Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 774

 

 

 

 

 

2020           08           31                                 2020/ШЦТ/774    

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч Д.Даваадорж, 

Хохирогч Д.Долгорсүрэн, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн,

Шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Өд холбогдох эрүүгийн 1909024690047 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3 дугаар баг малчин 3 гудамж 4 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 50 дугаар гудамжны 249 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 52 дугаар гудамжны 250 тоотод иргэн Б.Долгорсүрэнтэй “байшингийн түрээсийн мөнгө нэхлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрний баруун талын толгой чих шанаа руу 2 удаа алгадаж хэнгэргийг нь цоолж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө мэдүүлэхдээ “...2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр  21 цагийн орчимд манай хашаа руу орж ирээд “түрээсийн мөнгө өгөөч” гэж шаардсан. Нөхөртэйгээ орж ирсэн. Нөхөр нь жаахан архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байсан. Би “одоо интернэт банкаар шилжүүлье” гэсэн боловч өөдөөс уурлаад байсан. Манай эхнэр рүү Долгорсүрэн дайраад муудалцаж байсан. Тэгээд би салгах гээд очиход намайг “чи цаашаа яв” гэж байсан. Би эхнэрээ салгаж авах гээд Долгорсүрэнг цааш түлхсэн. Би хохирогчийг цохисон асуудал байхгүй зүгээр түлхсэн. Тэгсэн нөхөр нь нилээн халамцуу утсаараа бичлэг хийсэн зогсож байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Долгорсүрэн мэдүүлэхдээ “...2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хэрэг болсон. Цонх хагалсан байсан. Миний дугаараас залгахад авахгүй байсан. Өөр дугаараас залгасан, мессеж бичсэн. Утасаа авахгүй байсан болохоор уулзах гэж очсон. Байрны түрээс, тогны мөнгө, цонх хагалсан төлбөрийг нэхэхээр гэрт нь очиж уулзсан. Өнөболд манай нөхөр рүү дайраад байсан. Би дундуур нь салгах гэж орсон. Тэгээд миний толгойны баруун тал руу цохисон. 468.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.  

 

Эрүүгийн 1909024690047 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.Өын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-7 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Долгорсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...манай нөхөр П.Мөнхзолбоогийн нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52-250 тоотод хашаа байшин байдаг юм. Энэ хашаа байшингаа 2019 оны 3 дугаар сараас эхлэн Өнөболдод түрээслэх болоод 2019 оны 03 дугаар сарын 20-ноос эхлэн түрээсэлсэн. Бид нар түрээсийнхээ мөнгийг сар бүрийн 20-нд авахаар болж сарын 80.000 төгрөгөөр түрээсэлсэн. Өнөболд 5 дугаар сарын мөнгө төлөхгүй 6 дугаар сар гарчихаар нь утсаар залгатал миний утсыг авахгүй байхаар нь өөр дугаараас залгатал утсаа авахаар нь “би хашаа түрээсэлж байгаа хүн байна, тогны мөнгөө төлөөч ээ” гэж хэлтэл “хуц гичий минь” гэж хэлээд утсаа тасалсан. Маргаашнаас нь өөр дугаараас залгаад авахгүй болохоор нь хэд хоногийн дараа нөхөртэйгээ хамт 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хашаандаа очиж Өнөболдтой уулзаж “түрээс төлж дуусга, тогны мөнгө төл” гэж хэлтэл манай нөхөр Мөнхзолбоог доромжилсон. Өнөболд манай нөхөр Мөнхзолбоо руу тулж очоод цээжээрээ түлхээд байхаар нь би нөхрөө өмөөрч дундуур нь ортол намайг баруун талын хацар шанаа руу гараараа алгадсан. Тэгтэл Өнаболдын эхнэр нь над руу хүрч ирээд дайрч давшлаад янхан, гичийгээр нь дуудаж харааж зүхээд надтай барилцаад авсан. Энэ үед Өнөболд хүрч ирээд миний үснээс хойш татаж дахиад баруун талын шанаа чих, толгой руу алгадаж цохьсон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28, 51-52 дугаар хуудас/,

 

Гэрч П.Мөнхзолбоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 06 дугаар сарын 21-ний 22 цагийн үед би эхнэрийн хамт хашаан дээрээ очтол нэг эмэгтэй гарч ирсэн. Тэгээд Өнөболдыг асуутал гэрээсээ гараад ирсэн. “Сайн байна уу, юу байна, яагаад утсаа авдаггүй юм бэ” гэж хэлтэл намайг “архи үнэртүүлж ирчихээд, яах гээд байгаа юм” гэж хэлсэн. Би “чи түрээсийн мөнгө, тогны мөнгө, цонх хагалсан мөнгө өг” гэж хэлсэн. Тэгтэл Өнөболд “манай 6 сараас гарсан, наад цонхыг чинь мэдэхгүй” гэж хэлээд маргаан болсон. Манай эхнэр тэр хоёрт ямар нэгэн байдлаар гар хүрээгүй.  Харин тэр хоёр манай эхнэрийг зодож цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47, 66-68 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Мөнхчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 06 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед би хашаандаа явж байтал манай хашааны гадна нэг машин ирж зогссон. Одоо мэдсэнээр манайх урьд нь хашаа байшинг нь түрээслэж байсан айлын эзэн болох Мөнхзолбоо, Долгорсүрэн нар хашаанд орж ирээд “энэ портерын жолооч байна уу” гэхээр нь би “байна” гэж хэлээд гэрт ороод нөхөрөө дуудаад гараад ирсэн чинь нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр нөхөр рүү “чи цонх төл, 2 сарын түрээсийн мөнгө төл, тогны мөнгө төл” гээд дайраад байсан. Мөнхзолбоо манай нөхөр рүү “чи цохь гээд” дайраад байсан. Долгорсүрэн утсан дээрээ бичлэг хийгээд дахиад Долгорсүрэн манай нөхөр рүү дайраад Мөнхзолбоо нь “манай эхнэрийг зодож байна” гээд бичлэг хийгээд байсан. Манай нөхөр “та нар тогны кодоо явуулахгүй байсан биздээ, танай байшингийн доороос ус гараад бид нар амьдархаа больсон” гэж хэлээд байхад хэл амаараа учраа олохгүй Мөнхзолбоо нь согтуу манай нөхөр рүү “намайг цохь цохь” гээд дайраад байсан. Манай нөхөр гар хүрэхгүй хоёр гараа ардаа болгоод дээш өргөөд байсан. Энэ үед Мөнхзолбоо манай нөхрийн хүзүүнээс тэвэрч аваад “намайг аллаа, зодоод байна” гээд орилоод байсан. Хамт газар унасан чинь Долгорсүрэн тэр хоёр дээр явж очоод зууралдаад байхаар нь би очоод Долгорсүрэнг салгах гээд татсан. Би Долгорсүрэнг “болиоч, эв зүйгээр ярилцъя” гэсэн чинь намайг Долгорсүрэн “янхан гичий минь, чамд ямар хамаатай юм” гээд надруу дайраад миний үснээс зулгаагаад давсаг руу өшиглөсөн. Би Долгорсүрэнгийн үснээс бариад цуг газар унасан. Долгорсүрэн миний дээр гараад “гичий минь, чи намайг барахгүй шүү” гээд намайг самардаад үснээс зулгаагаад “нөхөр чинь харваас залуу байна, чи дэлбэрсэн хөгшин авгай байна” гэсэн. Тэгээд манай нөхөр Долгорсүрэнг татаад салгасан чинь Мөнхзолбоо “манай эхнэрийг хоёулаа нийлээд зодож байна” гээд бичлэг хийгээд байсан. Манай нөхөр цагдаа дуудсан чинь тэр хоёр явах гээд Мөнхзолбоо машинаа бариад явах гэтэл манай нөхөр машиных нь түлхүүрийг аваад өвс рүү шидсэн. Долгорсүрэн “үнэтэй машины түлхүүрийг алга болгочихлоо, танай машиныг хэд нугалах үнэтэй шүү” гээд байсан. Тэр хоёр явган зам руу явсан. Манай нөхөр тэр хоёрыг зогсоож байгаад цагдаад хүлээлгэж өгсөн. Мөнхзолбоо хэрэлдэж байхдаа манай нөхрийг “чи эхлээд намайг ганц шаа, би чамайг нэг шаана” гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49, 53-54 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7927 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Д.Долгорсүрэнгийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цээж, мөчдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашинд энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 79 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй №1253 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №7927 дугаартай хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. Д.Долгорсүрэнгийн биед учирсан баруун чихний хэнгэрэг хальсны цоорол нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Д.Долгорсүрэнгийн биед учирсан цээж, мөчдийн цус хуралт гэмтэл нь тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэжээ /хх-ийн 88-89 дүгээр хуудас/,

 

Шинжээч эмч Ж.Ганцэнгэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...өмнө шинжээчийн дүгнэлт гаргасан О.Болороо эмчийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №7927 дугаартай дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Д.Долгорсүрэнгийн биед учирсан баруун чихний хэнгэрэг хальсны цоорол нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх  боломжтой ба энгийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Уг гэмтэл цохих үед үүснэ. Чанга орилох болон хүчтэй унах үед үүсэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 102-103 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Долгорсүрэнгээс гаргаж өгсөн эмчилгээтэй холбоотой гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 96-98 дугаар хуудас/,

 

Хохирлын баримтууд /хх-ийн 105-107 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Өын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 178 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 117 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 116 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 115 дугаар хуудас/, “Хаан” банк депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 118-177 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 105-106 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 20-21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 52 дугаар гудамжны 250 тоотод иргэн П.Мөнхзолбоо, Д.Долгорсүрэн нарыг “байшингийн түрээсийн мөнгө, цахилгааны мөнгөө төл, байшингийн цонх хагаллаа” хэмээн шаардлага тавихад эгдүүцэн уурлаж, маргаан үүсгэж улмаар П.Мөнхзолбоод хүч хэрэглэхээр довтолж буй үйлдэлд Б.Долгорсүрэнгээс таслан зогсоох гэж очиход түүний толгойн баруун чихэн тус газарт цохиж хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь “баруун чихний хэнгэргэн хальсны цоорол” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Д.Долгорсүрэнгийн “...Өнөболд манай нөхөр Мөнхзолбоо руу тулж очоод цээжээрээ түлхээд байхаар нь би нөхрөө өмөөрч дундуур нь ортол намайг баруун талын хацар шанаа руу гараараа алгадсан. Тэгтэл Өнөболдын эхнэр нь над руу хүрч ирээд дайрч давшлаад янхан, гичийгээр нь дуудаж харааж зүхээд надтай барилцаад авсан. Энэ үед Өнөболд хүрч ирээд миний үснээс хойш татаж дахиад баруун талын шанаа чих, толгой руу алгадаж цохьсон...” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч П.Мөнхзолбоогийн “...Би “чи түрээсийн мөнгө, тогны мөнгө, цонх хагалсан мөнгө өг” гэж хэлсэн. Тэгтэл Өнөболд “манай 6 сараас гарсан, наад цонхыг чинь мэдэхгүй” гэж хэлээд маргаан болсон. тэр хоёр манай эхнэрийг зодож цохисон...” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч Б.Мөнхчимэгийн “...нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр нөхөр рүү “чи цонх төл, 2 сарын түрээсийн мөнгө төл, тогны мөнгө төл” гээд дайраад байсан... Мөнхзолбоо нь “манай эхнэрийг зодож байна” гээд бичлэг хийгээд байсан...” гэсэн мэдүүлгээр,

Шинжээч Ж.Ганцэцэгийн “...Д.Долгорсүрэнгийн биед учирсан баруун чихний хэнгэрэг хальсны цоорол нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх  боломжтой ба энгийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Уг гэмтэл цохих үед үүснэ. Чанга орилох болон хүчтэй унах үед үүсэх боломжгүй...” гэсэн мэдүүлгээр,

 

Хохирогч Д.Долгорсүрэнгийн биед “баруун чихний хэнгэрэг хальсны цоорол” гэмтэл бүхий хөнгөн гэмтэл тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтойг тогтоосон Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7927, шинжээчдийн №1253 дугаартай удаа дараагийн гаргасан дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзэхэд 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 20-21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 52 дугаар гудамжны 250 тоотод хашаа, байшин түрээслүүлэгч П.Мөнхзолбоо, Д.Долгорсүрэн нараас түрээслэгч Б.Өод хандаж “байшингийн түрээсийн мөнгө, цахилгааны мөнгөө төл, байшингийн цонх хагаллаа” хэмээн шаардлага тавихад тэрээр уурлан маргааныг хурцатгаж П.Мөнхзолбоо руу биед нь хүч хэрэглэхээр довтолж буй хууль бус үйлдлийг Д.Долгорсүрэнгээс таслан зогсоохоор очиход Б.Өоос Д.Долгорсүрэнгийн толгойн баруун чихэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд зориуд хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч Б.Ө нь хохирогчид хүч хэрэглэж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож түүнийг цохих үед эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтойг мэдсээр байж ялангуяа хохирогчийн толгойн баруун чихэн тус газар нь цохиж буй үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас Д.Долгорсүрэнгийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байх ба харин шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “...хохирогч өөр өөрөөр зөрүүтэй мэдүүлдэг, хохирогч баруун талаараа унаж гэмтсэнийг гэрч Мөнгөнчимэг мэдүүлдэг, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан тодорхойгүй, эргэлзээтэй тул Б.Өод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Учир нь хохирогч Д.Долгорсүрэнгийн “...би нөхрөө өмөөрч дундуур нь ортол Б.Ө нь баруун хацар шанаа руу гараараа алгадсан,...Өнөболд хүрч ирээд миний үснээс хойш татаад дахиад баруун талын шанаа чих, толгой руу алгадаж цохьсон...” /хх-ийн 27-28/ гэж, “...Өнөболд миний чих рүү цохьсон...” /хх-ийн 51/ гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...Өнөболд миний толгойны баруун тал руу цохисон...” гэж удаа дараа тогтвортой мэдүүлэг өгснийг зөрүүтэй гэж үзэхгүй, гэрч П.Мөнхзолбоогоос шүүгдэгчийг хохирогчийн биед хүч хэрэглэсэн талаар мэдүүлж, шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “...Д.Долгорсүрэнгийн биед учирсан баруун чихний хэнгэрэг хальсны цоорол нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх  боломжтой Уг гэмтэл цохих үед үүснэ. Чанга орилох болон хүчтэй унах үед үүсэх боломжгүй...” тухай тодорхой мэдүүлсэн, шинжээчийн удаа дараагийн гаргасан дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Өын гэмт үйлдэл нотлогдсон.

 

Хохирогч, гэрч нараас шүүгдэгчид төлбөр тооцооны талаар шаардлага тавихад тэрээр маргаан үүсгэж бусдын халдашгүй байх эрхэд халдсан үйлдэлд гэмт хэргийн сэдэлт зорилго гэм буруугийн хэлбэр тогтоогдсон тул өмгөөлөгч нарын гаргасан санал үндэслэлгүй гэж үзлээ.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Долгорсүрэнгээс “...Хохиролд 468.659 төгрөг нэхэмжилж байна. Цаашид эмчилгээ хийлгэнэ. Гомдолтой байна...” гэсэн хүсэлтээ илэрхийлж гэм хорын хохиролтой холбоотой баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс 468.659 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Харин Д.Долгорсүрэн нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай Б.Өоос нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Өыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөн журмын тухай хууль шинээр батлан гаргасан бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам

өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заажээ.

 

Дээрх хууль болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн

яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилснийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр шүүгдэгч Б.Өод холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй болохыг тэмдэглэв.

 

            Түүнчлэн тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх зайлшгүй нөхцөл байдал бий болоогүй тул энэ талаар гаргасан өмгөөлөгч нарын саналыг хүлээж аваагүй.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Өг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Өоос 468.659 /дөрвөн зуун жаран найман мянга зургаан зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Долгорсүрэнд олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН