Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 46

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч М.Мэндбаяр

            Шүүгдэгч Л.Д нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Л.Д холбогдох эрүүгийн 2040000000062 дугаартай хэргийг 2020 оны 08 сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Баргилт цехэд засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 11 сарын 23-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хорих ял оногдуулсныг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Л.Д /

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Д нь 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гудамжинд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Ц хэрүүл маргаан үүсгэн улмаар элэг рүү нь цохиж үснээс нь зулгааж, толгой хэсэг рүү нь гараараа 3-4 удаа цохиж, үснээс нь зулгааж шороон дээр чирэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч О.Ц 2020 оны 07-р сарын 06-ны өдөр өгсөн: “2020 оны 06 сарын 16-ны 23 цаг 40 минутын орчимд би ажлаасаа буугаад гэр рүүгээ орж явтал манай нөхөр Л.Д согтуу хашаанаасаа гарч ирж байсан. Тэгээд би хаачих гэж байгаа юм бэ гэж асуухад төв оръё гээд хажуугаар гараад явсан. Би араас нь харж байтал 10 метр орчим зайд явж байгаад газар унахаар нь очоод бос гэртээ харьж амаръя гэж хэлэхэд босохгүй хэвтээд байсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ ороод цүнхээ тавьчихаад эргээд гараад ирье гээд явтал ардаас босож ирээд чи яадаг гэнээ гэж хэлээд элэг рүү цохиход нь би доошоо суусан. Тэгтэл миний үснээс зулгааж толгой руу гараараа олон удаа цохьсон. Намайг 3-4 удаа цохьсон. Тэгэхээр нь тусламж дуудаад авраарай, туслаарай гэж хашгирхад миний хоолойг боож ам дараад байсан. Тэгээд намайг гэр рүүгээ авч явна гээд 50 метр зайд шороон дээр үснээс минь газраар биеэр минь чирж явсан. Тэгтэл манай хадам ээж Уртнасан гарч ирээд болиулах гэтэл чадахгүй байсан. Тэгээд өөрөө гэр рүүгээ ороод дотроос нь хаалгаа бариад би үхнэ гээд байсан. Тэгээд үснээс минь чирж газраар биеэр минь чирж явсан. Тэгтэл манай хадам ээж Уртнасан гарч ирээд болиулах гэтэл чадахгүй байсан. Тэгээд өөрөө гэр рүүгээ ороод дотроос нь хаалгаа бариад би үхнэ гээд байсан. Тэгээд үснээс минь чирээд хашаа руу ороод гэрийн үүдний амбаарын хажууд үснээс тавьсан. Тэгтэл хашааны гаднаас эрэгтэй хүн юу болоод байгаа юм бэ цагдаа дуудлаа шүү гэхэд нь би гэрийнхээ хаягийг хэлж цагдаа дуудуулсан. Манай хадам ээж Уртнасан бид хоёр нөхрийнхөө араас нь ороход намайг ална, янхан, гичий гээд доромжлоод байсан. Тэгж байтал 2 цагдаа ирээд манай нөхрийг аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

-Гэрч Ч.Б-ын 2020 оны 07-р сарын 20-ны өдөр өгсөн: “Би Д 7-8 жилийн өмнө нь хөрш айл болж танилцаж байсан. Тэр цаг хугацаанаас л хөрш гэдгээр нь л мэднэ. Зарим үед хашааны завсараар харахад хоорондоо эв найртай, хашаа хороогоо цэвэрлээд байж байгаа харагддаг. Би тэр хоёрыг хоорондоо хэрэлдэж, маргалдаж зодолдохыг харж байгаагүй. Гэхдээ ганц хоёр удаа хоорондоо хэрэлдэхийг сонсож байсан. Гэхдээ нь хэрүүл нь удалгүй намжсан байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

-Гэрч Б.Х 2020 оны 07-р сарын 16-ны өдөр өгсөн: “Тус өдрийн 23 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат О.Ц гэдэг эмэгтэй цагдаагийн хэлтэст манай нөхөр намайг зодоод байна гэсэн дуудлага өгсний дагуу тус сумын 3 дугаар баг Дэнж хороолол очиход О.Ц гэгчийн нөхөр гэх Л.Д нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж нилээн согтолттой байсан ба биднийг очих үед эхнэр О.Ц  хэрүүл маргаан хийгээд байж байсан. Намайг очиход биед нь ил харагдах шарх байгаагүй, харин уйлсан нүүр нь улайсан байдалтай байсан. Тэр хоёр хоорондоо хэрэлдсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 сарын 19-ний өдрийн №319 тоот: 

1.О.Ц биед тархи доргилт, зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

            4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19/,  

            -Яллагдагч Л.Д 2020 оны 01-р сарын 16-ны өдөр өгсөн: “Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр О.Ц  2013 онд гэр бүл болсон. Дундаасаа 3 хүүхэдтэй. Тэр өдөр найзуудтайгаа 4 шил архи уусан. Би эхнэртэйгээ маргалдсан. Тэгээд би эхнэрээ хардаад маргалдсан. Эхнэрийнхээ толгойн тус газар 3-4 удаа цохьсон ” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/ 

                        -Яллагдагч Л.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би эхнэр О.Цэвэлмааг цохиж зодсон нь үнэн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Шүүгдэгч Л.Д нь 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гудамжинд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Ц хэрүүл маргаан үүсгэн улмаар элэг рүү нь цохиж үснээс нь зулгааж, толгой хэсэг рүү нь гараараа 3-4 удаа цохиж, үснээс нь зулгааж шороон дээр чирэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч О.Ц гэрч Ч.Б Б.Х нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Л.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 сарын 19-ний өдрийн №319 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. 

            Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн О.Ц бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 сарын 19-ний өдрийн №319 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Ц биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

  Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  Сум  дундын  Прокурорын  газрын

хяналтын прокуророос шүүгдэгч Л.Д холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Л.Д хууль бус, зүй бус үйлдэл, архидан согтуурсан, хувийн таарамжгүй харилцаа нь нөлөөлсөн байна.

   Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч Л.Д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Д нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт  хэргийн улмаас хохирогч О.Ц биед хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон байна.

Хохирогч О.Ц нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Л.Д нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Л.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Л.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Л.Д нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч О.Ц гэрч Ч.Б Ч.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Д нь Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 11 сарын 23-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хорих ял оногдуулсныг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 31, 34-40, 42-47/

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Л.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас 800 нэгж буюу 800000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Д эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр

зүйл,  36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10,

 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг

 удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

         1.Шүүгдэгч Л.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч Л.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5

дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ