотор хар өнгийн цүнхэнд хүрэн өнгийн түрийвчинд байсан 20,000 төгрөгийн дэвсгэрт 11 ширхэг буюу 220,000 төгрөг хулгайлж аваад явсан байна. Би тэр ойр байх айлаас сураад байсан ирэхгүй болохоор нь цагдаад хандсан. ...Миний мотоциклыг цагдаа нар олж өгсөн. Бүрэн бүтэн хүлээн авсан. Ц-аас 220,000 төгрөг, 20 литр бензинийг авахгүй. Одоо надад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Ү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр намайг Мандал-Овоо суманд байж байхад хажуу айлд манай сумын биш бололтой нэг халзан толгойтой жижигхэн ядарсан шинжтэй ах цай уугаад сууж байсан. Тэр ах надад би мотоциклоо зарна авах хүн байна уу гэж асуухаар нь би хүнээс сураад, мэдэж байя. Би өөрөө сонирхъё, хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм бэ гэсэн чинь 500,000 төгрөгөөр зарна гэсэн. Би мотоциклыг очиж үзтэл гайгүй цэвэрхэн эдэлсэн, цэнхэр өнгийн шинэвтэр мотоцикл байхаар нь яагаад ийм хямдхан зарах гээд байгааг нь асуухад би хөгшрөөд мотоцикл унаж явахад хэцүү байна гэж хэлсэн. Би мотоциклыг авахаар тохиролцоход бэлэн 500,000 төгрөг одоо хэрэгтэй байна гэхээр нь надад тийм их хэмжээний мөнгө байхгүй, би 3 хоногийн дараа мөнгийг нь бүрдүүлээд өгье гэсэн чинь тэгье ах нь байж байя, харин ахад нь мөнгө байхгүй байна. Надад бэлэн мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би өөртөө байсан 150,000 төгрөгийг гаргаж өгөөд үлдэгдэл мөнгийг нь даваа гаригт өгье гэж хэлсэн. Би тэр ахыг буудалд оруулж өгөхөд ах дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи, 1 ширхэг 2,5 литрийн том пиво аваад буудал руу орсон. Би орой нь буудалд ортол тэр ах нэлээн согтуу байхаар нь та наад мөнгөө хаячихваа, надад мөнгөө үлдээх юм уу гэсэн чинь тэгье гээд надад 120,000 төгрөг үлдээсэн. Маргааш өглөө нь буудалд очтол тэр ах нэлээн согтуу надад 20,000 төгрөг өгчих гэхээр нь би 20,000 төгрөг өгөөд таны гэр бүл рүү чинь залгах уу гэхэд хэрэггүй, манай эгч рүү залгачих гээд надад дугаарыг нь өгөхөөр нь тэр дугаар руу залгаад чанга яригч дээр тавиад өгтөл тэр эмэгтэй чи чинь яагаад хүний мотоцикл аваад явчихдаг хүн бэ гээд загнахаар нь би тэр хүнийг хулгайлчихсан юм байна гэдгийг нь мэдсэн. 50,000 төгрөг Ц-д өгсөн болохоор тэр мөнгөө нэхэмжилнэ. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй”. /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ-820/10 дугаартай үнэлгээнд: “Бэрс мотоцикл 1 ширхэг, нэгжийн үнэ 1,050,000 төгрөг, нийт элэгдэл тооцсон үнэ 1,000,000 төгрөг, А-80 бензин 20 литр, нэгжийн үнэ 1,600 төгрөг, нийт элэгдэл тооцсон үнэ 32,000 төгрөг, нийт үнэ 1,032,000 төгрөгөөр тогтоов” гэжээ. /хавтаст хэргийн 33-36 дугаар хуудас/
Шүүгдэгч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймаг Баяндалай сумын Төхөм багийн нутагт оршин суух Д.Т гэдэг ганцаараа амьдардаг найзындаа очиж тус болох санаатай, малыг нь харалцсан. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө Д.Т нь айл нүүлгэх гээд 60 орчим километр зайтай явчихаар нь би малыг нь эргүүлчихээд Д.Т гэрийнх нь баруун хойд талд байх түрийвчинд нь байсан 220,000 төгрөгийг гаргаж аваад гэрийнх нь ард байх шар усны савны дундуур байсан бензиний Т эзэмшлийн цэнхэр өнгийн Бэрс гэсэн нэртэй мотоциклд хийж унаад, 13-14 цагийн орчимд Булган сум руу явсан. Орой 17-18 цагийн үед Булган сумын төв дээр очоод нэг дэлгүүрээс 9,000 төгрөгөөр 0,5 литрийн 2 шил Ерөөл нэртэй архи аваад нэг шил архиа урдуураа задгай айлын хашааны гадна ууж дуусгачихаад, тухайн айлын хашаан дотор нь ороод гадаа унтаад өгсөн. 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө үүрээр 05 цагийн үед Мандал-Овоо сум руу гараад замдаа Булганаас авсан нэг шил архиа ууж дуусгаад өдөр 14 цагийн үед сумын төв дээр ирээд 30 гаруй насны залуу таарахаар нь хоолны газар хаана байдаг юм гээд буу халж байгаад Үүрийнтуяа гэдэг 30 гаруй насны эмэгтэйн гэрт очиж хоол унд идээд Үүрийнтуяад 20,000 төгрөг өгөөд удалгүй Үүрийнтуяа 0,5 литрийн 2 шил Ерөөл нэртэй архи авч ирээд, 2 шил архиа шөнөдөө ганцаараа ууж дуусгачихаад, буудал орж унтсан. Маргааш нь би нэлээн их согтчихоод ухаан санаа орж гараад байсан. ...Үүрийнтуяагийн утаснаас өөрийн төрсөн эгч болох Зина руу залгахад манай эгч чи хаана явна, чамайг фэйсбүүк дээр цагдаагаас хайгаад байна гээд тавьчихсан байна гэхээр нь би Мандал-Овоо дээр байна гэсэн. Манай эгч Улаанаагийн эхнэртэй утсаар ярьсан. Улаанаагийн эхнэр эндээ байж бай. Удахгүй цагдаа нар ирнэ гэсэн. Би тэр айлд байж байтал удалгүй цагдаа ирээд намайг бариад аваад явсан. ...Би мөнгө авсан эсэхээ санахгүй байна”. /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/
Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-12, 14-17 дугаар хуудас/
Шүүгдэгч Ц.Ц-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 47-49, 52, 65-76 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Цогжаргалд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм баг “Толийн худаг” гэх газарт оршин суух Д.Т-ийн гэрийн гадаа байсан улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Bers” нэртэй мотоцикл, 20 литр бензин, гэрт байсан цүнхнээс 220,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1,252,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мотоциклыг хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Ц-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т-д 1,252,000 төгрөгийн хохирол учирснаас 1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклыг буцаан өгсөн. Хохирогч Түвшинтөр нь 32,000 төгрөгийг үнэлгээ бүхий бензин, бэлнээр алдагдсан 220,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан. Хэдийгээр шүүгдэгчийн хувьд 32,000 төгрөгийг хохирогчид төлсөн гэж байгаа боловч энэ талаар нотлох баримт байхгүй. Хохирогч энэ мөнгийг нэхэмжлэхээс татгалзсан. Иргэний нэхэмжлэгч Үүрийнтуяад 50,000 төгрөгийн хохирол учирсан. Хохирол одоогийн байдлаар төлөгдөөгүй байна. Ийм учраас шүүгдэгчээс 50,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Ү-д олгуулах саналыг гаргав.
Шүүгдэгч Ц.Ц нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Ц-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ц.Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм баг “Толийн худаг” гэх газарт оршин суух Д.Т-ийн гэрийн гадаа байсан улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Bers” нэртэй мотоцикл, 20 литр бензин, гэрт байсан цүнхнээс 220,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1,252,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т-ийн “...Би гэрээсээ гарахдаа иргэн Ц гэж хүнийг гэр, мал харж байгаарай гэж гэрт үлдээгээд явсан. Намайг тэр өдрийн орой 21 цагийн үед гэртээ ирэхэд миний Хятад улсад үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн мотоцикл, гэрийн гадаа байсан 20 литр бензин, гэр дотор хар өнгийн цүнхэнд хүрэн өнгийн түрийвчинд байсан 20,000 төгрөгийн дэвсгэрт 11 ширхэг буюу 220,000 төгрөг хулгайлж аваад явсан байна. Би тэр ойр байх айлаас сураад байсан ирэхгүй болохоор нь цагдаад хандсан...”, /хх 20-23/, иргэний нэхэмжлэгч Ц.Ү “...Би тэр ахаас мотоциклыг авахаар тохиролцоход бэлэн 500,000 төгрөг одоо хэрэгтэй байна гэхээр нь надад тийм их хэмжээний мөнгө байхгүй, би 3 хоногийн дараа мөнгийг нь бүрдүүлээд өгье гэсэн чинь тэгье ах нь байж байя, харин ахад нь мөнгө байхгүй байна, надад бэлэн мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би өөртөө байсан 150,000 төгрөгийг гаргаж өгөөд үлдэгдэл мөнгийг нь даваа гаригт өгье гэж хэлсэн. Би орой нь буудалд ортол тэр ах нэлээн согтуу байхаар нь та наад мөнгөө хаячихваа, надад мөнгөө үлдээх юм уу гэхэд тэгье гээд надад 120,000 төгрөг үлдээсэн. Маргааш өглөө нь буудалд очтол тэр ах нэлээн согтуу надад 20,000 төгрөг өгчих гэхээр нь би 20,000 төгрөг өгсөн. Таны гэр бүл рүү чинь залгах уу гэхэд хэрэггүй, манай эгч рүү залгачих гээд надад дугаарыг өгөхөөр нь тэр дугаар руу залгаад чанга яригч дээр тавиад өгтөл тэр эмэгтэй чи чинь яагаад хүний мотоцикл аваад явчихдаг хүн бэ гээд загнахаар нь би тэр хүнийг хулгайлчихсан юм байна гэдгийг нь мэдсэн...” /хх- 25-26/, шүүгдэгч Ц.Ц-ын “...Д.Т-ийн гэрийнх нь баруун хойд талд байх түрийвчинд нь байсан 220,000 төгрөгийг гаргаж аваад гэрийнх нь ард байх шар усны савны дундуур байсан бензинийг Түвшинтөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн Бэрс гэсэн нэртэй мотоциклд хийж унаад, 13-14 цагийн орчимд Булган сум руу явсан. ...Үүрийнтуяа гэдэг 30 гаруй насны эмэгтэйн гэрт очиж хоол унд идээд Үүрийнтуяад 20,000 төгрөг өгөөд удалгүй Үүрийнтуяа 0,5 литрийн 2 шил Ерөөл нэртэй архи авч ирээд, 2 шил архиа шөнөдөө ганцаараа ууж дуусгачихаад, буудал орж унтсан. ...Би мөнгө авсан эсэхээ санахгүй байна...” /хх-43-44/ гэсэн мэдүүлгүүд болон “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ-820/10 дугаартай үнэлгээний дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мотоциклд хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.
Ийнхүү шүүгдэгч Ц.Ц нь дээрх бусдын өмчид халдсан хууль бус үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм баг “Толийн худаг” гэх газарт оршин суух Д.Т-ийн гэрийн гадаа байсан улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Bers” нэртэй мотоцикл, 20 литр бензин, гэрт байсан цүнхнээс 220,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1,252,000 төгрөгийн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Ц.Ц-ын буруутай үйлдлийн улмаас Д.Т-д 1,252,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Ү-д 50,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ-820/10 дугаартай үнэлгээ болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т-д 1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Бэрс” загварын мотоциклыг биет байдлаар буцаан өгсөн ба хохирогчийн зүгээс 32,000 төгрөгийн үнэ бүхий бензин, бэлнээр алдагдсан 220,000 төгрөгийг тус тус нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Ц.Ц-аас 50,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ц.Үүрийнтуяад олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Түвшинтөрд 1,252,000 төгрөгийн хохирол учирсан. Хохирогчид хохирол төлбөр биет байдлаар барагдсан. 220,000 төгрөгийн хохирол болон 20 литр бензиний үнийг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн учраас хохирогчид төлөх төлбөр байхгүй. Иргэний нэхэмжлэгч Үүрийнтуяад учирсан 50,000 төгрөгийг шүүгдэгч төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй. Иймд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авхуулах саналыг гаргав.
Шүүгдэгч Ц.Ц нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй, иргэний нэхэмжлэгч Ц.Ү-д учруулсан 50,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, хувьдаа 50 тооны бог малтай, сарын 350,000 төгрөгийн цалинтай тул төлөх боломжтой. Иймд миний хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх агуулгатай тайлбар гаргасан.
Шүүгдэгч Ц.Ц нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд 1999, 2014 онуудад хулгайлах гэмт хэргээр шүүхээс ял шийтгүүлж байсан талаар бүртгэгдсэн боловч 2014 оноос хойш дахин гэмт хэрэгт холбогдоогүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т-д төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Ц.Ү-д учруулсан 50,000 төгрөгийг төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Ц.Ц хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ү-д учруулсан 50,000 төгрөгийг төлж барагдуулаагүй боловч шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдааны явцад хөдөө айлын мал маллаж сардаа 350,000 төгрөгийн цалин авдаг, хувьдаа 50 тооны бог малтай гэх тайлбарыг гаргасан бөгөөд түүний энэхүү цалин хөлс орлоготой нөхцөл байдлыг харгалзан төлөхөө илэрхийлсэнд тооцож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр зохицуулжээ.
Шүүгдэгч Ц.Ц-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Иймд шүүгдэгч Ц.Ц-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /54 настай/, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Ц-д тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Ц нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Ц-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Ц-д тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-аас 50,000 /тавин мянга/ төгрөг гаргуулан Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум, 1 дүгээр баг, Дэнж 1-5 тоотод оршин суух хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ү-д олгосугай.
7. Шүүгдэгч Ц.Ц нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т-д 1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Бэрс” загварын мотоциклыг биет байдлаар буцаан олгож, 32,000 төгрөгийн үнэ бүхий түлш, 220,000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т нэхэмжлэхээс татгалзсан болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ