Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 47

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч М.Мэндбаяр

            Шүүгдэгч Д.Ш нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Д.Ш холбогдох эрүүгийн 2040000000065 дугаартай хэргийг 2020 оны 08 сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух, урьд нь 1983 оны 08 сарын 19-ний өдрийн 119 дугаартай Ардын армын тусгай шүүхээр Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн А-д зааснаар 1 жил, 65 дугаар зүйлийн А-д зааснаар 6 сарын хорих ялаар, 2006 оны 03 сарын 29-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Орхон аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Д.Ш

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Ш нь 2020 оны 06 сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт хашааны гадаа буюу гудамжинд согтуугаар Б.Б маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Б.Б ийн 2020 оны 06-р сарын 20-ны өдөр өгсөн: “2020 оны 06 сарын 20-ны өдөр Бор-Өндөр сумын 4-р багт байдаг Б ахын гэрт очсон юм. Б ахын гэрт эхнэр нь байсан. Би Д.Ш Б бид 3 хамт нэг шил архи хувааж уусан. Б ахынд очихдоо Д.Ш хамт очсон юм. Б ах эхнэрийн хамт Улаанбаатар хот явах гэж байгаа гэж байсан. Би урьд орой нь архи уучихсан байсан юм. Архийг Б ах гаргасан. Тэгээд Б ах 12 цаг өнгөрөөгөөд эхнэрийн хамт Улаанбаатар хот руу явах машиндаа суугаад байж байтал Д.Ш бид хоёр жаахан маргалдсан юм шиг байсан, би яг юунаас болж маргалдсан гэдгээ мэдэхгүй байна. Тэгээд би Д.Ш хашаанаас гаргаад гудамжинд явж байгаад миний найз одоо харь гэж хэлээд эргээд явж байтал араас миний толгойн оройн хэсэгт тас буугаад явчихсан. Тэгээд миний толгойноос цус их гарсан. Д.Ш миний толгой руу араас чулуугаар шидчих шиг болсон. Д.Ш миний толгой руу чулуу шидэж онгочихоод цаашаа зугатаад яваад өгсөн. Тэгээд Б ахын хашаанд байдаг надтай хамт ажилладаг Б.Б гэдэг манай нутгийн залуу та үхлээ ш дээ цус алдаад гээд эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэгээд эмнэлгээс эмч ирээд намайг эмнэлэг рүү авч яваад эмнэлэг дээр очоод миний толгойн оройн хэсэгт 5 оёдол тавьсан. Ингээд л цагдаагийн хэлтэс дээр ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

-Гэрч Б.Б 2020 оны 06-р сарын 20-ны өдөр өгсөн: “Манайх Бор-Өндөр сумын 4 дүгээр багт монгол гэрт амьдардаг. Манай хашаа нь урдаа хаашаа хаалга байхгүй задгай байдаг уг хашаанд 3 гэр байдаг ба Б Г Б  буюу манай гэр гэсэн айлууд байдаг. 2020 оны 06 сарын 20-ны өдөр 12 цаг өнгөрч байх үед манай гэрийн хойд талд Б.Б  ах Ш  ах хоёр хоорондоо хэрэлдэж муудалцаад байсан. Тэгээд намайг гэртээ ороод гараад ирэхэд тэр хоёр хашааны зүүн булан тойроод яваад өгсөн байсан. Тэгээд удалгүй бараг тэр дороо Б.Б  ах зүүн талаасаа гудамжаар манай хашаанд эргэж орж ирсэн. Орж ирэхдээ толгойноос нь орой хэсгээс нь цус гарчихсан цустайгаа хутгалдсан юм орж ирсэн. Ш  гэх хүн яваад өгсөн байсан харин Б.Б  ах надад хэлэхдээ Ш  намайг чулуугаар шидчихээд яваад өглөө гэж хэлсэн. Б.Б  ахыг чулуугаар шидэж толгойг нь хагалахыг манай урд талын хашааны залуу харсан юм билээ. Тэгээд би Б.Б  ахын эхнэр П.П эгч рүү утсаар яриад Б.Б  ахын толгойг хүн хагалчихлаа гэж хэлсэн. П.П эгч төвд явж байна одоо очлоо гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг рүү түргэн дуудаад эмнэлгийнхэн Б.Б  ахыг эмнэлэг рүү аваад явчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

-Гэрч П.П 2020 оны 06-р сарын 20-ны өдөр өгсөн: “Манай нөхөр Б.Б  нь 2020 оны 06 сарын 20-ны өглөө гэрээсээ 09 цагийн үед гараад айл руу оччихоод ирье гээд гарсан юм. Тэгээд 13 цаг өнгөрч байхад Б гэдэг залуу над руу утсаар залгаад Б.Б  ахыг гудамжинд Ш  гэдэг хүн толгойг нь хагалчихаад яваад өглөө гэж хэлсэн. Тэгэхээр би Б  эмнэлэг түргэн дууд гэж хэлээд өөрөө очиход манай нөхрийг эмнэлгээс ирээд эмч эмнэлэг рүү аваад явчихсан байсан. Намайг эмнэлэг дээр ирэхэд нөхрийг маань эмч үзээд толгойных нь орой дээр 5 оёдол тавьсан байсан. Манай нөхөр архи уусан бололтой жаахан халамцуу байсан. Манай нөхөр надад хэлэхдээ Ш тэй хамт архи уусан чинь Ш  миний толгой руу гудамжинд чулуу шидээд толгойг маань хагалсан гэж хэлж байсан. Б гэдэг айлд архи уусан Б нь эхнэртэйгээ 13 цагийн үед машинд суугаад хот руу яваад өгсөн юм билээ. Тэгээд л Ш  энэ хоёр хоорондоо муудалцсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 17/

-Гэрч Ш.Ц 2020 оны 07-р сарын 23-ны өдөр өгсөн: “2020 оны 06 сарын 20-ны өдөр манай аав өглөө 11 цагийн үед гэрээсээ гараад явсан найзынх руугаа явсан. Б гэдэг айлынх руу явсан юм. Б гэдэг хүнийг гаргаж өгнө гээд явсан тэгээд 12 цаг өнгөрч байхад гэртээ согтуу хүнтэй муудалцсан гээд орж ирсэн. Гэртээ орж ирэхдээ хөл нүцгэн орж ирсэн, гэрээсээ гарахдаа хөх өнгийн гэрийн таавчигтай гэрээсээ гарсан боловч гэртээ буцаад орж ирэхдээ таабчиг байхгүй орж ирсэн. Үдээс хойш ээжид Б.Б  гэдэг хүний толгойг чулуугаар хагалсан гэж хэлсэн гэж байсан. Тэгээд би Б.Б  гэдэг хүнтэй хэрэлдэж маргалдсан юм байна гэдгийг нь мэдсэн юм. Өөрөө надад хэлэхдээ гудамжинд Б.Б муудалцсан гэж хэлж байсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 22/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 сарын 25-ны өдрийн №339 тоот: 

1.Б.Б ийн биед толгойн орой хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэх боломжтой.

            3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/,  

            - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл үзлэгийн явцад бэхжүүлэн авсан гэрэл зураг /хх-ийн 3-5/

            - Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн чулууг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 8/

                -Яллагдагч Д.Ш  2020 оны 07-р сарын 10-ны өдөр өгсөн: “2020 оны 06 сарын 20-ны өдөр 11 цаг болох гэж байхад манай найз Я.Б намайг утсаар дуудаад гэрт хүрээд ир нэг шил архи ууя би хот руу эхнэртэйгээ явах гэж байна гэж хэлсэн. Тэгээд би Я.Б гэрт нь очсон. Гэрт нь очиход Б гэртээ байсан эхнэр нь түр гараад явсан байсан. Я.Б “Хараа” нэртэй архи гаргаж ирсэн. Тэгээд байж байтал Б.Б  Я.Б гэрт ирсэн, бид гурав нэг шил архиа задлаад гэрт нь уугаад сууж байтал Я.Б эхнэр Б.Алтанцэцэг ирсэн удалгүй хот явах такси ирсэн гээд Я.Б эхнэр Б.Алтанцэцэгийн хамт машинд суугаад өдрийн 12 цагийн үед гэрээ цоожлоод Улаанбаатар хот руу яваад өгсөн. Явахдаа ууж байсан жаахан архиа Б.Б  бид хоёрт үлдээгээд явсан. Б.Б  бид хоёр үлдсэн архиа гэрийнх нь гадаа уучихаад Б.Б  бид хоёр хоорондоо жаахан маргалдсан яг юунаас болж маргалдсан гэдгээ мэдэхгүй байна тэгээд хоорондоо зууралдаад байж байгаад би Б.Б ээс зугатаагаад хашаанаас нь гараад гудамжаар зүүн тийшээ зугатаасан тэгээд Б.Б  араас хөөхөөр нь газраас чулуу аваад Б.Б ийг айлгах санаатай Б.Б  рүү чулуу шидсэн. Би газраас нэг чулуу аваад нэг удаа л шидсэн. Би тэр чулууг Б.Б ийг оносон эсэхийг хараагүй цаашаагаа яваад өгсөн. Тэгээд л би шууд гэр рүүгээ явж очоод унтаад өгсөн. Тэгээд гэртээ унтаж байтал цагдаагаас хүн ирээд намайг цагдаагийн хэлтэс рүү авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/ 

            -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/,

                        -Шүүгдэгч Д.Ш  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Б.Б муудсан. Би Б.Б ийн толгойг чулуугаар цохьсон. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б.Б ийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан нь үнэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

  Шүүгдэгч Д.Ш нь 2020 оны 06 сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт хашааны гадаа буюу гудамжинд согтуугаар Б.Б маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Б , гэрч Б.Б Д.П Ш.Ц нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Ш  мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 сарын 25-ны өдрийн №339 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.    

  Тухайлбал шүүгдэгч Д.Ш нь 2020 оны 06 сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Жаргалантын 506 тоот хашааны гадаа буюу гудамжинд согтуугаар Б.Б маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шууд нотлох баримт болох Б.Б , гэрч Б.Б Д.П Ш.Ц нарын мэдүүлэг, шинжээчийн 339 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.

            Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн Б.Б ийн бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 сарын 25-ны өдрийн №339 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б ийн биед нь хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

  Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  Сум  дундын  Прокурорын  газрын

хяналтын прокуророос шүүгдэгч Д.Ш баатарт холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Д.Ш  хууль бус, зүй бус үйлдэл, шүүгдэгч, хохирогч нарын архидан согтуурсан нөхцөл байдал, хувийн таарамжгүй харилцаа нь нөлөөлсөн байна.

   Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч Д.Ш баатарт холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д нийцнэ.

Шүүгдэгч Д.Ш нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт  хэргийн улмаас хохирогч Б.Б ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Хохирогч Б.Б  нь “Д.Ш баатарт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Д.Ш нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Д.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа, гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Д.Ш баатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Ш нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч Д.Ш нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь хохирогч Б.Б , гэрч Б.Б Д.П Ш.Ц нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, согтуурлыг драгерь багажаар шалгасан тэмдэглэл, шүүгдэгч Д.Ш  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Ш нь 1983 оны 08 сарын 19-ний өдрийн 119 дугаартай Ардын армын тусгай шүүхээр Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн А-д зааснаар 1 жил, 65 дугаар зүйлийн А-д зааснаар 6 сарын хорих ялаар, 2006 оны 03 сарын 29-ний өдөр 61 дугаартай шийтгэх тогтоолоор Орхон аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгүүлж байсан нь шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 51, 55-57/

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Ш баатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ш  эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,  36.1 дүгээр зүйл, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2

дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

          1.Шүүгдэгч Д.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Дашцэрэнгийн Д.Ш 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш баатарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч Д.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5

дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш баатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ