| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2020/00048/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2020-09-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төрмөнх
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т холбогдох эрүүгийн 2040000690064 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 16-03 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г.Т Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Г.Т нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ...... улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар багийн Овоон гэх газар нутаглах, малчин Д.Б бэлчээрт байсан 1 тооны шүдлэн үхрийг хулгайлан бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр Г.Т нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар багийн нутаг Овоон булаг гэх газраас Д.Б 1 тооны шүдлэн үхрийг ...... улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд
Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн орчимд Хэнтий аймгийн Чингис хотоос Галшар сумын төв рүү аавындаа очихоор ганцаараа 2019 онд Галшар сумын харьяат Ч гэдэг залуугаас 2.000.000 төгрөгөөр үнэлж зээлээр авсан ...... улсын дугаартай хөх Вонго-3 маркийн автомашинтайгаа явж байтал Галшар сумын 3 дугаар баг Овоонбулаг гэх газар зам дээр 5-6 тооны үхэр хэвтэж байсан. Уг үхрүүдийг машин техникээс үргэж зугтахгүй тайван хэвтээд байхаар нь гэнэт уг үхэр дундаас нэг үхэр хулгайлмаар санагдаад улаан зүсмийн үхрийг нь машин дотор байсан цагаан уяагаар бугуйлдаж бариад машины тэвшин дээр ачсан. Уг үхэр нь жижгэвтэр биетэй шүдлэн насны үхэр байсан. Ингээд би машины тэвшин дээр ганцаараа уг үхрийг аччихаад Галшар сумын төв рүү аавын гэрт очихгүйгээр Ууганбаяр гэдэг айлд очоод Б ыг авсан. Учир нь би Б тай хамт Галшар сумын төв рүү очих байсан юм. Ингээд Галшар сумын төв рүү орохоо болиод буцаад Хэрлэн сум руу явсан. Тэгсэн замд явж байхад буюу Галшар сумын нутгаас гарч амжаагүй байхад машины дугуйны шипилк нь эвдрээд цааш явах боломжгүй болсон. Ингээд аймгийн төв дээр байдаг найз А рүү залгаж сэлбэг захисан боловч дэлгүүрүүд хаасан байсан учир маргааш эрт дэлгүүр онгойхоор болъё гээд хойшлуулсан. Ингээд Б бид 2 машиндаа унтаад өглөө гэгээ ороход нь А рүү дахин залгаж машины дугуйны сэлбэг захиж авчруулсан. А нь Б бид хоёр дээр 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өглөө 11 цагийн орчимд ирсэн. Ингээд би машиныхаа дугуйг янзлаад Хэрлэн сумын төв рүү явсан. Ингээд Хэрлэн гүүр рүү ойртож ирэхдээ эхнэр Даваажаргалтай утсаар холбогдож гүүрэн дээр цагдаа байгаа эсэхийг шалгуулахад манай эхнэр өөрийн улаан өнгийн приус маркийн машинтайгаа ирээд цагдаа байхгүй байна гэдгийг хэлсэн. Ингээд л би гүүрээр орж Б ын хашаанд очиж ачиж явсан үхрээ буулгаж уяж үлдээхэд Б айлаас хүүхдээ аваад ирье гэхээр нь би хамт явсан. Ингээд тэр өдрөө үхрээ ажиллаагүй. Харин 2020 оны 06 дугаар сарын 11-ний өглөө, Галшар сумаас бэлчээр дээрээс хулгайлж авчирсан улаан зүсмийн үхрийг А Болд-Эрдэнэ хоёртой хамт ажилласан. Ингээд махыг нь Балиа гэх махны ченжид 650.000 төгрөгөөр зарж борлуулсан. Харин үхрийн толгой, шир гэдсийг Б ын гэрт үлдээсэн. Тэгсэн Б гэдэс толгойг нь идээд ширийг нь хог дээр хаясан гэж байсан. Тэгсэн тэр өдөр цагдаагийн байгууллагаас намайг үхрийн талаар тодруулах зүйл байна гэхээр нь цагдаад баригдсанаа мэдээд өглөө нь очсон. Б надаас юун үхэр ачиж байгаа юм гэхээр нь би хүнээс авсан үхэр байгаа юм гэж хэлсэн. Би улаан зүсмийн шүдлэн насны багавтар биетэй үхэр хулгайлсан. Уг үхрийн мах нь 110 орчим кг болсон. Би им тамгыг нь сайн хэлж мэдэхгүй. Би Баярхүүгийн үхрийг гэж мэдээгүй. Манай эхнэр Д нь үеэл нь байгаа юм. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Д.Б хохирлыг бүрэн барагдуулсан. Өөрийн буруутай үйлдлээс болж анх удаа малын хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р хуудас/
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Т нь манайхыг Хэнтий аймгийн Чингис хот руу явсан хойгуур бэлчээрт байсан зөв чих цуулбар, буруу чих араасаа ганзага имтэй улаан зүсмийн шүдлэн насны үхрийг хулгайлж аваад явсан байсан. Манай үхэр тухайн үед Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Овоон булаг гэх газар бэлчиж байсан. Г.Т нь надад учирсан хохирол 600.000 төгрөгийг бэлнээр өгч барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Г.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ...... улсын дугаартай хөх өнгийн Бонго-3 маркийн автомашиныг 2018 онь зун Хэнтий аймгаас хүнээс худалдан авч байсан юм. Ингээд би уг машиныг унаж эдэлж байгаад 2019 оны 01 дүгээр сард уг машины цахилгаан апартур нь эвдэрчихээр нь Хэнтий аймгийн Хэрлэн сум хорихын байранд амьдардаг Болдоо гэх айлын хашаанд түр тавьж орхисон юм. Ингээд би уг машинаа янзалж байгаад зарна гэдгийг найз нөхөд танил нөхөддөө ярьж байсан юм. Тэгсэн манай Т ах 2020 оны 02 дугаар сард надруу залгаад “машинаа зарах гэж байгаа юм уу, би авъя, мөнгийг нь хавар ноолуурын мөнгөнөөс өгье” гэхээр нь зөвшөөрөөд Тамирбаатарт 2.000.000 төгрөгөөр үнэлж өгсөн. Гэхдээ одоо болтол уг зарсан машиныхаа мөнгө төгрөгийг аваагүй байгаа. Би уг машинаа Т ахьг мөнгөө өгсний дараагаар нэр дээр нь шилжүүлж өгөх байсан юм. Т ах мөнгөө өгөөгүй учир одоо болтол миний нэр дээр байгаа юм. Т ах надаас машин авснаас хойш ганц 2 удаа л таарч байсан. 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 12-ны хооронд таараагүй. Мөн утсаар холбогдоогүй.Т ах малын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ надаас авсан машинаараа үйлдсэн байна. Т ах надад 2.000.000 төгрөгөө өгчихвөл уг машин нь яах нь надад хамаагүй. Хэрэв 2.000.000 төгрөгийг маань өгч чадахгүй гэвэл би машинаа эргүүлж авмаар байна. Уг автомашиныг явдаггүй байхад нь би Тамирбаатарт 2.000.000 төгрөгөөр буюу хямдхан өгч байсан юм. Харин Т ах өөрөө янзалж явдаг болгосон байна. Өөр надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/
Гэрч Г.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 09-ний шөнийн 00 цагийн орчим намайг Бүд-Очирынд унтаж байхад гаднаас Т орж ирсэн. Орж ирээд хөгшин нь айлаас 1 тооны үхэр авах байсан тэрийг аваад явж байна хамт аймаг руу явъя гэж хэлсэн би ч тухайн үед аймаг руу гэр лүүгээ ирэх гэж байсан болохоор тэгье тэгье гээд Г.Т гэрээс гарсан чинь Т өөрийнхөө 3855 хэа улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байсан. Тэвшин дээр нь 1 тооны үхэр байсан. Тэгээд бид хоёр аймаг руу явахад Овоон булаг гэх газрын орчим байх шөнө байсан болохоор миний сайн мэдэхгүй газар байсан. Тэнд дугуйны боолт сулраад хаягдсан байсан, тэндээ засах боломжгүй байсан. Т аймаг руу Амараа гэх залуутай утсаар холбогдоод дугуйны боолт захисан. Амараа 2020 оны 06 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн орчим ганцаараа мотоциклтой ирээд 5 ширхэг дугуйны боолт авчирч өгсөн. ...Г.Т ачиж ирсэн үхэр нь улаан зүсмийн үхэр байсан...” гэх мэдүүлэг /хх-н 41-43 хуу/
Фэйр валуэшн ХХК-ийн Шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШД262 дугаартай “Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 1 тооны улаан зүсмийн шүдлэн эр үхрийн зах зээлийн үнэлгээг нийт 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна” гэх дүгнэлт /хх-н 52-54 хуу/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэж шийдвэрийн үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа таван хошуу малыг ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор нууцаар буюу өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэхгүйгээр далд аргаар авч буй идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна гэж дүгнэлээ.
Хохирогч Д.Б хулгайд алдагдсан 1 тооны шүдлэн эр үхрийг Фэйр Валуэшн ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШД262 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 600.000 төгрөгөөр үнэлэгдэж байх тул энэ гэмт хэргийн улмаас бусдад 600.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзлээ.
Хохирогчийн 1 тооны үхрийн үнийг шүүгдэгч нь төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг тааруу байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл эрмэлзэлтэй холбоотой байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэг буюу 2-оос 8 жил хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг үйлджээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Г.Тамирбаатарт оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хөнгөрүүлж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн Киа Бонго-3 маркийн ...... улсын дугаартай автомашиныг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан боловч дээрх тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Г.Ч ын өмч болох нь тогтоогдож байна. Г.Т нь тус тээврийн хэрэгслийн үнийг Г.Ч д төлснөөр нэрээ шилжүүлж, өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхээр талууд тохирсон болох нь шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан тул Г.Т тус тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзэхгүй юм.
Иймд Киа Бонго-3 маркийн ...... улсын дугаартай автомашиныг хууль ёсны өмчлөгч Г.Ч т олгож, тээврийн хэрэгслийн үнэ 7.417.500 төгрөгийг /шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон/ шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга, цагаан өнгийн олс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Г.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-т оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүүн талдаа бор хээтэй 27.1 см урт хутга, 10.4 метр урт цагаан өнгийн олс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 04 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох Бонго-3 маркийн ХЭА 38-55 дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Г.Ч д олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 7.417.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Г.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тамирбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Тамирбаатарт авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР