Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 792

 

  

 

 

 

 

 

   2020           9            03                                   2020/ШЦТ/792 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Б.Чинзориг,

шүүгдэгч Б.Т,

хохирогч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-нгийн Тэд холбогдох эрүүгийн _____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Зүтгүүрийн техникч мэргэжилтэй, ____ дугаарын регистртэй, Б овогт Б-нгийн Т.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б-нгийн Т нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 06 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн хашаан дотор иргэн Э.Мг хариуцсан ажлаа зохих ёсоор хийгээгүй гэх шалтгааны улмаас алхны ишээр удаа дараа цохиж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.М мэдүүлэхдээ:

“...Би 40 хоног акттай байсан. Өнөөдөр 650.000 төгрөгийн эмчилгээний зардал авсан...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Тийн өгсөн:

“...Би Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зүтгүүрийн депод ээлжийн мастер ажил хийдэг. 2020 оны 7 дугаар сарын 27-ны 22:00 цагаас 2020 оны 7 дугаар сарын 28-ны 08:00 цаг хүртэл ээлжийн мастерын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ингээд шөнөжин ажлаа хийж байгаад өглөө шөнө засвар хийсэн илчит тэргээ асааж аялалд гарахад бэлэн эсэхийг шалгасан. Энэ үед илчит тэрэгний тоормоз ажиллахгүй сум зүсэж хүн гэмтэх дөхсөн. Ингээд уг илчит тэрэгний тоормозыг шалгаж үзэхэд автомат цехийн засварчин Мгийн хийх ёстой засвараас болж хүн гэмтэх дөхсөн нь тогтоогдсон. Ингээд би энэ үйл явдлын дараа Мг гар утсаараа дуудахад ирсэн. М хүрч ирэхээр нь би илчит тэргийг аялалд гаргахад бэлдэж байхад та энд ажлаа хийхгүй хаана юу хийгээд байгаа юм гэж хэлээд чамайг байхгүйд ийм зүйл боллоо гэж хэлээд болсон үйл явдлыг тайлбарлаад гартаа барьж байсан алхны ишээр 2 хөлний гуяны ар хэсэг рүү цохисон. Би Э.Мд учирсан хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-н 58-59/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Мгийн өгсөн:

“...Би 2020 оны 7 дугаар сарын 27-ноос 28-ны хооронд Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсэгт ээлжинд гарч ажиллаж байхад 06 цаг 30 минутын үед манай ээлжийн мастер Т өөрийнхөө дугаараас залгаад илчит тэргэн дээр ирэх үүрэг даалгавар өгсний дагуу 3 минутын дараа явж очоод яасан бэ гэж асуутал юмаа үзэхгүй яасан юм бэ гэж хэлээд л вагон үздэг /түлхүүр боолтны чанга сулыг үздэг/ алхаар миний бүдүүн гуя руу 20-30 удаа цохисон. Би болиочээ гэж хэлтэл болихгүй цохиод байсан, тухайн үед засварчин Чимэдээ салгах гээд ирсэн боловч салгаж чадахгүй байсан.

Би ээжтэйгээ хамт гэмтлийн эмнэлэг ороод хөлнийхөө зургийг авхуулсан чинь зүүн хөлний чигчий хурууны яс хугарсан, 2 хөлний бүдүүн гуя, шилбэний булчинг нарийн мэргэжлийн MRI-д харуул гэсэн. Би гомдолтой байна, ажлаа хийж чадахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 8-9/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Ч-гийн өгсөн:

“...Би 2020 оны 7 дугаар сарын 27-ноос 28-ны 08:00 цаг хүртэл ээлжийн засварчны ажлыг хийж гүйцэтгэсэн. ...Т засварчин М руу гар утсаар яриад дуудсан. Т Мг загнаж байгаад уурлаад гартаа барьж байсан үзлэгийн алхны ишээр Мгийн гуяны ар хэсэг рүү 2 удаа цохисон. ...М миний хөл өвдөөд байна, би алхаж чадахгүй байна гэж хариу хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.А-ын өгсөн:

“...Илчит тэргийг шалгаж байхад тоормоз нь ажиллахгүй сум өнгөрч зогссон. Зогсохгүй байсан шалтгааныг шалгахад засварчин Мгийн буруутай үйлдэл харагдсан. Түүний улмаас мастер Т чи хаашаа алга болоод байгаа юм бэ хийсэн ажлаа шалга гэж хэлээд уурлаад гартаа барьж байсан үзлэгийг алхны ишээр нь Мгийн хөл рүү 2-3 удаа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Б-ы өгсөн:

“...Илчит тэргийг шалгаж байхад тоормоз нь ажиллахгүй сум өнгөрч зогссон. Зогсохгүй байсан шалтгааныг шалгахад засварчин Мгийн буруутай үйлдэл харагдсан. Түүний улмаас мастер Т Мг гар утсаараа дуудсан. Мг ирэхэд Т пицта минь чи хаагуур яваад байгаа юм бэ энд байх ёстой биздээ гэх зэргээр М руу орилж дайрсан. Ингэж загнаж байгаад гартаа барьж байсан үзлэгийн алхны ишээр Мгийн гуя руу цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Х-ын өгсөн:

“...би ажлаа хийж байгаад Т, М хоёрыг харахад Т, М хоёр зууралдсан байсан. Бас Т, Мгийн гуя руу үзлэгийн алхны ишээр гуя руу нь цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Б-ы өгсөн:

“...Илчит тэргийг зогсоогоод би илчит тэрэгний кабин дотор ажлаа хийгээд байж байхад М илчит тэрэгний Ттэй уулзаад зогсож байсан. Т М руу загнаад дайраад байсан. Тэгэж дайрч байгаад Мгийн гуя руу Т гартаа барьж байсан үзлэгийн алхаар 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 28-29/,   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ... тоот:

1. Э.М-н биед зүүн хөлийн чигчий хурууны өлмий ясны хугарал, зүүн гарын эрхий хурууны уг орчим, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гуя, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн хөлийн чигчий хурууны өлмий ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэх дүгнэлт /хх-н 31-32/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 37/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 38/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 06 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн хашаан дотор иргэн Э.Мг хариуцсан ажлаа зохих ёсоор хийгээгүй гэх шалтгааны улмаас алхны ишээр удаа дараа цохиж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Тийн “...М хүрч ирэхээр нь би илчит тэргийг аялалд гаргахад бэлдэж байхад та энд ажлаа хийхгүй хаана юу хийгээд байгаа юм гэж хэлээд чамайг байхгүйд ийм зүйл боллоо гэж хэлээд болсон үйл явдлыг тайлбарлаад гартаа барьж байсан алхны ишээр 2 хөлний гуяны ар хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг,  

 

хохирогч Э.Мгийн “...Т өөрийнхөө дугаараас залгаад илчит тэргэн дээр ирэх үүрэг даалгавар өгсний дагуу 3 минутын дараа явж очоод яасан бэ гэж асуутал юмаа үзэхгүй яасан юм бэ гэж хэлээд л вагон үздэг /түлхүүр боолтны чанга сулыг үздэг/ алхаар миний бүдүүн гуя руу 20-30 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Ч-гийн “...Т Мг загнаж байгаад уурлаад гартаа барьж байсан үзлэгийн алхны ишээр Мгийн гуяны ар хэсэг рүү 2 удаа цохисон. ...М миний хөл өвдөөд байна, би алхаж чадахгүй байна гэж хариу хэлж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч О.А-ын “...Т чи хаашаа алга болоод байгаа юм бэ хийсэн ажлаа шалга гэж хэлээд уурлаад гартаа барьж байсан үзлэгийг алхны ишээр нь Мгийн хөл рүү 2-3 удаа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ж.Б-ы “...Мг ирэхэд Т пицта минь чи хаагуур яваад байгаа юм бэ энд байх ёстой биздээ гэх зэргээр М руу орилж дайрсан. Ингэж загнаж байгаад гартаа барьж байсан үзлэгийг алхны ишээр Мгийн гуя руу 1-2 удаа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Л.Х-ын “...Т, Мгийн гуя руу үзлэгийн алхны ишээр гуя руу нь цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Б-ы “...Т М руу загнаад дайраад байсан. Тэгэж дайрч байгаад Мгийн гуя руу Т гартаа барьж байсан үзлэгийн алхаар 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 28-29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Тэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Тийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Э.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт авагдаагүй байх бөгөөд шүүх хуралдаанд 650,000 төгрөгийн хохирол авсан гэх баримт гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Э.Мг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Тэд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Б.Тэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Тэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-нгийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Хохирогч Э.М нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ