Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01175

 

Ч ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаар шийдвэр,

            Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар магадлалтай,

  Ч ын нэхэмжлэлтэй,

           Сэлэнгэ аймгийн Орхон сумын Эрүүл мэндийн төвд холбогдох

          Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 3,134,182 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхзаяа, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгч Ч ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 1999 онд Анагаах ухааны коллеж төгсөөд 18 жил тасралтгүй эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна. Ингэж ажилласныг маань үнэлж байгууллагын аварга, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, эрүүл мэндийн яамны жуух бичиг зэргээр шагнаж байсан. Маш их ачаалалтай ажиллаж ирсэн. Уламжлалтын бага эмч, диспансер давхар хийдэг байсан. Хүмүүс Солонгос яваад 3 сар ажиллаад мөнгө төгрөг олоод ирж болдог юм байна гээд яриад байхаар нь би ч бас визээ мэдүүлвэл гарчих юм болов уу? гээд цалинтай, цалингүй чөлөө авч материалаа бүрдүүлж өгсөн. Тэгээд виз гарсан. Би даргадаа өөрийнхөө амьдралын тухай яриад өндөр зээлтэй, 5 ам бүл тэжээж байгаагаа хэлээд бага ч гэсэн мөнгө олж амьдрал ахуйдаа нэмэрлэнэ гэж хэлээд чөлөө авсан. Тэгэхэд намайг орондоо ажиллах хүнээ ол гэхээр нь би 2,3 эмч рүү ярихад хүүхэд харах хүнгүй байна гэсэн. Тэр хооронд ажлаас халсан гэсэн л хариу өгсөн. Сануулах болон цалингийн арга хэмжээнд орж байгаагүй. Намайг өөрт мэдэгдэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхзаяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулъя. Урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 73 хоногийн цалин нийт 3,134,182 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэсэн шаардлагыг гаргаж байгаа гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхон сумын Эрүүл мэндийн төвийн дарга А.Мөнхзулын шүүхэд гаргасан тайлбарт: Ч  нь 6 сарын 01-ний өдөр виз мэдүүлэх гэсэн юм гээд чөлөө аваад Улаанбаатар хот яваад ирье гэсэн. Тэгээд дараагийн өдөр нь мөн ажилдаа ирээгүй. Тэрний дараагийн өдөр нь цалингүй чөлөө аваад явсан. Өөрөө би явж ч магадгүй, явахгүй ч байж магадгүй гэж ярьж байсан. Хэрвээ явах байсан бол надтай эртнээс ярилцах хэрэгтэй байсан. Тэгж ярилгүй байж 6 сарын 20-ны үед ирээд виз гарчихсан тийзээ захиалчихсан гэж орж ирсэн. Тэр үед ажил төрлөө зохицуулаагүй, эмч нар хүрэлцээгүй байсан. Хэрвээ эртнээс хэлсэн байсан бол амарч байгаа эмчээ амраахгүй байж байгаад эхлээд Ч  эмчийг амруулаад зохицуулах боломж байсан. Хэрвээ ингэж зохицуулсан бол ямар ч асуудал гарахгүй байсан. Ч  нь 6 сарын 21-ний өдөр амралтаа урагш нь татуулж амраад үргэлжлүүлээд 1 сарын цалингүй чөлөө авах тухайгаа өргөдөл бичиж өгсөн. 22, 23-ны өдөр манайх сургалттай байсан. Тэрэнд Ч  би явахгүй гэж байж арай гэж явсан. Тэгээд ирсэн өдрөө дуудлагатай байж байгаад дуудлагандаа ч явалгүй утсаа унтраагаад яваад өгсөн. Залгахад утсаа авахгүй, ажил ч хүлээлцээгүй алга болсон. Манай байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод зааснаар ажлаа таслах нь захиргааны санаачилгаар халах зөрчилд тооцогдох учраас ажлаас халсан гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүүгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.3.1, 131.3, хөдөлмөрийн дотоод журмын 6.1в, 6.7.3 дахь заалтуудыг үндэслэж ажлаас халсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд Солонгос Улс руу визэнд орно, амьдрал ахуйгаа дээшлүүлнэ гэж яригдаж байсан боловч яг захиргааны чөлөө аваад ажлаа хүлээлгэж өгөөд, ажил хүлээлцсэн акт тушаал гаргаж явсан зүйл байхгүй. Чөлөө авалгүй чөлөө өгөх боломжгүй гэж цохсон байхад ажлаа орхиж явсан нь дотоод журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Орхоны эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журамтай танилцахад 8 цагаас дээш ажил тасалсан тохиолдолд ажлаас хална гэж заасан байдаг. Энэ дотоод журамтай ажилчид танилцаж гарыг үсэг зурж зөвшөөрсөн байгаа. Ч ын хувьд 448 цагийн ажил тасалсан байгаа тул ажлаас халах тушаал үндэслэлтэй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулинд чөлөөний асуудлыг зохицуулж өгсөн ба дотоод журмаараа энэ асуудлыг зохицуулахаар заасан байдаг. Хувийн ажлаар олон сар явж байгаа тохиолдолд чөлөө авах үндэслэлүүдийг ч мөн зааж өгсөн байдаг. Тэр заалтанд гадны оронд ажиллаж амьдрахаар явах гэсэн заалт байхгүй. Эмч гэдэг бол тангараг өргөсөн, хүний эрүүл энхийг сахин хамгаалдаг өндөр хариуцлагатай ажил. Ч ыг чөлөө өгөөгүй байхад яваад өгсөн хойгуур эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үүднээс өөр хүнийг оронд нь авч ажиллуулж байсан. Иймд ажлаас халах тушаал үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ч ын нэхэмжлэлтэй хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхон сумын Эрүүл мэндийн төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн нөхөх олговор 3,134,182 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.                                 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 16 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ тал бүрээс нь шинжлэн судалж үнэлээгүй мөн хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргалаа гэж үзэж гомдол гаргаж байна.

Нэгдүгээрт давж заалдах шатны шүүх магадлалдаа “Ч  Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна” гэж үзсэн байна. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ миний ээлжийн амралтаа эдлээд үргэлжлүүлэн чөлөө олгож өгөхийг хүссэн өргөдлийг ажил олгогч шийдвэрлэж надад чөлөө олгосон эсхүл олгохоос татгалзсан эсэх тал дээр ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй нөхцөл байдалд дүгнэлт хийхгүй байна. Учир нь ажил олгогч ажилтны хүсэлтийг шийдвэрлэх талаар тушаал шийдвэрээ гаргах эрх мэдлийг өөрөө эдэлдэг, энэ эрхээ хэрэгжүүлж шийдвэрээ гаргаагүй нь миний буруу гэж би үзэхгүй байна. Мөн миний бие санаатайгаар ажлаа шууд таслаад явсан зөрчлийг гаргаагүй, би өргөдлөө өгсөн тул ажил олгогч ажилтныхаа ахуй амьдрал, нөхцөл байдлыг ойлгоод чөлөө олгоно гэдэгт итгээд ажил хийж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олох, их хэмжээний зээлээ төлөхөд нэмэр болох зорилгоор явсан. Гэтэл шүүх энэ үйлдлийг минь ажлаа шууд санаатайгаар орхиод таслаад явсан мэтээр үзэж ажил олгогчийн шийдвэрийг зөвтгөсөнд гомдолтой байна.

Хоёрдугаарт: Шүүх магадлалдаа “Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т ажил олгогч нь сахилгын зөрчил гаргасныг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан боловч ажилтны ажлаа тасалсан үйлдэл нь 2017 оны 06 сарын 25-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл хугацаагаар үргэлжилсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул ...” гэж хуулийн хариуцлага хүлээх хөөн хэлэлцэх хугацааг тайлбарласан байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуульд зөрчил гаргах тохиолдолд хүлээлгэх хариуцлагаа илрүүлснээс хойш нэг сарын дотор арга хэмжээ ав гэж хуульчилсан болохоос үргэлжилсэн байх нь уг хугацааг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ч  нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаатай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс  зөвшөөрч, Хөдөлмөрийн хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.  

Ажилтан Ч  нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Эрүүл мэндийн төвд багийн бага эмчээр ажиллаж байсан бөгөөд түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын дотоод журмын 6.1.в, 6.7-ын 3-т заасныг баримтлан ажилтан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчин удирдах албан тушаалтантай зөвшилцөлгүйгээр ажлын байрыг ажлын 56 хоног орхигдуулж, нийт 448 цагийн ажил тасалсан гэсэн үндэслэлээр тус төвийн даргын 2017 оны 10 сарын 12-ны өдрийн Б/44 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ч  нь хувийн журмаар Солонгос Улс руу зорчих болсон гэсэн шалтгаанаар “...ээлжийн амралтаа 2017 оны 06 сарын 25-ны өдрөөс 08 сарын 08-ны хооронд авч үргэлжлүүлэн 09 сарын 15-ны өдрийг хүртэл ажлаас чөлөө хүсэх тухай” өргөдлийг 2017 оны 06 сарын 20-ны өдөр гаргасан ба ажил олгогч уг өргөдлийг хүлээн авч “хүний нөөцийн хүрэлцээ муу байгаа учир оронд нь ажиллах эмчийг оруулсан тохиолдолд чөлөө, амралтыг тооцно” буюу чөлөө олгох боломжгүйг ажилтанд мэдэгдсэн, албан ёсоор чөлөө олгоогүй байхад ажилтан ажлын байраа орхин улмаар 3 сарын хугацаагаар Солонгос Улс руу явсан үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.3 С, Байгууллагын дотоод журмын 6.7-д урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлын 8 буюу түүнээс дээш цагаар ажил тасалсан... бол ноцтой зөрчилд тооцож гэрээг цуцлахаар заасан ба хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажилтан Ч тай байгуулсан хөдөлмөрийн  гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолд “...шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн ба ажилтны гаргасан зөрчил, түүний хугацааны талаар шүүх үндэслэл бүхий тайлбарласан байх тул гомдлыг хангах боломжгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.1-д нийцжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа хангуулахаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ЦАГААНЦООЖ

  ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН