| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 167/2017/0144/э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2018-02-21 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 22
О.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: С.Энхням,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Дагийнамжил,
Шүүгдэгч: О.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч О.М-д холбогдох, эрүүгийн 201710000124 дугаартай, 2 хавтас, 311 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Дорноговь аймгийн Прокурорын газраас:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрмийн мастер мэргэжилтэй, Эрдэм транс ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 44 дүгээр гудамжны ..... тоотод оршин суух, урьд 2004 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Гөрөөчин овогт О-ийн М /РД:ЙР90040113/-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч О.М нь 2016 оны 10 дугаар сард Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ББ дэлгүүрт нэвтэрч 50 блок ченж эссэ, 50 блок энгийн эссэ тамхийг хулгайлсны улмаас хохирогч Н.От 3050000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 04 дүгээр сарын 13-14 нд шилжих шөнө Дорноговь аймгийн 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ББ нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч Esse change нэртэй тамхи 50 блок, Mild seven нэртэй тамхи 50 блок, Esse тамхи 20 блок, LD club нэртэй тамхи 50 блок, West нэртэй тамхи 50 блок, Bohim нэртэй тамхи 50 блок, улаан LD тамхи 50 блок, Winston нэртэй тамхи 50 блок, Сэрүүн нэрийн пиво 24 лааз зэргийг хулгайлсны улмаас 11618000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Гөрөөчин овогт О-ийн М-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мгийн цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор,
Хэрэгт эд мөрийн баримтаар хурагадан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.М-гаас 10 259 950 төгрөгийг гаргуулж хохирогч Н.О-т олгохоор,
Нэхэмжлэлийн зөрүү 3 768 050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Уг хэргийн гэм буруугийн холбогдол тодорхой бөгөөд гагцхүү шүүхээс Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзэх заалтыг анхаарч үзээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл М-ийн хувьд анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж, гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хувийн байдлын хувьд нийгэмд эзлэх байр сууриа олж тодорхой хэмжээгээр хөдөлмөрийн хамт олны дотор засарч төлөвших боломжтой байгууллага хамт олонтой болох онцлог байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудаар дүгнэлт хийх явдал юм. М өөрөө ч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хот хоорондын авто баазад ажилладаг. Цаашид ажиллаж амьдарч, хөдөлмөрийн орлогоороо хохирол төлбөрөө бүрэн төлөх боломжтой гэж хэлж байгаа тул түүний хувийн байдлыг анхаарч үзээсэй гэж хүсч байна. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг нь дан ганц хорих ялын санкцитай биш бөгөөд баривчлах ялын сонголттой. Мөнхнасан энэ хэргийн улмаас яг өнөөдрийн байдлаар 3 сар 14 хоног цагдан хоригдож байгаа бөгөөд цагдан хоригдсон хоногт нь тохируулаад 3-6 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулах бүрэн боломжтой байх тул түүнд баривчлах ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч О.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрөө хот хоорондын чиглэлийн авто баазад жолооч хийдэг. Хохирол төлбөрөө төлөх боломжтой. Автобус баазтайгаа гэрээ хийчихсэн, гэрээгээр ажилладаг. Ажлын байр бэлэн байгаа. Хорих ялыг өөрчилж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгчийн ял шийтгэлийн тал дээр хохирогчийн зүгээс хэлэх саналгүй. Хамгийн гол нь анхан шатны шүүх хохирлыг шийдэхдээ 3700000 төгрөгийг хууль зүйн үндэслэлгүйгээр хасч шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. М-ийн 1408000 төгрөг байсан гэж хэлснээр л хасаад шийдчихсэн, үнэлгээгээр гарсныг бас хасчихсан. Энэ хэрэгт Балжинням, Нэмэхбаяр нарыг бүлэглэн хэрэгт оролцсон байж болох асуудлыг шалгалгүй орхисон. Дараа нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэрэг процессийн алдаанууд байна. Мягмарсүрэнг бас тодорхой хэмжээгээр энэ хэрэгт оролцсон гэж үзэх үндэслэл байна. Энэ хэргийн цаана нэг хүн ял завшаад явж байх боломж байна. Үүнийг анхаарч үзээсэй гэж хүсч байна. Шүүгдэгч М хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй. Аав нь уулзаад төлөх боломжтой талаар ярьдаг. 14630000 төгрөгийн хохирол байгаа, энэ мөнгийг төлүүлэх үндэслэлтэй гэв.
Прокурор С.Энхням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Уг хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн үед шийдвэрлэгдсэн. Ингээд 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэх үед баривчлах ялыг эдлүүлэх хууль зүйн зохицуулалт байхгүй болсон учраас анхан шатны шүүхээс шүүгдэгчид хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд Балжинням, Мягмарсүрэн гэдэг хүмүүс энэ хэрэгт холбогдолтой гэдэг тайлбарыг хэлж байна. Тухайн үед гэмт хэрэг үйлдсэнийг Балжинням мэдээгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд цугларсан, хохирогч, гэрч, Балжиннямын өөрийнх нь мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогддог. Мягмарсүрэнгийн хувьд тухайн хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг мэдсэн. 2015 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлснээр уг хуульд гэмт хэргийг үл мэдээлэх зүйл анги нь байхгүй, гэмт хэргийн шинжгүй болсон учраас Мягмарсүрэнгийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй, ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр хохирол төлбөр төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан байсан. Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон гэж үзэж байна гэв.
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.М-г Сайншанд сумын 2 дугаар багт орших “ББ” дэлгүүрт 2 удаагийн давтан үйлдлээр нэвтэрч нийт 10.899.950 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон ба хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдлын дагуу тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.М нь 2016 оны 10 дугаар сард “ББ” дэлгүүрт түлхүүрээр нь нээн орж 50 блок Esse change, 50 блок энгийн Эссэ тамхинуудыг хулгайлж 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,
2017 оны 04 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө мөн дэлгүүрийн дээврээр нь орж 50 блок Mild seven, 20 блок энгийн Эссэ, 50 блок LD club, 50 блок Winston, 50 блок улаан West тамхинууд, Сэрүүн нэрийн пиво 24 лааз, бэлэн мөнгө 1.480.000 төгрөг зэргийг хулгайлж 6.349400 төгрөгийн, нийт 10.899.950 төгрөгийн хохирол учруулсан болох нь дэлгүүрийн эзэн Н.О-ийн мэдүүлэг, гэрч Х.Ариунаа, М.Болортуяа, Н.Одонтунгалаг, Д.Чулуунбат, энэ хэрэгт яллагдагчаар татагдаж байцаагдсан М.Мягмарсүрэн нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан баримтат мэдээллүүд байна гэж үзлээ.
Анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох 2017 оны 04 дүгээр сарын 13-14-ний үйлдлээс 50 блок Bohim, 50 блок улаан LD, 50 блок change Esse тамхинуудыг хулгайлсан гэдэг нь тогтоогдсонгүй гэж, бэлэн мөнгө 2.050.000 биш 1.480.000 төгрөг хулгайлсан гэж тус тус үзэж, “ББ” дэлгүүрийн эзэн Н.О-ээс нэхэмжилж байгаа нийт 14.668.000 төгрөгийн хохирлоос эдгээр 3 төрлийн тамхины үнэ 3.198.050 төгрөг, бүрэн нотлогдоогүй бэлэн мөнгөний 570.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.
Учир нь хавтаст хэрэгт “ББ” ХХК-ийн дэлгүүрийн барааны орлого, зарлагын санхүүгийн баримт байхгүй тул тогтоогдсон хэмжээнд нь хохирлыг шийдвэрлэсэн гэж үзнэ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс буцааж хураасан тамхинуудын үнийн тооцоо болох 640.000 төгрөгийг шүүх хасч тооцсоноос өөрөөр хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, хохирогчид учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх боловч хавтаст хэрэгт энэ тухай авагдсан баримтгүй, хохирлыг хэрхэн яаж, ямар боломжоор төлөхөө илэрхийлээгүй байна.
Гэмт хэрэг 2016 оны 10 сар, 2017 оны 4 дүгээр сард үйлдэгдсэн тул гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа боловч 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа ба энэ хуулийн ялын төрөлд “баривчлах“ ял байхгүй болсон тул шүүгдэгчид ялын төрлөөс хасагдсан, хэрэглэгдэхгүй болсон ялыг оногдуулах үндэслэлгүй юм.
Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы шүүгдэгч нь хохирлоо сайн дураар төлөхөө илэрхийлсэн тул 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар баривчлах ял оногдуулж өгөхийг хүссэн давж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч О.М нь 44 хоног цагдан хоригдсныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
А.САЙНТӨГС