Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 655

 

 

 

 

 

 

 

   2020         10          06                                      2020/ШЦТ/655

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сугарзагд,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч А.Л-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

А.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт;

-мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003003830302 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..... А.Л-.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.Л- нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны шөнө 01 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх онгоцны буудлын нисэх зурвасын хойд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтуурсан үедээ, мөн дүрмийн 3.4-т заасан Жолооч дараахь үүргийн хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,” гэсэн заалтын зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэлтэй “Hyundai Accent” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ё.О-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан;

-мөн дүрмийн 3.5.а.б.г-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

-б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалта (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

-г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Л-гээс: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Эрүүгийн 2003003830302 дугаартай хэргээс:

1. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 02 цаг 25 минутаас 02 цаг 40 минутын хугацаанд Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургууд, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал  /хх-н 3-7, 11-12 дугаар хуудас/,

 

2. Түргэн тусламжийн дуудлагын хуудсанд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 01:44:20 цагт “замаар гарахад машин мөргөөд явсан...” гэх дуудлага бүртгэгдсэн тухай /хх-14 дүгээр хуудас/,

 

3. Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд жолооч А.Л- нь 1.71 хувийн согтууралтай тухай /хх-н 8-9/,

 

4. Хохирогч С.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Ялгуун цайны газар сууж зургуулаа 2 шил архи уусан. 22 цаг өнгөрөөгөөд гарсан санагдаж байна. Такси бариад моринд ажлынхаа хүнийд очиж, ..тэнд байхгүй гэхээр нь буцаж алхаад такси барих гэсэн боловч такси олдоогүй учир зам дагуу нилээн алхаад овгор шороотой газар очиход хамт явсан С- бме засаад ирье гээд овгор шороо тойроод явсан. Би замын хажууд гараа /зүүн/ өрөгчихсөн зогсож байсан. Тэгээд юу болсныг мэдээгүй нэг мэдэхэд түргэний эмч эгчээ одоо сэрнэ шүү, гэр оронтойгоо холбогдох утас өгнө шүү гэж хэлж байсан. Тэгээд тэндээсээ шууд гэмтэл хүргүүлсэн. ...Зүүн хөл, зүүн гар хугарсан, толгой хавдсан байсан. Гэрээсээ ганцаараа ажил хийж амьдралаа авч явдаг. Банкинд зээлээ төлж чадахгүй байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны орлого эмчилгээний зардлыг бүрэн гаргуулж авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21 дүгээр хуудас/,

 

5. Гэрч Ч.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Төгсжаргалын төрсөн өдрийг манай ажлын үйлчлэгч О-, Оюунгэрэл, Түмэн-Өлзий, Наранчимэг, Хандаамаа, Нямгэрэл нар Янгир Хайрхан бааранд 21 цагийн үед орж тэмдэглэсэн. 2 шил архи авснаас нэг шилийг нь уусан. 22 цагт баар хаасан. О- бид хоёр баарнаас гараад нөгөө хэдээсээ салаад явсан. Баарнаас авсан нэг шил архиа аваад найз Цасанцэцэгийн гэр рүү явсан. Бид хоёр Морингийн давааны замаас такси барих гээд замын хажуугаар явсан боловч такси зогсоогүй, бид хоёр нилээн хол явсан. Тэгээд би О-г замын хажууд замаас зайдуу суулгаад бие засаад ирсэн чинь О- байхгүй, зам дээр автомашинд мөргүүлсэн байдалтай хэвтэж байсан. ...О- найз нь такси барих гээд зам руу ороод атомашинд мөргүүлчихлээ гэсэн. Осол болсон нь зам нь гэрэлтүүлэггүй, харанхуй зам байсан. Зам хуурай байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-н 27/,

 

6. Гэрч Г.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л- надтай уулзах гэж ирэхдээ H.Accent Verna маркийн .... улсын дугаартай автомашинтайгаа ганцаараа ирсэн. Бид хоёр хүн тус бүр 2 лааз пиво уусан. Л-тэй би уулзахаасаа өмнө архи уусан байсан, нилээн согтуу байсан, пиво уугаад тасраад унтаад өгсөн. Тэгээд нэг сэрсэн чинь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өглөө гэртээ байсан. Би Л-тэй утсаар яриад гэртээ хэрхэн ирсэн талаар асуусан чинь Л- намайг гэрт хүргэж өгсөн, Шувуунаас буцаж явахдаа хүн мөргөж осол гаргаад ослын газраас согтуу учраас зугтаасан гэж хэлсэн. Би үнэхээр осол гарсан талаар мэдээгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-н 28/,

 

7. Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Моринд дуудлага хүлээн авч үзчихээд буцаад явах замд Онгоц буудаг зурвасны харалдаа эмэгтэй хүн замын голд машинд мөргүүлчихсэн хэвтэж байсан. Тэгээд зогсоод эмч үзлэг хийсэн. Би шуурхай удирдлагын төвд, 102, 103-т дуудлага өгсөн. Харанхуй болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 29 дүгээр хуудас/,

 

 

8. Иргэний хариуцагч “Атом” ХХК-ний төлөөлөгч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

H.Accent Verna маркийн .... дугаартай тээврийн хэрэгсэл нь Атом ХХК-ний эзэмшилд байдаг. Осолд болдог шөнийн үүрээр 04 цагийн үед Л-гийн эх Батцагаан над руу яриад Л- хүн мөргөчихсөн байна гэж хэлэхээр нь би гараад Л-тэй ярихад Нисэх дээр цагдаа нартай байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэмтлийн эмнэлэг дээр очиж хохирогчийн талынхтай биеийг нь асууж уулзсан. Дараа нь 8 цагийн үед Л-тэй уулзаад яагаад хүн мөргөчихсөн юм, яагаад зугтаад явчихсан юм гэж хэлэхэд айж сандраад зугтаачихсан юм гэж хэлсэн. Осол болохоос 7 хоногийн өмнө H.Accent Verna маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг авсан. Би миний дүү энийг унаж бай гээд д өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /хх-24 дүгээр хуудас/, Атом ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай албан бичгээр “тус байгууллагыг төлөөлөн Л.Б- иргэний хариуцагчаар оролцох тухай ...” /хх-н 26 дугаар хуудас/,

 

9. Шүүгдэгч А.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикт найз Золбоотой таараад голын эрэг дээр очиж хоёр хоёр пиво уусан. Тухайн үед “Атом” ХХК-ний H.Accent Verna маркийн .... дугаартай машинтай явж байсан. Тэгээд нисэх зурвасын хойд талын замд гэрэлтүүлэггүй хэсэгт гэнэт юм мөргөгдсөн. Би юу мөргөсөн болохоо мэдээгүй, цааш яваад гэрэлтүүлэгтээ хэсэг рүү ороод машинаа байрны гадаа тавьчихаад найзыгаа аваад такси бариад найзыгаа гэрт нь хүргэж өгөөд өөрөө нэг том пиво аваад буудалд орж уучихаад байж байтал цагдаагаас миний утас руу залгаад ярьсан. Тэгээд буудлаа гарахад цагдаа нар ирж авсан. Урд талын буфер доош унжсан, зүүн гар талын толь хугарсан, эвдрэлтэй байсан. Тухайн осол миний буруутай үйлдлээс болсон гэж бодож байна. Эмчилгээний зардалд 1.400.000 төгрөг төлж барагдуулсан. Баримтаар нэхэмжилсэн хохирлыг барагдуулна. ...” гэх мэдүүлэг /хх-н 58-59 дүгээр хуудас/,

 

10. H.Accent Verna маркийн .... улсын дугаартай автомашины эзэмшигчээр “Атом” ХХК бүртгэлтэй тухай лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-н 25, 73 дугаар хуудас/,

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмнэлгийн бичиг баримтаар гаргасан шүүх эмнэлгийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 7612 дугаартай дүгнэлтэд:

-Ё.О-гийн биед зүүн шилбэ, шуу ясны зөрөөтэй далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал /2020.07.02/ бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүснэ.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 43 дугаар хуудас/,

12. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1268 дугаартай дүгнэлтэд:

“...Уг тээврийн хэрэгслийн ...хойд дугуйн тоормос зогсоогүй, зогсоолын тоормос зогсоогүй, зүүн гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ хол дээрээ, баруун гар талын их гэрлийн тусгал ойр, хол дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд салхины шил зүүн гар талын дээд хэсгээрээ бага зэрэг цуурсан, зүүн гар талын урд крыло бага зэрэг хонхойсон, зүүн гар талын арыг харах толь сууриараа хугарсан зэрэг эвдрэл нь шинэ буюу ослын улмаас үүссэн гэмтэл байна. Хойд дугуйн тоормос зогсоогүй, зогсоолын тоормос зогсоогүй, зүүн гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ хол дээрээ, баруун гар талын их гэрлийн тусгал ойр, хол дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд буфер зүүн гар талын булан хэсгийн тогтоогч байхгүй доош унжсан, зүүн гар талын их гэрлийн догтоогч сэнжнүүд нь хугарсан, дугаарын гэрлийн чийдэнгүүд асахгүй, ухрах арааны гэрлийн чийдэнгүүд асахгүй зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.

-Урд салхины шил зүүн гар талын дээд хэсгээрээ бага зэрэг цуурсан, зүүн гар талын урд крыло бага зэрэг хонхойсон, зүүн гар талын арыг харах толь сууриараа хугарсан зэрэг эвдрэл гэмтэл нь шинэ буюу ослын улмаас үүссэн гэмтэл байна.

-Хойд дугуйн тоормос зогсоогүй, зогсоолын тоормос зогсоогүй, зүүн гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ хол дээрээ, баруун гар талын их гэрлийн тусгал ойр, хол дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд буфер зүүн гар талын булан хэсгийн тогтоогч байхгүй доош унжсан, зүүн гар талын их гэрлийн догтоогч сэнжнүүд нь хугарсан, дугаарын гэрлийн чийдэнгүүд асахгүй, ухрах арааны гэрлийн чийдэнгүүд асахгүй зэрэг эвдрэл, гэмтэлт нь ослын өмнө буюу хуучин эвдрэл гэмтэл байна. ...Хойд дугуйн тоормос зогсохгүй, зогсоолын тоормос зогсоогүй. ...” гэсэн дүгнэлт /хх-н 35-36 дугаар хуудас/,

 

13. Мөрдөгчийн  2020 он 8 дугаар сарын 14-ний өдрийн №110 дугаар магадлагаанд:

1. “...Hyundai Accent” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ариунжаргалын Л- нь /2020.06.30-ны өдөр “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ыг баримтлан драйгер багаж ашиглан шалгахад 1.71% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх тэмдэглэлийг үндэслэн/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,

-“Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн №1268 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Hyundai Accent” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал хангахгүй байна гэсэн дүгнэлтийг үндэслэн 3.4-т заасан Жолооч дараахь үүргийн хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,

-12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”

-3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалта (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ёндонгийн О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “5.11. ...таксигаар үйлчлүүлэх хүмүүс болон замын дагуух тээврийн хэрэгслээр зорчих хүмүүс зориулалтын хүлээлгийн талбай дээр, ийм талбай байхгүй бол зорчих хэсгийн хашлаганы гадна талд (явган хүний зам дээр буюу хөвөөний гадна захад), хайс, хашилтгүй хэсэгт хүлээх бөгөөд тээврийн хэрэгсэл ирж бүрэн гүйцэд зогссон үед зорчих хэсэг рүү орохыг зөвшөөрнө, 5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх-н 46-47/,

 

14. Хохирогч Ё.О-гийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 24421 дугаартай өвчний түүхийн баталгаажуулсан хуулбар /хх-н 75-83 дугаар хуудас/,

 

15. Хохирогч Ё.О-агийн эмчилгээний зардалд 1.894.075 төгрөг нэхэмжилсэн хохирлын баримтууд /хх-н 95-106 дугаар хуудас/, Иргэний нисэхийн үндэсний төвийн санхүүгийн хэлтсийн “...Ё.О- 600.000 төгрөгийн цалинтай” тухай тодорхойлолт /хх-н 89 дгээр хуудас/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-н 90-92 дугаар хуудас/,

 

16. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 64 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 63 дугаар хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хх-н 68/, болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Мэнд-Амарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч А.Л-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч А.Л- нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны шөнө 01 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх онгоцны буудлын нисэх зурвасын хойд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтуурсан үедээ мөн дүрмийн 3.4-т заасан Жолооч дараахь үүргийн хүлээнэ:

-а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,” гэсэн заалтын зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэлтэй “Hyundai Accent” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ё.О-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг;

-мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

-б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалта (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

-г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг  тус тус үйлдсэн болох нь:

-2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургууд, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал  /хх-н 3-7, 11-12 дугаар хуудас/, Түргэн тусламжийн дуудлагын лавлагаа /хх-14 дүгээр хуудас/, Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд жолооч А.Л- нь 1.71 хувийн согтууралтай тухай /хх-н 8-9/,

-Хохирогч С.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ялгуун цайны газар сууж зургуулаа 2 шил архи уусан. 22 цаг өнгөрөөгөөд гарсан санагдаж байна. Такси бариад моринд ажлынхаа хүнийд очиж, ..тэнд байхгүй гэхээр нь буцаж алхаад такси барих гэсэн боловч такси олдоогүй учир зам дагуу нилээн алхаад овгор шороотой газар очсон. ...Би замын хажууд гараа /зүүн/ өрөгчихсөн зогсож байсан. ...нэг мэдэхэд түргэний эмч эгчээ одоо сэрнэ шүү, гэр оронтойгоо холбогдох утас өгнө шүү гэж хэлж байсан. ...тэндээсээ шууд гэмтэл хүргүүлсэн. ...Зүүн хөл, зүүн гар хугарсан, толгой хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 20-21 дүгээр хуудас/,

- Гэрч Ч.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..О- байхгүй, зам дээр автомашинд мөргүүлсэн байдалтай хэвтэж байсан. ...О- найз нь такси барих гээд зам руу ороод атомашинд мөргүүлчихлээ гэсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-н 27/,

-Гэрч Г.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Би Л-тэй утсаар яриад гэртээ хэрхэн ирсэн талаар асуусан чинь Л- намайг гэрт хүргэж өгсөн, Шувуунаас буцаж явахдаа хүн мөргөж осол гаргаад ослын газраас согтуу учраас зугтаасан гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-н 28/,

-Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ...Онгоц буудаг зурвасны харалдаа эмэгтэй хүн замын голд машинд мөргүүлчихсэн хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 29 дүгээр хуудас/,

-Иргэний хариуцагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Осолд болдог шөнийн үүрээр 04 цагийн үед Л-гийн эх Батцагаан над руу яриад Л- хүн мөргөчихсөн байна гэж хэлсэн. ...Л-тэй уулзаад яагаад хүн мөргөчихсөн юм, яагаад зугтаад явчихсан юм гэж хэлэхэд айж сандраад зугтаачихсан юм гэж хэлсэн. Осол болохоос 7 хоногийн өмнө H.Accent Verna маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг авсан. Би миний дүү энийг унаж бай гээд д өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /хх-24 дүгээр хуудас/,

- Яллагдагч А.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...“Атом” ХХК-ний H.Accent Verna маркийн .... дугаартай машинтай явж байсан. ... нисэх зурвасын хойд талын замд гэрэлтүүлэггүй хэсэгт гэнэт юм мөргөгдсөн. Би юу мөргөсөн болохоо мэдээгүй, цааш яваад гэрэлтүүлэгтээ хэсэг рүү ороод машинаа байрны гадаа тавьсан.  ...такси бариад найзыгаа гэрт нь хүргэж өгөөд, өөрөө том пиво аваад буудалд орж уучихаад байж байтал цагдаагаас миний утас руу залгаад ярьсан. Тэгээд буудлаа гарахад цагдаа нар ирж авсан. Урд талын буфер доош унжсан, зүүн гар талын толь хугарсан, эвдрэлтэй байсан. Тухайн осол миний буруутай үйлдлээс болсон. ...” гэх мэдүүлэг /хх-н 58-59 дүгээр хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмнэлгийн бичиг баримтаар гаргасан шүүх эмнэлгийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 7612 дугаартай дүгнэлт /хх-н 43 дугаар хуудас/,

-Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1268 дугаартай дүгнэлт /хх-н 35-36 дугаар хуудас/,

-Мөрдөгчийн  2020 он 8 дугаар сарын 14-ний өдрийн №110 дугаар магадлагаа

/хх-н 46-47/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 24421 дугаартай өвчний түүхийн баталгаажуулсан хуулбар /хх-н 75-83 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул шүүх шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Л-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийн  шинжийг тус тус хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.   

 

Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.

 

Тус хэрэгт шүүгдэгч А.Л-д “Hyundai Accent” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрөө шилжүүлсэн, эзэмшигч “Атом” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

Хохирогч Ё.О-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч А.Л-гээс эмчилгээний зардал 1.389.975 төгрөгийг гаргуулсан. Мөн дахин 2020 оны 9 дүгээр сарын 14-ний  өдөр 4.000.000 төгрөг бэлнээр авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх бичгийг шүүхэд ирүүлсэн, мөн 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч болон иргэний хариуцагч “Атом” ХХК хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч А.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял,

-мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 66 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 66 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох гэсэн дүгнэлтийг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “... Миний үйлчлүүлэгч А.Л- нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч нь гомдол, саналгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн бичгийг хийж өгсөн. Тиймээс улсын яллагчийн санал болгосон ялын хэмжээгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэж мэтгэлцэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Л- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,

-мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно”

-мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...” тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

   Шүүгдэгч А.Л- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

   Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Л-д “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авч хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах, мөн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг тус тус “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Л- нь хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар: А.Л-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1168931 дугаартай жолоочийн түр үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, тус хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан;

-Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Л-г:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж;

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Л-д “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд авч, хэрэгжилтэнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.  

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л- нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч А.Л-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1168931 дугаартай жолоочийн түр үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэсүгэй.

 

9. Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Л-д энэ хэргийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч А.Л- болон иргэний хариуцагч “Атом” ХХК нь  хохирогч Ё.О-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ДОРЖСҮРЭН