| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/1168/Э |
| Дугаар | 1184 |
| Огноо | 2020-06-24 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 1184
2020 06 24 2020/ШЦТ/1184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал,
улсын яллагч: Ц.Ганцэцэг
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:
шүүгдэгч: Д.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.С-д холбогдох эрүүгийн 2006 00000 1556 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.С, 1976 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инжененр мэргэжилтэй, Тод–Од спорт дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Тайм таур хотхоны 217-17 тоотод түр оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Д.С нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Тайм таур хотхоны 217-17 тоотод буюу гэртээ Д.Нэргүйтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн зовхи,хамарт цус хуралт,зүүн зовхи хацарт заалан эдийн няцрал хамрын зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэх мэдүүлэг,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хохирогч Д.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-н 8-9/, гэрч О.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-н 16-17/, Шинжээч томилж шинижлгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 26/, Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 6586 тоот шинжээчийн дүгнэлт / хх-н 27-28/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 29-30/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Д.Сандагдагвын өгсөн мэдүүлэг / хх-н 20/ , Б.Эрхэмбаяр, Д.Нэргүй нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналууд /хх-н 76-77/, прокурорын 436 тогтоол/ хх-н 82/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх үндэслэл боломжийг яллагдагчид танилцуулсан тэмдэглэл / хх-н 32/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 34/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-н 32/,з ахиргааны зөрчлийн талаарх баримт/ хх-н 35-38/, Д.Сд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 68/, 71-73-36/, Д.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 74-75/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.С нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 25-ны орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Тайм таур хотхоны 217-17 тоотод буюу гэртээ Д.Нэргүйтэй үсний найр болж байхад та нар хөзөр тоглоод байхдаа яадаг юм. Одоо цаг орой болж байна харьцгаа гэж хэлсэн асуудлаас болж өөдөөс маргалдаж түүнийг гэрээсээ чирж гарган нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн зовхи, хамарт цус хуралт, зүүн зовхи хацарт заалан эдийн няцрал хамрын зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч Д.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн… Сандагдагвыг чимээгүй бай олон үгтэй юм вэ гэж хэлэхэд Сандагдагва гэнэт уурлаад суудлаасаа босч ирэн миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би нүүрээ дараад доошоо тонгойтол толгой дээрээс Сандагдагва гараараа олон удаа цохисон. Энэ үед Энхсайхан болон Оюунчимэг нар бид хоёр дээр ирэн Сандагдагвыг цохиулахыг болиулсан. Тэгтэл Сандагдагва дахин намайг чирээд гэрээсээ гаргасан бөгөөд хаалгынхаа гадна гаргаад миний толгой хэсэгт гараараа 7-8 удаа цохьсон мөн өшиглөсөн гэх мэдүүлэг / хх-н 8-19/,
Гэрч О.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ингээд Нэргүй манай нөхрийн хоёр найзтай нь хөзөр тоглож эхэлсэн. Энэ үед манай нөхөр уурлаж эхэлсэн ба үсний найр болж байхад та нар хөзөр тоглоод байхдаа яадаг юм. Одоо цаг орой болж байна харьцгаа гэж хэлсэн. Энэ үед Нэргүй маш их согтолттой байсан бөгөөд манай нөхөр лүү уурлаж эхэлсэн. Нэртэйгээр нь намайг хөөгөөд зайл гээд гаргачихаач гэх мэт зүйл ярин агсам согтуу тавьж эхэлсэн. Ингээд манай нөхөр уурлаж Нэргүйг хүчээр гарган хаалгаа хаасан. Тэгтэл Нэргүй манай хаалганы дэргэд очоод бариулаас барьчихаад гарахгүй гээд уурлаад байсан тул манай нөхөр хаалгаа нээсэн. Тэгтэл Нэргүй манай нөхөрт янз бүрийн зүйл ярьж хэл амаар доромжолж эхэлсэн. Ингээд манай нөхөр уурлаад түлхээд лифтний хажууд аваачин Нэргүйг 3 удаа өшиглөсөн.. гэх мэдүүлэг /хх-н 23-25/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6226 дугаартай дүгнэлтээр Д.Нэргүйн биед Д.Сандагдагвын цохисоны улмаас зүүн зовхи, хамарт цус хуралт, зүүн зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэж тогтоогдсон байна./21-22/,
Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч Д.Сандагдагвын өгсөн… Нэргүй надад хандан “ Чи яасан их юм мэддэг юм. Чиний ёс заншил мэддэг гэж юу байдаг юм” гэх мэтчилэн хэл амаар доромжлон хуруу гараараа чичлэж эхэлсэн. Тэр үед манай бага насны хүүхэд уйлаад байсан тул би суудлаасаа босон Нэргүй дээр очоод хувцаснаас нь барин гэрээсээ түлхэж гаргаад хаалгаа хаачихсан. Ингээд гэртээ ороод байж байтал хэсэг хугацааны дараа Нэргүй манай гэрийн хаалгыг гаднаас нь өшиглөж нүдээд орилж чарлаад байхаар нь би дахин хаалгаа нээтэл над руу маш олон хараалын үгсээр доромжилж эхэлсэн. Танай эхнэрийг ямар явсныг мэднэ танай гэр бүлийг салгана гэж доромжлоод байхаар нь гэрийнхээ хаалганаас түлхэж холдуулаад лифтний хажууд аваачин нуруу хэсэгт нь 2 удаа дэвсээд 1 удаа нүүр хэсэгт нь өшиглөсөн.. .”гэх мэдүүлэг /хх-н 12-14, 40-41/, зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянан хэлэлцэв.
Иймд Д.Сандагдагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Сд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохиролыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдо байгааг хөнгөрүүлэн үзэж, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Д.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй /хх-н 47/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.С нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Д.С нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Д.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН