Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 826

 

 

 

 

 

 

    2020        10          20                                   2020/ШЦТ/826

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун  даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр, 

            улсын яллагч А.Нямсүрэн,

            шүүгдэгч Б.У  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурлууд овгийн Б.У т холбогдох эрүүгийн 2011000000873 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Буурлууд овгийн Б.У , 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер мэргэжилтэй, Орон зай худалдааны төвд худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В 9 дүгээр гудамжны 440 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,

            Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

            Шүүгдэгч Б.У  нь 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Өнөрдаваатай маргалдан, улмаар боож унаган эрүүл мэндэд нь “...дагз ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн духны дэлбэнд цус хуралт, няцрал, дух, уруулд шарх...” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Б.У  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна...” гэв.

            Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Хохирогч С.Өнөрдаваа нь мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 17 цагийн орчимд санагдаж байна, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дотно” нэртэй караокед манай нутгийн найзууд болох, Жийсүрэн, Хосбаяр, Түмэнжаргал нарын хамт уулзалдаж, пиво ууж, дуулж сууцгаасан. 20 цагийн орчимд бид нар дээр нэмэгдэж Уламбаяр, Амартүвшин хоёр ирсэн. Ингээд бид тав уулзаад дандаа пиво уусан. Хүн тус бүр 5, 6 шил пиво уусан байх. Уг караокенаас бид нар 22 цагийн орчимд гарсан. Уг газраас гараад дахиад өөр хаашаа явах уу? гэдэг талаар ярилцсан. Энэ үед Амартүвшин энэ хавиараа ойрхон суучихъя гэхэд, Түмэнжаргал өөр газар сууя гээд тэр хоёр санал зөрөлдөөд, бага зэрэг маргалдсан. Тэгтэл тэр хоёрын дундуур Уламбаяр ороод Амартүвшин рүү хандаж чи ямар том юм гэх зэргээр тэр хоёрын ярианд ороод Амартүвшин рүү дайраад байхаар нь би Уламбаярт хандаж чи болио хөгшөөн гээд тэр хоёроос холдуулсан. Тэгтэл Уламбаяр намайг чи Амартүвшинг яагаад өмөөрөөд байгаа юм гээд миний урдаас, цамцны захнаас хоёр гараараа миний хоолойг шахаж заамдсан. Нэг мэдэхэд л би ухаан ороод манай найзууд намайг тойроод зогсчихсон гайгүй юу гэж байсан. Намайг Уламбаяр хоёр гараараа заамдах үед надад боолт ороод би ухаан алдчихсан байсан. Намайг ухаан ортол цагдаа нар ч зэрэгцэж ирээд бид нарыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү хүргэсэн. Тухайн үед миний толгой дийлдэхгүй, маш их өвдөж байсан. Бид нар цагдаагийн хэлтэс дээр ирээд ямар ч асуудал байхгүй, ингээд явцгаачихъя гэж хэлээд явцгаасан. Би тэр өдрөө Жийсүрэнгийн гэрт очиж хамт хоносон. Жийсүрэнгийн гэрт очоод би гүйлгээд шингэнээр хүндрээд байсан. Тэр шөнөө их толгой өвдөж хоносон ба маргааш өглөө нь буюу 2020 оны 8 дугаар сарын 9-ний өглөө сэрэхэд бүр толгой даагдахгүй байсан. Тухайн өдөр ням гараг байсан учир эмнэлэг ажиллахгүй байх гэж бодоод гүрийгээд 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж шинжилгээ өгөхөд миний дагз ясны шугаман хугаралтай, тархинд цус хуралттай байна гээд шууд эмнэлэгт хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 6-7/,

Гэрч У.Жийсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...караокеноос 21-22 цагийн орчимд гарцгаагаад, хойш зам руу цуваад алхацгаасан. Би тэдний ард ганцаараа хоцорч үлдээд утсаар ярьж байгаад урагш хартал Өнөрдаваа явган хүний цементэн зам дээр толгойн баруун талаараа ямар ч хөдөлгөөн хийлгүй, мэдрэлгүй саваад унасан. Би түүнийг яагаад унасныг мэдэхгүй, сандраад очтол тэр ухаан алдчихсан сэргэхгүй байсан. Тухайн үед бүгд их согтуу байсан учир сандралдаад, яахаа мэдэхгүй байтал Уламбаяр цагдаа дуудчих шиг болсон. ...бид нар Өнөрдавааг сэргээх гээд тойроод байж байхад цагдаагийн машин ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Бид нар цагдаагийн хэлтэс дээр байж байгаад өөрсдөө ингээд явчихъя, ямар ч асуудалгүй гэж хэлээд явцгаасан ба тухайн өдөр Өнөрдаваа манай гэрт очиж хоносон. Уг хэрэг болсон өдрийн маргааш нь буюу 2020 оны 8 дугаар сарын 9-ний өглөө Өнөрдаваа сэрчхээд өчигдөр Уламбаяр намайг боогоод нэг мэдсэн чинь ухаан алдчихсан байна гэж хэлсэн ба толгой өвдөөд байж болохгүй байна, эмнэлэг явахаас гэж байсан. Тэр өдрөө Өнөрдаваа Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж шинжилгээ өгөөд тархиндаа хүнд гэмтэл авсан байна гэж бид нарт хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 14/,

             Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 9535 дугаар дүгнэлтэд: “...С.Өнөрдаваагийн биед дагз ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн духны дэлбэнд цус хуралт, няцрал, дух, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх 18-19/,

Шүүгдэгч Б.У  нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Тэр үед Өнөрдаваа Амартүвшинг өмөөрөөд байх шиг байхаар нь түүнд хандаж чи яагаад Амартүвшинг өмөөрөөд байгаа юм гэж хэлээд, урдаас нь өмсөж явсан цамцных нь захаар хоёр гараараа заамдаж барьсан. Энэ үед Өнөрдаваад боолт орчихсон байсныг мэдээгүй заамдахаа больтол Өнөрдаваа баруун хойшоогоо ухаагүй саваан унчихсан. Тэр чигээрээ ухаан алдаад 5 орчим минутын дараа сэргэсэн...” гэх мэдүүлэг /хх 10-12/,

Шүүгдэгч Б.У  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 16-17 цагийн орчимд манай 10 жилийн ангийн хүүхэд, миний багын найз С.Өнөрдаваа нь над руу фэйсбүүк чатаар бичээд шинэ хүнтэй болсон уу? Баяр хүргэе, өнөөдөр нэг газар сууж пиво ууя гэхээр нь зөвшөөрсөн. Би тэр өдөр эхнэрийнхээ хоол цайг зөөгөөд орой 19-20 цагийн орчимд Өнөрдаваатай хаана байгаа талаар холбогдоход С.Өнөрдаваа нь бид нар Урт цагааны орчимд караокед байна. ...Бид нар уг караокеноос гараад үргэлжлүүлээд хаашаа явах талаараа ярилцаад, Дотно караокеноос хойш төв зам руу алхсан. Энэ үед замын уулзвар орчимд явж байхад Түмэнжаргал нь 7 буудал орчимд явж нийтийн караоке орно гэхэд, Амартүвшин яах юм бэ? энэ хавиараа байя гэж тэр хоёр хоорондоо санал зөрөлдсөн. Энэ үед дундуур нь С.Өнөрдаваа орж ирээд Амартүвшинг өмөөрөөд байхаар нь түүнд хандаж чи яагаад Амартүвшинг өмөөрөөд байгаа юм бэ? гэж хэлээд урдаас нь өмсөж явсан цамцных нь захаар хоёр гараараа заамдаж барьсан. Энэ үед би С.Өнөрдаваад боолт орчихсон байсныг нь мэдээгүй ба, заамдаж байсан гараа тавих үед С.Өнөрдаваа хойшоогоо ухаангүй саваад уначихсан. Зүүн талаараа унах шиг болсон. Тэр чигээрээ ухаан алдсан. Тэр ухаан алдаад унатал Түмэнжаргал уурлаад, чи Өнөрөөг унагаачихлаа гээд миний хөл рүү өшиглөөд намайг зодох гэж хөөсөн. Би зугтаад зам дагуу гүйж байхдаа, замын хажуугаар явж байсан цагдаагийн машиныг зогсоогоод болсон асуудлын талаар хэлээд, бусад найзууд руугаа дагуулж очсон. Би цагдаа дагуулаад, найзууд дээрээ очиход Өнөрдаваа сэргэчихсэн, манай найзууд сууж байсан. Уг хоёр цагдаа бид нарыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр авчирсан ба бид нар одоо ямар нэг асуудал байхгүй гэж хэлээд өөрсдөө гараад гэр гэр рүүгээ явцгаасан. Тэгтэл уг асуудлаас 2 хоногийн дараа С.Өнөрдаваа над руу яриад найзынх нь толгой өвдөөд дийлдэхгүй, Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр зураг авхуулж байна гэсэн ба дахиад холбогдоход намайг эмнэлэгт хэвт гэнэ, тархиндаа цууралттай, цус хуралттай хүнд гэмтсэн байна гэсэн. Би болсон хэрэгт их гэмшиж харамсаж байгаа бөгөөд, найзынхаа эмчилгээнд 1.200.000 орчим төгрөг гаргаж өгсөн байгаа бөгөөд хойшдоо ч хийгдэх эмчилгээнд нь туслалцаж байгаа...” гэх мэдүүлэг /хх 47-48/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 24/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 23/, шүүгдэгч Б.У ын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх 32-33, 35-41/, ажлын газрын тодорхойлолт /хх 34/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 272 дугаар тогтоол /хх 58/, шүүгдэгч Б.У ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 55/, хохирогч С.Өнөрдаваагийн гаргасан гомдол, саналгүй гэх хүсэлт /хх 56/ зэргийг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлалаа.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.У  нь 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Өнөрдаваатай маргалдан, улмаар боож унаган эрүүл мэндэд нь “...дагз ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн духны дэлбэнд цус хуралт, няцрал, дух, уруулд шарх...” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч С.Өнөрдаваагийн “...2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 17 цагийн орчимд санагдаж байна, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дотно” нэртэй караокед манай нутгийн найзууд болох, Жийсүрэн, Хосбаяр, Түмэнжаргал нарын хамт уулзалдаж, пиво ууж, дуулж сууцгаасан. 20 цагийн орчимд бид нар дээр нэмэгдэж Уламбаяр, Амартүвшин хоёр ирсэн. Ингээд бид тав уулзаад дандаа пиво уусан. Хүн тус бүр 5, 6 шил пиво уусан байх. Уг караокенаас бид нар 22 цагийн орчимд гарсан. Уг газраас гараад дахиад өөр хаашаа явах уу? гэдэг талаар ярилцсан. Энэ үед Амартүвшин энэ хавиараа ойрхон суучихъя гэхэд, Түмэнжаргал өөр газар сууя гээд тэр хоёр санал зөрөлдөөд, бага зэрэг маргалдсан. Тэгтэл тэр хоёрын дундуур Уламбаяр ороод Амартүвшин рүү хандаж чи ямар том юм гэх зэргээр тэр хоёрын ярианд ороод Амартүвшин рүү дайраад байхаар нь би Уламбаярт хандаж чи болио хөгшөөн гээд тэр хоёроос холдуулсан. Тэгтэл Уламбаяр намайг чи Амартүвшинг яагаад өмөөрөөд байгаа юм гээд миний урдаас, цамцны захнаас хоёр гараараа миний хоолойг шахаж заамдсан. Нэг мэдэхэд л би ухаан ороод манай найзууд намайг тойроод зогсчихсон гайгүй юу гэж байсан. Намайг Уламбаяр хоёр гараараа заамдах үед надад боолт ороод би ухаан алдчихсан байсан. Намайг ухаан ортол цагдаа нар ч зэрэгцэж ирээд бид нарыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү хүргэсэн. Тухайн үед миний толгой дийлдэхгүй, маш их өвдөж байсан. Бид нар цагдаагийн хэлтэс дээр ирээд ямар ч асуудал байхгүй, ингээд явцгаачихъя гэж хэлээд явцгаасан. Би тэр өдрөө Жийсүрэнгийн гэрт очиж хамт хоносон. Жийсүрэнгийн гэрт очоод би гүйлгээд шингэнээр хүндрээд байсан. Тэр шөнөө их толгой өвдөж хоносон ба маргааш өглөө нь буюу 2020 оны 8 дугаар сарын 9-ний өглөө сэрэхэд бүр толгой даагдахгүй байсан. Тухайн өдөр ням гараг байсан учир эмнэлэг ажиллахгүй байх гэж бодоод гүрийгээд 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж шинжилгээ өгөхөд миний дагз ясны шугаман хугаралтай, тархинд цус хуралттай байна гээд шууд эмнэлэгт хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 6-7/, гэрч У.Жийсүрэнгийн “...караокеноос 21-22 цагийн орчимд гарцгаагаад, хойш зам руу цуваад алхацгаасан. Би тэдний ард ганцаараа хоцорч үлдээд утсаар ярьж байгаад урагш хартал Өнөрдаваа явган хүний цементэн зам дээр толгойн баруун талаараа ямар ч хөдөлгөөн хийлгүй, мэдрэлгүй саваад унасан. Би түүнийг яагаад унасныг мэдэхгүй, сандраад очтол тэр ухаан алдчихсан сэргэхгүй байсан. Тухайн үед бүгд их согтуу байсан учир сандралдаад, яахаа мэдэхгүй байтал Уламбаяр цагдаа дуудчих шиг болсон. ...бид нар Өнөрдавааг сэргээх гээд тойроод байж байхад цагдаагийн машин ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Бид нар цагдаагийн хэлтэс дээр байж байгаад өөрсдөө ингээд явчихъя, ямар ч асуудалгүй гэж хэлээд явцгаасан ба тухайн өдөр Өнөрдаваа манай гэрт очиж хоносон. Уг хэрэг болсон өдрийн маргааш нь буюу 2020 оны 8 дугаар сарын 9-ний өглөө Өнөрдаваа сэрчхээд өчигдөр Уламбаяр намайг боогоод нэг мэдсэн чинь ухаан алдчихсан байна гэж хэлсэн ба толгой өвдөөд байж болохгүй байна, эмнэлэг явахаас гэж байсан. Тэр өдрөө Өнөрдаваа Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж шинжилгээ өгөөд тархиндаа хүнд гэмтэл авсан байна гэж бид нарт хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 14/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 9535 дугаар “...С.Өнөрдаваагийн биед дагз ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн духны дэлбэнд цус хуралт, няцрал, дух, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх 18-19/, шүүгдэгч Б.У ын гэрчээр өгсөн “...Тэр үед Өнөрдаваа Амартүвшинг өмөөрөөд байх шиг байхаар нь түүнд хандаж чи яагаад Амартүвшинг өмөөрөөд байгаа юм гэж хэлээд, урдаас нь өмсөж явсан цамцных нь захаар хоёр гараараа заамдаж барьсан. Энэ үед Өнөрдаваад боолт орчихсон байсныг мэдээгүй заамдахаа больтол Өнөрдаваа баруун хойшоогоо ухаагүй саваан унчихсан. Тэр чигээрээ ухаан алдаад 5 орчим минутын дараа сэргэсэн...” гэх мэдүүлэг /хх 10-12/, шүүгдэгч Б.У ын яллагдагчаар өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 16-17 цагийн орчимд манай 10 жилийн ангийн хүүхэд, миний багын найз С.Өнөрдаваа нь над руу фэйсбүүк чатаар бичээд шинэ хүнтэй болсон уу? Баяр хүргэе, өнөөдөр нэг газар сууж пиво ууя гэхээр нь зөвшөөрсөн. Би тэр өдөр эхнэрийнхээ хоол цайг зөөгөөд орой 19-20 цагийн орчимд Өнөрдаваатай хаана байгаа талаар холбогдоход С.Өнөрдаваа нь бид нар Урт цагааны орчимд караокед байна. ...Бид нар уг караокеноос гараад үргэлжлүүлээд хаашаа явах талаараа ярилцаад, Дотно караокеноос хойш төв зам руу алхсан. Энэ үед замын уулзвар орчимд явж байхад Түмэнжаргал нь 7 буудал орчимд явж нийтийн караоке орно гэхэд, Амартүвшин яах юм бэ? энэ хавиараа байя гэж тэр хоёр хоорондоо санал зөрөлдсөн. Энэ үед дундуур нь С.Өнөрдаваа орж ирээд Амартүвшинг өмөөрөөд байхаар нь түүнд хандаж чи яагаад Амартүвшинг өмөөрөөд байгаа юм бэ? гэж хэлээд урдаас нь өмсөж явсан цамцных нь захаар хоёр гараараа заамдаж барьсан. Энэ үед би С.Өнөрдаваад боолт орчихсон байсныг нь мэдээгүй ба, заамдаж байсан гараа тавих үед С.Өнөрдаваа хойшоогоо ухаангүй саваад уначихсан. Зүүн талаараа унах шиг болсон. Тэр чигээрээ ухаан алдсан. Тэр ухаан алдаад унатал Түмэнжаргал уурлаад, чи Өнөрөөг унагаачихлаа гээд миний хөл рүү өшиглөөд намайг зодох гэж хөөсөн. Би зугтаад зам дагуу гүйж байхдаа, замын хажуугаар явж байсан цагдаагийн машиныг зогсоогоод болсон асуудлын талаар хэлээд, бусад найзууд руугаа дагуулж очсон. Би цагдаа дагуулаад, найзууд дээрээ очиход Өнөрдаваа сэргэчихсэн, манай найзууд сууж байсан. Уг хоёр цагдаа бид нарыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр авчирсан ба бид нар одоо ямар нэг асуудал байхгүй гэж хэлээд өөрсдөө гараад гэр гэр рүүгээ явцгаасан. Тэгтэл уг асуудлаас 2 хоногийн дараа С.Өнөрдаваа над руу яриад найзынх нь толгой өвдөөд дийлдэхгүй, Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр зураг авхуулж байна гэсэн ба дахиад холбогдоход намайг эмнэлэгт хэвт гэнэ, тархиндаа цууралттай, цус хуралттай хүнд гэмтсэн байна гэсэн. Би болсон хэрэгт их гэмшиж харамсаж байгаа бөгөөд, найзынхаа эмчилгээнд 1.200.000 орчим төгрөг гаргаж өгсөн байгаа бөгөөд хойшдоо ч хийгдэх эмчилгээнд нь туслалцаж байгаа...” гэх мэдүүлэг /хх 47-48/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч С.Өнөрдаваа нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.У ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Иймд шүүх шүүгдэгч Б.У ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Б.У т оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Б.У  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.У  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буурлууд овгийн Б.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.У т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.У  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН