| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2020/0679/Э |
| Дугаар | 667 |
| Огноо | 2020-10-12 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 667
2020 10 12 2020/ШЦТ/667
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сугарзагд,
Улсын яллагч Б.Гүнсэл,
Шүүгдэгч А.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
А.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2010006690479 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...../.
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч А.Э- нь 2020 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.О-той маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь “...баруун чамархайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч А.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2010006690479 дугаартай хэргээс:
1. Насанд хүрээгүй хохирогч А.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 03 дугаар сарын 22-ны орой 00 цагийн үед айлаас гарч ирээд гэрлүүгээ орох гээд хашааны үүдэнд ирсэн чинь араас нэг хүн дуудаад тамхи байна уу гэхээр нь байхгүй гэж хэлтэл олоод ир гэхээр нь та нарын тамхийг би бэлдэх албагүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Ш- гэдэг залуу нь нүүрэнд гараараа нилээд хэдэн удаа цохиод газар унагааж байгаад дээрээс өшиглөсөн. ...Ш-тай явсан хүмүүс орилоод манай Батдэлгэр ах гарч Ш-ыг татаад авсан чинь тэр хүмүүс машиндаа суугаад зугтаад явсан. Би Ш-ын бүтэн нэрийг нь мэдэхгүй. Миний нэг таньдаг хүн тэр Ш- гэдэг хүнтэй таараад Ш- гээд дуудаад байсан. Урьд нь нисэхийн байранд дэлгүүр орох гэж явж байгаад таарч байсан. ...Надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-н 18-19 дүгээр хуудас/,
2. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Э-, Э- бас нэг найз нь гэх залуу Энхтулгын найз эмэгтэй бид 5 байсан. Тэгээд гурван байшингийн тэнд очиж хүнтэй уулзана гээд Э- ах бид нар яваад нэг эмэгтэйтэй уулзаад Э- цуг байсан нэг залуутай хамт бууж бие засах гээд буусан чинь хэдэн хүүхдүүд явж байхаар нь тамхи асуугаад байхгүй гэсэн чинь Э-, О- нар маргалдаад байхаар нь барьж авахад нь Э- ахыг цохьсон. Тэгээд зөрүүлээд 2-3 удаа алгадаад авсан чинь тэр зодуулсан гэх хүүхэд цаашаа гүйгээд хашаанаас нэг хүн дуудаад гаргаад ирсэн. Тэгэхээр нь би машинтайгаа зугтаагаад явсан. Э-, Э- нар нь хэн ч энэ зодоонд орохгүй шүү гээд байсан. Тэгээд Э-, О- хоёр хоорондоо зодолдсон. ...” гэх мэдүүлэг /хх-н 20-21 дүгээр хуудас/,
3. Гэрч Ц.Э- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн үед Э- бид хоёр хамт явж байгаад цэргийн он жав Т-тэй тааралдсан. Тэгээд бид 3 хотод гадаа сааданд 2,5 литрийн пиво хувааж угаад байж байсан. Тэгэхэд Б- машинтай бид 3 дээр ирээд бид Нисэх явсан. Тэгээд эцсийн буудал дээр би М-тэй утсаар яриад дуудсан. Тэр хооронд Э-, Т- бид гурав нэг шил 0,75 граммын архи хувааж ууж байхад М- ирсэн. Би М-тэй юм яриад байж байгаад хэсэг унтсан байсан. Нэг мэдсэн гурван байшингийн гадаа машинтай ирсэн байсан. Тэгэхэд Э-ийн найз охин Нямка гэдэг охин гараад машинд суусан. Бид хэд юм ярьж байхад хэдэн банди нар урагшаа алхаж байсан. Тэгээд Э- бид хоёр буугаад тэр залуучуудаас тамхи асуусан. Тэгэхэд тэд нар таньдаг хүүхдүүд байсан. О- Э-ийг чи бол зайл гээд байхаар нь би Э-ийг хамт явсан машинд суулгасан байсан. О- машинд ирээд Э-ийг буулгаад одоо зодолдоно гээд байсан. Би яах юм бэ гэсэн чинь Э-, О- хоёр хоорондоо заамдалцаж аваад гараараа 2-3 удаа цохилцсон. Тэр хоёр бие биенээ хальт цохилцоод хоёулаа согтуу газарт унасан. Би очиж салгасан. Тэгээд Э-ийг машинд суулгаад явуулсан” гэх мэдүүлэг /хх-н 23 дугаар хуудас/
4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 3979 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- А.О-ын биед баруун чамархайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт /хх-н 30-31 дүгээр хуудас/,
5. Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тухай тэмдэглэлийн хамт /хх-ийн 5-8 дугаар хуудас/,
6. Шүүгдэгч А.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө гурван байшингийн орчим явж байсан чинь Э-, Т-, мөн Энхтулгын найз охин, Нямка, Б- нар хамт явж байсан. Э- бие засах гээд буухад Нисэхийн зүс таних 4 хүүхэд байсан. Э- машинд суулгах гэсэн чинь миний араас Ш- гөлөг минь гээд О- дуудаад ална гэх зэргээр дайраад байхаар нь би машинд ороод суусан чинь О- нь хүрч ирээд шилэн хүзүүн дээр буугаад ир гээд алгадаж авсан. Би буугаад бид 2 машины гадна хойд талд нь гарсан чинь О- намайг заамдаж аваад нэг цохихоор нь чи ямар даварсан бацаан бэ гэж хэлээд хоёр удаа зүүн талын шанаа, толгойны хэсэгт гараараа 2 удаа цохиод нэг удаа бөгс хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгэхэд одоо ална гээд нэг хүүхэд нь отверка, бас нөгөө нь хутга мэт зүйл гартаа барьсан байх шиг байхаар нь зугтаагаад машиндаа суугаад явсан. Тэрнээс өөр зодсон цохьсон зүйл байхгүй. ...бүгдээрээ архи тодорхой хэмжээгээр уусан байсан. ...тухайн гэмтлийг би учруулсан хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-н 37-38 дугаар хуудас/,
7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-42 дугаар хуудас/, улсын ерөнхий прокурорын газар эрүүгийн хэргийн төв архивийн албан бичиг, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоол /хх-ийн 48-50 дугаар хуудас/, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хх-ийн 56-59 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч А.Э- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч А.Э-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч А.Э- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч А.О-ыг “тамхи өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан зүүн талын шанаа, толгойн хэсэгт хоёр удаа гараараа цохиж, нэг удаа бөгс хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “...баруун чамархайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөдөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-Хохирогч А.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...араас нэг хүн дуудаад тамхи байна уу гэсэн, ...байхгүй гэхэд олоод ир гэхээр нь та нарын тамхийг би бэлдэх албагүй гэж хэлсэн ...чинь Ш- гэдэг залуу миний нүүрэнд гараараа нилээд хэдэн удаа цохиод, газар унагааж байгаад дээрээс өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-н 18-19 дүгээр хуудас/,
-Гэрч Б. Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тамхи асуугаад байхгүй гэсэн чинь Э-, О- нар маргалдаад байхаар нь барьж авахад нь Э- ахыг цохьсон. Тэгээд зөрүүлээд 2-3 удаа алгадаад авсан чинь тэр зодуулсан гэх хүүхэд цаашаа гүйгээд хашаанаас нэг хүн дуудаад гаргаад ирсэн. ...Э-, О- хоёр хоорондоо зодолдсон. ...” гэх мэдүүлэг /хх-н 20-21 дүгээр хуудас/,
-Гэрч Ц.Э- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э- бид хоёр буугаад тэр залуучуудаас тамхи асуусан. ...Э-, О- хоёр хоорондоо заамдалцаж аваад гараараа 2-3 удаа цохилцсон. Тэр хоёр бие биенээ хальт цохилцоод хоёулаа согтуу газарт унасан. Би очиж салгасан. ...” гэх мэдүүлэг /хх-н 23 дугаар хуудас/\
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 3979 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 30-31 дүгээр хуудас/,
-Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
-Шүүгдэгч А.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...О- намайг заамдаж аваад нэг цохихоор нь би ямар даварсан бацаан бэ гэж хэлээд хоёр удаа зүүн талын шанаа, толгойны хэсэгт гараараа 2 удаа цохиод нэг удаа бөгс хэсэг рүү нь өшиглөөд авсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 37-38 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч А.Э- нь насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч А.Э-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролын тухай:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.
Тус хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул энэ тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх “гэм буруугийн зарчим”, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх “шударга ёсны зарчим”-д тус тус нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч А.Э-т мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 20 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, 160 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 340 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Э-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э-ийг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 20 (хорь) хоногийг түүний эдлэх оруулан тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, 160 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч А.Э-ийн биечлэн эдлэх ялыг 340 цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Э-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага“-д даалгасугай.
6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч А.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН