Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 24

 

 

Э.Г-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Ө.Мөнхнавч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Эрдэнэбаатар, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Э.Г-д холбогдох, эрүүгийн 1719000800071 дугаартай, 1 хавтас, 150 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Дорноговь аймгийн Прокурорын газраас:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, дээд боловсролтой, төмөр замын ашиглалтын менежмент мэргэжилтэй, Толгойт өртөөнд гал тэрэгний найруулагч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 2-.... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Э.Г /РД:УГ84123052/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх  2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч  Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт иргэн Б.Б-г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Анхан шатны шүүх: Дорноговь аймгийн Прокурорын газраас Боржигин овогт Э.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр Э.Гг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж, 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 

 

Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, 

 

Э.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж,

 

Э.Г нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй ба эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор, бусад эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг эрхийг нь тайлбарласан хуудсыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд гаргаж болохыг дурдаж, 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 301 дугаартай дүгнэлтэнд “...Б.Б-ийн биед баруун тохойн залаа ясны хугарал гэмтэл тогтоогдлоо, учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр хохирогч Б.Бгийн урьд гэмтэл аваад эдгэрч байсан гар нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр дахин сэдэрч хугарсан байсан. Гэсэн хэдий ч шүүгдэгч Э.Ггийн мөргөсөн, цохьсон гэх үйлдлээс үүсгэгдсэн болох нь эргэлзээтэй байна. Учир нь шүүгдэгч Э.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “... Б.Б нь орцны үүдэнд суучихаад оруулахгүй байсан ба чи нэг мөргөчих, би гомдол нэхэхгүй, манай дүүг мөрлөсөн байна, одоо намайг мөрлөөд ор л доо гэж байснаа намайг мөргөчихлөө гэж орилоод байсан, би огтхон ч гар хүрээгүй, ямар ч цохиж зодсон асуудал байхгүй. Хэрвээ би мөргөсөн бол мөргөсөн хэсэгт овойх, цохьсон хэсэгт хавдах зэрэг ул мөр үлдэнэ..” гэж үгүйсгэсэн болно. 

Хэрэг болсон газарт байсан гэрч С.Золхүү, С.Одхүү нар нь Э.Г ах Б.Б-г мөргөсөн нүүрэн тус газар нь 2 удаа цохьсон гэж мэдүүлдэг, харин гэрч Б.Отгончимэг, Д.Ариунцэцэг, Д.Чулуун-Эрдэнэ нар Э.Г нь Б.Бг цохиогүй, мөргөөгүй гэж мэдүүлсэн байна. Шүүгдэгч Э.Г, хохирогч Б.Б нар хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байснаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй. Гэрч Д.Ариунцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт:... маргаан болсноос хойш Б.Б согтуу цэцэрлэгийн хашаанд болон өртөөний шалан дээр таягаа хажуудаа тавьчихсан ссууж байсан, харьж амраач гэхэд одоо явлаа гэж согтуу байдалтай хэлж байсан гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Чулуун-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт “...маргаан болохоос өмнө Б.Б нь намайг эхнэртэйгээ явж байхад араас нэрээр нь дуудаад согтуу бололтой байсан” гэсэн мэдүүлэг болон маргаан болсноос хойш 2 хоногийн дараа аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн нь гэрч Б.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 09 сарын 11-нд дахиад гэмтээчихлээ гэж ирсэн, ... баруун гарын тохойн залаа ясны гэмтэл сэдэрч салсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан Б.Бгийн амбулаториор эмчлүүлэгсдийн картнаас үзэхэд  2017 оны 09 дүгээр сарын 11, 10 дугаар сарын 15-ны өдөр үзүүлсэн байх ба эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэсэн, рентген зураг авахуулсан нь тодорхойгүй зэргээс дүгнэхэд хохирогч өөрөө согтуу явж байгаад дахиад гараа гэмтээсэн эсэх, эсхүл шүүгдэгч Э.Г гэмтээсэн эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр Э.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хуульд нийцээгүй, үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 1. Хэрэгт хохирогч Б.Бг хэрэг гарахаас өмнө биедээ ямар нэгэн гэмтэл, бэртэл аваагүй байсан талаар гэрч Ш.Отгондаваагийн “.. Манайд Б орж ирэхэд гар хуруу нь зүгээр байсан. Ямар нэгэн шарх сорви байгаагүй. Баруун болон зүүн гар нь зүгээр л хөдөлж байсан. Өвдөж барьсан зүйл байгаагүй зүгээр л байсан” гэсэн мэдүүлэг /хх 37-38/, гэрч Б.Буянжаргалын “Б ахын гар манайд байхдаа зүгээр байсан, эгчийнд орж унтана гээд манайхаас гарахад ямар нэгэн урагдаж шалбарсан зүйл огт байгаагүй, тухайн үед Б ахын баруун гарын тохой нь шалбараад цус гарчихсан байсан, гар нэг сонин болчихлоо гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх 43/, -үүд хэрэгт авагдсанаас тогтоогддог ба хэрэг гарсан цаг хугацаанд буюу 2017 оны 09 дүгээр сарын 09-ний шөнө Э.Г-гийн үйлдлийн улмаас Б.Бгийн биед уг гэмтэл учирсан талаар гэрч С.Одхүүгийн “...тухайн үед 00 цаг болж байсан болов уу гэж бодож байна, яг нарийн санахгүй байна, тэгээд тэд нар машинаас буугаад гэррүүгээ орох гээд орцны үүдэн дээр ирэх үед Б ах юу байна гэж Г ахтай мэндлээд босох гэтэл Г ах яасан гээд тулж очоод Б ахыг таягаа тулаад босож амжаагүй байхад 2 гараараа хацарны 2 талаас нь алгадах маягтай барьж аваад шууд мөргөсөн. Гэтэл Б ах хойшоогоо саваад тохойгоороо орцны үүдний цементен довжоон дээр унасан. Тэгтэл дээрээс Г ах нүүр хавьд нь хоёр удаа цохиод авсан юм” гэсэн мэдүүлэг /хх 35-36/, гэрч С.Золхүүгийн “...Г машинаас бууж ирээд надруу томроод л ална шүү чамайг барагтайхан байгаарай гээд агсраад байсан гэтэл Б ах босоод Г ахтай мэндлэх гээд бостол Г Б ахыг мөргөсөн, Б ахыг арагшаа унахад нь Г ах Б ахын дээрээс нүүрэн тус газар нь 2 удаа цохьсон, тэгэхээр нь манай ах Одхүү бид нар салгасан...Б ах чи намайг яагаад мөргөж, цохиж байгаа юм гэтэл Г би чамайг зүгээр л алгадсан шдээ гээд байсан ...Б ахын дүү Буянжаргал ирээд Гг чи яагаад манай хөл муутай ахыг цохиж мөргөж байгаа юм гэтэл Г би мөргөж цохиогүй, би танай ахыг чинь зүгээр түлхээд алгадсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, /хх 22-23/, гэрч Д.Ариунцэцэгийн “....тэгээд л Г ирээд довжоон дээр сууж байсан Бг мөргөх шиг харагдсан, тэр үед Б хойшоо нуруугаараа цементен довжоон дээр ойчсон. Тэр үед Б сууж байх шиг байсан. Би тухайн үед та яаж байгаа юм бэ, хүн мөргөчихлөө шдээ гэхэд Г би мөргөөгүй, зүгээр хацарнаас нь барьж байгаад түлхсэн гээд байсан” гэсэн мэдүүлэг, /хх 29-30/,  насанд хүрээгүй гэрч О.Гэрэлт-Очийн “...2017 оны 09 дүгээр сарын 09-ний шөнө багцаагаар 23 цаг өнгөрч байхад найз Золхүүгийн гэрт унтахаар хамт манай гэрээс гарсан юм. Золхүүгийн гэр нь манай хажуу 2 дугаар байрны 1 дүгээр орцонд байдаг юм. Тэгээд бид хоёр гараад гэрийнх нь орцны үүдэнд очоод дээшээ гарах гэтэл согтуу хүмүүс дуугарахаар нь би орцноос буцаад гарсан. Гэтэл Золхүү гүйгээд гараад ирсэн. Гэтэл араас нь Г ах согтуу бололтой Золхүүгийн араас нь хөөсөн тэгээд л буцаж ирээд машиндаа суугаад Пүрэвдаш ах болон Г ахын эхнэр тэр 3 машинд суугаад хөдлөөд явсан. Түүний дараа нь Золхүүтэй уулзаад миний утсаар Золхүү ах Одхүүтэй яриад Г ахын талаар ярьсан байх. Золхүү бид хоёр өртөө рүү явж байхад өөдөөс Одхүү ах ирсэн. Тэгээд л болсон зүйлийг хэлсэн. Бид 3 тэгээд хамтдаа Золхүүгийн орцны үүдэнд довжоон дээр нь суугаад юм ярьж байхад 3-р орцноос Б ах таяг тулаад гарч ирээд бид нарын хажууд ирээд суусан. Тэр үед архи уусан бололтой архи үнэртэж байх шиг байсан. Гэхдээ согтуу бол байгаагүй. Тэр үед 1-р орцноос Ариунцэцэг эгч гарч ирээд бид нарын хажууд зогсоход Г ах болон эхнэр нь мөн Пүрэвдаш ах нар машинтай ирээд байрны хажууд зогсоод бууж ирж байсан юм. Тухайн үед Б ах дүү Буянжаргалынхаас гараад эгчийндээ орж унтдаг юм билүү гээд ярьж байсан юм. Тэр үед Г ахыг ирэхэд Б ах мэнд мэдээд сууж байсан орцны цементэн довжоон дээрээс босох гээд өндийтөл Г ах шууд Б ахын нүүрэнд мөргөчихсөн юм. Тэгэнгүүт би айгаад шууд босоод холдсон. Гэтэл Б ар талаараа цементэн довжоон дээр ойчсон ба дээрээс нь Г ах 2 удаа нүүр хавьд нь цохиод авах шиг болсон. Тэр үед хажууд нь байсан Одхүү болон Г ахтай хамт явж байсан Пүрэвдаш ах нар салгасан юм. Тэр үед Ариунцэцэг эгч хажууд нь байсан ба Г ахыг та яаж байгаа юм бэ, зүгээр байсан хүнийг мөргөдөг нь гэхэд Г ах би мөргөөгүй, чи юу яриад байгаа юм гээд маргаад байх шиг байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 39-40/ зэрэг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ггийн үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Э.Г-гийн хувьд хэрэг гарахаас өмнө хохирогч Б.Б нь уг гэмтлийг авсан талаар маргадаг ба түүний мэдүүлэгт “...тухайн орой надруу салаавч өгөөд гараа гозолзуулаад баруун тохой хэсэг нь шалбарчихсан бололтой харагдсан юм. Тэгэхээр нь надтай уулзахаас өмнө унаж бариад гэмтээчихээд сүүлд нь надтай таараад тэрийгээ далимдуулан 2 хоногийн дараа эмчид үзүүлсэн байсан” гэдэг ба хэрэг гарахаас өмнө хохирогч Б.Б уг тохойн залаа ясны хугарал гэмтлийг авсан бол түүний гар хэвийн хөдөлгөөн хийх боломжтой эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй байна. Хохирогч Б.Б нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж хэлсэн ба үүний дагуу хэрэг болсон газарт байсан гэрч С.Золхүү, С.Одхүү, Д.Ариунцэцэг, насанд хүрээгүй гэрч О.Гэрэлт-Оч нар нь “Э.Г нь Б.Бг мөргөсөн нүүрэн тус газар нь 2 удаа цохьсон” гэж мэдүүлдэг бөгөөд эдгээр гэрчүүд нь тухайн хэрэг гарахад Б.Б, Э.Г нартай ойрхон зогсож байсан үйл явдлын талаар шууд харсан зүйлээ гэрчилж байгаа  бөгөөд шүүх гэрчүүдийн дээрх мэдүүлгийг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Харин гэрч Б.Отгончимэг, Д.Чулуун-Эрдэнэ нар нь Э.Г нь Б.Бг цохиогүй, мөргөөгүй гэж мэдүүлдэг боловч эдгээр гэрчүүд нь тухайн цаг хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд дээрх гэрчүүдийн мэдүүлгийг шүүхээс болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн гэ ж дүгнэлт хийсэн нь шүүх хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулах нөхцлийг бүрдүүлж өгсөн гэж үзэж байна. Хохирогч Б.Бгийн амбулаториор эмчлүүлэгсдийн картнаас үзэхэд 2017.09.11-ни өдөр, 2017.10.15-ны өдөр үзүүлсэн байх ба эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэсэн, рентген зураг авахуулсан нь тодорхой зэргээс дүгнэхэд хохирогч өөрөө согтуу явж байгаад дахиад гараа гэмтээсэн эсэх, эсхүл шүүгдэгч Э.Г гэмтээсэн эсэх нь эргэлзээтэй гэж шүүх дүгнэж байгаа боловч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт рентген зураг авахуулсан гэж мэдүүлдэг бөгөөд, уг зургийг үндэслэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Б.Отгонбаярын үзлэгийн тэмдэглэлийг “...рентген зурагт Залаа яс давтан хугаралтай...” гэж тэмдэглэсэн /хх-46/, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2017.09.11-ний өдрийн 301р дугаартай дүгнэлтэд “...2017.09.11-ний мэс заслын эмчийн үзлэгт ..рентген зурагт залаа ясны хугаралтай...” гэж бичээд эмнэлгийн бичиг баримт болон үзлэгээр илэрсэн нөхцөл байдалд үндэслэн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтийг гаргасан байдаг. Б.Бгийн биед гэмтэл учирсан болох нь дээрх баримтуудаар тогтоогддог ба хэдий хугацаанд эмчилгээ хийлгэсэн талаар холбогдох баримтаа хохирогч өөрөө бүрдүүлэн нэхэмжлэх эсэх нь хохирогчийн эрхийн асуудал юм. Мөн хохирогч Б.Б, гэрч С.Золхүү, С.Одхүү, Д.Ариунцэцэг, насанд хүрээгүй гэрч О.Гэрэлт-Оч нарын мэдүүлэг ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгааг цагаатгах тогтоолд тодорхой зааж өгөөгүй байна. Эдгээр гэрчийн мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу авагдсан, хууль ёсны байх шаардлагыг хангасан нотлох баримтууд юм. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт “таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол түүнийг хүчингүй болгосон тухай заана” гэсэн байхад шүүх цагаатгах тогтоолын дүгнэлт хэсэгт: “хэргийг прокурорт очтол Э.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй” тогтоох хэсэгт “...Э.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж тус тус заасан нь шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Гд холбогдох хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт хянаж шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болохуйц нотлох баримтыг бодитой дүгнэж чадаагүй, шүүхийн цагаатгах тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Иймд шүүгдэгч Э.Гд холбогдох 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ. Мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг түүнийг дангаараа яллах үндэслэл болохгүй. 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжаа зааж өгөөгүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. 9 дэх хэсэгт шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан. Хохирогч Бгийн миний биед учирсан гэмтлийг Г учруулсан, гэрч Золхүү, Одхүү, Гэрэлт-Оч нарын мэдүүлэгт шүүгдэгч хохирогчийг мөргөсөн. Нүүрэнд нь хоёр удаа цохисон гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Шүүх хуралдаанд гэрч Чулуун-Эрдэнэ, Ариунцэцэг нарын мэдүүлгээр хохирогч Б, Золхүү, Одхүү, Гэрэлт-Оч нарын мэдүүлгүүд түүнчлэн гэрч Одхүүгийн маргааш нь уулзахад хохирогч Бгийн нүүрэнд хөхөрсөн, хавдсан зүйл ажиглагдаагүй гэсэн мэдүүлэг,  шинжээчийн 2017.09.11-ний өдрийн 301 дүгээр дүгнэлтээр хохирогч Бгийн нүүрэнд гэмтэл тогтоогдоогүй. Эдгээр нотлох баримтуудаар хохирогчийг шүүгдэгч мөргөсөн, нүүрэнд нь 2 удаа цохисон үйлдэл буюу улсын яллагчаас эсэргүүцэлдээ цагаатгах тогтоол хуульд нийцээгүй, нотолгооны үндэслэл болгож байгаа нотлох баримтууд няцаагдаж, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй болно. Мөн гэрч Ариунцэцэгийн хэрэг болсоны дараа хүүхдийн цэцэрлэгийн хашаанд хохирогч таягаа тулчихсан явж байсан. Мөн удалгүй өртөөн дээр очиход хохирогч Б өртөөн дотор шатны хажууд хөлөө жийчихсэн сууж байсан, яаж байгаа юм бэ, харьж амар гэхэд согтуу байсан гэсэн мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан байхад хохирогч өөрийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан эсэхийг шалгаагүй эргэлзээтэй нөхцөл байдал байна. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн хуулийн шаардлага хангагдаагүй. Хохирогч Бгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэх шүүгдэгчийн үйлдэл нотлогдоогүй байх тул мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамааралтай бүхий нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж шүүгдэгчийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй. Цагаатгах тогтоолд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгоогүй нь шүүгдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, хөндөгдөөгүй, хохирол учраагүй, тогтоолын таслан сэргийлэх арга хэмжээтэй заалтад өөрчлөлт оруулах боломжтой гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.                      

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн тухай хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл шүүгдэгч Э.Г-д холбогдох Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаар цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй болсон байх ба шүүхийн тогтоолын үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзлээ.

Хэргийг хянавал шүүгдэгч Э.Г  согтуу үедээ байрныхаа гадаа байсан иргэн Б-г мөргөж унаган улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисны улмаас хохирогч Б  урьд хугарсан гараараа дарж унаснаас болж бороолсон гарын гэмтэл дахин сэдэрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэж прокурор шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй болжээ.

Гэмт хэрэг гарах үед хохирогч Б-ийн хажууд гэрч С.Золхүү, С.Одхүү, Гэрэлт-Оч нар байсан ба тэдний мэдүүлгүүдээр шүүгдэгч Э.Г нь хохирогчийг мэндлэх гээд босох үед нь мөргөж, цохиж унагаасан талаар тус тус мэдүүлсэн байхад цагаатгах тогтоолд тэдний мэдүүлгүүдийг үнэлэлгүйгээр шүүгдэгч Э.Г-тэй хамт явсан гэрч Б.Отгончимэг, Д.Ариунцэцэг, Ц.Чулуун-Эрдэнэ нарын “Г нь Б-г цохиогүй, мөргөөгүй” гэсэн мэдүүлгүүдэд үндэслэжээ.

Анхан шатны шүүх гэрч С.Золхүү, С.Одхүү, Гэрэлт-Оч нарын мэдүүлгүүдийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа талаар дүгнээгүй,  гэрч Д.Ариунцэцэгийн “ ... довжоон дээр сууж байсан Бг мөргөх шиг харагдсан, тэр үед Б хойшоо нуруугаараа цементен довжоон дээр ойчсон,  ... би тухайн үед та яаж байгаа юм бэ хүн мөргөчихлөө ш дээ гэхэд Г би мөргөөгүй, зүгээр хацарнаас нь барьж байгаад  түлхсэн ш дээ гээд байсан” /хх-ийн 29-30/ гэж мэдүүлсэн хэсгийг мөн үнэлээгүй, харин түүний “маргаан болсноос хойш Б согтуу цэцэрлэгийн хашаанд болон өртөөний шатны шалан дээр таягаа хажуудаа тавьчихсан сууж байсан, харьж амраач гэхэд одоо явлаа гээд согтуу байдалтай хэлж байсан“ гэсэн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой гэж үнэлсэн нь нь нотлох баримтыг бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзэх, бусад нотлох баримттай харьцуулах, эх сурвалжийг нь магадлах зэргээр мэдүүлгүүдийг үнэлээгүй нь “ нотлох баримтыг шалгаж, үнэлэх “ тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15-д заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогчтой хамт явсан гэрчүүд нь шүүгдэгчийн эсрэг, шүүгдэгчтэй хамт явсан гэрчүүд хохирогчийн эсрэг талд мэдүүлгүүд тус тус өгч шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий гэрчүүдийн мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байхад шүүгдэгчтэй хамт явсан гэрчүүдийн мэдүүлгүүдийг авч үнэлэхдээ хохирогчтой хамт байсан гэрчүүдийн мэдүүлгүүдийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-ийн 3-д заасан “ Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

Энэ үндэслэл нь анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-д заасан шаардлагад нийцэж байх  тул Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаас 2017/ШЗ/348 /хх 94-95/,  2017/ШЗ/349 /хх-105/ дугаартай шүүгчийн 2 захирамж гарсан байх ба яллагдагч Э.Г, прокурор Ө.Мөнхнавч нараас шүүх хуралдаанд гэрч, шинжээч нарыг оролцуулах, яллагдагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатараас дахин шинжээч томилуулах тухай хүсэлтүүдийг шийдвэрлэж шүүгчийн захирамж гарсан байна.

Гэтэл энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй нь ойлгомжгүй ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2-т заасан “Шүүх хуралдааны тэмдэглэлд ... шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэл бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана”, 4 дэх хэсэгт заасан “... шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл хөтлөхөд энэ зүйл нэгэн адил хамаарна”, 33.1 дүгээр зүйлийн 6-д заасан “ ... талуудын гаргасан хүсэлт, гомдлоор ... асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргана” гэснийг тус тус зөрчсөн байгааг анхаарвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                               ШҮҮГЧИД                                  Н.БОЛОРМАА 

 

                                                                                  А.САЙНТӨГС