| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2020/0235/Э |
| Дугаар | 830 |
| Огноо | 2020-10-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Оюун-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 830
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Э.А /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянган овогт Энх-Амгалангийн Алтангэрэлд холбогдох эрүүгийн 2003000810085 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Мянган овогт 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, MNIB ХХК-нд даатгалын менежер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар Хустайн дэд станцын 39-106 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:
Шүүгдэгч Э.А нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цаг 10 минутын үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэнгис кино театрын урд замд Тоёота Приус-30 маркийн 52-70 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Г.Сонинцэцэгийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Э.Аээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Хохирогчийн хохирол, төлбөрийг барагдуулж байгаа. Ар гэрийн байдлын хувьд эхнэр маань төрж байгаа учраас санхүүгийн боломж хүнд байна үүнийг шүүх харгалзан үзнэ үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэм буруу дээр маргах зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Э.Аээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-69-70/ “ 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цаг 10 минутын орчим би өөрийн ажилладаг байгууллагын эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 52-70 УНУ улсын дугаартай машинтай Чингэлтэй дүүргийн нутаг Тэнгис кинотеатрын урдуур урагшаагаа яваад төв рүү зам руу орох гээд баруун гар тийшээ эргэхдээ явган хүний гарцаар гарч явсан явган зорчигчийг өнгөрлөө гэж бодоод өсгийн дээгүүр нь гараад явсан. Тэгээд би шууд зогсоод машинаасаа буугаад тэр эгчийг өргөөд гэмтлийн эмнэлэг рүү шууд аваад явсан. Эмнэлэг дээр очоод тэр эгчийг үзүүлж зургийг нь авахуулахад зурган дээр нь хугаралтай гэж гарсан тул хөлийг нь шохойдуулсан..Би гэр рүү нь очиж уулзахаар явж байхад гэрийнхэн нь цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд би шууд ослын газарт очиж цагдаа нартай уулзсан..” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Сонинцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-14-15/ “..2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цаг 10 минутын орчим би ганцаараа Чингэлтэй дүүргийн нутаг Тэнгис кино театрын урд талын автобусны буудлын гарцаар урдаасаа хойшоогоо гарч яваад 52-70 дугаартай машинд мөргөгдөн унасан. Би тэр үед газарт зүүн талаараа унаад уг машины урд дугуй нь миний 2 хөлөн дээгүүр гарсан байсан. Гэхдээ баруун талын хөл гайгүй байгаа, тэгээд жолооч залуу бууж ирээд миний суганаас өргөж босгоод машиныхаа арын суудалдаа суулгасан..” гэх мэдүүлэг,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1480 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: /хх-18-19/ “..Г.Сонинцэцэгт зүүн шагайн гадна хашлага болон бэлбэрхийн үений завь хэлбэртэй ясны дээд гадаргууд сэлтэрсэн хугарал тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. Цаашид эрүүд мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..” гэх мэдүүлэг,
Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №13 дугаар мөрдөгчийн лавлагаанд: /хх-37/ “..Приус-30 маркийн 52-70 УНУ дугаартай автомашины жолооч Э.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх. 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Г.Сонинцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөнийд үрмийн ямар нэгэн заалт зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна..” гэх магадлагаа,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-11/, Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа мэдээлэл “Э.А 2018.12.09-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан лавлагаа /хх-45, 47/, шүүгдэгч Э.Аийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46/ оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах /хх-53/ хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.А нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цаг 10 минутын үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэнгис кино театрын урд замд Тоёота Приус-30 маркийн 52-70 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Г.Сонинцэцэгийг мөргөсөн байна.
Шүүгдэгч Э.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн болох нь мөрдөгчийн лавлагаагаар тогтоогдож байна.
Ослын улмаас явган зорчигч хохирогч Н.Сонинцэцэгийн биед зүүн шагайн гадна хашлага болон бэлбэрхийн үений завь хэлбэртэй ясны дээд гадаргууд сэлтэрсэн хугарал гэмтэл учирсан бөгөөд энэ гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч Э.Аийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч холбогдсон хэргийн гэм буруугийн тал дээр маргаагүй болно.
Хохирогч Г.Сонинцэцэгээс өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн хохирол, гэм хорын зардалд шүүгдэгчээс 5.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох баримтаа бүрэн гүйцэт гаргаж өгөөгүй, мөн цаашид эмчлүүлэх шаардлага байгаа тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Шүүгдэгч Э.А нь хохирогчийн нэхэмжлэлээс эмчилгээний зардалд нийт 2.441.125 төгрөг төлсөн болох нь баримтаар хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгчээс цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн тул хохирогчийн гэм хорын зардалд нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйгээр нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Ад ял шийтгэл оногдуулахдаа шүүхээс анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Энх-Амгалангийн Алтангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мянган овогт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дугаар зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Аээс хохирогч Г.Сонинцэцэг нь гэм хорын хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР