Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1091

 

 

 

 

 

 

 

   2020          06           09                                   2020/ШЦТ/1091

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Ө.Учрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн А-н Н-т холбогдох эрүүгийн 1906 05270 1263 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч А.Н нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа амгалан хотхоны орчим хохирогч Г.Золбоог зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн орчим найз Цэндийн найз охин Золзаяа, найз Амарсанаа нарын хамт Цэндийг авахаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Амгалан цагдаа хотхоны байрны гадаа очсон юм. Тэгсэн байрын гадаа Цэндтэй хамт ажилладаг гэх Нямготов, Эрдэнэбаатар өөр танихгүй 2 залуу нартай тааралдсан. Тэгээд Золзаяа Цэндийг авах гэж ирсэн талаар хэлэхэд Нямготов нар Золзаяаг зайл гээд хөөгөөд байсан тэгэхээр нь би очоод та нар яагаад эмэгтэй хүн рүү дайраад байгаа юм гээд Нямготовтой маргалдсан тэгсэн Нямготов маргалдаж байхдаа миний нүүррүү 2 удаа цохьсон тэгэхэд нь миний ухаан балартаад юу болсон гэдгийг санахгүй байгаа бөгөөд Цэнд байрнаас гарч ирээд Нямготовд яагаад манай найзыг цохиж байгаа юм гэж хэлж байсан тэр үед би сэргэсэн. Цэнд Амарсанаа бид хоёрыг өмөөрөөд Нямготов нартай маргалдаж байгаад болиод Цэнд, Золзаяа, Амарсанаа бид нар Цэндийн машинтай явсан. Тэгээд маргааш нь өглөө миний зүүн хацар хавдчихсан хацрын яс дарахаар дуугараад байсан тэгээд хэд хоног хараад хацрын хавдар буухгүй, өвчин нь арилахгүй байхаар нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн тэгсэн хацрын яс цөмөрчихсөн байна гэж хэлсэн. Нямготов миний нүүррүү 2 удаа гараа атгаж байгаад цохиод тэгээд миний ухаан балартсан байхад миний нүүр рүү Нямготов өшиглөсөн байсан тэгэхэд миний биед учирсан гэмтэл учирсан. Би Нямготовд 2 цохиулаад ухаан балартсан байсан болохоор өшиглөсөнг нь санахгүй байгаа юм манай найз Амарсанаа харсан байсан. Би Нямготовыг цохьсон зүйл байхгүй гар хүрээгүй. Нямготов найз нартайгаа нийлээд Цэндийг авах гэж очсон найз охин Золзаяаг нь хэл амаар доромжлоод байсан тэгэхээр нь би Золзаяаг өмөөрч Нямготовтой маргалдсан юм. Тэгсэн намайг Нямготов зодсон. Би гомдолтой байна. Би хацрын ясны хпгалгаанд орж хацрандаа төмөр тавиулсан. Би шинжилгээ хийлгэсэн, хагалгаа ийлгэсэн, эмнэлэгт хэвтсэн, эм тариа авсан зардал нь ойролцоогоор 1.500.000 орчим төгрөг болсон байгаа энэ зардлаа нэхэмжилж байна. Мөн 1 cap ажилдаа явч чадаагүй чөлөө авчихсан байгаа. Тийм учраас нэг сарын цалин 1.200.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-26 дугаар тал/,

Гэрч У.Цэндийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би Да хүрээ зах дээр хэсэг найзуудын хамт архи ууж байгаад Нямготовын гэрлүү очисон. Нямготовын гэрт очиход Эрдэнэбаатар, Каз, Мандах нар гар утсаар тоглоод сууж байсан. Тэгээд Нямготов , Эрдэнэбаатар, Мандах бид дөрөв 2 литерийн пиво 2 ширхэгийг хувааж уусан...Би тухайн үед архи уучихсан байсан болохоор зарим болсон зүйлсийг санахгүй байгаа. Нэг мэдэхэд би гадаа гараад ирчихсэн хүмүүс зодолдож байсан. Золбоо газар хэвтчихсэн Нямготов Золбоогийн дээрээс гараараа нүүрлүү нь цохиж байсан. Би Золбоо Нямготов хоёрыг очиж салгаад, Нямготовын байрны гадаа байсан миний машиныг манай найз охин Золзаяа бариад Золбоо Амарсанаа манай найз охин Золзаяа бид дөрөв тэндээс явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 30-32 дугаар тал/,

Гэрч Б.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр өдөр Золбоогийн гэрт Золбоо бид хоёр байж байхад 20 цагийн орчим манай найз Цэндийн найз охин Золзаяа хүрч ирээд Цэндийг айлаас цуг яваад аваад ирье гэж хэлсэн тэгээд Золбоо, Золзаяа бид нар Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Цагдаа Амгалан хотхоны гадаа 21 цагийн орчим очсон юм. Тэгээд байрны гадаа байж байхад Золбоог нэг залуу нь цамцаар нь дарчихсан бас нэг залуу нь нүүр рүү нь өшиглөж байсан тэгэхээр нь би болиоч би найзыгаа аваад явлаа гээд очиход Золбоогийн нүүррүү өшиглөж байсан залуу миний нүүррүү 2-3 удаа цохьсон тэгээд байж байхад Цэнд байрнаас гарч ирээд Цэнд, Золбоо, Золзаяа бид нар явцгаасан. Золбоо, Золзаяа бид гурав Цагдаа Амгалан хстхоны гадаа очоод Цэндийг хүлээгээд би Цэндийн машин дотор байж байсан юм тэгсэн гадаа хүмүүс зодолдоод байх шиг байхаар нь машинаас буухад Золбоог зодож байсан. Тэнд 4 залуу байсан ба 2 залуу нь хараад зогсож байсан ба Нямготов нь Золбоогийн цамцаар тонгойлгож дараад Эрдэнэбаатар нь Золбоог нүүр рүү нь өшиглөж байсан хажуугаар нь Нямготов бас өшиглөсөн. Золбоо тэдгээр хүмүүстэй ямар зүйлээс маргалдсан, намайг харахаас өмнө хэн яаж Золбоог цохьсон гэдгийг хараагүй намайг харахад Нямготов, Эрдэнэбаатар нар өшиглөж байсан. Золбоогоос дараа нь асуухад Золзаяаг Нямготов, Эрдэнэбаатар нар зайл гэж хэлснээс болж тэдгээр хүмүүстэй маргалдсан гэсэн. Тэгээд бид нар тэдгээр хүмүүсээс салаад явж байхад Золбоогийн нүүр тэр чигтээ битүү хавдсан байсан. Миний хамраас цус гарсан байсан. Золбоо бид нар Нямготов, Эрдэнэбаатар нарт гар хүрсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10636 дугаартай “1. Г.Золбоо-н биед зүүн хоншоор ясны өмнөд хананы хугарал, зүүн зовхи, хацрын цус хуралт, дээд уруулын дотор салстын шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар тал/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч А.Нын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

             Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч А.Н нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа амгалан хотхоны орчим хохирогч Г.Золбоогийн нүүрэн тус газарт цохьж эрүүл мэндэд нь зүүн хоншоор ясны өмнөд хананы хугарал, зүүн зовхи, хацрын цус хуралт, дээд уруулын дотор салстын шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч А.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... та нар яагаад эмэгтэй хүнрүү дайраад байгаа юм гээд Нямготовтой маргалдсан ... Нямготов миний нүүррүү 2 удаа гараа атгаж байгаад цохиод тэгээд миний ухаан балартсан байхад миний нүүррүү Нямготов өшиглөсөн байсан … Би хацрын ясны хагалгаанд орж хацрандаа төмөр тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-26 дугаар тал/,

Гэрч У.Цэндийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Нэг мэдэхэд би гадаа гараад ирчихсэн хүмүүс зодолдож байсан. Золбоо газар хэвтчихсэн, Нямготов Золбоогийн дээрээс гараараа нүүрлүү нь цохьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 30-32 дугаар тал/,

Гэрч Б.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Цагдаа Амгалан хотхоны гадаа очоод Цэндийг хүлээгээд би Цэндийн машин дотор байж байсан юм тэгсэн гадаа хүмүүс зодолдоод байх шиг байхаар нь машинаас буухад Золбоог зодож байсан ... Нямготов нь Золбоогийн цамцаар тонгойлгож дараад ... өшиглөсөн ... бид нар тэдгээр хүмүүсээс салаад явж байхад Золбоогийн нүүр тэр чигтээ битүү хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10636 дугаартай “Г.Золбоо-н биед зүүн хоншоор ясны өмнөд хананы хугарал, зүүн зовхи, хацрын цус хуралт, дээд уруулын дотор салстын шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 38 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

Шүүгдэгч А.Н-ын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд А.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Н-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Золбоо нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.790.000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан, гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч А.Н-ыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөнд тооцож, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

А.Н нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ.  

Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч А.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Н-с учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Н-н цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Н-г 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож уг тогтоолоор оногдуулсан торгох ялаас хасч тооцвол зохино. 

Энэ хэрэгт хохирогчоос гэм хорын хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч А.Н нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн А-н Н “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Н-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Н-г 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож торгох ялаас хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Н-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. А.Н нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Золбоо нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор уг шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Н-т урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                                                 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож барьцааны 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг А.Н-н эх Ж.Э-д олгосугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ