Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1128

 

 

 

 

 

 

   

    2020        06             17                                   2020/ШЦТ/1128

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төрмөнх,

Улсын яллагч Я.Сансар,

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-н М-т холбогдох эрүүгийн 2006 02224 1288 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

  Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Э.М нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран дэн буудлын ажилчдын өрөөнөөс хохирогч О.Отгонцэцэгийн эзэмшлийн Самсунг Жи-7 загварын гар утсыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 274.470 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч О.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 05 дугаар сарын 04-ний 12 цагийн орчим би Наран дэн буудлынхаа ээлжнээс буугаад ажлаа хүлээлгэн өгөх гээд хамаг эд зүйлээ ил тавьсан байсан. Тэгтэл 12 цаг 15 минутад гаднаас 3 хүн орж ирээд буудал авах гэсэн юм гэхээр нь манай Ганаа гэх ажилтан өрөөг нь цэвэрлэж өгөх гээд явсан ба би өрөөнд байсан хүмүүсийг цаг нь дууссан өрөөнөөс гар гэж хэлээд явсан. Тэгээд иртэл нөгөө хүмүүс эргээд ороод ирнэ гэж хэлээд гараад явсан ба би байсан эд зүйлсээ хүлээлгэн өгөөд гэрлүүгээ явсан. Оройн 22 цаг өнгөрч байхад надруу манай ажилтан Ганаа залгаад хүмүүсийн барьцаанд тавьсан гар утас дутаад байна аваад явсан юм уу гээд асуухаар нь тийм юм байхгүй гэж хэлээд би шууд ажил дээрээ ирээд камер шүүхэд уг өдөр өрөө авах гэж орж ирээд гарсан хүмүүс утас хулгайлаад гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23 дугаар тал/,

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно компанийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27 дугаар тал/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Э.Мийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.                    

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Э.М нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран дэн буудлын ажилчдын өрөөнөөс хохирогч О.Отгонцэцэгийн эзэмшилд байсан Самсунг Жи-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 274.470 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Э.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч О.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 05 дугаар сарын 04-ний 12 цагийн орчим би Наран дэн буудлынхаа ээлжнээс буугаад ажлаа хүлээлгэн өгөх гээд хамаг эд зүйлээ ил тавьсан байсан. Тэгтэл 12:15 минутад гаднаас 3 хүн орж ирээд буудал авах гэсэн юм гэхээр нь манай Ганаа гэх ажилтан өрөөг нь цэвэрлэж өгөх гээд явсан ба би өрөөнд байсан хүмүүсийг цаг нь дууссан өрөөнөөс гар гэж хэлээд явсан. Тэгээд иртэл нөгөө хүмүүс эргээд ороод ирнэ гэж хэлээд гараад явсан ба би байсан эд зүйлсээ хүлээлгэн өгөөд гэрлүүгээ явсан. Оройн 22 цаг өнгөрч байхад надруу манай ажилтан Ганаа залгаад хүмүүсийн барьцаанд тавьсан гар утас дутаад байна аваад явсан юм уу гээд асуухаар нь тийм юм байхгүй гэж хэлээд би шууд ажил дээрээ ирээд камер шүүхэд уг өдөр өрөө авах гэж орж ирээд гарсан хүмүүс утас хулгайлаад гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23 дугаар тал/,

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно компанийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27 дугаар тал/,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай шүүгчийн захирамж,

Э.М-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “Би дээрх хэргийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн бөгөөд гэмт хэрэг, зөрчилд дахин холбогдсондоо гэмшиж байна. Би хулгайлах зорилгоор авсан. Хэн нэгэн надад зөвшөөрөл олгоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогджээ.

Хохирогч О.Отгонцэцэгийн мэдүүлгээс үзэхэд гэмт хэргийн улмаас алдагдсан гар утас нь тус буудалд үйлчлүүлэгчийн барьцаанд үлдээсэн гар утас болох нь тогтоогдсон, уг эд хөрөнгийн эзэмших, ашиглах эрхгүй этгээдийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байгааг анхаарах нь зүйтэй.

Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд О.Отгонцэцэгийн эзэмшилд түр шилжсэн байсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан авсан байх тул дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх шаардлагагүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзлээ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Мийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч О.Отгонцэцэгт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Би гар утсыг буцаан авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” талаар илэрхийлсэн, түүнчлэн “Оюунбилэг овогтой Отгонцэцэг миний бие Жи-7 маркийн гар утсыг хүлээн авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй” талаар гаргасан хүсэлт хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Э.Мийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

                Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүхээс Э.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, удаа дараа гэмт хэрэгт холбогдсон, энэ төрлийн гэмт хэрэгт урьд ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Э.М-т Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 474 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 /арван нэгэн/ сар 3 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Э.М-ийн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил, 5 /тав/ сар, 3 /гурав/ хоногийн хугацаагаар тогтоов.

                    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-т оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн урьд нээлттэй хорих байгууллагад ял эдэлж байсан, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг  харгалзан үзэж хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

                Шүүгдэгч Э.М-ийн учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                   Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

                    Шүүгдэгч Э.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Б овогт Э-н М-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Э.М-т 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар хорих ял шийтгэсүгэй.

            3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Э.М-т Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 474 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 /арван нэгэн/ сар 3 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Э.Мийн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил, 5 /тав/ сар, 3 /гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.М-т оногдуулсан нийт 3 /гурав/ жил, 5 /тав/ сар, 3 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

             7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

             8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ХАТАНЦЭЦЭГ