Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 149

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Ц

Нэхэмжлэгч: Я.Э

Нэхэмжлэгч: Я.Б 

Хариуцагч: Ба******* дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Д.Д ,

Гуравдагч этгээд: Б.А 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ба******* дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 93 тоот захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 495 тоот захирамжийн Я.Б, Д.Д, Б.А нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг захирамжуудыг үндэслэн олгогдсон газар эзэмших эрхийн 14-******* дугаартай гэрчилгээ, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Б, хариуцагч Ба******* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Д.Д, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц, Я.Э, Я.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.Ц миний бие 1932 онд төрсөн өдгөө 85 настай. Өөрийн нөхөр агсан П.Я 1958 онд гэр бүл болж, Улаанбаатар хотын гэр бүлийн товчоонд 1966 онд бүртгүүлсэн . Ингээд Улаанбаатар хот Ба******* дүүргийн хуучнаар 14 хороо , 3-дугаар хэсэг , киноны 5 дугаар гудамжны 1******* тоот хаягт, одоогоор тус дүүргийн 14 дүгээр хороо К*******ын 1-******* тоот амны орон сууц барьж одоог хүртэл үр хүүхэд ач зээ нарын хамтаар тасралтгүй 45 орчим жил эзэмшиж байгаа болно.

Миний бие нь дээрх газрыг нөхөр үр хүүхэд ач зээ нарын хамтаар 1970 оноос хойш тасралтгүй хууль ёсоор эзэмшиж байгаа нь өрхийн бүртгэл хорооны Засаг даргын тодорхойлолтууд хашаа байшингийн даатгал төлсөн баримтууд , хүн ам орон сууцны  2000 оны улсын тоололын мэдээ болон холбогдох баримтуудаар нотлогдоно.

Хөгшин настай миний бие нь 2002 оноос эхлэн Монгол улсын иргэн бүр амьдарч буй амины хашаа байшингаа хувьчилж авах болсон талаар дуулж мэдэж байсан ч үр хүүхдүүд минь миний  өмнөөс хүсэлт гаргаж хууль ёсоор эзэмшиж буй газраа хувьчилж авах асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн хүлээлттэй байсан болно.

Гэтэл бидэнтэй хамт амьдарч байсан миний бага хүү Я.Б-ийн Бүгд найрамдах Солонгос улсад ажил хөдөлмөр эрхэлж буй хойгуур түүний эхнэр Д.Д нь газар эзэмшлийн гэрчилгээг хуучнаар /цагаан гэрчилгээ / бидэнд мэдэгдэлгүй нууцаар авч, Я.Б-ийн нэрийн өмнөөс өргөдөл хүсэлт бичих замаар манай гэр бүлийнхний эзэмшиж байсан Улаанбаатар хот Ба******* дүүрэг 14 дүгээр хороо К*******ын 1-******* хаягт байрлах хашааны газрыг Я.Б-т эзэмшүүлэх тухай Нийслэлийн засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны 93 дугаар захирамж гаргуулан 14-******* дугаартай гэрчилгээ авчээ.

Улмаар уг шийдвэр гэрчилгээг үндэслэн 2003 оны 9 дүгээр сарын 13-нд энэ газрыг гэр бүлийн хэрэгцээнд өмчилж авах өргөдлийг мөн л Я.Б-ийн өмнөөс гаргаж өгснөөр Я.Б болон Д.Д охин Б.А нарын өмчлөлд шилжиж бидний газар эзэмших өмчлөх хууль ёсны субьеътив эрх минь зөрчигдсөн тул хууль ёсны зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж буй болно.

Бид энэ талаар 2013 оны 06 дугаар сард мэдээд Цагдаагийн байгууллагад “ хүүгийн эхнэр Д нь хуурамчаар гарын үсэг дуурайлган зурж , газар эзэмших болон өмчлөх эрхийг авсан байна.” Гэсэн гомдлыг гаргаж уг гомдлыг дагуу эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж бүтэн 3 жил гариу хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан ч 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тус хэргийг эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Ингээд Нийслэлийн Ба******* дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны 93 дугаар. захирамжийн “Я.Б-т газар эзэмшүүлэх эрх олгосон заалт, уг захирамжийг үндэслэн олгосон 14-******* дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээ,Нийслэлийн засаг даргын 2003 оны 495 тоот газар өмчлүүлэх тухай захирамжийг тус тус хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хандсан боловч татгалзсан хариуг 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 05/1851 дугаар тоотоор өгсөн болно.

Нийслэлийн Ба******* дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны 93 дугаар “Я.Бт газар эзэмшүүлэх тухай” захирамж, 14-******* дугаартай гэрчилгээ.Нийслэлийн засаг даргын 2003 оны 495 тоот газар өмчлүүлэх тухай захирамж нь Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг дараахь байдлаар ноцтой зөрчсөн байдаг. Үүнд:

1. Ба******* дүүргийн Засаг даргын “Газар эзэмшигч иргэдийн гэрчилгээг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаар захирамж нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэд газраа хувьчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан гэрчилгээгээ шинэчлээгүй, иргэдийн гэрчилгээг баталгаажуулах, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх ,-ажлыг зохион байгуулах, Газар эзэмшигч иргэдийг гэрчилгээжүүлж, баталгаажуулсан тухай бүртгэлийг хороо тус бүрээр нарийвчлан гаргаж Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг даалгасан утгатай байдаг.

Уг захирамжийн агуулгаас шинээр газар эзэмших эрхийг иргэдэд олгоогүй. харин газар эзэмшиж буй болон газар эзэмших эрхтэй иргэдийг гэрчилгээжүүлсэн нь тодорхой байхад хөгшин миний үр хүүхдийнхээ хамтаар эзэмшиж буйУлаанбаатар хот, Ба******* дүүргийн хуучнаар 14 хороо, 3-р хэсэг, киноны 5 дугаар гудамжны 1******* тоот хаягт, одоогоор тус дүүргийн 14 дүгээр хороо, К*******ын 1-******* хаягт орших газрыг хууль ёсоор газар эзэмшихээр өргөдөл ч гаргаагүй тухай үед Солонгос улсад ажил хөдөлмөр эрхэлж байсан Я.Бийн нэр 93 дугаар захирамжийн хавсралтад орж, уг захирамжийг үндэслэн Я.Б-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ бичигдсэн нь хууль бус юм.

2. Нийслэлийн засаг даргын 2003 оны 495 тоот газар өмчлүүлэх тухай захирамжийн тухайд:

Эрх бүхий албан тушаалтан нь Я.Б-ийн газар эзэмших болон өмчлөх өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэхдээ тус хүсэлт, өргөдөл нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “Өргөдөл гомдолд тавих шаардлага”-ыг  хангаж буй эсэхийг нягтлан шалгаж, өргөдөл, хүсэлт гаргасан этгээдийн гарын үсгийг иргэний үнэмлэх дэх гарын үсэгтэй тулган шалгаагүйгээс үүдэж хууль ёсны газар эзэмшигчийн эрх зөрчигдөх нөхцөл бүрдсэн байна.

Тодруулбал: Миний хүү Я.Б нь 2001 оны 6 дугаар сарын 8 -нд Буянт Ухаа боомтоор БНСУ явж, 2007 оны 2 дугаар сарын 10 -нд Монгол улсдаа буцаж ирсэн бөгөөд энэ хооронд Монгол улсад нэгч удаа ирээгүйгээс гадна газар эзэмших, хувьчилж авах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргаагүй мөн өөрийн нэрийн өмнөөс газар эзэмших, хувьчилж авах талаар хэн нэгэнд итгэмжлэл олгоогүй юм.

Гэтэл Монгол улсад байхгүй байгаа Я.Б-ийн нэрээр холбогдох эрх бүхий байгууллагуудад 2003 оны 04, 09 дүгээр саруудад газар эзэмшүүлэх, өмчлүүлэх хүсэлт, холбогдох материалуудын хамтаар хүргэгдэж, түүний нэр дээр газар эзэмших, өмчлөх шийдвэрүүд, газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээнүүд гарсан нь Газрын тухай хуулийн 32-р зүйл, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтууд ноцтой зөрчигдсөн байна.

 Ба******* дүүргийн 14 дүгээр хороо, К*******ын 1-******* тоот хаягт орших хашааны газрыг манай гэр бул 1970 оноос хойш хууль ёсоор эзэмшиж, нөхрийн хамтаар газар дээрээ амины орон сууц барьж, одоог хүртэл манай ам бүл / Э, Б, Ц/ эзэмшсээр байхад хэддүгээр хороо нь тодорхойгүй албан бланкан дээр хорооны Засаг даргыг орлон, зохион байгуулагч нь гарын үсэг зурсан “уг газарт Я.Б амьдардаг” гэсэн тодорхойлолт, Ба******* дүүргийн Засаг даргад Я.Батблэгийн өмнөөс хэн нэг нь гарын үсэг зурсан хуурамч өргөдөл зэргийг үндэслэн газар эзэмших эрх олгогдсон, мөн газар эзэмших эрх бүхий иргэн буюу эрхгүй тохиолдолд өмчлөх газар нь бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй байхаар хуульчлагдсан байхад газар эзэмших эрхгүй Д.Д, Б.А нарт газар өмчлөх эрх олгогдсон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалтууд ноцтой зөрчигдөж уг газарт амьдарч байгаа хууль ёсны газар эзэмших эрх бүхий иргэдийн эрх, ашиг сонирхлыг хохироосон байна.

Иймд 1970 оноос хойш одоог хүртэл хууль ёсоор газраа эзэмшиж буй нэхэмжлэгчдийн газар эзэмших эрх, эзэмшиж буй газраа өмчлөх субъектив эрхийг зөрчиж газар эзэмших, өмчлөх талаар хүсэл зоригоо илэрлийлээгүй этгээдийн  нэр дээр /Я.Бийн/ нэр дээр газар эзэмших өмчлөх шийдвэр гаргасан Ба******* дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18 ны өдрийн 93, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны 495 дугаар тушаал Я.Б-т холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дэхь хэсэгт тус тус зааснаар илт хууль бус болохыг тогтоож , уг захирамжийг үндэслэн олгогдсон газар эзэмших эрхийн 14-******* дугаартай гэрчилгээ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ба******* дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 93 Нийслэлийн засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 495 дугаар захирамжуудын Я.Б-г холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож уг захирамжуудыг үндэслэн олгогдсон газар эзэмших эрхийн 14-******* дугаартай гэрчилгээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Ба******* дүүргийн 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаар захирамжаар нь Я.Б нь Ба******* дүүргийн 14 дүгээр хороо К*******ын 1-******* тоот хашааны газрыг эзэмших эрх авч, 14-******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна.

Улмаар 2003 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Ба******* дүүргийн Засаг даргад хашааныхаа газрыг өмчлөх хүсэлтээ гаргаж, дараах материалуудыг хавсарган өгсөн. Үүнд: Иргэнии үнэмлэхийн хуулбар, Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Хашааны газрын хэмжилтийн акт, Ба******* дүүргийн хорооны Засаг даргын тодорхойлолт, Хашааны тойм зураг зэргийг хавсарган өгсөн байна.

Эдгээр материалыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2003 оны 495 дугаар захирамжаар Я.Б, хамтран өмчлөгчөөр Д.Д, Б.А нарт 463 м2 газрыг өмчлөн өгч 2003 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр олгосон байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 31 дүгээр зүйлд зааснаар газар өмчлөх эрх дуусгавар болдог тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Хариуцагч Ба******* дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа иргэн Д.Ц, Я.Э, Я.Б нарын нэхэмжпэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг дарга нарт холбогдуулж, Ба******* дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаар, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 495 дугаар захирамжуудын Я.Бг холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн 14-******* дугаартай гэрчилгээ, газар өмчлүүлэх тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, дараах тайлбарыг гаргаж байна. Ба******* дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаар захирамжаар тус дүүргийн 14 дүгээр хороо, К******* 1-******* тоот хаягт байрлах газрыг 2 жилийн хугацаатай Я.Бт эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т ...,аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн, дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах ...” гэж заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 495 дугаар захирамжаар Я.Бийн эзэмшилд байсан дээрх хаягт байрлах 463 кв газрыг гэр бүлийн зориулалттайгаар түүний өмчлөлд шилжүүлсэн байна.

Дүүргийн Газрын албанд нэхэмжлэгч нарын маргаан бүхий газрыг эзэмших талаар зоригоо илэрхийлэн бичгээр гаргасан ямар нэгэн өргөдөл, хүсэлт албан ёсоор бүртгэгдээгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Ц нь "... Хөгшин настай миний бие 2002 оноос Монгол улсын иргэн бүр амьдарч буй амины хашаа, байшингаа хувьчилж авах болсон талаар дуулж, мэдэж байсан ч үр хүүхдүүд минь миний өмнөөс хүсэлт гаргаж, хууль ёсоор эзэмшиж буй газраа хувьчилж авах асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн хүлээлттэй байсан болно...” гэж нэхэмжлэлдээ дурьджээ.

Нэхэмжлэгч маргаан бүхий газарт тасралтгүй 45 орчим жил амьдарсан, уг газрыг хууль ёсоор эзэмших эрх нь нээлттэй, хуулиар олгогдсон байсан, түүнчлэн түүний газар их, өмчлөх асуудалд хэн нэгэн саад учруулаагүй, хүсэл зоригоо илэрхийлэн ямар үйлдэл хийгээгүй атлаа хууль ёсны дагуу батлагдан гарсан захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгч Д.Ц нь маргаан бүхий газрыг үр хүүхдүүдийнхээ хамтаар хууль ёсоор эзэмшсэн гэж хэлэх нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд “Газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх журамыг тодорхойлсон бөгөөд тухайн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурдсанчилан Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10-дугаар зүйлд заасан “Өргөдөл гомдолд тавих шаардлагыг” хангаж буй эсэхийг нягтлан шалгахаас бус өргөдөл гаргасан этгээдийн гарын үсгийг иргэний үнэмлэх дэх гарын үсэгтэй тулган шалгах шаардлага хуулиар тавигдаагүй.

Учир нь газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага эзэмших тухай хүсэлт нь Газрын тухай хуулийн 31,32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байхыг 2002 оны Газрын тухай хуулиар хуульчласан байдаг.

Иимд эрх бүхий албан тушаалтан нь дээрх ажиллагааг шалгаагүйн улмаас нэхэмжлэгч нарын эзэмших хууль есны эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1 , 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт иргэний газар өмчлүүлэх тухай хүсэлтэд тусгах зүйлийн жагсаалтыг тодорхойлсон болохоос газар эзэмших эрхийн өмчлөх тухай хүсэлт гаргаж буй иргэн өөрийн биеэр холбогдох баримтыг бүрдүүлж хүсэлт гаргана гэж хуулиар тогтоогоогүй учраас дүүргийн Газрын албаны Я.Бийн өмнөөс түүний эхнэр Д.Дгийн гаргасан хүсэлтийг авахгүй байх үндэслэлтэй тул тухайн хүсэлтийг хүлээн авсан.

Мөн нэхэмжлэгч нар нь Я.Б-ийг Бүгд найрамдах Солонгос улсруу ажиллахаар явахаасаа өмнө тухайн маргаан бүхий газарт хамт амьдарч байсан гэдэг талаар нэхэмжлэлдээ дурьдсан хэрнээ Я.Б нь тус газарт амьдардаг гэсэн хорооны тодорхойлолт үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Я.Б нь гэр бүлийнхээ гишүүнтэй хамт амьдарч байгаад БНСУ руу явахдаа хороон дээрх өрхийн бүртгэлээсээ хасалт хийлгээгүй бол тухайн хороонд бүртгэлтэй байх нь зүй ёсны хэрэг юм.

Түүнчлэн Ба******* дүүргийн 14 дүгээр хороо, К******* 1-******* тоот хаягт байрлах газрыг Я.Б өмчлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн  дүгээр зүйлийн 31.3 Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх хэсэгт заасан заалтуудыг ноцтой зөрчиж нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхлыг хохироосон болох нь тогтоогдоогүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар хуулийн 106.3.1 “...захиргааны акт захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заажээ. Өөрөөр хэлбэл энэ нь тухайн захиргааны акт хууль бус захиргааны акт байх , тус актын улмаас нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг ойлгохоор хуульчилсан байна.

Энэ бүхнээс дүгнэхэд Ба******* дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 96 дугаар, Нийслэлийн засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 495 дугаар болон газар эзэмших эрхийн 14-******* дугаартай гэрчилгээ газар өмчлүүлэх тухай шийдвэр зэрэг актууд нь хуульд заасан журмын дагуу гарсан тэдгээрийг хүчингүй болгох хууль  зүйн үндэслэл тогтоогдохгүй байна

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаар зүйлийн 106.3.14-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Я.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Д.Ц Я.Э Я.Б нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн болон Ба******* дүүргийн засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Я.Б би гуравдагч этгээдээр татаж нэхэмжлэл болон хариуцагч нараас гаргасан тайлбартай танилцлаа.

Нэхэмжлэлд дурьдагдсан маргаан бүхий газар болох Улаанбаатар хот, Ба******* дүүргийн хуучнаар 14 хороо, 3-р хэсэг, киноны 5 дугаар гудамжны 1******* тоот одоогоор тус  дүүргийн 14 дүгээр хороо, К*******ын 1-******* хаягт орших газрыг 1971 оноос эхлэн Миний эцэг Янжин тэргүүтэй манай гэр бүл хууль ёсоор эзэмшиж, газар дээрээ 1993 онд амины орон сууц барьж, нэхэмжлэгч нар одоог хүртэл амьдарч байгаа нь үнэн болно.

Я.Б би 2001 оны 6 дугаар сарын 8-нд Буянт Ухаа боомтоор Бүгд найрамдах Солонгос улс явж, 2007 оны 2 дугаар сарын 10нд Монгол улсдаа буцаж ирсэн бөгөөд энэ хооронд Монгол улсад  нэг ч удаа ирээгүйгээс гадна газар эзэмших, хувьчилж авах талаар холбогдох байгуулага албан тушаалтанд нэг ч удаа хүсэлт гаргаагүй мөн өөрийн нэрийн өмнөөс газар эзэмших, хувьчилж авах талаар хэн нэгэнд итгэмжлэл олгоогүй

Гэтэл Монгол  улсад байгаагүй, газар эзэмших, өмчлөх хүсэлт гаргаагүй Я.Б  миний нэрээр 2003 оны 04 сард газар эзэмших, мөн оны 09 дүгээр сард газар өмчлүүлэх шийдвэр гарсан байсан.

Уг асуудлыг миний эхнэр байсан, тухайн үед маргаан бүхий газар дээр манай гэр бүлийнхэнтэй.хамт амьдарч байсан Д нь уг газарт амьдарч байсан бусад зөвшөөрөлгүйгээр, танил талаараа /газар эзэмших эрхийг анх миний нэр дээр гаргуулахад ямарч материал бүрдүүлээгүй байсан/ миний нэрийн өмнөөс газар эзэмших зурж, материал бүрдүүлэн авсан байсан.

Ба******* дүүргийн 14 дүгээр хороо, К*******ын 1-******* тоот хаягт орших хашааны гэр бүл буюу талийгаач аав н.Я, ээж Д.Цболон бусад төрсөн ах дүүс хамтарч,1971 оноос хойш хууль ёсоор эзэмшиж газар дээрээ амины орон сууц барьж хүртэл амьдарч байхад тэдний зөвшөөрөлгүйгээр, эрхийг нь зөрчин байж өөрийн  нэр дээр газар эзэмших, өмчлөх эрхийг гаргуулах хүсэл, эрмэлзэл надад огт байхгүй бөгөөд би ийм үйлдэл ч гаргаагүй.

Иймд 1970 оноос хойш одоог хүртэл хууль бус газраа эзэмшиж буй нэхэмжлэгчдийн газар эзэмших эрх эзэмшиж буй газраа өмчилж авах эрхийг нь зөрчиж газар эзэмших өмчлөх талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй Я.Б миний нэр дээр газар эзэмших өмчлөх талаар шийдвэр гаргасан Ба******* дүүргийн засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын *******-ны өдрийн 93, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 сарын 11-ны 495 дугаар захирамжуудын Я.Б холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн  47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар тус тус хууль бус болохыг тогтоож уг захирамжийг үндэслэн олгогдсон газар эзэмших эрхийн 14-******* дугаартай гэрчилгээ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгөхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Д, Б.А нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Д.Д би 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд Я.Бтэй гэрлэж 1995 онд охин А-г төрүүлсэн. 1997 онд АУ-ны дунд сургуулиа төгсч ЭНЭШ-ийн төвд сувилагчаар ажиллаж эхэлсэн.

Энэ хугацаанд нөхөр Я.Б тодорхой эрхэлсэн ажилгүй, архи дарс ууж агсан согтуу тавьж гэрийнхнийхээ эд зүйлийг зарж үрээд байсан тул төрсөн эгч Я.Э нь 2001 онд Солонгос руу татаж авч ажиллуулах болсон. Би охины хамт хадам ээж, эмэг эх, төрсөн эгч түүний охин, зээ нарын хамт 13 дугаар хороололд хадам эхийн ажлаас өгсөн 3 өрөө байранд амьдарч байсан.

Нэг өдөр хадам эгч Я.Э ирж 14 дүгээр хорооны хашаа байшингийн гэрчилгээ ав гэсэн гэхэд хадам ээж отгон хүү Я.Б-тээ үлдээнэ тиймээс чи явж бичиг баримтаа хөөцөлд гээд Я.Б-ийн иргэний үнэмлэхийг надад өгч хаана очихыг Эгдэнэчимэг эгч нь зааж өгч байсан.

Улмаар би нөхөр, охин болон өөрийн бичиг баримтыг аваад хуучнаар Хөдөө аж ахуйн яаман дээр очиж байсан. Өөр надаас юу ч нэхээгүй, болсоон гэсэн. Тэгээд бүр мартсан байсан.

2004 онд би мэргэжлээ дээшлүүлэхээр АУ-ны дээд сургуульд элсэн орж 2010 онд хүний их эмч мэргэжил эзэмшсэн. 2007 онд нөхөр Я.Б Солонгосоос ирсний дараа Ба******* дүүргийн 13 дугаар хороонд хашаа байшин худалдан авч, 2008 онд охин Эмүжинг төрүүлсэн.

Захирамж хэдий 2003 он гэж байгаа боловч газар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2010 онд гар дээрээ авсан. Тухайн үед бүгд манай гэр бүлийн нэр дээр гарсныг мэдэж, гэр бүлийн маргаан байхгүй байсан тул ямар ч асуудал гарч байгаагүй.

2012 онд нөхөр Я.Б цуг ажилладаг тогооч эмэгтэйтэй дотно харилцаатай болоод 2 жил болж байгааг мэдсэн. Асуудал үүсэхэд нөхөр Я.Б 14 дүгээр хорооны газар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдээ авч яваад хаясан гэх боловч намайг гэрчилгээг авч нуусан гэж манайд хүнгүй байх хойгуур хулгайч орсон мэт болгож хайж үзсэн байдаг.

2013 онд Ба******* дүүргийн 14 дүгээр хорооны газар үл хөдлөхийг хуурамч бичиг баримт үйлдэн гаргуулж авсан гэж эрүүгийн хэрэг үүсгээд, 2013 оны 12 сарын 30-ны өдрийн 26******* тоот прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. 2014 онд дахин эрүү үүсгэж 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 37 тоот прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон.

2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүл цуцлуулахаар өргөдөл өгөхөд ямар нэгэн шалтаг шалтгаан хайж хойшлуулсаар байгаад том охин 19 нас хүрсэн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1757 тоот шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан.

Уг шийдвэрийн 6-д нөхөр Бт 13 дугаар хороонд байх газар үл хөдлөхийн үнэлгээний 12485350 төгрөгийг өгүүлэхээр, 3.1-д Ба******* дүүргийн 14 дүгээр хорооны газар үл хөдлөх хөрөнгийг эрүүгийн хэрэг шийдвэрлэсний дараа шүүхэд мэдүүлэхээр шийдвэрлэсэн.

2012 онд гэрээс явсанаас хойш 2 хүүхдээ нэг ч харж хандаагүй хэрнээ 2015 онд нөхөр Я.Б нь өөрт ноогдох 12 сая төгрөгийг авахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандаж гэр орныг битүүмжилж, дуудлага худалдаанд оруулахаар, мөн миний ажил руу нөхөр Д.Д нь 2 хүүхдээ хаяж явсан мэтээр хүний нэр хүндэд халдсан албан бичиг явуулж миний цалингийн 50 хувийг суутгаж авч байсан.

Төсвийн байгууллагын 650,000 төгрөгийн цалинтай эмч миний 2 хүүхдээ өөрөөс нь юу ч хүсэхгүйгээр тэжээж өсгөж байхад хагасыг нь авч авчихаад 9 саяд үлдэхэд нь бага охины тэтгэмж тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 196,000 төгрөгөөр тооцоход 18 нас хүрэхэд 26 сая болно гэж хэлэхэд зөвшөөрсөн хүмүүс.

Би нөхөр болох Бийн өмнөөс гарын үсэг дуурайлгаж зурсан зүйл байхгүй. Өргөдөл ч бичиж өгч байгаагүй. Харин 2011 онд байршил зүйн зургийг гараар зурж ир гэхэд Я.Б хамт байж зурж, эгчийн охин Золжаргалын аппаратаар гэрэл зургийг нь авч өгч байсан. Би ямар нэгэн атгаг хорон муу санаа агуулсан бол 7 жил эр нөхрөө хадмын хажууд амьдарч хүлээх байсан уу?

Би 14 дүгээр хорооны хашаа байшинг хадам ээж та бүхний амь насаараа амьдарсан газар гэдэгт хэзээ ч  маргахгүй. Бүхэл бүтэн хориод жилийн амьдрал, бие сэтгэл бүх зүйлээ зарцуулсан намайг хэн ч биш болгож, амьдрал аз жаргал баяр баяслыг минь үгүй хийчхээд дээр нь миний 2 охины хувь заяагаар яагаад тоглоод байгаа юм бэ? Одоо л амьдрал минь тэгшрээд сайхан боллоо гэж бодож байсан амьдралыг минь үрж салгасан хүн хэн бэ? Том охины сургалтын төлбөрийн зээлээс одоог хүртэл гарч чадаагүй, цалингийн зээлтэй, бага охиноо дугуйлан дамжаа нэмэлт сургалтанд хамруулж чадахгүй байгаа нь хэний буруу вэ? Хүүхэд өлсөж, өвддөг, даардаг, хооллодог, баясаж хөөрдөг, атаархдаг, санадаг, эрхэлдэг, үүнийг та нар мэдэх үү? 2013 оноос 2016 он хүртэл цагдаа шүүхээр явуулж, хийгээгүй хэргийн төлөө эрүүгийн хэрэг үүсгэж, гэр оронгүй болгох гэж зүтгэх, миний охины тэтгэмжийн мөнгийг өгүүлэхгүй байх шаардлага байсан юм уу? Миний цалингаас суутгаж авч байсан мөнгөөр ээждээ сүү авч өгсөн үү? Шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх гэж их л зовсон гэсэн үү? Төсвийн байгууллагад ажиллаж, 2 хүүхдээ тэжээж яваа надаас 12 сая төгрөгийг авах гэж хэцүү байсан уу? Эхнэр чинь таксины ч мөнгөгүй болсон гээд байсан. Ингэж хүний өмнөөс мөнгийг нь авах гэж зовлонд унах хэцүү л дээ. Бас шийдвэр гүйцэтгүүлсэн гээд 1 хувийн татвараа надад мөнгө байхгүй гээд надаар /900,000/ төлүүлсэн. Хэн төлөх ёстой вэ? Анхнаасаа 2 хашаа байшингаа нэг нэгээр аваад салъя гэсэн хүсэлтэйг минь яагаад бусад хүмүүст мэдэгдэхгүй байсан бэ?

Яагаад миний салсан нөхрийн өмнөөс итгэмжлэл нэрээр оролцож энэ бү зовлонг найруулж байгаан бэ? Эхийнхээ амьдарч байсан, насаараа ажиллаж байж байгууллагаас нь өгсөн 3 өрөө байрыг зарж, өөртөө 5 өрөө хаус барьж, эхийгээ орох оронгүй болгосон хүн хэн бэ? Яагаад нөхөр Я.Б өөрөө энэ бүхний ард нуугдаад байгаа вэ? Эцсийн эцэст гомдолтой байна. Залилан хийж аваагүй. Цаг сайхан байхад хадам ээж маань инээж байгаад хүү бэрдээ аман гэрээгээр өвлүүлж өгч байсан хөрөнгө. Үүнд хэн нэгнийг буруутан болгох шаардлага байхгүй санагдаж байна. Буруутан нь тодорхой. Гэр бүлээ үймүүлж, үр хүүхдээ өнчрүүлж, хагацал зовлонгоор сольсон нөхөр Я.Б.

Гэр бүл салж хагацаагүй бол энэ бүх асуудал үүсэхгүй байсан. Иймд би болоод миний 2 хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Д.Ц, Я.Э, Я.Б нар нь анх “Я.Б-ийн нэр дээр газар эзэмших, өмчлөх шийдвэр гаргасан Ба******* дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 93, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 495 дугаар захирамжуудын Я.Бт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож, уг захирамжуудыг үндэслэн олгогдсон газар эзэмших эрхийн 14-******* дугаартай гэрчилгээ, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага  гаргасан байна.

Улмаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “Ба******* дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 93 тоот захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 495 тоот захирамжийн Я.Б, Д.Д, Б.А нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг захирамжуудыг үндэслэн олгогдсон газар эзэмших эрхийн 14-******* дугаартай гэрчилгээ, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулсан болно.

Шүүх Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 495 дугаар захирамжийн Я.Б, Д.Д, Б.А нарт холбогдох хэсгийг болон Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийг хариуцагчаас дахин шинэ акт хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, үлдэх шаардлагууд болох “Ба******* дүүргийн Засаг даргын 2003 оны дугаар 93 тоот захирамжийн Я.Б-т холбогдох хэсгийг болон уг захирамжид үндэслэн олгогдсон газар эзэмших эрхийн 14-******* дугаартай гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ба******* дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 93 тоот захирамж, уг захирамжийг үндэслэн олгогдсон газар эзэмших эрхийн 14-******* дугаартай гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Ба******* дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшигч иргэдийн гэрчилгээг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” дугаар 93 тоот захирамжаар Я.Бт Ба******* дүүргийн 14 дүгээр хороо, К*******ын 1-******* тоот хаягт байрлах газрыг эзэмшүүлсэн байна.

Дээрх Ба******* дүүргийн Засаг даргын 2003 оны дугаар 93 тоот захирамжийг үндэслэн Я.Бт 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр газар эзэмших эрхийн 14-******* дугаартай гэрчилгээг олгосон байна.

Ба******* дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 93 тоот захирамж болон газар эзэмших эрхийн 14-******* дугаартай гэрчилгээ нь нэхэмжлэгч Д.Ц, Я.Э, Я.Б нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ. Үүнийг тайлбарлавал:

Гуравдагч этгээд Я.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, дэмжсэн агуулгаар шүүхэд тайлбар өгдөг ба нэхэмжлэгчид болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гуравдагч этгээд Я.Б-тэй маргахгүй, Нийслэлийн Засаг даргын газар өмчлүүлэх захирамж зөвхөн Я.Б-ийн нэр дээр нэг иргэнээр гарсан бол энэ маргаан үүсэхгүй гэсэн агуулгаар тайлбарладаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан зохицуулалтуудын агуулгаас үзэхэд захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болон ирээдүйд зөрчигдөж болзошгүй тохиолдолд уг захиргааны актыг хүчингүй болгох гэх мэт хэлбэрээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны хэргийн шүүх хамгаалах ба харин захиргааны акт хууль бус боловч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бол уг хууль бус захиргааны актыг шүүхээс хүчингүй болгох шаардлагагүй.

Хэдийгээр Ба******* дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 93 тоот захирамж гарах үед гуравдагч этгээд Я.Б нь Монгол улсад байхгүй байсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2б/333 тоот албан бичгээр нотлогддог, газар эзэмших хүсэлтийг Я.Б гаргаагүй гэдэгтэй хэргийн оролцогчид маргадаггүй боловч дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 93 тоот захирамж нэхэмжлэгчдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хөндөөгүй байна.

Харин Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 495 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг Я.Б, Д.Д, Б.А гэсэн 3 иргэнд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хөндсөн байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Д.Ц, Я.Э, Я.Б нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр Ба******* дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 93 тоот захирамжийн Я.Бт холбогдох хэсгийг болон уг захирамжийг үндэслэн олгогдсон газар эзэмших эрхийн 14-******* дугаартай гэрчилгээг илт хууль бусад тооцох ёстой” гэсэн агуулгаар тодорхойлон маргаж байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тоочиж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүдэд тогтоогдохгүй байна.

Хууль тогтоогчоос илт гэж тодотгон хуульчилсан ба захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж, нэрлэж заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”

47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”,

47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”,

47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”

47.1.4-д “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”

47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”,

47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”,

47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан нэрлэж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй бол захиргааны актыг илт хууль бус болохыг шүүхээс тогтоож болохгүй.

Илт хууль бус гэдэг нь хэн ч харсан (хуульч биш хүн харсан ч) илт, илэрхий хууль бус захиргааны актыг ойлгоно.

Иймд Ба******* дүүргийн Засаг даргын 2003 оны дугаар 93 тоот захирамжийн Я.Бт холбогдох хэсгийг болон уг захирамжийг үндэслэн олгогдсон газар эзэмших эрхийн 14-******* дугаартай гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

“Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 495 тоот захирамжийн Я.Б, Д.Д, Б.А нарт холбогдох хэсгийг болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана”, 20.2-т “Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн бүр гарын үсэг зурсан байна”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасан байна.

Нийслэлийн Засаг дарга нь 495 дугаар захирамжийг гаргахдаа дээрх хуульд заасан зохицуулалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Тодруулбал гэр бүлийн хэрэгцээнд газар өмчилж авахыг хүссэн өргөдөлд[1] Я.Б гарын үсэг зураагүй, Я.Б-ийн гарын үсэг байхгүй болох нь, уг өргөдлийг гаргах үед Я.Б Монгол улсад байхгүй байсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

Үүнээс үзэхэд хариуцагч нь дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан газар өмчилж авах эрх бүхий этгээд мөн болохыг нотлон, шалган үзсэний үндсэн дээр газар өмчлүүлэх захирамж гаргах үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий газрыг 3 иргэн дундаа хамтран өмчлөхийг Я.Б зөвшөөрч байгаа эсэхийг хариуцагч шалгаж тодруулах ёстой байжээ.

Зүй нь хариуцагч дүүргийн Засаг даргын газар эзэмших эрх олгосон захирамжаар зөвхөн Я.Бт буюу 1 хүнд эзэмшүүлсэн байхад уг эзэмших эрх олгосон захирамжийг үндэслэн 3 хүнд өмчлүүлэх шийдвэр гаргах нь бусдын эрхийг хөндөх эсэх, газар өмчилж авахыг хүссэн өргөдөлд насанд хүрсэн иргэд буюу Я.Б, Д.Д нар өөрсдөө гарын үсэг зурсан эсэх зэрэг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан үндэслэл, бодит нөхцөл байдлуудыг нотлон шалгасны үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 2003 оны 495 дугаар захирамжийг гаргах ёстой байжээ.

Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын 2003 оны 495 дугаар захирамжийн холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан нэрлэж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүдэд хамаарахгүй байх боловч Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 495 дугаар захирамж нь хууль болон нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь бодитой нотлогдож байх тул уг захиргааны актын алдааг захиргааны байгууллагаар өөрөөр нь зөвтгүүлэх нь зүйтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан байна.

Шүүх дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2003 оны 495 дугаар захирамжийн Я.Б, Д.Д, Б.А нарт холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг дарга нь дараах үндэслэл, нөхцөл байдлуудыг шалган тодруулсны үндсэн дээр маргаан бүхий газрыг Я.Б, Д.Д, Б.А нарт өмчлүүлэх, эс өмчлүүлэх эсэхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх ёстой. Үүнд:

  • Ба******* дүүргийн Засаг даргын 2003 оны дугаар 93 тоот захирамжаар зөвхөн Я.Бт буюу 1 хүнд эзэмшүүлсэн байхад уг эзэмших эрх олгосон захирамжийг үндэслэн 3 хүнд өмчлүүлэх шийдвэр гаргах нь бусдын эрхийг хөндөх, зөрчих эсэх
  • Газар өмчилж авахыг хүссэн өргөдөлд насанд хүрсэн иргэд буюу Я.Б, Д.Д нар өөрсдөө гарын үсэг зурсан эсэх буюу Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасан нөхцөл байдлыг шалгах
  • Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан үндэслэл, бодит нөхцөл байдлуудыг нотлон шалгах

Дээрх нөхцөл байдлуудыг тодруулан, нягтлан шалгаж шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг Нийслэлийн Засаг даргаас гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2003 оны 495 дугаар захирамжийн Я.Б, Д.Д, Б.А нарт холбогдох хэсгийг хэсгийг шүүхээс түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа ба дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдлуудыг хуульд нийцүүлэн тодруулан, нягтлан шалгасны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” 495 дугаар захирамжийн Я.Б, Д.Д, Б.А нарт холбогдох хэсгийг болон Я.Б, Д.Д, Б.А нарт газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ц, Я.Э, Я.Б нарын нэхэмжлэлийн үлдэх шаардлагууд болох “Ба******* дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшигч иргэдийн гэрчилгээг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” дугаар 93 тоот захирамжийн Я.Бт холбогдох хэсгийг болон уг захирамжид үндэслэн олгогдсон 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн газар эзэмших эрхийн 14-******* дугаартай гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргаас  захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон гурав хүртэл сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 495 дугаар захирамжийн Я.Б, Д.Д, Б.А нарт холбогдох хэсгийг болон Я.Б, Д.Д, Б.А нарт газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан үндэслэл, нөхцөл байдлуудыг тодруулан, нягтлан шалгасан захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

5. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.БАТЗОРИГ


[1] Хавтаст хэргийн 60 дугаар хуудас болон 60 дугаар хуудасны Б талд