Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0424

 

 

 

 

           “Н К” ХХК-ийн

                                    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, В.Б нар,

Нэхэмжлэгч: “Н К” ХХК,

Хариуцагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,

Нэхэмжлэлийн шаардлага: “1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дүгээр “Бодлогын гэрээ”-ний 1.6-д “Гэрээний хавсралт дахь “Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнэ”-ийг баримтлаагүй, ...”, 2.2.1-д “...хавсралт 1-д заасан баримтлах үнээс багагүй үнээр...”, 2.4-д “... гэрээний хавсралт 1-д заасан үнийг баримтлан ...”, 3.2-т “... Гэрээний хавсралт 1-д зааснаас багагүй үнээр ...” гэж заасан хэсгүүдийг болон гэрээний “хавсралт 1”-ийг бүхэлд нь тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дүгээр “Бодлогын гэрээ”-ний улмаас учирсан хохирол 900,000,000 /есөн зуун сая/ төгрөгийг гаргуулах”,

3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дүгээр “Бодлогын гэрээ”-ний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус байсан болохыг тогтоолгох”,  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чимгээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, В.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2020/0895/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н К” ХХК нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дүгээр “Бодлогын гэрээ”-ний 1.6-д “Гэрээний хавсралт дахь “Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнэ”-ийг баримтлаагүй, ...”, 2.2.1-д “...хавсралт 1-д заасан баримтлах үнээс багагүй үнээр...”, 2.4-д “... гэрээний хавсралт 1-д заасан үнийг баримтлан ...”, 3.2-т “... Гэрээний хавсралт 1-д зааснаас багагүй үнээр ...” гэж заасан хэсгүүдийг болон гэрээний “хавсралт 1”-ийг бүхэлд нь тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дүгээр “Бодлогын гэрээ”-ний улмаас учирсан хохирол 900,000,000 /есөн зуун сая/ төгрөгийг гаргуулах”,

3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дүгээр “Бодлогын гэрээ”-ний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 104 дүгээр зүйлийн 104.4, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.4, 13.2.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Н К” ХХК-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дүгээр “Бодлогын гэрээ”-ний “Хавсралт 1”-ийн Хэнтий, Дундговь аймгуудаас худалдан авах ноолуурын доод үнийг 105,000, 85,000 төгрөгөөр тогтоосон хэсгийг, мөн гэрээний 1.6-д “Гэрээний хавсралт дахь “Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнэ”-ийг баримтлаагүй...”, 2.2.1-д “...хавсралт 1-д заасан баримтлах үнээс багагүй үнээр...”, 2.4-д “... гэрээний хавсралт 1-д заасан үнийг баримтлан ...”, 3.2-т “... Гэрээний хавсралт 1-д зааснаас багагүй үнээр ...” гэж заасан хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, “Бодлогын гэрээ”-ний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эс үйлдэхүй нь хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, үлдэх хэсэг болох “ “Бодлогын гэрээ”-ний “Хавсралт 1”-ийн Хэнтий, Дундговь аймгаас бусад аймагт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дүгээр “Бодлогын гэрээ”-ний улмаас учирсан хохирол 900,000,000 /есөн зуун сая/ төгрөгийг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож”,

2 дахь заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.4-д зааснаар нэхэмжлэгч “Н К” ХХК нь хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дүгээр илт хууль бус “Бодлогын гэрээ”-ний улмаас учирсан хохирлоо иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, В.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн.

            3.2. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 101 дүгээр тогтоолын дагуу Олон улсад шинэ коронавирус (Covid-19)-ийн халдвар дэгдсэний өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хилийн хязгаарлалт тавьсантай холбогдуулан ноолуурын салбарыг дэмжих зорилгоор тодорхой хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж ажиллахыг Сангийн сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгаж, мөн энэ тогтоолоор түүхий эдийн нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах арга хэмжээг тухай бүр нь авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгасан. Тогтоолын 1 дэх заалтаар ноолуур бэлтгэхэд зориулан 300.0 /гурван зуун/ хүртэл тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай, зээлдэгч 3 хувийн хүү төлөх нөхцөлөөр олгох, түүхий эд барьцаалах, зээлдэгчийн бонд болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдан авах замаар санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг судалсны үндсэн дээр Хөгжлийн банкны болон арилжааны банкны эх үүсвэрээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх талаар арга хэмжээ авахыг Монгол Улсын Хөгжлийн банкинд даалгасан. Уг ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам болон Хөгжлийн банк хооронд 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 200403/01/093, 3/28, 32 дугаар бүхий “Зээлийн хүүгийн хөнгөлөлтийн зардлыг санхүүжүүлэх” гэрээ байгуулсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор 2020 оны 4 дүгээр сард нэр бүхий 5 аж ахуйн нэгжтэй “Ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээлээр 2020 онд ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, арга зүйн удирдамж, чиглэлээр хангахтай холбогдон талуудын хооронд үүсэх харилцаа, хамтын ажиллагааг зохицуулах” тухай “Бодлогын гэрээ” байгуулсан.

            3.3. 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Н К” ХХК-ийн захирал Н.Сос 2008 дугаар “Дэмжлэг хүсэх тухай” “... Засгийн газрын ноолуур бэлтгэх 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй байна. Манай компани нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Бодлогын гэрээ”-г хүлээн зөвшөөрч 200 тн ноолуур бэлтгэх буюу 20 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтийг гаргаж байна. Иймд хөгжлийн банкинд манай хүсэлтийг уламжилж өгнө үү” гэсэн албан бичиг ирүүлсэн. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20/41 дүгээр албан бичгээр “Тус компани Засгийн газрын ноолуур бэлтгэх 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй байна. Манай компани нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнийг зөвшөөрч байгаа тул 200 тн ноолуур бэлтгэх бодлогын гэрээг байгуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, уг албан бичгийн хавсралтад “Орон нутгаас бэлтгэх түүхий эд бэлтгэлийн явц, төлөвлөгөө”-ний дагуу Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Өвөрхангай, Булган, Увс, Баян-Өлгий, бусад аймгийн хэмжээнд нийт 200 кг ноолуурыг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд худалдан авч бэлтгэх талаар мөн хавсралтад дурдсан үнийг бүрэн хүлээн зөвшөөрч гэрээ байгуулах хүсэлт гаргасан байдаг.

            3.4. “Н К” ХХК-ийн гаргасан хүсэлтүүдийг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 200420/01/121 дүгээр бүхий “Бодлогын гэрээ”-г байгуулсан. Гэрээгээр “Бодлогын гэрээ” байгуулсан өдрөөс хөнгөлөлттэй зээлийг 1 жилийн хугацаатай гэрээний хавсралтад зааснаас багагүй үнээр түүхий ноолуур худалдан авах зориулалттайгаар ашиглах нөхцөлтэй байгуулсан. Мөн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан 32 дугаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” тогтоолын 3 дахь заалтаар “Малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан байдаг. Эдгээр Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн, цар тахлын хатуу дэглэмийн үед нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу “Бодлогын гэрээ” байгуулж, нэхэмжлэгч “Н К” ХХК нь гэрээний холбогдох заалтуудыг бүрэн хүлээн зөвшөөрч, яамны зүгээс бодлогоор дэмжиж холбогдох банкуудад уламжилж дэмжсэн байтал эдгээр нөхцөл байдал, нотлох баримтуудыг шүүх үнэлсэнгүй.

            3.5. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Засгийн газарт “Малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор авч хэрэгжүүлэх” арга хэмжээний талаар Улсын Их Хурлаас даалгасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хамгийн шуурхай бодитой дэмжих боломжтой байсан ажлын хүрээнд ноолуурын үйлдвэрүүдэд дэмжлэг олгох асуудал байсан. Энэ ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн сайд ноолуурын үнийг бүсчлэн тогтоосон талаар Улсын Их Хурлын нэгдсэн чуулганд асуулгаар оролцож, тэмдэглэлд тусгагдсан. Үүнийг ч мөн анхан шатны шүүх харгалзаж үзсэнгүй буруу шийдвэр гаргалаа.

            3.6. “ “Бодлогын гэрээ”-ний 2.2-т заасан “үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эс үйлдэхүй нь хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь “Бодлогын гэрээ”-ний 1.4-д заасан зээлийн хүүгийн хөнгөлөлтийг банкинд бүрэн шилжүүлсэн талаарх баримтыг шүүхэд хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний 2.2.2-т заасан аж ахуйн нэгж нь өөрийн хариуцах зээлийн хүүгийн 3 хувийг банкинд шилжүүлсэн эсэх талаар шүүхэд баримт ирүүлээгүйг шүүх мөн харгалзаж үзсэнгүй.

3.7. Иймд хариуцагчийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй. 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх  Өрсөлдөөний тухай хууль,  Захиргааны ерөнхий хууль болон бусад хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч “Н К” ХХК нь “1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дүгээр “Бодлогын гэрээ”-ний 1.6-д “Гэрээний хавсралт дахь “Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнэ”-ийг баримтлаагүй, ...”, 2.2.1-д “...хавсралт 1-д заасан баримтлах үнээс багагүй үнээр...”, 2.4-д “... гэрээний хавсралт 1-д заасан үнийг баримтлан ...”, 3.2-т “... Гэрээний хавсралт 1-д зааснаас багагүй үнээр ...” гэж заасан хэсгүүдийг болон гэрээний “хавсралт 1”-ийг бүхэлд нь тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, 2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дүгээр “Бодлогын гэрээ”-ний улмаас учирсан хохирол 900,000,000 /есөн зуун сая/ төгрөгийг гаргуулах”, 3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дүгээр “Бодлогын гэрээ”-ний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

           3.2. Анхан шатны шүүх “... Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.4-т заасны дагуу “Бодлогын гэрээ”-ний “Хавсралт-1-ийн улмаас учирсан хохирлоо иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр маргах эрхтэй” гэж зөв дүгнээд нэхэмжлэгчийн “... Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дүгээр “Бодлогын гэрээ”-ний улмаас учирсан хохирол 900,000,000 /есөн зуун сая/ төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгч, хариуцагч нараас шийдвэрийн энэ хэсэгт холбогдуулж давж заалдах гомдол гаргаагүй тул дүгнэлт хийх шаардлагагүй.

            3.3.  Анхан шатны шүүх “...зарим мал аж ахуй эрхлэгч малчин иргэдэд болон ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд давуу байдал олгосон, нэхэмжлэгчийн өрсөлдөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дүгээр “Бодлогын гэрээ”-ний “Хавсралт-1”-ийн Хэнтий, Дундговь аймгуудаас худалдан авах ноолуурын доод үнийг 105,000, 85,000 төгрөгөөр тогтоосон хэсгийг, мөн гэрээний 1.6-д “Гэрээний хавсралт дахь “Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнэ”-ийг баримтлаагүй...”, 2.2.1-д “...хавсралт 1-д заасан баримтлах үнээс багагүй үнээр...”, 2.4-д “... гэрээний хавсралт 1-д заасан үнийг баримтлан ...”, 3.2-т “... Гэрээний “хавсралт 1”-д зааснаас багагүй үнээр ...” гэж заасан хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, “Бодлогын гэрээ”-ний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эс үйлдэхүй нь хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцжээ.

            3.4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараас үзвэл Монгол Улсын Засгийн газраас Олон улсад шинэ коронавирус (Covid-19)-ийн халдвар дэгдсэний улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хилийн хязгаарлалт тавьсантай холбогдуулан ноолуурын салбарыг дэмжих зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 101 дүгээр тогтоолыг баталсан, уг тогтоолын 1 дүгээр заалтаар ноолуур бэлтгэхэд зориулан 300.0 (гурван зуун) хүртэл тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай, зээлдэгч 3 хувийн хүү төлөх нөхцөлөөр олгох, түүхий эд барьцаалах, зээлдэгчийн бонд болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдан авах замаар санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг судалсны үндсэн дээр Хөгжлийн банкны болон арилжааны банкны эх үүсвэрээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх талаар арга хэмжээ авахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд, тогтоолын 2 болон 3 дахь заалтаар Түүхий эдийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 200.0 (хоёр зуун) тэрбум төгрөг, Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгох зээлийн хүүгийн зөрүүд олгох 30.0 (гучин) тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Сангийн сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Түүхий эдийн нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах арга хэмжээг тухай бүр авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тус тус даалгасан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” А/115 дугаар тушаалаар “...ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах, боловсруулах үйлдвэрт ажиллагсдын ажлын байрыг хадгалах, экспортыг дэмжих зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр ноолуурын бэлтгэлд зориулан олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх гэрээ болон аж ахуйн нэгжтэй “Бодлогын гэрээ” байгуулахыг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид зөвшөөрсөн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Монгол Улсын хөгжлийн банкны ТУЗ-ийн захирлын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 200403/01/093, 3/28, 32 дугаартай “Ноолуур бэлтгэлийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийн зардлыг санхүүжүүлэх гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, малчдын орлогыг тогтвортой байлгах, экспортыг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээлээр 2020 онд ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид Хөгжлийн банкны эх үүсвэрээр жилийн 3 хувийн 1 жилийн хугацаатай шууд болон арилжааны банкаар дамжуулан олгох зээлийг санхүүжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар заасан. Улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон “Н К” ХХК-ийн хооронд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 200420/01/121 дүгээр “Бодлогын гэрээ”-г байгуулсан, талууд эдгээр үйл баримттай маргаагүй.

3.5. Нэхэмжлэгчээс “... “Бодлогын гэрээ”-гээр орон нутгаас худалдан авах ноолуурын үнийг дур мэдэн тогтоосон, зах зээлд шударгаар үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хязгаарласан, компанид алдагдалтай үнээр ноолуур авахыг тулгасан, ноолуур худалдагч нарт давуу байдал бий болгосон, ноолуурын үнийг тогтоосон нь яамны эрх хэмжээнд хамаарахгүй” гэх агуулгаар тайлбарлан, “Бодлогын гэрээ”-ний 1.6-д “Гэрээний хавсралт дахь “Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнэ”-ийг баримтлаагүй ...”, 2.2.1-д “...хавсралт 1-д заасан баримтлах үнээс багагүй үнээр...”, 2.4-д “... гэрээний хавсралт 1-д заасан үнийг баримтлан ...”, 3.2-т “... Гэрээний хавсралт 1-д зааснаас багагүй үнээр ...” гэж заасан хэсгүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байх бөгөөд ийнхүү маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

            3.6. Учир нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлох, тэдгээртэй холбогдсон харилцааг Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулах бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын хориглох үйл ажиллагааг тус бүр нэрлэн заасан, 13.2.4-д “бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн”, 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж тодорхой дурджээ.

            3.7. Нэхэмжлэгчээс “... “Бодлогын гэрээ”-г байгуулсан тохиолдолд л үйл ажиллагаа явуулах боломжтой болсон, иймээс гэрээ байгуулсан” гэж, хариуцагчаас “... нэхэмжлэгч “Бодлогын гэрээ”-ний нөхцөлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулсан” гэж тайлбарлан маргах бөгөөд захиргааны үйл ажиллагаа ямар ч тохиолдолд хуульд нийцсэн байх ёстой, ийнхүү хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулсан, Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасны дагуу захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол захиргааны гэрээг илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй.

            3.8. Түүнчлэн хариуцагч “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд “Н К” ХХК-тай нийлээд 5 хуулийн этгээдтэй “Бодлогын гэрээ” байгуулсан, эдгээрээс гадна, 39 аж ахуйн нэгжтэй “Бодлогын гэрээ” байгуулалгүй буюу гэрээгээр тогтоосноос доошгүй үнээр малчдаас ноолуур худалдан авах болзол шаардлагагүйгээр Монгол улсын Хөгжлийн банкнаас шууд болон арилжааны банкаар дамжуулан 3 хувийн хүүгийн хөнгөлөлтэй зээлийг олгосон нь ойлгомжгүй бөгөөд энэ нь “тэгш, шударга байх” зарчимд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, бусад аж ахуйн нэгжүүдэд “Бодлогын гэрээ” байгуулаагүй тул хямд үнээр ноолуурыг худалдан авах боломжтой, харин нэхэмжлэгч компанийн хувьд “Бодлогын гэрээ”-нд заасан үнэ, нөхцөлөөр ноолуур худалдан авснаас үүдэн нэхэмжлэгчид хохирол учрахыг үгүйсгэх боломжгүй.

            3.9. Харин нэхэмжлэгчийн “ “Бодлогын гэрээ”-ний “хавсралт 1”-ийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд тус компани өөрийн ноолуур худалдан авсан аймгууд болох Хэнтий, Дундговь аймгуудад холбогдох хэсэгтэй маргах боломжтой тул мөн хэсгийг илт  хууль бус гэж үзэхээр байна.     

            3.10. Мөн “Бодлогын гэрээ”-ний 1.4-д “Зээлийн хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх гэрээний дагуу Хөгжлийн банкнаас олгох үндсэн зээлийн хүү (12 хувь)-ийн 9 хувийн хүүг Яам санхүүжүүлэх ба үлдсэн 3 хувийг аж ахуйн нэгж хариуцна”, 2.2-т “Дараах шаардлагыг хангасан аж ахуйн нэгжийн гэрээний 1.4-т заасан зээлийн хүүгийн хөнгөлөлтийг банканд шилжүүлнэ Үүнд”, 2.2.1-д “Аж ахуйн нэгж нь энэхүү гэрээгээр тохиролцсон хавсралт 1-т заасан баримтлах үнээс багагүй үнээр ноолуур худалдан авсан байх” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд гэрээний 2.2.1-д зааснаар Хэнтий, Дундговь аймгуудаас нийт 76,000 кг ноолуур бэлтгэсэн, мөн заалтыг шүүх илт хууль бус болохыг тогтоосон тул хариуцагч нь 76,000 кг ноолуурын үнэд ноогдох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг олгох үүрэгтэй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, В.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР        

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН