| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2020/0081/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/87 |
| Огноо | 2020-10-28 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/87
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Б.Мөнхдөл,
шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-ийн Дд холбогдох эрүүгийн 2017001060086 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1988 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1-р баг, Ар тархи гэх газарт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, Х овогт Д-ийн Д /РД:............../
Урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Д нь 2020 оны 02 дугаар сарын эхээр Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 9-р хороо, Буянт ухаагийн 12-473б тоотод хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Гыг гэр бүлийн маргаанаас шалтгаалж хоолойг нь боож зодсон,
Мөн 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн Сүмбэр сумын 3-р баг 5 дугаар цэцэрлэгийн барилгын ажилчидын байранд хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Гыг гэр бүлийн маргаанаас шалтгаалж дээш өргөж байгаад газар шидэж баруун талын түнхийг нь гэмтээж зодсон,
2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн үед тус аймгийн Сүмбэр сумын 3-р баг 5 дугаар цэцэрлэгийн барилгын ажилчидын гал тогооны гэрт хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Гыг хүүхдийн хөл түлчихлээ гэх шалтгаанаар тогоотой халуун хоолыг өшиглөж түүний хэвлийн баруун хэсгийг нь түлж түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
2020 оны 05 дугаар сарын 27-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус аймгийн Сүмбэр сумын 3-р баг Политехникийн коллежийн дотуур байрны 4-р орц 4-23 тоотод хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Гыг үл ялих зүйлээр шалтаглан хоолойг нь багалзуурдаж боох, баруун нүдрүү нь гараараа цохих, чирэх зэргээр зодож түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Мөн Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед тус аймгийн Сүмбэр сумын 3-р баг Политехникийн коллежийн дотуур байрны 4-р орц 4-23 тоотод хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Гыг үл ялих зүйлээр шалтаглан духны зүүн хэсэгрүү гараараа цохиж, хоолойг багалзуурдан зодож түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Д.Д нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 5-р цэцэрлэгийн барилгын ажилчидын гал тогооны гэрт хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Гыг хүүхдийн хөл түлчихлээ гэх шалтгаанаар тогоотой халуун хоолыг өшиглөж түүний хэвлийн баруун хэсгийг нь түлж түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 27-ны шөнө 21 цагийн үед тус аймгийн Сүмбэр сумын 3-р баг Политехникийн коллежийн дотуур байрны 4 дүгээр орцны 4-23 тоотод хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Гыг үл ялих зүйлээр шалтаглан хоолойг нь багалзуурдаж боох, баруун нүдрүү нь гараараа цохих, үстэж чирэх зэргээр зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед тус аймгийн Сүмбэр сумын 3-р баг Политехникийн коллежийн дотуур байрны 4 дүгээр орцны 4-23 тоотод хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Гыг үл ялих зүйлээр шалтаглан духны зүүн хэсэгрүү гараараа цохиж, хоолойг багалзуурдан зодож түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын эхээр Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 9-р хороо, Буянт ухаагийн 12-473б тоотод хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Гыг гэр бүлийн маргаанаас шалтгаалж хоолойг нь боож зодсон,
Мөн 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн Сүмбэр сумын 3-р баг 5 дугаар цэцэрлэгийн барилгын ажилчидын байранд хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Гыг гэр бүлийн маргаанаас шалтгаалж дээш өргөж байгаад газар шидэж баруун талын түнхийг нь гэмтээж зодсон,
2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн үед тус аймгийн Сүмбэр сумын 3-р баг 5 дугаар цэцэрлэгийн барилгын ажилчидын гал тогооны гэрт хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Гыг хүүхдийн хөл түлчихлээ гэх шалтгаанаар тогоотой халуун хоолыг өшиглөж түүний хэвлийн баруун хэсгийг нь түлж түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
2020 оны 05 дугаар сарын 27-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус аймгийн Сүмбэр сумын 3-р баг Политехникийн коллежийн дотуур байрны 4-р орц 4-23 тоотод хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Гыг үл ялих зүйлээр шалтаглан хоолойг нь багалзуурдаж боох, баруун нүдрүү нь гараараа цохих, чирэх зэргээр зодож түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Мөн Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед тус аймгийн Сүмбэр сумын 3-р баг Политехникийн коллежийн дотуур байрны 4-р орц 4-23 тоотод хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Гыг үл ялих зүйлээр шалтаглан духны зүүн хэсэгрүү гараараа цохиж, хоолойг багалзуурдан зодож түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2020 оны 05 дугаар сарын 27-нд хүүхдүүдээ тоглоомын талбай орж тоглуулчихаад ирэхэд манай хүн хүүхдүүдээ зодоод ууртай байсан. Тэгээд би яагаад уурлаад байгаа юм гэхэд чамд хамаагүй гээд тогоотой хоолны дээр байсан гурилын модыг ор луу шидсэн. Тэгээд би бага хүүхдээ аваад гадаа гарахад хөл нь түлэгдсэн байсан. Тэгэхээр нь би хөлийг боож өгөөд байж байхад гэр дотроос би хүүхдээ алсан ч яадаг юм бэ? гэж хашгираад байсан. Тэгээд би гэр рүү ороод харахад тогоотой хоол байж байсан. Тэгээд би хүүхдийн хөл түлсэн хоолыг хүмүүст өгч яадаг юм гэж хэлээд асгасан. Тэгээд би өрхийн эмнэлэг орж хүүхдээ үзүүлээд хөлөнд нь тос авч өгөөд гэрт ирэхэд Г хоол хийж байсан. Тэгээд Г гадуур гараад явсан. Тэгэхээр нь Ат хэлээд нэг шил архи хуваагаад ээж байтал Г гаднаас орж ирээд хүүхдээ анхаарахгүй нүүрээ цэвэрлээд суугаад байсан. Тэгэхээр нь уурандаа гар хүрсэн. Маргааш өглөө нь Г намайг өшиглөөд хүүхдээ бие засуулна гэж аваад гарсан. Тэгэхээр нь Ат залгаад 1 шил архи аваад ирээч гэхэд дэлгүүр 10 цагаас онгойно гэсэн. 10 болохыг хүлээж байгаад би Аыг архи аваад ирэхээр нь хувааж уугаад сууж байтал цагдаа ирж намайг барьж авсан. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 18-нд болсон үйлдэлд би санаатай гар хүрээгүй. Манай ахтай маргалдаад байхаар нь салгах санаатай хоёр тийш түлхсэн. Мөн 2 дугаар сард болсон үйлдэлд манай хүн өөрөө хэд хоногоор алга болоод ирэхдээ хүзүүндээ шимүүлсэн ирсэн. Тэгэхээр нь би маргалдахад ахыгаа дуудаж ирүүлээд намайг хөөлгүүлсэн. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
2. Хохирогч Н.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би Түмэн Алт ХХК-д тогоочоор ажилладаг. Манай компани Говьсүмбэр аймагт цэцэрлэгийн барилга барьж байгаа. Энэ барилга дээр нөхөр Дгийн хамт ажиллаж байгаа. Өчигдөр ажил дээрээ ажилчдын хоол хийж байгаад орой 21 цагийн үед байрлаж байгаа байр болох 9-р байрны сонсогчдын байрны 4 давхар голын хаалганд ирсэн. Манай нөхөр Атай хамт архи уугаад байж байсан. Би Аын эхнэртэй хамт очсон. Энэ хоёр архи нь дуусаад таксигаар архи авчруулж уусан. Өчигдөр намайг байрандаа очсон цагаас хойш 2 шил архи уусан. Намайг байрандаа ороод очиход манай нөхөр Д өө энэ муу пизда ороод ирлээ гээд намайг зүүн хацарлуу гараараа цохисон. Би болъё гэсэн чинь одоо болино гэсэн асуудал байхгүй, би чамайг зөндөө тэвчсэн, одоо чамайг гүйцээнэ гээд дайраад байсан. Мөн миний нүдрүү гараараа цохисон. Би энэ асуудал болохоос өмнөх өдөр нь хоёр хүүхэддээ хоол өгч байтал дээрээс нь банз унаад хоол нь асгараад бага хүүгийн хөлийг түлчихсэн юм. 2-3 газар цэврүү үсэрсэн байсан. Энэ асуудлаас болоод орой нь байрандаа ирээд Д намайг зодсон. Намайг шөнөжингөө унтуулаагүй үснээс зулгаагаад багалзуурдаад чамайг ална гээд байсан. Чамайг шороонд булна, би шийдсэн гээд байсан. Би дуугарахгүй чимээгүй байгаад байсан чинь чи дуугарсангүй гээд намайг багалзуурдаад байсан. Хоолой боогдоод миний амьсгаа давхцаад зарим зүйлийг сайн санахгүй байна. Тэгээд 02 цаг болж байхад Д арай гайгүй болоод унт пизда минь, хаалгаа түгж гэрлээ унтраа гээд сэрээ бариад авахаар нь би ноцолдож байгаад сэрээг нь булааж авсан. Би сэрээг нь булааж авахдаа ханиа уучлаарай гэсэн чинь чи үхэхэээс айгаад надаас уучлалт гуйгаад байгаа юм уу гээд байсан. Би ингээд үхчихвэл 3 хүүхдээ яана гэж бодоод аргыг нь олох гээд байсан. Д 04 цаг өнгөрч байхад унтаад өгөхөөр нь би 3 хүүхэдтэйгээ унтсан. Тухайн үед намайг зодуулж байхад хажууд А эхнэр Ж нар байсан. Ж намайг өмөөрөөд боль гэхээр чамайг ч ална шүү гээд байсан. А нь болохоор тоохгүй байсан. Намайг Дд зодуулж байхад Г гэдэг хүн орж ирээд чи эхнэрээ ингэж зодож болохгүй гэхэд чи хүний амьдралд оролцох эрх байхгүй гээд тэр ахыг 2 удаа нүүрлүү нь цохисон. 2020 оны 05 дугаар сарын 28-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Д босоод Аыг архинд яваад ир, энэ мууг гүйцээнэ гээд ярьж байсан. А гадагшаа архинд гараад явсан. Тэгээд би бага хүүгээ тэврээд хэвтэж байтал Д миний духны зүүн хэсэгрүү гараараа цохиод авсан. Би яаж байгаа юм бэ гэтэл яадаг юм, чамайг өнөөдөр гүйцээнэ, өнөөдөр чиний сүүлийн хугацаа гэж хэлээд намайг багалзуурдсан. Манай 2 жоохон хүүхэд ааваа болиочээ гэтэл та нар эмээ дээрээ очно, аав нь ялыг нь үүрээд гараад ирнэ гээд байсан. Тэгтэл манай бага хүү шээе гэсэн. Би хүүхдээ шээлгэх гээд боссон чинь Д намайг хаачих гээд байгаа юм гэхээр нь 2 хүүхэд шээе гээд байна гэж хэлээд гарсан. Тэгээд хажуу талын өрөөний Тогтохбаяр гэдэг охиныд ороод бид гурвыг нуугаад цагдаа дуудаад өгөөч гэтэл тэр охин бид гурвыг өрөөндөө түгжээд цагдаа дуудаад өгье гээд явсан. Тэгээд байрны хаалгаар гартал нэг танихгүй эгч таарахаар нь утсыг нь гуйгаад цагдаа дуудуулсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Маш их гомдолтой байна... 2020 оны 08 дугаар сарын 7-ны орой 21 цагийн үед Д миний зүүн хацарлуу нэг удаа гараараа алгадаад тогоотой хоол өшиглөсөн. Халуун хоол үсрээд миний баруун хэвлий, ташаа хавьд түлсэн байсан. Энэ үйлдлийн улмаас миний баруун хэвлий, баруун ташаа хавьд түлэгдсэн... 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Д ахтайгаа муудалцаад байхаар нь больцгоо, энэ хавийн хүмүүсээс зовохгүй байна уу гээд Нямдаваад ахтай нь маргасан. Тэгээд ах нь намайг элдэв бусаар хараагаад байхаар нь би гар гэсэн чинь Д чи миний ахыг хөөдөг хэн бэ пизда минь гээд намайг өргөж байгаад паарны ирмэг дээр шидээд баруун талын түнхийг эвгүй болгож байсан. Тэр үед 2-3 хоног хазганаж явж байгаад зүгээр болсон... Улаанбаатар хотод ах Батзулын хашаанд байхад 2020 оны 02 дугаар сард санагдаж байна. Намайг хүнтэй хий хоосон хардаад хэрүүл хийж байгаад намайг боогоод зүүн нүдрүү цохисон... ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-23 хуудас/
3. Гэрч П.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би Түмэн Алт ХХК-д армуторчингоор ажилладаг. 2020 оны 05 дугаар сарын 27-ны орой ажлаа тараад Гын хамт байрлаж байгаа байр болох Сүмбэр сумын 3-р баг 9 дүгээр байрны сонсогчдын байр гэх газар 4 давхарт байх өрөөндөө ирэхэд манай нөхөр А, Д нар архи уугаад байж байсан. Д эхнэр Гыгаа харчихаад пизда, гичий гэж хараагаад Гын зүүн хацарлуу гараараа нэг удаа алгадсан. Тэгээд цамцных нь захаар хоолойг нь боогоод байсан. Би боль гэсэн чинь чамайг ална шүү гээд байсан. Г эхэндээ юм хэлэхгүй чимээгүй зодуулаад байсан, Сүүлдээ уучлаарай хайраа гээд байсан. Д архи ууж байгаад нэг хэсэг зодож байгаад дахиад архиа уугаад тэгснээ л дахиад зодоод байсан. Д Гд хандаад би архи ууж байгаад чамайг алаад өөрөө шоронд явна гээд Гыг цамцных нь захаар хоолойг нь боогоод нүүр хавьд нь гараараа цохиод байсан. Манай нөхөр бид хоёр салгах гээд очихоор ойртоод үзээрэй та хоёрыг ална шүү гээд байсан. Тэгээд үүрээр унтсан байх...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/
4. Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Түмэн Алт ХХК-д ажилдаг. Манай өрөөнд Д эхнэр Гын хамт, манай эхнэр Н бид 4 амьдардаг. Мөн сүүлд Дгийн 2 жоохон хүүхэд ирсэн. 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гал тогооны гэрт 2 хүүхэд нь хоол идэж байхад тавиур банз унаад бага хүүгийнх нь зүүн талын хөлийг түлсэн байсан. Тухайн үед би байрлуугаа явсан байсан бөгөөд ирэхэд Д Г нар бөөн хэрүүл болсон байсан. Г манай эхнэрийг аптек яваад ирээч гээд картаа өгөөд манай эхнэр шарханд нь түрхэх тос эм авчирч өгсөн. Тэгээд байрандаа орж ирээд байж байтал Д надад хандаад 2-уулаа гарчихаад ирье гээд дэлгүүр ороод 0,75 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг, хүүхдүүдэд нь чихэр ундаа авсан. Манай эхнэр Г нар 21 цагийн үед ирсэн байх цагийг нь нарийн сайн мэдэхгүй байна. Тэгтэл Д эхнэрээ шууд барьж аваад нааран дээр унагаагаад хоолойг нь боогоод байсан. Би хажуунаас нь боль гэсэн чинь чамд хамаа байхгүй гэсэн. Тэгээд өглөө 09 цагийн үед манай нярав орж ирээд 4-5 хүн ажилд гаргана гэхээр нь манай эхнэр бид 2 ажилд гарахаар болсон. Д надруу 12000 төгрөг шилжүүлээд дэлгүүрээс 1 шил архи авчираад өгөөч гэхээр нь би 1 цаг гарангийн дараа 0,5 литрийн Хараа архи аваад байрлуу иртэл Д байрны гадаа сууж байсан. Д хэлэхдээ Г алга болчихлоо гэсэн. Бид 2-г архиа уугаад сууж байтал цагдаа нар ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26 хуудас/
5. Гэрч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Миний санаж байгаагаар 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шиг санагдаж байна. Ажилчидын байранд амарч байхад Дгийн эхнэр Г гаднаас Эрка /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэдэг хурган даргатай хамт байрлуу орохоор нь би байранд орох гэтэл хаалгаа түгжсэн байсан. Дотор нь тэр хоёр секс хийж байгаа нь сонсогдож байсан. 10 орчим минутын дараа Д ороод ирсэн. Тэгээд Д хаалгыг нь нүдээд өрөөндөө орж байгаа харагдсан. Тэгээд Д яагаад хаалгаа түгжсэн юм бэ гээд уурлаад байсан. Би араас нь яваад ороход Д надад хандаад энэ хоёрыг хардаа, ингээд байж байх юм гэж хэлсэн. Би мэдээгүй юм шиг өнгөрсөн. Энэ асуудлаас болж Д архи уугаад байдаг болсон...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28 хуудас/
6. Гэрч Ө.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Түмэн Алт ХХК-д мужаанаар ажилладаг. Тухайн өдөр ганцаараа 1 шил 0,33 литрийн архи уусан байсан. Орой 22 цагийн үед байрандаа байж байтал Дгийн байранд хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь яваад ортол Д эхнэрээ зодсон байсан. Д А нар архи уусан байдалтай, Г уйлаад байж байсан. Би Дд хандаад чи эхнэрээ зодохоо болио, одоо унтаж амар гэхэд чамд хамаагүй гэж хэлээд миний зүүн мөрлүү 2 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би чимээгүй гараад явсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/
7. Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Д Г 2 манай хашаанд байдаг байсан. Миний санаж байгаагаар 2020 оны 02 дугаар сарын эхээр Г эгчийн хоолойг боогоод зодоод байсан. Манай аав Батзул салгаад Дг хөөгөөд явуулж байсан. Манай аав хэлгүй хүн болохоор мэдүүлэг өгч чадахгүй. Ер нь Д Г эгчийг зодоод байдаг...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30-31 хуудас/
8. Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 04 дүгээр сард би Говьсүмбэр аймагт баригдаж байгаа 5-р цэцэрлэгийн барилга дээр ажиллаж байсан. Тухайн үед надтай хамт манай дүү Д эхнэр Гын хамт ажиллаж байсан юм. Дгийн утсанд чат ирээд Г нөхрөө хардаад маргалдаад байхаар нь та 2 наад бөгсний хэрүүлээ боль, ажилчид байна, ичээч гэсэн чинь Г уурлаад би явлаа надад зардлын мөнгө өг гэсэн. Би Гд хандаад би танайд 2-3 хоноход автобусны жолооч чамайг ирж аваад чи хоногоор явдаг байсан биз дээ гэж хэлтэл Г босч ирээд намайг заамдаад бариад автал Д босч ирээд бид хоёрын голоор ороод хоёр тийш нь түлхсэн. Г ажилчидын өрөөнд зассан пааран дээр бөгсөөрөө унасан. Тэгтэл Г түнх эвгүй болчихлоо гээд Говьсүмбэр аймгийн эмнэлэгт үзүүлсэн. Хэд хоноод хөл нь зүгээр болсон байсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26 хуудас/
9. Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 157 дугаар дүгнэлтэд: – Н.Гын биед тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү эрүүнд зулгаралт, хэвлийн баруун хэсэгт түлэгдсэн шарх, баруун шилбэнд цус хуралт гэмтэл учирчээ.
- Дээрх гэмтлээс хэвлийн баруун хэсгийн түлэгдсэн шарх нь өндөр хэмийн үйлчиллээр бусад гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
- Магадлуулагчийн биед учирсан тархи доргилт, баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийн түлэгдсэн шарх гэмтэл нь тус тусдаа болон нийлсэн ч “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, хүзүү, эрүүнд үүссэн зулгаралт, шилбэний цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.”
Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 40 хуудас/
10. Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 238 дугаар дүгнэлтэд: – Н.Гын биед тухайн үед баруун талын ташаа, цавь орчимын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.”
Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 44 хуудас/
11. Шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 176 дугаар дүгнэлтэд: Ө.Гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 48 хуудас/
12. Аюулын зэргийн үнэлгээ, яаралтай тусламжийн хуудасны хуулбар, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийн хуулбар /х.х-ийн 12-15, 94-96, 103-104 хуудас/
13. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 79-83 хуудас/
14. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77- хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Д.Дг хохирогч Н.Гын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж хүндрүүлэн зүйлчилж, мөн шүүгдэгч Д.Д нь байнгын архи ууж гэр бүлийн хамаарал бүхий хүнийг хэл амаар доромжлон, харааж зүхдэг, дарамтанд байлгадаг, зоддог зэрэг үйлдлүүд нь гэр бүлийн амьдралд нь хэвшил дадал болж тогтсон гэж үзэх үндэслэлтэй тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар зүйлчилсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д зааснаар хохирогч Н.Г нь шүүгдэгч Д.Дтай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарах ба мөн хуулийн 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчлан зааж өгчээ.
Иймд шүүгдэгч Д.Дг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариулцага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь түүнийг зодсон шүүгдэгч Д.Дгийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх ба энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэрэг явдлын үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Д нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах болон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Дгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохи?рол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, хохирогч Н.Г нь гомдол санал байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хар сүрэгтэн овогт Д-ийн Дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг буюу 30 /гуч/ хоногийг нэмж нэгтгэн 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 30 /гуч/ хоног хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ