| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2020/00043/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2020-08-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул
Улсын яллагч М.Мэндбаяр
Иргэдийн төлөөлөгч Б.Сүрмаа, Н.Нарантуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах
Шинжээч эмч Г.Ханхүү /онлайн/
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б холбогдох 2040000000046 тоот хэргийг 2020 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 47 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг “Рашаант булаг” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Н.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 04 сарын 28-ны өглөө 03 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Рашаант булаг” гэх газар буюу өөрийн гэртээ иргэн П.Э хувийн таарамжгүй харьцааны улмаас буугаар цохиж баруун нүдний ухархайн гадна дээд хана, суурийн урд хонхор дайрч чулуулаг яс хүрсэн нийлмэл хугарал, дух, зулай дагзны дэлбэнгийн аалзан хальсны доор тархмал цус харвалт, зулайн дэлбэнгийн хатуу хальсны доорх голомтлог цусан хураа, баруун дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн тархины эдэд цусан хураа, няцрал, бага тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал баруун хөмсөг, хацарт няцарсан шарх, баруун зовхи, нүдний алиманд цус хуралт, зүүн 3, 4, 5-р хавирганы хугарал, цээжний хөндийн цус, хий хуралдалт, арьсан доорх хий хуралдалт, зүүн алганд шарх, баруун бугалганд зулгаралт, зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б 2020 оны 05 сарын 29-ний өдөр өгсөн: “Амь хохирогч П.Э нь миний төрсөн аав байгаа юмаа. Бид нар аав ээжээсээ гурвуулаа бөгөөд би айлын хамгийн бага нь хамгийн том эгчийг маань Э.Ганхайч, дунд ахыг маань Э.Г гэдэг. Манай ээжийг Х.Э гэдэг. Манай аав ээж хоёр 1992 онд гэр бүл болоод 2007 онд салсан. Тэрнээс хойш аав ээж хоёр тусдаа амьдарч байгаа. Манай аав Дархан сумын 3 дугаар багийн нутагт мал маллаж ганцаараа амьдарч байсан. ...2020 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө аавын нутаглаж байгаа газар буюу Дархан сумын 3 дугаар баг руу Бор-Өндөр сумаас гарсан. Бор-Өндөр сумаас дөнгөж гараад явж байтал эгч Э.Г над руу утсаар залгаад аав хүнд зодуулаад Дархан сумын эмнэлэгт ухаангүй байна гэж хэлсэн. Тэгээд шууд Дархан сум руу явж 11 цагийн үед очиход Дархан сумын Эрүүл мэндийн төвд аавд оёдол тавьсан байсан, мөн эмчилгээ хийж байсан. Тэр өдрөөс хойш аав ухаан орохгүй байсан ба Бор-Өндөр суманд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ирээд тархины хагалгаанд орсон. Хагалгаанд орчихоод ухаан орохгүй байсаар байгаад 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот руу тээвэрлэж авч яваад гэмтэл согогийн эмнэлэгт шинжилгээ өгөөд ухаан орохгүй байсаар байгаад 2020 оны 05 дугаар сарын 02-ны өглөө 08 цаг 02 минутад нас барсан. ... 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өглөөгүүр 03-04 цагийн үед Н.Б ахын гэрт Н.Б ах, манай аав хоёр муудалцаад аавыг Н.Б ах түлхэж унагаагаад орныхоо араас ТОЗ-8 маркийн буу гаргаж ирээд аавыг буудаад алчихъя гээд бууныхаа гохыг дарахад нь сум байгаагүй гэсэн. Тэгээд бууныхаа үзүүр буюу гол төмрөөр зодсон гэж манай аавын төрсөн дүү буюу Н.Б ахын эхнэр П.О эгч хэлсэн. Тухайн хэрэг болдог өдөр Н.Б ахын гэрт Н.Б ах, эхнэр П.О эгч, манай аав гурав л байсан юм билээ. ...П.О эгч бол аав Н.Б ах хоёрыг ийм юмнаас болж маргалдсан, ийм юмнаас болж хоорондоо хэрэлдэж маргалдсан гэж бол хэлээгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53 дугаар хуудас/
-Гэрч Ё.Ө өгсөн: “Манайх Дархан сумын 3-р багт оршин суудаг. Манай гэрээс урагш Б гэр байдаг юм. 2020 оны 04 сарын 28-ны өглөө намайг гэртээ байхад 10 цаг өнгөрч байхад манай гэрт Б эхнэр О тэрний бэр Э 2 машинтай ирсэн. Машинд нь Э урд талын суудал дээр сууж байсан. Биеийн байдал нь муу байсан. О надтай уулзаад Дархан сумын эмнэлэг рүү хүргээд өгөөч, машин муу байна гэхээр нь зөвшөөрсөн. Тэгэхээр нь би О машинаас Э өргөөд өөрийнхөө машинд суулгаад Дархан сум руу явсан. Надтай хамт О явсан. Бэр Э нь буцаад гэр рүүгээ явсан. О бид 2 Дархан суманд очоод эмнэлэг дээр шууд очоод би өргөөд оруулсан. Тэгээд Оюун-Эрдэнэнийг эмнэлэг дээр үлдээгээд хөдөө гэр рүүгээ явсан. О Э ахыгаа сахиад үлдсэн. О бид 2-ыг Дархан сум руу авч явж байхад Э нь ухаантай байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56 дугаар хуудас/
-Гэрч Ж.Б өгсөн: “Манайх Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат айл байгаа юм. Гэхдээ Хэнтий аймгийн Дархан сумын 3-р баг “Цагаан шороо” гэх газар нутаглаж байгаа. Манай гэрийн хойно ойрхон Б байдаг юм. 2020 оны 04 сарын 27-ны орой 23 цаг өнгөрч байхад гэртээ унтаж амарсан. Тэгэхэд 2020 оны 04 сарын 28-ны өглөө үүрээр 03 цаг өнгөрч байхад манай гэрт Н.Б ганцаараа орж ирсэн. Тухайн үед манай гэрийн гадаа мотоцикльтой ирж байсан. Н.Б манай гэрт орж ирээд “Энхсайхантай муудаад зодсон байна. Та эмнэлэг, цагдаад дуудлага өгөөч” гэж хэлсэн. Тухайн үед Б нүүр нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь утсаар дуудлага өгөх гэхэд сүлжээ байхгүй байсан. Би Бийг гэртээ харьж бай, би хүүд чинь хэл өгье гэж хэлсэн. Тэгээд Н.Б мотоциклио унаад гэр рүүгээ явсан. Би машинаа бариад Б хүү Т гэрт очсон. Т яаралтай аавынхаа гэрт оч гэж хэлээд гэртээ харьсан. Тэгээд 2020 оны 04 сарын 28-ны өдөр 09 цаг өнгөрч байхад Б гэрээр очсон. Тэгэхэд Э нь гэрийнх нь баруун талын орон дээр хэвтэж байсан. Н.Б О 2 гэртээ сууж байсан. Би яаралтай яв гэж хэлээд гэрээс нь гараад харьсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58 дугаар хуудас/
-Гэрч Г.Э өгсөн: “Манай хадам аавынх манай гэрээс баруун тийш нутаглаж байгаа юм. ...2020 оны 04 сарын 28-ны өглөө үүрээр 03 цаг өнгөрч байхад Ж.Б ах манай гэрт ирээд “Манай нөхрийг аавындаа оч, аав чинь Энхсайхантай муудалцсан” гэж хэлсэн. Тэгэхэд манай нөхөр босоод ганцаараа мотоцикльтой, хадам аавын гэр рүү явсан. Тэгээд удалгүй эргээд ирсэн. Манай нөхөр ирээд “Аав, ээж, Э ах унтаж байна” давгүй байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд унтаж байгаад 2020 оны 04 сарын 28-ны өглөө 07 цаг өнгөрч байхад босоод малаа бэлчээрт нь гаргасан. Тэгэхэд манай ээж манай утас руу залгаад “Э ахыг Дархан сум руу авч явах хэрэгтэй байна, бие нь гайгүй болохгүй байна” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр намайг машинтайгаа явчих, би малдаа явж байя” гэж хэлсэн. Тэгээд би гэрийнхээ гаднаас машинаа бариад хадам аавын гадаа очиход хадам аав Э ахыг өргөөд миний машинд хийсэн. Машины урд талын суудал дээр суулгасан. Тэгээд хадам аав гэртээ үлдээд хадам ээжтэй хамт гэрийнх нь гаднаас хөдлөөд тэдний хойд талд байдаг айлд очсон. Тэр айлын хүний машинд Э ахыг өргөж суулгаад хадам ээж хамт Дархан сум явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60 дугаар хуудас/
-Гэрч Н.О өгсөн: “...2020 оны 04 сарын 27-ны өдөр хөдөө хонин дээрээ мотоцикльтой ганцаараа явж байгаад Э ахтай таарсан. Э ах тухайн үед хониндоо явж байгаа гээд морьтой явж байсан. Э ах надтай уулзаад Иххэт сум яваад өгчих гэхээр нь зөвшөөрсөн. Тэгэхэд Э ах унаж явсан морио айлын гадаа уяж орхиод миний мотоцикль дээр суугаад Иххэт сум явсан. Иххэт сумын төвд ороод захад нь очиж зогсоод Э ах ганцаараа алхаад сумын төв орсон. Учир нь надад мотоциклийн бичиг баримт, каск байхгүй байсан учраас мотоцикльтой сумын төв ороогүй юм. Э ах сумын төв рүү ороод удалгүй эргээд ирсэн. Тэгээд хөдөө гэр рүүгээ буцацгаасан. Хөдөө гэр рүүгээ явж байх замдаа Цагаан дэл гэх газар /хойд талд/ нь зогсоод Э ах өврөөсөө 1 шил архи гаргаад, надтай хувааж уусан. Иххэт сумын төвөөс 2 шил 0.75 литрийн архи авсан гэж байсан. Э ах бид 2 ууж байсан архиа дуусгаад хөдөлсөн. Тэндээс хөдлөөд шууд Н.Б ахын гэрийн гадаа очоод гэрт нь орсон. Н.Б ахын гэрт ороод Э ах үлдсэн 1 шил архиа гаргаж, хувааж уусан. Энэ архинаас Н.Б ах, Э ах бид 3 хувааж уусан. О архинаас уугаагүй. Тэгээд архиа ууж дууссан. Би Н.Б ахаар гэртээ хүргүүлсэн. Н.Б ах бид 2-ыг мотоцикльтой явахад Э ах гэрт нь үлдсэн. Н.Б ах намайг хүргэж өгөөд ганцаараа буцаад явсан. Намайг гэртээ ороход манай гэрийхэн унтчихсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62 дугаар хуудас/
-Гэрч Б.Т өгсөн: “...2020 оны 04 соарын 28-ны өглөө үүрээр 03 цаг өнгөрч байхад “Манай гэрт Ж.Б гэх өвөө машинтай ирээд” Аав чинь Э ахтай чинь муудсан байна” чи гэрт нь оч гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрээсээ ганцаараа мотоцикльтой аавын гэрт ирсэн. Тэгэхэд аав, Э ах, ээж байсан. Э ах аавын гэрийн баруун талд орны наад талаар газар унтаж байсан. Аав, ээж 2 гэрийнхээ зүүн талд орон дээрээ хамт хэвтэж байсан. Аав, ээж 2 сэрүүн унтах гээд байж байсан. Намайг гэрт нь орж ирэхэд ээж надад хандан “Аав чинь Э ахтай муудалцаад зодолдсон гэж хэлсэн. Аавын биед айхтар гэмтсэн шарх байхгүй, зүүн талын хацар нь шалбарсан байсан. Аавын зүүн хацарнаас цус гарсан байсан. Харин Э ахын баруун талын нүд хөмсөг 2-ын завсар нилээн том шарх үүссэн байсан. Шархнаас нь цус гарч, нүүр нь цус болчихсон унтаж байсан. Э ах хувцастайгаа унтаж байсан болохоор өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тэгээд аав, ээж, Э ах 3 унтах гэж байсан, гайгүй байсан болохоор би гэр рүүгээ явсан. Намайг гэртээ хариад байж байхад өглөө 08 цаг өнгөрч байхад ээж над руу утсаар яриад “Э ахыг эмнэлэг авч явъя” гэхээр нь би эхнэрээ машинтай явуулсан. Би өөрөө мал дээрээ үлдсэн. Манай эхнэр ирээд машин муу барьдаг болохоор хойд талын ахыг гуйгаад Дархан сум руу явсан байсан. Намайг өдөр мал дээрээ байхад аав надтай уулзаад урагшаа явлаа гэж хэлсэн. Тэрнээс хойш аавтай уулзаагүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65 дугаар хуудас/
-Гэрч П.О өгсөн: “...Манай гэрээс зүүн урагш ойрхон 2-3 км зайд манай хүү Т гэр байдаг. Манай хүү Т х Э ахын гэр хамт нутаглаж байгаа. 2020 оны 04 сарын 27-ны орой нөхөр бид 2 мал хотлуулчихаад унтах гээд байж байтал манай гэрийн гадаа нэг мотоцикльтой хүн ирсэн. Манайд миний төрсөн ах Энхсайхан, манай нутагт оторлож яваа Дундговь аймгийн харьяат О гэх залуу 2 хамт орж ирсэн. Э ах, О 2 манай гэрт орж ирээд гэрийн баруун талаар хойшоо гарч ширээний хажууд сууцгаасан. Тэгэхээр нь би тэр 2-т цай хийж өгсөн, мөн хоол хийж өгсөн. Тэгтэл Э ах өврөөсөө нэг шил 0.75 литрийн Хараа гэх нэртэй архи гаргаж ирээд хуваагаад уусан. Уг архинаас Э ax, О манай нөхөр 3 уусан. Би архинаас уугаагүй. Э ахын гаргасан архийг ууж байгаад дуусгалгүй, талд нь ороод байхад О манай нөхрөөр гэр рүүгээ хүргүүлсэн. Учир нь О нилээн согтсон байсан, мөн харанхуй болсон гэрээ олохгүй байх гээд Боор хүргүүлсэн. Тухайн үед 23 цаг өнгөрч байсан. Н.Б мотоциклийг нь барьж яваад Отгонбаатарыг гэрт нь хүргэж өгөөд мотоциклийг нь унаад ирсэн. Манай нөхрийг Отгонбаатарыг хүргэж өгөхөөр явсан хойно Э ах үлдсэн архиа ганцаараа ууж байсан. Бийг хэзээ эргэж гэртээ ирснийг нь мэдээгүй, би унтчихсан байсан. Тэгтэл 2020 оны 04 дүгээр сарын 28-ны шөнө 03 цаг өнгөрч байхад Э ах, Н.Б 2 гэрийн үүдний хэсэгт ноцолдож байхад нь чимээгээр нь сэрсэн. Э ах гартаа гэрт байсан гар хөрөөг барьчихсан, Б хүзүүнд тулгаад зогсож байсан. Хөрөөний иртэй хэсгийг хүзүү рүү харуулаад тулгасан байсан. Тэгэхээр нь би Э ахыг та одоо болиоч ээ, хүн алах гээд байгаа юм уу гэж хэлэхэд “Э ах Бийг гөлөг минь ална чамайг” гэж хэлсэн. Тэгтэл тэр 2 зууралдаад Э ах Б-ийг түлхээд миний хэвтэж байсан орон дээр давхралдаад унасан. Тэгтэл Н.Б орны ард талд байсан буугаа авсан. Миний хэвтэж байсан орон дээрээс Б, Э ахыг зүүн гараараа түлхсэн чинь гэрийн хаалганы наад талд ойчсон. Тэгээд Н.Б орон дээрээс босож очоод буугаараа Э ахыг цохиж зодсон. Н.Б бууны модны бөгснөөс барьж байгаад, бууны үзүүр талаар нь буюу хошуугаар нь Э ахын цээж рүү эхэлж хэд хэдэн удаа цохьсон. Тэгэхээр нь би орноосоо босоод Н.Б руу очоод баруун гарнаас нь татаж болиоч ээ, гээд Бийг хорьсон боловч дийлээгүй. Намайг гарнаас нь татаж зуурч байх хооронд бууны хошуугаар Э ахын толгой руу хэд хэдэн удаа цохьсон. Яг хичнээн удаа цохьсоныг мэдээгүй. Тэгэхэд Э ахын баруун нүдний орчимд язарсан шарх үүссэн. Тэгээд Б-ийг татаж орон дээр суулгаад тайвшруулсан. Э ах Бт зодуулснаас хойш босож ирээгүй, гэрийн үүдэнд хэвтсэн. Тэгж байгаад Н.Б бид 2 ярилцаж байгаад эмнэлэг дуудахаар болсон чинь манай утас сүлжээгүй байсан болохоор Н.Б ганцаараа яваад Ж.Б ахынд очиж хэл өгөөд гэртээ ирсэн. Н.Б эргэж ирээд Э ахыг өргөөд гэрийн баруун талын орон дээр хэвтүүлсэн. Тэгтэл манай хүү ганцаараа ирсэн. Т ирээд байхад Э ах хэвтэж байсан, Н.Б тайвшраад гайгүй болсон байсан учир манай хүү гэр рүүгээ харьсан. Н.Б бид 2 унталгүй өглөө болгоод цай чанаж уучихаад утсандаа сүлжээ хайж яваад хүүгээ дуудсан. Тэгэхэд манай бэр машинтайгаа ирээд Э ахыг машиндаа өргөж суулгаад аваад явсан. Н.Б гэртээ малаа хараад үлдсэн. Э бид 2 гэрийн гаднаас Э ахыг авч яваад манайхаас хойш байдаг Өлзийбатын гэрт очоод Өлзийбатыг гуйгаад машинд Э ахыг өргөж суулгаад Дархан сум руу явсан. Э буцаад гэр рүүгээ харьсан. Дархан сум руу явж байх замд Э ухаантай боловч хөдөлж чадахгүй байсан, ус ууя гэж хэлээд байсан. Дархан сумын эрүүл мэндийн төвд очоод яаралтай хэвтүүлсэн. Бор-Өндөр сумаас эмнэлгийн хүмүүс ирж үзээд 2020 оны 04 сарын 28-ны шөнө Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт авчраад 2020 оны 04 сарын 29-ний өдөр тархины хагалгаанд орсон. Одоо биеийн байдал нь маш хүнд байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69/
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 сарын 29-ний өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” №1032 тоот дүгнэлтэнд:
1.П.Э ы цогцост хийсэн шинжилгээгээр баруун нүдний ухархайн гадна, дээд хана, суурийн урд хонхор дайрч чулуулаг яс хүрсэн нийлмэл хугарал, дух, зулай, дагзны дэлбэнгийн аалзан хальсны доорх тархмал цус харвалт, зулайн дэлбэнгийн хатуу хальсны доорх голомтлог цусан хураа, баруун дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн тархины эдэд цусан хураа, няцрал, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны доорх тархмал цус харвалт, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал, баруун хөмсөг, хацарт няцарсан шарх, баруун зовхи, нүдний алиманд цус хуралт, зүүн 3, 4, 5-р хавирганы хугарал, цээжний хөндийн цус, хий хуралдалт, арьсан доорх хий хуралдалт, зүүн алганд шарх, баруун бугалганд зулгаралт, зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
З.Талийгааач нь эмчлэгдэж байсан тул согтолтын зэрэг тогтоох боломжгүй
4.Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй.
5.Талийгаач нь 4-р бүлгийн цустай байна.
6.Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. /1-р хх-ийн 125-131 дүгээр хуудас/
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Д “...Бууны овоо хараан дээрээс биологийн шинжилгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 140-141 дүгээр хуудас/
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ганцэцэгийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн №2490, 2491 дугаартай амь хохирогч П.Э ы “Хувцсанд шинжилгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 146-161 дүгээр хуудас/,
Хэнтий аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээч эмч Ж.А 2020 оны 04 сарын 30-ны өдрийн №42 дугаартай яллагдагч Н.Б биед үзлэг хийсэн тухай шинжээчийн дүгнэлтэнд:
1.Н.Б биед зүүн шанаа хэсэг, доод эрүүний зүүн хэсэг, зүүн чихний ар хажуу хэсэг, толгойн зүүн чамархайн ар дээд хэсгүүдийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /1-р хх-ийн 165-166 дугаар хуудас/,
-Хэнтий аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Х 2020 оны 05 сарын 29-ний өдрийн №2020.06 дугаартай “Буу, бууны овоо хараанд галт зэвсгийн оношлогооны шинжилгээ” хийсэн тухай шинжээчийн дүгнэлтэнд:
1.Шинжилгээнд ирүүүлсэн буу нь ОХУ-д ан агнуур, спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 загварын, 5.6*15R мм калибртай, бага калибрын винтов буу байна.
2.Шинжилгээнд ирүүлсэн бууны бэхэлгээний суурь мод гохны хүрээний дээд хэсгээр хугарсан, овоо хараа хугарч унасан зэрэг эвдрэлтэй, замаг, сангийн анги бүхэлдээ зэв тогтсон байх тул буудлага үйлдэх боломжгүй байна.
3.Шинжилгээнд ирүүлсэн овоо хараа нь шинжлэгдэж буй буутай нэгэн бүхэл болж байна. Бууны овоо хараа, бэхэлгээний суурь мод цохих, доргих хүчний үйлчлэлээр хугарч унасан байж болно. /1-р хх-ийн 170-173 дугаар хуудас/
-Яллагдагч Н.Бт хийсэн “Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт”. 2020 оны 05 сарын 18-ны өдөр №25 дүгнэлтэнд:
1.Н.Б нь одоо сэтгэцийн хувьд эрүүл.
2.Н.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
3.Н.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. /1-р хх-ийн 177-178 дугаар хуудас/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Д 2020 оны 06 сарын 04-ний өдрийн №2847 дугаартай амь хохирогч П.Э ы “Хувцсанд биологийн шинжилгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлтэнд:
1.Амь хохирогч П.Э ы өмсөж явсан ...цэнхэр өнгийн юүдэнтэй цамц, цагаан цэнхэр өнгийн тамирын цамц, богино ханцуйтай улбар шар өнгийн футболк, саарал өнгийн жинсэн өмдөн дээр цас илэрсэн. Уг илэрсэн цус нь ABO системээр АВ(IV) бүлгийн харъяалалтай хүний цус байна... /2-р хх-ийн 77-78 дугаар хуудас/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Д 2020 оны 06 сарын 04-ний өдрийн №2846 дугаартай яллагдагч Н.Б “Хувцсанд биологийн шинжилгээ хийсэн” тухай дүгнэлт /2-р хх-ийн 81-82 дугаар хуудас/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Д 2020 оны 06 сарын 08-ны өдрийн №3054 дугаартай яллагдагч Н.Б “Цусны бүлэг тогтоох тухай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 83-84 дугаар хуудас/,
-Хэргийн газар үзлэг хийсэн, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-11, 17-20, 26-28,32-34 дугаар хуудас/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолууд /1-р хх-ийн 23-25, 37-45 дугаар хуудас/,
-Яллагдагч Н.Б 2020 оны 05 сарын 02-ны өдөр өгсөн: “...2020 оны 04 сарын 27-ны орой гэртээ эхнэрийн хамт байж байтал харуй бүрий болж байхад О манай эхнэрийн төрсөн ах П.Э хоёр О-ын мотоцикльтой П.Э ах ард сундалдаад манай гэрт ирсэн. П.Э ах унаж явсан морио айлын гадаа орхисон гээд ирсэн. Манай гэрт орж ирэхдээ П.Э ах тэр хоёр согтуу байсан ба П.Э ах намайг “Чаддаг юм бол чи намайг алаадах, алж чадахгүй бол би чамайг ална” гэж хэлсэн. Мөн би халхын шоронд Мөнгөнморьтод том явсан шүү гэж хэлсэн. Тэгтэл О боль дэмий юм яриад байх юм гээд О өврөөсөө 0.75 граммын “Хараа” нэртэй архи гаргаж ирсэн. Тэгээд тэр хоёрт хоол цай өгөхөд сайн идэж чадахгүй байсан. О надтай морины наймаа хийсэн талаараа ярих гээд ах Э шорон яриад байсан. Авчирсан архиа бүтнээр нь надад өгөөд би задлаад Отгонбаатарт аягалж өгөөд архинаас бид гурав 2, 2 татсан. Манай гэрт манай эхнэр П.О байсан ба архинаас огт уугаагүй. Тэгээд би “та хоёр одоо яв яв” гэхэд О нь “Э ах дараатай агсам тавиад унтуулдаггүй юм билээ” гэхээр нь би “чи ийм хүнтэй архи уугаад байхдаа яахав” гэж хэлэхэд О “та намайг гэрт хүргээд өгчих, би төөрнө” гэхээр нь би хувцсаа өмсөөд О мотоциклийг би өөрөө бариад Отгонбаатарыг гэрт нь хүргэж өгсөн. Гэрт нь очиход О өврөөсөө нэг шил архи гаргаж ирээд 0.75 граммын архинаас бид хоёр талд нь ортол хувааж уусан. Тэгээд би “өдийд Э унтаа биз, ах нь харилаа танайх олуулаа байгаа юм байна” гээд О мотоцикльтой гэр рүүгээ явсан. Гэртээ харихад хэд болж байсан гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд гэртээ ороход эхнэр орондоо ороод унтаж байсан гэрт ороход гэрийн зурагт асаалттай байсан. Үлдээсэн архинаас Э уусан бололтой талаасаа доогуур болчихсон байсан юм. Хүргэн Э баруун орон дээрээс босч ирээд хүргэн наашаа суу гээд ойртож суухад үлдсэн архинаас нэг нэг татаад Э баруун орон дээр суусан. Би зурагтныхаа урирдлагыг аваад суваг солих гэхэд удирдлагын зай унасан байхаар доошоо тонгойгоод сууж байтал Э ах гэрийн урд талаас зуухны зүүн талаар гар хөрөө бариад ална чамайг гээд над руу дайрсан. Тэгээд барьж явсан гар хөрөөгөөрөө толгойны зүүн тал хүзүү хэсэг рүү цохьсон. Тэгээд миний уур хүрээд босоод ирсэн, яаж уурласнаа мэдэхгүй, нэг мэдэхэд манай эхнэр П.О орон дээрээ намайг татаад сууж байсан. П.Э ах баруун орон дээр дээшээ хараад хэвтэж байсан. Би Э ахаас яасан бэ? гэж асуухад алчуур аваад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би орны толгойн дээр байсан гар нүүрний алчуур авч өгсөн. Намайг харахад Энхсайханы баруун нүдний хөмсгөн дээрээс нь цус гарсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх мэдэгдээгүй. Эхнэр П.Оюун-Эрдэнээс юу болсон бэ? гэж асуухад та хоёр хоорондоо зодолдсон. Э ах чамайг хөрөөгөөр алах гээд байсан гэж хэлсэн. Тэгээд би үлдсэн жоохон архийг нь нэг хундага байхаар нь уугаад шилийг нь гаргаад чулуудсан. Тэгээд би О мотоциклийг унаж яваад Ж.Б ахын гэрт очоод П.Э бид хоёр зодолдчихлоо нүүр амнаас нь цус гараад байна эмнэлэгт очиж үзүүлсэн нь дээр байх гэж хэлэхэд Ж.Б ах би очиж чадахгүй хүүд чинь хэлье гэж хэлсэн. Тэгээд би буцаж гэртээ очоод унтаад өгсөн. Өглөө сэрэхэд манай хүүгийн эхнэр Э ирээд би сэрээд Э бэрийн машинд суулгаад хойд айлаас сайн машинд суулгаад эмнэлэгт хүргэж өгөөрэй гээд явуулсан. Манай эхнэр Э ахтай хамт Дархан сумын эмнэлэг рүү явсан. Э ахыг машинд суулгаж байхдаа эхнэрээсээ би ер нь Э юугаар цохьсон юм бэ? гэж асуухад эхнэр намайг чи Э ахыг буугаар цохьсон гэж хэлсэн. Тэгээд л Дархан сум руу яваад өгсөн. Би гэртээ ганцаараа үлдээд гэртээ ороход ТОЗ-8 маркийн буу маань онгоц модныхоо араар бага зэрэг эмтэрчихсэн байсан, манай гэрийн хойно талд худаг байхаар буугаар Э ахыг цохьсон гэхээр нь айгаад буугаа барьж очоод худгийн онгоцонд нь савахад буу маань онгоц мод гох хоёрынхоо засвараар хугарахаар нь худагны цагираг 2 төмөрний завсараар нь доош нь шидсэн. Тэгээд О очоод тэндээсээ Дорноговь аймгийн Их хэт сум ороод тэндээсээ эргэж ирээд хонь малаа бөөгнүүлээд айл руу тугалтай үнээ тугалсан эсэхийг харчихаад маргааш нь хүүгийндээ ирэхэд цагдаа нар ирээд сурсан гэхээр нь чи аавыгаа Бор-Өндөр хүргээд өгчих гэж хэлээд хүүгийнхээсээ гараад гэр рүүгээ явж байтал машин ирэхээр нь зогсооход цагдаа нар байсан. Тэгээд цагдаа нарт баригдаад Бор-Өндөр суманд ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-99 дүгээр хуудас/
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхгүй, асуултад хариулъя гээд амь хохирогч, О хоёр манайд 21-22 цагийн хооронд ирсэн. Би архинаас бараг уугаагүй. О өгсөн архийг задлаад 1 хундага л уусан. Бид гурав уухаасаа илүү их юм ярьсан. О 23 цагийн үед очсон ба архинаас бараг л уугаагүй, морь, адуу мал ярьж суусаар шөнө 03 цагийн үед гэртээ буцаж ирсэн. Би амь хохирогчийг буугаар нэг л цохьсон. Амь хохирогчид гэмтлийг би буугаар цохиж учруулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Би ар гэрийнхнээс нь уучлалт гуйж байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Г.Ханхүүгийн өгсөн: “Миний бие Шүүхийн шинжилгээний байгууллагад 6 жил ажиллаж байна. 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний шинжээчийн 1032 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдээс гавал тархины гэмтэл, цээжний гэмтэл нь амь насанд аюултай. Эдгээр гэмтлийн улмаас амь хохирогчийн амь насыг аврах боломж бага байсан” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримт нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл, тэдний хууль, эрх зүйн ухамсар, мэдлэг дутмаг байдал, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль, журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, галт зэвсгийн үзлэг тооллогыг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих түвшинд хийгээгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж үзэхээр байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийг зөрчин амь насыг хохироосон хор уршигт зориуд хүргэж, хүнийг алах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Б нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн ба өмгөөлөгч нь хэрэгт хяналт тавьж буй хяналтын прокурор М.Мэндбаяр болон Ерөнхий прокурор Б.Ичинхорол нарт хандан “Н.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн гомдлыг гаргаж, Прокурорын 9, 14 дүгээр тогтоолоор хүсэлт, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэх ойлголтыг тодорхойлоход зөвхөн анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгт тулгуурладаггүй бөгөөд хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл, түүний үр дагавар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэхүйд хэрхэн хортойгоор нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болгохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт маягаар илэрч хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал юм.
Хохирогчийн амь хохирсон гэмтлийг учруулсан үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд амь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нар нь гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Шүүгдэгч Н.Б үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон байна.
Шүүгдэгч, түүний ар гэрийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 15.500.000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөгийг бэлнээр өгч, баримт үйлдсэн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б нь “Бид оршуулгын болон хохиролд 15.500.000 төгрөгийг бэлэн хүлээн авлаа. Бидний хувьд Н.Боос нэхэмжлэх зүйлгүй, цаашид гаргах аливаа нэхэмжлэл байхгүй. Бид Н.Бтой сайн дураар эвлэрсэн, гомдол, санал, хүсэлт байхгүй тул Н.Б эрх зүйн байдлыг дээрдүүлж асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, мөнгө хүлээн авсан тэмдэглэл 2 дугаар хавтаст хэргийн материалын 71-72 дугаар талд авагдсан байна.
Мөн 2020 оны 6 сарын 08-ны өдөр 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг, 2020 оны 8 сарын 05-ны өдөр амь хохирогчийн эмчилгээний зардалд 1.250.360 /нэг сая хоёр зуун тавин мянга гурван зуун жар/ төгрөгийг шилжүүлсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...шүүгдэгч Н.Боос цаашид гаргах аливаа нэхэмжлэл байхгүй” гэсэн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдах нь зүйтэй.
3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Б үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, хохирол төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн биед хөнгөн гэмтэл учирсан, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар “шүүгдэгч Н.Б нь хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжтой гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ...ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж” болно гэж заасан ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан “бид эвлэрсэн тул цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, Н.Б эрх зүйн байдлыг дээрдүүлж асуудлыг шийдвэрлэнэ үү гэх хүсэлтийг үндэслэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар, эсхүл бүх насаар нь хязгаарлаж нээлттэй эсхүл хаалттай хорих байгууллагад байлгахыг хорих ял гэнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Бт оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б нь энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сэжигтэн, яллагдагчаар нийт 95 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийн хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Н.Б баривчлагдаж, цагдан хоригдсон 95 хоногийг хорих ялын 95 хоногоор тооцож, ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бууны овоо хараа, ОХУ-д ан агнуур, спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 загварын, 5.6*15R мм калибртай, бага калибрын винтов бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон даруйд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлж, жижиг гар хөрөө, амь хохирогч П.Э ы өмсөж байсан гэх цагаан цэнхэр алаг өнгийн биеийн тамирын цамц, хөх өнгийн юүдэнтэй цамц, улбар шар өнгийн пудволк, судалтай шар өнгийн цамц, ногоон эрээн өнгийн даавуу, саарал өнгийн жинсэн өмд, хар өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн дотуур өмд, саарал өнгийн дотоож, хөх өнгийн дотоож, бор өнгийн ороолт даавуу, саарал өнгийн оймс, хар өнгийн түрийтэй гутал, шүүгдэгч Н.Б өмсөж явсан гэх бор хүрэн өнгийн хүрэм, шаргал өнгийн бус, хар хөх өнгийн пудволк, хүрэн өнгийн дээл, хөх өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн түрийтэй гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Б нь цаашид бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Нанзадын Бийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийг 6 /зургаа/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б баривчлагдаж, цагдан хоригдсон 95 /ерэн таван/ хоногийг хорих ялын 95 хоногоор тооцож, түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бууны овоо хараа, ОХУ-д ан агнуур, спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 загварын, 5.6*15R мм калибртай, бага калибрын винтов бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон даруйд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст шилжүүлж, жижиг гар хөрөө, амь хохирогч П.Э ы өмсөж байсан гэх цагаан цэнхэр алаг өнгийн биеийн тамирын цамц, хөх өнгийн юүдэнтэй цамц, улбар шар өнгийн пудволк, судалтай шар өнгийн цамц, ногоон эрээн өнгийн даавуу, саарал өнгийн жинсэн өмд, хар өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн дотуур өмд, саарал өнгийн дотоож, хөх өнгийн дотоож, бор өнгийн ороолт даавуу, саарал өнгийн оймс, хар өнгийн түрийтэй гутал, яллагдагч Н.Б өмсөж явсан гэх бор хүрэн өнгийн хүрэм, шаргал өнгийн бус, хар хөх өнгийн пудволк, хүрэн өнгийн дээл, хөх өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн түрийтэй гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Н.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Ерөнхий шүүгч М.Энхмандах