Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 1159

 

 

 

 

 

 

   

    2020        06             23                                 2020/ШЦТ/1159

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Шүүгдэгч Д.Нарандорж, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-н Н-д холбогдох эрүүгийн 1906 04623 1092 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч  Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монел 4 дүгээр гудамжны 107 тоотод хохирогч Д.Өлзий-Очиртой маргалдан улмаар хэвлийн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар тал/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Өлзий-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Нарандорж эхнэр Мөнхцэцэгээ алгадаад байсан. Тэгэхээр нь би болиочээ гээд Нарандоржид хэлсэн. Тэгтэл шууд намайг хутгалсан. Ингээд Нарандорж манай гэрээс гараад зугтаасан ... Миний зүүн талын хавиргын доод хэсэгт нэг удаа хутгалсан бөгөөд уг гэмтэл нь дотогш нэвтэрсэн хүйсний дээд хэсгээр гарч ирсэн ... би голоор нь салгах гээд ортол Нарандорж намайг цохисон ... Нарандорж зөрүүлээд яг хажууд байсан ширээн дээрээс хутга аван миний хажуу талруу хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 20-22 дугаар тал/,

Гэрч Д.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Өлзий намайг дуудаад орилоод гал тогооны өрөөнд орж ирсэн юм тэгээд шууд 103 дуудсан тэгтэл Нарандорж гараад зугтаагаад явчихсан юм. Тэгээд би Өлзийг орон дээр аваачиж суулгаад цусаа тогтоогоод тайван сууж бай гэж хэлээд ойр орчим хартал ширээн дээр хутга ба үзүүр хэсэгтээ цус болчихсон байсан ... цус нь гоожчихсон орж ирсэн тэгээд яасан юм гэтэл намайг хутгалчихлаа гэж хэлсэн ба хэн хутгалсныг нь асуухад Доржоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

Гэрч Т.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Нарандорж Өлзий-Очирыг хутгалчихлаа гэсэн. Ингээд би гараад Нарандоржийг хайхаар явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр тал/,

Гэрч О.Оргодолын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Нарандорж, Өлзий-Очир хоёр зодолдоод салчихсан хоорондоо маргалдчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би хажууд байх буйдан дээр нь суугаад байж байтал гэнэт нэгнийгээ хутгалчихлаа гэх яриа гарч эхэлсэн. Тэгэхээр нь би босоод юу болоод байгаа юм гээд хэн хэнийг хутгалчихав гэтэл Өлзий-Очирын хавирганы хажуу талаас нь цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9508 дугаартай “Д.Өлзий-Очирын биед хөндийрүү нэвтэрч хэвлийн гялтан хальс, их сэмжийг гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 40 дүгээр тал/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Д.Нарандоржийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

                                                                                                                       

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Д.Н нь2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монел 4 дүгээр гудамжны 107 тоотод хохирогч Д.Өлзий-Очирын хэвлийн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийрүү нэвтэрч хэвлийн гялтан хальс, их сэмжийг гэмтээсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар тал/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Өлзий-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Нарандорж эхнэр Мөнхцэцэгээ алгадаад байсан. Тэгэхээр нь би болиочээ гээд Нарандоржид хэлсэн ... Тэгтэл шууд намайг хутгалсан. Ингээд Нарандорж манай гэрээс гараад зугтаасан ... Миний зүүн талын хавиргын доод хэсэгт нэг удаа хутгалсан бөгөөд уг гэмтэл нь дотогш нэвтэрсэн хүйсний дээд хэсгээр гарч ирсэн...би голоор нь салгах гээд ортол Нарандорж намайг цохьсон ... Нарандорж зөрүүлээд яг хажууд байсан ширээн дээрээс хутга аван миний хажуу талруу хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 20-22 дугаар тал/,

Гэрч Д.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Өлзий намайг дуудаад орилоод гал тогооны өрөөнд орж ирсэн, тэгээд шууд 103 дуудсан тэгтэл Нарандорж гараад зугтаагаад явчихсан. Тэгээд би Өлзийг орон дээр аваачиж суулгаад цусаа тогтоогоод тайван сууж бай гэж хэлээд ойр орчим хартал ширээн дээр хутга үзүүр хэсэгтээ цус болчихсон байсан ... цус нь гоожчихсон орж ирсэн тэгээд яасан юм гэтэл намайг хутгалчихлаа гэж хэлсэн ба хэн хутгалсныг асуухад Доржоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

Гэрч О.Оргодолын мөрдөн байцаалтад өгсөн: “... Нарандорж, Өлзий-Очир хоёр зодолдоод салчихсан хоорондоо маргалдчихсан зогсож байсан ... гэнэт нэгнийгээ хутгалчихлаа гэх яриа гарч эхэлсэн ... Өлзий-Очирын хавирганы хажуу талаас нь цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9508 дугаартай “Д.Өлзий-Очирын биед хөндий рүү нэвтэрч хэвлийн гялтан хальс, их сэмжийг гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Д.Н-г хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирогч Д.Өлзий-Очир нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.000.000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан байх тул Д.Н-г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс Д.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-п заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаан/ сар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Н-н учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгав.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Н-н цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Б овогт Д-н Н-г “Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаан/ сар хорих ял шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дах хэсэгт зааснаар Д.Н-д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаан/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Н-н урьд нь цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

             5. Шүүгдэгч Д.Н ньбусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

             7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

             8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ХАТАНЦЭЦЭГ

                                                    ШҮҮГЧИД                                Ц.МӨНХТУЛГА

                                                                                                      М.ТҮМЭННАСТ