| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2020/0687/Э |
| Дугаар | 672 |
| Огноо | 2020-10-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 672
2020 10 14 2020/ШЦТ/672
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сугарзагд,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа,
шүүгдэгч Т.У-, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Т.У-,
Б.Г- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010000000404 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ....../.
2. Монгол Улсын иргэн, ....../.
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Т.У- нь Б.Г-тай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, ... улсын дугаартай “Toyota prius” загварын машин механизм ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хороололын 1044 дүгээр байрны автомашины зогсоол дээр байрлуулсан байсан иргэн Л.З-ын эзэмшлийн ... улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан;
Шүүгдэгч Б.Г- нь Т.У-тай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, ... улсын дугаартай “Toyota prius” загварын машин механизм ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хороололын 1044 дүгээр байрны автомашины зогсоол дээр байрлуулсан байсан иргэн Л.З-ын эзэмшлийн ... улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.У-, Б.Г- нар шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Эрүүгийн 2010000000404 дугаартай хэргээс:
1. Хохирогч Л.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хороолол 1043 дугаар байрны 46 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг өнгөрч байхад ажлаа тараад өөрийн ... улсын дугаартай ...а маркийн автомашинаа 1043 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талд замын хажууд байрлуулсан байсан. Маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 07 цагт ажилдаа явах гээд хувцсаа өмсөөд байж байтал утас дугарахаар нь ярьсан чинь таны машины дөрвөн дугуй байхгүй байна гэхээр нь гарсан чинь машины дөрвөн ширхэг дугуй байхгүй доор нь тоосго эвсэн байхаар нь цагдаад дуудлага өгтөл цагдаа нар ирсэн. 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр цагдаагаас дуудахаар нь очтол миний алдагдсан дөрвөн ширхэг обуд, дугуйг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Уг алдагдсан дугуйны обудыг 2019 оны 04 дүгээр сард 900.000 төгрөгөөр, дөрвөн ширхэг дугуйгаа 2019 оны 12 сард нийтэд нь 320.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би дугуйгаа бүрэн бүтэн хүлээж авсан. ...” гэх мэдүүлэг /1хх-н 23-24 дүгээр хуудас/,
2. Гэрч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Саяхан 10-д хоногийн өмнө амбаарт 4 ширхэг дугуй байхаар нь У-аас асуусан чинь би хүнээс худалдаж авсан. Мөнгийг нь цувуулж өгөх гэж байгаа гэж хэлсэн. ...Хүүгээ ийм хэрэгт холбогдсонд маш их гайхаж байна. Ийм хэрэг хийх хүүхэд биш байгаа юм. ...” гэх мэдүүлэг /1хх-н 37-38 дугаар хуудас/,
3. Гэрч П.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Т.У- нь миний дагавар хүүхэд байгаа юм. Эхнэр Д.Доржпагма бид хоёр 2016 оноос хойш хамтран амьдарч байгаа. Би 2019 оны 05 дугаар сарын эхээр Тоёота Приус 20 маркийн ... улсын дугаартай саарал өнгийн автомашиныг худалдан авч байсан бөгөөд өөрөө унаж байгаад дагавар хүү У-т 2019 оны 08 дугаар сараас өөрийн ... автомашиныг хэрэглүүлж байсан. Тус машиныг би мөнгөний хэрэг гараад 2019 оны 05 сард Сайн ломбарданд явдагаар 3.500.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. Сард 300 гаран мянган төгрөг төлдөг. ...Би У-т уг машиныг хэрэглүүлж байсан. ...Т.У- нь үг дуу цөөтэй, даруухан, хүний үгэнд ордог, архи, тамхи хэрэглэдэггүй. Одоогоор У- дуудлагын жолоочоор ажилладаг. ...” гэх мэдүүлэг /1хх-н 36 дугаар хуудас/,
4. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Т.У-аас эд зүйл хураан авсан, Л.З-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Т.У-аас эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 3-17 дугаар хуудас/,
5. “Дамно” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ХУ2-20-215 дугаартай “Авто машины дугуйг 520.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-н 41-42 дугаар хуудас/,
6. “Дамно” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн ХУ2-20-266 дугаартай Тоёота Приус 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 6.500.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-н 118 дугаар хуудас/,
7. Авто тээврийн үндэсний төвийн ... улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар эзэмшигч нь “Тайгын булаг кредит” ХХК бүртгэлтэй тухай /1хх-н 123 дугаар хуудас/,
8. Тоёота приус 20 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-н 49 дүгээр хуудас/,
9. Шүүгдэгч Т.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийн хооронд дуудлагын жолоочоор ажиллаж байгаад 02 цагийн үед дуудлагаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт- Ухаа 2 хороололд хүний машин хүргэж өгсөн. Түгээлтийн машинд суух гээд төв зам руу алхаж байхдаа байран дунд хар Алтийз маркийн машины обуд нь их гоё харагдсан. Тэгээд түгээлтийн машинд суугаад дараагийн дуудлагандаа яваад 04 цагийн үед ажил тарсан. Тэгээд Г-т би Буянт-Ухаа 2 хороололд нэг хар өнгийн машинд гое обуд байсан гэж хэлсэн чинь Г- очиж үзье гэхээр нь бид хоёр тухайн үед миний унаж байсан Тоёота Приус 20 маркийн ... улсын дугаартай автомашинтай Буянт-Ухаа 2 хороололд ирэхэд 04 цаг өнгөрч байсан. Би нөгөө машины хажууд очиж зогсоод Г-т хар өнгийн Аптийз маркийн автомашиныг заагаад тэр обуд гэж хэлсэн чинь Г- Шогун нэртэй обуд байна гоё обуд шүү дээ гэж хэлэхээр нь би авчих уу гэж хэлсэн чинь Г- яасан ч яахав гээд авахаар болоод Г- дугуйн доор эвэх тоосго олохоор явсан. Би машинаас торцовны иш 18-тай тусгай торцов аваад дөрвөн дугуйг нь сулалсан. Тэгсэн Г- тоосго аваад ирсэн. Г- машинаас домакрат аваад дугуйнуудыг тайлж аваад доор нь тоосго эвээд машинд дөрвөн дугуйг хийгээд манай гэрт ирэхэд 06 цаг өнгөрч байсан. Машинаа хашаандаа оруулаад дугуйг амбаарт хийгээд би гэртээ орж унтсан. Г- миний машиныг аваад таксинд явна гээд гарсан. Дараа нь цагдаа нар обудтай дугуйг надаас хураан авч эзэнд нь хүлээлгэж өгсөн байсан. Тухайн обуд нь таалагдаад машиндаа тавих гэж авсан. ...18-тай тусгай түлхүүрийг би нэг газар хаячихсан олдохгүй байна. Дугуйг гараараа тайлах ямар ч боломж байхгүй. Заавал түлхүүр багаж ашиглана. Бид хоёр тээврийн хэрэгсэл ашиглахгүйгээр дөрвөн дугуйг Баянхошууд аваачих боломж байхгүй. Энэ хэргийг Г- бид хоёр л үйлдсэн. ...маш их харамсаж байна. ...” гэх мэдүүлэг /1хх-н 78-79 дүгээр хуудас/,
10. Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийн хооронд дуудлагын жолоочоор ажиллаж байгаад 04 цагийн үед ажил тараад У-тай таарсан чинь би дуудлагаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хороололд хүний машин хүргэж өгсөн. Түгээлтийн машинд суух гээд төв зам руу алхаж байхад байран дунд хар Алтийз маркийн машины обуд нь их гоё харагдсан очиж үзэх үү гэхээр нь би тэгье гээд У-ын Приус 20 маркийн ... улсын дугаартай автомашинтай Буянт-Ухаа 2 хороололд 04 цаг өнгөрч байхад ирсэн. У- нэг хар Алтийз машины хажууд зогсоод тэр обуд гэж хэлэхээр нь би Шогун нэртэй обуд байна гоё обуд шүү дээ гэж хэлсэн чинь У- дугуйг хулгайлах уу гэхээр нь зөвшөөрсөн. У- машинаасаа торцов аваад дугуйнуудыг тайлчихаад тоосго олоод ирье гээд явсан. Би У-ын машинаас домакрат аваад машиныг өргөсөн. У- дугуйнуудыг аваад тоосго эвээд дөрвөн дугуйг машинд хийгээд У-ын гэр болох Баянхошуунд ирэхэд 06 цаг болж байсан санаж байна. Машинаа хашаанд оруулаад дугуйг аваад амбаарт хийгээд У- би гэртээ орж унтлаа гэхээр нь би машиныг нь аваад таксинд явна гээд гарсан. Тэгээд хүн олдохгүй байхаар нь буцаад У-ын хашааны гадаа ирээд машинд унтсан. Найзынхаа машиныг гоё болгох гэж авсан. У- бид хоёрт өөр үйлдсэн хэрэг байхгүй. Түлхүүр багаж ашиглахгүй дугуйг тайлж, тээврийн хэрэгсэл ашиглахгүйгээр дугуйнуудыг Баянхошуунд аваачих ямар ч боломж байхгүй. Энэ хэргийг У- бид хоёр л үйлдсэн өөр хүн бол байгаагүй. Бид хоёр 18-тай торцов 1 ширхэг, домакрат 1 ширхэг, торцовны урт иш зэргийг ашигласан. Багажнууд У-ын машинд байсан. 18-тай торцов нь хаана байгааг би мэдэхгүй У- мэднэ. ...маш их харамсаж байна” гэх мэдүүлэг /1хх-н 92-93 дугаар хуудас/,
11. Шүүгдэгч Т.У-ын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх талаар хураангуй лавлагаа гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 57-59 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1хх-н 100 дугаар хуудас/,
12. Шүүгдэгч Б.Г-ын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхний хуулбар /хх-н 97-99 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 101 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолууд /1хх-н 101-113 болон 2хх-н 90-98 дугаар хуудас /, болон бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “...шүүгдэгч Т.У-, Б.Г- нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, мөн дугүйг гараараа салгаж авах боломжгүй учраас шүүгдэгч нар өөрсдийн үйлдлийг хөнгөвчилж, торцов, домакратыг ашигласан, эдгээрийг хэрэглэхгүйгээр дугуйг салгаж авах боломжгүй тул зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн, үнэлгээнд маргах үндэслэлгүй ба, үнэлгээ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. ...” гэсэн;
Өмгөөлөгч Д.Алтантуяагаас “...Хулгайн үйлдэл дээр маргахгүй, харин прокурорын яллах дүгнэлтэд бичсэн зүйлчлэл, мөн прокурор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдгийг зөвшөөрөхгүй, торцов, домакрат зэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зүйл гэж үзэхгүй. Учир нь урьдчилан бэлтгэсэн, төлөвлөсөн байж торцов, домакратыг ашигласан тохиолдолд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж тус зүйл, хэсэгт зааснаар зүйлчилнэ. Гэтэл шүүгдэгч нар бэлтгэсэн, төлөвлөсөн зүйл байхгүй, шууд тухайн үедээ л хөрөнгийг нь авчихсан. Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээч нь биетээр дугуйг үзээгүй гэж тайландаа бичсэн байдаг. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү гэсэн;
Өмгөөлөгч Т.Цэен-Ойдовоос “...приус маркийн машин нь эвдрэлтэй байхад “Дамно” ХХК нь зах зээлийн үнээр үнэлсэн гэдэг. Гэтэл тээврийн хэрэгслийг бодитоор үзээгүй. Иймд 4.700.000 төгрөгөөр тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээг харгалзан үзнэ үү...” гэсэн тус тус дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.У-, Б.Г- нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Т.У- Б.Г- нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор торцов, домакрат зэргийг буюу тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, ... улсын дугаартай “Toyota prius” загварын машин механизмыг ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Буянт-Ухаа-2” хороололын 1044 дүгээр байрны автомашины зогсоол дээр байрлуулсан байсан иргэн Л.З-ын эзэмшлийн ... улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч Л.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...машины дөрвөн ширхэг дугуй байхгүй доор нь тоосго эвсэн байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр цагдаагаас дуудахаар нь очтол миний алдагдсан дөрвөн ширхэг обуд, дугуйг хүлээлгэж өгсөн. Уг алдагдсан дугуйны обудыг 2019 оны 04 дүгээр сард 900.000 төгрөгөөр, дөрвөн ширхэг дугуйгаа 2019 оны 12 сард нийтэд нь 320.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-н 23-24 дүгээр хуудас/,
- Гэрч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Саяхан 10-д хоногийн өмнө амбаарт 4 ширхэг дугуй байхаар нь У-аас асуусан чинь би хүнээс худалдаж авсан, мөнгийг нь цувуулж өгөх гэж байгаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-н 37-38 дугаар хуудас/,
- Гэрч П.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 05 дугаар сарын эхээр Тоёота Приус 20 маркийн ... улсын дугаартай саарал өнгийн автомашиныг худалдан авч байсан бөгөөд өөрөө унаж байгаад дагавар хүү У-т 2019 оны 08 дугаар сараас өөрийн ... автомашиныг хэрэглүүлж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-н 36 дугаар хуудас/,
-2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Т.У-аас эд зүйл хураан авсан, Л.З-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Т.У-аас эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 3-17 дугаар хуудас/,
- “Дамно” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ХУ2-20-215 дугаартай “Авто машины дугуйны” хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-н 41-42 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяагийн гаргасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, мөн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд торцов, домакрат зэргийг хамааруулан үзэхгүй, шинжээч нь дугуйг биетнээр нь үзэлгүй хөрөнгийн үнэлгээ гаргасан гэсэн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.
Хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Мөн машин механизм ашиглах гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашиглахыг;
-тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдэгт ..тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг хамааруулан тус тус ойлгоно.
Шүүгдэгч Т.У-, Б.Г- нар нь иргэн Л.З-ын эзэмшлийн автомашины 4 ширхэг дугуйг хулгайлахдаа учрах саадыг арилгах зорилгоор торцов, домакрат зэрэг багажаар автомашины дугуйг боолтоор нь тайлж хулгайлан авсан үйл баримт байх ба, багаж ашиглахгүйгээр дугуйг их бие болох машинаас салгах боломжгүй бөгөөд дугуйг тайлж авахын тулд торцов, домакрат зэргийг зориуд тээврийн хэрэгсэлд хадгалж байсан байх тул торцов, домакрат зэргийг тусгайлан бэлтгэсэн гэж үзнэ. Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “Тайгын булаг кредид” ХХК-ний эзэмшилд бүртгэлтэй ... улсын дугаартай “Toyota prius” загварын машин механизмыг ашигласан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон байна.
Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалын талаар заасан ба, 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандартад ...нийцүүлэн тодорхойлно” гэж заасан.
“Дамно” ХХК-ний тус хэрэгт автомашины 4 ширхэг дугуйны үнэлгээг гаргахдаа зах зээлийн жиших хандлагыг шууд харьцуулалтын аргаар хийж 520.000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд “Дамно” ХХК-ний гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч, өмгөөлөгч нарт танилцуулахад гомдол хүсэлт гаргаагүй бөгөөд, дээрх үнэлгээний тайланг үгүйсгэх, няцаах баримт хэрэгт байхгүй, нөгөө талаас Хөрөнгийн үнэлгээний хуульд заасны дагуу жиших хандлагыг аргаар гаргасан үнэлгээг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй тул эдгээр үндэслэлээр өмгөөлөгч Д.Алтантуяагийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй байна.
Шүүгдэгч Т.У-, Б.Г- нарын хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд Т.У-, Б.Г- нарын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Харин прокуророос шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “зэвсэг” хэрэглэсэн гэж ялалсан нь үндэслэлгүй гэж үзэж шүүх зөвтгөн шийдвэрлэсэн болно. Учир нь “зэвсэг” гэдэгт галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн зэрэг эд зүйлийг ойлгох бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн торцов, домакрат зэрэг нь зэвсэгт хамаарахгүй тул энэхүү хэсгийг шүүх үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.З-д 520.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нар нь хохирогчид тээврийн хэрэгслийн дугуйг биет байдлаар буцаан өгсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.У-т 2 жилийн хорих ял тус тус оногдуулах, мөн шүүгдэгч Б.Г-т оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 2 жилийн хорих ялыг нэмж нэгтэн Б.Г-ын биечлэн эдлэх ялыг 4 жил 7 сарын хугацаагаар тогтоох, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь Манлай гэх хүнээс Банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд шилжүүлсэн буюу бусдын эзэмшилд байгаа тул хууль ёсны эзэмшигчид нь олгож, машины үнийг буюу тус бүрээс 3.250.000 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах, Б.Г-ын цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох, эд мөрийн баримтыг устгах гэсэн дүгнэлтийг,
Өмгөөлөгч Д.Алтантуяагаас “...Б.Г-ын урьд үйлдсэн гэмт хэрэг нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Харин санаачилсан, гүйцэтгэсэн хүмүүсийн ял өөр байх учиртай тул Т.У-аас ихгүй ял оногдуулж өгнө үү...” гэсэн;
Өмгөөлөгч Т.Цэен-Ойдовоос “...Шүүгдэгч Т.У- нь хувийн байдлын хувьд ар гэрээ тэжээн тэтгэдэг, гэмт хэрэгт холбогдсоноос хойш дахин гэмт хэрэгт холбогдоогүй, хохирлын хэмжээ бага, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү. Харин ялыг ялгамжтай оногдуулж өгнө үү гэдэгт гүйцэтгэгч, хамжигчийн ялын ялгамж байхгүй гэж үзэж байна ...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба, шүүгдэгч Т.У-т мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулах нь гэм буруугийн зарчимд нийцэх ба, тус гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарч байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Т.У-, Б.Г- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Т.У-т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм хорыг арилгасан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм хорыг арилгасан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Б.Г- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, шүүхээс мөн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт ялыг хэмжээг тогтооно” гэж,
2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байна.
Иймд шүүгдэгч Б.Г- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тэнссэн хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд дээрх тогтоолоор оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байна. Иймээс шүүгдэгч Б.Г-т энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сарын хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Т.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
3.Бусад асуудлаар:
1/Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг хураах, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар заасан ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”,
3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”,
4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай “Toyota prius-20” загварын машин нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа зэргээр “Тайгын булаг кредит” ХХК-ний эзэмшилд бүртгэлтэй байх тул хураан авах боломжгүй байна. Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрх тээврийн хэрэгслийн үнэ 6.500.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Т.У-аас 3.250.000 төгрөгийг, Б.Г-аас 3.250.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
2/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн домкратны дэгээ 1 ширхэг, дугуйн торцовны иш 1 ширхэг, хар өнгийн домкрат 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
3/ Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.У- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Г-ын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 103 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.У-, Б.Г- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.У-ыг 2 /хоёр/ жилийн хорих ял,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 2 /хоёр/ жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүдэгч Б.Г-т энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн Б.Г-ын биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-, Б.Г- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 103 /нэг зуун гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Т.У- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар хохирогч Л.З-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн домкратны дэгээ 1 ширхэг, дугуйн торцовны иш 1 ширхэг, хар өнгийн домкрат 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгслийн үнэ 6.500.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Т.У-аас 3.250.000 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, Б.Г-аас 3.250.000 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Г-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдний эдлэх хорих ялыг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.У-, Б.Г- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН