Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б” ХХК

Хариуцагч: А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба 

Гуравдагч этгээд: А аймгийн Ө сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/80 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, гуравдагч этгээд А аймгийн Ө сумын Засаг дарга С.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” ХХК нь А аймгийн Ө сумаас зарласан тендерт оролцон Ө сумын Засаг даргын тамгын газартай ТТ-2015/01 дугаартай Өгийнуурийг хашиж хамгаалах, аялагч, амрагчдын түр байрших цэгийн тохижилт хийх ажлын гэрээг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ба гэрээний нийт дүн 49.456.789 төгрөг бөгөөд гэрээний санхүүжилтийг компанийн хөрөнгөөр ажил эхлүүлснээс хойш урьдчилгаа төлбөрт 30 хувь буюу 14.837.036 төгрөгийг ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн явцын санхүүжилт нь 40 хувь буюу 19.782.716 төгрөгийг ажил хүлээлцсэний дараа 30 хувь буюу 14.837.036 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэрээгээр тохиролцсоны дагуу 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс компани өөрийн хөрөнгөөр бараа материалыг ажлын талбайд татаж тохижилтын ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний санхүүжилт болох 14.837.036 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр компанийн дансанд шилжүүлсэн. Эхний санхүүжилтийн хөрөнгөөр дараах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Аялагч, амрагчдын түр байрших цэгийн 4 ширхэг бие засах газрын суурийн ажил,  аялагч, амрагчдын отгийн талбайн чулуун хашлагын бэлтгэн татах ажил, нуурын хамгаалалтын шонгийн материал татах ажил, аялагч, амрагчдын түр байрших цэгийн 4 ширхэг хогийн цэгийн материал худалдан авалт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 

Гэрээт ажлын гүйцэтгэлийг Ө сумын Засаг даргын тамгын газраас томилогдсон ажлын хэсэг шалган хүлээн авч дараагийн шатны санхүүжилтийг хийхийг зөвшөөрснөөр 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 15.054.914 төгрөг буюу 30.4 хувийн санхүүжилтийг олгосон. Явцын санхүүжилтээр дараах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Аялагч, амрагчдын түр байрших цэгийн 4 ширхэг бие засах газрыг барьж дуусгасан, аялагч, амрагчдын түр байрших цэгийн 4 ширхэг хогийн цэгийн байгууламжийг барьж дуусгасан, аялагч, амрагчдын 3 отгийн саравчийг шинээр хийж 1 саравчийг засварласан, аялагч, амрагчдын отгийн авто машины зогсоолыг чулуун хашлага хийж, шохойдож бэлэн болгосон, нуурын хамгаалалтын шонг 800м газар суурилуулсан ажлууд хийгдсэн.

 Ө сумын Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг ирж хамгаалалтын шонг гэрээт ажлын төсөвт тусгагдсанаас бүдүүн өртөг өндөртэй шонгоор хийлгүүлнэ гэж шонгийн бэлдэцийн буцаах шаардлага тавьсан. Компанийн зүгээс төсөл сонгон шалгаруулалтад оролцохдоо нарийн шонгоор тооцоолсон бөгөөд бүдүүн шонгийн өртөг хэд дахин өндөр үнэтэй гэдгийг тайлбарлаж ажлын талбарт татсан байсан бэлдэцээ буцаан татаж тээврийн зардал мөн ойр хавийн айлуудад хулгайд алдагдаж нэлээд хэмжээний хохирол амссан. Ө сумын Засаг даргын Тамгын газрын хүсэлтийг хүлээн авахад компанийн зүгээс татгалзах зүйлгүй байсан бөгөөд гэрээт ажлын төсөвт өртгийг нэмэх шаардлагатай байгааг захиалагчид удаа дараа мэдэгдэж гэрээний хугацааг 1 удаа сунган нуурын хамгаалалтын шонгийн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх хүсэлтэй байсан боловч захиалагчийн зүгээс энэхүү асуудлыг одоо хүртэл шийдвэрлэж өгөөгүй ба хийлгэсэн ажлуудыг хэсэгчлэн хүлээлгэн өгөх хүсэлт тавьсан боловч одоог хүртэл хүлээж авах талаар ямар нэгэн шийдэлд хүрч шийдвэрлэж өгөөгүй байна. Захиалагчийн буруутай энэхүү үйлдлээс өмнө хийгдсэн ажлуудын чанар өнгө үзэмж зарим нэг эд зүйлс харуул хамгаалалтгүйн улмаас алдагдсан.

Захиалагч гэрээний дагуу явцын 40 хувийн санхүүжилтийг хугацаандаа бүрэн шилжүүлээгүйн улмаас 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 15.054.914 төгрөг буюу 30.4 хувь, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төрөг буюу 0.01 хувь, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 2.227.801 төгрөг буюу 4.5 хувь, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.305.759 төгрөг буюу 2.6 хувь, нийт 37.51 хувийн санхүүжилт хийгдсэн нь баримтаар нотлогдож байна. Гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг Ө сумын Засаг даргын тамгын газраас томилогдсон ажлын хэсэг хүлээн зөвшөөрсөн байхад ажил огт хийгдээгүй мэтээр аудитын дүгнэлт гаргасан учир 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 17/02/80 дугаартай актыг хүлээн зөвшөөрөхгүй. 

Учир нь, А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба улсын ахлах байцаагч нь акт тавихдаа хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа манай “Б” ХХК-д мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, захиргааны актыг албан ёсоор мэдэгдээгүй уг захиргааны актыг А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа иргэний хэрэг үүссэний дараа хавтаст хэрэгтэй танилцахдаа мэдсэн төдийгүй А аймгийн Ө сумын Засаг дарга 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлэхдээ өөр улсын байцаагчийн актыг хүргүүлсэн байсан.

А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 17/02/80 дугаартай захиргааны акт нь бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус акт төдийгүй манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг илт хууль бусаар хөндсөн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах, хуульд заасан үндэслэл байгаагүй байхад гарсан захиргааны акт байх тул А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба улсын ахлах байцаагч 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 17/02/80 дугаартай захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өгийнуурийг хашиж хамгаалах, аялагч, амрагчдын түр байрших цэгийн тохижилт хийх ТТ-2015/01 дугаартай гэрээ байгуулсан, гэрээний хугацаанд захиалагч талаас 33.925.510 төгрөгийн санхүүжилт авсан. Энэ санхүүжилтээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн байгаа. 

А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 17/02/80 дугаар актыг тавихдаа “Б” ХХК-ийг ямар ажил хийж гүйцэтгэсэн болохыг шалгаж тогтоогоогүйгээр 33.925.510 төгрөгийн торгууль болон алданги 16.962.750 төгрөг, нийт 50.888.265 төгрөгийн акт тавьсан нь буруу гэж үзэж байна. Гэрээ ёсоор бол 40 хувийн санхүүжилт хийгдэх ёстой байтал захиалагч байгууллага 37.51 хувийн санхүүжилт хйисэн байгаа, тэрэнд нь тохирсон ажлыг хийсэн байдаг. Эдгээр үйл явдал бол хангалттай нотлогдож тогтоогдож байгаа. Энэ нь А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0253 дугаартай захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтэд тодорхой байгаа. Шинжээчийн дүгнэлтээр “Б” ХХК нь тендер болон гэрээний дагуу хийсэн ажлыг гүйцэтгэл 38.554.025 төгрөгийн зардал гарсан байна гээд дүгнэлт гарсан. Үүнээс үзвэл тодорхой хэмжээний санхүүжилт орсон юм байна, ажил үйлчилгээг гэрээнийхээ дагуу хийсэн юм байна гэдэг нь харагдаж байгаа. Дээрх шинжээчийн дүгнэлттэй уялдуулаад маргаан бүхий захиргааны актын илт хууль бус болох шинж гарч байна.

 Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан утга агуулгын илэрхий алдаатай шинж гарч байна.  Өөрөөр хэлбэл илэрхий алдаа гэдэг нь тодорхой хэмжээний төсөв, өртөг зардал гарсан, захиалагчаас өгсөн мөнгөнд нь ажил гүйцэтгэсэн байхад 50.888.265 төгрөгийн торгууль, алданги тавьж байгаа нь утга агуулгын илэрхий алдаа гарсан акт юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан акт байна. Өөрөөр хэлбэл гүйцэтгэсэн ажлыг нь очиж үзээгүй байж тендерийн материал шалгаад, чиг үүргээсээ үл хамаарах асуудлаар хөндлөнгөөс акт гаргасан байна. Дараагийнх нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан хуулийн этгээд  “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй нөхцөлд захиргааны акт гаргасан. Энэ нь “Б” ХХК хийх ёстой ажлаа гэрээний өгсөн өртөг, үүргийн дагуу хугацаанд нь хийсэн байхад “Б” ХХК-ийн  эрх, хууль ашиг сонирхолд халдсан байна. Дараачийн асуудал нь энэ захиргааны актыг гарсны дараа түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй акт байна. Өөрөөр хэлбэл гэрээний үүргийн үнийн дүнгийн дагуу ажлаа хийсэн байхад ямар ч ажил хийгээгүй байна гэж акт гаргасан байна. Иймээс уг захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байна. Дээр нь нэмж хэлэхэд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй, мэдэгдэл хүргүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 14, 69 дүгээр зүйлүүд, Засгийн Газрын 2014 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм” болон аймгийн Засаг даргын баталсан “А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дүрэм”-д тодхойлсон үйл ажиллагааны чиглэл, Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2017 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар удирдамжийг үндэслэн Ө сумын төсөвт албан байгууллагуудын 2016-2017 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан болно.

Орон нутаг хөгжүүлэх сангийн тухайд, Сангийн сайдын Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн 290 дугаар тушаалын 3.5.6 дахь заалт "Захиалагчийг төлөөлсөн эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажсан барилгын ажлын гүйцэтгэл”-ийг хянаж санхүүжүүлнэ гэснийг зөрчиж ажлын гүйцэтгэлийг гаргаж ирүүлээгүй байхад санхүүжилтийг нь олгосон ноцтой зөрчлүүд илэрсэн. Үүнд, Өгийнуурыг хашиж хамгаалах, аялагч амрагчдын түр байрших цэгийн тохижилт хийх 49.5 сая төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр Р.Б захиралтай “Б”ХХК шалгарч 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтад оруулах ТТ-2015/01 дугаартай гэрээ байгуулсан боловч хийж гүйцэтгээгүй, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар гэрээг дахин сунгасан боловч ажил хийгдээгүй байхад 33.9 сая төгрөгийг “Б” ХХК-д олгосон байна.

Гэрээний хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй учир гэрээний 4.4-д заасан тусгай нөхцөлийн дагуу алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн 0.5 хувиар тооцоход гэрээний дүнгээс хэтэрч байгаа тул 50 хувиар алданги тооцож нийт 50,8 сая төгрөгийг “Б” ХХК-ийн захирал Р.Б-р төлүүлэн Ө сумын төсвийн орлогын дансанд төвлөрүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоосон. Тухайн шалгалтын үеэр газар дээр нь очиж үзэх шаардлагатай байна гэхэд сумын комисс саяхан шалгасан хийгдсэн ажил байхгүй гэж сумын Орон нутаг хөгжүүлэх сан хариуцсан ажилтан болон төрийн сангийн ажилтан нар хэлсэн болно гэв.

Гуравдагч этгээд А аймгийн Ө сумын Засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байгаа бөгөөд учир нь “Б” ХХК тухайн ажлыг гүйцэтгэж байх явцдаа нуурын хамгаалалтын шон, аялагч, амрагчдын түр байрших цэгийн бие засах газрыг техникийн тодорхойлолтын дагуу хийж гүйцэтгээгүй тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж техникийн тодорхойлолтын дагуу хийж гүйцэтгэхийг шаардсан байдаг. Тухайн ажлын тендерт оролцохдоо гүйцэтгэгч “Б” ХХК нь техникийн тодорхойлолттой танилцсаны үндсэн дээр тендерт оролцож шалгарсан. Мөн А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ний өдрийн 17/02/80 дугаартай захиргааны актыг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мэдсэн мэтээр илт худал мэдүүлсэн байна. “Б” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 68 дугаар албан бичгээр ажлын гэрээт хугацааг сунгаж өгөх хүсэлтийн дагуу Өгийнуурыг хашиж хамгаалах аялагч, амрагчдын түр байрших цэгийн тохижилт хийх ажлыг сунгах гэрээг байгуулсан боловч ажлыг гэрээт хугацаанд дуусгаагүй, өнөөдрийг хүрсэн. Дахиж ажлын гэрээг сунгах болон хийгдсэн ажлуудыг хэсэгчлэн хүлээлгэн өгөх тухай ямар нэгэн албан бичиг ирүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх “Б” ХХК-иас А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдуулан гаргасан “А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/80 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/80 дугаар актаар “ ... Ө сумын Орон нутаг хөгжүүлэх сангийн 2016-2017 оны эхний 9 сарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийхэд Өгийнуурыг хашиж, хамгаалах, аялагч амрагчдын түр байрших цэгийн тохижилт хийх ажлыг Р.Б захиралтай “Б” ХХК-аар 49.456.789 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр гэрээ хийж, 33.925.510 төгрөгийн санхүүжилтийг олгосон боловч ажил хийгдээгүй 2 жил болсон зөрчил илэрлээ ... орон нутаг хөгжүүлэх сангаас олгосон 33.325.510 төгрөг, гэрээнд заасан алданги 16.962.755 төгрөг, нийт 50.888.265 төгрөгийг “Б” ХХК-ийн захирал Р.Б-р төлүүлэн Ө сумын Орон нутаг хөгжүүлэх сангийн 100011252400 тоот дансанд 2017 оны 10 дугаар сарын 20-ны дотор төлүүлэхийг Засаг дарга Л.А, төрийн сангийн төлөөлөгч Ё.Д, нягтлан бодогч Т.Д нарт үүрэг болгосон байна. 

Нэхэмжлэгч “Б” ХХК-иас “ ... маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт заасан шинжүүдийг агуулж байна. Хариуцагч захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр 17/02/80 дугаар актыг илт хууль бус гэж;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ ... мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах гээд утсаар дуудсан боловч ирээгүй, дараа нь зөвлөлийн хурлаар оруулаад акт тавьсан, акт гарсаны дараа Р.Б өөрөө ирж уулзсан ... актыг албан бичгээр танилцуулсан. Өөрийн чиг үүрэгт хамааралтай асуудлаар акт тогтоосон бөгөөд утга, агуулгын хувьд алдаагүй, үндэслэл бүхий акт гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй ...” гэж;

Гуравдагч этгээдээс:  “ ... “Б” ХХК нь тухайн ажлыг гүйцэтгэж байх явцдаа нуурын хамгаалалтын шон, аялагч, амрагчдын түр байрших цэгийн бие засах газрыг техникийн тодорхойлолтын дагуу хийж гүйцэтгээгүй. Өгийнуурыг хашиж хамгаалах аялагч, амрагчдын түр байрших цэгийн тохижилт хийх ажлыг сунгах гэрээ байгуулсан боловч ажлыг гэрээт хугацаанд дуусгаагүй, А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ний өдрийн 17/02/80 дугаартай захиргааны актыг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мэдсэн мэтээр илт худал мэдүүлсэн байна ...” гэж тус тус маргажээ.

Маргаан бүхий энэ тохиолдолд, А аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газар болон “Б” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Өгийнуурыг хашиж хамгаалах, аялагч амрагчдын түр байрших цэгийн тохижилт хийх” №ТТ-2015/01 дугаартай, 49.456.789 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулж, гэрээнд заасан ажлыг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр эхлэж, 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцжээ.  

Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх явцад, захиалагч талаас хамгаалалтын шонг гэрээт ажлын төсөвт тусгагдсанаас бүдүүн, өртөг өндөртэй шонгоор хийлгүүлнэ гэж шонгийн бэлдэцийг буцаах шаардлага тавьсан ... гүйцэтгэгч талаас төсөл сонгон шалгаруулалтад оролцохдоо нарийн шонгоор тооцоолсон бөгөөд бүдүүн шонгийн өртөг хэд дахин өндөр үнэтэй гэдгийг тайлбарласан ... захиалагчийн зүгээс энэхүү асуудлыг одоо хүртэл шийдвэрлэж өгөөгүй ба гүйцэтгэгч хийлгэсэн ажлуудыг хэсэгчлэн хүлээлгэн өгөх хүсэлт тавьсан боловч одоог хүртэл хүлээж авах талаар ямар нэгэн шийдэлд хүрч шийдвэрлэж өгөөгүй гэж тайлбарласан бөгөөд дээрх үйл баримт нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлд хамааралгүй байх тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Хяналт, шалгалтын үйл ажиллагааны тухайд, А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөөгөөний хавсралтын 36 дугаарт Ө сумын сум хөгжүүлэх сангийн 2014-2016 оны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийхээр тусгаж , А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Аудит, хяналт шалгалтын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Ө сумын төсөвт албан байгууллагуудад хяналт, шалгалт хийх тухай” 13 дугаар удирдамж, томилолтын дагуу Н.С ахлагчтай ажлын хэсэг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрүүдэд хяналт, шалгалт хийхээр томилогдсон байна.   

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэг “Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна”,

5.2. дахь хэсэг “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:” 5.2.1.-д “он, сар, өдөр, удирдамжийн нэгдсэн дугаар”; 5.2.2.-т “шалгалтын зорилго, үндэслэл”; 5.2.3.-т “шалгалтын төрөл, арга, хэлбэр”; 5.2.4.-т “шалгалтын хүрээ, шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, объектын нэр”; 5.2.5.-т “шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч”; 5.2.6.-д “шалгалт эхлэх болон дуусах хугацаа”; 5.2.7.-д “өмнө хийсэн шалгалтын талаархи мэдээлэл”, 5.4. дэх хэсэг “хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно”, 5.6. дахь хэсэг “хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ”, 5.7. дахь хэсэг “хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ.”, 5.16. дахь хэсэг “хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж, хяналт шалгалт хийсэн албан тушаалтан гарын үсэг зурна” гэж тус тус заасан ба хяналт, шалгалтын ажиллагаа нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нар уг асуудаар маргаагүй болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан тул нэхэмжлэгчийн “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох” шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийсэн бөгөөд А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/80 дугаар акт гаргах процесс ажиллагаа, актын үндэслэл болсон үйл баримт, тооцоолол зэрэг үйл баримтуудад дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

I. А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/80 дугаар акт илт хууль бус эсэх тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 /маргаан бүхий энэ тохиолдолд тодорхой хэмжээний төсөв, өртөг зардал гарсан, захиалагчаас өгсөн мөнгөнд нь тохирсон ажлаа хийсэн байхад 50.888.265 төгрөгийн торгууль, алданги тавьж байгаа нь утга, агуулгын илэрхий алдаатай гарсан актад хамаарна/, 47.1.3 /гүйцэтгэсэн ажлыг нь очиж үзээгүй байж тендерийн материал шалгаад, чиг үүргээсээ үл хамаарах асуудлаар акт гаргасан/, 47.1.6 /“Б” ХХК хийх ёстой ажлаа гэрээний өгсөн өртөг, үүргийн дагуу хугацаанд хийсэн байхад “Б” ХХК-ийн  эрх, хууль ашиг сонирхолд халдсан/, 47.1.7 /“Б” ХХК нь гэрээний үүргийн үнийн дүнгийн дагуу ажлаа хийсэн байхад ямар ч ажил хийгээгүй байна гэж акт гаргасан байна. Иймээс уг захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй/ гэж тус тус тайлбарлажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.”, 47 дугаар зүйлийн 47.1. Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.1.-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.3.-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6.-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7.-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудыг агуулгыг тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1.-д “утга агуулгын илэрхий алдаатай” гэж актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн илэрхийлэгдээгүй, актын агуулга нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатай ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус, дүгнэлт хийх чадвартай ердийн хүн харахад тухайн захиргааны акт хуульд нийцсэн байх боломжгүй, захиргааны актаар зохицуулах гол харилцаа нь дутагдсан эсхүл хуулийн зохицуулалтыг давтсан шинжтэй байхыг; 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж захиргааны байгууллага, албан тушаалтанд хуулиар тусгайлан зөвшөөрч олгосон эрх хэмжээнээс хэтрүүлэн өөрт хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргасан, эсхүл нутаг дэвсгэрийн харъяалал зөрчиж захиргааны акт гаргасан байхыг, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж захиргааны акт хуульд үндэслэсэн байх зарчмыг зөрчсөн тохиолдол хамаарах бөгөөд тухайн тохиолдолд захиргааны акт гаргах эрх тухайн албан тушаалданд олгогдоогүй байхыг; 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж захиргааны актыг зохицуулалтын зүйл нь хэн ч хийж чадахааргүй буюу хэнд ч бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг ногдуулж болохгүй гэсэн зарчмыг зөрсөн байхыг тус тус хамааруулан ойлгохоор байна. 

Тус хэргийн маргааны бүхий захиргааны акт болох А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/80 дугаар акт нь утга агуулгын илэрхий алдаагүй, тухайн байгууллага нь өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан, тухайн захиргааны акт нь хуульд үндэслэх зарчмыг зөрчөөгүй, тухайн захиргааны актыг гаргах эрх нь хариуцагч байгууллагад олгогдсон, тухайн захиргааны актыг бодит нөхцөлд биелүүлэх боломжтой байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна. 

II. Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулсан эсэх тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас “ ... хариуцагч маргаан бүхий 17/02/80 дугаартай актыг гаргахдаа захиргааны шийдвэр гаргах нөхцөл байдлыг тогтоогоогүй, мэдэгдэх хуудас хүргүүлээгүй, сонсох ажиллагааг явуулаагүй ... захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн” гэж маргасан. 

Нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... маргаан бүхий 17/02/80 дугаар актыг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, гарын үсэг зурахдаа мэдсэн ...” гэж тайлбарлажээ.

А аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 115 дугаар албан бичгийг “Б” ХХК-ийн захирал Р.Б-д 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гардуулж, тэмдэглэл хийж, гарын үсэг зуруулжээ.  Иймд нэхэмжлэгч “Б” ХХК-ийг маргаан бүхий 17/02/80 дугаар актыг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заажээ. 

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч 17/02/80 дугаар актыг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Гэвч дээрх үндэслэлээр шүүх А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 17/02/80 дугаар актыг илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/80 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогуудан гаргасан “А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/80 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ГАНБАТ