Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0450

 

 

 

                          “С Т” ХХК-ийн

                                     нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан:

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга Д.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Э,

            Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Б,

            Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/96 дугаар тушаалаар байгуулагдсан ажлыг хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Н.Ц, Б.Ц,

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Х.А нар,

Нэхэмжлэгч: “С Т” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар,

                                Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс,

        Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,

                   Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/96 дугаар тушаалаар байгуулагдсан ажлыг хэсэг,

Гуравдагч этгээд: “Т С О” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/96 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/103 тушаалыг хүчингүй болгож, “С Т” ХХК-д тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр төлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, зураг зүйн бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст даалгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 262 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, Ж.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Э, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ажлын хэсгийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.Ц, Н.Ц, Б.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Ж нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2021/0738/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С Т” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/96 дугаар тушаалаар байгуулагдсан ажлыг хэсэгт тус тус холбогдууланУул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/96 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/103 тушаалыг хүчингүй болгож, “С Т” ХХК-д тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр төлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, зураг зүйн бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 262 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1, 20.3, 20.5-д тус тус заасныг баримтлан “С Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/96 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/103 тушаалыг тус тус хүчингүй болгож, “С Т” ХХК-д тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр төлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, зураг зүйн бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж” шийдвэрлэжээ.

3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга Д.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Шүүхээс СШ-52-1 дугаартай Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг 38951.67 га бүхий “Дарцаг” нэртэй талбайтай холбоотой хэсгүүдийг хүчингүй болгосон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/96 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/103 дугаар тушаалыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгож байгаа тул “С Т” ХХК-д тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр төлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах нь зүйтэй” гэж үзжээ.

3.2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/96 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 6.2.2 дахь заалтыг үндэслэн гаргасан. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн гэрч нарын мэдүүлгийг гол үндэслэлээ болгож нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болохыг тогтоож, Ажлын хэсгийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй.

3.3. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг хүчингүй болгож “С Т” ХХК-д тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр төлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-т даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/96 дугаар тушаалаар байгуулагдсан ажлыг хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Н.Ц, Б.Ц нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

4.1.  Нэхэмжлэлийн шаардлагын тухайд “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 6.2.2 дахь заалтыг үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” A/96 дугаар тушаалаар Ашигт малтмал, газрын тосны газраас зохион байгуулсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох үйл ажиллагаатай холбоотой аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдлын дагуу сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг шалгах эрх бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.О, гишүүдээр тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээч Х.Ц-А, шинжээч Н.Ц, Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Геологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ц, нарийн бичгийн даргаар Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн шинжээч Т.М нар ажилласан бөгөөд “Т С О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Угээс ирүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Гомдол гаргах тухай” А/18 дугаартай албан бичигтэй танилцсаны дагуу гомдолд дурдсан асуудлыг судалж дараах дүгнэлтийг боловсруулсан.

4.2. “Т С О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Угээс ирүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Гомдол гаргах тухай” А/18 дугаартай албан бичигт “...сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нээсэн. Уг сонгон шалгаруулалтад 1. “О У” ХХК, 2. “С Т” ХХК, “Т С О” ХХК, “Р Х” ХХК нэртэй 4 аж ахуйн нэгж өрсөлдсөн бөгөөд босго үнэ болох 175,282,515 төгрөгийг төлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 дугаар тушаалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу баримт бичгээ боловсруулан оролцож 3,175,282,515 төгрөгийн үнийн санал буюу хамгийн өндөр үнийн саналыг өгч оролцсон боловч биднийг ялагдуулан, 2 дугаарт орсон компанийн техникийн саналд өндөр үнэлгээ өгч ялууллаа. Сонгон шалгаруулах комисс нь сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн техникийн саналыг иж бүрдэл шалгах нэрээр 2021 оны 06 сарын 15-ны өдөр урьдчилан задалсан, уг саналыг ил тод нээлттэйгээр үнэлээгүй, хэрхэн оноо өгсөн, бусад аж ахуйн нэгж хэрхэн санал өгсөн талаар нууцалсан, үнийн саналыг дугтуйтайгаар үлдээсэн боловч гэрэлтүүлэн харах нөхцөлийг бүрдүүлэн манай үнийг урьдчилан харсан зэрэг хардлагуудыг төрүүлж байна. Учир нь 2 дугаарт орсон аж ахуйн нэгжийн үнийн санал манай саналтай орон болон задгай нэгжийн хувьд төстэй байна. Энэ нь сонгон шалгаруулалтыг шударга, ил тод, нээлттэй, өрсөлдөх боломжоор хангаагүй, үр ашигтай, хариуцлагатай байх зарчмыг баримтлаагүй зэрэг нь манай эрх ашгийг ноцтой хөндсөн, сонгон шалгаруулалтын комисс үүргээ зөрчсөн гэж бид үзэж байгаа тул “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 6.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байгаа тул шалгаж шийдвэрлэж өгнө үү. Иймээс уг сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг шалгах эрх бүхий ажлын хэсгийг томилон шалгаж, yr сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү” гэж дурдсан. Мөн “Т С О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Угээс ирүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” А/20 дугаартай албан бичигт “... сонгон шалгаруулалтыг шударга, ил тод, нээлттэй, өрсөлдөх боломжоор хангаагүй, үр ашигтай, хариуцлагатай байх зарчмыг баримтлаагүй, бидний эрх ашгийг ноцтой хөндсөн, сонгон шалгаруулалтын комисс үүргээ зөрчсөн гэж бид үзэж танай яаманд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр А/18 тоот албан бичгээр гомдол гаргасан. Уг сонгон шалгаруулалтыг явуулахдаа 1. Үнийн санал буюу хамгийн өндөр үнийн саналыг өгч оролцсон боловч биднийг сонгон шалгаруулалтад ялагдуулсан, 2. Сонгон шалгаруулалтад үнийн саналаар хоёрдугаарт орсон компанийн техникийн саналд өндөр үнэлгээ өгч ялуулсан, 3. Техникийн баримт бичиг болон үнийн саналыг авсан өдрөө нээлгүй дараагийн өдөр нь дуудаж иж бүрдлийг шалгах нэрээр нээсэн боловч ил тод нээлттэйгээр үнэлээгүй,  4. Үнийн саналын нууц байдлыг алдагдуулан гэрэлтүүлж, скайнердаж харсан байж магадгүй... /хоёрт орсон компанийн үнийн санал нэгж, орны хувьд төстэй байгаа/, 5. Сонгон шалгаруулалтын баримт бичгийн хуулбар хувийн бүрэн бүтэн байдлыг биднээр шалгуулаагүй, 6. Бүрдэл баримт бичгийг задалсны дараах 3 хоногийн хугацаанд техникийн саналын баримт бичигт өөрчлөлт оруулсан байж магадгүй, 7. Сонгон шалгаруулалтын техникийн баримт бичигт хэрхэн оноо өгсөн, бусад аж ахуйн нэгж хэрхэн санал өгсөн талаар нууцалсан зэрэг зөрчлүүд байна, 8. Эдгээр нь тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмын 4.3.1 дүгээрт заасан сонгон шалгаруулалтын техникийн саналыг нээсний дараа нээсэн эх хувийг сонгон шалгаруулалтын нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалт тус бүрээр нь багцалж, хавтаст хийн лацдаж хадгална гэснийг зөрчсөнөөр нууцлалын байдлууд бүрэн алдагдаж сонгон шалгаруулалт хууль бус явагдсан гэж үзэж байна. Энэ нь сонгон шалгаруулалтыг шударга, ил тод, нээлттэй, өрсөлдөх боломжоор хангаагүй, үр ашигтай, хариуцлагатай байх зарчмыг баримтлаагүй зэрэг нь манай эрх ашгийг ноцтой хөндсөн, сонгон шалгаруулалтын комисс үүргээ зөрчсөн гэж бид үзэж байгаа тул “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 6.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байгаа тул шалгаж уг сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү” гэж дурджээ.

4.3. Сонгон шалгаруулалтын комиссоос ирүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тайлбарт “... 1. Сонгон шалгаруулалтын журмын 4.2.2, 4.2.4-д заасны дагуу аж ахуйн нэгжийн төлөөллийг байлцуулан материалын битүүмжлэлийг шалгуулж, журмын 3.3-д заасны дагуу техникийн саналын материалын бүрдлийг шалгаж, битүүмжлэлтэй үнийн саналыг сейфэнд хийж лацадсан. 2. СШ-52-1 дугаартай Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Дарцагт нэртэй талбайд санал ирүүлсэн 4 аж ахуйн нэгжийн техникийн саналын материалд журмын 4.3.7-д заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд үнэлгээг хийсэн. /1. “С Т” ХХК-47.86, 2. “Т С О” ХХК-39.29, 3. “О У” ХХК-42.00, 4. “Р Х” ХХК-34.57/. 3. Сонгон шалгаруулалтын журмын 4.2.2-т заасны дагуу сонгон шалгаруулалтын үнийн саналыг нээхдээ бүх оролцогчдыг байлцуулан итгэмжлэгдсэн төлөөлөгч болон захиралд нь битүүмжлэлийг шалгуулан тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулж, комиссын дарга, гишүүд танилцан, гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн сонгон шалгаруулалтын техник, үнийн саналын аж ахуйн нэгжийн төлөөллийг битүүмжлэлтэй танилцуулж гарын үсэг зуруулж, тэмдэглэл үйлдэн комиссын дарга, бүх гишүүд болон нарийн бичиг нар танилцаж гарын үсэг зурж баталгаажуулж баримтжуулдаг болно” гэсэн тайлбар ирүүлсэн.

4.4. Ажлын хэсэг СШ-52-1 дугаартай сонгон шалгаруулалтад аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн санал болон тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас, үнэлгээний нэгтгэлтэй танилцахад дараах байдалтай байна. Үүнд 1. СШ-52-1 дугаартай сонгон шалгаруулалтад оролцсон “Т С О” ХХК-ийн саналыг үнэлсэн комиссын гишүүн Ш.А нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр үнэлгээг хийхдээ Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудасны 2.3-д “Төсөлд оролцох ИТАжилтан болон Геологичид нь үндсэн болон гэрээт ажилчдаас бүрдэх бол (3-4)” гэсний дагуу 3 оноог өгсөн байна. Гэтэл “Т С О” ХХК-иас ирүүлсэн саналын 146, 152, 158, 162, 167, 168 дугаар хуудсанд тухайн төсөлд оролцох ажилчид нь бүгд үндсэн ажилтан болохыг нотолсон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд байх бөгөөд комиссын бусад гишүүд нь уг шалгуур үзүүлэлтэд тус бүр 5 оноог өгчээ. “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын маягтаар батлагдсан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудасны 2.3-д “Төсөлд оролцох ИТАжилтан болон Геологичид нь 100 хувь үндсэн ажилтантай бол (5), Төсөлд оролцох ИТАжилтан болон Геологичид нь үндсэн болон гэрээт ажилчдаас бүрдэх бол (3-4), Төсөлд оролцох ИТАжилтан болон геологичид нь 100 хувь гэрээт ажилтантай бол (2), Төсөлд ямар нэг тодорхой ИТАжилтан болон геологич тусгагдаагүй бол (1)” гэж уг шалгуур үзүүлэлтийг үнэлэх жишиг оноог тодорхой заасан байтал комиссын гишүүн Ш.А нь ямар үндэслэлээр 3 оноо өгсөн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл “Т С О” ХХК-иас ирүүлсэн саналын тухайн хэсгийг жишиг онооны дагуу үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

4.5. СШ-52-1 дугаартай сонгон шалгаруулалтад оролцсон “Т С О” ХХК-ийн саналыг үнэлсэн комиссын гишүүн Ш.М нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр үнэлгээг хийхдээ тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудасны 1.3-д “Орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөө (0-4), Энэхүү журмын 3.3.2.8 дугаар заалтыг хангаагүй (0)” гэсний дагуу 0 оноог өгсөн байна. Гэтэл “Т С О” ХХК-иас ирүүлсэн саналын 133-139 дүгээр хуудсанд орон нутгийг хөгжүүлэх хамтран ажиллах төлөвлөгөөний талаар тусгасан байх бөгөөд комиссын бусад гишүүд нь уг шалгуур үзүүлэлтэд тус бүр 4 оноог өгчээ. “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын маягтаар батлагдсан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудасны 1.3-д “Орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөө (0-4), Энэхүү журмын 3.3.2.8 дугаар заалтыг хангасан (4), Энэхүү журмын 3.3.2.8 дугаар заалтыг хангаагүй (0)” гэж уг шалгуур үзүүлэлтийг үнэлэх жишиг оноог тодорхой заасан байтал комиссын гишүүн Ш.М нь ямар үндэслэлээр О оноо өгсөн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, “Т С О” ХХК-иас ирүүлсэн саналын “Орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөө” хэсгийг жишиг онооны дагуу үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

4.6. “Т С О” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд ашигт малтмалын хайгуул хийх, гэрээгээр өрөмдлөг хийх, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг эрхэлдэг талаар тэмдэглэсэн байна. “Т С О” ХХК-ийн геологийн чиглэлээр ажиллах боловсон хүчнээр хангагдсан байдлыг шалгаж үзэхэд зөвлөх геологич байхгүй, нийт 6 ажилтны 4 нь геологийн мэргэжилтэй (геологич 1, геофизикч-2, геологи, уул уурхайн менежмент-1), 2 нь бусад мэргэжилтэй (өрмийн мастер-2) байх бөгөөд компанийн үндсэн ажилтнууд болохыг баталсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтуудыг хавсаргасан байна. Мөн тус компани нь геологийн хайгуулын ажлыг өөрийн хүчээр хийх боловсон хүчин, техникээр хангагдсан талаарх материалыг саналдаа хавсаргасан байна.

4.7. “С Т” ХХК нь 1999 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд ашигт малтмалын ашиглалт, худалдааны зуучлал эрхлэх, үл хөдлөх хөрөнгийн түрээс эрхлэх зэрэг үйл ажиллагааг эрхэлдэг талаар тэмдэглэсэн байна. “С Т” ХХК-ийн геологийн чиглэлээр ажиллах боловсон хүчнээр хангагдсан байдлыг шалгаж үзэхэд зөвлөх геологич 1 (нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт байхгүй), нийт 7 ажилтны 2 нь геологийн мэргэжилтэй (геологич 1, геологи, уул уурхайн менежмент-1), 5 нь бусад мэргэжилтэй (уул уурхайн маркшейдер-2, уулын инженер-2, архитектур ба барилга, угсралт-1) байх бөгөөд үүнээс компанийн үндсэн ажилтнууд болохыг баталсан 6 ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтуудыг хавсаргасан байна. Тухайн төслийн геологийн хайгуулын ажлыг хийж гүйцэтгэхэд тус компанид геологийн мэргэжилтэй боловсон хүчин хангалтгүй байна.

4.8. Ашигт малтмал, газрын тосны газраас СШ-52-1 дугаартай сонгон шалгаруулалтыг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зарласны дараа буюу “С Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганчимэгийн 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Ажилд томилох тухай” 007/003 дугаар тушаалаар Г овогтой Д-г зөвлөх геологичийн ажилд томилжээ. Зөвлөх геологич Г.Дг тус компанийн үндсэн ажилтан болохыг баталсан дээрх тушаалаас өөр нотлох баримт, тухайлбал нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт байхгүй. Зөвхөн ажилд томилсон тушаалыг үндэслэн (СШ-52-1 дугаартай сонгон шалгаруулалтыг зарласны дараа томилсон) Г.Дг “С Т” ХХК-ийн бусад 6 ажилтантай (нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт ирүүлсэн) адилтган, үндсэн ажилтан гэж үзэх нь учир дутагдалтай. “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын маягтаар батлагдсан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудасны 2.2-т “Төсөлд Монгол Улсын зөвлөх геологич ажиллах бол (3), Төсөлд Монгол Улсын мэргэшсэн геологич ажиллах бол (2), Төсөлд Монгол Улсын зөвлөх болон мэргэшсэн геологич аль аль нь байхгүй бол (1)” гэж уг шалгуур үзүүлэлтийг үнэлэх жишиг оноог тодорхой заасан байтал комиссын гишүүд бүгд 3 оноо өгсөн нь ойлгомжгүй. Тухайн компанийн үндсэн ажилтан мөн эсэхийг тодорхойлохдоо даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бус зөвхөн ажилд томилсон тухай тушаалд үндэслэх боломжгүй бөгөөд цаашид аж ахуйн нэгжүүд зөвхөн тухайн сонгон шалгаруулалтад өндөр оноо авахын тулд зөвлөх эсвэл мэргэшсэн геологич бусад шаардлагатай ажилтнуудыг ажилд томилсон тушаал гаргах замаар сонгон шалгаруулалтад оролцох (нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтгүйгээр) байдлыг арилгахын тулд үүнтэй холбоотой өөрчлөлтийг холбогдох журамд оруулах шаардлагатай.

4.9. “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын маягтаар батлагдсан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудасны 1.1-д “Геологи хайгуулын ажлын талаар-Арга, аргачлал, төлөвлөлт оновчтой, дэвшилтэт аргачлал, техник технологийн шийдэл бүхий өмнөх судалгааны материалыг бүрэн судалсан (13-15), Арга, аргачлал, төлөвлөлт оновчтой, дэвшилтэт аргачлал, техник технологийн шийдэл бүхий өмнөх судалгааны материалыг бүрэн судлаагүй (10-12), Арга, аргачлал, төлөвлөгөө оновчтой, өмнөх судалгааны материалыг бүрэн судалсан (7-9) гэж уг шалгуур үзүүлэлтийг үнэлэх жишиг оноог тодорхой заасан. Гэтэл СШ-52-1 дугаартай сонгон шалгаруулалтад оролцсон “С Т” ХХК-ийн саналыг комиссын гишүүд хэт зөрүүтэй үнэлсэн байна. Тухайлбал, комиссын гишүүн Р.Э 13, Ш.А 12, Б.О 12, А.Д 9, Ц.Д 9, Б.Б 9, Ш.М 8 оноог тус тус өгчээ. Хэдийгээр комиссын гишүүд өөрийн мэргэжлийн чадвар, туршлага, итгэл үнэмшлийн хүрээнд тус тусын үнэлгээг хараат бусаар хийдэг ч нэг шалгуур үзүүлэлтийг хэт зөрүүтэй үнэлсэн байгаа нь ойлгомжгүй, зориудаар бодит бус үнэлгээ өгсөн байх магадлалтай байна.

4.10. Сонгон шалгаруулалтын комиссын зарим гишүүд СШ-52-1 дугаартай сонгон шалгаруулалтад оролцсон “Т С О” ХХК, “С Т” ХХК-ийн саналыг үнэлэхдээ шалгуур үзүүлэлтийг жишиг онооны дагуу үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул “Т С О” ХХК-иас ирүүлсэн гомдлыг ханган, СШ-52-1 дугаартай сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

4.11. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 262 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11 дүгээр хуудсанд “5/Комиссын гишүүн Ш.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа “С Т” ХХК болон “Р Х” ХХК-ийн өгсөн материалд инженер техникийн ажилтан болон геологич нар нь бүгд үндсэн ажилтан байсан бусад компаниуд 100 хувь үндсэн ажилтан байхгүй байсан учир оноо нь багассан гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. 6/”Т С О” ХХК-ийн ирүүлсэн хайгуулын ажил эрхлэх боловсон хүчнээр хангагдсан талаарх тодорхойлолтоос үзвэл нийт 6 ажилтны материал байх бөгөөд эдгээр хүмүүсийг ажилд томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн хуулбар байхгүй байх тул 100 хувь үндсэн ажилтантай байсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн комиссын гишүүн Ш.Агийн тайлбарыг буруутгах боломжгүй байна” гэж, 12 дугаар хуудсанд “11/Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 3.3.2.8-д “Орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөө (ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон орон нутгийн бизнесийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, бэлчээр ашиглах уламжлалыг хадгалан хамгаалах, хөгжүүлэх, усжуулах ажилд дэмжлэг үзүүлэх, түүх, соёлын дурсгалт газрыг хадгалж, хамгаалах талаар тусгасан байна” гэсэн заалтыг хангасан бол /4/, хангаагүй бол /0/ өгөхөөр зааснаас үзвэл комиссын гишүүн /4-0/ хооронд оноо өгөх эрхтэй, гуравдагч этгээдэд /0/ оноо өгснөө комиссын гишүүн “ ... “Т С О” ХХК нь хайгуулын ажлын нийт төсөвтөө орон нутагтай хамтран ажиллах төсвийг тусгаагүй, хангалтгүй байсан тул 0 оноо өгсөн” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. 12/ “Т С О” ХХК-ийн сонгон шалгаруулалтын материалаас үзвэл “Дарцагт талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөний төсөл, төсвийн нэгтгэлд орон нутагт оруулах хөрөнгө оруулалтыг тусгаагүй байх ба харин орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөөндөө 160,000,000 төгрөг төсөвлөхөөр тусгасан байх тул комиссын гишүүний “... нийт тусгасан төсөвтөө орон нутгийн төсөв тусгаагүй байсан” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна” гэж, 13 дугаар хуудсанд “15/ Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудасны 2 дахь хэсэгт мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал болон тэдгээрийн туршлага чадварыг үнэлэхдээ төсөлд ажиллах монгол ажилтнуудын эзлэх хувь, төсөлд зөвлөх болон мэргэшсэн геологич ажиллах эсэх, төсөлд оролцох инженер техникийн ажилтан болон геологичид нь үндсэн болон гэрээт ажилтан эсэхийг үнэлэх үнэлгээний шалгуур үзүүлэлтийг тавьсан байхад тус ажлын хэсэг “геологийн чиглэлээр ажиллах боловсон хүчнээр хангагдсан байдлыг шалгаж, дүгнэсэн нь үнэлгээний шалгуур үзүүлэлтээс хальсан гэж үзэхээр үндэслэлгүй дүгнэлт болжээ.” гэж,  14 дүгээр хуудсанд “22/ Үнэлгээний комиссын гишүүдийн дээрх тайлбараас болон оноо өгсөн үнэлгээний хуудаснаас үзвэл гишүүд бүгд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудасны шалгуур үзүүлэлтэд өгөх жишиг онооны хязгаарт багтаан өөрсдөд нь олгосон эрх хэмжээний хүрээнд харгалзах оноог өгсөн болох нь тогтоогдож байна. 23/ “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.3.2-т “Санал ирүүлсэн сонгон шалгаруулалтад оролцогчдын баримт бичгүүдийн бүрдлийг нэг бүрчлэн шалгаж баталгаажуулсны дараа сонгон шалгаруулалтад оролцогчдод техникийн онооны үнэлгээг нийт үнэлгээний 55 (тавин тав) хүртэл хувьд өгнө”, 4.3.3-д “Сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн санал нь албан ёсны тооцоо, судалгаан дээр суурилсан, хэрэгжих боломжтой, бодитой ажил үйлчилгээг төлөвлөсөн эсэхийг харгалзан техникийн саналыг үнэлнэ” гэж заасны дагуу комиссын гишүүд өөр өөрсдийн үнэлгээг өгсөн байх бөгөөд үнэлгээний маягтад заасан жишиг онооны доод болон дээд хязгаарыг зөрчиж эрх хэмжээгээ хэтрүүлсэн байдал тогтоогдохгүй байна. 24/Гуравдагч этгээд “Т С О” ХХК-ийн гомдлоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/96 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг СШ-52-1 дугаартай сонгон шалгаруулалтыг шалгаж, дүгнэлт гаргахдаа, мөн шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тус сонгон шалгаруулалтыг холбогдох хууль журамд заасны дагуу явагдсан эсэх, мөн үнэлгээний комисс жишиг онооны хязгаарыг зөрчсөн талаар шалгахаас биш сонгон шалгаруулалтын комиссын гишүүдийн дотоод итгэл үнэмшлээрээ өгсөн субьектив үнэлгээг үгүйсгэх хуулийн боломжгүй” гэж, 15 дугаар хуудсанд “25/Мөн хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “ ... 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ажлын хэсгийн дүгнэлтийг захиргааны акт биш гэж маргаж байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт” гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгохоор заасныг тухайн тохиолдолтой холбогдуулан үзвэл маргаан бүхий дүгнэлтээр сонгон шалгаруулалтын зарим гишүүдийг СШ-52-1 дугаартай сонгон шалгаруулалтад оролцсон “Т С О” ХХК, “С Т” ХХК-ийн саналыг үнэлэхдээ шалгуур үзүүлэлтийг жишиг онооны дагуу үнэлээгүй гэж үзээд тус сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох нь зүйтэй” гэж дүгнэж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 10/1809 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж, үүнийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/103 дугаар тушаалаар “С Т” ХХК-ийн шалгарсан СШ-52-1 дугаартай сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зарлахаар болсон нь тус сонгон шалгаруулалтад 1 дүгээр байр эзэлсэн нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар бий болгосон захиргааны акт мөн байна” гэж тус тус дурдаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/96 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй.

4.12. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            5.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Сонгон шалгаруулалтад оролцогч нь сонгон шалгаруулалтын комиссын үнэлгээ үнэн зөв эсэхэд гомдол гаргаж, улмаар зарим гишүүд үнэлгээг үндэслэлгүй өгсөн нь ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон тул сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь сонгон шалгаруулалтын комиссын үнэлгээг шалгаад, үндэслэлгүй, жишиг оноог баримтлаагүй үнэлгээ өгсөн нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдвол цаашид хэрхэх нь хууль болон журмаар зохицуулагдаагүй, үнэлгээг дахин хийх, эсвэл хоёрдугаар байранд орсон хуулийн этгээдэд олгох, эсвэл сонгон шалгаруулалтыг дахин зарлах талаар зохицуулаагүй байгаа учир ажлын хэсэг болон Ашигт малтмал, газрын тосны газраас журмын дагуу үнэлээгүй комиссын дүгнэлтийг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтын үнэлгээг үндэслэлгүй өгсөн нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон ч энэ нь хуулиар зохицуулагдаагүй гээд сонгон шалгаруулалт хүчинтэй хэвээрээ, комиссын дүгнэлт хүчинтэй хэвээрээ үлдэх нь өөрөө шударга ёсны зарчимд нийцэхгүй. Нэхэмжлэгч нь ажлын хэсгийг дүгнэлт гаргах эрхтэй гэдгийг зөвшөөрч байгаа боловч сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах эрх олгогдоогүй гэж тайлбарладаг. Хэрвээ хуулиар эрх олгогдоогүй гэж маргаж байгаа бол захиргааны актыг илт хууль бусад тооцуулахаар шаардлага гаргах үндэслэл байсан, гэтэл сонгон шалгаруулалтад оролцогч нь гомдол гаргах, комиссын дүгнэлтийг дахин шалгуулах, ажлын хэсэг нь шалгаж дүгнэлт гаргах харилцаа зохицуулагдсан байхад шүүх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нь шийдвэрт ажлын хэсгийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаал нь яг ямар хуулийн аль заалтыг хэрхэн зөрчсөний улмаас хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй байдаг.

         5.2. Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалтын комиссын үнэлгээ дүгнэлтийг шалгах эрх бүхий ажлын хэсгийн гаргасан дүгнэлт нь захиргааны акт биш. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Анхан шатны шүүх “ажлын хэсгийн дүгнэлт нь гадагшаа чиглэсэн, эрх зүйн үр дагавар үүсгэж байх тул захиргааны акт мөн” гэж дүгнэжээ. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлт нь гомдлын дагуу шалгалт хийж, үр дүнд үндэслэн дүгнэлт гаргаж байгаа баримт бичиг. Ажлын хэсгийн дүгнэлт нь захирамжилсан хэлбэрийг агуулаагүй, зохицуулалт агуулаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан тухайн актыг цуцлах нөхцөлийг тогтоогоогүй, бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл ажлын хэсгийн дүгнэлт нь гомдол хянан шалгаж шийдвэрлэсэн дүгнэлт юм.

         5.3. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны актыг хүчингүй болгуулах...захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхойлох”-ыг шаарддаг, нэхэмжлэгчийн хувьд хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшээгүй, зөвхөн босго үнийн зөрүүг төлсөн байсан бөгөөд сонгон шалгаруулалтыг хүчингүй болгоод, дахин зарласнаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөхгүй, сонгон шалгаруулалтад дахиад оролцох, дахин үнэлгээ хийлгэх, дахин шалгарах боломж нээлттэй хэвээр байсан.

            5.4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            6. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            6.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдоос гаргасан зарим хүсэлтийг хэлэлцэлгүй, шийдвэр гаргалгүй орхигдуулсан. Нэхэмжлэгч талаас анх нэхэмжлэл гаргахдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт болон Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 07 сарын 26-ны өдрийн А/103 дугаар тушаалын биелэлтийг хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Гуравдагч этгээд “Т С О” ХХК-иас 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хүсэлтээр тус хэрэгт гуравдагч этгээдээр тогтоолгох болон сонгон шалгаруулалтын материалд жишиг онооны дагуу үнэлгээг дахин хийлгэх тухай хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл шүүхээс шинжээч томилж мэргэжлийн хүмүүсээр сонгон шалгаруулалтын үнэлгээг бүхэлд нь дахин хийлгэх тухай хүсэлт гаргасан. Гэтэл шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр талуудын хүсэлтийг хэлэлцэж, 8588 дугаар захирамжаар “Т С О” ХХК-ийг гуравдагч этгээдээр татаж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын А/103 дугаар тушаалын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын А/96 тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг захиргааны акт мөн” гэж дүгнэсэн мөртлөө нэхэмжлэгчээс гаргасан хүсэлт буюу ажлын хэсгийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаал гэх 2 актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан байхад ажлын хэсгийн хүсэлтийг хэлэлцэлгүй орхигдуулсан байхад дүгнэлтийн биелэлтийг түдгэлзүүлэх эсэх дээр үнэлэлт дүгнэлт өгөөгүй, шийдвэр гаргаагүй, хүсэлтийг хэлэлцэлгүй орхигдуулсан байна. Мөн “Т С О” ХХК-иас гаргасан хөндлөнгийн шинжээч томилуулж, сонгон шалгаруулалтын үнэлгээг бүхэлд нь дахин хийлгэх тухай хүсэлтийг мөн хэлэлцэлгүй орхигдуулжээ. Шинжээч томилоогүй асуудал нь шүүхээс шийдвэрээ гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна.

            6.2. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч дүгнэлт хийсэн, мөн тусгай мэдлэг шаардсан буюу геологи уул уурхайн мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтийг шинжээч томилолгүй дүгнэж шийдвэр гаргасан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Ажлын хэсгийн дүгнэлт болон Ашигт малтмал, газрын тосны газрын даргын А/103 дугаар тушаал нь хуульд үндэслээгүй буюу хууль бус акт гарсан, ажлын хэсэг нь дүгнэлт гаргах эрхгүй, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох эрхгүй гэж тодорхойлж маргадаг. Гэтэл шүүхээс маргаан бүхий эдгээр актууд хуульд үндэслэсэн эсэх, ажлын хэсэг дүгнэлт гаргах эрхтэй эсэх, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох эрхтэй эсэх дээр дүгнэлт хийгээгүй, харин Ажлын хэсгийн дүгнэлтээр зөрчил гэж тооцогдсон сонгон шалгаруулалтын үнэлгээний оноонуудыг зөв буруу эсэхийг дүгнэсэн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь дүгнэлт гаргах эрхтэй эсэх тухайд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/96 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 6.2.2 дахь заалтыг үндэслэн сонгон шалгаруулалттай холбоотой аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдлын дагуу сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг шалгах эрх бүхий Ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсгийн ажиллах удирдамжид зааснаар сонгон шалгаруулалтын талаар ирүүлсэн гомдлын дагуу сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт болон аж ахуй нэгжийн гомдолд хамаарах асуудлыг шалгаж, шалгалтын үр дүнд үндэслэн дүгнэлт гаргаж, гомдол гаргагчид хариу хүргүүлэх эрх үүргийг олгожээ.

            6.3. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох эрхтэй эсэх тухайд тус газрын дарга нь Сонгон шалгаруулалт зарласан А/66 дугаар тушаал болон сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулсан тухай А/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний акт, эсвэл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” тул 48.3-д “Захиргааны байгууллага эдгээр актыг гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасныг баримтлан дээд шатны удирдлага буюу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн өөрийн гаргасан актын холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

            6.4. Анхан шатны шүүхээс шаардлагатай ажиллагааг дутуу хийсэн, хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийг хэлэлцэлгүй орхигдуулсан, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч дүгнэлт хийсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 262 дугаартай шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймд тус шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож , хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

7. Нэхэмжлэгчээс хариуцагч болон гуравдагч этгээд нараас гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд: “...

            7.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/96 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт, тус дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А-103 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, “С Т” ХХК-д тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр төлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.

            7.2. Ажлын хэсгийн дүгнэлтийн агуулгын тухайд тус ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтын материал баримт бичгийг бүхэлд нь авч үзээгүй, оролцогч тус бүрийн үнэлгээ, онооны зөрүүг бодитой дүгнээгүй, комиссын гишүүдийн хараат бус, бие даасан байдалд шууд халдсан шинжтэй дүгнэлт болсон бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудад үндэслэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Ажлын хэсэг 6 асуудлаар дүгнэлт гаргасан боловч тухайн дүгнэлтээр “С Т” ХХК-ийг сонгон шалгаруулсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/57 дугаар тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалтын комиссын үнэлгээний дүн буюу сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж шийдвэрлэсэн.

            7.3. Тухайлбал, “Ажлын хэсгийн дүгнэлтийн 1-д комиссын гишүүн Ш.А “Т С О” ХХК-д ямар үндэслэлээр ИТА болон Геологичдийн асуудлаар 3 оноо өгсөн нь ойлгомжгүй байна” гэжээ . Хэргийн 2 дугаар хавтасны 182 дахь талд байх комиссын гишүүн Ш.Агийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тайлбараас үзэхэд “Үнэлгээний шалгуур үзүүлэлтийн 2.3-т зааснаар үнэлэхдээ “С Т” ХХК болон “Р Х” ХХК-иудаас бусад компаниуд нь ИТА болон геологчид нь 100 хувь үндсэн ажилтан байгаагүй учраас оноо багассан гэжээ. 1 дүгээр хавтаст хэргийн 230 дахь талд байх Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 625 дугаар бичгээр ирүүлсэн лавлагаагаар “Т С О” ХХК нь 2020 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, 2021 оны 8 дугаар сарын байдлаар гүйцэтгэх захиралтайгаа нийлээд 3 ажилтан дээр л нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Мөн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд ирүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн лавлагаагаар “Т С О” ХХК нь 2020 онд нийгмийн даатгалд хамрагдаагүй гэсэн байна. Түүнчлэн 2 дугаар хавтаст хэргийн 170 дахь талд авагдсан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02/2443 дугаартай бичгээр шүүхэд ирүүлсэн “Т С О” ХХК-ийн 2020 оны санхүүгийн тайлангаас ажилчдын тоо 0, цалингийн зардал 0 төгрөг гэжээ. Эндээс тус компани 2020 онд үндсэн ажилтан байгаагүй гэдэг нь давхар нотлогддог. Ийм байхад “комиссын гишүүн Ш.А энэ асуудлаар 3 оноо өгсөн нь жишиг онооны дагуу үнэлээгүй” гэж дүгнэсэн Ажлын хэсгийн дүгнэлт үндэслэлгүй.

            7.4. Ажлын хэсгийн дүгнэлтийн 2-т “комиссын гишүүн Ш.М нь үнэлгээний хуудасны 1.3 дахь “Орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөө” хэсэгт “Т С О” ХХК-д ямар үндэслэлээр “О” оноо өгсөн нь ойлгомжгүй, жишиг онооны дагуу үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ. Хэргийн 2 дугаар хавтасны 180-181 дэх талд байх Комиссын гишүүн Ш.Мын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүхэд гаргасан тайлбарт “ Үнэлгээний шалгуур үзүүлэлтийн 1.3-т заасан Орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөөг үнэлэхдээ “О У” ХХК, “С Т” ХХК-иуд нь төлөвлөгөөнд тусгасан орон нутгийн төсөв нь хангалттай тул 4 оноо, “Р Х” ХХК болон “Т С О” ХХК-ийн төсөв нийт тусгасан төсөвтөө оруулаагүй, хангалтгүй байсан тул 0 оноо өгсөн” гэж үндэслэлээ тодорхой тайлбарлажээ. “Т С О” ХХК-ийн Техникийн саналын 90 дэх талд байх СШ 52-1 кодтой Дарцагт талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөний төсөл, төсвийн нэгтгэлдээ орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөөний төсвийг тусгаагүй байдаг. Сонгон шалгаруулалтын журмын 3.3.2.8-д “Орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөө нь ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон орон нутгийн бизнесийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, бэлчээр ашиглах уламжлалыг хадгалан хамгаалах, хөгжүүлэх, усжуулах ажилд дэмжлэг үзүүлэх, түүх, соёлын дурсгалт газрыг хадгалж, хамгаалах талаар тусгасан байна” гэжээ. Энэхүү заалтын дагуу тухайн ажлыг гүйцэтгэхэд бодит төсвийг тусгах ёстой. “Т С О” ХХК нь Дарцагт талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөний төсөл, төсвийн нэгтгэлдээ орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөөний төсвийг тусгаагүй байгаа нь төлөвлөгөөг бодитоор хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг илэрхийлж байна. Иймд “комиссын гишүүн Ш.М жишиг онооны дагуу үнэлээгүй” гэж дүгнэсэн Ажлын хэсгийн дүгнэлт үндэслэлгүй.

            7.5. Цаашилбал, 2 дугаар хавтаст хэргийн 144-173 дэх талд авагдсан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02/2443 дугаартай бичгээр шүүхэд ирүүлсэн “Т С О” ХХК-ийн 2020, 2021 оны санхүүгийн тайлангаас тус компани нь 985 сая төгрөгийн өртэй, орлогын тайлангаар алдагдалтай, 2020 оны санхүүгийн тайлангаар мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө нь 654,000 төгрөг, цалингийн зардал 0 төгрөг, 2020, 2021 онд нийт ашиг 0 төгрөг буюу хасах баланстай, алдагдалтай ажиллаж иржээ. Түүнчлэн эздийн өмч гэж бүх өрийг төлсний дараа аж ахуйн нэгжид үлдэх буюу эздэд хуваарилагдах боломжтой хөрөнгийг хэлдэг бөгөөд “Т С О” ХХК-ийн хувьд эздийн өмчийн дүн 14 сая төгрөг буюу алдагдалтай, үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүн ч мөн хасах байна. Эндээс үзэхэд “Т С О” ХХК нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаггүй гэж харагддаг. Дүгнэвэл, “Т С О” ХХК-ийн санхүүгийн тайлангуудаар нотлогдож буй санхүүгийн байдлаас нь авч үзвэл тус компаниас сонгон шалгаруулалтад гаргасан төсөв болоод орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөө нь бодит бус, тус компанийн санхүүгийн чадавхийн хувьд хэрэгжүүлэх боломжгүй болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл, ийм санхүүгийн үзүүлэлтэй компани нь сонгон шалгаруулалтын төсөв, орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөөг санхүүжүүлэх бодит боломжгүй. Ийм учраас “комиссын гишүүн Ш.М жишиг онооны дагуу үнэлээгүй” гэж дүгнэсэн Ажлын хэсгийн дүгнэлт үндэслэлгүй.

            7.6. Ажлын хэсгийн дүгнэлтийн 3-д “ “Т С О” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан, ашигт малтмалын хайгуул хийх, өрөмдлөг хийх, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг эрхэлдэг, 6 үндсэн ажилтан, боловсон хүчин, техникээр хангагдсан материалыг саналдаа хавсаргасан” гэжээ. Өөрөөр хэлбэл, энэ тайлбарыг Ажлын хэсэг тус компанийг туршлагатай, шаардлагыг хангасан гэх утгаар оруулсан гэж ойлгогдож байна. Дээр дурдсанчлан 1 дүгээр хавтаст хэргийн 230 дахь талд байх Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 625 дугаар бичгээр ирүүлсэн лавлагаагаар “Т С О” ХХК нь 2020 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, 2021 оны 8 дугаар сарын байдлаар гүйцэтгэх захиралтайгаа нийлээд 3 ажилтан дээр л нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Мөн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд ирүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн лавлагаагаар “ “Т С О” ХХК нь 2020 онд нийгмийн даатгалд хамрагдаагүй” гэсэн байна. Түүнчлэн 2 дугаар хавтаст хэргийн 170 дахь талд авагдсан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02/2443 дугаартай бичгээр шүүхэд ирүүлсэн “Т С О” ХХК-ийн 2020 оны санхүүгийн тайлангаас ажилчдын тоо 0, цалингийн зардал 0 төгрөг гэжээ. Эндээс тус компани 2020 онд үндсэн ажилтан байгаагүй гэдэг нь давхар нотлогддог. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 245, 246 дахь талд, 3 дугаар хавтаст хэргийн 117 дахь талд авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10/8771 дугаартай лавлагаагаар “Т С О” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үүсгэн байгуулагдсан боловч хайгуулын үйл ажиллагаа эрхлэхийг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлсэн. 3 дугаар хавтаст хэргийн 117 дахь талд авагдсан баримтаас үзвэл “Т С О” ХХК-ийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Г.О гэж хүн байгуулсан, харин одоогийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Г.У нь 2021 оноос хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал болсон байна. Мөн 3 дугаар хавтаст хэргийн 137 дахь талд авагдсан гэрээг үзэхэд Г.У нь 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр “Т С О” ХХК-ийн 100 хувийн хувьцааг В.Эаас 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан байна. 1,000,000 сая төгрөгөөр үнэлэгдэж буй компанийг туршлагатай, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг гэж үзэх боломжгүй. Эндээс хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компанийг Г.У 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгөөр худалдаж аваад 3 сар орчим хугацааны дараа 3.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцсон болох нь харагдаж байна. Энэ нөхцөл байдлаас болон дээр дурдсанчлан 2020, 2021 оны санхүүгийн тайлангаас “Т С О” ХХК нь 985 сая төгрөгийн өртэй, орлогын тайлангаар алдагдалтай, мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө нь 654,000 төгрөг, цалингийн зардал 0 төгрөг, нийт ашиг 0 төгрөг буюу хасах баланстай, эздийн өмчийн дүн-14 сая төгрөг буюу алдагдалтай, үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүн ч мөн хасах байхад СШ-52-1 сонгон шалгаруулалтад 3,175,282,515 төгрөгийн үнийн санал өгсөн байх бөгөөд тухайн 3.1 тэрбум төгрөгийн үнийг ямар эх үүсвэрээр төлөх гэж байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл “Т С О” ХХК сонгон шалгаруулалтад шалгарах бодит боломж байгаагүй нь ч тогтоогддог. Мөн шүүхийн шийдвэрт дурдсанчлан “Т С О” ХХК-ийн сонгон шалгаруулалтад материал өгсөн 6 ажилтны хувьд ажилд авсан буюу ажилд томилсон тушаал, шийдвэр нь сонгон шалгаруулалтын материалд байхгүй.

            7.7. Ажлын хэсгийн дүгнэлтийн 4-д “ “С Т” ХХК 1999 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан, гэрчилгээнд ашигт малтмалын ашиглалт зэрэг үйл ажиллагааг тэмдэглэсэн, геологийн хайгуулын ажлыг хийж гүйцэтгэхэд геологийн мэргэжилтэй хүн хангалтгүй байна” гэжээ. Энэхүү дүгнэлт нь “С Т” ХХК нь үнэлгээний хуудасны 3-д заасан “Геологи, хайгуулын ажлын болон үйл ажиллагааны туршлага хангалтгүй” гэсэн агуулгатай байна. 3 дугаар хавтаст хэргийн 63 дахь талд авагдсан “С Т” ХХК-ийн дүрмийн 1.5.1-д “Компанийн эрхлэх үйл ажиллагаа ашигт малтмалын хайгуул, ашиглалт” гэж тодорхой заасан. Мөн 3 дугаар хавтаст хэргийн 73 дахь талд “С Т” ХХК-ийн 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан бөгөөд гэрчилгээний арын хуудас “1999 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эрхлэх ажилд алт олборлох, хайгуул хийх ажлыг бүртгэв” гэжээ. Эндээс “С Т” ХХК нь 1999 онд буюу 22 жилийн өмнө хайгуул хийх үйл ажиллагааг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээнд бичилт хийгдэж байсан нь тогтоогдож байна. Түүнчлэн 2 дугаар хавтаст хэргийн 201-239 дэх талд байх баримтуудаас “С Т” ХХК нь ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг тасралтгүй эрхэлж байсан нь нотлогддог. Иймд Ажлын хэсгийн дүгнэлтээр “ “С Т” ХХК нь үнэлгээний хуудасны 3-д заасан Геологи, хайгуулын ажлын болон үйл ажиллагааны туршлагыг хангахгүй” мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Цаашилбал, “Т С О” ХХК нь уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагааны чиглэлийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бүртгүүлсэн, хайгуулын үйл ажиллагаа эрхлэхийг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлсэн байдаг. Тус компани 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн XV-020585 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Үнэлгээний хуудасны 3.1-д геологи, хайгуулын албарт 5 хүртэл жил үйл ажиллагаа явуулсан бол 1 оноо, 5-10 хүртэл жил бол 2-3 оноо” гэж заасан. Дээрхээс үзэхэд “Т С О” ХХК нь 2021 оны 5 дугаар сард зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход туршлага нь 5 жил хүрээгүй буюу 5 хүртэл жилийн туршлагатай байна. Энэ тохиолдолд комиссын гишүүд тус компанид 5-10 жилийн туршлагатай тохиолдолд өгч болох 2-3 оноог өгсөн нь энэ хэсэгт тухайн компанид өндөр оноо өгсөн гэдгийг нотолдог.

            7.8. Ажлын хэсгийн дүгнэлтийн 5-д “ “С Т” ХХК-ийн зөвлөх геологич Г.Дг үндсэн ажилтан гэж үзэхэд учир дутагдалтай, комиссын гишүүд 3 оноо өгсөн нь ойлгомжгүй” гэжээ. Үнэлгээний хуудасны 2.2-т “Төсөлд зөвлөх геологич ажиллах бол 3 оноо” гэжээ. Комиссын гишүүд энэ журмын дагуу үнэлгээ өгсөн. Сонгон шалгаруулалтын журам болон хууль тогтоомжид “ажилтан болохыг зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр нотлох ёстой” гэсэн шаардлага тавиагүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343 (Ажил гүйцэтгэх гэрээ), 359 дүгээр зүйлд (Хөлсөөр ажиллах гэрээ)-д заасан гэрээний дагуу ажиллаж байгаа иргэн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар заасан. Иймд үндсэн ажилтанг зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр тооцох мэтээр ажлын хэсэг дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. Ажлын хэсгийн дүгнэлтэд ийм хууль тогтоомж, журам байхгүй, цаашид гаргах шаардлагатай байж болох зэргээр дурдсан нь Ажлын хэсэг дүгнэлтээ хууль тогтоомжид үндэслээгүй гаргасан болохыг илтгэдэг. Цаашилбал, 2 дугаар хавтаст хэргийн 194, 3 дугаар хавтаст хэргийн 49-54 дэх талд авагдсан лавлагаагаар зөвлөх геологич Г.Д нь “С Т” ХХК-ийн ажилтан бөгөөд 2021 оны 7 дугаар сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь нотлогддог. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 195 дэх талд “С Т” ХХК болон Зөвлөх геологич Г.Д нарын хооронд байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ” авагдсан. Өөрөөр хэлбэл, тухайн төслийг удирдуулахаар зөвлөх геологич авч ажиллуулахыг хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд уг төсөлд зөвлөх геологич Г.Д ажиллана. Иймд “зөвлөх геологич Г.Дг үндсэн ажилтан гэж үзэхэд учир дутагдалтай” гэж дүгнэсэн Ажлын хэсгийн дүгнэлт үндэслэлгүй.

            7.9. Ажлын хэсгийн дүгнэлтийн 6-д “Үнэлгээний хуудасны 1.1-д заасан Геологи хайгуулын ажлын талаар-Арга, аргачлал, төлөвлөлт оновчтой, дэвшилтэт аргачлал, техник технологийн шийдэл бүхий, өмнөх судалгааны материалыг бүрэн судалсан гэсэн хэсэгт “С Т” ХХК-ийн саналыг комиссын гишүүд хэт зөрүүтэй үнэлсэн, энэ нь зориудаар бодит бус үнэлгээ өгсөн байх магадлалтай” гэжээ. Хэрэв зориудын бодит бус үнэлгээ гэж үзэж байгаа бол Ажлын хэсэг энэ асуудлыг баримтаар нотлох ёстой боловч тийнхүү нотолсон зүйлгүй. “С Т” ХХК-ийн Техникийн саналын 71-73 дахь талд эрэл хайгуулын ажлыг орчин үеийн шаардлагад (Австралийн JORC стандарт, Умард Америкийн 43-101) нийцүүлэн гүйцэтгэх, 73 дахь талын 4.3-д “дрон ашиглан тойм зураглалын ажил гүйцэтгэнэ, зураглалын ажлыг Mavic 2 Enterprise Advanced дроныг ашиглан Google сансрын зурагтай уялдуулж явуулна, 48 мегапиксел нягтаршилтай, байршил тогтоох нарийвчлалыг сантиметрийн түвшинд хийх боломжтой, геологийн зураг зохиохдоо агаар сансрын зургийн тайлалт хийнэ, ArcGIS зэрэг геологийн зураглалын программ ашиглан боловсруулалт хийнэ, ажиглалтын цэг, уулын ажлууд, дээж сорьцын солбилцлыг өндөр нарийвчлалтай GPS-ээр хэмжинэ, GPS truck-ийн аргаар зураглаж, GPS-utility программыг ашиглан геологи, баримт материалын зургийг бэлтгэнэ” гэхчлэн тодорхой тусгажээ. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 178 дахь талд авагдсан комиссын гишүүн Р.Эы шүүхэд ирүүлсэн тайлбарт “Геологи хайгуулын ажлын төсөв, төлөвлөгөөнд бусад 3 компаниас илүү арга, аргачлал, төлөвлөлт оновчтой, дэвшилтэт аргачлал, техник технологийн шийдэл бүхий, өмнөх судалгааны материалыг бүрэн судалсан, тусгасан тул “С Т” ХХК-д илүү оноо өгсөн” гэж, мөн 182 дахь талд авагдсан комиссын гишүүн Ш.Агийн шүүхэд ирүүлсэн тайлбарт “С Т” ХХК-ийн материал нь арга аргачлал, төлөвлөлт оновчтой, дэвшилтэт аргачлал ашиглан төлөвлөгөө гаргасан” гэсэн байдаг. Иймд Ажлын хэсгийн дүгнэлтээр “комиссын гишүүдийг зориудаар бодит бус үнэлгээ өгсөн байх магадлалтай” гэж аливаа баримт, нотолгоогүйгээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн шүүхийн шийдвэрээр ч сонгон шалгаруулалтын комиссын гишүүдийн дотоод итгэл үнэмшлээр өгсөн үнэлгээг үгүйсгэх хуулийн боломжгүй гэдгийг дурдаж, энэ асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

            7.10. Анхан шатны шүүх Ажлын хэсгийн дүгнэлт үндэслэлгүй болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн тул тус дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/103 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон.

            7.11. “С Т” ХХК нь 92.57 оноо авч сонгон шалгаруулалтад шалгарсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар Ашигт малтмал, газрын тосны газар нь хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчид тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх, 20.3-д зааснаар сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүү, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлөх тухай мэдэгдлийг тус компанид хүргүүлж, 20.5 болон “Сонгон шалгаруулалтын журам”-ын 4.7.1-д зааснаар “С Т” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэх ёстой. Анхан шатны шүүх энэ асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. 

            7.12. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ажлын хэсэг нь давж заалдах гомдолдоо шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр эс зөвшөөрч буйгаа тодорхой дурдаагүй бөгөөд гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Дээр дурдсанчлан Ажлын хэсгийн дүгнэлт үндэслэлгүй гарсан болохыг шүүх үндэслэл бүхий байдлаар дүгнэсэн бөгөөд хариуцагч нь тухайн дүгнэлтийг ямар үндэслэлээр эс зөвшөөрч байгаа талаараа гомдолдоо тодорхой дурдаагүй байна. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 22-т “Үнэлгээний комиссын гишүүдийн тайлбар болон оноо өгсөн үнэлгээний хуудаснаас үзвэл гишүүд бүгд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудасны шалгуур үзүүлэлтэд өгөх жишиг онооны хязгаарт багтаан өөрсдөд нь олгосон эрх хэмжээний хүрээнд харгалзах оноог өгсөн болох нь тогтоогдож байна”, мөн 24-д “ ... ажлын хэсэг СШ-52-1 дугаартай сонгон шалгаруулалтыг шалгаж дүгнэлт гаргахдаа, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тус сонгон шалгаруулалтыг холбогдох хууль журамд заасны дагуу явагдсан эсэх, мөн үнэлгээний комисс жишиг онооны хязгаарыг зөрчсөн талаар шалгахаас биш сонгон шалгаруулалтын комиссын гишүүдийн дотоод итгэл үнэмшлээр өгсөн субьектив үнэлгээг үгүйсгэх хуулийн боломжгүй” гэсэн.

            7.13. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1/2610, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 8/2616 тоот гомдол болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эын гаргасан гомдлын тухайд тэдгээр гомдолд “Ажлын хэсгийн дүгнэлт нь Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах журмын 6.2.2 дахь хэсгийг үндэслэн гарсан, гэтэл анхан шатны шүүх зөвхөн гэрч нарын мэдүүлгийг гол үндэслэлээ болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэжээ. “Сонгон шалгаруулалтын журам”-ын 6.2.2-т “Төрийн захиргааны төв байгууллага нь гаргасан гомдлын дагуу сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг шалгах эрх бүхий ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр томилох бөгөөд ажлын хэсгээс гомдлыг ажлын 5 хоногт багтаан хэрхэн шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийг гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасан. Энэхүү заалт нь Ажлын хэсэг дүгнэлт гаргах асуудлыг зохицуулсан ерөнхий заалт байх бөгөөд шүүх шийдвэрээ гаргахдаа зөвхөн тайлбар, мэдүүлэгт бус ажлын хэсгийн дүгнэлт үндэслэлгүй гарсан буюу сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар холбогдох бүхий л нотлох баримтууд болон хууль тогтоомжид үндэслэсэн байдаг бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгээс тодорхой харагдаж байна. Иймд хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдлууд нь үндэслэлгүй.

                        7.14. “Т С О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо “ажлын хэсгийн гаргасан дүгнэлт нь захиргааны акт биш, мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй” гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу Ажлын хэсгийн дүгнэлт нь “СШ-52-1 сонгон шалгаруулалтын комисс үнэлгээг жишиг онооны дагуу үнэлээгүй гэж үзэж, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох нь зүйтэй” гэж дүгнэж, үүнийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж, тухайн дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газар үндэслэж, “С Т” ХХК-ийн шалгарсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зарлахаар шийдвэрлэсэн байх буюу нэхэмжлэгчид шууд эрх зүйн үр дагавар үүсгэсэн байх тул захиргааны акт мөн гэж шүүх үндэслэл бүхий дүгнэсэн. Түүнчлэн гуравдагч этгээд нь хэсгийн дүгнэлттэй холбогдуулан уг захиргааны хэрэгт өөрсдийн эрх, хууль ёсны сонирхол хөндөгдөж байна хэмээн гуравдагч этгээдээр оролцсон атлаа “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй” гэж маргаж байгаа нь хоорондоо зөрчилдөөнтэй, ойлгомжгүй байна.

                        7.15. Мөн “Т С О” ХХК гаргасан гомдолдоо “анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийг хэлэлцэлгүй орхигдуулсан буюу шинжээч томилоогүй” гэжээ. “ Т С О” ХХК-ийн хүсэлтийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8588 дугаар захирамжаар “Т С О” ХХК-ийг тус хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Гуравдагч этгээдээс шинжээч томилуулах хүсэлт гаргаж байгаагүй. Харин 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Гуравдагч этгээдээр тогтоолгох, мөн манай компанийн эрх ашгийг хангах үүднээс уг сонгон шалгаруулалтыг дахин зарлахгүйгээр сонгон шалгаруулалтын материалд жишиг онооны дагуу үнэлгээг дахин хийлгэн манай компанийн эрх ашгийг хангаж өгнө үү” гэсэн хүсэлт, тайлбар эсэх нь ойлгомжгүй зүйлийг хэрэгт гуравдагч этгээдээр оролцоогүй үедээ гаргаж байсан. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “... манай компанид дээрх хууль журамд заасан шалгарсан болон төлбөр төлөх мэдэгдлийг өгч, улмаас тусгай зөвшөөрлийг олгох, эсхүл сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хийх ёстой гэж үзэж байгаа. Иймд “Т С О” ХХК-ийг уг захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг хангаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж байсан. Хүсэлтийн дагуу шүүх тус компанийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан. Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8588 тоот захирамж гарснаас хойш тус компаниас аливаа бие даасан шаардлага гаргаагүй, шинжээч томилуулах хүсэлт мөн гаргаж байгаагүй.

                        7.16. Харин тус компани 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тайлбартаа “Нэхэмжлэгчийн 2 дахь шаардлага (Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн СШ-52-1 дугаартай сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох тухай Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/103 дугаар тушаалыг хүчингүй болгуулах)-ын тухайд ерөнхийдөө нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжиж байна. Манай компанийн зүгээс дахин сонгон шалгаруулалтыг шинээр дахин зарлах хууль зүйн үндэслэлгүй тул энэхүү тушаалыг бүхэлд нь бус зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно” гэсэн. Үүний дараа мөн тус компаниас шүүхэд гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/30 дугаартай тайлбартаа “манай компанийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бичгээр гаргасан тайлбарыг хэрэгсэхгүй орхиж өгнө үү” гэсэн. Эндээс үзэхэд “Т С О” ХХК нь шүүхэд гуравдагч этгээдийн хувиар шинжээч томилуулах хүсэлт, эсхүл бие даасан шаардлага гаргаж байгаагүй байтал гаргасан мэтээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй.

                        7.17. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 262 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын болон гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийн хоёр буюу түүнээс дээш оролцогч гомдол гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хууль, “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдлийг хэвээр үлдээж, харин шийдвэрийн Тогтоох хэсэгт хариуцагчийн нэрийг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

3. Шүүх хэргийн оролцогчдын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолд хамаарах Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт орших 38951,67 га “Дарцаг” нэртэй талбайд 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зарлагдсан СШ-52-1 дугаартай сонгон шалгаруулалтад 4 аж ахуйн нэгж саналаа ирүүлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны А/57 дугаар тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалтын комисс нийт 92.57 оноогоор “С Т” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний дүнг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны А/87 дугаар тушаалаар баталгаажуулсныг гуравдагч этгээд “Т С О” ХХК эс зөвшөөрч, гомдол гаргасны дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/96 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шалгаж, тухайн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох дүгнэлт гаргасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын А/103 дугаар тушаалаар СШ-52-1 дугаартай сонгон шалгаруулалтын дээрх “Дарцаг” нэртэй талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин зарлах ажлыг зохион байгуулахыг хариуцагчид даалгажээ. 

            3.2. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох үйл ажиллагаатай холбоотой аж ахуйн нэгжээс гаргасан гомдлын дагуу сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг шалгах Ажлын хэсэг нийт 6 асуудлаар дүгнэлт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулсан, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон нэхэмжлэгчид сөрөг үйлчлэлтэй захиргааны акт байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл Ажлын хэсгийн дүгнэлт нь гомдол хянан шалгаж шийдвэрлэсэн дүгнэлт юм” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.  

            3.3. Ажлын хэсгийн дүгнэлтийг анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудад үндэслэн тус бүрд нь зөв дүгнэж “... шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тус сонгон шалгаруулалтыг холбогдох хууль журамд заасны дагуу явагдсан эсэх, мөн үнэлгээний комисс жишиг онооны хязгаарыг зөрчсөн талаар шалгахаас биш сонгон шалгаруулалтын комиссын гишүүдийн дотоод итгэл үнэмшлээрээ өгсөн субьектив үнэлгээг үгүйсгэх хуулийн боломжгүй...” гэх үндэслэлээр тус дүгнэлтийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

            3.4. Тухайлбал, дүгнэлтийн 1 дэх хэсгийн тухайд хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаагаар тус компани нь 2021 оны 6 сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлсэн, 2020 онд нийгмийн даатгалд хамрагдаагүй, дүгнэлтийн 2 дахь хэсгийн тухайд “Т С О” ХХК нь тухайн талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөний төсөл, төсөв нэгтгэлдээ орон нутагт оруулах  хөрөнгө оруулалтыг тусгаагүй, дүгнэлтийн 3 дахь хэсгийн тухайд “Т С О” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 10/8771 дугаар лавлагаагаар хайгуулын үйл ажиллагааг эрхлэхээр 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлсэн, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх чиглэлийг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр бүртгүүлсэн, компанийн 2020, 2021 оны тайлангаар өртэй, орлогын тайлан алдагдалтай,  дүгнэлтийн 4 дэх хэсгийн тухайд “С Т” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 1999 оны 10 дугаар сарын 29-ий өдөр эрхлэх ажлын алт олборлох, хайгуул хийх ажлыг бүртгэсэн, дүгнэлтийн 5 дахь хэсгийн тухайд зөвлөх геологич Г.Д нь “С Т” ХХК-ийн ажилтан бөгөөд 2021 оны 7 дугаар сараас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, тус компанитай 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан, дүгнэлтийн 6 дахь хэсгийн тухайд комиссын гишүүд хэт зөрүүтэй үнэлсэн, энэ нь зориудаар бодит бус үнэлгээ өгсөн байх магадлалтай гэдгийг нотлох ямар нэгэн баримтгүй, комиссын гишүүд үнэлгээний хуудасны шалгуур үзүүлэлтэд өгөх жишиг онооны хязгаарт багтаан өөрсдөд нь олгосон эрх хэмжээний хүрээнд харгалзах оноог өгсөн зэргээр тус тус үгүйсгэгдэж байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... анхан шатны шүүх зөвхөн гэрч нарын мэдүүлгийг гол үндэслэлээ болгож ... Ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

            3.5. Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 10.1.2-д  заасан журмын дагуу зохион байгуулж, хуульд заасан үйл ажиллагааг гүйцэтгэхээр заасан. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т энэ хуулийн 24.1-д зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо энэ хуулийн 18 дугаар зүйл, 20.1-д заасан журмыг нэгэн адил баримтлахаар, 26 дугаар зүйлийн 26.9-д “улсын төвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж тус тус заасан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын журам”-ын 3 дугаар зүйлд зааснаар сонгон шалгаруулалтын комисс тухайн талбайд сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, журмын 4 дүгээр зүйлд зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны А/87 дугаар тушаалаар баталгаажуулсан нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.

            3.6. Анхан шатны шүүх Ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий байх тул түүнийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын А/103 дугаар тушаалаар СШ-52-1 дугаартай сонгон шалгаруулалтын дээрх “Дарцаг” нэртэй талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин зарлах ажлыг зохион байгуулахыг даалгасныг хүчингүй болгосон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

            3.7. Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Энэ хуулийн 20.1.1, 20.1.2-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой бол сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүү,  тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай мэдэгдлийг сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээдэд хүргүүлнэ”, 20.5-д “Сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээдэд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 43.1-д заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаар “С Т” ХХК нь СШ-52-1 дугаартай сонгон шалгаруулалтад шалгарсан мэдэгдлийн дагуу үнийн саналын зөрүү 2,979,802,755 төгрөгийг тушаасан байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй. Анхан шатны шүүх холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж “СШ-52-1 дугаартай сонгон шалгаруулалтад шалгарсан “С Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлүүлэх мэдэгдэл хүргүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Харин шийдвэрийн Тогтоох хэсэгт хариуцагчийн нэрийг “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад” гэснийг “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст”  гэж зөвтгөх нь зүйтэй байна.

            3.8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч дүгнэлт хийсэн, мөн тусгай мэдлэг шаардсан буюу геологи уул уурхайн мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтийг шинжээч томилолгүй дүгнэж шийдвэр гаргасан, хөндлөнгийн шинжээч томилох, сонгон шалгаруулалтын үнэлгээг бүхэлд нь дахин хийлгэх хүсэлтийг хэлэлцэлгүй орхигдуулсан...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

            3.9. “Т С О” ХХК-иас 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр шүүхэд “... манай компанийг гуравдагч этгээдээр тогтоож өгөх, ... сонгон шалгаруулалтыг дахин зарлахгүйгээр сонгон шалгаруулалтын материалд жишиг онооны дагуу үнэлгээг дахин хийлгэн манай компанийн эрх ашгийг хангаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж, шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8588 дугаар захирамжаар тус компанийг тухайн хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулжээ. Үүнээс хойш “Т С О” ХХК-иас ямар нэгэн бие даасан шаардлага болон шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, харин шүүхэд ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тайлбартаа “...А/103 дугаар тушаалыг хүчингүй болгуулахын тухайд ерөнхийдөө нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжиж байна. ... дахин сонгон шалгаруулалтыг шинээр дахин зарлах хууль зүйн үндэслэлгүй тул энэхүү тушаалыг бүхэлд нь бус зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно”, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тайлбартаа “... манай компанийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бичгээр гаргасан тайлбарыг хэрэгсэхгүй орхиж өгнө үү” гэжээ.

            3.10. Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүх шийдвэрт нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй байх тул гомдол үндэслэлгүй байна.

            3.11. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт “... хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж” гэх байдлаар чухам аль хариуцагчаас гаргуулах нь тодорхойгүй тусгасан байх тул Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “хариуцагчаас” гэснийг “хариуцагч тус бүрээс хувь тэнцүүлэн” гэж зөвтгөж өөрчлөх нь зүйтэй байна.

4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдлийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн 262 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад” гэснийг “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст” гэж, 2 дахь заалтад “хариуцагчаас” гэснийг “хариуцагч тус бүрээс хувь тэнцүүлэн” гэж тус тус өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР        

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН