Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1090

 

 

 

 

 

 

 

   2020          06           09                                   2020/ШЦТ/1090

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ч-н Т-д холбогдох эрүүгийн 2006 00000 1289 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Ч.Т нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хоршооллын 9 дүгээр гудамжны 14 тоотод хохирогч Ц.Гэрэлтуяагийн толгойн тус газарт цонхны хагархай шил шидэн эрүүл мэндэд нь баруун хөмсөгт зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өнөөдөр 17 цагийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Да хүрээ захын хойшоо байрладаг нэгэн айлд очсон ба тэр айлын эмэгтэй болох Зулаа гээд эмэгтэйгээс 2020 оны 02 дугаар сарын үед зээлж өгсөн 2.500.000 төгрөгөө авах гээд очих үед Зулаа гэдэг эмэгтэйн нөхөр нь гэртээ согтуу байшингынхаа цонхыг хагалаад гэртээ унтаж байхад нь би цонхоор нь дуудаад сэрээгээд зээлсэн мөнгөө асуухад нөхөр нь согтуу агсан тавиад байшингынхаа дотор байсан хагархай шилийг аваад надруу шидэхэд миний толгойг онож цус ихээр гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/,

Гэрч С.Төмөрсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр би эхнэр Гэрэлтуяа, эхнэрийн хуурай эгч Мөөгий гэх эмэгтэйн хамтаар 16-н цагийн орчим Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байх найз Зулаагийн гэрт очсон. Учир нь би Зулаагаас 2.750.000 төгрөг авах ёстой байсан ... би хагархай цонхоор хартал байшин дотор Зулаагийн нөхөр гэх нэрийг нь үл мэдэх залуу орон дээр унтаж байсан. Тэр залуу сэрээд цонхон дээрээ ирсэн. Тэгэхээр нь би түүнд хандан эхнэрээс нь мөнгө авах ёстой талаар хэлэхэд тэл залуу надад хандан надад хамаагүй манай эхнэрээс ав гэж хэлсэн бөгөөд тэр залуу архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан тул бид хэдийн дунд үл ойлголцол үүсэн хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Тэгтэл үл таних залуу хагархай шил аваад шидсэн бөгөөд тэр шил нь манай эхнэр Гэрэлтуяагийн баруун хөмсөгний дээд хэсэгт нь оносон. Манай эхнэрийн баруун хөмсөг нь язарч нүд нь хөхөрч хавдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5553 дугаартай: “1. Ц.Гэрэлтуяагийн биед баруун хөмсөгт зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар тал/,

Ч.Төрмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байх гэртээ архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байдалтай унтаж байсан бөгөөд тасарсан байсан. Ингээд гэнэт ухаан ороход зүс таних Гэрлээгийн баруун хөмсөгний дээд хэсгийг шил шидэж зүссэн байдалтай сэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,

         Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18 дугаар тал/,

          Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 19 дүгээр тал/,

          Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 20 дугаар тал/,

          Хохирогч Ц.Гэрэлтуяа, шүүгдэгч Ч.Т нараас гаргасан “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 38-39 дүгээр тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Ч.Төрмөнхийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

     

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Ч.Т нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хоршооллын 9 дүгээр гудамжны 14 тоотод хохирогч Ц.Гэрэлтуяагийн толгойн тус газарт цонхны хагархай шил шидэн онож эрүүл мэндэд нь баруун хөмсөгт зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ч.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Зулаа гэдэг эмэгтэйн нөхөр нь согтуу байшингийнхаа цонхыг хагалаад гэртээ унтаж байхад нь би цонхоор нь дуудаад сэрээгээд зээлсэн мөнгөө асуухад нөхөр нь согтуу агсан тавиад байшингийнхаа дотор байсан хагархай шилийг аваад надруу шидэхэд миний толгойг онож цус ихээр гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/,

Гэрч С.Төмөрсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тэр залуу архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан тул бид хэдийн дунд үл ойлголцол үүсэн хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Тэгтэл үл таних залуу хагархай шил аваад шидсэн бөгөөд тэр шил нь манай эхнэр Гэрэлтуяагийн баруун хөмсөгний дээд хэсэгт нь оносон” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5553 дугаартай: “Ц.Гэрэлтуяагийн биед баруун хөмсөгт зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар тал/,

Ч.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... гэнэт ухаан ороход зүс таних Гэрлээгийн баруун хөмсөгний дээд хэсгийг шил шидэж зүссэн байдалтай сэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

Шүүгдэгч Ч.Төрмөнхийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд Ч.Тнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Ч.Т-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Ц.Гэрэлцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 150.000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан, гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ч.Т-г гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөнд тооцож, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ч.Т нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ.  

Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ч.Т-г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ч.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Т-с учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Төрмөнхийн цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ч-н Т “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Т-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.Тнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

                                                                                                            

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ХАТАНЦЭЦЭГ