| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2020/0696/Э |
| Дугаар | 687 |
| Огноо | 2020-10-19 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Батсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 687
2020 10 19 2020/ШЦТ/687
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Б.Батсайхан /томилолтоор/,
шүүгдэгч Ө.М-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,
шүүгдэгч Ц.Н-, түүнийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир, С.Уламбаяр,
шүүгдэгч Г.Х-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Ө.М-, Ц.Н-, Г.Х- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002000000252 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, .....).
2. Монгол Улсын иргэн, .....).
3.Монгол Улсын иргэн, .....
Прокуророос яллах дүгнэлтэд бичсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Ө.М-, Ц.Н-, Г.Х- нар нь бүлэглэн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол” бодисийн агууламжтай, “өвс” гэх нэршилтэй 3.956.4245 жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авч, бэлтгэсэн,
-Улмаар 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын ойролцоо, Нисэхийн тойрог орчим 41-45 УБМ улсын дугаартай “Toyota prius-30” маркийн автомашинд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй 3.956.4245 кг жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХнь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт:
Шүүгдэгч Ө.М-: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүгдэгч Ц.Н-: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүгдэгч Г.Х-: 2020 оны 07 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө би Ө.М-тэй хамт машинд нь юм яриад пиво уугаад сууж байсан. Тэгээд Ө.М- надад Дархан хотыг үзүүлэхээр болсон. Тухайн үед бид 2 пиво уусан байсан болохоор Ц.Н-ийг дуудаж машин бариулахаар болсон. Би явах замдаа унтаад явсан. Унтаж байгаад сэрээд харсан чинь нэг газар зогссон. Манай 2 найз гараад явсан байсан. Тэгээд хот руу орж ирэхэд цагдаа нар зогсоосон гэв.
Хоёр. Эрүүгийн 2002000000252 дугаартай хэргээс:
1. 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн “Нисэхийн тойргийн “Петровис” шатахуун түгээх станцын орчим мансууруулах төрлийн ургамал авч яваа сэжиг бүхий машинтай хүн байна” гэх гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-н 8 дугаар хуудас),
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд“...Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ... улсын дугаартай улаан өнгийн приус-30 маркийн автомашинд 2020 оны 7 дугаар сарын 17-ний өдрийн 19.00 цагт үзлэгийг эхлүүлж хийхэд:
-улаан өнгийн тээврийн хэрэгсэл байна. ...тээврийн хэрэгслийн хойд багаж хэсэгт үзлэг хийхэд чирнээлэн ягаан өнгийн цүнх байх ба тус цүнхийг машины эзэн гэх М-эр онгойлгуулан үзэхэд цагаан өнгийн гялгар ууттай 35х35 см хэмжээтэй ногоон өнгийн өвс мэт зүйл байв. Мөн хар өнгийн үүргэвчтэй цүнхийг дахин онгойлгуулан үзэхэд 28х36см хэмжээтэй цагаан өнгийн гялгар уутаар давхарлан боож дотор нь юу байгааг харахаар задлан үзэхэд нойтон ногоон өнгийн өвс мэт зүйл байх ба гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-н 11-16 дугаар хуудас),
3. Ө.М-, Ц.Н-, Г.Х- нарын биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд /хх-н 17-36 дугаар хуудас/,
4. Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцсон тухай буюу Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ... улсын дугаартай улаан өнгийн “приус-30” маркийн автомашинд 2020 оны 7 дугаар сарын 17-ний өдрийн үзлэг болон үзлэгээр хураан авсан ...цагаан өнгийн гялгар ууттай 35 смх35 см хэмжээтэй, 28смх36см хэмжээтэй цагаан өнгийн гялгар уутаар давхарлан боож нойтон ногоон өнгийн өвс мэт зүйл, ...биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан авсан ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 21,20 дугаартай тогтоол (хх 37-41 дүгээр хуудас),
5. 2020 оны 8 дугаар сарын 11-ны өдөр “Эд мөрийн баримт”-аар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэлд:
-“...Supermarket Orgil Center” гэсэн улаан өнгийн бичигтэй цагаан өнгийн гялгар торон дотор “Ulaanbaatar Mongolia” гэсэн бичигтэй 2 гялгар ууттай өвс ургамал мэт зүйл, ногоон өнгийн зиплок түгжээ бүхий гялгар ууттай ёроол хэсэгт нь өвс ургамлын үлдэгдэлтэй, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг өнгийн тугалган цаас зэрэг байна. “Ulaanbaatar Mongolia” гэсэн бичигтэй 2 гялгар ууттай ногоон өнгийн ургамал нь нойтон нилэнхүйдээ муудаж ялзарсан, өвөрмөц гаж үнэр орсон байх тул ...сонингийн цаасанд боож албан хэрэгцээнд ашигладаг Ohaus маркийн жин дээр жинлэхэд нийтдээ 3955 граммыг зааж байв. ...” гэсэн тэмдэглэл, (хх-н 42 дугаар хуудас),
6. “Иргэн Б.О-ийн эзэмшлийн 4145УБМ улсын дугаартай “Toyota Prius 30” маркийн автомашин”-ыг битүүмжилсэн тухай Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаартай тогтоол (хх-н 198 дугаар хуудас),
7. Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “...4145 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн нэр дээр байдаг машин. Дэлгүүрийн бараа зөөх гэх мэт ахуйн хэрэгцээндээ ашигладаг. ...” гэх мэдүүлэг (хх-н 56 дугаар хуудас), Авто тээврийн үндэсний төвийн “4145 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Б.О-ийн нэр дээр бүртгэлтэй тухай” лавлагаа (хх-н 166 дугаар тал), уг автомашины үнийг 12.570.000 төгрөгөөр тогтоосон “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан/хх-н 89-100 дугаар хуудас/
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 3958 дугаартай дүгнэлтэд:
-Шинжилгээнд ирүүлсэн 35х25 см хэмжээтэй цагаан өнгийн ууттай өвс мэт ногоон өнгийн зүйлийн уутны хамт 1697 г, цэвэр жин нь 1600 г, 28х36 см хэмжээтэй цагаан өнгийн ууттай өвс мэт ногоон өнгийн зүйлийн уутны хамт 2379 г, цэвэр жин 2355 г, зиплок түгжээ бүхий уутанд хатсан нунтаг ургамал уутны хамт 8г, түүний цэвэр жин нь 1,4245 г, гялгар ууттай хөнгөн цагаан бортого хэлбэрт оруулсан дотор талдаа шатсан ургамал мэт зүйлийн үлдэгдэлтэй зүйлс тус бүрээс дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв.
Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг. /шинжээч Б.Энхмандах/… гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 60-65 дугаар хуудас),
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн 3934 дугаартай дүгнэлтэд:
“...Шинжилгээнд ирүүлсэн “Цэнгэл Нямдорж УХ02251237” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.
-Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-д багтдаг болно. /шинжээч Б.Цогбаяр/ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-н 67-69 дүгээр хуудас),
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн 3932 дугаартай дүгнэлтэд:
“...Шинжилгээнд ирүүлсэн “Өлзийбатын М- ЙЕ00301912” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.
-Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-д багтдаг болно. /шинжээч Б.Цогбаяр/ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-н 71-73 дугаар тал),
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн 3933 дугаартай дүгнэлтэд:
“...Шинжилгээнд ирүүлсэн “Ганбат Халиун УЗ00300929” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-д багтдаг болно. /шинжээч Б.Цогбаяр/ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-н 75-77 дугаар хуудас),
12. Шүүх сэтгэц эмгэг судлалын 804 дугаартай дүгнэлтэд:
-Ц.Н- нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
-Ц.Н- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
-Ц.Н- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
-Ц.Н- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
-Ц.Н- нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.
-Ц.Н- нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэж оношлогдсон тохиолдолд Монгол улс СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой болно.
-Ц.Н-ид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...гэх дүгнэлт (хх-н 79-80 дугаар хуудас),
13. Шүүх сэтгэц эмгэг судлалын 803 дугаартай дүгнэлтэд:
-Г.Х- нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
-Г.Х- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
-Г.Х- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
-Г.Х- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
-Г.Х- нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.
-Г.Х- нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэж оношлогдсон тохиолдолд Монгол улс СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой болно.
-Г.Х-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...” гэсэн дүгнэлт (хх-н 82-83 дугаар хуудас),
14. Шүүх сэтгэц эмгэг судлалын 802 дугаартай дүгнэлтэд:
-Ө.М- нь Каннабинойдын хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан байна.
-Ө.М- нь одоо Каннабинойдын хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна.
-Ө.М- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
-Ө.М- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
-Ө.М- нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.
-Ө.М- нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэж оношлогдсон тохиолдолд Монгол улс СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой болно.
-Ө.М-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...гэсэн дүгнэлт (хх-н 85-86 дугаар хуудас),
15. “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “иргэн Б.О-ийн эзэмшлийн 4145 УБМ улсын дугаартай “Toyota Prius 30” маркийн автомашины үнийг 12,570,000 төгрөгөөр тогтоосон тухай (хх-н 89-106 дугаар хуудас),
16. Шүүгдэгч Ц.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Анх цагдаагийн байгууллагад баригдаад маш их айж сандарсан болохоор ууттай өвсийг өөрсдийнхөө биш, хүнийх гэж хэлбэл бид нарыг зүгээр өнгөрөөх байх гэж бодоод хоорондоо ярилцаж байгаад тийм мэдүүлэг өгсөн юм. Харин М-, түүний найз Халиун нар хамт салхинд гарангаа Дархан орчихоод ирэх үү гэхээр нь тэгье гэхдээ хонохгүй шүү эхнэр жирэмсэн буцаж ирнэ гээд явсан. Замдаа бие засахаар М- бид хоёр машинаас буусан чинь жалганд интернетээс харж, хүмүүсийн ам дамжсан ярианаас сонсож байсан өвс ургамал шиг зүйл байхыг хараад бид хоёр ярилцаад торонд түүж аваад Дархан орж юм үзэж зугаалж байгаад орой болохоор нь эхнэртээ санаа зовоод хот явья гэж хэлсэн. Замд харанхуй болоод шавар ус ихтэй замаасаа төөрч байгаад нэг сэртэл шаварт суучихсан байсан. Үүр цайтал машиндаа унтаж байгаад машин олж татаж гаргуулаад хотод ирээд Нисэхийн тойрог, Петровис шатахуун түгээх станцын ойролцоо цагдаа зогсоож шалгаад өвс байгааг мэдсэн. ...Түүсэн өвснөөсөө замдаа М- сорж хэрэглээд надад өгсөнөөс хэдэн удаа сорсон хоолой гашуун оргиж, дотор муухайраад эвгүй байсан болохоор дахин сороогүй. ...Халиун машинаас буугаад хамт түүсэн. ...” гэх мэдүүлэг (хх-н 89-106 дугаар хуудас),
17. Шүүгдэгч Г.Х- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр М- машинтай ирээд бид хоёр юм ярьж гадуур явж байгаад салхинд гарах уу гэхээр нь тухайн үед ганцаараа байсан болохоор тэгье гээд хамт явахаар болоод Нямдорж гэдэг найзыг нь аваад хөдөө гарсан. Би хөдөө орон нутгийн зам сайн мэдэхгүй, хөдөө явдаггүй болохоор аль замаар хаана очиж явсаныг мэдээгүй ямар ч байсан хээр газар очиж зогсоод Нямдорж, М- хоёр бие засна гэж буугаад нилээн удаад байхаар нь цонхоор хартал газраас уутанд юм түүж аваад байгаа харагдсан. Би юу түүгээд байгааг нь мэдэхгүй болохоор бууж хараагүй, асуугаагүй гар утсаараа оролдоод пиво уугаад сууж байтал нөгөө хоёр ирээд цааш яваад Дарханы төв орж юм үзэж зугаалж байгаад Нямдоржийн эхнэр жирэмсэн бие нь тааруу гэхээр нь хотруу буцсан. Замд бороотой, шавар ихтэй байсан болохоор шөнө нэг сэртэл шаварт суучихсан гарах боломжгүй болоод үүр цайтал хоносон. Өглөө машин олж чирүүлж гараад хотод иртэл нисэхийн тойрог дээр цагдаа зогсоогоод машин шалгахдаа хууль бус эд зүйл авч явж байна гээд асуудал үүссэн. ...Хот руу буцаж байх замд нөгөө хоёр тэр зүйлийг сорж хэрэглэж байгаад намайг сонирхож үзэх үү гэхээр нь тухайн үед миний татдаг тамхи дуусчихсан байсан болохоор ганц нэг сортол хоолой гашуун оргиод муухай санагдахаар нь буцаагаад өгсөн. Түүнээс болоод шээснээс илэрсэн байх. ...” гэх мэдүүлэг (хх-н 126-127 дугаар хуудас),
18. Шүүгдэгч Ө.М- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эхэндээ айж сандарсанаас болоод машинд байсан зүйлийг хүнийх гээд хэлчихвэл гайгүй өнгөрөх байх гэж бодоод зарим зүйлийг худлаа хэлсэн боловч би хууль зүйн зөвлөгөө туслалцаа авсны үндсэн дээр хамгийн сүүлд болсон асуудлыг үнэн зөвөөр хэлсэн. ...2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Халиунаатай уулзаж гадуур явж байгаад агаар салхинд гарч хөдөө явж байгаагүй гэхээр нь хамгийн ойрхоноор нь Дарханыг үзүүлье гэж бодоод явахаар болсон. Замд хань татаад найз Нямдоржийг хамт явах уу гэж асуухад тэгье гэхээр нь гэрээс нь очиж аваад явсан. Урьхан өнгөрөөд явж байтал бие чилээд шээс хүрээд Нямдорж бид хоёр машинаас бууж бие зассан. Тэгтэл жалганд Каннабис ургамал их ургасан байхыг хараад сониуч зан төрөөд Нямдорж бид хоёр сонирхож үзэхээр 2 гялгар торонд түүж аваад Дархан орж юм үзэж хоол идчихээд Нямдоржийн эхнэр жирэмсэн удаад яахав гээд хот руу буцсан. Шөнө орой болоод бороо, шавар их байсан болохоор шаварт суусан. Үүр цайх үед машин олж чирч гаргуулаад хотод ирэхэд нисэхийн тойрог орчимд цагдаа зогсоогоод машин шалгаад өвс байгааг мэдсэн. ...Уг машин эх Оюунчимэгийн нэр дээр эзэмшилтэй, эцэг, эх хоёр ажилдаа явах бараа зөөх гэх мэт хэрэгцээндээ унаж ашигладаг. ...Түүсэн өвснөөсөө замдаа ороож байгаад хэрэглэж үзсэн. ...” гэх мэдүүлэг (хх-н 137-138 дугаар хуудас),
19. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
-Шүүгдэгч Г.Х-ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-н 160 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хх-н 141 дүгээр хуудас), оршин суух хорооны тодорхойлолт (хх-н 186 дугаар хуудас), түүний нэр дээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-н 145, 165 дугаар хуудас), Г.Х-ы охин 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн талаарх Б.Намулуны төрсний гэрчилгээний хуулбар (хх-н 187 дугаар хуудас),
-Шүүгдэгч Ө.М- иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-н 150-161 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хх-н 142 дугаар хуудас), түүний нэр дээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-н 145, 165 дугаар хуудас),
-Шүүгдэгч Ц.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-н 155-156 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хх-н 143 дугаар хуудас), оршин суух хаягийн тодорхойлолт, түүний нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-н 145, 165 дугаар хуудас) болон бусад хувийн байдлын талаарх баримтууд (хх-н 168-184 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ө.М-, Ц.Н-, Г.Х- нар нь бүлэглэн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол” бодисийн агууламжтай, “өвс” гэх нэршилтэй нийт 3.956,4245 жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авч, бэлтгэсэн,
-Улмаар 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын ойролцоо, Нисэхийн тойрог орчим 41-45 УБМ улсын дугаартай “Toyota Prius-30” маркийн автомашинд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй нийт 3.956,4245 кг (цагаан өнгийн ууттай өвс мэт ногоон өнгийн зүйлийн уутны хамт 1697 г, цэвэр жин нь 1600 г, 28х36 см хэмжээтэй цагаан өнгийн ууттай өвс мэт ногоон өнгийн зүйлийн уутны хамт 2379 г, цэвэр жин 2355 г, зиплок түгжээ бүхий уутанд хатсан нунтаг ургамал уутны хамт 8г, түүний цэвэр жин нь 1,4245 г) жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн “Нисэхийн тойргийн “Петровис” шатахуун түгээх станцын орчим мансууруулах төрлийн ургамал авч яваа сэжиг бүхий машинтай хүн байна” гэх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-н 8 дугаар хуудас),
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “... улаан өнгийн тээврийн хэрэгсэлд ...цагаан өнгийн гялгар ууттай 35х35 см хэмжээтэй ногоон өнгийн өвс мэт зүйл байв. Мөн хар өнгийн үүргэвчтэй цүнхийг дахин онгойлгуулан үзэхэд 28х36см хэмжээтэй цагаан өнгийн гялгар уутаар давхарлан боосон, ...үзэхэд нойтон ногоон өнгийн өвс мэт зүйл байв, гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-н 11-16 дугаар хуудас),
“Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцсон тухай прокурорын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 21,20 дугаартай тогтоол (хх 37-41 дүгээр хуудас),
-2020 оны 8 дугаар сарын 11-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд “....“Supermarket Orgil Center” гэсэн улаан өнгийн бичигтэй цагаан өнгийн гялгар торон дотор ...2 гялгар ууттай өвс ургамал мэт зүйл, ногоон өнгийн зиплок түгжээ бүхий гялгар ууттай ёроол хэсэгт нь өвс ургамлын үлдэгдэлтэй, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг өнгийн тугалган цаас зэрэг байна. ...2 гялгар ууттай ногоон өнгийн ургамал нь нойтон нилэнхүйдээ муудаж ялзарсан, өвөрмөц гаж үнэр орсон ...жин дээр жинлэхэд нийтдээ 3955 граммыг зааж байв. ...” гэсэн тэмдэглэл, (хх-н 42 дугаар хуудас),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 3958 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн 35х25 см хэмжээтэй цагаан өнгийн ууттай өвс мэт ногоон өнгийн зүйлийн уутны хамт 1697 г, цэвэр жин нь 1600 г, 28х36 см хэмжээтэй цагаан өнгийн ууттай өвс мэт ногоон өнгийн зүйлийн уутны хамт 2379 г, цэвэр жин 2355 г, зиплок түгжээ бүхий уутанд хатсан нунтаг ургамал уутны хамт 8г, түүний цэвэр жин нь 1,4245 г, гялгар ууттай хөнгөн цагаан бортого хэлбэрт оруулсан дотор талдаа шатсан ургамал мэт зүйлийн үлдэгдэлтэй зүйлс тус бүрээс дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв.
-Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг. /шинжээч Б.Энхмандах/… гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 60-65 дугаар хуудас),
-Шүүгдэгч Ц.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...М- бид хоёр машинаас буусан чинь жалганд интернетээс харж, хүмүүсийн ам дамжсан ярианаас сонсож байсан өвс ургамал шиг зүйл байхыг хараад бид хоёр ярилцаад торонд түүж авсан. ...хотод ирээд Нисэхийн тойрог, Петровис шатахуун түгээх станцын ойролцоо цагдаа зогсоож шалгаад өвс байгааг мэдсэн. ...Түүсэн өвснөөсөө замдаа М- сорж хэрэглээд надад өгсөнөөс хэдэн удаа сорсон ...Халиун машинаас буугаад хамт түүсэн. ...” гэх мэдүүлэг (хх-н 89-106 дугаар хуудас),
-Шүүгдэгч Г.Х- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Нямдорж, М- хоёр бие засна гэж буугаад нилээн удаад байхаар нь цонхоор хартал газраас уутанд юм түүж аваад байгаа харагдсан. ...хотод иртэл нисэхийн тойрог дээр цагдаа зогсоогоод машин шалгахдаа хууль бус эд зүйл авч явж байна гээд асуудал үүссэн. ...Хот руу буцаж байх замд нөгөө хоёр тэр зүйлийг сорж хэрэглэж байгаад намайг сонирхож үзэх үү гэхээр нь тухайн үед миний татдаг тамхи дуусчихсан байсан болохоор ганц нэг сорсон. ...” гэх мэдүүлэг (хх-н 126-127 дугаар хуудас),
-Шүүгдэгч Ө.М- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ...Урьхан өнгөрөөд ...Нямдорж бид хоёр машинаас бууж бие зассан. Тэгтэл жалганд Каннабис ургамал их ургасан байхыг хараад сониуч зан төрөөд Нямдорж бид хоёр сонирхож үзэхээр 2 гялгар торонд түүж авсан. ...хотод ирэхэд нисэхийн тойрог орчимд цагдаа зогсоогоод машин шалгаад өвс байгааг мэдсэн. ...Түүсэн өвснөөсөө замдаа ороож байгаад хэрэглэж үзсэн. ...” гэх мэдүүлэг (хх-н 137-138 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.М-, Ц.Н- нар гэм буруугийн талаар, тэдний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэлд тус тус маргаагүй. Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х-ы өмгөөлөгч Н.Намжилцогт нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатах байр суурьтай оролцсон ба гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ “...Г.Х-ы бүлэглэж үйлдсэн оролцоо нотлогдохгүй байна, өөрөөр хэлбэл яаж түүж, олж авч бэлтгэсэн нь тодорхойгүй байгаа. Биологийн шинжээчийн дүгнэлтээр Г.Х-аас авсан шинжилгээгээр сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нь тогтоогдсон боловч хэрэглэсэн нь эрүүгийн гэмт хэрэг биш, зөрчлийн шинжтэй бөгөөд гэмт хэргийн шинжгүй байгаа учраас Г.Х-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэж мэтгэлцэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэн үзвэл шүүгдэгч Ө.М-, Ц.Н-, Г.Х- нар нь хамтдаа Дархан-Уул аймаг руу явсан, улмаар замдаа машинтайгаа зогсох үедээ орон нутгаас сэтгэцэд нөлөөт бодисыг олж авч, түүж бэлтгэсэн болох нь яллагдагч Ө.М-, Ц.Н- нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт гэх зэрэг бусад баримтаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ц.Н- яллагдагчаар мэдүүлэхдээ “...Халиун машинаас буугаад хамт түүсэн.” гэж мэдүүлсэн, энэ нь бусад эх сурвалж баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч Г.Х-ы үйлдэл оролцоог нотолсон гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд харин яллагдагч Ц.Н-ийн дээрх мэдүүлэг бусад баримтаар тогтоогдсон тул шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.
Мөн шүүгдэгч нар нь хууль бусаар түүж олж авч бэлтгэсэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг иргэн Б.О-ийн эзэмшлийн 41-45 УБМ улсын дугаартай “Toyota prius-30” маркийн автомашинд хадгалсан байх явцад цагдаагийн байгууллага илрүүлсэн нөхцөл байдал хангалттай тогтоогдсон. Иймээс шүүгдэгч Г.Х-д холбогдох хэргийг цагаатгах тухай өмгөөлөгч Н.Намжилцогтын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодис нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд аюул занал учруулж, нийгэмд хортой, ноцтой үр дагавартай, улмаар улс төр, эдийн засаг, соёлын үндэст сөргөөр нөлөөлдөг учраас тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.
Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсаныг хууль бус гэж үзнэ.
Мөн Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэх гэдэг нь байгальд унаган жам ёсоороо ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг ямар ч зөвшөөрөлгүйгээр түүж цуглуулсан идэвхитэй үйлдлийг ойлгоно.
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.
Иймд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй юм.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Ө.М-, Ц.Н-, Г.Х- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 1 сарын хугацаатай хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сэтгэцэд нөлөөт бодисыг устгуулах “гэсэн;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржоос “...шүүгдэгч Ө.М- нь бага насандаа компьютерийн тоглоом тоглож сэтгэцийн хувьд эмчлүүлж байсан байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир, С.Уламбаяр нараас “...Ц.Н- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, тэнсэж өгнө үү. ...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт нь “шүүгдэгч Г.Х- нь 2 настай охины хамт амьдардаг ба бага насны хүүхэдтэй байдлыг харгалзан түүнд оногдуулан хорих ялыг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж өгнө үү. ...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, урьд ял шийтгэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Нөгөө талаар Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авах, бэлтгэх, хадгалах гэмт хэрэг нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ба, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг, сонирхолын үнэ цэнэ, хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээгээр тодорхойлогдоно.
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр Ө.М-, Ц.Н-, Г.Х- нар нь хэрэг хариуцах чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй талаар дүгнэжээ. Түүнчлэн Ө.М- нь Каннабинойдын хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан байх боловч энэхүү эмгэг нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байх ба, Ө.М- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай талаар шинжээч дүгнэсэн байна. (хх-н 85-86 дугаар хуудас),
Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт 1 жил 1 сарын хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Г.Х- нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төрсөн 2 нас 2 сартай буюу бага насны хүүхэдтэй болох нь түүний охин Б.Намулуны төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг ...гурав хүртэлх насны хүүхэдтэй эх...-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан ба, шүүхээс шүүгдэгч Г.Х-д оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг мөн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Г.Х- нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг түүнд мэдэгдэх нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Ө.М-, Ц.Н- нарт авсан хувийн баталга гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.М-, Ц.Н- нарын өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэн, Ө.М-, Ц.Н- нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө, хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм. Учир нь шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн хор уршиг нь нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай, нөгөө талаас шүүгдэгч нарт үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсаруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Бусад асуудлын талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж “...энэ хуулийн тусгай ангид заасан ...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ...техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохиролд нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан байна.
Тус хэрэгт дээрх хуульд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл бий болсон. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 41-45 УБМ улсын дугаартай “Toyota prius-30” тээврийн хэрэгслийн үнэлгээг шинжээчийн дүгнэлтээр 12.570.000 төгрөгөөр тогтоосон байна. Нөгөө талаар дээрх тээврийн хэрэгслийн эзэмшигч нь иргэн Б.О- болох нь түүний гэрчээр өгсөн мэдүүлэг, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. Иймээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө байх тул иргэн Б.О-ийн эзэмшлийн 4145УБМ улсын дугаартай “Toyota Prius 30” маркийн автомашин”-ыг битүүмжилсэн тухай Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаартай тогтоол (хх-н 198 дугаар хуудас)-ыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 12.570.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 4.190.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Дельта 9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай өвс гэх нэршилтэй 2 тусдаа сонингийн цаасанд боосон нийт 3955 грамм каннабис ургамал, зип лок түгжээ бүхий ууттай 1.4245 грамм каннабис ургамал, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг өнгийн тугалган цаас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон:
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Ө.М-, Ц.Н-, Г.Х- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-, Ц.Н-, Г.Х- нарыг тус бүрийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-, Ц.Н-, Г.Х- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-д 1 жил 1 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хойшлуулж, тогтоолын хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х- нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг түүнд мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, мөн зүйлийн 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Дельта 9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай өвс гэх нэршилтэй 2 тусдаа сонингийн цаасанд боосон нийт 3955 грамм каннабис ургамал, зип лок түгжээ бүхий ууттай 1.4245 грамм каннабис ургамал, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг өнгийн тугалган цаас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
7. Иргэн Б.О-ийн эзэмшлийн 4145УБМ улсын дугаартай “Toyota Prius 30” маркийн автомашин”-ыг битүүмжилсэн тухай Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар дээрх тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.О-т буцаан олгосугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-, Ц.Н-, Г.Х- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 12.570.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Ө.М-эс 4.190.000 /дөрвөн сая нэг зуун ерэн мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.Н-оос 4.190.000 /дөрвөн сая нэг зуун ерэн мянга/ төгрөг, шүүгдэгч Г.Х-аас 4.190.000 /дөрвөн сая нэг зуун ерэн мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.М-, Ц.Н- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, тэдэнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
11. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Х-д авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Ө.М-, Ц.Н- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН