Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 900

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Хохирогч Т.М ,

Шүүгдэгч Ү.А , түүний өмгөөлөгч Г.Тамир /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2571/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ү.А-т холбогдох эрүүгийн 2005025561387 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 25-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... байрлах .... .... ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Баянгол дүүргийн .... дүгээр хороо, Энх тайвны өргөн чөлөө гудамж.... байрны .... тоотод оршин суух хаягтай, /РД:/ урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Ү.А.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ү.А нь 2020 оны 8 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны 1 дүгээр орцонд хохирогч Т.М ийг зодож биед нь зүүн нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн тохойд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Ү.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Т.М-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө би найзуудтайгаа уулзчихаад Баянгол дүүргийн 22 дугаар хороо 34 дүгээр байранд ээжийн гэр рүү орох гээд шөнийн 01 цагийн үед 34 дүгээр байрны орц руу ортол хажуугаар үл таних 2 эмэгтэй зөрсөн юм. Би нөгөө 2 эмэгтэйд хандаж “ийм гоё хөөрхөн охидууд харанхуй шөнө арай нимгэн хувцас өмсөөд зүгээр үү тэ” гэж хэлсэн чинь нөгөө 2 эмэгтэйгийн шар үстэй цагаан хувцастай А  гэх эмэгтэй нь чамд ямар хамаатай юм гэхээр нь би “Хамаатуулаад хэлчихлээ” гэж хэлчихээд нөгөө 2 эмэгтэйн урд нь гараад алхтал А  гэгч нь миний үснээс зулгааж татаад миний нүүр рүү цохисон. Би газарт унахад А  миний дээрээс дарж толгой руу гараараа цохиод өсгийтэй гутлаараа нүүр рүү өшиглөөд байсан. Би гараараа нүүрээ хаасан боловч миний гар руу бас өшиглөөд байсан. Тэгээд би намайг уучлаарай одоо болно уурыг чинь хүргэсэнд уучлаарай хүн байна уу туслаарай гэж орилсон боловч орцонд нэг ч хүн байхгүй байсан. А тэй хамт явж байсан охин нь хажууд хараад л зогсоод байсан. Тэгтэл манай ээж Байгалмаа хаалганыхаа дурангаар хараад хаалгаа онгойлгоход нөгөө А  хамт явж байсан эмэгтэйтэйгээ хамт дээд давхар руу  шатаар өгсөөд зугатаасан. Тэгээд зугтааж байхдаа А  өндөр өсгийтэй гуталтайгаа гүйж байгаад гутал нь сугараад бүдэрч унаад гүйгээд байсан. Намайг зодсон эмэгтэй архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би 150.000 төгрөгөөр 10 удаа толгойгоо бариулсан, би одоо хүртэл томографийн зураг авахуулаагүй байгаа. Миний тархи доргисон л байсан. 64.000 төгрөгөөр үрэвслийн тариа авч эмчилгээ хийлгэсэн. Одоо 800.000 төгрөгөөр толгойгоо MRI-н шинжилгээ өгөх шаардлагатай байгаа. А ээс эмчилгээнийхээ зардлыг гаргуулж хохирлоо барагдуулж авах шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15,16-17,тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би тухайн орой 2 пиво уусан байсан. Пиво уусан байсан болохоор ээжээсээ айгаад гэртээ орж чадахгүй орцныхоо үүдэнд сууж байсан. Гэтэл нэг охин явж байхаар нь жаахан нимгэн хувцастай юу, янхан шиг харагдаж байна гэж хэлсэн нь үнэн. Би хэлсэн үгээ хүлээн зөвшөөрч байна. Эм тариа хийлгэсэн мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие нь 2020 оны 8 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих 03 цагийн орчимд гэртээ буюу Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12-31 тоотод байж байхад орцон дотор эмэгтэй хүн “ээжээ намайг авраачээ” гэж орилоод байхаар нь би хаалганы дурангаар харсан юм. Тэгэхэд хар хувцастай эмэгтэй нь хэвтчихсэн байдалтай дээр нь 2 охин тухайн газар унасан эмэгтэйг зодоод, дээрээс нь дэвсэж байгаа харагдахаар нь би гараад “Та нар хүн аллаа “ гэж хэлэхэд тухайн хоёр охин нь дээшээ зугтаагаад явчихсан юм. Тэгээд зодуулсан эмэгтэйг харахад миний бага охин М  байсан бөгөөд нүүр хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон, орцонд битүү цус болчихсон байдалтай байсан бөгөөд тэр даруй нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн хоёр охин нийлээд миний охин М ийг доош нь харуулж хэвтүүлээд зодож байсан бөгөөд нэг охин нь тайрмал шар үстэй нөгөө охин нь урт хар үстэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20, 21-23 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Ү.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 02 цагийн үед шиг санагдаж байна Баянгол дүүргийн 22 хороо 34-р байрны 4 давхарт байдаг А  эгчийн найзынхаас гараад шатаар буугаад давхарт явж байтал Манай эгч А ийг нэг эмэгтэй хажуугаар зөрөхдөө хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би А  эгчээс түрүүлээд орцоор гарах гээд байж байтал А  эгч нөгөө хоёр хоорондоо маргалдаад барьцалдаж аваад би А  эгчийг салгах гэтэл дийлэхгүй байсан. Тэгэхээр нь би буцаж 4 давхар руу гараад А  эгчийн найзын хаалгыг тогшисон боловч хаалга тайлж өгөхгүй байсан. А  эгч нөгөө эгч хоёр дээр буцаж ирсэн. Тэгтэл нөгөө эгч ээжээ гээд орилоод байсан чинь нэг давхарт байдаг айлын хаалга онгойж нэг эгч гарч ирээд А  эгч бид хоёрын үснээс зулгаагаад доош нь дараад орилоод байсан. Тэгэхээр нь би эгчээ та яагаад байгаа юм бэ би зодоонд оролцоогүй шүү дээ намайг тавь л даа гэсэн. Тэгээд намайг нөгөө эгчийн ээж нь тавиад одоо цагдаа ирнэ гэсэн. Цагдаа иртэл тэндээ байж байгаад цагдаа нар ирээд манай эгч А  бид хоёрыг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

 

2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9415 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Т.М ий биед зүүн нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 тал/,

 

2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 9432 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ү.А ийн биед цээжинд зулгаралт, баруун сарвуу, зүүн өвдөг шилбэ, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 тал/,

 

Шинжээч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А ийн биед үүссэн цээжинд зулгаралт, баруун сарвуу, зүүн өвдөг шилбэ, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд нь бүгд нийлж байж л гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үрэлцэх, шүргэлцэх, хүрэлцэх үед зулгаралт гэмтлүүд нь үүсэх боломжтой, цохиход цус хуралт гэмтлүүд нь үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,

 

Шүүгдэгч Ү.А  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 14-15 шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад би өөрийн дүү У-н хамт Баянгол дүүргийн ...-р хороо ...-р байрны ..-р орцны ... давхарт байрлах найз Т-н гэрээс гараад явж байтал орцонд нэг эмэгтэй таараад хажуугаар өнгөрөхдөө намайг янхан шиг хувцас өмсчихсөн юм чинь чи янхан биз дээ гээд намайг доромжилоод байсан. Тэгээд нөгөө эмэгтэй бид хоёр хоорондоо үсдэлцээд би болиоч гээд нүүр рүү нь гараараа цохисон чинь хохирогч М ий хамарнаас цус гараад нүүрээ дараад доошоо суухаар нь би үснээс нь зулгаасан. Тэр эмэгтэй намайг цээж рүү түлхээд байсан. Тэгээд тэр охины ээж гэрээсээ гарч ирээд намайг үсдээд явуулахгүй гээд байсан. Би эхээс хоёулаа дүү У-н хамт эмээ Э-тэй амьдардаг. Манай аав ээж намайг гурван настай байхад салсан учраас би аавыгаа таньдаггүй, ээж 2017 онд Бүгд найрамдах Солонгос улсад ажиллахаар явсан. Манай ээж Ү эхээс ганцаараа айлын ганц хүүхэд учраас хамаатан садан байхгүй. Эмээ Э зүрхний өвчтэй, 70 настай, биеийн байдал нь муу хэвтрийн дэглэм сахидаг, гэрээсээ гарч чаддаггүй одоо биеийн байдал нь дордсон учраас сувилалд эмчлүүлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд үсдэлцээд цохисон. Энэ буруутай үйлдлээ зөвшөөрч байна. Баримтаар гарсан зардлаа төлнө...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч О.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз Ү.А  нь айлын том охин байгаа юм. А  зөөлөн эелдэг зантай, тусч, ажилсаг, гэртээ эмээ дүүгийн хамт амьдардаг. А ийн ээж нь Солонгос улсад амьдардаг болохоор А  дүүгээ болон эмээгээ харж ханддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 56 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 57 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 58 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 60 тал/, бүрэн дунд боловсролын үнэмлэх  /хх-ийн 61 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн ажлын газрын тодорхойлолт, хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ү.А ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 24-26, 27-28 дахь тал тус тус авагдсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

 

Шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон 9415 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан шинжээчийн 9415 дугаартай хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт, хохирогч Т.М ий “...А  гэгч нь миний үснээс зулгааж татаад миний нүүр рүү цохисон. Би газарт унахад А  миний дээрээс дарж толгой руу гараараа цохиод өсгийтэй гутлаараа нүүр рүү өшиглөөд байсан. Би гараараа нүүрээ хаасан боловч миний гар руу бас өшиглөөд байсан. Тэгээд би намайг уучлаарай одоо болно уурыг чинь хүргэсэнд уучлаарай хүн байна уу туслаарай гэж орилсон...” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-н “...зодуулсан эмэгтэйг харахад миний бага охин М  байсан бөгөөд нүүр хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон, орцонд битүү цус болчихсон байдалтай байсан бөгөөд тэр даруй нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ү.У-н “...2020 оны 8 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 02 цагийн үед ...Баянгол дүүргийн 22 хороо 34-р байрны 4 давхарт байдаг А  эгчийн найзынхаас гараад шатаар буугаад явж байтал манай эгч А ийг нэг эмэгтэй хажуугаар зөрөхдөө хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би А  эгчээс түрүүлээд орцоор гарах гээд байж байтал А  эгч нөгөө хоёр хоорондоо маргалдаад барьцалдаж аваад би А  эгчийг салгах гэтэл дийлэхгүй байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ү.А ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...нөгөө эмэгтэй бид хоёр хоорондоо үсдэлцээд би болиоч гээд нүүр рүү нь гараараа цохисон чинь хохирогч М ий хамарнаас цус гараад нүүрээ дараад доошоо суухаар нь би үснээс нь зулгаасан...” гэх мэдүүлэг, нотлох баримтуудаар хэрэг учрал 2020 оны 8 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны 1 дүгээр орцонд болсон байх ба шүүгдэгч Ү.А ийн хохирогч Т.М ий нүүр хэсэгт гараараа цохисон гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн тохойд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ү.А  нь хохирогч Т.М ийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Ү.А ийн хохирогч Т.М ийг зодож, түүний биед зүүн нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн тохойд зулгаралт бүхий гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. 

 

Мөн хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ү.А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 9432 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ү.А ийн биед цээжинд зулгаралт, баруун сарвуу, зүүн өвдөг шилбэ, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон боловч хохирогчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, шүүгдэгчийн “...Тэр эмэгтэй намайг цээж рүү түлхээд байсан...”, хохирогчийн “...зугтааж байхдаа А  өндөр өсгийтэй гуталтайгаа гүйж байгаад гутал нь сугараад бүдэрч унаад гүйгээд байсан...”, шинжээч О.Болороогийн “...А ийн биед үүссэн цээжинд зулгаралт, баруун сарвуу, зүүн өвдөг шилбэ, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд нь бүгд нийлж байж л гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үрэлцэх, шүргэлцэх, хүрэлцэх үед зулгаралт гэмтлүүд нь үүсэх боломжтой, цохиход цус хуралт гэмтлүүд нь үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлгүүдээр хохирогч Т.М  нь шүүгдэгч Ү.А ийг цохих, өшиглөх ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй, харин цээж хэсэгт түлхэх үйлдэл хийсэн байх ба цээжинд зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй болохыг шинжээч эмч тайлбарласан байна.

 

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн, шүүгдэгч Ү.А ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.А , түүний өмгөөлөгч Г.Тамир нар гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хэргийн үйл баримтаар тогтоогдсон дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.  

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.М ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Т.М  шүүхийн хэлэлцүүлэгт “...энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож нийт 2 сая төгрөг нэхэмжилж байна...” гэж мэдүүлж, бичгээр хүсэлтээ гарган өгсөн боловч нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримтуудыг шаардлага ханган ирүүлээгүй байна.

 

Иймд хохирогч Т.М  нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэнд, бусад зардалтай холбоотой нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлэн нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ү.А  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Ү.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг судлахад шүүгдэгч, хохирогч нарын хэн хэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, шөнийн цагаар биеэ хянах чадваргүй явсан нөхцөл байдлаас үүдэн өөр хоорондоо зөв зохистой харилцаж чадаагүйтэй холбоотой байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг тус тус харгалзаж, улсын яллагчийн санал болгосоны дагуу шүүгдэгч Ү.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ү.А т мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ү.А т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Ү.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Ү.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.А-т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ү.А-т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ү.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Хохирогч Т.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.А өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА