Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0455

 

 

                    Б.Бийн нэхэмжлэлтэй

                                                захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Б.Б,

Нэхэмжлэгч: Б.Б,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

                     Нийслэлийн Боловсролын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох тухай захиргааны акт гаргахгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/211 дүгээр захирамжийн 157 дугаар сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 260 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2021/0551/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Боловсролын газарт тус тус холбогдууланНийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох тухай захиргааны акт гаргахгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/211 дүгээр захирамжийн 157 дугаар сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 260 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1, 281 дугаар зүйлийн 281.1.2, 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь заалтыг тус тус баримтлан Б.Бийн “Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох тухай захиргааны акт гаргахгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/211 дүгээр захирамжийн 157 дугаар сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1.  Шүүхийн шийдвэрт “...улмаар тэдгээр саналыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга ерөнхий боловсролын сургуульд дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгосон нь Боловсролын тухай хуулийн дээрх зохицуулалтад болон мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан зарчимд нийцсэн, 5.1.4-д заасан зарчмыг зөрчөөгүй байна” гэжээ. Бодит байдалд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн миний бие ам бүл зургуулаа бөгөөд дунд охин Б.А, бага хүү Б.Т нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7-д заасан “ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмшинэ” гэж заасан эрхийн дагуу манай хорооны хүүхдүүд сурдаг Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуульд сурдаг. Гэтэл Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн байдал үнэхээр хүнд буюу хүчин чадлаасаа 2 дахин их хүүхэд сургаж байгаагаас багш нарын өрөө, өлгүүр, номын сан, урлагийн заал танхим, эмчийн өрөө байхгүй, хүүхдүүд коридорт хичээллэдэг, хүүхдүүд хичээллэж байгаа анги танхим /хүрэлцээ муутайгаас урлагийн заалыг 2 анги болгосон/-уудад цайны газрын агааржуулалтын хоолой явагддагаас муухай үнэр үнэртдэг, шатны хонгилын доод талд ажилчид байрладаг, сургуулийн хэмжээнд эрэгтэй хүүхдийн бие засах 8 суултууртай зэрэг багш, ажилчид, хүүхдүүдийн эрх буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2, 4, 6 дахь хэсгүүдэд заасан эрх /эрүүл аюулгүй орчинд суралцах, хөдөлмөрийн аятай тухтай нөхцөлөөр хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах/ асар ихээр зөрчигдөж байсан. Энэ асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисст гомдол гаргаж шалгуулахад тус комиссын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2/234 дүгээр албан бичигт “133 дугаар сургуульд суралцаж буй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, хоёр адилхан сургуулийн хүүхдүүдэд ялгавартай тэгш бус хандаж байгаа зохисгүй явдлыг залруулах, улмаар тус барилгын асуудлыг яаралтай шийдвэрлэх нь зүйтэй байна” гэжээ.

            3.2. Шүүхийн шийдвэрт “...Тодруулбал дүүргийн Боловсролын статустай үйл ажиллагаа явуулах хэлтсийн гаргасан “133, 157 дугаар сургуулиудыг бие даасан ерөнхий боловсролын статустай үйл ажиллагаа явуулах” саналын “хүүхдийн аюулгүй байдлыг ханган боловсролын үйлчилгээг ойроос хүргэхэд тус сургууль бие даасан байх шаардлагатай, тус 2 сургууль нь 4 километрийн зайтай тул сургуулийн насны хүүхдүүд хэт хол зорчих, гэмт хэрэг, зөрчилд өртөх, хохирогч болох эрсдэлтэй” хэмээх үндэслэл нь үгүйсгэгдэхгүй байна” гэжээ. Бодит байдалд эдгээр 2 сургууль нь хоорондоо 1,4 километрийн зайтай ба харин тусдаа 2 сургууль байснаар сургуулийн насны хүүхдүүд хэт хол зорчих, гэмт хэрэг, зөрчилд өртөх, хохирогч болох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий 157 дугаар сургуульд хамгийн ойр дөт болох манай хорооны хүүхдүүд л сурах учраас бага насны хүүхдүүд эрсдэлд орох өндөр магадлалтай. Харин цогцолбор сургууль болгосноор одоогийн 133 дугаар сургуулийн барилгад зөвхөн бага ангийн хүүхдүүд сурч, харин маргаан бүхий 157 дугаар сургуулийн барилгад, дунд ахлах ангийн хүүхдүүд сурах боломжтой юм.

            3.3. Шүүхийн шийдвэрт “... Тиймээс цогцолбор сургууль болгох захиргааны акт гаргахгүй байгаа захиргааны үйл ажиллагаа нь, мөн шинээр баригдсан сургуулийн барилгад 157 дугаар олгож, сургалтын үйл ажиллагааг бие даан явуулах зөвшөөрөл олгосон шийдвэр нь төрөөс бүх нийтийн боловсролыг үнэ төлбөргүй олгох, боловсрол нь бүх нийтэд хүртээмжтэй байх, иргэнийг сурч боловсроход оршин суугаа газраас хамаарч ялгаварлан гадуурхахгүй байх, сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангах зарчмуудыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ” гэжээ. Бодит байдалд манай хорооны хүн ам байнга өсөн нэмэгддэг бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар сургуулийн насны 4549 хүүхэд, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар сургуулийн насны 5650 хүүхэд, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар сургуулийн насны 7623 хүүхэд, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар сургуулийн насны 8585 хүүхэд байгаагаас тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, манай хорооны хүүхдүүд харин ч 26 дугаар хороонд амьдарч байгаагаараа ялгаварлан гадуурхалтад өртөж, Үндсэн хуулиар олгогдсон ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхээ эдэлж чадахгүй байхад шүүх өрөөсгөл дүгнэлт хийсэн. 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгосон байхад Баянзүрх дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны гэр ойрхон хүүхдүүд суралцах бүрэн боломжтой.

            3.4. Шүүхийн шийдвэрт “... Тус хорооны нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй 920 хүүхдийн суудалтай сургуулийн барилгад дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон Нийслэлийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/211 дүгээр захирамж нь аливаа этгээдэд, тэр дундаа нэхэмжлэгчид, түүний хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлэх агуулгагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох, тайлбар авах ажиллагаа хийх шаардлагагүй” гэжээ. Бодит байдалд иргэн миний бие Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргад бүртгүүлсний дагуу 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл 26 дугаар хорооны иргэдтэй уулзаж, тус хорооны сургууль, цэцэрлэгийн талаар мэдээлэл өгөх, санал солилцох, Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль буюу бага, дунд, ахлах сургууль болгох, “О Х” “И” ХХК-ийн маргаан бүхий газарт бага сургууль, цэцэрлэг, “М Т” сургуулийг нүүлгэж, дунд сургууль, 2018 оны улсын төсөвт 6,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж буй хичээлийн байранд ахлах сургууль байгуулахыг дэмжиж, 1500 эцэг эх гарын үсэг зурсан. Тийм учраас шинээр баригдаж буй 920 хүүхдийн суудалтай сургуулийн барилгад дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон Нийслэлийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/211 дүгээр захирамж нь манай хорооны эцэх эхчүүдэд, мөн нэхэмжлэгчийн миний бие болон манай хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлэх акт юм.

            3.5. Шүүхийн шийдвэрт “... Ийнхүү шинээр баригдсан 157 дугаартай сургууль 2022-2023 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулахад түүний хамран сургах тойргийг тогтоох бөгөөд тухайн шийдвэр нь нэхэмжлэлийн энэ шаардлагаарх энэ захиргааны хэрэгт дүгнэгдэхгүй” гэжээ. Бодит байдалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “ “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэсэн байдаг. Манай хүүхдүүд одоогийн хүчин Т байгаа харьяалан сургах тойргоор бол Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуульд сургах ёстой ба магадгүй Нийслэлийн Боловсролын газраас 2022-2023 оны хичээлийн жилийн хамран сургах тойрог тогтоовол манай “Э Р” хотхоны хүүхдүүд маргаан бүхий 157 дугаар сургуульд сургахаар харьяалал тогтоогдох магадлал өндөр юм.

            3.6. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан эрхийн дагуу гомдол гаргаж байгааг хүлээн авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 260 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч Б.Б нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Боловсролын газарт тус тус холбогдууланНийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох тухай захиргааны акт гаргахгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/211 дүгээр захирамжийн 157 дугаар сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

           3.2. Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.2, 281.1.10-д тус тус зааснаар Нийслэлийн Боловсролын газар нь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад санал болгох, өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах, 30.1.3, 30.1.4-д тус тус зааснаар нийслэлийн Засаг дарга нь орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг аймаг, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх, өөрийн орлогоо нэмэгдүүлэхэд нь боловсролын байгууллагад дэмжлэг үзүүлэх, тэдгээрийг хичээлийн болон дотуур байр, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ном, сурах бичгээр хангах ажлыг зохион байгуулах тус тус чиг үүрэгтэй байна.

            3.3. Маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдал, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох тухай захиргааны акт гаргахгүй байгаа хариуцагч нарын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй, 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах хууль зүйн үндэслэлгүй, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/211 дүгээр захирамжийн 157 дугаар сургуульд холбогдох хэсгийн улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

3.4. Тодруулбал, маргаан бүхий А/211 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж, хамрах сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгүүдэд улсын дугаар, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон, уг захирамжийн хавсралтаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн суудалтай сургуульд 157 дугаар олгосон, уг сургууль нь баригдаж дуусаагүй, ашиглалтад ороогүй байна.

3.5. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/482 дугаар захирамжаар боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулж, сургалтын чанар, хүртээмж, үр дүнг дээшлүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шинээр баригдсан ерөнхий боловсролын сургуульд  133 дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, сургуулийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авахыг, бусад холбогдох ажиллагааг явуулахыг Нийслэлийн Боловсролын газарт даалгасан боловч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/196 дугаар тушаалаар тухайн сургуулийн барилгыг “М Т” сургуульд эзэмшүүлж, барилгын 1, 2 дугаар давхарт 133 дугаар сургуулийг хичээлийн байртай болох хүртэл үйл ажиллагаа явуулахаар зохион байгуулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 444 дүгээр тогтоолоор сургуулийн барилгыг “М Т” сургуулийн үндсэн хөрөнгөд бүртгэхээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс үүнтэй холбогдуулж маргаагүй, үүнээс үзвэл Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургууль нь өөрийн эзэмшлийн сургуулийн зориулалттай байргүй байна. Мөн бага сургууль хэлбэрээр ажиллуулахаар заасан “О” хотхоны байршилд сургуулийн барилга баригдаж эхлээгүй байна.

3.6.  Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Ерөнхий боловсролын сургууль нь боловсролын стандартаар тогтоосон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага мөн”, 12.2-т “Эзэмшүүлэх боловсролын түвшинг харгалзан ерөнхий боловсролын сургуулийг бага, дунд, ахлах сургууль гэж ангилна. Бага, дунд, ахлах сургууль нь цогцолбор хэлбэрээр хоршин ажиллаж болно” гэж, Боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор байхаар хуульчилсан бөгөөд зөвхөн дээр зааснаар хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд цогцолбор сургууль байгуулах боломжтой.

3.7. Анхан шатны шүүх “...хариуцагч Нийслэлийн Засаг дарга, ерөнхий боловсролын сургуульд улсын дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгосон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, хариуцагч нар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргаагүй, нэхэмжлэгчид суралцагчийн эцэг, эх, сургуулийн зөвлөлийн өргөдөл, гомдлыг хангаж шийдвэрлээгүй нь тэдгээрийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, нэхэмжлэгчид тухайлан цогцолбор сургууль болгох асуудлаар санал өгөх эрх олгогдоогүй, маргаан бүхий А/211 дүгээр захирамжийг гаргахдаа сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдсан 920 хүүхдийн суудалтай сургуулийг 133 дугаар сургуулийн ахлах сургууль байдлаар цогцолбор хэлбэрээр байгуулж, үйл ажиллагаа явуулах нь суралцах хүүхдүүдийн хамран сургах тойрогт бусад хороодын хүүхдүүдийг хамруулахгүй зохион байгуулах нь харин ч тэдгээр бусад хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хязгаарласан, тэгш бус хандсан агуулга бий болгосон, бусад хороодын хүүхдүүдийн суралцах эрхийг хязгаарлах замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй” гэх зэргээр хангалттай зөв дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна. 

3.8. Захиргааны хэргийн шүүх хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах бөгөөд нэхэмжлэгчийн хувьд 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгуулахаар тус хорооны эцэг, эхчүүдийн саналыг авсан, энэ асуудлаар холбогдох захиргааны байгууллагад удаа дараа хандаж байсан боловч тэрээр нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, “зөвхөн өөрийн хүүхдүүдийн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд суралцах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй” гэх үндэслэлээр өөрийн субьектив эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргасан. Иймд шүүх гагцхүү түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан тус дүүргийн бусад хороодын хүүхдүүдийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй авах, суралцах нөхцөл бололцоогоор хангуулах, сурч боловсрох эрхийг зөрчиж, ийнхүү 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох хууль зүйн үндэслэлгүй, ийм нөхцөл бүрэн бүрдээгүй байна. Өөрөөр хэлбэл, цогцолбор сургууль болгуулахаар тодорхойлж байгаа бусад 2 сургууль нь ашиглалтад ороогүй, хэзээ ашиглалтад орох нь тодорхой бус, үйл ажиллагаа хэвийн явагдаж эхлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, цогцолбор сургууль болгуулахаар даалгасан ч бодит байдалд биелэгдэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Бийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

      ШҮҮГЧ                                                                        Д.ОЮУМАА

      ШҮҮГЧ                                                                        Н.ДОЛГОРСҮРЭН