Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл

Шүүгдэгч Л.С нарыг оролцуулан

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.С холбогдох 2040000680069 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Галшар сумын Арвин баг Цагаан толгой гэх газарт нутаглах, урьд ял шийтгүүлж байгаагүй, Л.С

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Л.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд Хэнтий аймгийн Галшар сумын 1 дүгээр багт иргэн Б.А толгойн тус газар заазуураар цохиж, улмаар эрүүл мэндэд нь толгойн дагз хэсгийн хуйх, зүүн мөр, суга, зүүн гарын 5-р хуруунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                                             Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр Л.С нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагийн орчимд Хэнтий аймгийн Галшар сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Б.А биед заазуур хэрэглэн халдаж толгойн дагз хэсгийн хуйх, зүүн мөр, суга, зүүн гарын 5 дугаар хуруунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд

 Шүүгдэгч Л.С шүүхийн хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

          Шүүгдэгч Л.С мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн: ”Би 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хөдөө гэртээ байж байхад Иххэт сумын харьяат Б гэдэг залуу мал хайж явж байна гэсээр өглөөний 05 цагийн үед манай ирсэн. Ингээд манайхаас Б.А гэрлүү хамт явъя гээд дагуулаад явсан. Ингээд Б.А гэрт очиход гэрт нь хүн байхгүй байсан учир сумын төврүү бензин тос авахаар цааш явсан. Ингээд сумын төв дээр очиж бензин тосоо авчихаад дэлгүүрээс 2.5 литрийн савалгаатай 2 ширхэг пиво, 0.75 литрийн савалгаатай Соёрхол гэх нэртэй архи аваад сумын төв дээр байх Х  гэдэг найздаа очиж уусан. Ингээд уг архи пивыг Б Х  бид 3 хувааж уусан. Тэгсэн би тасарчихсан байсан. Нэг сэргэхэд би Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт сэргэсэн. Тухайн үед манай эхнэр намайг мотоциклтой явж байгаад унаж ухаангүй 4 хоног хэвтсэн гэж хэлж байсан. Мөн хүмүүс намайг үеэл ах Б.А муудалцаж толгой тус газар нь заазуураар зүссэн гэж хэлж ярьж байсан. Би энэ үйл явдлуудыг санахгүй байгаа. Эдгээр гэмтлүүд нь мотоциклоос унахад үүссэн гэмтэл гэж бодож байгаа, учир нь манай эхнэр надад хэлэхдээ мотоцикл унаад хөдлөхдөө нүүр амандаа ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй, харин мотоциклоос унасны дараа ийм гэмтэл болсон байсан гэж надад хэлсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, би урд өмнө нь архи ууж ухаанаа алдаж байсан удаа байхгүй, Би тэр өдөр тасарчихсан байсан учир Б.А юунаас болж маргалдан муудалцаж заазуурдсанаа мэдэхгүй байна. Би мотоциклийн осолд орсноос хойш миний байдал тааруу байгаа, би тархиндаа байнга тариа хийлгэж арай гэж босож явж байна. Би өөрийн гэм буруугаа ойлгож гэмшиж хохирогчоосоо уучлалт гуйж тодорхой хэмжээнд эмчилгээний зардал мөнгө өгсөн байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/

          Хохирогч Б.А 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн орчимд Дорноговь аймгийн Иххэт сумын малчин Б манай хамаатан Л.С нар нилээн согтуу машинтай ирээд манай гэрт том пиво хувааж уучхаад Галшар сумын 1 дүгээр баг Гангатын худаг гэх газар байрлах Л.С гэрт Б Л.С манай эхнэр Ц  бид нар очсон. Тэгээд Л.С гэрт Б Л.С манай эхнэр Ц , Байтхуль, Дэлгэрмаа, Овоохойт, Б бид 8 хамт суугаад 1.75 литрийн савалгаатай "Соёрхол" нэртэй архи задлаад тус бүр хоёр удаа татаад байж байгаад би найз Баяржаргалтай гарч уулзаад байж байтал Л.С гарч ирээд манай найз Б болон над руу агсраад дайраад байхаар нь боль гэтэл намайг цохисон тэгэхээр нь би Л.С хэд цохитол гэрлүүгээ гүйж ороод заазуур бариад гараад ирсэн. Тэгээд миний толгойн ар хэсэг, болон зүүн гарын чигчий хуруу хэсэгт заазуурдаж их цус гарсан ба дахиж дайрахаар нь заазуурыг нь сугандаа хавчуулж байгаад салгаж авсан. Дагзны хэсэгт заазуурдсан. Түүнд 8 оёдол тавьсан. Мөн зүүн гарын чигчий хуруу хэсэгт заазуурдаж түүнд 7 оёдол тавьсан гэж байсан. Надад одоо өвдөлт зовиур байхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Л.С эхнэр надад эм тарианы мөнгө өгч байгаа” гэх мэдүүлэг  /хх-ийн 10-11-р хуудас/

              Хохирогч Б.А 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Л.С манай гэрт Б гэдэг залуутай ирэхдээ нилээн согтуу 2.5 литрийн савалгаатай 1 ширхэг пиво, 0.75 литрийн савалгаатай 1 шил архитай ирсэн. Ер нь бол юу хэлж ярьж байгаагаа болон үйлдлээ мэдэхгүй тасарсан байдалтай ирсэн. Л.С нь манай үеэл дүү байгаа юм.  Тэр утгаараа бид хоёр ойр найзалж нөхөрлөдөг. Тэр үед Л.С Б хоёртой хамт авчирсан пивыг нь хувааж ууж байхад Л.С эхнэр Б нь ирээд биднийг гэр лүү нь хамт явах санал гаргахаар нь Л.С согтуу байсан болохоор гэрт нь хүргэж өгөхөөр хамт явсан. Ингээд Л.С гэрт очоод бид авчирсан 1 шил архиа хувааж ууж эхэлсэн. Ингээд намайг Баяржаргалтай гадаа юм яриад сууж байтал Л.С надад хандаж “Найзыгаа харчихаад намайг тоосонгүй” гэх мэт үг хаяж над руу агсарч байгаад миний шанаа тус газар нэг удаа цохисон. Тэгэхээр нь би согтуу хүнтэй юу ярихав гэж бодоод ахын үүднээс Л.С шанаа тус газар ганц хоёр удаа цохисон. Тэгсэн Л.С нь гэрлүүгээ гүйж ороод гартаа заазуур бариад гараад ирсэн. Тэгэхээр нь би Л.С өөдөөс очиж заазуурыг нь авах гэж ноцолдож байгаад толгой тус газраа 1 удаа цохиулсан. Би тухайн үед Л.С гарнаас заазуур салгах гэж байгаад зүүн гарынхаа чигчий хурууг зүссэн байсан. Ингээд арай гэж гараас нь заазуурыг нь аваад хаясан. Энэ үед манай эхнэр Л.С гэрээс гарч ирсэн. Ингээд би Л.С гараас нь заазуурыг нь салгасан болохоор Л.С унасан газар нь үлдээгээд толгойн дагз хэсгээс гарч байсан цусаа эхнэр Ц гийн хамтаар цэвэрлэж эхлэх үед Л.С нь мотоцикл унаад хөдлөөд явчихсан. Ингээд хэсэг хугацааны дараагаар би ухаан алдсан байсан. Би юу болсныг санахгүй байгаа юм. Нэг сэргэхэд эмнэлгийн машин дотор эхнэрийнхээ хамтаар суугаад явж байсан. Ингээд эмнэлэг дээр очоод чигчий хуруундаа 7 оёдол, толгой 8 оёдол тавиулсан. Намайг эмнэлэг дээр байж байхад Л.С мотоциклтойгоо явж байгаад унаж бэртсэн гэсэн яриа гарсан. Би Л.С зүүн талын шанаа тус газар нь цохисон. Намайг цохиход ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Бид хоёр өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. Тухайн өдөр Л.С ааш зан нь нэг л сонин болчихсон байгаад байсан юм. Тэгээд согтчихоод агсараад байсан. Л.С мотоциклоос унахдаа л гэмтэл авсан байх. Намайг заазуурдаад явах үедээ бол нүд нь зүгээр байсан. Би сумынхаа эмнэлэгт л оёдол боолт хийлгэсэн. Би эмчилгээнд буюу эм тариа, боолт гээд 100.000 төгрөг зарцуулсан. Гэхдээ надад энэ эмчилгээнд зарцуулсан мөнгөний баримт байхгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Л.С нь миний эмчилгээнд буюу эм тариа авсан боолт хийлгэсэн гээд байгаа 100.000 төгрөгийг өгсөн. Би өөр мөнгө төгрөг зарцуулаагүй болохоор одоо надад Сүхбаатараас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/

              Гэрч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Б.А тэй хамт амьдраад 3 жил болж байна. Бид хоёр гэрлэлтээ баталгаажуулаагүй байгаа. 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 12 цагийн үед Галшар сумын 1 дүгээр баг Баруун булаг гэх газар гэртээ нөхөр, хүүхдийн хамт байж байтал Л.С Б нарын хамт манайд 1 том пиво, 1,75 литрийн савалгаатай Соёрхол нэртэй архи оруулж ирээд пивыг нь ууж байтал Л.С эхнэр Байтхуль, Бат-Эрдэнийн хамт ирээд явья манайд очиж ууя гэхээр нь бид нар 14 цагийн орчимд Гангатын худаг гэх газар байрлах Л.С гэрт ирээд архиа ууж байгаад манай охин "тараг идье" гэхээр нь илүү гэрт нь очоод охиндоо тараг өгөөд байж байтал 16 цагийн орчимд гадаа ноцолдоод орилолдоод байхаар нь гараад очтол манай нөхрийн дагзны хэсэгт заазуураар цохиж, зүүн гарын алганы хэсгийг зүсээд их хэмжээний цус гоожиж байхад нь очсон тэгтэл Л.С заазуурдчихлаа гэж байсан. Тэгээд бид нар манай нөхрийн цусыг тогтоох гээд байж байтал Л.С нь намын ухуулагчийн араас давхиад явсан ба ирэхгүй болохоор нь Б араас нь очиход мотоциклоосоо унасан байна гээд цагаан өнгийн аксент маркийн машинтай явж авчирсан. Манай нөхрийн хамаатан Л.С нь заазуураар зүсэж гэмтээсэн. Л.С нь манай нөхрийн ээжийн төрсөн дүүгийн хүүхэд бөгөөд манай ойрын хамаатны хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/

              Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Л.С хамт амьдраад 7 жил болж байгаа бөгөөд дундаасаа 2 хүүхэдтэй. Бид хоёр гэрлэлтээ баталгаажуулаагүй байгаа. 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 05 цаг болж байх үед Галшар сумын 1 дүгээр баг Гангатын худаг гэх газар манайд Иххэт сумын гаралтай Шонх хочит Б нь орж ирээд манай нөхөртэй юм яриад сууж байхад би унтсан байсан тэгээд нэг сэрэхэд манай нөхөр хамт явсан байсан. Тэгээд би өглөө сэрээд утсаар Л.С луу залгахад "Би Галшар суман дээр ирсэн байна, бензин авж, адууны эрэлд явах гээд ирсэн, клонк онгойхоор бензин авна” гэж байсан. Тэгээд 13 цагийн үед манай нөхөр ярихгүй байхаар нь Б.А гэрт очиж нөхөртэйгөө утсаар ярих гээд Бат-Эрдэнийн хамт очтол манай нөхөр, Б Б.А  түүний эхнэр Туяа нар 1 пиво уугаад дуусч байсан Тэгээд би гэртээ харья гэтэл "Заза бид нар араас чинь очъё" гээд Б бид хоёрын араас 14 цаг болж байхад манай гэрт тэнд байсан хүмүүс бүгд ирээд манай гэрт 1,75 литрийн савалгаатай "Соёрхол" нэртэй архийг Б.А  болон түүний эхнэр Ц, Б тэгээд манай нөхөр бид нар ууж байгаад Б.А , Б нар гадаа гараад уулзаж байгаад "Бид хоёр сум орох ажилтай болчихлоо" гэхэд манай нөхөр Б муудалцахад Б.А  өмөөрч манай нөхрийн нүүрний хэсэгт 2 удаа цохихоор нь "Та нар яагаад ууж идэхээрээ хоорондоо маргалдаж, зодолдоод байдаг юм" гэж загнахад Б.А  гүйж ирээд миний толгойруу өшиглөөд унагаасан тэгээд тэрхэн зуур манараад босч ирэхэд манай нөхөр гэрээс хөх өнгийн бариултай заазуур гаргаж ирээд Б.А дагз, гарны хэсэгт зүссэн байсан. Тэгээд хүүхэд уйлаад байхаар нь гэртээ ороод гараад иртэл гэрийн зүүн хойд талд Б.А толгойн цусыг эхнэр Ц  нь юмаар боогоод зогсож байсан ба манай нөхөр Алтансүх нар эвлэрээд нөгөө архиа уугаад сууж байсан. Тэгээд манай нөхөр цус нь олгойдож гараад байхаар нь "Би ахыг заазуураар зүсчихлээ, шоронд орох нь байна гээд тугалын хашааны хажууд байсан бугуйлаар хүзүүгээ ороогоод амиа хорлоно" гээд байхаар нь би очиж салгасан. Тэгээд бид нар гэрлүү ороод Б.А цусыг тогтоох гээд бөөнөөрөө байж байтал манай гэрийн хажуугаар намын ухуулагч гэх мотоциклтой хүн өнгөрөхөд араас нь өөрийн хөх өнгийн Даюун маркийн мотоциклыг унаад араас нь явсан. Тэгээд ирэхгүй бараг 30-аад минут болохоор нь Б араас нь явуулсан ба Б удалгүй давхиж ирээд "Л.С нь мотоциклоосоо унаад ухаангүй байна" гэхээр нь цагаан өнгийн аксент маркийн машинтай очиход наашаа явж байгаа чиглэлтэй чулуу ихтэй газар дээшээ харж хэвтсэн амьсгаатай хэрнээ хариулт өгөхгүй ухаангүй, мотоцикл нь 2-3 метрийн зайтай байсан ба ам хамарнаас нил цус гарсан байдалтай байсан. Тэгээд бид нар дөнгөж гэртээ ирээд байж байтал эмнэлэг, цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

              Гэрч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Л.С авч явсан гэх залуу 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 05 цаг болж байх өглөө ирээд аваад явсан бөгөөд өдөр 14 цагийн үед Б, Б нар түрүүлж ирээд түүний араас Л.С Б Б.А , Ц  нар ирээд 1,75 литрийн савалгаатай архийг Л.С гэрт уугаад Сүхбаатар, Алтансүх нар муудалцаад маргалдаж байхад 16 цаг болж байсан бөгөөд би гэртээ ороод хүүхдээ хөхүүлж байхад гадаа Л.С Б.А  нарын эхнэрүүд аймаар орилоод байхаар нь гараад яасан бэ гэхэд Л.С Б.А ийг заазуурдчихлаа гэсэн тэгээд Б.А толгойноос маш ихээр цус гойжиж байсан тэгээд би очиж салгалцаж өгөөд цусыг нь тогтоож өгөхөд Л.С Б.А  нар нь хоорондоо юм яримаар байна та хэд байж бай гээд гэрийн зүүн хойд хэсэгт архиа уугаад сууж байсан. Монгол Ардын намын мотоциклтой хүн хажуугаар өнгөрхөд араас нь Л.С нь өөрийн эзэмшлийн цэнхэр Даюун маркийн мотоциклтой явсан тэгээд 30 гаран минут болоод ирэхгүй байхаар нь Б араас нь явуулахад удалгүй буцаж ирээд мотоциклоосоо унасан байна ухаангүй байх шиг байна гэхээр нь би Л.С цагаан өнгийн аксент машинтай түүний эхнэрийн хамт машинтай явсан тэгээд очтол дээшээ хараад хэвтсэн ам хамар нүүрээр нь битүү цус болсон байдалтай мотоциклоосоо 5 метр орчим зайтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/

              Гэрч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Сумын ЭМТ-ийн жолооч, П.Б сувилагч Д.Т хэсгийн төлөөлөгч Д.О нарын хамт тус газар очиж үзлэг хийхэд Б.А  нь сөхөрч суусан, огиулсан байдалтай, өөрийн ухаантай үг яриа олон, эсэргүүцсэн байдалтай байсан ба биеийн байдлыг үзэхэд биеийн ерөнхий байдал дунд амин үзүүлэлтүүд хэвийн тогтвортой, толгойн арын хэсэгт хөндлөн зүсэгдсэн нилээн том шархтай цус олгойдож гарсан байдалтай, зүүн гарын чигчий хурууны доод хэсэгт зүсэгдсэн гүн шархтай байсан. Тэгээд машинд суулгаад дараагийн өвчтөн болох мотоциклоос унасан гэх Л.С үзэхэд хамрын нүхнээс цус гарч бүлэгнэж тогтсон, бохирдсон, нүүрний зүүн тал уруул нилдээ хавдсан байдалтай байсан. Сэрээж суулгаж нүүрийг нь цэвэрлэсэн, амин үзүүлэлт тогтвортой байхаар нь нацилкан дээр хэвтүүлэн сумын ЭМТ-д тээвэрлэн ирсэн. Б.А толгойн арын хэсэгт Ю.Энхжаргал эмч 7 оёдол, зүүн гарын чигчий хурууны хэсэгт 6 оёдол тавьж ар гэрт нь хүлээлгэж өгсөн. Л.С биеийн ерөнхий байдал хүндэвтэр, амин үзүүлэлт хэвийн, согтолттой байсан учир ухаан санааг үнэлэх боломжгүй, үргэлжлүүлэн хурхирч унтсан. Өвчин намдаах, өвдөлт намдаах, хордлого тайлах эмчилгээ хийж эмнэлэгт хэвтүүлсэн. Эрүүл мэндийн төвд дуудлага ирэхдээ Л.С нь заазуураар зүсэж гэмтээсэн гэж байсан. Нүүр нь хавдсан, зүүн нүднээс цус шүүрсэн, асуумжаас зүүн нүд харахгүй байна гэж байсан. Цээжээр нимгэн зулгарсан шархтай, зүүн талаар зулгарсан шархтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/

     Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 335 дугаартай дүгнэлт

  1. Б.А биед толгойн дагз хэсгийн хуйх, зүүн мөр, суга, зүүн гарын       5-р хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх-н 34-35-р хуу/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар нь ямар шалтгаанаас болж маргалдсан, шүүгдэгч нь үйл баримтыг тогтоосон нотлох баримтыг үгүйсгэж маргаагүй, хохирогч нь заазуурдуулсны улмаас гэмтсэн, тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзэж шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Л.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Л.С нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр хохирогч Б.А биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.

Хохирогч Б.А  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчид гомдол, саналгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул энэхүү тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байдал, шүүгдэгч, хохирогчийн хэн алины эрх зүйн мэдлэг дутмаг, бие биенээ хүндлэх, хүлээцтэй хандах чадвар сул байдлаас үүдэлтэй байна. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн заазуурыг /цагаан судалтай цэнхэр өнгийн хуванцар бариултай/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Л.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан судалтай цэнхэр өнгийн хуванцар бариултай заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Л.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                                          Р.БАТБАЯР