Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 182/шш2017/00164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:С.Т-ын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: С.Н,

Хариуцагч: И.Э,

Хариуцагч: Ц.Жнарт холбогдох 

Зээлийн  гэрээний үүрэг болох 455 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т, хариуцагч С.Н, И.Э, Ц.Ж, гэрч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С. Цэвэл нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Т нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие нь 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр С.Н, И.Э, Ц.Ж нарт 550 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, хугацаанд нь мөнгөө төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. 

            С.Н, Ц.Ж нарт 550 000 төгрөгийг тоолж хүлээлгэн өгсөн бөгөөд И.Этай тохиролцсоны дагуу зээлийн хүүд 140 000 төгрөгийг урьдчилж авсан. И.Э, С.Н нар зээлээ төлөөгүй тохиолдолд Ц.Ж нь төлнө гэж батлан даагчаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч, мөнгөө төлөөгүй. И.Э, С.Н нараас зээлээ төлөхийг шаардаж олон удаа гэрт нь очсон боловч  зээлсэн мөнгөнөөс Ц.Ж 200 000 төгрөгийг авсан гэж байсан. С.Н  нь 150 000 төгрөг төлсөн. И.Эг сураглаад олдохгүй байсан. Иймд хариуцагч С.Н, И.Э, Ц.Ж нараас зээлийн үлдэгдэл  370 000 төгрөг, алданги 85 000 төгрөг нийт 455 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн ярьсан зүйл үнэн.  Хүү И.Э нь С.Таас мөнгө зээлэхээр тохиролцсон байсан тул би Ц.Жийн хамт очиж 550 000 төгрөгийг авсан. Тэгээд 140 000 төгрөгийг буцаан өгсөн. Сүүлд нь 150 000 төгрөгийг төлсөн. Гэтэл С.Т нь хүү И.Эгийн машины бичиг баримт номерийг булаан авч, бидэнд хохирол учруулсанд дургүйцэж байна. Зээлийн үлдэгдэл  200 000 гаруй төгрөгийг төлөөүй байгаа гэв.

Хариуцагч Ц.Эрдэнэдалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Би Ц.Ж ахаар зуулчлуулан С.Таас 550 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй нэг сарын хугацаатай зээлж авахаар тохиролцсон нь үнэн. Өдөрт 18000 төгрөг төлөхөөр байсан. Ээж С.Н, Ц.Жийн хамт очиж 550 000 төгрөгийг авсан. С.Таас зээлсэн мөнгөнөөс урьдчилаад 140 000 төгрөгийг төлсөн. Ц.Жид өртэй байсан тул 200 000 төгрөгийг өгсөн. Зээлсэн мөнгөө хугацаанд нь төлж чадаагүй. Гэтэл С.Т нь байнга мөнгөө нэхдэг. С.Т нь миний машиныг ачигчаар ачиж явна гэсэн. Мөн машины гэрчилгээ, машины номерийг тайлж авч, надад хохирол учруулсан. Би нэхэмжилж байгаа 455 000 төгрөгийг төлөхгүй гэв.

Хариуцагч Ц.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.  Би С.Таас мөнгө зээлээгүй. Харин И.Эг С.Таас мөнгө зээлэхэд нь зуулчилж өгсөн. Зээлийн гэрээнд нь батлан даагчаар оролцоогүй. Харин С.Таас мөнгө авахад нь С.Нийн хамт очсон. И.Э надад өртэй байсан тул түүнээс  200 000 төгрөг авсан. Энэ бол бидний хоорондын асуудал. Энэ маргаанд хамааралгүй.  Би зуулчилж өгсөндөө буруутай. И.Эг олоод өгөөч гэхлээр нь 2 удаа гэрт нь дагуулан очиж уулзуулсан. Би С.Таас ямар ч мөнгө зээлээгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох бармтуудыг шинжлэн судлав.

                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч С.Н, И.Э, Ц.Ж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 455 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч С.Н, И.Э, Ц.Ж нар нэхэмжлэлийн  шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч, тэд  өөрсдийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтуудыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт,гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

Зохигчид  эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ өөрсдөө биелүүлэх учиртай.

Хариуцагч И.Э, С.Н нар нь нэхэмжлэгч С.Таас 2015 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр 550 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр   зээлэхээр тохиролцсон байгаа хэдий ч С.Т нь бодит байдлаар 410 000 төгрөгийг С.Нт хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 4 тал/

Зохигчид зээлийн гэрээгээр хүлээн авсан 410 000 төгрөгийн үнийн дүн болон төлсөн 150 000 төгрөгийн тухайд маргахгүй байгаа.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж тус тус  заажээ.

Талууд зээлийн гэрээг 2 сарын хугацаатай, зээлсэн 410 000 төгрөгт 10 хувиар хүү тооцох тохиролцоо нь тухайн үед зохигчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийлэл  байсан гэж үзнэ.

Энэхүү гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор талууд тохиролцжээ.

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дуусаж байх ба зээлийн гэрээний хугацаанаас хойш С.Н нь 150 000 төгрөг төлж, өөр төлөлт хийгдээгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар бүрэн тогтоогдож байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан үндсэн үүрэг гэдэгт гэрээний үүргийн үнийн дүн буюу үндсэн зээл, гэрээний хугацааны хүү  хамаарагдана.

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дах зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, алданги шаардах эрхтэй.

            Иймд хариуцагч И.Э, С.Н нарын зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг /үндсэн зээл 410 000 төгрөг, зээлийн хүү 41 000 төгрөг/ 451 000 төгрөгөөс  төлсөн 150 000 төгрөгийг хасахад зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 301 000 төгрөг байх бөгөөд үүнээс алдангийг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээ буюу 85 000 төгрөгөөр тооцож, нийт 386 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 69 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

Харин хариуцагч Ц.Ж, нэхэмжлэгч С.Т нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байхын зэрэгцээ хариуцагч И.Э, С.Н нар зээлээ төлөөгүй тохиолдолд тэдний өмнөөс Ц.Ж нь үүргийн гүйцэтгэлийг хангахаар нэхэмжлэгч С.Ттай тохиролцсон гэж үзэх зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 Иймд Ц.Жид холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч С.Н, И.Э нараас 386 000 /гурван зуун наян зургаан мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Тт олгож,  нэхэмжлэлээс 69 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 231 дүгээр зүйлийн 231.1.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ц.Жид холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Таас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 300 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Н, И.Э нараас12 230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Тт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ                              Ж.ЦЭНГЭЛ