Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга М.Р

Улсын яллагч Б.Д

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Ж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч Н.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Н.И-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 10 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д аймгийн Х сумын харьяат, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Сангийн далай багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сум дундын 9 дүгээр шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 1 жил 2 сарын хорих ял оногдуулж,  мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Н овогт Н.И,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Н.И нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Сангийн далай  1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн С.Д-г зодож, улмаар эрүүл мэндэд  нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 06 сарын 03-ны өдөр С гэх айлд очиж цэнхэр өнгийн HAOJI маркийн мотоциклыг үзээд 1,300,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод үнэ хөлсөнд нь мал өгөхөөр болсон. Тэгээд худалдаж авсан мотоциклио унаад гэртээ ирсэн. Би өмнөх өдөр нь уугаад үлдээсэн тал шил 0,75 гр С нэртэй архийг 17 цагийн орчимд ууж дуусаад гэрээс гарч яваад бог малаа гэрийн зүг эргүүлээд гэртээ оролгүй Г-нд очсон. Г төв явж ирсэн гээд 0,75 гр Е нэртэй нэг шил архи гаргаж ирээд бид хоёр юм ярьж суугаад уугаад талд нь хүрсэн байх би нэлээд согтсон байсан. Тэгээд би нэг мэдэхэд гэртээ ирсэн гэрийн баруун хойно сууж байсан. Тэгээд би гэрээс гарахад эхнэр гэрийн хойно морины уяаны хажууд явж байсан. Би хаачих гэж байгаа талаар асуухад мал нийлэх гэж байгаа талаар надад хэлсэн. Би явъя чи байж бай гэж хэлэхэд намайг хурдан яв мал нийлчихлээ, хурдан малаа эргүүл эргүү пизда чинь гэхээр нь би эхнэр рүү очоод гараа далайсан. Тэгэхэд эхнэр аллаа гэж орилоод газар суугаад өгсөн. Тэгсэн чинь хадам ээж Д гэрээс гараад ирсэн. Тэгээд юу болов яагаад байгаа юм гэж асуугаад бид хоёрын хажууд ирэхээр нь би дээлний энгэрээс барьж аваад урагш нь газар унагаасан. Эхнэр ээж дээр очоод босгох гэж байгаад хадам ээж Д-н хөлийг хугарсан талаар мэдээд намайг ээжийн хөлийг хугалчихлаа гэсэн. Тэгээд би хадам ээж Д-г өргөж гэрт оруулсан. Эмчилгээнд 450,000 төгрөгийг хохирол төлж барагдуулсан байгаа үлдэгдэл хохирлыг төлж барагдуулна”  гэсэн мэдүүлэг, /хх-ийн 33-35/   

 Шүүгдэгч Н.И шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед болсон үйлд явдлыг санахгүй байгаа юм. Урьд нь 3-4 өдөр архи уусан байсан. Хадам хөгшин манайд 10 жил гаруй хамт амьдарсан, бид 2 сайн харилцаатай байсан. Яагаад түлхэж унагааснаа мэдэхгүй байна. Хохирол  эхлээд 1,352,000 төгрөг, дараа нь 500,000 төгрөг, нийт 1,825,000 төгрөг төлсөн одоо үлдэх 2 сая гаруй төгрөгийг төлж барагдуулна. Буруу хэрэг хийсэндээ гэмшиж байна, ялыг багасгаж өгнө үү” гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2020 оны 06 сарын 03-ны орой 20 цагийн орчим охин О, хүргэн хүү И нар нь гадаа хэрэлдээд  байсан юм тэгээд охин О муухай орилохоор нь гараад очтол гэрийн баруун талд охин О, хүргэн И нар байсан. Тэгээд би И-н нуруу хэсэгт таягаар хатгасан. Тэгсэн чинь И миний дээлний энгэрээс барьж аваад урагш нь унагаасан. Тэгээд миний зүүн хөлний дунд чөмөгний яс эвгүй болсон. Тэгээд охин О И-д хандаж миний хөлийг хугалчихлаа гэж хэлсэн. И намайг өргөн гэрт оруулж зүүн талын орон дээр тавьсан. И архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зан ааш нь маш ширүүн догшин болдог архи уугаагүй үедээ ажилсаг даруухан байдаг...Миний биеийн байдал маш хүнд, босож чадахгүй, үнэтэй эм тариа өдөр болгон авч хэрэглэж байна. Би энэ хэргээс болж бие болон сэтгэл санаагаар маш их хохирч байна. Энэ хэргээс үүдэн гарсан одоогийн зардал 5 сая гаруй төгрөг болж байна. Дахин өндөр үнэтэй эм тариа өдөр болгон авч байгаа. Миний бие бүрэн эдгээгүй. Түнхний үе сольсон байгаа өндөр настай учир биеийн эсэргүүцэл муу, олон хоног эмчлүүлэх шаардлагатай байгаа. Тийм учраас эцсийн байдлаар хохирол болон эмчилгээний зардлыг хэлж мэдэхгүй байна. Маш их гомдолтой байна” гэсэн /хх-ийн 5-10/

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2020 оны 06 сарын 03-ны өдөр 20 цагийн орчим хонь нийлэх гээд алхаж явтал араас нөхөр И гэрээс гарч ирээд намайг хаачих гэж байгаа талаар асуухад би хонь нийлэх гээд байна гэж хэлтэл “банзалдах” гээд байгаа юм гээд намайг зүүн талын бүдүүн гуяны хэсэгт өшиглөсөн, тэгээд би гэр рүү орох гээд явтал ээж Д гарч ирсэн. Ээжийг дээлнийх нь энгэрээс баруун гараараа барьж байгаад урагш нь унагаасан. Тэгтэл “чад” гээд дуугарсан. Ээжийн зүүн хөлний дунд чөмөгний яс хугарсан байсан” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 11-12/

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Н.И нь О гэх хүнтэй хамт Дорноговь аймгийн Улаанбадрах  сум 1 дүгээр багт мал маллаж амьдардаг. И-н зан ааш даруухан  ямар нэгэн  уур уцаар байхгүй архи согтууруулах ундааны зүйл  тийм их хэрэглээд байдаггүй, аливаа зүйлийг сэтгэлээсээ хийдэг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

Гэрч  Ц.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “И нь амьдрах гээд хөдөлмөрлөж яваа  хүн ажилсаг, хүнд тусархуу. И-н ярианаас сонсоход  багаасаа зовлон үзсэн одоо Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр багт мал маллаж амьдардаг, эхнэр О-тай 2010 онд суусан нэг  охинтой нэрийг нь У гэдэг. И нь хүнтэй муудалцаад байдаггүй хүнтэй зөв боловсон харьдаг архи уудаг талаар нь сайн мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн цахим иргэний үнэмлэх, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-43, 47/

... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-54/

Хохирлын тооцоо /хх-ийн 55-60, 84-87/

Хохирогч С.Д-н 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шүүхэд гаргасан гомдол, түүнд хавсаргасан “ өвчтөн Д 84 настай, эм, зүүн түнхний  хиймэл үе суулгах мэс засалд  орсон “ гэсэн эмч Б-н тодорхойлолт  /хх-ийн 81-83/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Д гэх хүнийг танина. Би Д гэх хүний хамгийн том охин нь бөгөөд өвөг эцэг С-г гэх хүнээр овоглодог. Би өөрийн ээж Д-н хууль ёсны төлөөлөгч болон мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Тухайн үед би Дорноговь аймгийн Улаанбадрах сум Сангийн далай 1 дүгээр баг Ү гэх газар хөдөө гэртээ байсан тэднийх манай гэрээс 3 км зайтай байдаг.  Би Д-н хөл хугараад аймаг явах гэж байгаа талаар 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мэдсэн. Хүргэн И-г хөлийг нь хугалсан гэж сонссон. И гэгч нь Д-н охин О-тай хамтран амьдарч нэг хүүхэдтэй болсон. И нь О-г байнга дарамталдаг гэх сонссон. Одоо манайх И гэгчээс 2.779.204 төгрөг нэхэмжилж байгаа. Надад өөр санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 197/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 сарын 30-ны өдрийн  “1.Урьд гаргасан 04\98 дугаартай дүгнэлт үндэслэл муутай байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ.

3.С.Д-н биед учирсан зүүн дунд чөмөгний хүзүү, их төвгөр хамарсан хугарал нь түнхний үен доторх хугаралд хамаарах ба уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2 болон 2.2.4-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. С.Д-н зүүн хөлийн түнхний үений хэсэгт буюу дунд чөмөгний дээд хэсгийн хүзүү, их төвгөр хамарсан түнхний үен доторх хугарал гэмтэл учирсан байна.

5. Түнх гэдэг нь сүүж ясны тогоо, дунд чөмөгний толгой, хүзүү болон холбоосноос бүтэх үеийг хэлнэ, харин түнх гэсэн яс байдаггүй.

6. Зүүн дунд чөмөгний хүзүү, их төвгөр хамарсан түнхний үен доторх далд хугарал гэмтлийн улмаас түнхний үе солих мэс засал хийжээ.

8. Түнхний үе хугарна гэсэн ойлголт байхгүй, түүний үенд оролцдог яснуудын хугарал гэмтэл тохиолддог” гэсэн 1131 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 237-239/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.И нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Сангийн далай 1-р багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн С.Д-г түлхэж унагаан биед нь зүүн дунд чөмөгний хүзүү, их төвгөр хамарсан хугарал /түнхний үен доторх хугарал/  бүхий гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналтын прокурор нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  27.8 дугаар зүйлийн  2-д зааснаар хохирогч С.Д-н биед учирсан гэмтлийн талаар дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарыг томилсон байх бөгөөд шинжээч нар нь уг гэмтлийг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2,  2.2.4-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарах  талаар дүгнэлт гаргасан байх бөгөөд хэргийн оролцогч нарт тухайн дүгнэлтийг танилцуулсан, дүгнэлтийн талаар хэн аль нь маргаагүй байна.

Дээрхээс үзэхэд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон түүний мэдүүлгийг давхар нотолсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч С.Д, гэрч Д.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2020 оны 09 сарын 30-ны өдрийн 1131 дугаартай дүгнэлт, хохирогч С.Д-н 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн шүүхэд гаргасан гомдол, түүнд хавсаргасан “өвчтөн Д 84 настай, эм, зүүн түнхний  хиймэл үе суулгах мэс засалд  орсон “ гэсэн эмч Б-н тодорхойлолт  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийн гэм буруу нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, тэрээр гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байна.

Шүүгдэгч Н.И нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирлын талаар:

Шүүгдэгч Н.И нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  хохирогчид учирсан гэм хорын төлбөрийг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нь нийт 4,696,336 төгрөгийг эмчилгээний зардалд нэхэмжилснээс шүүгдэгч нь 1,825,000 төгрөгийг төлсөн, үлдэх 2,871,336 төгрөгийг маргаангүй төлөхөө хүлээн зөвшөөрсөн болно. Иймд  хавтаст хэргийн 55-60, 84-87-д авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчээс эмчилгээний зардалд 2,871,336 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н-д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Н.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.И-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.И-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.И-с эмчилгээний зардалд 2,871,336 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н-д олгосугай.

5. Шүүгдэгч Н.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              А.Ц