Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 25

 

Л.Х, Б.Э, Б.Б, О.И

Н.Ба нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор: Д.Дэлгэрбаяр,

Шүүгдэгч Б.Э, Б.Б нарын өмгөөлөгч Б.Дагийнамжил,

Шүүгдэгч Л.Хийн өмгөөлөгч: Т.Урангоо,

Шүүгдэгч: Н.Ба-ийн өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Л.Х, Б.Э, Б.Б, Н.Ба, О.И нарт холбогдох эрүүгийн 201710000148 дугаартай, 6 хавтас, 1434 хуудас бүхий хэргийг прокурор Д.Дэлгэрбаярын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Л.Х, Б.Б, Б.Э нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 24 настай, халх, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, аав, ээж, эхнэр, 1 хүүхэд, 3 дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоогдсон, Цоохормод овогт Л.Х /РД: ЕЮ92120213/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 24 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сайншанд сумын 6 дугаар багт оршин суух, Сум дундын шүүхээс 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоосон, мөн шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоосон, Гүнсэн овогтой Б.Э/РД: ЕЗ93051116/-д холбодуулан Эрүүгийн хуулийн /2002/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 28 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Сайншанд сумын 6 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Сартуул овогт Б.Б-/РД:ДБ88123019/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн/2002/тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 42 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Алтанширээ сумын .....дүгээр багт оршин суух, 1993 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар, 1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 150,000 төгрөгийн торгох ялаар, 1997 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар, 2001 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил, мөн хуулийн 1231 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ял оногдуулж, зарим ялыг нэмж нэгтгэн бүгд 9 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, Гэндэн овогтой О.И/РД: ЕГ75040614/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 29 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизм, сан техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Сайхандулаан сумын .... дүгээр багт оршин суух, 2006 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ялаар, 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Баян овогтой Н.Ба-/РД: ЕЗ88012614/ -д холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Л.Х, шүүгдэгч Б.Э нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Д.Могнооны 9 тооны адуу буюу олон тооны малыг, хохирогч М.Энхбаярын 1 тооны адууг хулгайлж 12.000.000 төгрөгийн,

давтан үйлдлээр Алтанширээ сумын нутаг дэвсгэрээс 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч С.Отгонбатын 2 тооны адууг хулгайлж 10.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сайхандулаан сумын Цохио гэх газраас хохирогч М.Мөнхбаярын 5 тооны адууг хулгайлж 4.750.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Алтанширээ сумын Хаяа багийн нутгаас хохирогч Н.Сүхбаатарын 2 тооны адууг хулгайлж 1.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Л.Х нь 2017 оны 03 дгаар сарын 15-ны өдөр давтан үйлдлээр Сайншанд сумын 1 дүгээр баг оршин суух хохирогч У.Пүрэвжавын гэрт буюу орон байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлж 4.477.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 03-04-ний үед Сайншанд сумаас баруун урагш Улаанширээ гэх газраас хохирогч А.Долгоржавын 1 тооны үхрийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол,

2017 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Сайншанд сумын 7 дугаар багийн нутгаас хохирогч М.Энхбаярын 2 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Айраг сумын 4 дүгээр багт иргэн Л.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт нь хутгалж Л.Ц-н бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан,

 

шүүгдэгч Л.Х, шүүгдэгч Б.Б нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр машин механизм ашиглаж, 2017 оны 03 дугаар сард Өргөн сумын Цагаан хад гэх газраас иргэн Т.Алтанбатын 23 тооны адууг хулгайлж 18.850.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

шүүгдэгч Л.Х, Б.Б, О.И, Л.Ц нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дэлгэрэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Ганбүргэдийн 9 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 6.850.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

шүүгдэгч Б.Б, О.И, Л.Ц, Г.Т, Н.Ба нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Айраг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Отгонбаярын 1 тооны үхрийг хулгайлж түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Б.Б, О.И, Л.Ц, Н.Ба, Г.Т нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхошуу гэх газраас хохирогч Н.Шинэбаярын 5 тооны эр ямаа, 2 тооны хонь хулгайлж 820.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. 

 

Анхан шатны шүүх: Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Хийг /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн 7 удаагийн хулгайн үйлдлээс хохирогч Ц.Ганбүргэдийн 9 тооны адуу хулгайлсан, Т.Алтанбатын 23 тооны адуунаас 6 тооны адууг хулгайлсан үйлдлийг, шүүгдэгч Б.Бг /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн 6 удаагийн хулгайн үйлдлээс хохирогч Т.Алтанбатын 23 тооны адуунаас 6 тооны адууг хулгайлсан үйлдэл холбогдлыг /2015/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож,

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Х-ийг /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Э-г/2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар зүйлчилж ирүүлснийг /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

 

шүүгдэгч Цоохормод овогт Л.Х, Гүнсэн овогт Б.Э нарыг бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлсан,

шүүгдэгч Цоохормод овогт Л.Хийг хүний байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хууль бусаар хулгайлсан,

шүүгдэгч Сартуул овогт Б.Бг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан,

шүүгдэгч Сартуул овогт Б.Б, Гэндэн овогт О.И, Баян овогт Н.Ба нарыг давтан, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

шүүгдэгч Л.Х-ийг /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаан/ жил хорих ялаар,

шүүгдэгч Б.Э-г /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил хорих ялаар,

/2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Б.Б-г 5 /тав/ жил хорих ялаар, шүүгдэгч О.И, Н.Ба нарыг тус бүр 2 /хоёр/ жил хорих ялаар,

шүүгдэгч Б.Б-г /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 7 /долоо/ жил хорих ялаар тус тус шийтгэж, 

/2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ жил хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг нийт 8 /найм/ жил хорих ялаар,

/2002/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-г /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жил хорих ялыг, /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 7 /долоо/ жил хорих ялд буюу хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жил хорих ялаар тус тус тогтоож,

 

/2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-д оногдуулсан 8 жил хорих ял, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 7 /долоо/ жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.Эд оногдуулсан 4 жил хорих ял, шүүгдэгч О.И, Н.Ба нарт оногдуулсан 2 жил хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр,

 

/2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон шүүгдэгч Л.Хийн 245 хоног, шүүгдэгч Б.Бгийн 241 хоног, шүүгдэгч Н.Баийн 118 хоног, шүүгдэгч О.Иын 87 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

 

/2002/ оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч О.И, Н.Ба нарт оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж тус бүр 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар ноосон малгай 1 ширхэг, хар өнгийн чихэвч 1 ширхэг, даавууны тасархай зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож 94-84 ДГО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг Х.Орхонтуулд, 88-85 УБЭ улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийг Б.Төгсжаргалд олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Х-ээс 3.500.000 төгрөг, шүүгдэгч Н.Эгээс 3.500.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Д.Могноонд,

шүүгдэгч Л.Хээс 2.500.000 төгрөг, шүүгдэгч Б.Эгээс 2.500.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М.Энхбаярт,

шүүгдэгч Л.Хээс 5.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Эгээс 5.000.000 төгрөгийн тус тус гаргуулж хохирогч С.Отгонбатад,

шүүгдэгч Л.Хээс 800.000 төгрөг, шүүгдэгч Б.Эгээс 800.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Н.Сүхбаатарт,

шүүгдэгч Л.Хээс 7.125.000 төгрөг, шүүгдэгч Н.Баоос 7.125.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Т.Алтанбатад,

шүүгдэгч Л.Хээс 2.656.500 төгрөгийг гаргуулж хохирогч У.Пүрэвжавд,

шүүгдэгч Б.Бгаас 700.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Долгоржавт,

шүүгдэгч Б.Бгаас 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Энхбаярт,

шүүгдэгч Б.Бгаас 160.000 төгрөг, шүүгдэгч Н.Баоос 160.000 төгрөг, шүүгдэгч О.Иоос 160.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Б.Отгонбаярт,

шүүгдэгч Б.Бгаас 664.400 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Цт,

шүүгдэгч Б.Бгаас 2.066.667 төгрөг гаргуулж шүүгдэгч О.Ид,

шүүгдэгч Б.Бгаас 164.000 төгрөг, шүүгдэгч О.Иоос 164.000 төгрөгийг тус тус гаргуулж шүүгдэгч Н.Баид олгож,

 

/2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хээс 1.850.000 төгрөг, шүүгдэгч Б.Эгөөс 100.000 төгрөг, шүүгдэгч Б.Бгаас 2.540.000 төгрөг, шүүгдэгч Н.Баоос 790.000 төгрөг, шүүгдэгч О.Иоос 790.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож,

 

энэ хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Х, Б.Б нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч О.И, Н.Ба нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих,

 

шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Прокурор Д.Дэлгэрбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хохирогч Отгонбаярт учруулсан хохирол 800000 төгрөгний хохирлоос тус бүр 160000 төгрөгийг төлж хохирлыг барагдуулаагүй байхад 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И, Ба нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж тус бүр 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шинэ хуулиар хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн байхыг шаардаж байгаа бол хуучин хуульд хохирол төлбөрөө төлсөн байхыг шаарддаг. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно гэж заасан байдаг тул шүүгдэгч нарт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.                                                                                         

 

Шүүгдэгч Б.Э давж заалдсан гомдолдоо: Намайг Хүрэлсүхтэй бүлэглэн олон тооны мал хулгайлсан гэж шүүх үзэж Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогч Отгонбатын 2 тооны адууг хулгай хийхэд би оролцоогүй, Хүрэлсүх хамт явсан гээд хэлчих, чамайг би яах ч үгүй гээд байхаар нь би хулгайлсан гээд хэлчихсэн юм. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Н.Сүхбаатарын адууг хулгай хийхэд миний бие оролцоогүй. Мөн Хүрэлсүхийн гуйлтаар энэ 2 үйлдлийг хүлээн зөвшөөрч хамт явж хулгай хийсэн гэж мэдүүлсэн. Би ийм хүнд ял явна гэж бодоогүй. Хүрэлсүх чи гайгүй хамт явсан гээд хэлчих гээд байхаар нь хийгээгүй хэргээ хийсэн гэж мэдүүлж өөрийнхөө байдлыг хүндрүүллээ. Би бага насны 2 хүүхэдтэй эхнэр маань сая төрсөн нялх биетэй байгаа. Би дахин гэмт хэрэг хийхгүй байж чадна, иймээс анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж миний хийсэн хэрэгт тохирсон ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Л.Х давж заалдсан гомдолдоо: Миний бие 2016.11.03-ны өдөр хохирогч Отгонбатын 2 тооны адууг хулгайлан 10 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс үнэлгээг дахин гаргуулах. 2017.03.15-ны өдөр Сайншанд сумын иргэн  Пүрэвжавын гэрт орж эд зүйлс хулгайлж хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ айлаас хулгай хийхдээ 7 ширхэг дээл, 4 шил архи, мөнгөн товчнууд авсан. Авсан эд зүйлээ хүлээлгэн өгсөн. Одоо төлөх хохирлын 2636500 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тул үнэлгээний компаниар дахин үнэлгээ гаргуулах, шалгуулах, хохирогч Алтанбат нь 17 тооны адуугаа 2017 оны 03 сард Дорноговь аймгийн Өргөн сумын Цагаан Хад гэх газраас алдсан гэх, Бтай үгсэн тохиролцон хулгайлсан гэх үйлдэлд миний бие оролцоогүй. Учир нь Б олон тооны адуу тууж манайд ирээд, энэ манай адуу байгаа юм, усгүй болчихсон байна, хоёулаа манай ахынд хүргээд өгчихье гэсэн. Бид адуугаа ахынд нь авч очиход Б нэг адуу гаргасан. Би түүнийг нь хийлцэж өгсөн нь үнэн. Энэ адуунууд нь хулгайн адуу байсныг би мэдээгүй. Иймд энэ хэргийг дахин шалгаж өгөх. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тус тус нэмж нэгтгэн 8 жилийн хорих ялаар тогтоосон. Би бусад үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдсан гомдолдоо: Миний бие хохирогч Алтанбатын нэхэж байгаа 23 тооны адууг аваагүй бөгөөд алдуул 16 тооны адуунаас 2 тооны адууг гэрч Ядамдоржийн гэрийн гадаа янзалж аваад явсан бөгөөд мөн шүүгдэгч И ахын авч ирсэн 9 тооны адууг хулгайн адуу гэж мэдээгүй бөгөөд шүүгдэгч И-той хамсаж 9 тооны адууг хулгай хийгээгүй болно. Иймд үнэн учрыг олж шийдэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Н.Ба-ийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Баийн хувьд гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Хохирол төлбөр төлөгдсөн. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлахад харшлах зүйлгүй. Ямар нэгэн байдлаар хуулийг буруу хэрэглээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй.  Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр энэ бүгд маш тодорхой яригдсан. Отгонбаярын 1 тооны үхрийг Б нар төлөхөөр тохирсон. Тохиролцооны үндэслэлүүд байсан учраас хохирлыг бүрэн төлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Нөгөө талаас анхан шатны шүүхээс Отгонбаярын төлбөрт 160000 төгрөгийг гаргуулахаар шийдсэн. Ингээд харахад төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдал байхад хуулийг буруу хэрэглэсэн гэж үзээд байгаа юм бол Ба энэ хэргийн улмаас 4 сар гаруй хоригдсон. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3-6 сарын баривчлах ялтай. Эрх зүйн байдлыг дордуулах шаардлага байхгүй учраас энэ байдлаар өөрчлөлт оруулах бүрэн боломжтой гэж үзэж байна гэв.

 

Шүүгдэгч Л.Хийн өмгөөлөгч Т.Урангоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  Хүрэлсүх өөрөө давж заалдах гомдол гаргасан. Гомдолдоо 4 зүйлд гомдолтой байгаа талаар дурдсан. Алтанбатын 23 тооны адууны үйлдэл дээр хэлэхэд энэ үйлдэл нь хулгайн гэмт хэргийн үйлдэл биш, алдуул мал, гээгдэл эд хөрөнгийг завших хэрэг гэдэг талаар анхан шатны шүүх хуралдаан дээр ч хэлж байсан, тиймээс энэ зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн саналыг тавьж байсан. Энэ саналаа одоо ч гэсэн Хүрэлсүхийн гомдол дээр нэмж гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б, Хүрэлсүх нар 16 тооны адуу гэж хэлдэг. Гэрч Алтанбатын мэдүүлгээр 2017.01.05-ны өдөр адуугаа үзэхэд байсан, үүнээс хойш үзэхэд адуунууд байгаагүй. 3 сар гаргаад би Цагдаагийн байгууллагад уг адуугаа алдсан гэдгээ мэдэгдсэн. Хүрэлсүх, Б нарын мэдүүлгээр цагаан сарын дараа буюу 2 сарын сүүлээр уг адуунуудыг Сайншанд сумын Цагаан хадны орчимд байхад нь олж харж адуунуудыг авна гэсэн санаа бодол төрсөн гэж мэдүүлдэг. Хүрэлсүхийн хувьд яг энэ цаг хугацаанд уг адуунуудыг авсан гэж мэдүүлдэг. Тэгэхээр Алтанбатын мэдүүлгээр 2017.01.05-ны өдрөөс хойш адуугаа алдаад, олоогүй гэж мэдүүлж байгаа. Хүрэлсүх, Б нарын олж авсан хугацааны хувьд бараг 2 сарын хугацаа байдаг. Алтанбатын малаа алдсан гэх газар нь Өргөн сумын Цагаан хад гэх газар байгаа. Б, Хүрэлсүх нарын адууг олж авсан газар нь Сайншанд сумын Цагаан хадны орчмоос олсон гэж мэдүүлдэг. Тэгэхээр тухайн нутаг дэвсгэрээс нь хөөгөөд, туугаад авсан зүйл байхгүй. Алдагдсан байсан малыг завшсан байна гэж үзэх үндэслэл байна гэв. 

 

Шүүгдэгч Б.Э, Б.Б нарын өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  Эг шүүгдэгч Хүрэлсүхтэй бүлэглэн машин механизм ашиглаж Могнооны 9 адууг хулгайлсан гэж дүгнэдэг. Гэтэл 9 адууг хөөж явсан, гэхдээ 1 адууг авсан, 10 адууны нэг нь Могнооны хүү Энхбаярын адуу байсан. Энхбаярын адууг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Могнооны 1 адуу, Энхбаярын 1 адууг авсанаа хүлээн зөвшөөрдөг. Э шүүх хуралдааны үеэр гадуур байж байсан. Шүүх хуралдаан болох үед Эг Цагдаагийн байгууллага андуураад саатуулчихсан байсан учраас цахимаар оролцуулахаар болсон. Э бага боловсролтой, өөрөө ч  ойлгоогүй, зарим нь сонсогдоогүй, заримыг нь сонссон. Яагаад шүүх хуралдааныг  хойшлуулаад асуудлыг шийдэж болоогүй юм бэ. Гомдлын хувьд Отгонбатын 2 адууг хулгайлаагүй. Сүхбаатарын 2 адууг хулгайлаагүй. Энэ бүгд олон тооны гэдэгт орж байгаа юм. Үлдсэн адуу сүрэгтээ буцаж очсон байсан, би харсан гэж Э хэлдэг. Тиймээс олон тооны гэдэг зүйл ангийг өөрчлөх ёстой. Эгийн хохирол төлбөр төлөгдсөн. Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө Могноонд 500000 төгрөг, хохирогч Энхбаярт 500000 төгрөг төлсөн байгаа. Бгийн хувьд олон үйлдэлтэй. Энэ үйлдлүүдээ хүлээн зөвшөөрдөг. 16 адууг тууж явсан гэдэг нь үнэн. Ядамдоржийнд адууг тууж аваачсан байдаг. Би өөрөө тоолж өгөөд, нэг адууг янзалж гаргасан гэж хэлдэг. Эзэн нь болохоор 23 адуу байсан гэж мэдүүлдэг. 6 адуу нь буцаж ирсэн гээд 16 адуун дээр үнэлгээ гаргахаар өндөр үнэлгээ гарсан. Энэ үлдсэн адууг хаана аваачиж янзалсан юм, шүүх бүрэн дүүрэн шалгасны эцэст хууль зүйн дүгнэлтээ хийх байсан. Магадгүй эдгээр хүмүүс аваагүй, хэн нэгэн авчихаад завшаад байгаа юм уу, эсхүл эзэн нь адуугаа очсон байхад хэлэлгүйгээр нуугаад ял шийтгэлийг нь хүндрүүлээд байгаа юм уу. Бгийн хувьд 7 жил хаалттай хорих ангид ял эдлэхээр шийтгэгдсэн. Ялыг хөнгөрүүлж үзэх үндэслэл байна. Б анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж, өөрчлөлт оруулж өгнө үү гэв. 

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хангаж, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Б, О.И, Н.Ба нарт холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр зарим шүүгдэгч нарын ялыг хүндрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.   

 

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаарх нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд шалгаж тодруулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан шаардлагыг хангажээ. 

 

Шүүгдэгч нарын үйлдлийг хохирогч, хохирол, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл  тус бүрээр тодруулбал:

 

1/. Шүүгдэгч Л.Х, шүүгдэгч Б.Э нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Мустанг маркийн мотоциклийг ашиглаж, Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Д.Могнооны 9 тооны адууг буюу олон тооны малыг, хохирогч М.Энхбаярын 1 тооны адууг хулгайлж 12.000.000 төгрөгийн,

давтан үйлдлээр, Мустанг маркийн мотоциклийг ашиглаж, Алтанширээ сумын нутаг дэвсгэрээс 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч С.Отгонбатын 2 тооны адуу/хурдан удмын адуу 4 хх98-103,155,156/-г хулгайлж 10.000.000 төгрөгийн,

давтан үйлдлээр, Даюун маркийн улаан өнгийн мотоциклийг ашиглан  2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сайхандулаан сумын Цохио гэх газраас хохирогч М.Мөнхбаярын 5 тооны адууг хулгайлж 4.750.000 төгрөгийн,

давтан үйлдлээр, Даюун маркийн улаан өнгийн мотоциклийг ашиглан  2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Алтанширээ сумын Хаяа багийн нутгаас хохирогч Н.Сүхбаатарын 2 тооны адууг хулгайлж 1.600.000 төгрөгийн,

 

2/. Шүүгдэгч Л.Х, шүүгдэгч Б.Б нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр, Портер маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, 2017 оны 03 дугаар сард Өргөн сумын Цагаан хад гэх газраас иргэн Т.Алтанбатын 17 тооны адууг хулгайлж 14.250.000 төгрөгийн,

 

3/. Шүүгдэгч Л.Х  2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр давтан үйлдлээр Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн 9-21 тоотод оршин суух хохирогч У.Пүрэвжавын гэрт буюу орон байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлж 4.477.000 төгрөгийн,

 

4/. Шүүгдэгч Б.Б Даюун маркийн улаан өнгийн мотоцикль ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 03-04-ний үед Сайншанд сумаас баруун урагш Улаанширээ гэх газраас хохирогч А.Долгоржавын 1 тооны үхрийг хулгайлж 700.000 төгрөгийн,

2017 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө, Даюун маркийн улаан өнгийн мотоцикль ашиглан, Сайншанд сумын 7 дугаар багийн нутгаас хохирогч М.Энхбаярын 2 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгийн,

2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Айраг сумын 4 дүгээр багт иргэн Л.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт хутгалж Л.Цын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 664400 төгрөгийн,

 

5/. Шүүгдэгч Б.Б, О.И, Л.Ц нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Даюун маркийн цэнхэр өнгийн мотоциклийг ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дэлгэрэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Ганбүргэдийн 9 тооны адууг хулгайлж 6.850.000 төгрөгийн,

 

6/. Шүүгдэгч Б.Б, О.И, Н.Ба, Л.Ц, Г.Т нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Даюун маркийн цэнхэр өнгийн мотоцикль, Супер бэнни маркийн ногоон өнгийн мотоциклийг тус тус ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Айраг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Отгонбаярын 1 тооны үхрийг хулгайлж,  800.000 төгрөгийн,

 

7/. Шүүгдэгч Б.Б, О.И, Л.Ц, Н.Ба, Г.Т нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Даюун маркийн улаан өнгийн, Супер бэнни маркийн ногоон өнгийн мотоциклийг тус тус ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхошуу гэх газраас хохирогч Н.Шинэбаярын 5 тооны эр ямаа, 2 тооны хонь хулгайлж 820.000 төгрөгийн хохирол  тус тус учруулжээ. 

 

Шүүгдэгч нар дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйлсийн үнэлгээ, анхан шатны шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хохирогч М.Мөнхбаярын ”...5 адуугаа зүсээр олж авсан” гэх мэдүүлэг /1-р хх-158-159/, Н.Шинэбаярын “...шүүгдэгч Н.Ба хохирол төлбөрийг төлсөн” тухай баримт /5-р хх-198/, Б.Ганбүргэдийн “...шүүгдэгч О.И хохирол төлсөн” талаарх баримт /6-р хх-48/, шүүгдэгч Б.Эгээс хохирогч Д.Могноонд 500000 төгрөг, М.Энхбаяр нарт тус бүр 500000 төгрөг төлсөн баримт болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тус тус нотлогдож  байна.  

 

Эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, нотлох баримт цуглуулж, шалгаж бэхжүүлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байх ба мэдүүлэг өгөгчдийн мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлснийг дурдсан нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлаж үзэхэд хохирогч Д.Могнооны 9 адуу, М.Энхбаярын 1 адуу,  2 үхэр, С.Отгонбатын 2 адуу, М.Мөнхбаярын 5 адуу, Н.Сүхбаатарын 2 адуу, Т.Алтанбатын 17 тооны адуу,  У.Пүрэвжавын гэрээс 4.477.000 төгрөгийн эд зүйлс, А.Долгоржавын 1 үхэр, Б.Ганбүргэдийн 9 адуу, Б.Отгонбаярын 1 үхэр, Н.Шинэбаярын 2 хонь, 5 ямааг тус тус хулгайлсан,  хохирогч Л.Цын бие махбодид хүнд гэмтэл учирсан үйл баримт тогтоогджээ.   

 

Энэ талаар анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй улмаар шүүгдэгч Л.Хэд оногдуулсан ял түүний хулгайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарт учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах нийтлэг журамд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Шүүх, прокурор, мөрдөгчөөс энэхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба анхан шатны шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсоны эцэст 2017-12-28-ны өдөр товлогдож, мөн өдөр шүүгдэгч Б.Эг /Аймгийн Цагдаагийн газраас түүнийг саатуулсан гэх/ Дорноговь аймаг дахь Шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимаас цахим /онлайн/-аар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааны танхимтай холбож, шүүх хуралдаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох журмыг зөрчөөгүй буюу мөн хуульд заасан “...шүүх хуралдаанд оролцох,  гомдол хүсэлт гаргах гаргах эрхийг эдлүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно. 

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч биечлэн оролцсон байх ба өмгөөлөгч болон шүүгдэгчээс “түүнийг анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцуулах” талаар ямар нэг гомдол, хүсэлт гаргаагүй байна.

 

 Түүнчлэн дуу дүрсний төхөөрөмж ашиглан өөр газраас буюу шүүх хуралдааны адил танхимаас шүүгдэгчийг  анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцуулсныг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоно” гэсэн журмыг зөрчсөн гэж үзэхгүй юм. 

 

Харин анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль /2002/-ийн 57 дугаар зүйлийн 57.3-т “...ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол”, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т “Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл...”, мөн Эрүүгийн хууль /2015/-ийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, Эрүүгийн хууль /2002/-ийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд ...шүүх ялыг тэнсэж...хянан харгалзахаар тогтоож болно” гэснийг анхаараагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2015/-ийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэснийг зөрчжээ.

 

Тодруулбал : 1/Шүүгдэгч Б.Э:

Анхан шатны шүүхээс 2016-12-06-ны өдөр шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хууль /2002/-ийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоогдсон байх ба шүүгдэгч 2016-10-24-аас 2016-11-16-ний өдрийг хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Хтэй бүлэглэн нийт 4 удаагийн үйлдлээр бусдын 19 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь дээрх шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогджээ. Тиймээс шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хууль /2015/-ийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хууль /2002/-ийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасны дагуу өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг заримыг буюу 1 жил хорих ялыг,  дээр дурдсан 3 жил хорих ялд нэмж нэгтгэн нийт 4 жил хорих ял гэж өөрчлөх.  

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжилаас давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн “...хохирогч Д.Могноон, М.Энхбаяр нарын хохиролд тус бүр 500 000 төгрөгийг, шүүгдэгч Б.Эгээс төлсөн” гэх баримтын үнэн зөвийг баталгаажуулаагүй байх тул энэхүү баримтыг үндэслэж, шүүгдэгчийн төлөх төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй юм.   

 

2/. Шүүгдэгч Б.Б:

Шүүгдэгч Б.Бгийн хохирогч Л.Цын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хууль /2002/-ийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 7 жил хорих ял оногдуулжээ. Шинэ Эрүүгийн хууль /2015/-ийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар дээрх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ багассан байх ба  “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр” байх тул шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хууль /2015/-ийн 1.9 дүгээр зүйлийн 1-ийг баримтлан, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих оногдуулж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар энэхүү 2 жил хорих ялд Эрүүгийн хууль /2002/-ийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил хорих, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11-д шүүгдэгч Б.Бгаас 2 540 000 төгрөг гэснийг,              2725000/хохирогч А.Долгоржавын 1 үхрийг хулгайлахад ашигласан Даюун мотоциклийн үнэ 250000 төгрөгийг оруулж тооцсон/  төгрөг гэж тус тус өөрчлөх,  

   

3/Шүүгдэгч О.И:

Хохирогч Б.Отгонбаярын 1 үхрийн үнэ 800 000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч /Б.Б, О.И, Н.Ба, Л.Ц, Г.Т/ нар нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан эсэх, мөн хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байх тул шүүгдэгч О.Ид оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр, түүнийг хохирогч Б.Ганбүргэдийн 9 тооны адууны төлбөр 6850000 төгрөгийг төлж барагдуулсныг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтов. 

 

4/Шүүгдэгч Н.Ба:

 2015-12-16-ны өдөр шүүгчийн захирамжаар /4хх-221/ шүүгдэгч Н.Ба нь 1 жил 7 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, хянан харгалзах хугацааг мөн хугацаагаар тогтоосон байх ба тэрээр 2017-02-01-ний өдөр бусадтай бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан, хохирогч Н.Шинэбаярын 5 эр ямаа, 2 эр хонийг, 2017-02-03-ны өдөр хохирогч Б.Отгонбаярын 1 үхрийг тус тус хулгайлсан гэмт хэрэг үйлджээ. Тиймээс түүнийг хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хууль /2002/-ийн 61 дүгээр зүйлийн 61.3-т заасны дагуу  1 жил 7 сар 5 хоногийн хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 5 сар 19 хоногийн ялыг, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 5 сар 19 хоног гэж тогтоов.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 

3 дугаар заалтын “Шүүгдэгч Цоохормод овогт Л.Х, Гүнсэн овогтой Б.Э нарыг бүлэглэн, бусдын олон тооны мал хулгайлсан” гэснийг,

“Шүүгдэгч Цоохормод овогт Л.Х, Гүнсэн овогтой Б.Э нарыг тээврийн хэрэгсэл ашиглаж, бүлэглэн, бусдын олон тооны мал хулгайлсан” гэж,

 

4 дүгээр заалтын “... шүүгдэгч Б.Эг /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хорих ялаар ...” гэснийг,

“шүүгдэгч Б.Эг /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих ялаар” гэж,

 

4 дүгээр заалтын “... шүүгдэгч Б.Бг /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 7 /долоо/ жилийн хорих ялаар ... ” гэснийг, 

“шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар” гэж, 

 

5 дугаар заалтын “... /2002/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Б.Бгийн /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жил хорих ялыг, /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 7 /долоо/ жил хорих ялд буюу хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт эдлэх ялыг 7 /долоо/ жил хорих ялаар ...” гэснийг, 

“Эрүүгийн хууль /2015/-ийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасны дагуу мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялд Эрүүгийн хууль /2002/-ийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил хорих” гэж тус тус өөрчилж,

 

5 дугаар заалтад "Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн /2015 оны/ тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг  4 жил хугацаагаар хорих ялаар” гэж,  

“Эрүүгийн хуулийн /2002/ ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3-т зааснаар шүүгдэгч Н.Баийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 596 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жил 1 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 19 хоногийн хорих ялыг, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх  нийт  ялыг 2 /хоёр/ жил 5/тав/ сар 19/арван ес/ хоног  хорих ялаар тогтоосугай” гэж тус тус нэмж,  

 

6 дугаар заалтын  “/2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...шүүгдэгч Л.Хэд оногдуулсан 8 жил хорих ял, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 7/долоо/ жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад...” гэснийг,

“Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хэд оногдуулсан 8 /найм/ жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 7/долоо/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад” гэж,

 

6 дугаар заалтын “... шүүгдэгч О.И, Н.Ба нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг ... “ гэснийг,

Шүүгдэгч О.Ид оногдуулсан 2 жил хорих ялыг, шүүгдэгч Н.Баид оногдуулсан 2 жил 5 сар 19 хоногийн хорих ялыг “ гэж, 

 

11 дүгээр заалтын  “...шүүгдэгч Б.Бгаас 2540000 төгрөг” гэснийг,

“... шүүгдэгч Б.Бгаас 2790000 төгрөг” гэж  тус тус өөрчилж,

  

4 дүгээр заалтын “/2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Б.Бг 5 жилийн хорих ялаар, шүүгдэгч О.И, Н.Ба нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ялаар “ гэснээс 

“/2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ... “ гэснийг хасч, 

 

8 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангаж, шүүгдэгч Л.Х, Б.Э, Б.Б нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Л.Х, Б.Э, Б.Б нар тус бүр 67 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                             ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                Н.БОЛОРМАА