Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 44

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул

            Улсын яллагч Н.Амаржаргал

            Хохирогч Х.Х.Х

            Иргэний нэхэмжлэгч Ц.Булган /онлайн/

            Гэрч Т.Чинзориг /онлайн/, Р.О  /онлайн/

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б холбогдох 2040000390056 тоот хэргийг 2020 оны 07 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух, урьд 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, мөн Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/29 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан М.Б

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Friends” баарны гадаа хохирогч Х.Х тамхи татаад зогсож байхад нь гар утсаараа яриулаач гэж гуйж аваад “Huawei” Y-5 маркийн хар өнгийн гар утсыг авч зугтаан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.   

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч        М.Б нь 2019 оны 01 сарын 27-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Friends” баарны гадаа хохирогч Х.Х тамхи татаад зогсож байхад нь гар утсаараа яриулаач гэж гуйж аваад “Huawei” Y-5 маркийн хар өнгийн гар утсыг авч зугтаан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

-Хохирогч Х.Х гэрчээр болон хохирогчоор өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Бор-Өндөр сумын “Юнител” ХХК-аас “HUAWEI Ү-5” маркийн хар өнгийн гар утас 399000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай ажлын жолооч ажилтай Д  намайг “миний төрсөн өдөр болж байна. Бор-Өндөр сумын гаалийн талбайн хажууд хүрээд ир” гэхээр нь би очиж жоохон юм ярьж суунгаа Хараа гэх нэртэй 0.5 граммын 2 шил архи хувааж уучихаад би гэр рүүгээ харих замдаа бааранд орж бүжиглэмээр санагдаад байхаар нь Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг “FRIENDS” бааранд ганцаараа орсон. Тэгээд тус бааранд ороод 2 ширхэг “Нийслэл” гэх нэртэй 500 граммын пиво ууж байгаад тамхи татахаар баарнаас гарсан. Тэгээд баарны гадаа тамхи татаад зогсож байтал үл таних хар өнгийн өмд куртиктэй залуу ирээд надаас гар утсаараа нэг яриулаач гэж гуйсан. Тэгхээр нь би тэг гэж хэлээд гар утсаа өгтөл миний гар утсаар тэр залуу 10 орчим минут ярьж байгаад ярьж дуусангуутаа миний гар утсыг аваад зугтаасан. Тэгэхээр нь араас нь хөөсөн боловч гэр хороолол руу оруулаад алдсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би тэр залуугийн зүс царайг нь санахгүй байна, ямар ч байсан ганцаараа явж байсан. Тэр залуу баарны гадна талаас ирсэн. Би архи уусан байсан болохоор царай зүсийг нь анзаараагүй. Миний гар утас аваад 1 хоносон шинэ хар өнгийн гар утас байсан. Би гар утсаа авсан үнээр нь үнэлэж байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Тур залуу миний гар утсаар яг юу гэж ярьсан талаар би сонсоогүй. Миний гар утсанд 89.........  тоот дугаар байсан” гэх мэдүүлэг /хх-н 27-28, 114-р ху/

-Иргэний нэхэмжлэгч Ц.Б 2019 оны 10 сарын 07-ны өдөр өгсөн: “...би 2019 оны 02 дугаар сард цагаан сарын үед “Үнэгүй.мн” сайтаас “Хувай” маркийн гар утас сонирхож байхад 99.........  гэсэн дугаараас утас зарна гэсэн зар тавьж, хар өнгийн корпустай “Хувай У5” маркийн гар утасны зураг оруулсан байхаар нь 99.........  гэсэн дугаарын утас холбогдож гар утсыг худалдаж авахаар болоод маргааш буюу 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Багшийн сургуулийн үүдэнд уулзаж байгаад 180.000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд утсыг худалдаж аваад 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл барьсан. ...Энэ утсыг хулгайн утас гэдгийг мэдээгүй, цагдаагийн байгууллагаас хүн ирээд авна гэсэн байхаар нь би Сэлэнгэд гэртээ үлдээсэн. Одоо утас нь Сайхан суманд байгаа. Гар утас худалдсан хүн ганцаараа явж байсан. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Гол нь утас худалдаж авсан 180,000 төгрөгөө эргүүлж олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-н 25-р ху/,

-Гэрч Б.Т 2020 оны 06 сарын 04-ний өдөр өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сард Бор-Өндөр сумын Онцгой байдлын хэлтсийн урд талд М.Б ах, найз С.Мөнх-Эрдэнэ нарын хамт байж байхад М.Б ах миний гар утасны хэрэг гараад ирчихлээ, араас нь тэр хэрэг гараад ирэх юм шиг байна даа, би тэр үед хэнтэй байснаа санахгүй байна гэж ярьж байсан. Тэгтэл Мөнх-Эрдэнэ хэзээний асуудал юм бэ гэж асуухад М.Б ах аль дээр үеийн асуудлаа гэж хэлж байсан. М.Б ах хэлэхдээ миний гар утсны хэргийг мөрдөгч С шалгаж байгаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 33-34-р хуудас/

-Гэрч С.М-ийн 2020 оны 06 сарын 05-ны өдөр өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сард Бор-Өндөр сумын цагдаагийн хэлтсийн зүүн талд М.Б ах, найз Тэмүүжингийн хамт гурвуулаа байж байхад М.Б ах миний гар утасны хэрэг гараад ирчихлээ, тэр үед согтуу байсан болохоор яаж авснаа сайн санахгүй байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 35-36-р хуудас/

-Гэрч С.М-ийн 2020 оны 06 сарын 03-ны өдөр өгсөн: “...Гэртээ унтаж байхад орой Б Г 2 манайд ирж хоносон. Тэгээд маргааш өглөө нь явсан. ...Тэд ирэхдээ Г эрүүлжүүлэхэд орохоор нь М.Б өөрийнхөө гар утсыг ломбарданд тавиад Г эрүүлжүүлэхээс аваад ирлээ гэж хэлсэн. М.Б манайд тэр өдөр орж ирэхдээ “HUAWEI” гэсэн хар өнгийн гар утастай байсан ба тэр утсаараа манайд байхдаа фэйсбүүк ороод байсан...” гэх мэдүүлэг /хх-н 29-30-р хуудас/

-Гэрч Т.Ч-ийн 2020 оны 05 сарын 28-ны өдөр өгсөн: “...Тухайн үед М.Б нь өөрөө бичиг баримтгүй байна гэж миний бичиг баримтаар ломбардад гар утсаа тавьсан. Тэгээд бид Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очоод Г авсан. ...Дараа нь Б яриад гар утсаа авах юм уу гэж холбогдоход гар утсаа авахгүй гэсэн. Тэгэхээр нь би Багануур дүүрэгт байхдаа танилцсан найз Одгэрэлийг гар утас худалдаж авна гэж байхаар нь Сансарын ломбардад “HUAWEI” Y-5 маркийн гар утас байгаа, миний бичиг баримтаар тавьсан эзэн нь авахгүй гэсэн, тэр утсыг сонирхвол ав гэж хэлсэн. Тэгээд О  тэр утсыг ломбардаас авсан. О  цааш нь яасныг мэдэхгүй. М.Б нь гар утсыг өөрийнхөө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 37-38-р хуудас/

-Гэрч Р.О 2020 оны 07 сарын 04-ний өдөр өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сард манай найз Чинзориг надтай ярихдаа миний гар утас Сансарын Баянцээлийн тэнд ломбарданд байгаа тэрийг авах уу гэхээр нь тус ломбардад очоод үзэхэд Ч нэр дээр “HUAWEI” Y-5 маркийн хар өнгийн 2 сим ордог гар утас байхаар нь би утасгүй учраас ломбардны хүүтэй нийлээд 140,000 төгрөгөөр авсан. Тэгээд би тэр утсыг 2 хоног ашиглаад фэйбүүкээр зар тавиад 1 оюутан залууд Багшийн дээд дээр уулзаад 180,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-н 39-40-р хуудас/

-Яллагдагч М.Б-ийн: “...Бор-Өндөр суманд байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 27-ны орой архи ууж байгаад “FRIENDS” бааранд орсон санагдаж байна. Архи уугаад согтуу байсан болохоор сайн санахгүй байна. ...Өглөө гэртээ сэрсэн чинь миний өмдний карманд 1 хар өнгийн андройд дэлгэцтэй гар утас байсан. Гар утсыг асаахад кодгүй байсан. Тэгэхээр нь өөрийн сим картыг хийгээд ашигласан. Би гар утсыг цагаан сар хүртэл барьсан. ...Манай найз Г хотод эрүүлжүүлэхэд орсон. Г  эрүүлжүүлэхээс авах гээд барьж байсан хар өнгийн “HUAWEI” Y-5 маркийн гар утсаа ломбарданд тавьсан, миний бичиг баримт байхгүй байсан учир Чинзориг ломбарданд тавьсан.Тэгээд маргааш нь Бор-Өндөр суманд ирсэн. Ломбарданд тавьсан гар утсыг эргүүлж аваагүй...” гэх мэдүүлэг /хх-н 105-106 хуудас/

- Хулгайд алдагдсан “HUAWEI Y-5” маркийн гар утсыг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-н 15, 20-р ху/

-Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Утсыг 80.000  төгрөгөөр ломбарданд тавьсан. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

-Хохирогч Х.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр утсаа шинээр нь худалдаж аваад, маргааш нь буюу 01 дүгээр сарын 27-ны орой бааранд ороод, тамхи татах гэж гараад байж байтал хар хувцастай залуу утсаараа яриулаач гэхээр нь эр хүн, эр хүндээ тусалъя гэж бодоод л өгсөн. Тэгээд миний утсаар ярьж байгаад гүйгээд явсан, би араас нь гүйж байгаад алдсан. Утасны 399.000 төгрөгөө авчихвал надад гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг,

-Иргэний нэхэмжлэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт онлайнаар өгсөн: “Үнэгүй.мн сайтаас утасны зар хараад, фэйсбүүкээр утасны зургийг хараад худалдаж авахаар болоод 180.000 төгрөгөөр худалдаж авсан. Үнэгүй.мн сайтад “HUAWEI Y5” маркийн гар утас ер нь л 200.000 төгрөгийн ханштай байсан тул хулгайн утас гэж бодоогүй. Намайг утсыг авахад шинэвтэр утас байсан. Би утсанд 6000 төгрөгөөр наалт наалгаад, утасны гэр авч хийсэн. Манай ээж утасны дэлгэцийг хагалсан. Ээжээсээ сая асуухад гар утсаа буцаагаад авчих гэж хэлсэн тул би эд мөрийн баримтаар хураалгасан утсаа буцаагаад авъя. Мөнгө авахаа болилоо” гэх мэдүүлэг,

-Гэрч Т.Ч шүүхийн хэлэлцүүлэгт онлайнаар өгсөн: “2019 оны цагаан сарын шинийн 3-нд Баярсайханыд байж байхад М.Б 2 хүний хамт ирсэн. Тэгээд найз эрүүлжүүлэхэд орчихлоо, утсаа ломбарданд тавих гэсэн бичиг баримт байхгүй гээд миний бичиг баримтаар ломбарданд утсаа тавьсан. Ломбарднаас надруу залгаад байсан тул би утсыг авъя гэсэн юм. Тэгээд найз Одгэрэлд ломбарданд утас байна, мөнгийг нь төлөөд авбал ав гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

-Гэрч Р.О шүүхийн хэлэлцүүлэгт онлайнаар өгсөн: “Чинзориг надад хандаж ломбарданд утас байна, мөнгөтэй бол авах уу гэхээр нь авсан. Ломбарднаас утсыг хүүтэйгээ нийлээд 90-ээд мянган төгрөгөөр авсан. Би 140.000 төгрөгөөр авсан гэсэн мэдүүлэг өгөөгүй. Утсыг хэсэг барьж байгаад, фэйсбүүкээр зар тавиад оюутан хүүхдэд 180.000 төгрөгөөр зарсан. Хулгайн утас гэж мэдээгүй” гэх мэдүүлэг,

-2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгчийн ар гэрээс хохирогч Х.Х дансанд 400.000 төгрөгийг шилжүүлж, хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

   Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

          Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд  тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч М.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Х.Х ад 399.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ц.Б-д 180.000 төгрөгийн хохирол тус тус  учирсан нь тогтоогдсон байна.

Эд мөрийн баримтаар хэрэгт хураагдаж ирсэн “HUAWEI Y5” маркийн, хар өнгийн гар утсыг шинжлэн судлах үед иргэний нэхэмжлэгч Ц.Булган нь “ээжээсээ асуулаа, гар утсаа буцаагаад авчих гэж ээж хэлсэн тул 180.000 төгрөгийг авахаа болиод гар утсаа буцааж авах хүсэлтэй байна” гэж мэдүүлсний дагуу “HUAWEI Y5” маркийн, хар өнгийн гар утсыг иргэний нэхэмжлэгч Ц.Булганд олгохоор шийдвэрлэв.

М.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 15.30 цагт шүүх хуралдааны А танхимд эхэлсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учруулсан 399.000 төгрөгний хохирлыг барагдуулахаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгдэгч М.Б холбогдох хэргийн шүүх хуралдааныг завсарлуулж, 2020 оны 8 дугаар сарын 04-ний 09.30 цагт үргэлжлүүлэхээр товлосон болно.

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгчийн ар гэрээс хохирогч Х.Х ХААН банкны 5946487479 тоот дансанд 400.000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлж, хохирлыг барагдуулан “Мөнгөн шилжүүлэг”-ийн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж, шүүгдэгч нь цаашид бусдад төлөх төлбөргүй болно.

             3.Шүүгдэгч М.Б хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Дээрэмдэх” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бичгийн бусад баримтаар тогтоогдож байгаа бөгөөд  улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч М.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид хохирлыг төлж барагдуулсан байдлыг “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, хохирогчийн эд хөрөнгөндөө хэт хайхрамжгүй хандсан зэргийг харгалзан үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч М.Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум  дундын шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, ...” заасныг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас Прокурорын санал болгосон 06 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 Шүүгдэгч М.Б нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 1 жилийн хорих ялаас 39 хоногийг биечлэн эдэлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 22 хоногийн хорих ял дээр  энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг  нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 4 сар 22 хоногоор тогтоох нь зүйтэй байна.

Тэрээр 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамжаар 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 42 /дөчин хоёр/ хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч М.Б цагдан хоригдсон 42 хоногийг хорих ялын 42 хоногоор тооцож, ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэх “HUAWEI Y-5” маркийн, хар өнгийн  гар утсыг иргэний нэхэмжлэгч Ц.Б хүсэлтээр түүнд буцаан олгохоор шийдвэрлэж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Б урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Цалинтынхан овогт М.Б 06 /зургаан/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 22 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг  1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрвөн/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б цагдан хоригдсон 42 хоногийг хорих ялын 42 хоногоор тооцож, түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6.Шүүгдэгч М.Б нь хохирогчид 400.000 төгрөгийн хохирол төлж барагдуулснаар цаашид бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “HUAWEI Y-5” маркийн хар өнгийн гар утсыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 15 дугаар байр 17 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Урианхай овогт Цэндоогийн Булган /РД:ИД99102014/-д олгосугай.

8.Шүүгдэгч М.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.БОЛОР-ЭРДЭНЭ